
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-05
Дугаар 128
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0106 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ...Шалгах ажиллагааны явцад өргөдөл дурдагдсан үйл баримтыг тодруулбал, иргэний хэргийн нэхэмжлэгч, талийгаач Б.М-н эхнэр Л.О хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Миний нөхөр Б.М нь Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх иргэний хэрэгт нэхэмжлэгчээр оролцож байсан боловч зуурдаар нас барсан. Миний бие Л.О нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлттэй байгаа тул миний хүсэлтийг хүлээн авч эрх залгамжлагчаар оролцуулж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Тухайн хүсэлтийг шийдвэрлээгүй байхад уг хэрэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/***дугаар тогтоолоор шүүгч Т.Ариунболдод хуваарилагдаж, шүүгч шүүх хуралдааныг товлон зарлан, 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцжээ.
Шалгах ажиллагааны явцад тухайн өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийв. Үзлэгээр шүүх хуралдааны явцад даргалагч шүүгч Т.Ариунболд нь Л.О-д хуульд заасан эрх, үүргийг дэлгэрэнгүй тайлбарлаж өгсөн байх ба даргалагч, хэргийн оролцогчдын яриа агуулгаараа тэмдэглэлд бүрэн тусгагдсан байна.
Гэхдээ шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар албажсан захирамжийн “үндэслэх нь” хэсэг, мөн өдрийн 192/ТМ2025/*** дугаартай тэмдэглэлийн төгсгөл хэсэгтэй харьцуулан үзэхэд хоорондоо зөрүүтэй байгаа нь тогтоогдсон.
Тодруулбал, “ch1Е20250225094026_20250225103216” гэх нэртэй 33 минут 16 секунд үргэлжилсэн, 09 цаг 42 минут 36 секундээс эхэлсэн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийн 10 цаг 29 минут 04 секундээс даргалагч шүүгч захирамжийн агуулгыг танилцуулахдаа “шүүхээс захирамж гарч байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар захирамжилж байна. Юу вэ гэхээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д зааснаар Л.О-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна. Хоёр дахь заалтаараа Иргэний хуулийн 515.1, 520.1.1-д заасныг баримтлаад Л.О-н эрх залгамжлах тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байна. Үүнтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа шүү. Гурав дахь заалтаараа 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар нэхэмжлэгч талийгаач Б.М-н ...Л.О-д олгохоор шийдвэрлэе. Ингээд 170.1-ээр гомдол гаргах эрхтэй гэсэн захирамж гарч байна. Ингээд захирамжийг тайлбарлана” гэж хэлснээр бичлэг дуусаж байна.
Гэтэл шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар албажсан захирамжийн “үндэслэх нь” хэсгийн
3-т “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсгийг тусгаад,
4-т “хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шаардах эрх эсхүл үүрэг нь гэрээслэл болон хуулийн дагуу шилжсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл шаардах эрх хуулийн дагуу шилжсэн бол эрх залгамжлагчийн хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болохоор хуульчилсан байна. Гэтэл хэргийн материалд авагдсан баримтад шаардах эрх хуулийн дагуу шилжсэн эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байх тул Л.О-н гаргасан эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй” гэж,
5-д “өмгөөлөгч Б.С-н гаргасан шүүх хуралдаан давхацсан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй. Учир нь талийгаач Б.М 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр Б.С-д нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг олгосон байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байна. Дээрх тохиолдолд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т заасан “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч буюу төлөөлөгч нас барсан, ...бол итгэмжлэл дуусгавар болох” үндэслэлд хамаарах тул өмгөөлөгч Б.С-н гаргасан хүсэлтийг хангах үндэслэлгүй байна” гэж,
6-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-д зааснаар зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй байгаа бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. Нэхэмжлэгч Б.М нь 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан болох нь холбогдох баримтаар тогтоогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ” хэмээн бичигджээ.
Хэдийгээр шүүгчийн гаргасан захирамжийн удиртгал болгосон хуулийн заалтууд нь шүүх хуралдааны тэмдэглэл, дуу-дүрсний бичлэгтэй зөрүүтэй байгаа боловч талийгаач Б.М-н эхнэр, Л.О, талийгаач Б.М-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нарын хүсэлтийг хангахаас татгалзсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хэвээр бөгөөд уг шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрх хэмжээ мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар зөвхөн тухайн шатны шүүхийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд байна.
Мөн шүүгч Т.Ариунболд тус хороонд ирүүлсэн хариу тайлбарын 2 дугаарт захирамжийн үндэслэлээ тайлбарласан байх боловч үүнд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөх боломжгүй. Учир нь Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн захирамжийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, тухайн шүүгчийн захирамжийг хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээг хуулиар олгоогүй болно.
Түүнчлэн шүүх хуралдаан нийт 33 минут 16 секунд үргэлжилсэн, 09 цаг 42 минут 36 секундээс эхэлсэн дуу-дүрсний “ch1Е20250225094026_20250225103216” гэх нэртэй бичлэгийн 10 цаг 29 минут 04 секундээс даргалагч шүүгч захирамжийн агуулгыг танилцуулахдаа “...170.1-ээр гомдол гаргах эрхтэй гэсэн захирамж гарч байна. Ингээд захирамжийг тайлбарлана” гэж хэлсэн нь бичигдсэн байгаагаас үзэхэд шүүгч нь захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй болохыг Л.О-д тайлбарласан гэж үзлээ.
Хэдийгээр Л.О нь хэргийн оролцогч биш боловч тухайн шүүх хуралдаанд оролцсон, мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, …шударга шүүхээр шүүлгэх, …эрхтэй...” гэж заасан байдаг тул шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрх нь нээлттэй байсан байна.
Иймд шүүгч Т.Ариунболдын “...Тус хэрэгт Л.О хэргийн оролцогч гэж шүүхээс тогтоогоогүй, харин шүүх хуралдааны дараа шүүгчээс “иргэн Л.О танд захирамж гардуулан танилцуулах үүргийг хүлээхгүй, харин та 10 хоногт гомдлоо гаргавал шүүх хүлээн авч, Ерөнхий шүүгчид шилжүүлэх болно, гомдлыг хүлээж авах эсэхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Нэгэнт та шүүх хуралдаанд оролцсон болохоор шүүгчийн захирамжтай ирж танилцах боломжоор хангана, таныг гомдол гаргах эрхтэй эсэхийг шүүгч би шийдвэрлэхгүй” гэдгийг тодруулж хэлсэн...” гэх хариу тайлбарыг үндэслэл бүхий гэж дүгнэлээ.
Гэвч өргөдөлд дурдагдсан шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжийг шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгч, талийгаач Б.М-н эхнэр Л.О-д танилцуулах /гардуулах/ ажиллагааг шүүх явуулаагүй бөгөөд харин сүүлд 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн туслах М.Д гардуулсан үйл баримт тогтоогдож байна.
Тодруулбал, шүүгч Т.Ариунболд хариу тайлбартаа туслах М.Д-н 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шүүхийн Тамгын газарт бичсэн тайлбарыг хавсралтаар ирүүлсэн. Шүүгчийн туслахын тайлбарт “...хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийг шүүгчээс уншиж сонсгосон даруй эрх зүйн актын төслийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичиж, тухайн өдөр шүүгчээс хянагдаж ирснийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүгчээр гарын үсэг зуруулан албажуулж хэрэгт хавсаргасан, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр захирамж гарсан талаар хариуцагч талд мэдэгдсэн. Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талд гардуулах хувь гараагүй бөгөөд миний бие Шүүхийн сахилгын хорооноос гомдол ирсэн талаар мэдсэн даруй хэргийн материалд хавсаргасан шүүгчийн захирамжийн хувийг Л.О-д гэрийн хаягийн дагуу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгсөн болно.
Миний бие өөрийн буруутай үйл ажиллагаа, мөн эрүүл мэндийн байдлын улмаас эрх зүйн актыг системд хийж баталгаажуулаагүй бөгөөд мөн дээрх хэрэг болон нийт 59 хэргийг хуульд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй болно. Дээрх зөрчилтэй холбоотойгоор шүүхийн Тамгын газраас алдаа дутагдлын талаар удаа дараа мэдэгдэж, 2025 оны 5 дугаар сар, 7 дугаар сарын 29-ний өдөр, 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд сонсох ажиллагааг явуулсан” гэжээ.
Энэхүү тайлбар нь шүүхийн Тамгын газрын 2025 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын хуудас”, 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “Сонгох ажиллагааны мэдэгдэх хуудас”, “Иргэн-2014” системийн схемчилсэн бүртгэлээр нотлогдож байна.
Мөн хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Б.Энхбат 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр шүүгч Т.Ариунболдод илтгэх хуудас бичсэн байх ба уг илтгэх хуудсанд “...шүүгчийн туслах М.Д түдгэлзүүлсэн 23 хэрэг, системд чагталж хөрвүүлэлт хийгдээгүй, 31 шүүгчийн захирамж, Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг архивд хүлээлгэн өгөөгүй, шүүгчийн туслахын сейфийн доор дарагдсан байсныг олж тогтоосон” гэснээс гадна энэ нь шүүгчийн туслах М.Д-н мөн өдрийн бичгийн тайлбар, архивын бүртгэлээр тус тус тогтоогдлоо.
Дээрхээс үзэхэд шүүгчийн туслах М.Д нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2 дахь заалтад “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх”, 89.3.6 дахь заалтад “тодорхой хэрэг, маргааны талаарх мэдээллийг нэгдсэн цахим санд оруулах”, 89.3.10 дахь заалтад “хуульд заасан бусад” гэж заасан чиг үүргээ биелүүлээгүй, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 205 дугаар “”Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д нэмэлт өөрчлөлт оруулах, “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгдэх баримтын загвар”-ыг шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.2 дугаар зүйлийн 7.2.1-д “Шүүгчийн туслах шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлж, энэ тухай нэгдсэн системд хүртгэн “Шүүхийн шийдвэр /магадлал, тогтоол/-ийг гардуулсан, хүргүүлсэн тухай” Баримт №11-д нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулж, хэрэгт хавсаргана”, 7.2.2-т “Шүүгчийн туслах хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авах талаар мэдэгдсэн боловч ирээгүй бол иргэн, хуулийн этгээдэд албан бичгээр, иргэнд түүний нэхэмжлэлд бичсэн буюу шүүх хуралдаанд орохдоо мэдэгдсэн хаягаар шуудангаар хүргүүлэх, эсхүл бичиг хүргэгч 1 хоногийн дотор хүлээлгэн өгч, хүлээн авсан этгээдээр Бүртгэл №25-д нэр гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж тус тус заасныг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
Уг үйл баримттай холбоотойгоор шүүгчийн туслах М.Д-н албаны компьютерт үзлэг хийж, шүүгч, шүүгчийн туслахын сүлжээний орчинд ашигладаг дундын файл /share folder/-д үзлэг хийсэн.
Үзлэгээр шүүгчийн туслахын компьютерын дэлгэц дээр “M.*****-Shortcut” нэртэй дундын файл байх ба дотроо шүүгчийн туслах шүүгчийн захирамж, тогтоол, шийдвэрийн төслийг бичээд ил байрлуулахад шүүгч Т.Ариунболд хянасан талаар хэлж, хянасан төслийг хамаарах фолдерууд руу зөөдөг байна.
Тухайн дундын файл дотор “117 хэрэгсэхгүй” гэсэн фолдер байх ба дотор нь “Хурлаар хэрэгсэхгүй” гэх нэртэй фолдер байх бөгөөд уг “Хурлаар хэрэгсэхгүй” гэх нэртэй фолдерт нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захирамж байршуулагджээ. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захирамжийн “Data modified” буюу “өгөгдөл өөрчлөгдсөн” баганад хадгалагдсан огноог харахад хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 18 минутад засвар бичвэрийн засвар хийгдэн хадгалагдсан байна.
Уг үзлэгтэй холбоотой албан хэрэгцээнд ашигладаг “оutput” программ /байгууллагын дотоод сүлжээ/-д үзлэг хийсэн ба шүүгч Т.Ариунболд, шүүгчийн туслах М.Д нарын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн харилцсан түүхийг үзэхэд шүүгч Т.Ариунболд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс гарсан шийдвэрийг бичин хэлж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “гаргасан эсэх”-ийн тодруулан бичихэд туслахаас “гаргасан” гэх хариу өгсөн байх тул шүүгч Т.Ариунболд, шүүгчийн туслах М.Д нарын “шүүгчийн захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албажуулан гарын үсэг зурсан” гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэлээ. /с.х-ийн 10-16, 70 тал/
Иймд иргэн Л.О-н өргөдөл үндэслэлтэй байх боловч шүүхээс шүүгчийн захирамжийг танилцуулаагүй, гардуулаагүй нь шууд шүүгчийн туслахын буруутай ажиллагаа байсан болох нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон тул шүүгч Т.Ариунболдыг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Т.Ариунболд Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“ ... 1. Шүүгч би Б.М-н нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр шүүгчдийн зөвлөгөөний 05 дугаар тогтоолоор өөр шүүгчийн шилжүүлсэн хэргийг хүлээн авсан.
Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн *** дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан.
Уг хэргийн хэлэлцүүлэх захирамж 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гарч, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр товлосон. Шүүх хуралдаан болж шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан бөгөөд шүүх хуралдаан болж, шүүх хуралдаанаар зохигчдын хүсэлтээр нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан. Шүүхээс удаа дараа нотлох баримтыг шаардаж, 2024 оны 3 дугаар сарын 23-ны өдөр баримтууд ирсэн бөгөөд хэрэг танилцуулсан баримтад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С гарын үсэг зурж, танилцжээ.
Үүнээс хойш шүүхээс ямар нэгэн ажиллагаа явуулаагүй байсан бөгөөд нэхэмжлэгч Б.М 2024 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр нас барсан бөгөөд эхнэр Л.О нь нэхэмжлэгч Б.М-н эрх залгамжлагчаар томилогдох хүсэлтийг түүний нас барсны гэрчилгээ, холбогдох нотлох баримтын хамт 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан байна.
Шүүхээс Л.О-н хүсэлтийг шийдвэрлээгүй хэргийг шүүгч надад 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хуваарилж ирүүлсэн. Тухайн үед шүүгчид бусад шүүгчээс хуваарилсан хэрэг, өмнө хэргийн үлдэгдэл хэрэг, нэхэмжлэлээр Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч нарын ачаалал тэнцвэржүүлэхээр нэг шүүгчид 201 нэхэмжлэл шууд авахаар зөвлөгөөнөөр тогтсонтой холбоотойгоор 2025 оны 01 дүгээр сард гар дээр 200 гаруй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хянагдаж байсан. Шүүгчээс хэргийг бүрэн дүүрэн, шуурхай шийдвэрлэхийн тулд 7 хоногт 30-40 хэргийн шүүх хуралдаан зарлаж ачаалалтай ажилласан ба одоо ч 157 хэрэгтэй 7 хоногт 20-25 хэргийн шүүх хуралдаан зарлаж ачаалал буурахгүй ажиллаж байна.
2. Б.М-н нэхэмжлэлтэй, Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох иргэний хэргийг аль болох цаг алдалгүй шийдвэрлэхээр мөн энэ хэргийн оролцогч биш Л.О-н эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтийг шүүх хуралдаан зарлаж, хуралдаанаар тодруулах замаар хурлыг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр товлон, зарлаж, оролцогчид товыг мэдэгдсэн.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С “шүүх хуралдаан хойшлуулах тухай” хүсэлт гаргасан бөгөөд Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.2.3-т зааснаар төлөөлүүлэгч нас барсан үндэслэлээр итгэмжлэл дуусгавар болсон гэж үзэж, энэ хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэл дуусгавар болсон, түүнийг хэргийн оролцогч гэж үзэх үндэслэлгүй тул түүний хүсэлтийг хангахаас татгалзсан.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэгт Л.О-н эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгч нас барсан тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Эрх залгамжлагчийг томилоогүй учир нь уг хэргийн нэхэмжлэл нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан буюу анх нэхэмжлэгч 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа “Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулж, Б.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын хууль зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн авахыг даалгаж өгнө үү” гэж гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С нь 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн байна.
Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоох нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлага, нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагыг хангаснаас үүдэлтэй ажилгүй байсан хугацааны цалин нөхөн гаргуулах, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх төлүүлж, холбогдох бичилт хийлгэх нь 2 дугаар шаардлага юм. Нэхэмжлэгч нас барснаар нэхэмжлэлийн 1 дүгээр шаардлагатай холбоотой асуудлыг шүүх шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн тул нэхэмжлэлийн 2 дугаар шаардлагатай холбоотой иргэн Л.О эрх залгамжлагчаар тогтоолгох хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх үзэж, хангахаас татгалзсан ба түүнийг хэргийн оролцогчоор тогтоогоогүй гэж ойлгоно.
3. Шүүхээс шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжийг гаргасан ба хэргийн оролцогч гомдол гаргах эрхтэй гарсан.
Захирамжийг шүүгчийн туслахаас сүлжээний орчинд ашигладаг дундын файл /share folder/-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүгчээр хянуулж, захирамжийг гаргах үүргийг өгч, тухайн 7 хоногтоо буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Зохигч болох хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр захирамж гарсан талаар танилцуулсан.
Хэргийн оролцогчид шүүхээс нэхэмжлэл гаргасан болон нэхэмжлэл гардуулахад эрх, үүргийг танилцуулсан ба шүүх хуралдаанаар эрх, үүргийг нь танилцуулсан. Энэ нь хэргийн оролцогч буюу зохигчид шүүхээс гарах шийдвэр, захирамжийг өөрсдөө ирж гардан авах үүрэгтэй, шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхтэй гэдгийг танилцуулж байгаа юм. Тус хэрэгт Л.О хэргийн оролцогч гэж шүүхээс тогтоогоогүй, харин шүүх хуралдааны дараа шүүгчээс “иргэн Л.О танд захирамж гардуулан танилцуулах үүргийг хүлээхгүй, харин та 10 хоногт гомдлоо гаргасныг шүүх хүлээн авч, Ерөнхий шүүгчид шилжүүлэх болно, гомдлыг хүлээж авах эсэхийг Ерөнхий шүүгч шийдвэрлэнэ. Нэгэнт та шүүх хуралдаанд оролцсон болохоор шүүгчийн захирамжтай ирж танилцах боломжоор хангана, таныг гомдол гаргах эрхтэй эсэхийг шүүгч би шийдвэрлэхгүй” гэдгийг тодруулж хэлсэн.
Шүүгчийн захирамж хуулийн хугацаанд гарсан бөгөөд шүүгчийн туслахаас уг захирамжаас гадна олон хэргийн шийдвэр, захирамжийг “Иргэн-2014” системд баталгаажуулж, чагтлаагүй зөрчил илэрсэн ба уг зөрчилтэй холбоотой сонсох ажиллагааг шүүхийн Тамгын газраас явуулж байгаа талаар хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн даргаас 2025 оны 7 дугаар сар, 10 дугаар сард шүүгч надад танилцуулсан. Харин уг захирамжийн шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “Иргэн-2014” системд байршуулж, чагталсан, шүүгчээр гарын үсэг зуруулж, хэрэгт үдсэн байдаг.
4. Иргэн Л.О шүүгчид холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасантай холбоотойгоор шүүгчийн туслахаас 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Л.О-д шүүгчийн захирамжийг танилцуулсан байх ба энэ талаар “Шүүгчийн захирамж танилцуулсан баримт”-д тэмдэглэгээ хийсэн байна. Мөн шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээс хойш шүүгчийн туслах шүүгчийн зөвшөөрөлгүй Л.О-д шүүгчийн захирамжийн хувийг гардуулсан зөрчил гаргасан байсан. Нэгэнт Л.О шүүгчийн захирамжийг гардан авсан бол тус шүүхийн Ерөнхий шүүгчид гардуулсан өдрөөс хойш 10 хоногийн хугацаанд гомдол гаргах боломжтой бөгөөд энэ гомдол гаргах эрхийг шүүхээс хаасан, хязгаарласан зүйл байхгүй, тухайн гомдол гаргасныг хүлээж авах эсэх нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийн асуудал юм. Харин иргэн Л.О шүүгчийн туслахтай захирамж гарсан асуудлаар ярьсан эсэхийг шүүгч би мэдэхгүй бөгөөд шүүхээс эрх залгамжлагчаар томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжийг хуульд заасан хугацааны дотор албажуулж, шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхтэй талаар дурдсан. Зохигчид шүүгчийн захирамжийг өөрөө ирж гардан авах үүрэгтэй.
Иймд Л.О-с “захирамжийг хуульд заасан хугацаанд гаргаагүй, түүнийг гомдол гаргах эрхээр хангаагүй, захирамжтай танилцах боломжоор хангаагүй” гэх үйлдлийг шүүгчээс гаргаагүй бөгөөд шүүгчийн захирамж хуульд заасан хугацаанд албажсан, хэрэгт шүүгчийн захирамж 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс хойш байсан тул өргөдлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Л.О-с Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдуулан гаргасан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ГЗҮ/2025/0109 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Тодруулбал, өргөдөл гаргагчаас “...шүүх хуралдааны захирамж гарснаас хойш 6 сар гаруй хугацаа өнгөрсөн боловч одоог хүртэл шүүхийн захирамж гараагүй” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.
Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдуулан Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 02 дугаартай хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулж, Б.М-г тус газрын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эргүүлэн авахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хуучнаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдөр гаргажээ.
Уг хэрэг нь анх шүүгч Г.С-д хуваарилагдаж, шүүгчийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2023/*** дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчдийн 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 183/ЗТ2023/*** дугаар тогтоолоор шүүгч Г.С-д чөлөө өгсөн тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 269 хэргийг бусад шүүгч нарт сугалааны дарааллаар хуваарилуулахаар шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 183/ЗТ2025/*** дүгээр тогтоол гарчээ.
Шүүгчдийн зөвлөгөөний дээрх 183/ЗТ2025/*** дүгээр тогтоолын дагуу өргөдөлд дурдагдсан иргэний хэрэг нь шүүгч Д.Э-т хуваарилагдаж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, Б.М-г Иргэний нисэхийн ерөнхий газрын Хууль эрх зүй, дүрмийн боловсруулалтын газрын ахлах мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, холбогдох бичилт хийлгэх тухай” болгон өөрчилсөн ба нэхэмжлэлийн хувийг 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хариуцагч талд гардуулсан байна.
Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Г.С ажилдаа эргэн орох болсонтой холбогдуулан шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 183/ЗТ2023/*** дугаар тогтоолоор хэрэг буцаад шүүгч Г.С-д хуваарилагдсан боловч шүүгч дахин 1 сарын чөлөө хүссэн тул шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 183/ЗТ2023/*** дугаар тогтоолоор хэрэг шүүгч Ц.О-т хуваарилагджээ. Улмаар шүүгч Г.С-н чөлөөний хугацаа дууссанаар 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2023/*** дугаар тогтоолоор хэрэг дахин шүүгч Г.С-д хуваарилагдаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Шүүх байгуулах тухай хуулиар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх шинээр байгуулагдсанаас гадна, шүүгч Г.С-н сэлгэн ажиллах хугацаа дууссан гэх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/***дугаар тогтоолоор Б.М-н нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүгч Т.Ариунболдод хуваарилагджээ.
Нэхэмжлэгч Б.М зуурдаар нас барсан тул түүний эхнэр Л.О “нэхэмжлэгчийн эрх залгамжлагчаар оролцох тухай” хүсэлтийг, холбогдох баримтуудын хамт хэрэг шүүгч Т.Ариунболдод хуваарилагдахаас өмнө буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүгч Т.Ариунболд шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 30 минутад товлон зарлаж, улмаар уг өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Тус шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжийг 7 сар 3 хоногийн дараа буюу 2025 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Л.О-д гардуулсан үйл баримт тогтоогджээ.
Холбогдох шүүгч тайлбартаа: “...Захирамжийг шүүгчийн туслахаас сүлжээний орчинд ашигладаг дундын файл /share folder/-аас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүгчээр хянуулж, захирамжийг гаргах үүргийг өгч, тухайн 7 хоногтоо буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан. Зохигч болох хариуцагчийн төлөөлөгчид 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр захирамж гарсан талаар танилцуулсан” гэжээ.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад шүүгч Т.Ариунболдын туслах М.Д-н албаны компьютерт шүүгч, шүүгчийн туслахын сүлжээний орчинд ашигладаг дундын файл /share folder/-д үзлэг хийсэн байх бөгөөд үзлэгээр:
“ ... дундын файл дотор “117 хэрэгсэхгүй” гэсэн фолдер байх ба дотор нь “Хурлаар хэрэгсэхгүй” гэх нэртэй фолдер байх бөгөөд уг “Хурлаар хэрэгсэхгүй” гэх нэртэй фолдерт нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлтэй, хариуцагч Иргэний нисэхийн ерөнхий газарт холбогдох өргөдөлд дурдагдсан иргэний хэргийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захирамж байршуулагджээ. Шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн захирамжийн “Data modified” буюу “өгөгдөл өөрчлөгдсөн” баганад хадгалагдсан огноог харахад хамгийн сүүлд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 18 цаг 18 минутад засвар бичвэрийн засвар хийгдэн хадгалагдсан байна. Уг үзлэгтэй холбоотой албан хэрэгцээнд ашигладаг “оutput” программ /байгууллагын дотоод сүлжээ/-д үзлэг хийсэн ба шүүгч Т.Ариунболд, шүүгчийн туслах М.Д нарын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн харилцсан түүхийг үзэхэд шүүгч Т.Ариунболд 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс гарсан шийдвэрийг бичин хэлж, 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “гаргасан эсэх”-ийн тодруулан бичихэд туслахаас “гаргасан” гэх хариу өгсөн” гэх нөхцөл байдал тогтоогдсон байна.
Түүнчлэн шүүгчийн туслах М.Д-н шүүхийн Тамгын газарт гаргасан: “...хэргийг шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн шүүгчийн захирамжийг шүүгчээс уншиж сонсгосон даруй эрх зүйн актын төслийг 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр бичиж, тухайн өдөр шүүгчээс хянагдаж ирснийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүгчээр гарын үсэг зуруулан албажуулж хэрэгт хавсаргасан, 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр захирамж гарсан талаар хариуцагч талд мэдэгдсэн. Шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч талд гардуулах хувь гараагүй бөгөөд миний бие Шүүхийн сахилгын хорооноос гомдол ирсэн талаар мэдсэн даруй хэргийн материалд хавсаргасан шүүгчийн захирамжийн хувийг Л.О-д гэрийн хаягийн дагуу 2025 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр гардуулан өгсөн болно” гэх тайлбар зэргээс үзэхэд шүүгч Т.Ариунболд нь 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжийг хуульд заасан хугацаанд буюу 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албажуулан гарын үсэг зурж баталгаажуулан, оролцогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасан байна.
Гэтэл шүүгчийн туслах М.Д нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 52 дугаар тогтоолоор батлагдсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 7.2.1, 7.2.2-д тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн болон бусад оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулах буюу хүргүүлэх зэрэг албан үүргээ хэрэгжүүлээгүй, ажлын зохион байгуулалтгүй байдлын улмаас шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/*** дугаар захирамжийг Л.О-д 2025 оны 09 сарын 28-ны өдөр гардуулжээ.
Хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүхээс шүүгчийн захирамжийг зөвхөн хэргийн оролцогчид гардуулах үүрэгтэй боловч хэргийн нөхцөл байдал, маргааны төрлөөс хамааран шүүх хуралдаанд оролцсон Л.О-д шүүгчийн захирамжийг гардуулах, улмаар мөн хуулийн 170 дугаар зүйлд заасан журмаар гомдол гаргах эрхтэй болохыг шүүгч тайлбарласан болох нь шалгах ажиллагааны явцад тогтоогджээ.
Иймд шүүгчийн туслахын шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй. Харин холбогдох шүүгч нь цаашид шүүгчийн туслахын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллавал зохино.
Дээрх үндэслэлээр, илтгэгч гишүүнээс гаргасан “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй” гэх үндэслэлээр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0106 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Г.ЦАГААНЦООЖ