
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-10-21
Дугаар 119
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч И.Амартөгс нарыг оролцуулан, ажиглагчаар “М” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С-г байлцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2025/0098 дугаар саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... 1. Өргөдөлд “... гомдлын шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр ... хянан хэлэлцэж, ... шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/**** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн ...” гэжээ.
Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд, 191/ШТ2025/*** дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Захирамжийг хянаж буй гомдлын хуралдаан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар,
- тогтоол, захирамж, шийтгэврийг хэвээр үлдээх,
- тогтоол, захирамж, шийтгэвэрт өөрчлөлт оруулах,
- тогтоол, захирамж, шийтгэврийг хүчингүй болгох аль нэг шийдвэрийг гаргах эрхтэй болно.
Иймд хуульд зааснаар, тухайн шүүгчийн захирамж болон гомдлын үндэслэлийг хянаж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасныг зөрчсөн зөрчилд тооцогдохгүй.
Учир нь нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийн үндэслэл, захирамжид гаргасан хариуцагчийн гомдлыг хянаж, шийдвэр гаргах нь бүрэлдэхүүний хуульд заасан бүрэн эрх байна.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь дахин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргах эрх нь нээлттэй байгаа болно.
2.Түүнчлэн “... шүүгч Л.Энхжаргал нь ... тулган шаардсан асуултыг нэхэмжлэгч талаас удаа дараа асууж, зүй бусаар харьцсан, мөн тухайн шүүгчийн биеийн хэлэмж, асуулт асууж буй арга хэлбэр нь илт эргэлзээ төрүүлэхүйц сэтгэгдлийг нэхэмжлэгч талд төрүүлсэн буюу хариуцагч “С” ХХК-ийн эрх ашгийг илтэд хамгаалж, нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэсэн ... шүүгч Л.Энхжаргал нь захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй атлаа нэхэмжлэгч тал анх гаргасан хүсэлтийн үндэслэл, зорилгыг тодруулах нэрийдлээр ... нэхэмжлэгчийг илтэд буруутгаж, асуулт хариултын үе шатанд хариуцагчийн эрх ашгийг хамгаалж байсан нь анхнаасаа захирамжийг хүчингүй болгох зорилготой, шийдвэрлээд орж ирснийг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д заасан “урьдчилан санал хэлэх”-гүй байх хориглолтыг зөрчсөн ...” гэж өргөдөлд дурдсан.
Гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн дуу-дүрсний /20250626_111823(720p).mp4 нэртэй/ бичлэгийн 0:14:36-0:17:29 дэх хоромд нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд тайлбар хэлсний дараа, 0:17:38-0:18:02 дахь хоромд шүүгч Л.Энхжаргал “... Энэ арга хэмжээг зайлшгүй авах ямар үндэслэл байгаа юм бэ гэж асуугаад байх шиг байна. Эсрэг тал чинь тайлбарлаад байна ... манайх тогтвортой үйл ажиллагаа эрхэлж байгаа, хэрэв шүүхийн шийдвэр гарах юм бол шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой, ийм ийм төслүүд хэрэгжүүлж байна гээд байна. Танайд ямар зайлшгүй шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжгүй үндэслэл бүрдлээ гэж үзээд байна вэ ...” гэж тодруулж асуусан,
- 0:18:03-0:18:21 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Нэгдүгээрт хуульд заасан 69-ийн хүсэлтийг гаргахад зайлшгүй гэдгийг нотолсон байхыг манайд шаардаагүй. Хоёрдугаарт бид нар хангалттай хөрөнгөтэй учраас энэ арга хэмжээ шаардлагагүй юм гэж байгаа. Тэгвэл хангалттай хөрөнгөтэй гэдгийг нотолсон баримтыг гаргаж өгөөгүй. Тийм учраас шүүхээс гарах 69.1-д заасан арга хэмжээг шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах ёстой” гэж хариулахад нь шүүгч Л.Энхжаргал “... Та түрүүн ингэж хэлээд байна л даа. Шүүгч иргэний хэрэг үүсгэх, үүсгэснийхээ дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахуулж болно гэсэн. Энэ бол нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэнэ, хүсэлт болгон тодорхой үр дагавар үүсгэхгүй, хүсэлт үндэслэлтэй байж тэр үндэслэл хангагдах ёстой. Ямар нэгэн үндэслэл заагаагүй хүсэлт өөрөө үр дагавар үүсгэх боломжгүй. Та хүсэлт гаргаснаар л энэ ажиллагаа нэхэмжлэгчийн онцгой эрх гэж үзэж байвал үгүй шүү дээ. Хууль хэрэглээний хувьд хүсэлт нь үндэслэлтэй байх ёстой, үндэслэл нь юу вэ гэдэг нь чухал. Танай үндэслэл юу юм бэ гэхээр хуульд тэгээд заачихсан учраас гээд байгаа юм ...” гэж тодруулсан,
- 0:19:07-0:19:15 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Дараагийн үндэслэл нь бид нар хангалттай хөрөнгөтэй юм аа гээд тайлбарлаад зайлшгүй энэ чинь хэрэггүй ш дээ гэж хариуцагч гомдол гаргаж байгаа бол тэр нь нотлогдоогүй байна гэж үзэж байгаа” гэсний дараа, шүүх хуралдаан даргалагч 0:19:16-0:19:38 дахь хоромд “Биш ээ. Анх гаргасан хүсэлтийг асууж байна. Гомдолд тайлбар аваагүй. Өөрөөр хэлбэл 69.1.1, 69.1.3-ыг авхуулъя гэдэг хүсэлт гаргаад байгаагийн үндэслэл юу юм бэ гэж асуугаад байгаа юм. Зарчим чинь өөрөө үйлчлэхэд зорилго байгаад байна, биелэгдэхгүй байх баталгаажуулах асуудал байгаад байна. Танайх үүнийхээ үндэслэлийг юу гэж гаргаж ирсэн юм бэ” зэх зэргээр нэхэмжлэгч талын хүсэлтийн үндэслэлийг тодруулсан,
Үүний дараа, шүүгч Л.Энхжаргал 0:19:41-0:19:57 дахь хэсэгт “... Ингээд ингээд тогтвортой үйл ажиллагаа явуулахгүй, ийм ийм байдлаар шүүхийн шийдвэрт өртэй төлөгдөггүй юм. Ингээд ингээд үйл ажиллагаа явуулахгүй байна гээд дурдаад хэлэх зүйл байна уу. Өөрөөр хэлбэл эдний тал одоо ярьж байгаа зүйл хамаагүй. Танай анх гаргасан хүсэл зоригийг асууж байна ...” гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс ахин тодруулсан,
- 0:19:58-0:20:30 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... Энэ хүсэлтийн гол зорилго нь юу байсан бэ гэхээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удаашралтай байна, маргааны агуулгын хэмжээнд аваад үзвэл манайхыг юу гэж буруутгаад байдаг вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэчихээд та нар 69-ийн арга хэмжээ авхууллаа гэдэг. Бид бол шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор хүсэлтийг гаргасан” гэсний дараа 0:20:30-0:20:33 дахь хоромд “... Өмгөөлөгчөө, энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгадаг арга хэрэгсэл биш ш дээ ...” гэсэн,
- 0:20:34-0:20:35 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч “Үгүй үгүй. Шүүхийн шийдвэрийг баталгаажуулах зорилгоор л гаргасан” гэхэд 0:20:36-0:21:33 дахь хэсэгт “Надад та үндэслэлээ тодорхой хэлэх ёстой байхгүй юу. Яагаад та нар 2 тэрбум төгрөгийн хэмжээгээр үйл ажиллагаа явуулж байгаа компанийн эрх ашгийг битүүмжлэх эрх ашиг үүсэв ээ гэдгийг л хангалттай тодорхойлох ёстой шүү дээ. Одоо бид 200,000 төгрөг, 2,000,000 төгрөгийн асуудал яриагүй байхгүй юу. 2 тэрбум төгрөг гэдэг чинь их үнийн дүн шүү дээ. 2 тэрбум төгрөгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээд бас тийм ч олон биш байх Монголд. Тэр чинь өөрөө хангалттай үндэслэл хэлэх ёстой. Түүнээс хүсэлт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгадаг арга хэмжээ биш. Хүсэлт үндэслэлтэй байх ёстой. Үндэслэлээ та нар заах ёстой. Түүнээс шүүгч өөрөө нүдээ боочихсон амьтан биш ш дээ. Ямар нэгэн хүсэлт орж ирэнгүүт за за энэ нэхэмжлэгчийн эрх юм чинь гээд ямар ч хамаагүй арга хэмжээ аваад сууж байна гэвэл үгүй ш дээ. Тэгэхээр үндэслэлээ хангалттай тайлбарлаж хэлэх ёстой ...” гэж, нэхэмжлэгч хүсэлтийн үндэслэлээ тодорхой тайлбарлахгүй байсныг тодруулахын тулд асуусан болох нь тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүх авч хэрэгжүүлэх боловч энэ тохиолдолд нэхэмжлэгчийн гаргаж буй хүсэлтийн үндэслэл, хэргийн нөхцөл байдал, уг арга хэмжээг авснаар цаашид гарах үр дагавар зэргийг харгалздаг нь тэгш эрхийн зарчимд суурилсан иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог юм.
Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрт 932,756,018 төгрөг 22 мөнгө гаргуулах нэхэмжлэл бүхий хэрэгт 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн үнийн дүнг 2,588,783 төгрөг 2 мөнгө гэж нэмэгдүүлсэн, үүнтэй хамт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар хариуцагч “С” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг битүүмжлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасныг, шүүх 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн, тус захирамжид гаргасан гомдлын хурлын хэлэлцүүлэгт энэ арга хэмжээг авснаас үүсэх үр дагавар, их хэмжээний үнийн дүнтэй маргаанд нэхэмжлэгчээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн үндэслэлийг тодруулж асуусан шүүгч Л.Энхжаргалыг “нэхэмжлэгчийг илтэд буруутгаж, ... хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан байсан нь анхнаасаа захирамжийг хүчингүй болгох зорилготой ...” гэж үзэх үндэслэлгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7 дахь хэсэгт заасан “шүүгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан бусад шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хуульд зааснаас бусад хэлбэрээр оролцох, нөлөөлөх, заавар, удирдамж, чиглэл өгөх, авах, урьдчилан санал хэлэх” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.
Мөн, шүүгчийн хэргийн оролцогчоос асуулт асууж буй байдал, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж, нэхэмжлэгч талтай харьцахдаа буруу зохисгүй үйлдэл гаргаж хэргийн оролцогчийг үл хүндэтгэсэн, үл тоосон, загнасан, зүй бус хэллэг хэрэглэж зүй бус харьцсан гэх мэт нөхцөл байдал шүүх хуралдааны дүрс бичлэгт тусгагдаагүй байх тул шүүгч Л.Энхжаргалыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь заалтын “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Мөн “... 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гомдол хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нь ... хуульд заасан урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор томилогдсон эсэхийг шалгаж өгнө үү ...” гэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-т хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг Нийт шүүгчийн чуулганаар батлах ба шүүхүүд үүнийг үндэслэн, тус тусын “Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-аа шүүгчдийн зөвлөгөөнөөр баталж, дагаж мөрддөг.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь нэг адилаар, шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг батлан, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор өөрчлөлт оруулан, дагаж мөрдөж байна.
Уг журмын 6.4-т “Дараах тохиолдолд ... гомдол, хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид өгнө”, 6.4.1-д “... шүүгчийн захирамж, ... зэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шүүхэд гаргасан гомдол /ИХШХШТХ-ийн 170.1/” гэж зааснаар, захирамжийн гомдол Ерөнхий шүүгч И.Амарсүлдэд шилжих буюу Ерөнхий шүүгч заавал бүрэлдэхүүнд оролцохоор байна.
Харин журмын 7.1-д “Тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ ашиглан шүүх бүрэлдэхүүнийг сонгоно”, 7.8-д “Бүрэлдэхүүний шүүгчийг сугалахдаа тухайн гомдол, хүсэлт, хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийн оролцогчийн болон өөрийн хүсэлтээр татгалзан гарсан шүүгч, энэ журмын 1.4.7-д зааснаар түр эзгүй байгаа шүүгч, ээлжийн амралттай байгаа шүүгчийн нэрсийг тус тус сугалаа сугалах нэрсийн жагсаалтаас хасна” гэж заасныг үндэслэн, бүрэлдэхүүнд оролцох бусад шүүгч нарыг томилно.
Энэ талаар шүүгчийн туслах Г.Э “... Шүүгчийн эрхийн актад 170.1-д зааснаар гомдол гаргаж байгаа бол Иргэн-2014 системээр хуваарилж байгаа. Мэдээлэл лавлагааны ажилтан гомдлыг хүлээн аваад, Ерөнхий шүүгчид хуваарилах буюу шүүгчийн туслахад хүлээлгэн өгдөг ... Журамд зааснаар тухайн эрхийн акт гаргасан шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр томилдог. Өмнө 7 хоногт гомдлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгч, чөлөөтэй мөн ээлжийн амралттай байгаа шүүгч, тухайн өдөр хуралтай байгаа шүүгчээ хасдаг. Үлдэж байгаа шүүгч нарын нэрсийг би системд оруулахад системээс бүрэлдэхүүнийг томилно ... Гадны ямар нэгэн оролцоогүй хийгдэж байгаа ажиллагаа. Ерөнхий шүүгч гомдлын хуралдаанаа даргалдаг, бүрэлдэхүүний шүүгч нар системээс томилогддог ... Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга хянадаг. Мөн дэлгэцийн бичлэг хийгддэг. Энэ бичлэгээр ямар бүрэлдэхүүн томилогдож байгаа нь хадгалагддаг ... Бүрэлдэхүүнд орсон шүүгч нарын нэрсээр 06 дугаар сарын 26-ны өдрийн бүрэлдэхүүнийг томилсон байна. Тухайн өдөр хуралтай байсан, эрхийн акт гаргасан, мөн ээлжийн амралттай байсан, өмнө 7 хоногт гомдлын хуралд орсон шүүгч нарыг хассан. Тэр үед шүүгч нарын амралт эхэлсэн байсан тул хэд хэдэн шүүгч нар амарчихсан байсан ...” гэж мэдүүлсэн.
Тухайн 7 хоногийн гомдлын хуралдааны бүрэлдэхүүнийг 7-10 хоногийн өмнө томилдог болох нь гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний бүртгэл, “эрүүгийн хэргийн хуваарилалт” гэсэн нэртэй бүрэлдэхүүн томилсон системийн бүртгэлээс харагдана . Гомдол шийдвэрлэх 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдааны бүрэлдэхүүнийг 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 20 минутад системээс томилохдоо, журамд зааснаар, ээлжийн амралттай, чөлөөтэй байгаа, мөн өмнөх 7 хоногт гомдлын хуралдааны бүрэлдэхүүнд орсон шүүгч нарыг хасаад, шүүгч Л.Энхжаргал, Т.Энхжаргал, Б.Цолмонгэрэл, Н.Нарангэрэл, Ч.Даваасүрэн нараас бүрэлдэхүүн томилжээ.
Тус бүрэлдэхүүнийг Ерөнхий шүүгчийн туслах системээс /цахимаар/ томилох үед хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга хяналт тавихын дээр хуваарилалт хийж байгаа компьютерын дэлгэцийн бичлэг хийгдэж, хадгалагддаг.
Уг бичлэгт /2025.06.26.09.00.Гомдол.mp4 нэртэй файл/, “шүүгч Ч.Даваасүрэн, Н.Нарангэрэл, Б.Цолмонгэрэл, Т.Энхжаргал, Л.Энхжаргал” нарын 5 шүүгчийн нэрсийг оруулан системийн “хуваарилах” гэсэн товч дарж, бүрэлдэхүүнд “шүүгч Л.Энхжаргал 1-ээр, шүүгч Б.Цолмонгэрэл 2-оор” томилогдож байгаа нь тусгагдсан ба компьютерын дэлгэц дээрх огноо 2025.06.19-ний өдрийн 15:17 минут” гэж харагдана.
Үүнээс үзэхэд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдлын бүрэлдэхүүнийг томилохдоо хууль болон холбогдох журмын дагуу томилжээ.
4.Өргөдөлд “... шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгтэй илэрхий зөрүүтэй, шүүх болон хэргийн оролцогчийн асуулт, хариултыг бүрэн дүүрэн тусгаагүй байхад даргалагч шүүгч И.Амартөгс нь ... шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулж гарын үсэг зурсан ...” гэсэн.
Шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу-дүрсний бичлэгийг харьцуулан үзэхэд,
- 20250626_110626(720p).mp4 нэртэй бичлэгийн 0:02:45-0:02:46, 0:02:51-0:02:52, 0:02:55-0:03:15, 0:03:54-0:04:05, 0:04:37-0:04:39 дэх хэсгүүдэд даргалагчийн хэлсэн үгийг,
- 0:02:47-0:02:50, 0:02:53-0:02:54, 0:03:16-0:03:31 дэх хэсэгт дэх хэсэгт хариуцагчийн өмгөөлөгч М.Ц-н хэлсэн тайлбарыг,
- 0:04:06-0:04:36, 0:04:40-0:04:41 дэх хэсэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын хэлсэн тайлбарыг огт тусгаагүй.
Мөн 20250626_111823(720p).mp4 нэртэй бичлэгийн 0:10:07-0:10:57 дахь хэсэгт даргалагчийн хэлсэн үгийг,
- 0:18:22-0:19:06 дахь хэсэгт шүүгч Л.Энхжаргалын хэлсэн үгийг,
- 0:19:07-0:19:15 дахь хэсэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Мөнх-Очирын тайлбарыг,
- 0:19:16-0:19:38, 0:23:12-0:23:16, 0:25:43-0:27:32, 0:27:35-0:27:48, 0:27:55-0:27:55, 0:28:02-0:28:05, 0:28:30-0:28:37 дахь хэсэгт даргалагчийн хэлсэн үгийг,
- 0:23:17-0:23:20 дахь хэсэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг,
- 0:27:32-0:27:34, 0:27:49-0:27:53, 0:27:56-0:27:58, 0:28:06-0:28:25, 0:28:38-0:28:41 дахь хэсэгт хэлсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхболдын тайлбарыг буюу нийт 5 минут гаруй хугацааны тайлбар, мэтгэлцээн тэмдэглэлд тусгагдаагүй, түүнчлэн тэмдэглэлийн 2 дахь талд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, 3 дахь талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, асуулт хариултын шатанд хэлсэн тайлбарууд дутуу, товч байдлаар тусгагджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд … хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж, мөн 96.2-т тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж заасан нь тэмдэглэлийг хянах үүргийг шүүх хуралдаан даргалагчид хариуцуулсан гэж үзнэ.
Гэтэл шүүх хуралдаан даргалагч нь тэмдэглэлд дээр дурдсан, талуудын тайлбар, асуултын хариулт зэрэг нь бүрэн тусгагдаагүй байхад тэмдэглэлийг албажуулсан нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Энэ үйлдэл Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” зөрчилд хамаарна.
Гэхдээ илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн байж дээрх хуулийн шаардлага хангагддаг.
Хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүрсэн бол “ноцтой” гэж үзэх бол “удаа дараа” гэдэг нь шүүгч зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно.
Тус өдрийн хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй, шүүх хуралдааны тэмдэглэлийг дутуу албажуулсны улмаас хэргийн оролцогчийн эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, мөн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар, шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол хүсэлт гаргаж, 3 хоногийн дотор засвар хийлгэх “эрхтэй”, хэрэгт хийсэн үзлэгээр ийм хүсэлт гаргаагүй байх тул уг зөрчлийг “ноцтой” гэж үзэхгүй.
Тухайн шүүгчид холбогдсон хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэх Шүүхийн сахилгын хорооны шийдвэр гараагүй нь “Сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаа”-гаар тогтоогдоно.
Түүнчлэн шүүгч И.Амартөгс тухайн 2025 оны 6 сард, нэхэмжлэл 22-г хүлээн авсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 60 хэрэгтэй, 170-н 50 гомдол хүлээн авсан, мөн хүсэлт 15-г хүлээн авч шийдвэрлэсэн, товлосон шүүх хуралдаан 116, хойшлуулсан хуралдаан 24, шүүх хуралдаан 181 удаа даргалсан, бүрэлдэхүүнд 1 удаа оролцсон байна.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нь Нийслэлийн төвийн дүүргүүд бөгөөд 3 дүүргийн тойргийн шүүхийн хэргийн ачаалал их, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас гадна Ерөнхий шүүгчийн хувиар хүсэлт, гомдлыг шийдвэрлэдэг нь түүнийг зохих ачаалалтай ажилладаг болохыг харуулах ч цаашид шүүх хуралдааны тэмдэглэлийг баталгаажуулахдаа анхаарч ажиллах нь зүйтэй.
Иймд, Ерөнхий шүүгч И.Амартөгсийн гаргасан зөрчил нь ноцтой, удаа дараа байх хуулийн шаардлага хангагдахгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж үзэхгүй.
Дээрхийг нэгтгэвэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, шүүгч Л.Энхжаргал нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нар тайлбартаа:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “С” ХХК-д холбогдох иргэний хэрэгт тус шүүхийн шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/*** дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах” тухай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасныг үндэслэн хариуцагч “С” ХХК-ийн эд хөрөнгө буюу мөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн болох 2,588,744,783.2 төгрөгөөр битүүмжлэх арга хэмжээ авч, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.3-т заасан арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч уг захирамжид гомдол гаргасан байдаг.
Уг гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1, 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэж, тус шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/*** дугаар “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах” тухай захирамжийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-н гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т “Нийт шүүгчийн чуулганаар дараах асуудлыг шийдвэрлэнэ”, мөн зүйлийн 20.2.4-т “энэ хуулийн 19.2.5-д заасан хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журмыг батлах”, мөн хуулийн 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж заажээ.
Нийт шүүгчийн чуулганаар баталсан 2021 оны 10 дугаар сарын 11 -ний өдрийн 05 дугаар тогтоол, 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам” болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ыг баталж, уг журамд 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Дээрх журмын 6.4-т “Дараах тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтад нийцүүлэн гомдол, хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид өгнө”,
6.4.1-д “Шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол зэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухай шүүхэд гаргасан гомдол /ИХШХШТХ-ийн 170.1/” гэж заасны дагуу “С” ХХК-ийн шүүгчийн захирамжид гаргасан гомдол
Ерөнхий шүүгч И.Амартөгсөд хуваарилагдсан.
Тус гомдлыг хэлэлцэх шүүх бүрэлдэхүүний тухайд дээрх журмын 7 дугаар
хэсэгт Шүүх бүрэлдэхүүнийг томилох, 7.1-д “Тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ ашиглан шүүх бүрэлдэхүүнийг сонгоно.”, 7.4-т “Бүрэлдэхүүн сонгох сугалааг зохион байгуулахдаа тухайн хэрэг, гомдол, хүсэлт хуваарилагдсан шүүгчийн туслах болон Хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга заавал оролцуулж сугалааг зохион байгуулна.”, 7.7-т “Хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг сонгох сугалааг явуулахдаа гомдол, хүсэлтийг шийдвэрлэх бүрэлдэхүүний тойрог, хэргийг шийдвэрлэх бүрэлдэхүүний тойрог тус тусдаа байна.”, 7.8-д “Бүрэлдэхүүний шүүгчийг сугалахдаа тухайн гомдол, хүсэлт, хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийн оролцогчийн болон өөрийн хүсэлтээр татгалзан гарсан шүүгч, энэ журмын 1.4.7-д зааснаар түр эзгүй байгаа шүүгч, ээлжийн амралттай байгаа шүүгчийн нэрсийг тус тус сугалаа сугалах нэрсийн жагсаалтаас хасна.” гэж заасны дагуу шүүх бүрэлдэхүүнд шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нар 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн үдээс өмнө зарлагдсан 9 гомдол хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд сугалаагаар сонгогдож, томилогдсон нь “хууль бус”-аар оролцсон гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
2.Өргөдөлд "... шүүгч Л.Энхжаргал нь “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах нь нэхэмжлэгчийн онцгой эрх юм уу, энэ арга хэмжээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдасгадаг арга биш, уг арга хэмжээг авхуулах зайлшгүй шаардлага бий болсон талаарх үндэслэлээ тайлбарла” гэх зэргээр тулган шаардсан асуултыг нэхэмжлэгч талаас удаа дараа асууж, зүй бусаар харьцсан .. зэргээр нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэсэн гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зохицуулсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах” арга хэмжээг хэрэгжүүлэхдээ шүүх тухайн зохицуулалт нь хууль хэрэглээний хувьд онцлог зохицуулалттай бөгөөд тухайн зүйлд зохицуулсан зарим заалт шүүхэд чиглэсэн байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5-д “шүүх энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээг авахдаа үйлдвэрлэл үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах зэрэг үр дагаварт хүргэж болохгүй” гэсэн зохицуулалт нь шүүхийн үүргээр тодорхойлогдох бөгөөд энэ үр дагаврыг мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.3-т заасан “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж заасан нэхэмжлэгч хариуцах үр дагавраас ялгаж ойлгох юм.
Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгжүүлэхдээ энэ арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй ямар үндэслэл байгаа, тухайн арга хэмжээг хэрэгжүүлснээр хариуцагчийн "... үйлдвэрлэл үйлчилгээний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, орлого олох эх үүсвэрийг хаах, түүнчлэн бүтээгдэхүүн түргэн муудаж, чанараа алдах ...” зэрэг үр дагавар үүсгэж байгаа эсэхийг хүсэлт гаргасан талаас асууж тодруулах нь шүүхийн үүрэг тул энэ үүргийн хүрээнд "... хүсэлт гаргагч талаас тухайн арга хэмжээг хэрэгжүүлэх зайлшгүй ямар үндэслэл ...” байгааг тодруулсан нь хариуцагчийн эрх ашгийг хамгаалсан, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна.
3.Өргөдөлд “...шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу, дүрс, дүрсний бичлэгтэй илэрхий зөрүүтэй, шүүх болон хэргийн орооцогчийн асуулт, хариултыг бүрэн дүүрэн тусгаагүй байхад даргалагч шүүгч И.Амартөгс нь тэрхүү шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулж гарын үсэг зурсан нь өөрсдийн үйлдсэн буруутай, хуульд захирагдаагүй үйлдлийг хаацайлах зорилготой гэж үзэж байна... гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын овог,
эцгийн нэр, нэр, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын овог, эцгийн нэр, нэр, хаяг, тэдний ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга,
түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ.”, мөн зүйлийн 96.3-т “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдаан даргалагч буюу шүүх хуралдааны оролцогчийн хэн нэгний санал болгосноор түүнд 3 хоногийн дотор засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгаж, шүүгч гарын үсэг зурж баталгаажуулна.” гэж заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу гомдол хэлэлцсэн шүүх хуралдааныг тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтөлсөн байх бөгөөд уг гомдлын хуралдааны тэмдэглэлтэй хэргийн оролцогч нар танилцах эрхтэй бөгөөд хэрэв алдаатай бичигдсэн гэж үзвэл хүсэлт гаргаж, шүүх хуралдаан даргалагчид танилцуулж, засвар хийж, энэ тухай тэмдэглэлд тусгахаар заасан ба хэргийн оролцогчоос ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Амартөгс, Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нар Монгол улсын Шүүхийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй тул өргөдөл гаргагч “М” ХХК-ийн гаргасан өргөдөлд үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“М” ХХК-иас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2025/*** дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
1. Өргөдлийн “ ...гомдлын шүүх хуралдааныг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцэж, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/*** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т зааснаар хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд: Нэхэмжлэгч “М” ХХК нь 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “С” ХХК-д холбогдуулж, ажил гүйцэтгэх гэрээний төлбөр 963,259,227.29 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг, шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШЗ2024/*** дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн,
- Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ЕШЗ2024/*** дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Энхжаргалыг томилсон, уг хэрэг сугалаагаар дахин хуваарилагдсан тул 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ЕШЗ2024/*** дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчийг өөрчлөн шүүгч Д.Г-н томилогдсоныг албажуулсан,
- шүүгч Д.Г 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/*** дугаар шийдвэрээр, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2024/*** дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн,
- Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2025/*** дугаар тогтоолоор, анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хэрэг буцаж ирсний дараа, Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191/ЕШЗ2025/*** дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч О.Аззаяаг албажуулсан.
Нэхэмжлэгч “М” ХХК 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэн өөрчилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан, дахин 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн өөрчилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргасныг, шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 191/ШЗ2025/*** дугаар захирамжаар хүсэлтийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагчаас шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасныг, тус шүүх 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 191/ШТ2025/*** дугаар тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжид хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170.1-д заасан журмын дагуу гомдол гаргах эрхтэй бөгөөд гомдлыг тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг оролцуулахгүйгээр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэж тогтоол гаргахаар мөн хуулийн 171.1-т хуульчилсан.
Шүүх бүрэлдэхүүн хуульд заасан бүрэн эрхийн дагуу гаргасан тогтоол нь шүүгчийн сахилгын зөрчилд хамаарахгүй бөгөөд түүнчлэн сахилгын хороо шүүхийн тогтоолын үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2.Өргөдөлд “... шүүгч Л.Энхжаргал нь тулган шаардсан асуултыг нэхэмжлэгч талаас удаа дараа асууж, зүй бусаар харьцсан, мөн тухайн шүүгчийн биеийн хэлэмж, асуулт асууж буй арга хэлбэр нь илт эргэлзээ төрүүлэхүйц сэтгэгдлийг нэхэмжлэгч талд төрүүлсэн буюу хариуцагч “С” ХХК-ийн эрх ашгийг илтэд хамгаалж, нэг талд үйлчилсэн гэж үзэхэд хүргэсэн шүүгч Л.Энхжаргал нь захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах үүрэгтэй атлаа нэхэмжлэгч тал анх гаргасан хүсэлтийн үндэслэл, зорилгыг тодруулах нэрийдлээр нэхэмжлэгчийг илтэд буруутгаж, асуулт хариултын үе шатанд хариуцагчийн эрх ашгийг хамгаалж байсан нь анхнаасаа захирамжийг хүчингүй болгох зорилготой, шийдвэрлээд орж ирснийг илэрхийлж байна. Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.7-д заасан “урьдчилан санал хэлэх”-гүй байх хориглолтыг зөрчсөн ...” гэжээ.
Шалгах ажиллагаагаар илтгэгч гишүүн гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийж, шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Л.Энхжаргалын нэхэмжлэгчээс асуусан асуулт, хариултыг саналдаа дэлгэрэнгүй тусгасан байна.
Тодруулбал шүүгч Л.Энхжаргал нь нэхэмжлэгчээс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийн үндэслэлийг тодруулж асуусан байх ба үүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.7-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
Мөн шүүх бүрэлдэхүүнд оролцсон шүүгч нь шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогчдын хэн алинаас асуулт асуух эрхтэй бөгөөд ба шүүгч Л.Энхжаргал нэхэмжлэгчээс дээрх байдлаар асуусан асуулт нь сахилгын зөрчилд тооцогдохгүй, түүнчлэн сахилгын хэрэг шалгах ажиллагааны явцад холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирласан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3.Мөн “... 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн гомдол хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн нь хуульд заасан урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор томилогдсон эсэхийг шалгаж өгнө үү” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 191/ЗТ2025/*** дугаар тогтоолоор баталсан “Хэрэг нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох журам”-ын 6.4-т “Дараах тохиолдолд ... гомдол, хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид өгнө”, 6.4.1-д “... шүүгчийн захирамж, ... зэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн шүүхэд гаргасан гомдол /ИХШХШТХ-ийн 170.1/”,
7.1-д “Тухайн шүүхийн шүүгчдээс урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор программ ашиглан шүүх бүрэлдэхүүнийг сонгоно”,
7.8-д “Бүрэлдэхүүний шүүгчийг сугалахдаа тухайн гомдол, хүсэлт, хэргийг өмнө шийдвэрлэсэн шүүгч болон шүүх бүрэлдэхүүн, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас хэргийн оролцогчийн болон өөрийн хүсэлтээр татгалзан гарсан шүүгч, энэ журмын 1.4.7-д зааснаар түр эзгүй байгаа шүүгч, ээлжийн амралттай байгаа шүүгчийн нэрсийг тус тус сугалаа сугалах нэрсийн жагсаалтаас хасна” гэж тус тус заасан байна.
Тус журмаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлд заасан гомдлыг Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, бүрэлдэхүүнд оролцох шүүгчийг системээр томилохоор зохицуулжээ.
Илтгэгч гишүүн гомдол шийдвэрлэх бүрэлдэхүүн томилогдсон системийн ажиллагааны дүрс бичлэгт үзлэг хийсэн байх ба үүнд 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15:17 цагт “шүүгч Л.Энхжаргал 1-ээр, шүүгч Б.Цолмонгэрэл 2-оор” системээр тойрог дотор санамсаргүй байдлаар хуваарилагдсан нь тогтоогдож байна.
Иймд Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2, 19.2.5-д заасан дараалал, журмыг зөрчөөгүй байна.
4. Өргөдөлд “ ...шүүх хуралдааны тэмдэглэл нь шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгтэй илэрхий зөрүүтэй, шүүх болон хэргийн оролцогчийн асуулт, хариултыг бүрэн дүүрэн тусгаагүй байхад даргалагч шүүгч И.Амартөгс нь шүүх хуралдааны тэмдэглэлийг албажуулж гарын үсэг зурсан” гэжээ.
Илтгэгч гишүүн гомдлын 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийж, тус шүүхийн 191/ТМ2025/*** дугаар шүүх хуралдааны тэмдэглэлтэй харьцуулан үзэхэд нийт 5 минут гаруй хугацааны тайлбар, мэтгэлцээн тэмдэглэлд тусгагдаагүй, түүнчлэн тэмдэглэлийн 2 дахь талд авагдсан хариуцагчийн өмгөөлөгчийн тайлбар, 3 дахь талд авагдсан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын тайлбар, асуулт хариултын шатанд хэлсэн тайлбарууд дутуу, товч байдлаар тусгагдсан нь тогтоогджээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.4-д “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, ...үйлдэнэ”, 87 дугаар зүйлийн 87.1-д “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан явуулах байр, танхимыг бэлтгэх, шүүх хуралдааны ирцийг бүртгэж шүүгч, шүүх бүрэлдэхүүнд танилцуулах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, шүүх хуралдааны явцыг дуу болон дүрс бичлэгээр баталгаажуулах, шүүхийн шийдвэрийг хүргүүлэх, гүйцэтгэх хуудас олгох, хүргүүлэх, хэргийг цэгцэлж үдэх, архивт шилжүүлэх ажиллагааг хийж гүйцэтгэнэ”, 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд … хэргийн ба шүүх хуралдааны оролцогчдын тайлбар, тэдгээрийн мэтгэлцээн, шинжээчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүх бүрэлдэхүүн, шүүгчээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан байдлыг бичнэ” гэж, 96.2-т тэмдэглэлд шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурна” гэж тус тус заасан.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2-т зааснаар шүүх хуралдааныг даргалагчийн удирдлага дор шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх, хэргийн оролцогчид танилцуулах, шүүгчээр баталгаажуулж хэрэгт хавсаргах нь шүүх хуралдааны нарийн бичгийн даргын албан үүрэгт хамаарахаар байна.
Гэтэл илтгэгч гишүүн “шүүх хуралдаан даргалагч нь талуудын тайлбар, асуулт хариулт зэрэг нь бүрэн тусгагдаагүй байхад тэмдэглэлийг албажуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96.1, 96.2-т тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэж үзсэн нь үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын шууд буруутай үйл ажиллагаанаас үүдэн шүүх хуралдааны тэмдэглэлд хэргийн оролцогчдын тайлбар дутуу бичигдсэнд шүүгчийг буруутган сахилгын зөрчил гаргасан гэж үзэх нь учир дутагдалтай юм.
Түүнчлэн, сахилгын хэрэгт авагдсан баримтаар даргалагч шүүгч И.Амартөгс нь санаатайгаар шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын тайлбарыг дутуу тусгах, орхигдуулах талаар нарийн бичгийн даргад үүрэг болгосон гэх нөхцөл байдал шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.
Хэдийгээр шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэнд шүүгчийг буруутгах үндэслэлгүй боловч холбогдох шүүгч И.Амартөгс нь цаашид шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйл ажиллагаанд хяналт тавьж, шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахад анхаарч ажиллавал зохино.
Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул илтгэгч гишүүнээс гаргасан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн ГС/2025/0098 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс, шүүгч Б.Цолмонгэрэл, Л.Энхжаргал нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
О.НОМУУЛИН