
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-25
Дугаар 138
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0114 дүгээр саналд:
Өргөдлийн үндэслэлд “нэр бүхий шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой зүй бус харилцаж орилж, хашхирч, загнасан, хүсэлт шийдвэрлэхдээ хуульд заагаагүй шаардлага тавьсан, оролцогчийн саналыг бүрэн тусгаагүй, урьдчилсан дүгнэлт хийсэн, захирамжид дурдсанаас өөр байдлаар үзлэг хийсэн, нотлох баримт устгаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ зөвтгөсөн захирамж гаргасан, хэргийн материалаас хүсэлт алга болгосон туслахынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, хэргийн оролцогчийн тайлбар хийх эрхийг зөрчсөн, үзлэгийг удирдан явуулахдаа дур зоргоороо аашилсан” гэжээ.
Ийнхүү тодорхойлохдоо түүний хариуцагчаар оролцож буй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүссэн зарим нөхцөл байдлын талаар бусдаас сонссон тухай дурдсан хэдий ч үндэслэлийн агуулгыг хязгаарлалгүйгээр дүгнэлт өгөв.
Нэхэмжлэгч “Т т э э т” ХХК-аас Г.Д-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөр гаргуулах тухай 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн нэхэмжлэлээр шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/10*** дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийг гардан авч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбар гаргасан байна.
Сахилгын хэргийн шалгах ажиллагаагаар маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүх хуралдааны тэмдэглэл, 2025 оны 04 дүгээр сарын 01, 04 дүгээр сарын 15, 04 дүгээр сарын 28, 05 дугаар сарын 05, 05 дугаар сарын 27, 06 дугаар сарын 10, 06 дугаар сарын 18, 07 дугаар сарын 29, 09 дүгээр сарын 16-ны өдрүүдийн шүүх хуралдааны дуу дүрсний бичлэг, хэрэгт авагдсан баримтад үзлэг хийн, нэр бүхий гэрчүүдээс мэдүүлэг авч, сахилгын хэрэгт хавсаргасан.
Хэрэг хянан хэлэлцсэн 9 удаагийн шүүх хуралдааны нийт 01 цаг 34 минут 02 секундийн дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд өргөдөл гаргагч Г.Д нь 05 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанд ажиглагчаар, 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчаар, 07 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд ажиглагчаар тус тус оролцжээ.
Зохигчид тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог ба удирдаж буй шүүгч дэг сахиулах, тогтоосон дэг зөрчсөн үйлдэл гаргасан хэргийн оролцогч болон бусад этгээдэд шаардлага тавих, хуульд заасан хариуцлага хүлээлгэх бүрэн эрхтэй бөгөөд ажиллагааны бүх үе шатанд зохигчид дэгд захирагдах үүрэгтэй.
Хариуцагч шүүгчийн асуултад суудлаасаа хариулсан, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж, өөрөө ажиглагчаар оролцож байх үедээ шүүхэд тайлбар гаргасан, түүний өмгөөлөгч “сандраад, салганаад байна ш дээ, загнаад байгаа юм шиг, бүр толгой өвдчихлөө” гэж шүүгчийн асуултад дургүйцэх байдал үзүүлэх зэргээр шүүх хуралдаанд оролцсон байх ба шүүгч хүлээцтэй тайван хандаж, хариуцагч талын хүсэлтийн үндэслэлийг тодруулж асуун, улмаар хуульд заасан шаардлага хангуулах талаар давтан тайлбарлаж байжээ.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад иргэний хэргийн нэхэмжлэгч тал В.С, гуравдагч этгээдийн тал А.М, шүүгчийн туслах М.Д, хариуцагч /өргөдөл гаргагч Г.Д болон маргаан болсон гэх үзлэгт байлцсан хөндлөнгийн гэрч С.Г нарт хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлан, мэдүүлэг авч, өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахад:
гэрч В.С “...Хариуцагч шүүгчээс татгалзах хүсэлтдээ “шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгч шиг хандлаа” гэсэн байсан. Яагаад тэгж бодсон үндэслэлээ тайлбарлаагүй. Би болон манай компанитай энэ шүүгч огт хамааралгүй. Хэрэг хуваарилагдсан үеэс л Ариунболд гэх шүүгчийг мэддэг болсон. Хариуцагчийн бичсэн шиг бидэнд таатай нөхцөл үүсгэсэн ч гэх юм уу тийм байдал огт гаргаагүй. Бид хуулийн хүрээнд хэргээ шийдвэрлүүлэх гээд явж байгаа. Шүүгчийн хувьд орилж, хашхирах ч гэх юм уу таагүй нөхцөл байдал огт үүсгээгүй..., “...Хэдийгээр хувь хүний араншин өөр өөр байх боловч хэргийн оролцогчийн хувьд дэг сахих үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал шүүгчийг эсэргүүцэх, буруу харж суух зэрэг байдал гаргах, маргах зэргээр маш чөлөөтэй харилцдаг санагдсан. Түүнээс биш шүүгч бидний хэн алинтай нь эвгүй харилцах, орилох гэх мэт үйлдэл огт гаргаж байгаагүй.” гэж,
гэрч А.М “...тайлбарлаад байхад л хариуцагч хүсэлтээ давтан давтан хэлээд байсан, шүүх хуралдаан болон үзлэгийн үед шүүгч огт уурлаж бухимдаагүй...” гэж,
гэрч М.Д “... шүүгчийн хувьд бол огт бухимдаагүй, дахин дахин тайлбарлаж байсан. Хариуцагчийн төлөөлөгч С шүүгчийн хэлсэн үг болгоныг өөр дээрээ тусгаж аваад маргаад байсан, ... өөрийнхөөрөө зүтгээд, бусад оролцогч нартай маргаад байсан, цагдаа орж ирэхээр чимээгүй болж байсан...” гэж,
гэрч С.Г “... хэргийн оролцогч эмэгтэй шүүгчийн туслах, нөгөө талтайгаа маргасан, ...нөгөө хөндлөнгийн гэрчийг загнасан, шүүгчтэй учиргүй маргаагүй, заавал тэмдэглэлд тусгуулна гээд дайраад байх шиг байсан” гэж мэдүүлсэн.
Мөн өргөдөл гаргагч Г.Д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “... манай талд илүүтэй загнасан үйлдэл гаргадаг” гэсэн нь өргөдөлд дурдсан дээрх агуулгаа бүрэн дэмжээгүй гэж дүгнэхээр байх бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтуудтай харьцуулан үзвэл нэр бүхий шүүгч “орилж, хашхирах, өндөр, чанга дуугаар ярьж зүй бус авирласан” үйлдэл гаргасан гэх өргөдөл үгүйсгэгдэж байна.
Хэн боловч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхийн хамт үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байх учиртай төдийгүй хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй байна.
Шүүгч Т.Ариунболд шүүх хуралдааныг удирдан явуулахдаа хэргийн оролцогч болон бусад этгээдэд буруу ойлгогдох зохисгүй үг хэллэг хэрэглээгүй, биеийн хэлэмж, үйл хөдлөл үзүүлээгүй болох нь шүүх хуралдааны бичлэг, нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байх ба шүүгч үзлэгийн үед зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Түүнчлэн шүүх хуралдааныг даргалан явуулахдаа талуудыг тайлбар хэлэх эрхээр тэгш хангаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, талуудын эрхийг аливаа байдлаар хязгаарласан, ялгамжтай хандсан, зохигчийн аль нэгэнд нь давуу байдал бий болгосон гэх үйлдэл гаргаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй тул хариуцагчийн шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэл, шаардлагыг тодруулахаар асуулт асуусан, хуулийг тайлбарласан үйл баримтыг сахилгын зөрчил гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.
Өргөдөл гаргагч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.С-г томилж оролцсон байх бөгөөд О.С үзлэг хийлгэхтэй холбоотойгоор 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “мэйлд үзлэг хийлгэх”, 05 дугаар сарын 27-ны өдөр “Айфон 14 маркийн гар утсанд хадгалагдсан бичлэгт үзлэг хийлгэх”, 06 дугаар сарын 09-ний өдөр “флаш-д хадгалагдсан 9 бичлэгт үзлэг хийлгэх”, 07 дугаар сарын 04-ний өдөр “17 удаагийн бичлэгт үзлэг хийлгэх” хүсэлтийг тус тус гаргаж, шүүх тухай бүр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн байх ба хариуцагч талаас гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй талаар бичгээр болон амаар гомдол, тайлбар шүүхэд гаргаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Шийдвэрлэнэ гэдэг нь хүсэлтийг хангах тухай шүүгчид үүрэг болгосон зохицуулалт биш бөгөөд хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхэд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгөх тухай гэж ойлгоно.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч талуудын оролцоонд тулгуурлан явагддаг тул шүүх оролцогчдын тайлбар, санал, үндэслэлийг сонсож, улмаар хөндлөнгийн байр сууринаас шийдвэрлэж, хэрэв хэргийн оролцогч шийдвэрийг тайлбарлуулах хүсэлт гаргавал амаар болон бичгийн хэлбэрээр тайлбарлаж болохоор хуульд заасан.
Иймд холбогдох шүүгч тайлбартаа “үзлэг явцад түүнд шүүгчийн үзлэг хийлгэх захирамжийн талаар тайлбарласан нь ИХШХШТХ-н 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт "Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно" гэсний дагуу өөрийн гаргасан захирамжийг шүүгч би хэргийн оролцогчид удаа дараа тайлбарласан ба тухайн шүүгч өөрөө л тайлбарлах зохицуулалт хуульд мөрдөгдөж байгаа, үүнийг хэн ч шүүгчийн өмнөөс тайлбарлах боломжгүй юм.” гэсэн нь үндэслэлтэй.
Хэргийн оролцогчдын санал болгож буй баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байх ёстой.
Эдгээр баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг шүүгч эдэлдэг.
Хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, баримтын эх хувиас оролцогч хуулбарлаж өгсөн бичлэгээс шүүгч захирамжид дурдсанаас бусад бичлэгийг хасаж хэрэгт хавсарган авсан үйл баримтыг нотлох баримт устгасан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Г.Д гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “...Хан-Уул дүүргийн шүүхэд хятад эхнэртэй шүүгч байгаа гэх мэдээлэл авсан тул нэхэмжлэгч талд үйлчилж байгаа гэж бодож байна.” гэжээ.
Монгол Улсын нутаг дэвсгэрт харьяалах хэрэг маргааныг хэргийн оролцогч нь хэн байхаас үл хамааран, шүүгч хуульд заасан татгалзан гарах үндэслэл үүсээгүй тохиолдолд өөрт хуваарилагдсан хэрэг маргааныг заавал шийдвэрлэх үүрэгтэй.
Хэрэв шүүгч хэргийн оролцогч этгээдтэй нэг үзэл санаатай, хэргийг шударгаар шийдвэрлэх эргэлзээтэй гэж үзвэл үндэслэл бүхий гомдлоо тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гарган шийдвэрлүүлэхээр хууль, тогтоомжоор заасан.
Хэдийгээр өргөдөл, гомдол гаргах түүнийгээ шийдвэрлүүлэх эрхтэй ч зөвхөн сэжиг, таамагт үндэслэсэн бус тодорхой нотолгоонд тулгуурласан байвал зохистой.
Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгч Т.Ариунболд тайлбартаа: “...Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт "хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх", 50.1.23 дахь хэсэгт "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах" гэж заасныг тус тус зөрчсөн гэж гомдол гаргажээ.
Шүүгч миний бие дээрх Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй, гомдол гаргагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөж, гомдолд дурдсан үйл явдал, хэл амаар доромжилсон, загнасан үйлдэл гаргаагүй болно.
Гомдолд дурдсан гэрчийг удаа дараа шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах хүсэлтийг татгалзаж, хүсэлт удаа дараа гаргасны эцэст хангасан гэх гомдолд хариу тайлбар:
Шүүхийн 2025.04.28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гэрчээр Х.М-ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг гаргасан. Шүүхээс гэрчээр оролцох Х.М нь уг маргаан бүхий орон сууцыг өмнө, хойно засвар ажил гүйцэтгэсэн талаарх гэрээ, төлбөр мөнгө шилжүүлсэн баримт болон бусад барилгын засвартай холбоотой баримт хэрэгт байхгүй тул гэрчээр оролцуулахаас 2025.04.28-ны өдрийн 192/Ш32025/19*** дугаартай шүүгчийн захирамжаар татгалзаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл гэрчээр оролцох этгээд энэ хэргийн талаар мэдэх үйл явдлыг гэрчлэх хариуцагчийн тодорхойлсон гэрч мөн эсэх талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй гэж шүүх татгалзсан. /хх-123-126х/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Сайнзаяагаас сөрөг нэхэмжлэлийг 2025.05.05-ны өдөр гаргасан бөгөөд уг сөрөг нэхэмжлэлийн хавсралт нотлох баримтаар хариуцагч Г.Д-ий **** банкны 5062115*** тоот дансны депозит хуулгыг өгсөн бөгөөд уг банкны хуулга баримтад ажлын хөлс, барилгын материал худалдан авсан гэх гүйлгээний мэдээлэл агуулсан шилжүүлгийн баримт, бараа худалдсан баримт, ажил гүйцэтгэх гэрээ зэргийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. /хх131-148х/
Шүүхэд дахин гэрчээр гэрчээр Х.М-ийг оролцуулах хүсэлт гаргасныг шүүхэд ирүүлсэн нотлох баримтыг хүсэлтэд дурдсан агуулгатай нийцүүлж гэрчээр асуухаар 2025.5.27-ны өдрийн 192/Ш32025/24*** дугаартай захирамжаар хангаж шийдвэрлэсэн.
Өөрөөр хэлбэл шүүх хуульд заасан шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болно" гэж заасныг үндэслэн гэрчийг шүүхэд дуудаж мэдүүлэг авхуулах ажиллагааг эхэлсэн байдаг.
Удаа дараа шүүхэд хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаж, шүүх хурлыг хойшлуулдаг боловч гэрч шүүхийн дуудсанаар 1 удаа хүрэлцэн ирээд дахиж ирээгүй байгаа, энэ нь хариуцагч талаас шүүх хурлыг хойшлуулах боломжтой талаар гэрчид мэдээлэл өгсөнтэй холбоотой гэж үзэхээр байдаг бөгөөд шүүхээс 2025.09.16-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчийг дуудан ирүүлж шүүх хурлын товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирүүлээгүй түүнийг дараагийн шүүх хуралдаанд албадан ирүүлэхээр захирамжилсан болно.
Гомдол гаргагч хариуцагч Г.Д нь гомдолдоо гэрч оролцуулах хүсэлтийг өөрөө шүүхэд гаргасан мэтээр бичсэн байна. Гэрч оролцуулах хүсэлтийг түүний итгэмжлэл олгосон итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас 2 удаа гаргасан бөгөөд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Тиймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Г.Д оролцоогүй хүсэлт гаргаагүй хэрнээ энэ асуудлаар гомдол гаргасныг ойлгохгүй бөгөөд түүний гаргасан гэрч оролцуулах хүсэлт хэрэгт байхгүй, тийм хүсэлт гаргаагүй болно.
Шүүхэд үзлэг хийх хүсэлттэй холбоотой тайлбар:
Шүүхэд мэйл хаягт үзлэг хийлгэх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас 2025.05.19-ний өдөр, орон сууцны доголдол гаргасантай холбоотой гар утсаар бичсэн дүрс бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг 2025.05.27-ны өдөр тус тус шүүхэд гаргасан.
Шүүхээс 2025.5.27-ны өдрийн 192/Ш32025/24*** дугаартай шүүгчийн захирамжаар 1 дэх хүсэлт болох хариуцагч Г.Д-ий badam*****@yahoo.com хаягт буй нэхэмжлэгч компанитай харилцаж байсан дээрх 2023.03.15, 2023.04.18 өдрийн "Т т с э т" ХХК гэсэн pdf файлд үзлэг хийх хүсэлтийг хангаж, 2 дахь хүсэлт болох хариуцагч Г.Д-ийн iphone 14 маргааны гар утсанд хадгалагдаж буй 7 бичлэгт үзлэг хийх хүсэлтийг хангахаас татгалзсан.
Хангахаас татгалзсан үндэслэл уг бичлэг хийгдсэн огноо, бичлэг хийсэн төхөөрөмж түүний бичлэг хийсэн огноо тодорхойгүй үндэслэлээр хангахаас татгалзсан байдаг.
Мэйл хаягт үзлэг хийх ажиллагааг шүүх 2025.06.10 өдөр тус шүүхэд явуулсан бөгөөд хариуцагч Г.Д, түүний өмгөөлөгч Т.А нар оролцсон.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас 2025.06.09-ний өдөр бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг дахин гаргасан. Хүсэлтэд дурдсан 2023.03.13-ны өдрийн 9 удаагийн /флаш дахь 17 ширхэг/ бичлэгт үзлэг хийхээр 2025.06.10-ний өдрийн 192/Ш32025/26*** дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Үзлэгийг 2025.06.16 өдөр тус шүүхийн 4 дүгээр танхимд явуулсан, үзлэгт хариуцагч Г.Д оролцсон бөгөөд үзлэгээр хүсэлтэд дурдсан 2023.03.13-ны өдрийн 9 удаагийн /флаш дахь 17 ширхэг/ бичлэгээс 2 бичлэг iphone 14 маргааны гар утсанд байгаа бичлэгтэй огноо таарч байгаа буюу уг 2 бичлэг тухайн цаг үед хийгдсэн байна гэж үзэж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж, хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн. Харин гар утсанд тухайн цаг үед огноотой таараагүй 15 бичлэгийг үзлэгээр нотлох баримтаар бэхжүүлэх боломжгүй тул хэрэгт өгсөн флаш дискээс уг 15 бичлэг устгаж, нотлох баримтаар бэхжүүлсэн 2 бичлэгийг үлдээсэн талаар тэмдэглэлд тусгасан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т "Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулахын тулд шүүх үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааг хөндлөнгийн 2-оос доошгүй гэрчийг байлцуулан хэргийн оролцогчдыг оролцуулан хийх бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж, түүнд уг ажиллагаанд оролцогчдоор гарын үсэг зуруулна. Харин хэргийн оролцогч ирээгүй нь уг ажиллагаа явуулахад саад болохгүй" гэж,
мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-т "Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ" гэж заасан.
Шүүхээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр үзлэгийг явуулж, хэрэгт хамааралтай, хүсэлтэд дурдсан бичлэгийг хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн бөгөөд хүсэлтэд заасан огноогүй8 хамааралгүй бичлэгийг үзлэгийн тэмдэглэлд тусгаж, флаш дискээс устгасан нь хууль зөрчсөн үйлдэл биш юм.
Учир нь анх хүсэлтэд дурдсан 17 бичлэгтэй флаш диск авч үзлэг явуулах шүүгчийн захирамж гарсан нь уг 17 бичлэгийг шууд нотлох баримтаар тооцож хэрэгт бэхжүүлсэн гэж ойлгохгүй, энэ талаар хариуцагч Г.Д-д үзлэг дуусахад маш тодорхой тайлбарласан. Харин үзлэгээр хүсэлтэд дурдсан шүүгчийн захирамжид заасан огноотой тохирсон бичлэгийг цаг хугацааны хувьд хэрэгт хамааралтай гэж бэхжүүлж хэрэгт 2 бичлэгийг нотлох баримтаар үлдээсэн гэж ойлгоно. Энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг шүүхийн журмаар цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгчийн хөндлөнгийн хараат бусаар явуулж буй хуульд заасан ажиллагаа юм.
Гомдол гаргагч Г.Д нь уг үзлэгээс хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тус шүүхийн ерөнхий шүүгчид гаргасантай холбоотой шүүх хуралдаан товоор нэг удаа хойшилсныг гомдолд шалтгаангүй шүүх хурал хойшилсон гэж дурдсан байна.
Мөн хариуцагч Г.Д нь үзлэгээр бэхжүүлээгүй бичлэгийг флаш дискээс устгасан талаар тайлбар авах хүсэлтийг шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс 2025.06.16-ны өдөр 192/Ш32025/26*** дугаартай шүүгчийн захирамжаар хүсэлтийг шийдвэрлэж, хэрхэн бичлэгийг флаш дискээс устгасан талаар захирамжаар тайлбарлаж түүнд хариу өгсөн болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас 2025.07.04-ний өдөр бичлэгт үзлэг хийх хүсэлтийг дахин гаргасан, мөн бичлэгт үзлэг хийх хүсэлтээ 2025.07.29-ний тодруулсан бөгөөд шүүхээс хүсэлтийг нэгтгэж 2025.07.29-ний өдрийн 192/Ш32025/31*** дугаартай захирамжаар 7 өдрийн огноотой 25 бичлэгт үзлэг хийх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Ерөнхийдөө шүүхээс хариуцагч талаас гаргасан бүх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Шүүхээс үзлэгийг 2025.08.01-ний өдөр 5 цагийн хугацаанд явуулсан бөгөөд үзлэгт хариуцагч талаас хариуцагч Г.Д, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нар оролцсон.
Үзлэгийн ажиллагаа эхлэхэд шүүгчийн туслахаас шүүгчийн захирамжид дурдсан үзлэгийн бичлэгүүд хариуцагчийн гар утсанд байгаа эсэх талаар тодруулах, үзлэгийн ажиллагаатай холбоотой компьютер техникийн бүрэн бүтэн байдал, үзлэгийн бэлтгэл ажлыг хангахаар шүүх хуралдааны 2 дугаар зааланд орсон бөгөөд 30 минутын дараа хэргийн оролцогч нар хоорондоо хэрэлдээд, хөндлөнгийн гэрчийг загнаад байна, цагдаа дуудаж оруулсан гэж шүүгчид мэдэгдсэн.
Шүүх хурлын танхимд ороход цагдаа орж ирсэн хэргийн оролцогчид, хөндлөнгийн 2 гэрч байсан. Шүүгчийн туслахаас тодруулахад хэрүүл маргаан хийгээд байна, эхний 2-3 бичлэгийн үзлэгийг эхлүүлсэн гэж тайлбарласан бөгөөд шүүгчээс бичлэгт үзлэг хийх болоогүй байсан, үзлэгийг проектороор цацаж дэлгэцээр хийх талаар зааварчилгаа өгсөн талаар хэлж шүүгчийн туслахад шаардлага тавьж, шүүх хуралдааны 1-р заал руу проектортой өрөө рүү шилжиж үзлэгийг явуулсан.
Хэргийн оролцогч болон хөндлөнгийн 2 гэрч эхний 2-3 бичлэгт үзлэг хийгдсэн дүрс бичлэгт таарч байсантай маргаангүй гэсэн тул дараагийн бичлэгүүдэд үзлэгийг явуулж нийт 25 бичлэгт үзлэг хийж дуусгасан.
Харин эхний 2-3 бичлэгт үзлэг хийсэн хэсэгт дүрс бичлэг хийсэн хариуцагч Г.Д-ийн өөрийн яриа, бичлэгт орсон хүмүүсийн яриаг текстээр шүүгчийн туслах буулгаж үзлэгийн тэмдэглэлд бичсэн байсныг шүүгч үзлэгийг явуулах шүүгчийн захирамжид дүрс бичлэгт үзлэг хийнэ гэж шийдвэрлэсэн болохоос бичлэгт орсон хүмүүсийн бүх яриа, дуу, аудио дуу хоолойг үзлэгээр бэхжүүлж авна гээгүй гэсэн үндэслэлээр энэхүү яриануудыг дарж, зөвхөн дүрс бичлэгт харагдаж буй үйл явдлыг үзлэгийн тэмдэглэлд тусгасан билээ.
Хариуцагч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нар бичлэгт яригдаж буй бүх яриаг текстээр бичгийн хэлбэрээр үзлэгийн тэмдэглэлд тусгуулах саналыг гаргасан бөгөөд шүүгчээс энэхүү саналыг хүлээж авах боломжгүй гэж тайлбарлахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нь шүүгчтэй маргалдаж, мэтгэлцэж шүүгчийн тайлбарласан тайлбарыг үл ойшоон хэрүүл маргаан өрнүүлж, үзлэгийн дэгийг зөрчиж нэхэмжлэгч талтай маргалдсан. Эдгээр үйлдлийг шүүгч таслан зогсоох гэсэн боловч шүүхийг үл хүндэтгэсэн тул шүүхийн цагдааг 2 удаа дуудаж тухайн үйлдлийг таслан зогсоож байсан.
Энэ нь хэрэгт байгаа шүүгчийн туслах болон цагдаагийн албан хаагчийн илтгэх хуудаст дурдагдсан байна.
Тухайн өдрийн үзлэгийн тэмдэглэл хариуцагчаас гаргасан үзлэгтэй холбоотой саналыг хүлээж авах боломжгүй талаар үзлэгийн тэмдэглэлд тусгасан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С хүсэлт гаргаад байна хүлээж авч шийдвэрлэх ёстой мэтээр тулгасан, шүүгчээс үзлэгийн явцад хүсэлт гаргахгүй, үзлэгийн талаар санал гаргах эрхтэй саналыг хүлээж авах эсэхийг шүүгч шийдвэрлэж үзлэгийн тэмдэглэлд тусгана гэж тайлбарласан бөгөөд энэ нь үзлэгийн тэмдэглэлд саналыг хүлээж авахгүй гэдгийг тусгаж баталгаажуулсан.
Дүрс бичлэгт үзлэгийг явуулах захирамжийг шүүгч миний бие өөрийн гаргасан захирамжаар хангаж, шийдвэрлэсэн бөгөөд дүрс бичлэгт үзлэгийг хэрхэн яаж явуулах талаар өөрийн гаргасан захирамжийг өөрөө тайлбарлах эрхтэй бөгөөд миний гаргасан захирамжийг хэргийн оролцогч болон өөр хэн боловч тайлбарлах эрхгүй бөгөөд энэ нь шүүгчийн бүрэн эрх хэмжээний ойлголт юм.
Шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтыг үнэлэх, бэхжүүлэх, хөндлөнгийн хараат бусаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах бүрэн эрх олгогдсон бөгөөд хэргийн оролцогч шүүгчид хөндлөнгөөс нөлөөлөх хориотой юм.
Үзлэгийн явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-ийн үзлэгийн дэгийг зөрчсөн үйлдэлд нь шүүгчээс шаардлага тавьсан болохоос биш хариуцагч Г.Д-д шаардлага шүүгч тавиагүй, энэ талаар Г.Д нь шүүгчийг хэл амаар доромжилсон гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй юм.
Энэ хэрэгт хариуцагч Г.Д нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны Өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-д өөрийгөө шүүхэд төлөөлөх итгэмжлэлийг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд үүнээс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд түүнийг төлөөлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С оролцох ёстой. Хариуцагч Г.Д-ий гаргасан гомдолд дурдсан гэрч асуулгах, мэйл хаяг болон бичлэгт үзлэг хийх хүсэлтийг Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С шүүхэд гаргадаг ба хариуцагч Г.Д шүүхэд нэг ч хүсэлт гаргаж байгаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэрээр хүсэлт гаргаж оролцох эрхээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-д шилжүүлсэн бөгөөд тэрхүү итгэмжлэлээсээ татгалзсан хүсэлт хэрэгт байхгүй юм. Түүний гаргасан гомдлоос үзэхэд өөрөө хүсэлт гаргаад тэрхүү хүсэлтийг шүүх хангаагүй шийдвэрлээгүй, шийдвэрлэсэн хүсэлт нь хууль зөрчсөн мэтээр бичсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-ийн өмнөөс гомдоод байгаа юм шиг зүйлийг бичсэн байгааг сайн ойлгохгүй байна.
Харин шүүхээс хариуцагч Г.Д-г 3 удаа үзлэгт түүнийг оролцох хүсэл зоригоо илэрхийлэхэд тэр даруй оролцуулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-аас татгалзаж байгаа эсэхийг тодруулах, асуух байдал огт гаргаагүй, өөрөө бичлэгт дурдсан үйл явдлыг ярих шаардлагатай гэснийг шүүх хүлээн авч оролцуулж байсан.
Шүүхээс нийтдээ 9 удаа шүүх хурал зарлаж хуралдуулсан бөгөөд энэхүү 9 шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С болон өмгөөлөгч Т.А нар оролцож байсан, нэг хоёр хуралдаанд хариуцагч Г.Д ажиглагчаар оролцсон байдаг.
Хариуцагч Г.Д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч удаа хүсэлт гаргаагүй хэрнээ хүсэлт гаргасан мэтээр, хариуцагч талаас гаргасан хүсэлтүүдийг шүүх хуульд заасан шаардлагыг хангуулж бүхэлд нь хангасан байтал шүүх хүсэлтийг шийдвэрлээгүй мэтээр гомдолд дурдсан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй, түүнийг эхний бичлэг үзлэг хийсний дараа үзлэг талаар хүсэлт гаргахад шүүгч хүсэлтийг шийдвэрлэж, үзлэгийн үед 15 бичлэгийг нотлох баримтаар яагаад бэхжүүлээгүй флаш дискээс хассан талаар түүнд амаар болон шүүгчийн захирамжаар тайлбарлаж түүнд хүндэтгэлтэй хандсан байхад шүүгчийг гүтгэж ёс зүйгүй аашилсан гэж бичсэн байна.
Хариуцагч Г.Д-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэж өөрийгөө төлөөлүүлэхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С-г итгэмжлэлээр томилсон хэрнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэнэт гомдол гаргаж оролцоно, шүүгчээс татгалзах хүсэлт гаргах гомдлыг удаа дараа гаргаж байгаа байдлыг түүнийг үндсэн хариуцагч гэдэг зарчмын хүрээнд гомдлыг хүлээн авч ерөнхий шүүгчид шилжүүлж, Ерөнхий шүүгчээс татгалзлыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байдаг.
Мөн 2025.09.16 өдөр дахин шүүгчийг Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүгчээс дахин татгалзах хүсэлт гаргасан ба үүнийг шүүгчээс хүлээн авч ерөнхий шүүгчийн ажлын албанд шилжүүлээд байна.
Энэ мэтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан гомдлыг хүлээж авахгүй, түүний эрхийг зөрчсөн үйлдлийг шүүх огт гаргаагүй, харин 2 удаагийн үзлэгт шүүх үзлэгийг хангасан шүүгчийн захирамжийн үзлэг явуулсан үйл явдалд гомдоод байна гэж гомдлоос үзэхэд тодорхой байх ба шүүх үзлэгээр хэргийн оролцогчийн саналыг хүлээж авах эсэх болон үзлэгт илэрсэн үйл баримтыг нотлох баримтаар бэхжүүлж ажиллана. Харин хариуцагчийн хүссэн шаардлагаар үзлэгийг дэгийг тогтоож, үзлэгийн ажиллагааг явуулах боломжгүй бөгөөд үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулна.
2025.08.01-ний өдрийн үзлэгийг явуулж дуусгаад хэргийн оролцогч, хөндлөнгийн 2 гэрч үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зурахад хариуцагч Г.Д болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С нар гарын үсэг зурахаас татгалзсан. Шүүхээс үзлэгээр бичлэгт байгаа бүх аудио яриаг тэмдэглэлд тусгахгүй гэдгийг тайлбарлаж хангалттай хэлсэн бөгөөд хариуцагч талаас тэмдэглэлд тусгахгүй бол гарын үсэг зурахгүй гэж нэлээд хугацаанд шүүх хурлын танхимд суусан.
Хуульд зааснаар үзлэгт оролцсон бүх оролцогч үзлэгийн тэмдэглэлд гарын зурж баталгаажуулахаар зохицуулсан ч гарын үсэг зурахаас татгалзсан хэргийн оролцогчийг хүчээр гарын үсэг зуруулах хуулийн зохицуулалтгүй гэдгийг дурдах нь зүйтэй юм. Харин үзлэгт оролцсон хөндлөнгийн 2 гэрч, хэргийн оролцогч нарыг шүүхээс үзлэгийн ажиллагаа дууссан үндэслэлээр явж болно гэж хэлсэн нь хэн нэгэн этгээдийн эрхийг зөрчсөн үйлдэл болох боломжгүй юм.
Шүүхээс хариуцагч талыг гарын үсэг зурахыг боломжит хугацаагаар хүлээсэн боловч гарын үсэг зураагүй болно. Үзлэгийн тэмдэглэлд хөндлөнгийн 2 гэрч гарын үсэг зурж баталгаажуулснаар үзлэг хүчин төгөлдөр байх боломжтой юм, учир нь хэргийн оролцогч үзлэгийн ажиллагаанд оролцох эрх нь нээлттэй, үзлэгт оролцохгүй байх бас эрхтэй. Үүнээс үзэхэд гарын үсэг зурахгүй байгаа хэргийн оролцогчид үзлэгт оролцсон гэдгээр заавал гарын үсэг зуруулах үүргийг шүүх хүлээх нь хууль зүйн хувьд боломжгүй юм.
Бичлэгт үзлэг хийх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.С гаргасан бөгөөд хариуцагч талын хүсэлтээр явуулсан үзлэгийн ажиллагааг хариуцагч талаас өөрсдийн хүсэл сонирхол нийцүүлэн явуулаагүйд гомдож үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зураагүй гэж шүүх дүгнэхээр байх ба энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гомдол гаргах ИХШХШТХ-н 170.1 дэх хэсэгт заасан үндэслэлд хамаарахгүй тул Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан гэж хариуцагчийг дүгнэхээр байна.
Мөн хариуцагч Г.Д шүүгчээс хэл амаар доромжилсон, загнасан зүйл огт байхгүй бөгөөд тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг ч гомдол гаргаагүй, шүүхээс түүнтэй холбоотой асуудлаар шүүхээс шаардлага тавьж харилцаагүй.
Харин үзлэг явцад түүнд шүүгчийн үзлэг хийлгэх захирамжийн талаар тайлбарласан нь ИХШХШТХ-н 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт "Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно" гэсний дагуу өөрийн гаргасан захирамжийг шүүгч би хэргийн оролцогчид удаа дараа тайлбарласан ба тухайн шүүгч өөрөө л тайлбарлах зохицуулалт хуульд мөрдөгдөж байгаа, үүнийг хэн ч шүүгчийн өмнөөс тайлбарлах боломжгүй юм.
Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23 дахь хэсэгт заалтыг шүүгч зөрчөөгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндсөн захирамж гаргаагүй болно.” гэж,
Холбогдох шүүгчээс ирүүлсэн нэмэлт тайлбарт: “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ариунболд би иргэн Г.Д-өөс Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдолд хариуцагч Г.Д нь шүүхэд үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч тухайн хүсэлт нь алга болсон гэсэн зүйлийг гомдолдоо дурдсан байна.
Би өмнөх тайлбартаа дурдсан шүүхэд үзлэг хийлгэх хүсэлтийг хариуцагчийн итгэмжлэгдсэн О.С-аас 3 удаа гаргаж, шүүгч тухайн хүсэлтийг шүүх хуралдаанаар шийдвэрлэж, үзлэгийг хийж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
Харин хариуцагчаас үзлэг хийхтэй холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаж байгаагүй, хэрэгт тийм хүсэлт байхгүй юм.
Хариуцагч Г.Д-өөс 2 дахь удаагийн үзлэг хийхэд буюу дүрс бичлэг хийх үзлэгийг 2025.06.16 өдөр тус шүүхийн 4 дүгээр танхимд явуулсан, үзлэгт хариуцагч Г.Д оролцсон бөгөөд үзлэгээр хүсэлтэд дурдсан 2023.03.13-ны өдрийн 9 удаагийн /флаш дахь 17 ширхэг/ бичлэгээс 2 бичлэг iphone 14 маргааны гар утсанд байгаа бичлэгтэй огноо таарч байгаа буюу уг 2 бичлэг тухайн цаг үед хийгдсэн байна гэж үзэж үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулж, хэрэгт нотлох баримтаар бэхжүүлсэн. Харин гар утсанд тухайн цаг үед огноотой таараагүй 15 бичлэгийг үзлэгээр нотлох баримтаар бэхжүүлэх боломжгүй тул хэрэгт өгсөн флаш дискээс уг 15 бичлэг устгаж, нотлох баримтаар бэхжүүлсэн 2 бичлэгийг үлдээсэн талаар тэмдэглэлд тусгасан. Хариуцагч Г.Д уг 15 бичлэгийг хэрхэн флаш дискнээс дарж устгасан талаар удаа дараа асуухад нь удаа дараа тайлбарласан. Харин хариуцагч Г.Д уг үзлэгтэй холбоотой хүсэлт гаргасан даруй шүүгч захирамжаараа шийдвэрлэсэн. Хариуцагч Г.Д-ий хувьд энэхүү өгсөн хүсэлтээ шийдвэрлэснийг хангаж шийдвэрлээгүй болохоор хүсэлт өгсөн гэж андуураад байна уу гэж бодож байна. Тэрнээс өөр хүсэлтийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгч байгаагүй юм.
Шүүгчээс хэдийгээр хариуцагч Г.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн О.С-г томилж, төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүсэлт гаргаж, шүүх хуралдаанд оролцдог бөгөөд хариуцагч Г.Д гаргасан хүсэлт, гомдлыг төлөөлөгчөөсөө татгалзаагүй гэсэн үндэслэлээр авахгүй гэж байгаагүй, гаргасан 1 хүсэлтийг захирамжаар шийдвэрлэж, шүүгчээс татгалзсан 2 удаагийн утга агуулга адилхан хүсэлт шийдвэрлэсэнтэй холбоотой гомдлыг хэдийгээр УДШүүхийн тогтоолд тайлбарласан хэдий ч шүүгч хүлээн авахаас татгалзалгүйгээр тус шүүхийн Ерөнхий шүүгчид шилжүүлж шийдвэрлүүлж байсан нь түүнийг үндсэн хэргийн хариуцагч гэдгийг хүндэтгэж байсан гэдгийг дурдах нь зүйтэй юм. Иймд хариуцагч Г.Д-өөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан нэг үзлэг хийлгэсний үр дагавартай холбоотой хүсэлтийг шүүгч шийдвэрлэсэн бөгөөд дахин тэрээр үзлэг хийлгэхтэй холбоотой хүсэлтийг бие даан гаргаагүй болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Г.Д-өөс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2025/0*** дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгаж ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан нь үндэслэл бүхий байна.
Өргөдөл гаргагчаас “... шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой зүй бус харилцаж орилж, хашхирч, загнасан, хүсэлт шийдвэрлэхдээ хуульд заагаагүй шаардлага тавьсан, захирамжид дурдсанаас өөр байдлаар үзлэг хийсэн, нотлох баримт устгаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ зөвтгөсөн захирамж гаргасан, хэргийн материалаас хүсэлт алга болгосон туслахынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, хэргийн оролцогчийн тайлбар хийх эрхийг зөрчсөн, үзлэгийг удирдан явуулахдаа дур зоргоороо аашилсан” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
1. Хүсэлт шийдвэрлэхдээ хуульд заагаагүй шаардлага тавьсан, захирамжид дурдсанаас өөр байдлаар үзлэг хийсэн, нотлох баримт устгаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснээ зөвтгөсөн захирамж гаргасан, хэргийн материалаас хүсэлт алга болгосон туслахынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, үзлэгийг удирдан явуулахдаа дур зоргоороо аашилсан эсэх тухайд:
Нэхэмжлэгч “Т т э э т” ХХК-аас Г.Д-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний барьцаа төлбөр гаргуулахаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь шүүгч Т.Ариунболдод хуваарилагдаж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/10*** дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
Дээрх иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Д-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр О.С-аас 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр “мэйлд үзлэг хийлгэх”, 5 дугаар сарын 27-ны өдөр “Айфон 14 маркийн гар утсанд хадгалагдсан бичлэгт үзлэг хийлгэх”, 6 дугаар сарын 09-ний өдөр “флаш-д хадгалагдсан 9 бичлэгт үзлэг хийлгэх”, 7 дугаар сарын 04-ний өдөр “17 бичлэгт үзлэг хийлгэх” хүсэлтийг тус тус гаргасныг шүүгч тухай бүр хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.
Шийдвэрлэнэ гэдэг нь хүсэлтийг хангахыг шүүгчид үүрэг болгосон зохицуулалт биш юм. Харин хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхэд шүүгч үнэлэлт, дүгнэлт өгч шийдвэрлэхийг ойлгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааныг тэгш эрхийн зарчимд тулгуурлан хэргийн оролцогчдын өөрсдийн нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримтад тулгуурлан шийдвэрлэдэг. Харин хэргийн оролцогч өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд тэдгээрийн хүсэлтээр шүүхийн журмаар хуульд заасны дагуу нотлох баримтыг бүрдүүлдэг болно.
Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зохицуулсан.
Тодруулбал, шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул Шүүхийн сахилгын хороо нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нотлох баримтыг үнэлэх эсхүл үнэлэхгүй байсан зэргээр тухайн эрхийн актын хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлсэнтэй нь холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэхгүй.
Хэргийн оролцогчдын үзлэг хийлгэх хүсэлтэд дурдсан нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр олж авсан, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай зүйл байх ёстой. Энэхүү ажиллагааг шүүгч хийх нь нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох, шийдвэр гаргахад нөлөөлөхүйц байхыг ойлгоно.
Мөн хэргийн материалаас хүсэлт алга болгосон туслахынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй гэх боловч сахилгын хэргийн шалгах ажиллагааны хүрээнд “Т т э э т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Г.Д-д холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд хариуцагч талаас гаргасан хүсэлт хэрэгт авагдаагүй талаар бичгээр болон амаар гомдол, тайлбар шүүхэд гаргаагүй байна.
Шүүгч үзлэг хийлгэх хүсэлтийг шийдвэрлэсэн захирамжид дурдсанаас бусад эх хувиас хуулбарлаж өгсөн бичлэгийг нотлох баримтаар аваагүй үйл баримт нь нотлох баримт устгасан гэх үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгахгүй.
2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой зүй бус харилцаж орилж, хашхирч, загнасан эсэх тухайд:
Шүүгч Т.Ариунболд шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа зүй бус авирласан, зохисгүй үг хэллэг хэрэглэсэн, үйл хөдлөл үзүүлсэн гэх байдал шүүх хуралдааны бичлэг, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсонгүй.
Шүүх хуралдааныг даргалан явуулахдаа талуудыг тайлбар хэлэх эрхээр тэгш хангаж, тэдгээрийн эрхийг аливаа байдлаар хязгаарласан, ялгамжтай хандсан, аль нэгэнд нь давуу байдал бий болгосон гэх үйлдэл гаргасан нь тогтоогдоогүй байна.
Энэ талаар гэрч В.С мэдүүлэгтээ “...Шүүгчийн хувьд орилж, хашхирах ч гэх юм уу таагүй нөхцөл байдал огт үүсгээгүй..., “...Хэдийгээр хувь хүний араншин өөр өөр байх боловч хэргийн оролцогчийн хувьд дэг сахих үүрэгтэй. Гэтэл хариуцагч тал шүүгчийг эсэргүүцэх, буруу харж суух зэрэг байдал гаргах, маргах зэргээр маш чөлөөтэй харилцдаг санагдсан. Түүнээс биш шүүгч бидний хэн алинтай нь эвгүй харилцах, орилох гэх мэт үйлдэл огт гаргаж байгаагүй.” гэж,
Гэрч А.М мэдүүлэгтээ “...тайлбарлаад байхад л хариуцагч хүсэлтээ давтан давтан хэлээд байсан, шүүх хуралдаан болон үзлэгийн үед шүүгч огт уурлаж бухимдаагүй...” гэж,
Гэрч М.Д мэдүүлэгтээ “... шүүгчийн хувьд бол огт бухимдаагүй, дахин дахин тайлбарлаж байсан. Хариуцагчийн төлөөлөгч С шүүгчийн хэлсэн үг болгоныг өөр дээрээ тусгаж аваад маргаад байсан, ... өөрийнхөөрөө зүтгээд, бусад оролцогч нартай маргаад байсан, цагдаа орж ирэхээр чимээгүй болж байсан...” гэж,
Гэрч С.Г мэдүүлэгтээ “... хэргийн оролцогч эмэгтэй шүүгчийн туслах, нөгөө талтайгаа маргасан, ...нөгөө хөндлөнгийн гэрчийг загнасан, шүүгчтэй учиргүй маргаагүй, заавал тэмдэглэлд тусгуулна гээд дайраад байх шиг байсан” гэж тус тус мэдүүлсэн болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр давхар нотлогдож байна.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах чиг үүрэгтэй бөгөөд шүүхэд хэрэг маргааныг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхгүй юм. Учир нь шүүгч өөрт хуваарилагдсан нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн дагуу иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэнээс ч хараат бусаар шийдвэрлэнэ.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0114 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Д.ЭРДЭНЭЧУЛУУН