info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-11-11

Дугаар 130

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2025/0104 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч Б.Батаа нь 10 холбогдогчтой, зөрчлийн 11 хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан үйл баримт тогтоогдсон тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасан хориглосон зохицуулалтыг зөрчсөн байж болзошгүй гэж үзэн ажиллагаа явууллаа.

Шалгах ажиллагааны явцад шүүгч Б.Батаа нь 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр 09 цаг 30 минутад зөрчлийн 1 хэрэг,

10 цаг 00 минутад зөрчлийн 12 хэрэг,

11 цаг 00 минутад зөрчлийн 6 хэрэг,

12 цаг 00 минутад зөрчлийн 4 хэрэг,

13 цаг 30 минутад зөрчлийн 5 хэрэг нийт зөрчлийн 28 хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдаануудын товыг зарласан байна.

Дээрх зөрчлийн хэргүүдийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд холбогдогч О.С, Ө.Д, Г.Ч, Б.Д, Б.Т, Э.Т, О.Б, О.С, Б.Д нарт холбогдох зөрчлийн 10 хэрэг болон шүүгчийн нэмэлт тайлбартаа дурдсанаар холбогдогч Х.С-т холбогдох зөрчлийн 1 хэрэг, нийт зөрчлийн 11 хэргийн шүүх хуралдааныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн цахим платформыг ашиглан явуулж болох бөгөөд хэргийн баримт бичиг, материал нь шүүхийн цахим платформын шаардлагад нийцсэн байна”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Хэргийн оролцогчтой цахимаар харилцахад төрийн байгууллага, ...холбогдсон цахим шуудан болон тухайн этгээдийг таньж, баталгаажуулах боломжтой бусад цахим системийг ашиглана” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрх бүхий албан тушаалтныг хамтад нь оролцуулж, цахим платформ ашиглан явуулжээ.

Тухайн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлсэн бөгөөд бичлэгээр доорх үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1515 дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн, саарал өнгийн суурь дээр саарал өнгөөр “aigo DVD+R DL 8.5GB 240 min/1-8X” гэх бичигтэй сидиг ирүүлсэн бөгөөд нээж үзэхэд “New Recording 215”, “video1045515315(1)” гэх нэрүүдтэй бичлэгүүд байв.

“New Recording 215” нэртэй 03 минут 11 секунд үргэлжилсэн бичлэг нь дүрс байхгүй, шүүх хуралдааны дууны бичлэг бол, “video1045515315(1)” гэх нэртэй 04 минут 01 секунд үргэлжилсэн бичлэг нь цахимаар оролцож буй зөрчлийн хэргийн холбогдогч нар, эрх бүхий албан тушаалтныг харуулсан дүрслэлтэй, шүүгчийг харуулсан дүрс байхгүй байж байгаад бичлэгийн 03 минут 34 секундээс шүүгчийн дүрс орж ирж байх ба шүүх хуралдааны дууны бичлэг нь зарим хэсэгт гацаж, яриа тодорхой сонсогдохгүй тасалдаж байсан.

Мөн дээрх “New Recording 215” нэртэй, “video1045515315(1)” гэх нэртэй бичлэгүүдийн ярианы агуулга ижил байсан болно.

Харин “video1045515315(1)” нэртэй бичлэгийн ярианы зарим хэсэгт гацаж, яриа тодорхой сонсогдохгүй тасалдаж байсан бичлэгт:

  • даргалагч “шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн даргаас танилцуулъя” гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга “шүүх хуралдаанд прокурор Д.А ирсэн байна. Эрх бүхий албан тушаалтан Б.А, Б.Ө, холбогдогч О.С, Ө.Д, Г.Ч, Б.Д, Б.Т, Э.Т, О.Б, О.С, Б.Д нар цахимаар оролцож байна, өөр дуудагдсан хүн байхгүй” гэж хэлж байгаагаар шүүх хуралдаан эхэлж байх ба даргалагч “ирцтэй холбоотой санал хүсэлт байна уу” гэж асуухад тус бүр байхгүй гэв.
  • 00 минут 41 секундээс даргалагч “холбогдогч нараас асууя. Та бүхэнд ирцтэй холбоотой шүүхэд гаргах санал, хүсэлт байна уу? Өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдааныг явуулахад татгалзах зүйл байна уу? Өмгөөлөгч авах хүсэлтэй хүн байвал гараа өргөе” гэхэд дэлгэцэд бичигдсэн хүмүүсээс гар өргөөгүй тул даргалагч “байхгүй гэж ойлголоо” гээд
  • 01 минут 03 секундээс даргалагч “дараагийн асуудал нь та нарт холбогдох зөрчлийн хэргийг нэг шүүх хуралдаанаар нэг мөр  хэлэлцэхэд татгалзах зүйл байна уу? ...гараа өргөе. Би ганцаараа шүүх хуралдаанаа хийлгэмээр байна, хэргээ шийдвэрлүүлмээр байна, ганцаараа шүүх хуралдаа ормоор байвал... тийм зүйл байхгүй бол хэргийг хамтад нь хэлэлцээд нэг мөр яриад явна гэсэн үг” гэхэд дэлгэцэд харагдаж буй  хүмүүсээс гар өргөөгүй тул даргалагч “байхгүй гэж ойлголоо, зөв үү. Тусдаа хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн” гэх үед дэлгэцэд бичигдсэн хүмүүс гар өргөхөд даргалагч “зөвшөөрч байгаа нь гараа өргөсөн гэж ойлголоо“ гэв.
  • 01 минут 51 секундээс даргалагч “тэгэхээр дарааллын хувьд яаж явах вэ гэхээр та нарын холбогдсон хэргийг хүн тус бүрээр нь прокурор дүгнэлт, шийтгэлийн саналтайгаа хамт хэлнэ. Дараа нь хүн тус бүр прокурорын танилцуулсан дарааллаар тус бүрдээ шүүхэд хандаж санал, хүсэлт гаргаж болно. Эсхүл хэргийн талаар мэдүүлэг өгч болно. Шийтгэлтэй холбоотой ямар нэгэн зөвшөөрөхгүй, эсхүл юу гэдэг юм тодорхой санал, хүсэлт байвал хэлж болно. Эрх, үүргийг нь танилцуулсан уу, эрх бүхий албан тушаалтан” гэхэд цагдаа “танилцуулсан” гэв. Даргалагч “эрх, үүргээс ойлгомжгүй, шүүгчээс асуух, тайлбарлуулах зүйл байна уу? гэхэд хамгийн урд байгаа эрэгтэй хүн “байхгүй” гэж хариулахад даргалагч “байхгүй гэж ойлголоо” гэж хэлж байна.
  • 02 минут 46 секундээс даргалагч “прокурор санал, дүгнэлтээ танилцуулчих” гэхэд хяналтын прокурор “хурлын дараалалд санал байна. Эрх бүхий албан тушаалтны саналыг сонсож байж яахгүй бол би энэ хэргүүдтэй танилцаагүй. Би хөндлөнгийн байр сууриас ...шүүх хуралд оролцдог учраас шууд би эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг тайлбарыг сонсоогүй байж шийтгэлийн саналаа үндэслэлээ” гэхэд шүүгч нэг зүйл хэлэхэд хяналтын прокурор “үгүй...” гэж хариулав. /хяналтын прокурор, даргалагч нарын ярианы зарим хэсэг тодорхой сонсогдсонгүй/
  • 03 минут 16 секундээс даргалагч “эрх бүхий албан тушаалтнаас прокурор  хэргийн материалтай танилцаагүй гэж байна. Танилцуулаагүй юм уу? Үзүүлж харуулсан зүйл байхгүй юм уу тээ?” гэхэд хяналтын прокурор хариулж байх боловч бичлэг гацаж байгаагаас яриа нь ойлгомжгүй байсан болно.
  • 03 минут 34 секундээс даргалагчийн дүрс бичлэгт орж ирэн, тэрээр “шүүх  хуралдааныг хойшлууллаа. Хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр прокурор хэргийн материалтай танилцах ёстой. Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хяналтаа хэрэгжүүлсний дараа шүүх хуралдаан явагдана. Тийм учраас хэргийг бүгдийг нь албан тоотоор прокурор луу шилжүүлнэ” гэж  хэлээд шүүх хуралдааныг хааж, шүүгч босож байгаагаар бичлэг дуусаж байна.

“New Recording 215” нэртэй бичлэгт:

  • Шүүх хуралдаан даргалагч “хэргийг нэг шүүх хуралдаанаар нэг мөр хэлэлцэхэд татгалзах зүйл байна уу? Гараа өргөе. Би ганцаараа шүүх хуралдаанаа хийлгэмээр байна, хэргээ шийдвэрлүүлмээр байна, ганцаараа шүүх хуралдаа ормоор байна гэвэл одоо санаа гаргая. Тийм зүйл байхгүй бол ингээд хамтад нь хэлэлцээд  нэг мөр яриад явна гэсэн үг” гээд хэсэг хугацааны дараа “байхгүй гэж ойлголоо, зөв үү? Гар өргөөгүй, тусдаа хэлэлцүүлэх шаардлагагүй гэж үзсэн” гээд хэсэг хугацааны дараа “зөвшөөрч байгаа нь гар өргөсөн гэсэн гэж ойлголоо ш дээ” гэв.
  • 00 минут 44 секундээс даргалагч “тэгэхээр дарааллын хувьд яаж явах вэ гэхээр та нарын холбогдсон хэргийг хүн тус бүрээр нь прокурор дүгнэлттэйгээ хамт, шийтгэлийн саналтайгаар хамт танилцуулна. Дараа нь хүн тус бүр прокурорын танилцуулсан дарааллаар тус бүрдээ шүүхэд хандаж санал, хүсэлт гаргаж болно. Эсхүл хэргийн талаар мэдүүлэг өгч болно. Шийтгэлтэй холбоотой ямар нэгэн зөвшөөрөхгүй, эсхүл юу гэдэг юм тодорхой санал хүсэлт байвал хэлж болно. Эрх, үүргийг нь танилцуулсан уу, эрх бүхий албан тушаалтан” гэхэд эрэгтэй хүн “танилцуулсан” гэв. Даргалагч “эрх, үүргээс ойлгомжгүй, шүүгчээс асуух, тайлбарлуулах зүйл байна уу? гэхэд эрэгтэй нэг хүн “байхгүй” гэж хариулж байна.
  • 01 минут 40 секундээс даргалагч “прокурор санал, дүгнэлтээ танилцуулчих” гэхэд хяналтын прокурор “шүүгч ээ, би хурлын дараалалд санал байна. Эрх бүхий албан тушаалтны саналыг сонсож байж яахгүй бол би энэ бүх хэрэгтэйгээ танилцаагүй. Би хөндлөнгийн байр сууриас, оролцогчийн байр сууриас зөрчлийн хэрэгт оролцдог учраас шууд би эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг тайлбарыг сонсоогүй байж шийтгэлийн саналаа, үндэслэлээ” гэхэд даргалагч “энэ хүмүүсийн хэргийг та үзээгүй юм уу? гэхэд хяналтын прокурор “үгүй, үзээгүй” гэж хариулав.
  • 02 минут 10 секундээс даргалагч “эрх бүхий албан тушаалтан, прокурор хэргийн материалтай танилцаагүй гэж байна. Танилцуулаагүй юм уу? Үзүүлж харуулсан юм байхгүй юм уу тээ” гэхэд хяналтын прокурор “прокурор эрүүгийн хэрэг шиг зөрчлийн хэрэгтэй танилцдаггүй” гэж хариулж байна.
  • 02 минут 26 секундээс даргалагч “шүүх  хуралдааныг хойшлууллаа. Хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр прокурор хэргийн материалтай танилцах ёстой. Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хяналтаа хэрэгжүүлсний дараа шүүх хуралдаан явагдана. Тийм учраас хэргийг бүгдийг нь албан тоотоор прокурор луу шилжүүлнэ” гэж  хэлээд шүүх хуралдааныг хааж алх цохив.
  • 02 минут 55 секундэд хяналтын прокурор “шүүгч ээ, хэргийг прокурор луу шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй ш дээ” гэхэд шүүгч “...явуулчихна өө” гэж хэлсний дараа хаалга хаагдах чимээ дуугарч байна. /шүүгчийн хэлсэн үгийн эхэн хэсэг ойлгогдохгүй, бүдэг бичигдсэн байна/

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”,

8.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт,

 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оролцогчийн гомдлоор анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ”,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж тус тус заасан, харин уг хуульд шүүх хуралдааны дараалал хэрхэн явагдах талаар нарийвчлан заагаагүй гэх шүүгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Дээрхээс үзэхэд шүүгч Б.Батаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин тавдугаар бүлэгт заасан шүүх хуралдааны дарааллаар шүүх хуралдааныг явуулж, мөн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэж, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулсан гэж үзнэ.

Мөн холбогдох шүүгч нь нэмэлт тайлбарын хавсралтаар дээрх зөрчлийн хэргүүдийг хэлэлцсэн дараагийн шүүх хуралдаануудын тэмдэглэлийг хавсралтаар ирүүлсэн. Тухайн бүх шүүх хуралдаануудын тэмдэглэлүүдэд даргалагч шүүх хуралдааныг нээж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирцийг илтгэн, даргалагчаас ирцтэй холбоотой санал байгаа эсэх, холбогдогчийг өмгөөлөгчтэй оролцох эсэх, шүүх хуралдааны дэг, дэгийг зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаар танилцуулж, холбогдогчийн биеийн байцаалттай танилцжээ. Дараа нь шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдаанд оролцогчдыг танилцуулаад тэдгээрийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуун, зөрчилд холбогдогчид эрх, үүргийг танилцуулж ойлгосон эсэхийг тодруулсан ба холбогдогч О.С, Ө.Д, Г.Ч, Б.Д, Б.Т, Э.Т, О.С, Х.С нарт холбогдох зөрчлийн хэргүүдийн шүүх хуралдаанд хяналтын прокурор Ю.Б, холбогдогч О.Б, Б.Д нарт холбогдох зөрчлийн хэргийн шүүх хуралдаанд хяналтын прокурор П.Б нар цахимаар болон биечлэн оролцсон байна.

Холбогдогч нарт эрх, үүргийг нь тайлбарласны дараа:

  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12181, 12182 дугаартай тэмдэглэлүүдэд холбогдогч О.С-т холбогдох зөрчлийн 250600..., 250600... дугаартай хэргүүдийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэхийг тодруулж, дараа нь хяналтын прокурорын дүгнэлтийг сонсон, энэ талаар холбогдогчоос тайлбар байгаа эсэхийг тодруулсан байна.
  • Шүүх хуралдааны 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 15112 дугаартай тэмдэглэлд холбогдогч Ө.Д-д холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэхийг тодруулж, хяналтын прокурорын дүгнэлтийг сонсон, энэ талаар холбогдогчоос тайлбар байгаа эсэхийг тодруулжээ.
  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12194 дугаартай тэмдэглэлд холбогдогч Г.Ч-т холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэхийг тодруулж, прокурор холбогдогчоос тодруулах зүйл байгаа эсэхийг асуугаад, хяналтын прокурорын дүгнэлтийг сонсон, энэ талаар холбогдогчоос тайлбар байгаа эсэхийг тодруулахад холбогдогч тайлбар хэлж, даргалагч тодруулга асуулт асууж хариулт авсан байна.
  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12186 дугаартай тэмдэглэлд холбогдогч Б.Д-д холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэрэг болон 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12189 дугаартай тэмдэглэлд холбогдогч Б.Т-т холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргүүдийг хэлэлцэхдээ хяналтын прокурорын дүгнэлтийг сонсож, зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэх, хяналтын прокурорын саналтай холбоотой тайлбар байгаа эсэхийг тус тус асуун, тодруулга асуулт асууж хариулт авч, прокурор холбогдогчоос тодруулах зүйл байгаа эсэхийг асуужээ.
  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12192 дугаартай тэмдэглэлд холбогдогч Э.Т-т холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ хяналтын прокурорын дүгнэлтийг сонсож, зөрчилд холбогдогч зөрчлийн талаар ярин, хяналтын прокурорын саналтай холбоотой тайлбар хэлсэн байх ба даргалагчаас тодруулга асуулт асууж хариулт авсны дараа прокурор холбогдогчоос тодруулах зүйл байгаа эсэхийг асуусан.
  • Шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12654 дугаартай тэмдэглэлд холбогдогч О.Б-д холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэхийг тодруулж, прокурор холбогдогчоос тодруулах зүйл байгаа эсэхийг асууснаар хяналтын прокурор тодруулга асуултыг холбогдогчоос асууж, дараа нь хяналтын прокурор дүгнэлтээ хэлж, холбогдогчоос тайлбар байгаа эсэхийг тодруулжээ.
  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 1083 дугаартай тэмдэглэлд холбогдогч О.С-т холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогч зөрчлийнхөө талаар ярьж, прокурор холбогдогчоос тодруулга асуултыг холбогдогчоос асуусны дараа хяналтын прокурор дүгнэлтийг сонссон байна. Дүгнэлтийн дараа холбогдогчийн өмгөөлөгч дүгнэлтээ хэлж, улмаар хяналтын прокурор, өмгөөлөгч нар нэмэлт тайлбар хэлжээ. Холбогдогч нь сүүлд нь тайлбар хэлсэн байна.
  • Шүүх хуралдааны 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 12655 дугаартай тэмдэглэлд холбогдогч Б.Д-д холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ зөрчилд холбогдогчоос зөрчлийнхөө талаар ярьж, прокурор холбогдогчоос тодруулга асуултыг холбогдогчоос асуусны дараа хяналтын прокурор дүгнэлтээ, холбогдогч тайлбар тус тус хэлжээ.
  • Шүүх хуралдааны 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 12190 дугаартай тэмдэглэлд холбогдогч Х.С-т холбогдох зөрчлийн 250600... дугаартай хэргийг хэлэлцэхдээ хяналтын прокурорын дүгнэлтийг сонсон, зөрчилд холбогдогчоос зөрчлийн талаар ярих эсэх, прокурорын саналтай холбоотой тайлбар байгаа эсэхийг тодруулж, сүүлд нь прокуророос холбогдогчоос тодруулга байгаа эсэхийг асуусан.

          Дээрх шүүх хуралдаануудын тэмдэглэлээс дүгнэвэл даргалагч нь шүүх хуралдаануудыг ижил дарааллаар явуулсан байх бөгөөд хяналтын прокурорын  дүгнэлтийг сонссоны дараа зөрчилд холбогдогчоос тодруулах, тайлбар хэлэх дарааллаар явагдсан байна.

Мэдээлэл гаргагч нь “...ямар үндэслэлээр шүүх хуралдааныг яагаад хойшлуулсан нь тодорхойгүй, шүүх хуралдааны дараалал зөрчиж шүүх хуралдаанаа явуулах гэж байгаа байдал нь хууль зөрчсөн,...” гэж мэдээлэлдээ дурдсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад "зөрчил шалган шийдвэрлэх" гэж зөрчлийн хэрэг бүртгэлт, түүнд тавих прокурорын хяналт, зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааг” хэлнэ гэж хуулийн нэр томьёог тодорхойлсон.

Мөн Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтооход оршино”, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх,  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулийн зөв хэрэглэж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх, эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих” гэж хуульчилжээ.

Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.3 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр бол, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1 дэх заалтад зааснаар зөрчил шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцох юм.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ГЗБ/2025/0... дүгээр захирамжаар Монгол Улсын Ерөнхий прокурорын болон Нийслэлийн ... дүүргийн прокурорын газруудаас хяналтын прокурор Д.А-д холбогдуулан шалгах ажиллагаа явуулсан эсэх талаар тодруулахад:

  • Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2025  оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 04/4569 дүгээр албан бичгээр “...хяналтын прокурор Д.А-д холбогдуулж шалгалтын ажиллагаа явуулаагүй...” гэх,
  • Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/6682 дугаар албан бичгээр “...хяналтын прокурор Д.А-д холбогдуулан тус прокурорын газраас албаны шалгалт явуулсан тохиолдол байхгүй бөгөөд шүүх хуралдаантай холбоотой хяналтын прокуророос гаргаж өгсөн тайлбарыг хуулбарлан хүргүүлж байна” гэх хариуг тус тус ирүүлсэн.
  • Дээрх албан бичгийн хавсралтаар ирсэн хяналтын прокурор Д.А нь Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.С-т гаргасан тайлбартаа “...шүүгч Б.Батаа нь ...хурлын дараалал танилцуулсан. Миний зүгээс хурлын дараалалд санал байгаа талаар хэлж танилцуулахад шүүгч уцаарлан бухимдалтай байгаагаа биеийн хэлэмжээр илэрхийлэн “шүүх хуралдааныг хойшлуулсан” гэж хэлээд, ....хурлыг орхин гарч явах гэхээр нь шүүгчээс шүүх хурлыг ямар үндэслэлээр хойшлуулж байгаа талаар тодруулахад “захирамжаа хар” гэж хэлээд шууд хурлын танхимыг орхиж гарч явсан. Миний бие шүүх хурлын танхимд шүүгчийг гарч явснаас хойш ойролцоогоор 10 орчим минут шүүгчийг эргэж орж ирэхийг хүлээж суусны дараа шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас шүүх хуралдаан дахин үргэлжлэх эсэх талаар тодруулан асуухад “за би шүүгчээс тодруулан асуугаад ирье” гэж хэлж гарч яваад хэсэг хугацааны дараа эргэж орж ирэхдээ “...шүүгчийн дарааллаар хурал орвол шүүх хурал үргэлжилнэ гэж хэлж байна” гэхээр нь шүүх хуралдааны тогтоосон дарааллаас өөр шүүгчийн дараалал гэж тусдаа ямар дараалал байдаг юм бол доо гэж бодоод гайхаад хэргийн материалуудтай танилцаад сууж байх үед гаднаас шүүгчийн туслах н.О орж ирээд зөрчлийн хэргүүдийн материалыг аваад “шүүх хурал хэзээ орох талаарх товыг дараа нь хэлж мэдэгдэнэ” гэж хэлээд явсан. Тухайн өдөр болсон асуудалд шүүх хуралдаанд оролцохоор бэлтгэл ажлыг бүрэн хангасан, прокурорын зүгээс ямар нэгэн буруутай үйл ажиллагаа явуулаагүй, прокурор ажилтны ёс зүй зөрчсөн үйлдэл гаргаагүй гэж үзэж байгаа болохыг илтгэн танилцуулъя” гэжээ. Хяналтын прокурорын мэдээлэл, дээд шатны удирдах албан тушаалтандаа гаргасан тайлбарт дурдсан үйл баримтыг тодруулахаар тухайн шүүх хуралдаанд  нарийн бичгийн даргаар оролцсон А.Н-с гэрчийн мэдүүлэг авсан. Харин шүүгчийн туслах нь шүүх хуралдаан хойшилсны дараа хуралдааны танхимд орж ирэн хэргүүдийг авсан гэх тул түүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж үзсэн.

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Н “Шүүгчийг хялбар ажиллагааны шүүхэд томилогдож ирснээс хойш буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан 2025 оны 02 дугаар сараас хойш шүүгч Б.Батаагийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.

          Зөрчлийн хэргийн 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хяналтын прокурор нь “бүх хэрэгтэй танилцаагүй” гэж хэлээгүй, гэхдээ “би энэ олон хүний хэргийн материалтай танилцаагүй” гэж бол хэлсэн. Шүүгч “хяналтын прокурор хуульд заасан хяналтаа тавиагүй учраас хуралдааныг хойшлууллаа, хэрэгтэй танилцсаны дараа шүүх хуралдааныг явуулна. Шүүгчийн захирамжийг хэрэгтэй хамт прокурорт хүргүүлнэ” гэх агуулгатай зүйл хэлээд шүүх хуралдааныг хаасан. Миний санаж байгаагаар шүүгчийг шүүх хуралдаан хаасны дараа хяналтын прокурор “прокурорт хэрэг буцаах гэсэн үндэслэл байхгүй” гэж хэлэхэд шүүгч “тийм үндэслэл байгаа” гэх агуулгатай зүйл хэлээд гарч явсан. Тэднийг яг юу гэж хэлснийг нэг бүрчлэн санахгүй байгаа боловч агуулгыг нь санаж байна.

          Мөн шүүх хуралдаан хойшилсны дараа хяналтын прокурор Д.А нь надаас “шүүх хуралдаан орох эсэх”-ийг асуусан. Тэгэхэд нь би “шүүгчийн туслахаас асууя” гээд шүүгчийн туслах руу утсаар ярьсан. Удаагүй шүүгчийн туслах орж ирээд хэргүүдийг аваад гарсан. Тэд хоорондоо юм ярьж байсныг санаж байгаа боловч яг юу гэснийг нь санахгүй байна. Харин би “шүүгчийн дарааллаар хурал орвол шүүх хурал үргэлжилнэ” гэж хэлсэн эсэх тухайд бол хяналтын прокурор надаас “одоо тэгээд хурлаа яах юм бол” гэж асуухад нь би “та дүгнэлтээ эхэлж хэлэх юм бол хурал орж магадгүй юм. Шүүгч угаасаа дүгнэлтийг эхэлж хэлүүлдэг ш дээ. Юутай ч гэсэн асууя” гээд эхлээд шүүгч рүү залгасан. Гэтэл шүүгч “прокурор хэргийн материалтай танилцаагүй юм чинь хурал орохгүй” гээд тасалсан тул би шүүгчийн туслах руу залгасан. Удаагүй шүүгчийн туслах Ц.О орж ирээд хэргүүдээ аваад гарсан.

          Би андуураагүй бол шүүх хуралдаан эхлэхээс өмнө хяналтын прокурор Д.А-с би “хэргийн материалтай танилцах уу, тэмдэглэж авах юм байгаа юу” гэж асуусан санагдаад байх юм. Тэгэхэд хяналтын прокурор “танилцах шаардлагагүй, угаасаа прокурор эхэлж дүгнэлтээ хэлнэ гэж байхгүй” гэж хариулж байсан” гэх мэдүүлэг өгсөн.

Мөн шалгах ажиллагааны явцад үзлэг хийсэн шүүх хуралдааны дуу-дүрс бичигдсэн “New Recording 215”, “video1045515315(1)” гэх нэртэй бичлэгийг сонсоход шүүгч Б.Батаа нь уурлаж, бухимдсан дуу хоолойны өнгө, аяс огт илэрхийлээгүй бөгөөд бичлэгийн ихэнх хэсэгт дүрс байхгүй байсан тул  түүнийг “уцаарлан бухимдалтай байгаагаа биеийн хэлэмжээр илэрхийлсэн” эсэхийг тогтоох боломжгүй байсан болно.

“New Recording 215” нэртэй бичлэгийн 02 минут 55 секундэд шүүх хуралдааныг хаасны дараа хяналтын прокурор “шүүгч ээ, хэргийг прокурор луу шилжүүлнэ гэсэн ойлголт байхгүй ш дээ” гэхэд шүүгч “...явуулчихна өө” гэж хэлсэн боловч түүний хэлсэн үгийн эхэн хэсэг сайн сонсогдохгүй, ойлгогдохгүй байлаа.

Гэвч хяналтын прокурор Д.А нь Нийслэлийн ... дүүргийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ү.С-т гаргасан тайлбартаа дурдсанчлан “...хурлыг орхин гарч явах гэхээр нь шүүгчээс шүүх хурлыг ямар үндэслэлээр хойшлуулж байгаа талаар тодруулсан...” бус, харин “хэргийг прокурор луу шилжүүлэх эсэх” талаар хэлсэн, мөн шүүх хуралдаан даргалагч шүүгч Б.Батаа нь ямар үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж байгаагаа тайлбарлаагүй бус, тайлбарласан болох нь “New Recording 215” нэртэй бичлэгийн 02 минут 26 секундээс “шүүх  хуралдааныг хойшлууллаа. Хугацааг тодорхой хэлэх боломжгүй. Яагаад вэ гэхээр прокурор хэргийн материалтай танилцах ёстой. Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хяналтаа хэрэгжүүлсний дараа шүүх хуралдаан явагдана. Тийм учраас хэргийг бүгдийг нь албан тоотоор прокурор луу шилжүүлнэ” гэж хэлснээр тогтоогдож байна.

          Дээрхийг нэгтгэн дүгнээд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. ” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Батаа Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Юуны өмнө Шүүхийн сахилгын хороонд хандан мэдээлэл гаргасан прокурор Д.А нь төрийн чиг үүрэг хэрэгжүүлэн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцож байгаа албан тушаалтан атал “...зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй тул прокурорын дүгнэлт гаргах боломжгүй...” гэсэн тайлбар гаргасан нь шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн болохыг дурдах нь зүйн хэрэг.

Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Прокурор зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд дараах хяналт тавина” гээд мөн хэсгийн 11.1.1 дэх заалтад “зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх;” гэж, 11.1.2 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх;” гэж, 11.1.3 дахь заалтад “зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх;” гэж, 11.1.4 дэх заалтад “зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх;" гэж, 11.1.5 дахь заалтад “эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх" гэж, 11.1.6 дахь заалтад “эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэх” гэж тус тус үүрэгжүүлэн хуульчилж, хууль тогтоогч заавал биелэгдэх шинжтэй императив хэм хэмжээ тогтоожээ.

Үүнээс дүгнэвэл прокурор зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэхээс эхлээд хэрэг бүртгэлтийн ажиллагаанд бүхэлд нь, эрх бүхий албан тушаалтны хууль хэрэглээ болон гаргасан шийдвэрт хяналт тавих үүрэгтэй.

Гэтэл шүүх хуралдаанд прокурор Д.А-ын хувьд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд бүхэлд нь хяналт тавих нь бүү хэл, зөрчлийн хэргийн материалтай ч танилцаагүй байсан билээ.

Тодруулбал прокурор нь дээрх хяналтын чиг үүргээ Прокурорын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах арга хэлбэрээр хэрэгжүүлэх ёстой атал шүүх хуралдаанд "...би зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй...” гэсэн тайлбар гаргаж байгаа нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болохын сацуу шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох Үндсэн хуулийн чиг үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байсан болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургаадугаар зүйлийн 1-д “Прокурор ...шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно”, Прокурорын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт “Прокурор хуульд заасан тохиолдолд дараах шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гээд, мөн хэсгийн 17.1.1 дэх заалтад “зөрчил шүүхээр хянан шийдвэрлэх” гэж тус тус прокурорын шүүх хуралдаанд оролцох чиг үүргийг тодорхой хуульчилсан байна.

Гэтэл прокурор Д.А нь "...би шүүх хуралдаанд хөндлөнгийн байр суурьтай оролцоно..." хэмээн байр сууриа тодорхойлсноос үзвэл шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцох чиг үүргээ биелүүлэхээс татгалзсан гэж үзэхээр байсан төдийгүй, түүний хувьд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцох ямар ч бэлтгэлгүй байсан юм. 

Эрх зүйн зарчмын хувьд эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ зөрчлийн холбогдогчийг зөрчил үйлдсэн эсэхийг, ямар төрөл, хэмжээний шийтгэл оногдуулах эсэхийг прокурорын хууль ёсны хийгээд үндэслэл бүхий дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэх нь шүүхийн практикт нэгэнт тогтсон ойлголт билээ.

Харин прокурор Д.А нь нэр бүхий 10 хүнд холбогдох зөрчлийн 11 хэрэг, материалтай уншиж танилцалгүй шүүх хуралдаанд оролцож байснаас үүдэн прокурорыг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт гаргах боломжгүй гэж шүүх үзсэн нь нэг талаас хууль ёсыг сахиулах, нөгөө талаас хэргийн холбогдогч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах зорилготой байсан болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу. Өөрөөр хэлбэл, хэргийг нь уншаагүй, танилцаагүй прокурор хэрэгт холбогдсон хүнийг шүүхийн өмнө яллах гэж байгаатай агаар нэгэн билээ.

Прокурор Д.А нь “... зөрчлийн хэргийн материалтай танилцаагүй ...” гэдгээ хэлж байгаа нь шүүх хуралдааны бичлэгээс тодорхой харагдах болно.

Шүүх хуралдааныг хойшлуулсан процессын тухайд: Хууль тогтоогч 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг нэмж, зөрчлийн шүүх хуралдааныг цахим платформ ашиглан явуулах боломжтой болсон бөгөөд уг нэмэлт нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн билээ.

Энэхүү нэмэлтийн дагуу 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 10:00 цагт явуулахаар товлогдсон зөрчлийн шүүх хуралдааныг цахим платформ ашиглан явуулахаар төлөвлөсөн бөгөөд зөрчлийн холбогдогч нарыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн байрнаас цахимаар оролцуулсан юм. Иймд цахим холболт хийх, оролцогч нарын ирц бүрдэх, шүүх хуралдааны бэлтгэл хангахтай холбоотойгоор тухайн шүүх хуралдаан товлосон цагаас бага зэрэг хойшилж буюу 11:40 минутад эхэлсэн юм.

Түүнээс шүүгчийн хувьд шүүх хуралд ороход бэлэн байсан төдийгүй шүүх хуралдааны бэлтгэл хангах болон цахим холболт хийх ажлыг шүүгчийн хувьд хянаж, удирдаж байснаа дурдах нь зүйн хэрэг. Өөрөөр хэлбэл шүүгч бэлэн бус байснаас шүүх хуралдааныг цаг хойшилсон зүйл огт байхгүй.

Зөрчлийн шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах талаарх нарийвчилсан зохицуулалт байдаггүй тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон төрийн нууцад хамаарахгүй хэрэг байсан тул шүүх хуралдааныг нээлттэй явуулсан юм. 

Иймд зөрчлийн холбогдогч нарыг шүүх хуралдаанд хамтад нь оруулж, тэдний эрх, үүргийг тайлбарлах, бүрэлдэхүүн оролцогч нарыг танилцуулж татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг нь хангах, шүүх хуралдааны дараалал тогтоох зэрэг ажиллагааг нэгтгэн явуулж, харин зөрчлийн хэргийг холбогдогч тус бүрээр нь хянан хэлэлцэж, прокурорын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэхээр байсан болно.

Түүнчлэн шүүхийн практикт зөрчлийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай зохицуулалт Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд тусгагдаагүй тул мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтаар шүүх хуралдааныг хойшлуулж байгаа болно. Учир нь хэргийн оролцогч өмгөөлөгч авах, өвчтэй байх, прокурор солигдох зэрэг нөхцөл байдлууд бодит байдал дээр үүсдэг.

Мэдээлэлд дурдагдсан 11 зөрчлийн хэргийн шүүх хуралдааны тухайд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан "шүүх хуралдааныг хойшлуулах бусад хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон” үндэслэлд хамаарч байна гэж дүгнээд шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гаргасан болно.

Мэдээлэл гаргагч нь шүүгч Б.Батаа намайг шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлээ танилцуулаагүй хэмээн худал мэдээлсэн байна. Шүүгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй болсон талаар мэдэгдээд хуулийн заалтыг дурдаад, шүүх хуралдааныг хойшлуулсан талаар товч танилцуулаад, дэлгэрэнгүй дүгнэлт шүүгчийн захирамжид тусгагдах талаар хэлээд шүүх хуралдааны танхимаас гарч явсан болно.

Мэдээлэл гаргагчийн үйлдлийн тухайд: Мэдээлэл гаргагч нь прокурорын байгууллагад хяналтын прокурор ажилтай хуульч хүн атал тэрээр Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлдээ шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон ямар зохицуулалтыг хэрхэн яаж зөрчсөн талаар огт тусгаагүй байна.

Түүнчлэн түүний мэдээллийн агуулга, өнгө аяс, үг хэллэгээс үзвэл илтэд хувийн үзэмж буюу субьектив шинжтэй байхын зэрэгцээ өөрийнхөө хууль зөрчсөн үйлдлийг хаацайлах зорилго агуулсан гэж харагдаж байна.

Тодруулбал Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл гаргагч Д.А нь 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд оролцохдоо хуулиар  хүлээсэн чиг үүргээ биелүүлэхээс татгалзаж, мөн хэргийн материалтай танилцаагүй гэж мэдэгдсэн тул шүүгч Б.Батаа миний бие шүүх хуралдааныг захирамж гарган хойшлуулж, дээд шатны прокурор болох Дүүргийн ерөнхий прокурор болон Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэлтэд хяналт тавих хэлтсийн дарга нарт захирамжийн хувийг хүргүүлсэн болно.

Харин дараа нь прокурорын байгууллагаас тус шүүхийн Тамгын газарт албан бичиг ирүүлж, тухайн шүүх хуралдааны бичлэгийг хуулбарлан авсан тул прокурор Д.А-ын үйлдэлд албаны шалгалт явуулсан гэж ойлгож байна.

Ийнхүү хууль ёсны шаардлага тавьж, дээд шатны прокурорт нь мэдэгдсэнд хяналтын прокурор Д.А нь хувийн сэдлээр хандаж, шүүгч Б.Батаа миний эсрэг мэдээлэл гаргасан гэж ойлгогдож байна. Тэрээр иргэн хүний хувиар бус,  харин хуульч, прокурор, шүүхийн мэтгэлцээний нэг тал болон шүүх хуралдаанд оролцож байгаа хүний хувьд шүүхийн процесс, шүүх хуралдааны дараалал, даргалагчийн эрх хэмжээний талаар хангалттай сайн мэдэх учиртай.

Ийм учраас шүүгч Б.Батаа надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гарган Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг эрхэм гишүүн Танаас хичээнгүйлэн хүсье.” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Батаа Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа:

“... X.С-т холбогдох зөрчлийн тухайд:

Зөрчлийн хэргийн шүүх хуралдааны зар нь өмнөх 7 хоногийн баасан гарагт гардаг учир зарим зөрчлийн хэрэг нь шүүх хуралдааны зар гарснаас хойш шүүхэд шинээр ирсэн тохиолдолд зард оруулалгүйгээр хуралдах тохиолдол гардаг.

2025 оны 6 дугаар сарын 18-ны өдөр нь лхагва гараг байсан бөгөөд даваа, мягмар, лхагва гарагт шинээр ирсэн хэргийг заргүйгээр хуралдуулах боломжтой юм. Х.С-т холбогдох зөрчлийн хэргийн тухайд 18-ны өдөр буюу тухайн өдрөө шүүхэд ирсэн учраас шүүх хуралдааны товд ороогүй байсан болно.

Зарим хүнд холбогдох зөрчлийн тухайд: Зөрчлийн холбогдогч Б.Т, Б.Д, Г.Ч, Э.Т, О.С нарт холбогдох тус бүр нэг зөрчлийн хэрэг болон О.С-т холбогдох зөрчлийн хоёр хэрэг буюу нийт 7 зөрчлийн хэргийг 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдөр прокурор Д.А-ын оронд томилогдож ирсэн прокурор Ю.Б-ийг оролцуулан шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, прокурор Ю.Б-ийн шүүхэд гаргасан дүгнэлтэд үндэслэн 5 холбогдогчид шийтгэл оногдуулах тухай шийтгэвэр гаргасан байна.

Гэхдээ О.С-т холбогдох зөрчлийн 2 хэрэг байсан тул түүнд холбогдох 2 шийтгэвэр гарсан юм.

Зөрчлийн холбогдогч О.С-т холбогдох зөрчлийн хэргийг шүүх хэлэлцээд эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд шүүх хуралдааныг завсарлуулж, хэрэг бүртгэлтийн нэмэлт ажиллагаа хийж ирүүлэхийг цагдаагийн байгууллагад даалгаж шийдвэрлэсэн болно.

Бусад хүнд холбогдох зөрчлийн тухайд:

Зөрчлийн холбогдогч Б.Д, О.Б, Ө.Д нар нь 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрч ирээгүй тул тэдэнд холбогдох зөрчлийн шүүх хуралдаан явагдаагүй. Тухайн үед тус шүүх нь зөрчлийн хэргийг хүнгүй авч, шүүх хуралдааны тов тогтоодог байсан бөгөөд шүүх хуралд зөрчлийн холбогдогчийг бэлэн байлгах үүргийг эрх бүхий албан тушаалтан буюу цагдаагийн алба хаагч хариуцдаг байсан юм.

Иймд зөрчлийн холбогдогч Б.Д, О.Б, Ө.Д нарыг шүүхэд олж ирсэн өдөр нь буюу Б.Д, О.Б нарт холбогдох хэргийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр прокурор П.Б-г оролцуулан, Ө.Д-д холбогдох хэргийг 2025 оны 8 дугаар сарын 25-ны өдөр прокурор Ю.Б-ийг оролцуулан тус тус хянан хэлэлцэж, прокурорын дүгнэлтэд үндэслэн шийдвэрлэсэн болно.

Харин одоо тус шүүх нь зөрчлийн хэргийг холбогдогчтой нь хамт хүлээн авч байгаа тул аль болох хэрэг авсан өдрөө шүүх хуралдааныг явуулж байгаа тул хүнгүй үндэслэлээр хурал хийж чадахгүй тохиолдол харьцангуй байхгүй болсон.

Шүүх хуралдааны дарааллын тухайд:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагчийг оролцуулж болно” гэж заасан байдаг тул эрх бүхий албан тушаалтан нь шүүх хуралдаанд оролцохгүй байж ч болохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл эрх бүхий албан тушаалтан нь эрүүгийн хэргийн шүүхэд харьяалуулсан зөрчлийн хэргийг шалгаж, шүүхэд санал гаргасан боловч шүүхэд хуралдаанд заавал оролцох үүрэггүй байгаа нь тухайн шүүх хуралдаанд прокурор төрийн нэрийн өмнөөс оролцох үүрэгтэй байгаатай шууд холбоотой юм.

Прокурорын тухайд шүүх хуралдаанд оролцохдоо прокурорын хяналтын эрх зүйн хэлбэрийн нэг төрөл /эрхийн акт/ болох прокурорын дүгнэлт гаргах талаар Прокурорын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт үүрэг болгосон буюу заавал биелэгдэх шинжтэй императив хэм хэмжээ тогтоожээ.

Иймд шүүх зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын дүгнэлтийг үндэслэх үүрэгтэй болно.

Жич: Энэ тайлбарт хавсаргасан шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд тусгаснаар шүүх прокурорын дүгнэлтэд үндэслэн шийдвэр гаргасан байгаа болно.

Эцэст нь дурдахад 2025 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулсан захирамжид прокурор, оролцогч нар гомдол гаргах эрхгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж байгаа процессын шийдвэр тул нэг захирамж, нэг тэмдэглэл гаргасан болно. Түүнчлэн шүүх хурлыг хойшлуулж буй үндэслэл ижил байсан юм.

Ийнхүү нэг захирамжаар хойшлуулснаар хэргийн оролцогч нарын эрх болон хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөөгүй, хязгаарлагдаагүй болохыг тайлбарлах нь зүйтэй болов уу.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

... дүүргийн Прокурорын газрын Зөрчлийн хэлтсийн хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.А-ын гаргасан Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтыг зөрчсөн гэх мэдээллийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0100 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, шүүгч Б.Батаа нь О.С /250600..., 250600.../, Ө.Д /250600.../, Г.Ч /250600.../, Б.Д /250600.../, Б.Т /250600.../, Э.Т /250600.../, О.Б /250600.../, О.С /250600.../, Б.Д /250600.../, Х.С /250600.../ нарт холбогдох зөрчлийн 11 хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон байна.

          Товлогдсон шүүх хуралдаанд холбогдогч нарыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс эрх бүхий албан тушаалтны хамт цахимаар оролцуулсан бол хяналтын прокурор буюу мэдээлэл гаргагч Д.А нь биечлэн оролцжээ.

          Шүүх хуралдааны явцад хяналтын прокурор “... хэргийн материалтай танилцаагүй, хөндлөнгийн байр суурьтай оролцож байгаа тул эрх бүхий албан тушаалтны санал, холбогдогч нарын мэдүүлэг тайлбарыг сонссоны дараа өөрийн дүгнэлт саналаа хэлнэ ...” гэсэн тул шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэж, мөн прокурор нь хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, хуульд нийцээгүй шаардлага тавьсан тул шүүх хуралдаанд оролцох прокурорыг томилуулахаар шүүгчийн 975 дугаар захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, уг захирамжийг Улсын Ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга болон ... дүүргийн Прокурорын газрын Ерөнхий прокурорт тус тус албан бичгээр хүргүүлсэн байна. 

              Илтгэгч гишүүн тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд, даргалагчаас шүүх хуралдааны ирцийг шалган, холбогдогч нараас өмгөөлөгчтэй оролцох эсэх, зөрчлийн хэргүүдийг нэг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд татгалзах зүйл байгаа эсэх, эрх, үүргээсээ ойлгоогүй, тайлбарлуулах зүйл байгаа эсэхийг асууж тодруулсны дараа шүүх хуралдааны дарааллыг тогтоож, хэргийг хүн тус бүрээр нь прокурор дүгнэлт, шийтгэлийн саналтайгаа хамт хэлсний дараа холбогдогч нар прокурорын танилцуулсан дарааллаар тус бүрдээ шүүхэд хандаж санал, хүсэлт гаргаж болно гэж хэлжээ. Харин прокуророос “хэргийн материалтай танилцаагүй учраас эрх бүхий албан тушаалтны санал дүгнэлт, холбогдогчийн мэдүүлэг тайлбарыг сонссоны дараа санал, дүгнэлтээ хэлье” гэж шүүх хуралдааны дараалалтай холбоотой саналыг гаргасан болох нь тогтоогджээ.

  Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүгч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр зөрчил хянан шийдвэрлэхэд энэ хуулийн 8.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийн шүүх зөрчлийн хэргийг энэ хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасан прокурорын дүгнэлт, ... анхан шатны журмаар хянан шийдвэрлэнэ” 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж, харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх хуралдаан даргалагч шүүхийн хэлэлцүүлэг явуулах дарааллыг тогтоохоор тус тус заасан.

Хэдийгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дарааллыг нарийвчлан зохицуулаагүй боловч дээр дурдсанчлан, даргалагчаас шүүх хуралдааны дарааллыг эхлээд прокурорын дүгнэлтийг сонссоны дараа холбогдогч нар санал, хүсэлтээ хэлэхээр тогтоосон нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 10 болон 12 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд прокурор дүгнэлтийнхээ үндэслэлийг тайлбарлах, шүүгч талуудын гаргасан тайлбар, дүгнэлтийн үндэслэлийг сонсож шийдвэр гаргах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт шүүхийн хэлэлцүүлэгт эхлээд яллах, дараа нь цагаатгах нотлох баримтыг шинжлэн судлах, 3 дахь хэсэгт улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж сонсгосноор шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээр шүүх хуралдааны дарааллыг заасан хуулийн агуулгад нийцсэн байна гэж үзлээ.

Мөн дээрх зөрчлийн хэргүүдийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд, хяналтын прокурор Ю.Б, П.Б нарын дүгнэлтийг сонссоны дараа зөрчилд холбогдогчоос тодруулах, тайлбар хэлэх дарааллаар явагдсан болох нь тогтоогдож байна.

Прокурорын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т зааснаар прокурор шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргах эрхтэй боловч тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсгийн 13.1.3 дахь заалтад зөрчлийн хэрэг бүртгэлт явуулсан хэрэг, материалтай танилцах, хянах нь зөрчлийн хэрэг бүртгэлтэд тавих прокурорын хяналтын арга хэлбэр байхаар, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 17.1.1 дэх заалтад зөрчил шүүхээр хянан шийдвэрлэхэд прокурор төрийн нэрийн өмнөөс шүүх хуралдаанд оролцохоор заасан байна.

Гэтэл хяналтын прокурор Д.А нь “хэргийн материалтай танилцаагүй” үндэслэлээр шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргасан нь прокурор нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, бүртгэх ажиллагаа хуульд нийцэж байгаа эсэх,  ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, хуулийг зөв хэрэглэж байгаа эсэх, хүний эрх, эрх чөлөөг хангаж байгаа эсэх, эрх хязгаарлах арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаж байгаа эсэх, эрх бүхий албан тушаалтан албадлагын арга хэмжээг хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шалтгаалсан гэж үзэхээр байх тул шүүх хуралдааныг хойшлуулсан шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.

Тодруулбал, зөрчлийн хэргийг шүүх шийдвэрлэхдээ прокурорын дүгнэлт, эсхүл оролцогчийн гомдолд үндэслэн эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэхээр хуульчилсан байхад прокуророос “хэргийн материалтай танилцаагүй” гэх хуульд нийцээгүй үндэслэлээр шүүх хуралдааны дарааллын талаар санал гаргаж байгаа нь шүүх хуралдааныг үргэлжлүүлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж, Прокурорын тухай хуульд заасан зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих үүргээ зөрчсөн ноцтой үйлдэл гаргасан байх тул энэ үндэслэлээр шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн мэдээлэлд “... Шүүгч хүний төвийг сахисан байр суурь, хараат бус байдал байхгүй, шүүх хуралдааны танхимаас шүүх хурлаа хаяж гарч явсан, ямар үндэслэлээр шүүх хуралдааныг яагаад хойшлуулсан нь тодорхойгүй “захирамжаа хар” гэж хэлээд гарч байгаа байдал. Шүүх хуралдааны дараалал зөрчиж шүүх хуралдаанаа явуулах гэж байгаа байдал нь хууль зөрчсөн, хүний эрхийг уландаа гишгэсэн өөрөөсөө бусад хүнийг хэн ч биш гэж харж байгаа үйлдэл гаргаж байна гэж үзэхээр байна ...” гэж дурджээ.

Илтгэгч гишүүнээс явуулсан шалгах ажиллагаагаар прокурор нь шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлийн талаар шүүгчээс тодруулсан бус харин “хэргийг прокурор луу шилжүүлэх эсэх” талаар хэлсэн, мөн шүүх хуралдаан даргалагч нь “прокурор хэргийн материалтай танилцах ёстой. Прокурорын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан хяналтаа хэрэгжүүлсний дараа шүүх хуралдаан явагдана” гэж шүүх хуралдааныг хойшлуулсан үндэслэлээ тайлбарласан болох нь тогтоогдож байх тул мэдээлэл үндэслэлгүй байна.

Түүнчлэн, мэдээлэлд “... нарийн бичгийн даргаас “шүүх хуралдаан үргэлжлэх эсэх” талаар асуухад шүүгчээс асууна гэж гарч яваад “шүүгчийн дарааллаар явах юм бол үргэлжилнэ гэнээ” гэсэн учир битүүлэг хуульд байхгүй зүйлийг ярьж орж ирсэн ...” гэж дурдсан боловч энэ талаар илтгэгч гишүүн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас гэрчийн мэдүүлэг авахад “... хяналтын прокурор надаас “одоо тэгээд хурлаа яах юм бол” гэж асуухад нь би “та дүгнэлтээ эхэлж хэлэх юм бол хурал орж магадгүй юм. Шүүгч угаасаа дүгнэлтийг эхэлж хэлүүлдэг ш дээ. Юутай ч гэсэн асууя” гээд эхлээд шүүгч рүү залгасан. Гэтэл шүүгч “прокурор хэргийн материалтай танилцаагүй юм чинь хурал орохгүй” гээд тасалсан ...” гэж мэдүүлсэн мэдүүлгээр үгүйсгэгдсэн байна.

Иймд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаа нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн ГС/2025/0104 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Батаад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                        ДАРГАЛАГЧ                                     Х.ХАШБААТАР

                        ГИШҮҮН                                          О.НОМУУЛИН

                                                                                           Д.МЯГМАРЦЭРЭН