
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-10-22
Дугаар 122
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0101 дүгээр саналд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, “С” СӨХ нь 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр С.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,617,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан, шүүгч Ч.Мөнхцэцэг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 11*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 04*** дугаар захирамжаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглолтыг зөрчсөн эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1.Нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг үүсгэсэн шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасан ажиллагааг явуулах бөгөөд “С” СӨХ-ны нэхэмжлэлтэй С.Б-д холбогдох иргэний хэрэгт шүүх дор дурдсан ажиллагаа явуулсан байна. Үүнд:
- Нэхэмжлэлийн хувь гардуулах зорилгоор 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр С.Б-г 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 10 цагт хүрэлцэн ирэхийг мэдэгдэж мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шуудангаас 2024 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч С.Б нь хүлээн авахаас татгалзсан гэх тэмдэглэгээ үйлдэж шүүхэд буцаан ирүүлсэн.
- С.Б-г 2024 оны 7 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхээр түүний 9645**** дугаар руу залгахад “ашиглалтад байгаагүй” гэсэн талаар шүүгчийн туслах Б.Дүүриймаа тэмдэглэл үйлдсэн.
-Шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 13*** дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.
-Хариуцагч нэхэмжлэлийн хувийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр гардан авч хариу тайлбараа гаргасан. Мөн өдөр зохигчдод эрх, үүрэг нөлөөллийн мэдүүлэг болон хэргийн материал танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан.
-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 01*** дугаар тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан.
-Ерөнхий шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 03*** дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Мөнхцэцэгийг томилсон шийдвэрийг албажуулсан.
-Шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 17*** дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдсэн.
-Шүүх хуралдаанд хариуцагч С.Б нэхэмжлэлийн шаардлагаас 713,250 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 904,500 төгрөгийг 4 сарын хугацаагаар төлөхийг зөвшөөрч хариуцагчтай эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргажээ.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй, түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т заасан.
Дээрх иргэний хэрэгт үзлэг хийхэд С.Б нь СӨХ-ны төлбөртэй холбоотой баримт гаргаж өгөөгүй байх ба 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд даргалагчаас “хариуцагч талд шинээр гаргаж өгөх нотлох баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт байна уу” гэхэд “огт засвар үйлчилгээ хийгдээгүй талаар зургийг хэрэгт өгчихсөн байгаа. Ажил хийгээгүй байж олон засвар үйлчилгээний мөнгө нэхээд байгаа юм” гэсэн байх бөгөөд хэрэгт “1 хуудас сувилуулагчийн үлдэх хуудас, 7 ширхэг фото зураг, 1 ширхэг эхоны зураг” авагджээ.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Ч.Мөнхцэцэг нь СӨХ-ийн төлбөртэй холбоотой хэрэгт өгсөн 6-7 хуудас баримтыг оруулахгүй шүүх хуралдааныг хийсэн...” гэх гомдол үндэслэлгүй.
3.Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан.
Зохигч талууд шүүх хуралдааны явцад эвлэрсэн тул шүүх хэргийг мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шийдвэрлэнэ.
Зохигч эвлэрч буйгаа шүүхэд бичгээр мэдэгдэх ба тухайн тохиолдолд эвлэрэл нь гэрээний хэлбэртэй байх ба талууд хамтарч гарын үсгээ зурсан байх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т заасан ба зохигч талууд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанд эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан нь Эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байх ба гэрээнд талууд гарын үсэг зурсан, энэ нь хуулийн дээрх шаардлагад нийцжээ.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 713,250 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 904,500 төгрөгийг 4 сарын хугацаагаар хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 10, 12 дугаар сарын 10, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 226,125 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохирсон ба энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан байна.
Зохигчид эвлэрэн хэлэлцсэн тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.
Дээр дурдсанаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах” гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгч Ч.Мөнхцэцэг тайлбартаа: “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр “С” СӨХ-ны нэхэмжлэлтэй, С.Б-д холбогдох дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,617,750 төгрөг гаргуулах тухай маргааныг зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байна. Эвлэрэлд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ 713,250 төгрөгөөр багасгаж, хариуцагч С.Б үлдэх 904,500 төгрөгийг 4 сарын хугацаанд хувааж төлөхөөр тохиролцсон байна.
С.Б нь Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдолдоо “шүүгч Ч.Мөнхцэцэг нь нотлох баримтаар гаргаж өгсөн баримтыг хүлээн авахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэжээ.
Тус хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид мэтгэлцээгүй, мэтгэлцэх эрхтэй холбоотойгоор хариуцагчийн эрхийг хязгаарласан асуудал болоогүй.
Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд хариуцагч нь СӨХ цэвэрлэгээ үйлчилгээ хийдэггүй тул 400,000 төгрөг зөвшөөрнө гэж тайлбар гаргаж, улмаар шүүх хуралдааны явцад 904,500 төгрөг төлөхөөр нэхэмжлэгчтэй эвлэрсэн байна.
Шүүхийн шийдвэр биелүүлэх явцтай холбоотойгоор СӨХ, оршин суугч хоёрын хооронд маргаан гарсан байх магадлалтай байна. Үүнээс үүдэн хэргийг шийдвэрлэсэн шүүгчид холбогдуулан гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн С.Б-аас Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2025/0099 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгаж ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан нь үндэслэл бүхий байна.
Өргөдөл гаргагчаас “...шүүгч Ч.Мөнхцэцэг нь СӨХ-ийн төлбөртэй холбоотой хэрэгт өгсөн 6-7 хуудас баримтыг оруулахгүй шүүх хуралдааныг хийсэн...” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
“С” СӨХ-оос 2024 оны 5 дугаар сарын 28-ны өдөр С.Б-д холбогдуулан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардалд 1,617,750 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Ч.Мөнхцэцэг 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШЗ/2024/11*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Шүүгч С.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулахаар 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн боловч шуудангаас “хүлээн авахаас татгалзсан” гэх тэмдэглэгээтэйгээр мөн оны 6 дугаар сарын 17-ны өдөр буцаан ирүүлсэн байна. Мөн шүүгчийн туслах Б.Д-аас шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдэхээр С.Б-ийн гэх 9645**** дугаар руу залгахад, тус дугаар ашиглалтад байхгүй гэсэн талаар тэмдэглэл үйлджээ.
Улмаар шүүгчийн 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ/2024/13*** дугаар захирамжаар хариуцагчийг шүүхэд албадан ирүүлж, 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр С.Б-д нэхэмжлэлийн хувийг гардуулснаар, хариу тайлбар гаргасан нь сахилгын хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдсон.
Шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 102/ШЗ/2024/17*** дүгээр захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 15 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод хуралдааны тов мэдэгдсэн байна.
Тус шүүх хуралдааны хэлэлцүүлэг эхлэхийн өмнөх шатанд зохигчид эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргаж, гэрээ байгуулсныг шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ/2024/04*** дугаар захирамжаар баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Мөн хариуцагч С.Б сөрөг нэхэмжлэл гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т заасан.
Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д “Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.” гэж, зохигч талууд шүүх хуралдааны явцад эвлэрсэн тохиолдолд шүүх хэргийг хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар шийдвэрлэхээр хуульчилсан.
Зохигч талууд 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан эхлэх үеэр эвлэрч, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзаж, хариуцагч С.Б нэхэмжлэлийн үлдэх хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд талууд гарын үсэг зурсан нь хуулийн дээрх шаардлагад нийцжээ.
Дээрх эвлэрлийн гэрээнээс үзвэл, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 713,250 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 904,500 төгрөгийг 4 сарын хугацаагаар төлүүлэхээр хариуцагчтай эвлэрэн хэлэлцэж, хариуцагч нь 2024 оны 10 дугаар сарын 10, 11 дүгээр сарын 10, 12 дугаар сарын 10, 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 226,125 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар тохирсон байна.
Түүнчлэн, хэрэг хэлэлцэж эхлэх үе шатанд зохигчид эвлэрсэн тохиолдолд талууд эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан хоёр тал гарын үсэг зурснаар шүүгч захирамж гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болох ба зохигчдын хооронд маргааны үйл баримтын талаар мэтгэлцэх, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх ажиллагаа хийгдэхгүй юм.
Шүүгч хуульд заасны дагуу эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчийн хориглосон, үүрэг болгосон, хязгаарласан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Илтгэгч гишүүн дээрх иргэний хэрэгт үзлэг хийж, С.Б-ийн СӨХ-той холбоотой өгсөн гэх баримтыг шалгахад хэрэгт “1 хуудас сувилуулагчийн үлдэх хуудас, 7 ширхэг фото зураг, 1 ширхэг эхоны зураг” авагдсан байгаа нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлд хамааралгүй байх бөгөөд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон тул тухайн баримтыг шүүгч үнэлээгүй гэх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй болно.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй бөгөөд шүүхэд хэрэг маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм. Учир нь шүүгч өөрт хуваарилагдсан нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэнэ.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2025/0101 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Д.МЯГМАРЦЭРЭН