info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-10-29

Дугаар 126

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Н.Э-ийн өргөдлөөр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Х.Хашбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2025/0105 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:

“... Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, иргэн Н.Э-ээс “Т Т” ХХК, Д.Б, А.Д нарт холбогдуулан 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр ““Т Т” ХХК, түүний эцсийн өмчлөгч Д.Б-ийн даалгавар шийдвэрээр, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд Д.Д-той байгуулсан 2011 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдэл 135,000,000 төгрөг, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулагдсан, түүний дагуу ажил гүйцэтгэгдсэнийг тогтоолгож, ажлын үр дүнгийн хөлс 90,000,000 төгрөг, нийт 225,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн шүүгч Ж.Батмөнхийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Иргэн Н.Э-ээс нэхэмжлэл гаргах үедээ “Т Т” ХХК, Д.Б, А.Д нарыг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 183/ШШ2022/... дүгээр шийдвэрээр эрэн сурвалжлахаар шийдвэрлэсний дагуу тэдгээрийн үйл ажиллагаа явуулж байгаа болон оршин суугаа хаягийг цагдаагийн газраас тогтоосон баримтуудын хамт хариуцагч нарыг шүүхэд албадан ирүүлэх тухай хүсэлтийг гаргасан байна.

Шүүхээс хариуцагч нарт 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч хаягтаа оршин суудаггүй, хаяг өөрчлөгдсөн талаар зохих байгууллагад мэдэгдсэн баримт байхгүй үндэслэлээр шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2024/... дугаар захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, А.У нар нэхэмжлэлийн хувийг 2024 оны 09 дүгээр сарын 23, 24-ний өдрүүдэд гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

Өргөдөлд “... процессын зөрчлүүдийг “зориуд арилгахгүй” ажиллаж байна ...” гэж дурдсан ба үүнийг өргөдөл гаргагчаас өгсөн гэрчийн мэдүүлэгт “... Хариуцагчийн төлөөлөгчид итгэмжлэлд олгогдоогүй эрхийн хүрээнд ажиллагаа явуулж, процесс зөрчсөн ...” гэж тодорхойлсон.

“Т Т” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Д-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/... дугаар итгэмжлэлээр А.У-д нэхэмжлэл гардаж авах эрхийг, Д.Б-ээс Б.Э-д бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг, мөн Д.Д-оос А.У-д 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр бүрэн төлөөлөх эрхийг тус тус олгосны дагуу хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Мөн шалгах ажиллагааны хүрээнд холбогдох иргэний хэрэгт үзлэг хийхэд, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У нь нэхэмжлэлийн хувийг гардаж авснаас хойш хариуцагчийг бүрэн төлөөлөх эрх олгогдох хүртэл хугацаанд хүсэлт, тайлбар гаргах зэрэг аливаа хэлбэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.

Өргөдөлд “... шүүгч Ж.Батмөнх удаа дараа гаргасан нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдээгүй хэдэн сар болсон атлаа гэнэт хэрэг шилжүүлэх захирамж гаргасан ...” гэж дурджээ.

Нэхэмжлэгч Н.Э-ээс дараах хүсэлтүүдийг гаргасан байна. Үүнд:

-2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр “Т Т” ХХК-иас нотлох баримт гаргуулах, Shuukh.mn сайтад үзлэг хийлгүүлэх, Эрүүгийн хэргийн төв архивд байгаа эрүүгийн ......... дугаартай хэргээс баримтууд гаргуулах, К банкийг хамтран хариуцагчаар татах, тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гаргуулах тухай хүсэлтийг,

-2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Shuukh.mn сайтад үзлэг хийлгүүлэх хүсэлтийг,

-2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлтийг,

-2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр “Т Т” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтийг,

-2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрч асуулгах, “Т Т” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтийг,

-2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэсэн ажлын файлуудад үзлэг хийлгэх тухай хүсэлт зэрэг болно.

Дээрх хүсэлтүүдийг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2024/..... дүгээр захирамжаар шүүх хуралдааныг нээлттэй явуулах, файлуудад үзлэг хийлгэх хүсэлтүүдийг хангаж, бусад хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Холбогдох шүүгчээс “... нэхэмжлэл гардуулсны дараа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд тайлбар, баримт гаргах боломжийг олгосны дараа хүсэлтийг шийдвэрлэсэн ...” гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчээс удаа дараа хүсэлтүүд гаргаж байсан боловч хариуцагч нарыг албадан ирүүлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэдгээрийг хүсэлтүүдтэй танилцах, тайлбар гаргах зэрэг боломжоор хангасны үндсэн дээр шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх зэрэг хуулиар олгосон эрхийг нь хангаж, зохигч тайлбар гаргах боломжийг олгосон гэж үзэхээр байна.

Тодруулбал, хэргийг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, хэрэгт хамааралтай, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримтыг бүрэн тогтоон, тэдгээрийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулсны үндсэн дээр хууль зүйн дүгнэлт өгөх зарчмын дагуу тус иргэний хэргийн нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтүүдийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ” гэж зааснаар хэргийн үйл баримтад дүгнэлт хийсний үндсэн дээр зарим хэсгийг хангаж, бусад хэсгийг хангахаас татгалзаж шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн, шүүх хуралдааны бусад үед хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх хугацааг хуульд нарийвчлан зохицуулаагүй болохыг дурдах нь зүйтэй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Д.Д нараас хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн шүүх рүү шилжүүлэх хүсэлтийг гаргасныг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар ““Т Т” ХХК нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Д.Д нь Х дүүрэгт, Д.Б нь Ө аймагт оршин суух хаягтай буюу хариуцагч нар нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт оршин суудаггүй, үйл ажиллагаа явуулдаггүй” гэх үндэслэлээр хангаж шийдвэрлэсэн байна.

Харин дээрх захирамжид нэхэмжлэгчээс гомдол гаргасныг тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2024/.... дүгээр тогтоолоор хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д “Шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт энэ хуулийн 170.1-д заасны дагуу гаргасан гомдлыг 14 хоногийн дотор тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана: ... 171.1.3.тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох.” гэж зааснаар анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийн, улмаар хүчингүй болгож шийдвэрлэсэн дээрх тогтоолыг үндэслэн шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар шүүгч зохигчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан хэргийг шилжүүлэх хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрсэн гэж үзэж, хангаж шийдвэрлэсэн нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй бөгөөд шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд шүүх бүрэлдэхүүнээс дүгнэлт хийн хүчингүй болгосон нь шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.

Өргөдөлд “... шүүгч нарын шийдвэрүүд үндэслэл муутай, нэг талыг баримталсан шинжтэй байна ...” гэж дурджээ.

Дээр дурдсанчлан, хариуцагч талаас гаргасан хэргийг шилжүүлэх тухай хүсэлтийг шийдвэрлэснээс хойш холбогдох иргэний хэрэгт хийсэн үзлэгээр дараах үйл баримтууд тогтоогдсон. Үүнд:

-Нэхэмжлэгчээс гэрч асуулгах хүсэлтээ тодруулан дахин гаргасныг шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2025/.... дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

-Нэхэмжлэгчийн шүүгч Ж.Батмөнхийг татгалзан гаргах хүсэлтийг Ерөнхий шүүгч Н.Оюунтуяагийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ЕШ2024/.... дугаар захирамжаар хангахгүй орхисон.

-Улмаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдсантай холбоотойгоор хэргүүдийг дахин хуваарилахад тус хэрэг нь шүүгч Ц.Цэрэндуламд хуваарилагдсаны дагуу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/.... дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан.

-Нэхэмжлэгчээс гаргасан гэрч асуулгах, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцуулах, нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар хангахаас татгалзсан.

-Шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар тус хэргийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 13.30 цагт шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн боловч нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг хүлээн авахаас татгалзаж, мөн гэрч асуулгах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулсан.

-Дээрх захирамжид нэхэмжлэгчээс гомдол гаргасныг тус шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШТ2025/..... дугаар тогтоолоор хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

-Нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Ц.Цэрэндулам болон гомдол шийдвэрлэсэн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ЗТ2025/.... дугаар тогтоол, Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 191/ЕШ2025/.... дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзсан.

-Шүүгч Ц.Цэрэндулам нь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсонтой холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ЗТ2025/.... дугаар тогтоолоор түүний хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа хэргүүдийг хуваарилахад тус хэрэг нь шүүгч Б.Билгүүнд хуваарилагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага, шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт, шүүгчийн захирамжид гаргасан гомдол зэргийг хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар зэрэгт үндэслэн шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаардаг бөгөөд нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул хэрэгт авагдсан баримтуудыг хэрхэн үнэлэхэд хяналт тавих, түүнд  дүгнэлт хийх эрх Шүүхийн сахилгын хороонд олгогдоогүй болно.

Өргөдөлд “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, түүгээр дамжуулан хэргийг шийдэж буй шүүгч нарт нөлөөлж байж болзошгүй. Учир нь шүүгч И.Амартөгс нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан С.А-тэй найз нөхөд, ... тус шүүхийн Ерөнхий шүүгч асан, авлигын хэрэгт холбогдож байсан С.А нарын зүгээс шүүхийн шийдвэр гаргалтад хууль бус нөлөөлөл үзүүлсэн сэжигтэй байна ...” гэж, үүнийг өргөдөл гаргагч гэрчийн мэдүүлэгтээ “... С.А шүүгч өмнө нь миний ажиллаж байсан Т Т ХХК-д холбогдох хэрэгт ажиллагаа явуулж байсан юм ...” гэж тайлбарласан.

Ерөнхий шүүгч И.Амартөгсийн хувьд, шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/Ш32025/.... дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах” тухай захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанаар хэлэлцээд, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлэснээс бусад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнд оролцож, улмаар шүүх бүрэлдэхүүн хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлж, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийн, хэвээр үлдээн шийдвэрлэснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөл гаргагчийн “С.А шүүгч өмнө нь миний ажиллаж байсан “Т Т” ХХК-д холбогдох хэрэгт ажиллагаа явуулж байсан”, “шүүгч И.Амартөгс нь С.А-тэй найз”, “шүүгч И.Амартөгс нь тус шүүхийн Ерөнхий шүүгч учраас бусад шүүгч нарт нөлөөлж байж болзошгүй” гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Учир нь холбогдох шүүгч И.Амартөгсөөс “... Миний бие өмнө нь Улсын дээд шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлд өргөдөлд дурдсан С.Амардэлгэр нь ажиллаж байсан ба Улсын дээд шүүхийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба байрладаг байсан. Нэг байранд нэг дороо ажиллаж байсан. Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдож ажиллахад тухайн шүүхэд С.А-ийн хувьд мөн шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан, хамт нэг дороо ажиллаж байсан болохоос найз нөхөд, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд биш болохыг мөн үүгээр мэдэгдэж байна ...” гэж,

шүүгч Ж.Батмөнхөөс “... Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс шүүгчтэй гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэг байранд хамт байрладаг байснаас бус И.Амартөгс шүүгчтэй уулзаж, хэрэг, маргааны талаар ярилцаж байгаагүй болно. Мөн И.Амартөгс шүүгчийн зүгээс надад нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон аливаа үйлдэл, эс үйлдэл гаргаж байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна ...” гэж тус тус тайлбарласан бөгөөд нэг салбарт, нэг байгууллагад ажилладаг, Ерөнхий шүүгч байх нь бусдад давуу байдал олгож, улмаар шүүгч нарт нөлөөлсөн гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.8-д заасан нотлох баримтыг тухайн сахилгын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв талаас нь үнэлэх шаардлагад нийцүүлэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг авч үзэхэд, шалгах ажиллагааны хүрээнд Ерөнхий шүүгч И.Амартөгс нь тус хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нарын шүүн таслах ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн, заавар, удирдамж, чиглэл өгсөн, урьдчилан санал хэлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул зөвхөн сэжиг таамагт үндэслэн түүнийг тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх;” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1 дэх хэсэгт зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн албан тушаалд томилогдон шүүн таслах үйл ажиллагааг явуулж байгаа эрх бүхий этгээдэд холбогдуулан сахилгын хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг.

Харин өргөдөлд хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчтай найз нөхөд, өмнө нь хариуцагчид холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байсан, уг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нөхцөл байдлуудыг дурдсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад хамаарах албан тушаалтан биш болохыг дурдах нь зүйтэй.

Түүнчлэн, сахилгын хэрэг үүсгэсний дараа өргөдөл гаргагчаас дахин Авлигатай тэмцэх газарт гаргасан гомдол, мэдээллийг тус газрын Мөрдөн шалгах хэлтсийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 06/15341 дүгээр албан бичгээр ирүүлсэн бөгөөд тус албан бичгээр шилжүүлсэн гомдол нь шүүгчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар шалгаж байгаа уг сахилгын хэргийн өргөдлийн агуулгатай адил байгааг дурдаад, харин гомдолд “өмгөөлөгч Л.Э гэгч нь 2014, 2018 онд тэрбум гаруй төгрөгийг авлига зуучлах нэрээр авсан, энэ тухайгаа Ерөнхий шүүгч асан С.Амардэлгэрийн найзаар нь дамжуулж олж уулзсан” гэж дурдсан асуудлыг Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.4.6-д заасны дагуу шалгах нь зүйтэй гэж үзэн, гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 02/... дугаар албан бичгээр буцаан хүргүүлсэн болохыг тэмдэглэв.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Ерөнхий шүүгч И.Амартөгс тайлбартаа: “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Н.Э-гийн нэхэмжлэлтэй, Д.Б, “Т Т” ХХК, Д.Д-ж нарт холбогдох иргэний хэргийн шийдвэрлэлтэд тус шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгч нарт хөндлөнгөөс нөлөөлж байж болзошгүй нөхцөлүүд үүсээд байна гэх гомдолд:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/Ш32025/.... дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах” тухай захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгч Н.Э-гийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Д.Батхуяг, Л.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, тус шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/Ш32025/..... дугаар “Шүүх хуралдааныг хойшлуулах” тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Э-ийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно”, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д зааснаар “Шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх”-ийг шүүгчид хориглосон зохицуулалттай.

Миний бие Ерөнхий шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах зэргээр шүүгчийн хараат бус байдалд ямар нэгэн байдлаар халдсан зүйл байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Түүнчлэн, шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх зэрэг хууль зөрчсөн ямар нэгэн хариуцлагагүй үйлдэл хийгээгүй болно.

Өргөдөл гаргагч Н.Э-гийн өргөдөлд дурдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан С.А-тэй найз нөхөд гэх мэдээллийн тухайд миний бие өмнө нь Улсын дээд шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлд өргөдөлд дурдсан С.А нь ажиллаж байсан ба Улсын дээд шүүхийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба байрладаг байсан. Нэг байранд нэг дороо ажиллаж байсан.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдож ажиллахад тухайн шүүхэд С.А-ийн хувьд мөн шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан, хамт нэг дороо ажиллаж байсан болохоос найз нөхөд, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд биш болохыг мөн үүгээр мэдэгдэж байна.

Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан нөлөөллийн мэдүүлэг хөтлөх үндэслэл байхгүй бөгөөд аливаа нэгэн этгээдээс нөлөөлөхөөр оролдсон ямар нэгэн тохиолдол гараагүй болно.

Иймд Ерөнхий шүүгч И.Амартөгсөд үүсгэсэн сахилгын хэргийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ. 

Шүүгч Ж.Батмөнх тайлбартаа “... Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 91 дүгээр “Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай” зарлигаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдсон. Улмаар тус дүүргийн шүүхийн шүүгчдийн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 181/ЗТ2024/.... дугаар “Хэрэг хуваарилах тухай” тогтоолоор 10 шүүгчээс тус бүр 11 хэрэг, нийт 110 хэргийг, нэрсийн дарааллын сүүлд нэмэлтээр орж нэхэмжлэл, хэрэг, хүсэлтийг тойргийн журмаар тус тус хүлээн авч, үүрэгт ажилдаа орсон.

Нэг. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар

2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч Н.Э нь хариуцагч Д.Б, Д.Д, “Т Т” ХХК нарт холбогдуулан 225,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хүлээн авч хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 181/11132024/..... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Улмаар иргэний хэрэг үүсгэсэн буюу 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Д.Б, Д.Д, “Т Т” ХХК нарыг шүүхэд дуудан ирүүлэхээр шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэлд дурдсан хариуцагч нарын оршин суух хаягт илгээсэн.

Хариуцагч нар уг хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, дээрх хаягтаа бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй, ийм хаягт компани байхгүй гэх хариу ирсэн тул шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/Ш32024/.... дугаар захирамжаар хариуцагч нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн.

Дээрх албадан ирүүлэх захирамжийн дагуу 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр хариуцагч Д.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хариуцагч Д.Д болон “Т Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг хувийг тус тус гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож эхэлсэн.

Нэхэмжлэгч Н.Э-ээс 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрүүдэд гаргасан бух хүсэлтийг нэгтгэн хүлээн авч хянаад, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32024/.... дүгээр захирамжаар шийдвэрлэсэн.

Улмаар шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/Ш32024/..... дугаар захирамжаар хариуцагч Д.Б нь Ө аймагт, хариуцагч Д.Д болон “Т Т” ХХК нар нь Хан-Уул дүүрэгт тус тус оршин суудаг талаарх баримт, хариуцагч нарын хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20 1.2-т заасныг үндэслэн хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Тус захирамжид нэхэмжлэгч Н.Э гомдол гаргасны дагуу тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2024/.... дугаар тогтоолоор “Хэрэг шилжүүлэх тухай” захирамжийг хүчингүй болгосон

Нэхэмжлэгч Н.Э-ээс дахин гаргасан хүсэлтийг хүлээн авч хянаад шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/Ш32024/..... дугаар захирамжаар шийдвэрлэсэн.

Хоёр. Гомдолд дурдсан асуудлын талаар

2.1.Хариуцагч нарт давуу нөхцөл бүрдүүлсэн гэх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хунийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана гэж заасан.

Шүүгч миний бие хэргийн оролцогч нарыг шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулдаг бөгөөд хэн нэгнийг нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил албан тушаал зэргээр ялгаварлан гадуурхаж, аль нэг талд давуу байдал үүсгэж байгаагүй. Мөн хариуцагч Д.Б, Д.Д, “Т Т” ХХК нарыг танихгүй, уулзах нь бүү хэл тааралдаж ч байгаагүй болно,

          2.2.Шүүгчийн шийдвэр үндэслэл муутай, нэг талыг баримталсан шинжтэй гэх:

Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд миний бие 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдөр, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд нийт 5 удаа захирамж гаргасан байна.

Дээрх захирамжуудаар иргэний хэрэг үүсгэх, хариуцагчийг албадан ирүүлэх, нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэх, хэргийг шилжүүлэх зэрэг шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү шийдвэрлэхдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцүүлсэн болно. Тиймээс аль нэг талын эрх, ашиг сонирхлын үүднээс шийдвэр гаргаагүй гэж үзэж байна

   2.3.Шүүхийн шийдвэр гаргах үйл явц хурдан, удаан гэх:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ, 6.2-т мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ гэж заасан.

Нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэснээс хойш хэргийг хянан шийдвэрлэж дуусах хүртэл хэргийн оролцогчийн тайлбар, баримт өгөх, нотлох баримттай танилцах, хүсэлт гаргах, шүүх хуралдаанд оролцох, гомдол гаргах зэрэг хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгох ёстой. Тиймээс нэхэмжлэлийг хариуцагчид гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн тэгш оролцох эрхийг хангах нь байдаг.

Хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан хаягтаа байхгүй байсан тул шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх ажиллагааг явуулсан. Улмаар албадан ирүүлж, нэхэмжлэл гардуулсны дараа нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтэд тайлбар, баримт гаргах боломжийг олгосны дараа хүсэлтийг шийдвэрлэсэн.

Гурав. Бусад асуудлын талаар

3.1.Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх Б.Э, Б.Ж, А.У гэх хүмүүсийг танихгүй гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоогүй. уулзах нь бүү хэл тааралдаж ч байснаа санахгүй байна.

3.2.Миний бие Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс шүүгчтэй гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэг байранд хамт байрладаг байснаас бус И.Амартөгс шүүгчтэй уулзаж, хэрэг, маргааны талаар ярилцаж байгаагүй болно. Мөн И.Амартөгс шүүгчийн зүгээс надад нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон аливаа үйлдэл, эс үйлдэл гаргаж байгаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

3.3.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнууд хариуцагчаар их оролцдог, хэрэг, маргааны төрөл олонтой, ээдрээ төвөгтэй тул шүүгчээс хууль хэрэглээний өндөр мэдлэг, ур чадвар шаарддаг гэдгийг шүүгчээр ажиллахаас өмнөх 12 жилийн хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байхдаа мэддэг байсан. Тиймээс өөрийн мэргэжил, ур чадвараа дээшлүүлэх, хөгжүүлэх, хэргийн оролцогчдын нөлөөллөөс ангид байхын тул тус дүүргийн шүүхийг зориглон сонгосон учиртай. Тиймдээ ч хамт томилогдсон бусад шүүгч нарт маань нэхэмжлэл хуваарилагдаж байхад миний бие 110 хэрэг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Шинээр томилогдсон шүүгчийн хувьд ажлын ачаалал өндөр байсныг дурдах нь зүйтэй.

3.4.Миний бие 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гэртээ харих замдаа хазгай газарт гишгэж унасны улмаас хөлөө хугалсан. Улмаар 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хөлөө гипсдүүлэн ажлаасаа чөлөө авсан. Гэвч оны сүүл болсон, өөр шүүх рүү шилжихээр болсон тул хүнээр өргүүлж, түшүүлэн ажилдаа ирж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан. Тухайн үед гам сайн бариагүйгээс болж одоог хүртэл хөл маань зовуурьтай байгаа болно.

Эцэст нь хэлэхэд миний бие Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчимд нийцүүлэн хараат бусаар, хуулийг дээдэлж, хуульд захирагдаж. мэтгэлцэх зарчмыг удирдлага болгон ажиллаж байгаагаа хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Иймд гомдол үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Н.Э-ийн өргөдлөөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг  хэрэгсэхгүй болгох санал нь үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзлээ.

Шалгах ажиллагааны явцад, иргэний хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр үзлэг хийж, 124 хуудас баримт авсны дээр өргөдөл гаргагчаас тайлбар авсан байх ба эдгээр баримтаар дараах байдал тогтоогдож байна.

1. Нэхэмжлэгч Н.Э-ийн Д.Б, Д.Д, “Т Т” ХХК-д холбогдуулсан нэхэмжлэлээр[1], иргэний хэрэг үүсгэн, хариуцагч нарт мэдэгдэх хуудас хүргүүлсэн,  хариуцагч нар заасан хаягт бүртгэлгүй, нэхэмжлэлийг гардуулах боломжгүй байсан учраас шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 181/ШЗ2025/..... дугаар захирамжаар, хариуцагч нарыг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Улмаар, хариуцагч “Т Т” ХХК-ийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 9/... дугаар албан бичгээр А.У-д нэхэмжлэл гардаж авах эрхийг, иргэн Д.Б Б.Э-д мөн өдөр итгэмжлэл олгож, иргэн Д.Д, А.У-д 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн итгэмжлэлээр бүх шатны шүүхэд бүрэн төлөөлөх эрхийг тус тус олгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагджээ.

Иймд, өргөдлийн “... процессын зөрчлүүдийг зориуд арилгахгүй” ажиллаж ... хариуцагчийн төлөөлөгчид итгэмжлэлд олгогдоогүй эрхийн хүрээнд ажиллагаа явуулсан ...” гэсэн нь үндэслэлгүй байх тул энэ талаарх илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.

2. Нэхэмжлэгч Н.Э хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

а/ нотлох баримт гаргуулах, shuukh.mn сайтад үзлэг хийлгэх, Эрүүгийн хэргийн төв архиваас баримт гаргуулах, К банкийг хамтран хариуцагчаар татах, тус банкны хувьцаа эзэмшигчдийн бүх мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хуулийн этгээдийн бүртгэлийн газраас гаргуулах тухай хүсэлтийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр,

б/ shuukh.mn сайтад үзлэг хийлгэх хүсэлтийг 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр,

в/ нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах, шүүх хуралдааныг нээлттэй явуулах тухай 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт,

г/ 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр хариуцагч компаниас нотлох баримт гаргуулах,

д/ 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр гэрч асуулгах болон “Т Т” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлт,

е/ 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр баримтад үзлэг хийлгэх тухай хүсэлт тус тус гаргажээ.

Эдгээр хүсэлтийг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2024/.... дүгээр захирамжаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.

Хариуцагч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилсон, тэдгээр нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь 2024 оны 09 дүгээр сарын 23, 24-ний нэхэмжлэл гардаж авсан өдрөөр тогтоогдож байх тул хэргийн зөвхөн нэг талын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүй болно.

Нөгөө талаар, Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 4.2.2-т “шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаас бусад хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор шийдвэрлэнэ. Хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг шүүгчийн туслах талуудад 5 хоногийн дотор мэдэгдэж, Баримт №7-г үйлдэж, хэрэгт хавсаргана” гэж заасан. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хүсэлт шийдвэрлэх хугацааг тухайлан заагаагүй.

Иймээс, илтгэгч гишүүний “... хариуцагч нарыг албадан ирүүлэх ажиллагааг явуулж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан, тэдгээрийг хүсэлтүүдтэй танилцах, тайлбар гаргах зэрэг боломжоор хангасны үндсэн дээр шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн оролцогч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эсрэг талын шаардлага, тайлбар, татгалзал, түүнийг нотлох баримттай танилцах, тэдгээрт тайлбар өгөх зэрэг хуулиар олгосон эрхийг нь хангаж, зохигч тайлбар гаргах боломжийг олгосон гэж үзэхээр байна” гэсэн нь үндэслэлтэй байна.

3. Хариуцагчийн, хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШЗ2024/.... дугаар захирамжаар хангаж, хэргийг шилжүүлсэн нь шүүгчид олгосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүрэн эрхийн нэг болно.

Нэхэмжлэгч Н.Э тус захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар гомдол гаргасныг, гомдол шийдвэрлэх хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШТ2024/.... дүгээр тогтоолоор “хариуцагч нарыг албан ирүүлэх ажиллагааг явуулахад хариуцагч нар нь шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэсэн үндэслэлээр хүчингүй болгожээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дугаар зүйлийн 171.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 14 хоногийн дотор хянан шийдвэрлэж тогтоол гаргах ба гомдол үндэслэлгүй бол захирамж, тогтоолыг хэвээр үлдээх, харин гомдол үндэслэлтэй бол захирамж, тогтоолыг хүчингүй болгох, эсхүл өөрчлөлт оруулах эрх хэмжээг гомдол шийдвэрлэх хуралдааны бүрэлдэхүүнд олгосон байна.

Гомдлын хуралдаанаас шүүгчийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой алдааг зөвтгөж, захирамжийг хүчингүй болсон үйлдэл нь холбогдох шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

4. Үүний дараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж, хэргийн зохигчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэж шүүхээс дараах эрх зүйн акт гаргасан байна. Үүнд,

- Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 181/ЕШ2024/.... дугаар захирамжаар, нэхэмжлэгчийн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангахгүй орхисон.

- шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШЗ2025/.... дугаар захирамжаар, нэхэмжлэгчийн гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан,

- шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 191/ШЗ2025/.... дүгээр захирамжаар, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан[2],

- нэхэмжлэгчээс гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, мөн гуравдагч этгээд оролцуулах тухай хүсэлтийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШЗ2025/..... дугаар захирамжаар хангахаас татгалзсан,

- шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар тус хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн,

- шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар, нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг, гэрч асуулгах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт гаргасныг тус тус хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,

- тус захирамжид нэхэмжлэгч гомдол гаргасантай холбогдуулж, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/.... дүгээр захирамжаар хуралдааны тов өөрчилсөн,

- шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 191/ШТ2025/.... дугаар тогтоолоор, 191/ШЗ2025/..... дугаар захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, захирамжийг хэвээр үлдээсэн,

- нэхэмжлэгчээс 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр шүүгч Ц.Цэрэндулам, гомдол шийдвэрлэх хуралдааны бүх шүүгчдийг татгалзах хүсэлт гаргасныг, шүүгчдийн 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 191/ЗТ2025/.... дугаар зөвлөгөөний тогтоол, Ерөнхий шүүгчийн 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 191/ЕШ2025/..... дугаар захирамжаар тус тус хангахаас татгалзсан,

- шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 191/ЗТ2025/.... дугаар тогтоолоор тус хэрэг шүүгч Б.Билгүүнд хуваарилагдаж[3], хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь тогтоогдоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж зааснаар хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар зэргийг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнэн, хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийг “үндэслэл муутай, нэг талыг баримталсан шийдвэр гаргасан” гэж үзэхгүй.

5.Өргөдөлд, “... Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, түүгээр дамжуулан хэргийг шийдэж буй шүүгч нарт нөлөөлж байж болзошгүй. Учир нь шүүгч И.Амартөгс нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч асан С.А-тэй найз нөхөд, ... тус шүүхийн Ерөнхий шүүгч асан, авлигын хэрэгт холбогдож байсан С.А нарын зүгээс шүүхийн шийдвэр гаргалтад хууль бус нөлөөлөл үзүүлсэн сэжигтэй байна ...” гэж дурджээ.

Үүнтэй холбогдуулж, Ерөнхий шүүгч И.Амартөгс “... өмнө нь Улсын дээд шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан ... тухайн үед Шүүхийн ерөнхий зөвлөлд ... С.А нь ажиллаж байсан ба Улсын дээд шүүхийн байранд Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба байрладаг байсан. ... Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр томилогдоход ... С.А ... мөн шүүгчийн албан тушаалд ажиллаж байсан, ... найз нөхөд, харилцан хамаарал бүхий этгээдүүдэд биш ...” гэсэн бол,

шүүгч Ж.Батмөнх ч “... Ерөнхий шүүгч И.Амартөгстэй гэр бүл, төрөл садан, найз нөхдийн холбоогүй. Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэг байранд хамт байрладаг байснаас бус И.Амартөгс шүүгчтэй уулзаж, хэрэг, маргааны талаар ярилцаж байгаагүй ... Мөн И.Амартөгс шүүгчийн зүгээс надад нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон аливаа үйлдэл, эс үйлдэл гаргаж байгаагүй ...” гэж тайлбарласан байна.

Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “бүх шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, тухайлсан хэрэг, маргаантай холбоотой заавар өгөх, удирдамжаар хангах, шүүгчид тодорхой хэрэг, маргааныг нэр заан хуваарилах зэргээр шүүгчийн хараат бус байдалд халдахыг хориглоно” гэж заасан.

Шүүхийн байрны хүрэлцээ, зохион байгуулалт зэргээс шалтгаалж тус шүүгч нар нэг байранд ажиллаж байсан болон ажиллаж байгаа шүүгч нарыг найз нөхдийн холбоотой, нэг нэгэндээ нөлөөлсөн, Ерөнхий шүүгч И.Амартөгс нь тус хэргийн гомдол шийдвэрлэх 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны бүрэлдэхүүнд орж, захирамжийг хэвээр үлдээснийг шүүгчийн шүүн таслах ажилд хөндлөнгөөс нөлөөлсөн гэж үзэх үндэслэл болохгүй.

Мөн Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан С.Амардэлгэр өмнө нь “Т Т” ХХК-ийн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсантай /Н.Э-ийн тайлбар сх-ийн 23-24 дэх тал/ нь холбогдуулж, Н.Э-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Б, Д.Д, “Т Т” ХХК-д холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан шүүгчид нөлөөлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд, өргөдөлд дурдсан үйл баримт шалгах ажиллагаагаар тогтоогдоогүй байх тул илтгэгч гишүүний “... Ерөнхий шүүгч И.Амартөгс нь тус хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч нарын шүүн таслах ажиллагаанд оролцсон, нөлөөлсөн, заавар, удирдамж, чиглэл өгсөн, урьдчилан санал хэлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй тул зөвхөн сэжиг таамагт үндэслэн түүнийг тус хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-д ... заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

6.Түүнчлэн, өргөдөлд дурдсан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь хариуцагчтай найз нөхөд, өмнө нь хариуцагчид холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлэн ажиллаж байсан, уг хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй зэрэг нөхцөл байдлуудыг дурдсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтад хамаарах албан тушаалтан биш гэж дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Нэгтгэн дүгнэвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх нар нь өргөдөлд дурдсанчлан хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй, энэ талаарх илтгэгч гишүүний санал хуульд нийцсэн, үндэслэлтэй байх тул сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2025/0105 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ж.Батмөнх нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                         Ц.ДАВХАРБАЯР

                           ГИШҮҮД                                Д.АРИУНТУЯА

                                                                           Б.СУГАР