
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-10-21
Дугаар 120
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0100 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ... 1. Өргөдөлд “өөрийнхөө хийх юмыг нарийн, туслахдаа гай болохгүй хийж чадахгүй байж хүнд шаардлага тавьж яргалалдаа байлгаад сурсан. Өмнөх ердийн шүүхийн туслах нь ажлаасаа гарлаа гэдгээ ч хэлээгүй орхиод явсан байдаг юм байна билээ. Тийм юмны дэргэд хүн байтугай чөтгөр айж эрвэж цэрвээд зугтаана... Хэдэн юман дээр гарын сэг зурах гэж үглээд яншаад хараагаад байгаа юм уу ажлын шаардлага тавиад байгаа юм уу амаа хамхихаа мэддэггүй яриаг нь таслаад л гарахгүй бол үнэхээр хүнийг залхаан цээрлүүлдэг буй чөтгөр байна билээ...” гэх агуулга дурдагдсан.
Шалгах ажиллагааны явцад шүүгч Х.Оюунжаргалын туслахаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд томилогдон ирэхэд нь хамт ирсэн шүүгчийн туслах М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нараас гэрчийн мэдүүлэг авав.
М.Б “Би анх Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2020 онд нарийн бичгийн даргаар ажилд орсон ба шүүгч Х.Оюунжаргалын туслахаар 2 жил ажилласан. Миний хувьд анх хялбар ажиллагааны шүүхэд очно гэж бодоогүй боловч шүүгч Х.Оюунжаргал надад “хамт явах уу” гэх санал тавиад шүүгчийгээ дагаад хялбар шүүхэд ирсэн” гэх мэдүүлэг өгсөн ба мэдүүлгийн явцад ар гэрийн хувийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан талаар дурдаж байсан, /с.х-ийн 49-53 тал/
Л.Б “Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон сүүлд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгч Х.Оюунжаргалын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би анх шүүхэд 2024 оны 01 дүгээр сард ажилд орсон ба шүүгч Х.Оюунжаргалын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч байхад нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ирэхэд нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1 сар, нийт 7 сар ажилласан. Би шүүгчтэй биш, харин шүүгчийн туслах М.Б-тай таарч тохироогүй гарсан юм. Учир нь шүүгч Х.Оюунжаргал туслах М.Б-аа үүрэг даалгавар өгөхөөр, туслах нь надад хэлдэг байсан. Тэгээд ажил ихтэй, олон цагаар ажиллах хэцүү байсан тул гарсан. Мөн тухайн үед шүүгчийн туслахаар ажиллах ажлын санал надад ирсэн байсан юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн. /с.х-ийн 93-97 тал/
Иймд өргөдөлд дурдагдсан “өмнө нь ажиллаж байсан шүүгчийн шүүхийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дараг нар нь шүүгчтэйгээ таарч тохирохгүй, ажлаасаа гарлаа гэдгээ хэлээгүй ажлаа орхиод явсан” гэх агуулга үгүйсгэгдэж байна.
Шалгах ажиллагааны явцад шүүгч Х.Оюунжаргалын зүй бус авирласан гэх үйл баримттай холбоотой өргөдөл гаргагч Б.Ц-с нэмэлт тайлбар авахад тэрээр “Би өмнө нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжин ирж ажилласан. Эхлээд хялбар ажиллагааны шүүхэд эрүүгийн хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга байж байгаад Тамгын даргад хүсэлт гаргаж иргэний хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс байхаа шүүгч Х.Оюунжаргалын нарийнаар ажилласан. Иргэний ердийн шүүхэд байхад би зөвхөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар буюу тэмдэглэлээ л гаргадаг байсан бол хялбар ажиллагааны шүүхэд ачаалал их байснаас иргэний хэрэг үүсгэснээс хойших бүх зүйлийг туслахтай хамт туслахын ажлыг хийдэг байсан” гэв.
Түүнээс өргөдөлд дурдагдсан “...шаардлага тавьж, яргалалдаа байлгаад сурсан”, “...үглээд яншаад хараагаад байгаа юм уу ажлын шаардлага тавиад байгаа юм уу амаа хамхихаа мэддэггүй яриаг нь таслаад гарахгүй бол хүний залхаан цээрлүүлдэг буг чөтгөр байна билээ” гэх хэсгийг тодруулахад Б.Ц нь “Яг тэр гэхэд хэцүү байна. Байнга л үглээд байдаг байсан. Загнаад байгаа нь мэдэгдэхгүй, шаардлага тавиад байгаа нь мэдэгдэхгүй, тасралтгүй л үглээд байдаг байсан. Тодорхой болсон явдал, жишээ тохиолдлыг одоо санахгүй байна. Ер нь ажлын шаардлага тавьж байна гэж ойлгоход хэцүү, нэг ярьсан зүйлээ дахин дахин яриад байдаг байсныг нь санаж байна. Гэхдээ шүүгч өөрийн туслахаа нүүрэн дээр нь загнадаггүй, намайг л загнадаг байсан. Мөн шүүгч принтерээсээ юм хэвлэж чаддаггүй, дотоод сүлжээний нууц үгээ мэдэхгүй, нотебүүкээ асааж чаддаггүй, маш удаан шивдэг байсан. Туслах бид 2 бичсэн төслөө хянуулахаар дотоод сүлжээгээр явуулахад уг файлаа хадгалж чаддаггүй. Тэгээд явуулсан файлыг байхгүй байна гээд дуудах тохиолдлууд байсан. Гэхдээ хэт олон биш л дээ. Бас шүүх хуралдаанд нотебүүкээрээ шаардлагатай хуулиудаа хайж чаддаггүй, туслах бид 2 луу цаасан хууль аваад ир гэж уурладаг байсан”,
мөн өргөдөлд дурдсан “сансар огторгуйн зүйл шаардаад байдаг” гэснийг тодруулахад “Уул нь туслах бид хоёр амралтын өдрөөр ч, ажлын өдрийн шөнийн 12 цаг хүртэл ажилладаг байсан, бид чадлаараа л ажилладаг байсан. Ихэнхдээ туслах оройны 9 цаг өнгөрөөгөөд, би ихэнхдээ шөнийн 10-11 цаг хүргэдэг байсан. Гэтэл бид чадлаараа ажиллаж байхад биднээс илүү их зүйл шаарддаг байсан. Нэг удаа ажлаа хийж байхад миний бие өвдөөд байхаар нь илүү цаг сууж ажиллаж чадаагүй, 17 цаг 30 минутад явсан. Гэтэл маргааш нь шүүгч өрөөндөө намайг дуудаад надад “гэр бүлтэй юм уу, хүүхэдтэй юм уу, илүү цагаар сууж ажиллана шүү” гэж хэлж байсан” гэсэн тайлбарыг өгөв. /с.х-ийн 73-79 тал/
Шалгах ажиллагааны явцад дараах гэрчүүдээс шүүгч Х.Оюунжаргал, өргөдөл гаргагч Б.Ц нарын зан байдлын талаар тодруулахад:
гэрч Ж.Т “Би Б.Ц-тэй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хамт ажиллаж байсан. Би хялбар ажиллагааны шүүхэд 2025 оны 01 дүгээр сараас Ерөнхий шүүгчийн туслахаар ажиллаж байгаад 2025 оны 4 дүгээр сараас шүүгч Х.Оюунжаргал “миний туслах, нарийн бичиг ажлаасаа гарч байгаа, туслах хэрэгтэй байна” гэснээр шүүгч Х.Оюунжаргалын туслах болсон. Намайг шүүгч Х.Оюунжаргалын туслахаар ажиллаж эхлэх үед Б.Ц ажлаа өгч байсан болохоор Б.Ц-тэй нэг шүүгчтэй хамтран ажиллаагүй.
Б.Ц нь үг дуу цөөнтэй, хүнтэй мэнд мэддэггүй, нийтэч биш хүүхэд байх шиг санагддаг. Туслах, нарийн бичгүүд хамтдаа хоолонд орохоор гарлаа гэж бодоход би хувьдаа Б.Ц хамт гарч байсан удаа байгаагүй. Ер нь олон нийтийн үйл ажиллагаанд оролцоод байдаггүй зожиг талдаа байсан.
Шүүгч чанга дуутай, хурдан ярьдаг болохоор бусад хүмүүс загнаж байна гэж ойлгодог байж магадгүй. Гэхдээ шүүгч ширүүн зан чанартай хүн биш. Нарийн бичиг, шүүгч, бид гурав юм яриад байж байхад ширүүн загнаж, зандарч байгаагүй. Мэдээж болохгүй байгаа зүйлийг чиглүүлж хэлдэг. Шүүгч ууртай, загнаж, шахдаг хүн биш. Болохгүй байгаа зүйлийг хэлдэг, чиглүүлдэг ч гэсэн учиргүй загнаад байдаг хүн биш, тайван зан чанартай хүн гэж би боддог. Шүүгч бид хоёр 1.000-аад хэрэгтэй байж байгаад шүүгчийг амрахаас өмнө 923 хэрэгтэй амарсан. Хэдийгээр олон хэрэгтэй, ачаалал ихтэй ажилладаг боловч шүүгч намайг ширүүн загнаж байсан удаа байхгүй. Минийхээр шүүгч ууртай, уцаартай хүн биш” гэх, /с.х-ийн 39-43 тал/
гэрч Ж.М “Би өмнө нь шүүхэд ажиллаж байгаагүй. Хялбар ажиллагааны шүүхэд 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр ажилд ороод Б.Ц-с ажлыг нь хүлээж аван, шүүгч Х.Оюунжаргалын нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа. Б.Ц-н хувьд ажлаас гарах тушаал нь гарсан боловч тухайн үед шүүгч Х.Оюунжаргалын туслах М.Б ажлаасаа зэрэг гарч байсан болохоор Б.Ц 7 хоног архив хийж, ажилласан. Энэ хугацаанд нь би түүнтэй хамт архив хийж, нарийн бичгийн ажлыг заалгасан.
Б.Ц нээх их юм ярьдаггүй, дотогшоо хүн шиг санагддаг. Би түүнээс ажлыг нь хүлээж авсан болохоор надад нэг бүрчлэн өөрийнхөө хийж байсан ажлыг сайн зааж өгсөн боловч өөр зүйлийн талаар нээх ярьж байгаагүй. Бусадтай хэр харилцаатай талаар анзаараагүй. Харин шүүгч Х.Оюунжаргалын туслах байсан Б-тай харилцаа сайн, нийцтэй юм шиг анзаарагдсан.
Б.Ц шүүгч Х.Оюунжаргал нар маргаж байхыг нь харж байгаагүй. Нэг удаа шүүгчээр гарын үсэг зуруулах гээд хамт шүүгчийн өрөөнд орж байсан. Тэгэхэд шүүгч Х.Оюунжаргал Б.Ц-т “банк бус руу ороод дэмий байх аа, шүүхэд арай их зүйл сурна ш дээ” гэх агуулгатай зүйл хэлж байсан. Тэгэхэд Б.Ц юм хэлээгүй, дуугүй л байсан. Тухайн үед шүүгч уурласан, бухимдсан зүйл анзаарагдаагүй, зүгээр л ярьсан шиг санаж байна.
Шүүгчийн хувьд өмнөх туслах нь “манай шүүгч жаахан ууртай шүү” гэж хэлж байсан. Би өөрөө хүний үг даахдаа муу болохоор дотроо жаахан айж байсан юм. Гэтэл шүүгч Х.Оюунжаргал чанга дуутай, түргэн ярьдаг хүн байсан боловч өнөөдрийг хүртэл намайг загнаж, уурлаж байсан удаагүй. Би ажилд ороод 2 сар болж байх үед нэг удаа шүүгч надад “тэмдэглэлийг загварын дагуу бичих хэрэгтэй, энэ дээрээ анхаармаар байна” гэж хэлж байсан. Гэхдээ тухайн үед загнасан өнгө аяс анзаарагдаагүй. Ер нь шүүгч их түргэн ярьдаг, чанга дуутай хүн боловч ууртай, бухимдуу хүн гэж би боддоггүй. Минийхээр би шүүгчийг муухай ааштай хүн гэж боддоггүй. Шүүгч чанга дуутай, түргэн ярьдаг хүн. Би анх ороод хүнд, хэцүү байх болов уу, дээрээс нь туслах М.Б “шүүгч жаахан ууртай” гэсэн болохоор айж байсан боловч шүүгчтэй харилцахад өнөөдрийг хүртэл хүндрэлтэй, хэцүү зүйл болоогүй” гэх, /с.х-ийн 44-48 тал/
Гэрч Б.Б “Би Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байгаад Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх байгуулагдахад нь ирж ажилласан. Одоо хялбар ажиллагааны шүүхийн шүүгч Ч.А-н нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Би шүүгч Ч.А-н нарийн бичгийн даргаар ажиллаж байхад иргэний хэргийн шүүгч нарын ажил их байгаа тул зарим нэгэн эрүүгийн хэргийн нарийн бичгийн дарга нарыг туслахын туслахаар тодорхой хугацаанд ажиллуулсан. Тодруулбал 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 3 дугаар сарын 31-ний өдрийг дуустал шүүгч Х.Оюунжаргалын туслах М.Б-ын туслахаар ажилласан. Энэ хугацаандаа шүүгч Х.Оюунжаргалын 1 шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар орж байсан.
Минийхээр шүүгчийн харилцаа хандлага нь сайхан ааштай хүн шиг санагдаагүй. Анх намайг дуудаж уулзахдаа “чи орж ирж танилцдаггүй юм уу” гэж хэлж байсан. Мөн надад “би ирж ажиллаж л байгаа бол туслах, нарийн ирж ажиллах хэрэгтэй. Манай туслах хэзээ явна тэр цагт чи явна шүү дээ. Хагас бүтэн сайнд яагаад та нар суухгүй байгаа юм. Би ирж ажиллаад дотоод сүлжээгээр харахад та нар байхгүй байдаг” гэж хэлж байсан удаатай. Мөн туслах М.Б нэг удаа шүүгчид аваачаад өгчих гээд материал өгч би түүнийг нь шүүх хуралдааны танхим руу оруулж өгөхөд шүүгч “хаашаа алга болчихдог юм” гээд хэргийн оролцогчдын хажууд захирангуй харьцаж байсан.
Туслах М.Б нь шүүгч Х.Оюунжаргалын нарийн бичгийн даргаас туслах болоод 3-4 жил шүүгчтэйгээ хамт ажилласан юм билээ. Тэрээр надад шүүгчийгээ “аашилж загнаад байж магадгүй шүү, ээж шиг чинь. Тэрийг нь битгий тоогоорой” гэж хэлж байсан.
Б.Ц нь их дуу багатай хүүхэд шиг надад санагддаг. Б.Ц нь ажлын хэн нэгэнтэй найзлах, хэн нэгэнтэй хоолонд хамт орж байгааг би харж байгаагүй. Харахад суудал дээрээ л сууж байдаг байсан. Б.Ц нь барагтай л юм ярьдаггүй, дуугүй хүүхэд байсан. Би эрүүгийн хэргийн шүүхээс ирсэн болохоор мэдэхгүй зүйл гардаг байсан ба мэдэхгүй байгаа зүйлээ туслах, нарийн бичиг нараас асуудаг. Өөрөөр хэлбэл Б.Ц-тэй би ажил хэргийн л харилцаатай байсан. Надад 1-2 удаа шүүгчийнхээ талаар хэлж байсан санагдаж байгаа боловч юу гэж ярьж байсан талаар санахгүй байна. Гэхдээ минийхээр шүүгч тэгээд, ингээд гэж хэлж байсан байх аа. Минийхээр “Б.Ц шүүгчээсээ болж ажлаасаа гарсан болов уу” гэж бодож байна. Б.Ц нь туслахтайгаа бол зүгээр, энгийн харилцаатай байсан.
Тухайн үед туслах, нарийн бичиг нь зэрэг ажлаас гарч байх үед, иргэний хэргийн шүүгч 2 туслахтай болж магадгүй талаар яриа байсан. Шүүгч Х.Оюунжаргал надаас “миний туслахаар үлдэх үү, өөрөө мэд” гэж асууж байсан. Би өөрөө эрүүгийн эрх зүйд сонирхолтой тул зөвшөөрөөгүй” гэх, /с.х-ийн 88-92 тал/
гэрч М.Б “Б.Ц-т надтай нэг өрөөнд хамт, миний өөдөөс хараад суудаг байсан. Б.Ц нь анх Ерөнхий шүүгч Х-ны нарийн бичгээр ажиллаж байгаад Тамгын даргад иргэний шүүхэд ажилламаар байна гэх хүсэлт гаргасан байсан. Тухайн үед манай нарийн бичиг ажлаасаа гарсан тул манай шүүгчийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн. Би Б.Ц-тэй хамт ажилласан 1 сарын хугацаанд хамтдаа хоол идэхээр гарч үзээгүй. Манай өрөөнд 6 туслах, 6 нарийн, нийт 12 хүн суудаг байсан бөгөөд хааяа юм яриад бөөндөө суухаар Б.Ц бидэнтэй ярилцаж байсан удаа байгаагүй. Минийхээр Б.Ц нь зожигдуу хүүхэд байсан. Миний ажигласнаар нэг хүүхэдтэй л найз байсан байх, хааяа орж ирээд Б.Ц-тэй ярьж, түүнээс юм асуудаг байснаас бусад үед ганцаараа байдаг байсан.
Б.Ц-н ажлаас гарсан шалтгааныг нь мэдэхгүй. Гэхдээ миний бодлоор хялбар ажиллагааны шүүх маш их ачаалалтай, дээрээс нь туслахын ажилд тусалж, ажлаас нь хамт хийдэг байсан. Мөн Б.Ц-н хувьд шүүгч Х.Оюунжаргал таалагдаагүй юм шиг байна билээ. Учир нь шүүгчийн ярьж байгаа өнгө аясыг өөрийг нь загнаж байна гэж боддог байсан байх. Би түүнээс “юу гэж загнасан юм бэ” гэж асуухаар “шүүгч тэрийгээ хийсэн үү, энийгээ хийсэн үү” гэх байдлаар туслахын хийх ажлыг өөрөөр нь хийлгээд байна гэж ойлгодог байсан байх гэж таамаглаж байна.
Тэрээр тэмдэглэлээ хугацаанд нь гаргадаг байсан. Шүүгч тэмдэглэлийн засварыг нь хийгээд хэвлэчих гэдэг байсан. Ер нь миний хувьд илүү цагаар сууж ажилладаг байсан. Нэг удаа би Б.Ц-г “явахгүй юм уу, эрт явахгүй юу даа” гэж асуухад “шүүгч намайг орой суу гэсэн” гэж хэлж байсан. Гэхдээ гэр нь Кино үйлдвэрт байсан болохоор Б.Ц ихэнхдээ 18-19 цаг хүргээд явдаг байсан.
Шүүгчийн зан байдлын хувьд шулуун зан чанартай, зөв бурууг шууд хэлчихдэг. Сайн байвал урамшуулдаг, буруу зүйл хийсэн бол тухайн үедээ загнадаг ч араас нь тайлбарлаад ойлгуулдаг болохоор би хувьдаа загнасныг нь хүндээр хүлээж авдаггүй. Минийхээр шүүгчийг ширүүн ууртай зан чанартай хүн гэж боддоггүй, өөрийнх нь байгаа байдал, ярьж байгаа өнгө аяс нь бусдыг загнаж байгаа юм шиг ойлголтыг төрүүлдэг байх. Сонгинохайрхан дүүргийн шүүхэд байхаас нь хүмүүс шүүгчийг ааштай гэж ярьдаг байсан. Энэ нь шүүгчийн ярианы өнгө аясаас болдог байсан байх. Гэхдээ хүнийг ажлаас нь гаргахаар хэмжээний хэцүү ааштай хүн биш.
Б.Ц-н өмнө нь ажиллаж байсан нарийн бичгийн дарга маань түргэн шуурхай, юмаа хийчхээд өөр юу хийх вэ гэдэг хүүхэд байсан. Харин Б.Ц нь хий гэсэн зүйлийг л хийдэг, дотогшоо хүүхэд байсан. Миний хувьд шүүгч Б.Ц-г загнаж байсан удааг хараагүй, харин шүүгч надад “Б.Ц-т сайн зааж өгөөрэй” гэж л хэлж байсан. Ер нь би Б.Ц-н уурлаж байсныг нь харж байгаагүй. Тэрээр баярлаж байгаа нь ч, уурлаж байгаа нь ч, жаргалтай байгаа нь ч мэдэгддэггүй, нүүрний хувирал нь багатай хүүхэд байсан болохоор Б.Ц-т хэцүү байгаа гэж анзаарагдаагүй. Гэхдээ нэг удаа Б.Ц Тамгын даргад “шүүгчээ солимоор байна” гэж хэлсэн юм билээ. Тэгэхэд дарга “шүүгчийн туслах, нарийн бичиг шүүгчээ солих боломжгүй” гэж хэлсэн байсан. Тухайн үед би “яагаад шүүгчээ солих” гэсэн талаар Б.Ц-с асуугаагүй юм байна. Минийхээр Б.Ц нь хуучин шүүхдээ байхдаа зөвхөн шүүх хуралдааны тэмдэглэл бичдэг байсан. Харин хялбар ажиллагааны шүүхэд туслахын ажлыг хамт хийдэг байсан болохоор хэцүү байсан байх. Тэгээд шүүгч “энийгээ яасан, тэрийгээ яасан” гэж асуухаар нь загнаж байна гэж боддог байсан болов уу. Минийхээр өөрийнх нь хийх ёсгүй ажлыг хийгээд, өөр хүний өмнөөс загнууллаа гэж боддог байсан юм шиг байна билээ” гэх, /с.х-ийн 49-53 тал/
гэрч Л.Б “би шүүгч Х.Оюунжаргалын удирдлага доор 1 сар, нийт 7 сар ажилласан. Шүүгч өөрийн удирдлагад байдаг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартаа энгийн найрсаг харилцаатай бол хэргийн оролцогчтойгоо шүүгч хүн шиг хатуу, чанга байр суурьтай харилцдаг. Туслах, нарийн бичигтээ шаардлага өндөртэй, аливаа зүйлийг хугацаандаа гаргах хэрэгтэй гэдэг. Гэхдээ шаардлагаа үгээрээ “энийг яагаад хугацаанд нь гаргаагүй юм бэ” гэх мэтээр хэлдэг. Би шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой загнуулах нь гайгүй ч, шүүгчийн захирамжийн төсөл бичихэд хааяа алдаа гаргадаг байсан. Тэр үед шүүгч ганц нэг удаа, олон биш хэлж байсан санаж байна. Гэхдээ хэсэгхэн загнаад тайвширчихдаг, тэгээд төсөл зөв бичихэд зааж, чиглүүлж өгдөг байсан.
Шүүгч Х.Оюунжаргал нь хуучин Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан болохоор доод хүмүүстээ буюу өөрийн удирдлагад ажилладаг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартаа бага зэрэг өндөр шаардлага тавьж ажилладаг гэж би хувьдаа боддог” гэх, /с.х-ийн 93-97 тал/
гэрч О.С “2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр энэхүү шүүхэд Тамгын газрын даргаар томилогдоход шүүгч, ажилтнууд нийт 185, захиргааны ажилтнууд 144 орон тоотой гэж тогтоож өгсөн. Би өөрийн өмнө нь ажиллаж байсан шүүхээсээ 25 ажилтан авчирсан бөгөөд бусад ажилтнуудын нэрсийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс ирүүлсэн. Тэр нэрс дунд Б.Ц-н нэр байсан. Миний санаж байгаагаар би хуваарилалтаа анх хийхдээ Б.Ц-г эрүүгийн шүүхэд өгсөн. Дараахан нь Б.Ц надтай уулзаад “би иргэний шүүгч дээр ажиллаж болох уу” гэх хүсэлт тавьсан бөгөөд шүүгч Х.Оюунжаргалын нарийн бичгийн дарга 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр ажлаас гарсан тул би Б.Ц-г шүүгч Х.Оюунжаргалын нарийн бичгийн даргаар нь ажиллуулсан. Б.Ц нь 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдөр надтай уулзаад “би ажлаас гарах гэж байгаа” гэсэн. Би “хаашаа орж байгаа юм бэ” гэж асуухад “хувийн байгууллагад орох гэж байгаа” гэж хариулж байсан юм. Ингээд түүнийг 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн бөгөөд ажил хүлээлцэхэд ямар нэгэн асуудал гараагүй.
Зан харилцааны хувьд Б.Ц нь их дуугүй, юм ярьдаггүй, даруухан, намуухан хүүхэд юм болов уу гэж боддог. Гэхдээ оны эхэнд манай шүүх засварын ажил ид явагдаж байсан тул Б.Ц-тэй шууд харилцаж байгаагүй болохоор түүнийг шууд үнэлж, дүгнэж чадахгүй байна.
Шүүгч Х.Оюунжаргал, нарийн бичгийн дарга байсан Б.Ц нар “ажил болохгүй байна, бүтэхгүй байна” гэх зэргээр надтай уулзаж байсан, хэлж байсан удаа байхгүй. Гэхдээ тэдний хамтран ажилласан хугацаа бага. Шүүгч Х.Оюунжаргал туслах, нарийн бичигтэйгээ хэрхэн харилцдаг талаар мэдэхгүй юм. Би хувьдаа шүүгчтэй 4-5 удаа л уулзаж байсан. Тэгэхээр шүүгчийг хувьдаа сайн таньж мэдэхгүй учраас зан байдлын талаар хэлэх боломжгүй байна. Б.Ц нь “би шүүгч Х.Оюунжаргалаас өөр шүүгчтэй ажилламаар байна” гэх хүсэлтийг би санахгүй байхыг бодоход ийм хүсэлт гаргаагүй байх.
Манай шүүх одоогоор маш их ачаалалтай ажиллаж байгаа, иргэний хэргийн нэг шүүгчид 700-1200 хэрэг байна. Шүүгчийн туслах өөрийн ачааллаа дийлэхгүй байгаагаас нарийн бичгийн даргаа дайчлах, ажлаа хувааж хийдэг. Эдгээрээс зарим туслах, нарийн бичгүүд хоорондоо харилцаа сайтай, ажлаа хамтраад хамт хийж байхад зарим нь таарахгүй муудалцах тохиолдлууд байдаг” гэх, /с.х-ийн 59-63 тал/
гэрч И.Э “Би Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Б.Ц миний удирдлагад 2025 оны 3 дугаар сард ажлаасаа гарах хүртэл ажилласан.
Б.Ц нь угийн дуу цөөтэй хүүхэд байсан болохоор шүүгч, шүүгчийн туслахтайгаа ажиллахад хүндрэлтэй байгаа гэсэн зүйл огт ярьж, хэлж байгаагүй. Би шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартайгаа өдөр бүр өрөөгөөр нь орж, ийм ажлыг ингэж хийнэ, тэгж хийнэ, та нарт ямар нэгэн асуудал байна уу гээд уулзаж байнгын харилцан ярилцаж ажилладаг... Ер нь бид нар 2025 оны 01 дүгээр сараас энд тэндээс олон шүүхээс цугларсан хүмүүс байсан тул нэгнээ таньж мэдээд өнгөрсөн. Миний хувьд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нартайгаа илүү ойр, тулж ажилладаг. Б.Ц-тэй 2025 оны 02 дугаар сард “шүүх хуралдааны тэмдэглэл системд чагтлаагүй, албажуулаагүй” талаар ярилцахаар нэг удаа ганцаарчилж уулзаж байсан. Тэгэхэд тэрээр “шүүгчид өгсөн, тэмдэглэл хянаж байгаа” гэж байсан. Тэрнээс өөрөөр түүнтэй яг тулж уулзаж байсан удаа байхгүй. Ер нь их чимээгүй, дуугүй хүүхэд. Уурлаж, бухимдаж байсан тохиолдлыг нь харж байгаагүй. Бусад шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгээс зарим нэг нь болохгүй байгаа, тулгамдаж байгаа зүйлийнхээ талаар хэлж байсан удаа байгаа ч Б.Ц-с бол ямар нэгэн хүсэлт гаргасан, хүндрэлтэй зүйл байгаа талаараа хэлж байсан удаа байхгүй.
Б.Ц “шүүгч Х.Оюунжаргалаас өөр шүүгчтэй ажилламаар байна” гэх талаар юу ч ярьж байгаагүй. Ер нь иргэний хэргийн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар шүүх хуралдааны танхимын хүрэлцээ байхгүйгээс цөөн тооны буюу 7 хоногт 1-2 өдөр шүүх хуралдаанд ордог тул тэд шүүгчийн туслахын ажлыг давхар хийдэг. Өөрөөр хэлбэл шүүгчийн туслахтайгаа ажлаа хувааж хийдэг. Б.Ц-н хувьд шүүгч Х.Оюунжаргалтай холбоотой ямар нэгэн хүсэлт, хүндрэлтэй байгаа зүйлийн талаар нэг ч удаа хэлж байгаагүй.
Шүүгч Х.Оюунжаргалын өмнө нь ажиллаж байсан туслах М.Б нь “манай шүүгч ааштай” гэж хэлж байхын хувьд хэлж байсан. Гэхдээ би “ааштай” гэдгийг нь “ажлын шаардлага тавьдаг” гэж ойлгож байгаа. Учир нь манай танхимын тэргүүн ээлжийн амралттай байх хугацаанд шүүгч Х.Оюунжаргал түүнийг орлож ажилласан. Энэ хугацаанд би шүүгчтэй их ойр ажилласан. Жишээ нь зөвлөгөөнөөр хэлэлцэх асуудлын талаар урьдчилан надад мэдэгдээд, надаас шалтгаалан бэлдэх зүйлийг урьдчилан хэлж бэлдүүлчихдэг байсан нь их амар санагдсан. Минийхээр шүүгч Х.Оюунжаргалтай харилцан ойлголцоход амар санагдсан бөгөөд тэрээр ажлаа мэддэг болохоор ажлын шаардлага тавьж ажилладаг хүн юм байна даа гэж бодогдсон. Харин одоо ажиллаж байгаа туслах Ж.Т , нарийн бичгийн дарга Ж.М, мөн Б.Ц-н өмнө ажиллаж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нараас шүүгчийнхээ талаар ярьж байсан зүйл байхгүй. Шүүгчийн туслах М.Б “манай шүүгч жаахан ааштай ш дээ” л гэж байсан, өөр зүйл хэлж байгаагүй. Харин шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нь өөр ажилд орох гэж байгаа гэснээс өөр шүүгчтэйгээ холбоотой ямар нэгэн болохгүй байгаа зүйлийн талаар ерөөсөө ярьж байгаагүй.
Хялбар ажиллагааны шүүхэд ороод л шүүгч Х.Оюунжаргалыг таньж мэддэг болсон тул тийм ч сайн мэдэхгүй. Гэхдээ минийхээр шүүгч нь өндөр шаардлага тавьдаг, хэлэх гэсэн зүйлээ шууд хэлчихдэг шулуухан хүн шиг санагдсан” гэх, /с.х-ийн 99-103 тал/
гэрч Б.Х “Анх 2016 оны 5 дугаар сард Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх байж байгаад өөрчлөгдөж Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болсноос хойш 8 жил шүүгч Х.Оюунжаргалтай хамт ажилласан. Үүнээс 4 жил буюу 2021-2024 оныг дуустал миний бие тус шүүхийн Ерөнхий Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан. Тухайн үед шүүгч Х.Оюунжаргал нь орон нутгаас манай шүүхэд шилжиж ирж байсан юм. Сонгинохайрхан шүүхэд шүүгч тус бүр нэг туслахтай, 2 шүүгчийн дунд нэг нарийн бичгийн дарга ажилладаг байсан.
Шүүгч Х.Оюунжаргал нь зан байдлын хувьд уцаартай, ууртай, огцом, зохисгүй зан ааш авиртай хүн огт биш. Харин ч заримдаа жаахан зөөлдөх гээд байдаг талтай байсан. Шүүгчийг туслахдаа шаардлага тавь гэж хэлэх үе надад байдаг байсан боловч тухайн үед нь шүүгч Х.Оюунжаргал туслахаа өмөөрөх хандлагатай байдаг хүн. Шүүгч болгон шүүгчийн туслахын ажил үүргийн хуваарийг хуульд заасан байдаг. Бид хуульд заасан хуваарьт ажлаа хийдэг байсан... Мэдээж зарим шүүгчийн туслах хийх ёстой ажлаа гүйцэтгээгүйгээс шүүгчдээ загнуулах тохиолдол гарах үе байна. Харин шүүгч Х.Оюунжаргалын хувьд ер нь өөрийн туслахуудаа өмөөрөх хандлагатай хүн байсан. Тэрээр Ерөнхий шүүгчээр өмнө нь ажиллаж байсан хүн ба тэрээр түшигтэй, зарчимч, бие авч яваа байдал нь бусдад үлгэр болохуйц хүн гэж би хувьдаа үздэг” гэх мэдүүлгийг тус тус өгсөн. /с.х-ийн 55-58 тал/
Мөн өргөдөл гаргагч Б.Ц нэмэлт тайлбар өгөхдөө “шүүгч Х.Оюунжаргалд миний хийсэн бүх зүйл таалагддаггүй байсан. Ер нь бол шууд хараалын үг хэлж байгаагүй, харин далд утгатайгаар янз бүрээр хэлдэг байсан. Шууд утгаар хэлсэн нь “усан толгойтой, толгойгоо ажиллуулаач” гэж хэлж байсан. Ер нь хараагаад байгаа юм уу, загнаад байгаа юм уу, шаардлага тавиад байгаа нь ялгагдахгүй зогсолтгүй үглэдэг хүн байсан” гэсэн бөгөөд уг үйл баримттай холбоотой өмнө нь шүүгч Х.Оюунжаргалын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б-с шүүгч дээрх үгийг хэлж байсан эсэхийг тодруулж асуухад “Би шүүх хуралдааны тэмдэглэлтэй холбоотой загнуулах нь гайгүй ч, шүүгчийн захирамжийн төсөл бичихэд хааяа алдаа гаргадаг байсан. Тэр үед шүүгч ганц нэг удаа, олон биш хэлж байсан санаж байна. Гэхдээ хэсэгхэн загнаад тайвширчихдаг, тэгээд төсөл зөв бичихэд зааж, чиглүүлж өгдөг байсан” гэсэн болно.
2. Өргөдөлд “...Шүүх хуралдаанаа ч аятайхан удирдан зохион байгуулаад явчих чадваргүй, хэлж яриад байгаа зүйлс нь ойлгогддоггүй. Хэргийн оролцогчдын гудамжны золбин нохойтой ярьж байгаа юм шиг үнэн сэжгийн харилцаатай...” гэж дурдсан.
Шалгах ажиллагааны явцад Б.Ц-н гар утсанд хадгалагдаж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа оролцсон 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дүрс байхгүй, дууны бичлэгт үзлэг хийн бэхжүүлсэн.
Тухайн шүүх хуралдаан нь даргалагч шүүгч Х.Оюунжаргал нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц-г шүүх хуралдаанд хэргийн оролцогч бус, гаднын хүнийг ажиглагчаар оруулсан байгаад бухимдаж байгаагаар эхэлж байх боловч хэргийн оролцогчидтой харилцахдаа тайван, бухимдсан өнгө аястайгаар яриагүй нь бичлэгээр тогтоогдож байна. /с.х-ийн 80-85 тал/
Мөн өмнө нь шүүгчийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Л.Б “хааяадаа үглэх тохиолдол байдаг ч байнга үглээд байдаг хүн биш. Шүүгчийн туслахтайгаа найрсаг харилцдаг ч гэсэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргатай бол жаахан дээрэнгүй гэмээр харилцдаг. Дээрэнгүй гэдэг нь шүүх хуралдааны явцад, хэргийн оролцогч нар байхад “энийгээ тэгэхгүй яасан юм бэ, яагаад ийм байгаа юм” гэх мэтээр загнах маягтай харилцдаг байсныг хэлж байгаа юм. Шүүх хуралдааны бус үед харин энгийн харилцдаг. Гэхдээ зарим тохиолдолд би ажилтай холбоотой, алдаа гаргавал шүүгч загнах үе байсан. Загнахдаа өөрийн ярьдаг дууны хэмнэлээс чанга дуугаар, элдэв хараалын үг, дорд үзсэн маягтай үг хэллэг хэрэглэж байгаагүй” гэх мэдүүлгийг өгөв.
Хэдийгээр нэг удаагийн шүүх хуралдааны дууны бичлэгийг сонсоод шүүгч Х.Оюунжаргалыг хэргийн оролцогчидтой харьцахдаа зүй бус авирладаг гэдгийг тогтоох боломжгүй боловч, гэрч М.Б, Л.Б, Ж.Т , Ж.М, Б.Х, Б.Б, О.С, И.Э нарын мэдүүлэгтэй харьцуулан үзэхэд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах,...” гэсэн хуулийн заалтыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
3. Өргөдөлд “...Цагаан сарын дараа амраад орсон өдөр 2, 3 хүнд нэхэмжлэл гардуулж байгаад байгууллагын золголт дээр нь ороогүйнхээ төлөө үүднийх нь босгоор давж ороогүй байхад харааж зүхээд эхэлсэн...” гэж дурдагдсан.
Уг үйл баримттай холбоотойгоор шүүгч Х.Оюунжаргал “...Цагаан сарын дараах Тамгын газрын цайллага болоход бүгд орсон, хэн орсон, ороогүйг мэдэхгүй байна. Яагаад гэвэл манай шүүх 180-аад албан хаагчтай, тэгээд ч цайллагад орох эсэх нь тухайн хүний асуудал. Гэтэл намайг “цайллагад ороогүй гээд үүднийх нь босгоор давж ороогүй байхад харааж зүхээд эхэлсэн гэсэн ба энэний зүй бус ёс бус үйлдлүүд маш их байгаа ердөө 2-5 хувь” гэжээ. Тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар орж ирэхэд нь “Бүрнээ та 2 орсон уу” гэхэд “амжаагүй ээ, хүнтэй байсан” гэж хэлсэн. Тэрнээс би харааж зүхээд байсан юм байхгүй, би ер нь туслах, нарийн нараа харааж зүхээд загнаад байсан бол тэд нар зүгээр байх уу наад зах нь Тамгын дарга, хэлтсийн дарга нартаа “шүүгч загнаад байна, хамт ажиллаж чадахгүй, өөр шүүгчтэй ажиллана” гэх хүсэлт, гомдол гаргах байсан байхаа...” гэх тайлбар ирүүлсэн. /с.х-ийн 67-70 тал/
Тухайн үйл баримтыг тодруулахаар өргөдөл гаргагч Б.Ц-с нэмэлт тайлбар авахад “Тэр өдөр шүүгчийн туслах ажлаасаа хоцорч ирсэн ба би 2 хүнд нэхэмжлэлийн хувь гардуулснаас нэг хүн дээр нь их удсан юм. Тэгээд өглөөний байгууллагын цагаан сарын золголтод орж амжаагүй. Золголт дууссаны дараа шүүгчийн өрөөнд очиход өрөөнд нь орж амжилгүй загнуулсан. Шүүгч “их зантай, золголтод оролцоогүй” гэх мэтээр загнасан” гэх, /с.х-ийн 73-79 тал/
гэрч М.Б “Хялбар ажиллагааны шүүхэд туслах, нарийн бичгийн дарга нарыгаа танихгүй болохоор эвгүй санагдаад миний хувьд золголтод ороогүй. Б.Ц ч гэсэн ороогүй санаж байна. Дараа нь шүүгч дотоод чатаар “ахмад шүүгчид байхад ирж золгохгүй яасан юм бэ, байгууллагын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй” гэх утгатай зүйл хэлсний дараа бид 2 шүүгчийн өрөөнд очиж зөвхөн шүүгчтэй золгосон” гэх мэдүүлгийг тус тус өгөв. /с.х-ийн 49-53 тал/
Өргөдөл гаргагч Б.Ц-н тайлбар болон гэрч М.Б-ын мэдүүлгээс үзэхэд 2025 оны цагаан сарын байгууллагын золголтын үйл ажиллагаанд Б.Ц , М.Б нар оролцоогүй, харин шүүгч Х.Оюунжаргал Цагаан сарын үйл ажиллагаанд оролцохгүй яасан юм бэ гэж хэлсэн гэх үйл баримт тогтоогдож байх боловч уг үйлдлийг нь шүүгчийг зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй юм.
4. Өргөдөл гаргагч Б.Ц “2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шинэ шүүх дээр ажиллахаар ирсэн.Очсон өдрөөс л бүх зүйл таалагдаагүй шүү. Юу ч болоогүй түв түүхий засвар нь ч дуусаагүй аймшгийн хүйтэн газар. Бид нар шүүхийн захиргааны албан хаагчид болохоос байнга гүрүүшиг, барилгын ажил хувийн компанид ороогүй шүү” гэж дурдагдсан.
Б.Ц “анх хялбар ажиллагааны шүүхэд очиход халаалт байхгүй, засварын ажил хийгдсэн, цэвэрлэгээ хийгдээгүй байранд очсон. Бас 3 дугаар давхрын засварын ажил ч дуусаагүй байсан. Би ширээ, сандал, компьютер зэргийг зөөхөөс гадна засварын дараах цэвэрлэгээг хийсэн. Гэхдээ шүүхийн бүх ажилтан эдгээр цэвэрлэгээ, нүүлгэлтийг хийсэн. Бас бид нар ойр ойрхон их олон удаа нүүх нь хэцүү байсан. Удирдлагаас байсхийгээд л нүү гэхээр бид нар ажлын хажуугаар өөрсдийнхөө өрөөний зүйлээ дахиад л өөр өрөө рүү зөөдөг байсан” гэх нэмэлт тайлбар өгсөн бол,
гэрч Ж.Т “2025 оны 01 дүгээр сард нүүж ороход өрөөнөөс өрөөний хооронд өөрсдөө нүүсэн. Учир нь манай шүүх 2025 оны 3 дугаар сар хүртэл бид тогтмол өрөөтэй болоогүй, жигдрээгүй байсан. Энэ хугацаанд өрөөнөөс өрөөний хооронд нүүхдээ бид өөрсдөө шүүгээ, компьютер зэрэг өөрсдийн хүлээж авсан эд хөрөнгөө цэвэрлэсэн. Тэрнээс барилгын ажил, өөр цэвэрлэгээ хийлээгүй. Угаасаа компьютер, шүүгээгээ өөрсдөө зөөр нь бидний ажил” гэх,
гэрч Ж.М “би ажилд орсноос хойш Тамгын газраас бид нарыг дайчилсан цэвэрлэгээ хийлгэсэн тохиолдол байхгүй. Харин саяхан 2025 оны 4 дүгээр сарын эхээр байх аа өрөөгөө хоорондоо солиод нүүсэн. Тэр нь манай хурлын өдөр байсан болохоор би шүүх хуралдаантай байсан. намайг цайны цагаар завсарлаад очиход туслах Ж.Т , өмнөх туслах М.Б нар өөрсдөө өрөөгөө нүүлгээд дууссан байсан, би нүүлгэлцээгүй. Тэдэнд эрэгтэй туслахууд тусалсан гэсэн” гэх,
гэрч М.Б “Би хялбар ажиллагааны шүүхэд анхнаас нь ирсэн. Анх нүүж ирж байх үед би Б.Ц-г танихгүй, нэрийг нь сонсож байсан. Анх бид нарыг очиход засварын ажил дуусаагүй, нийтдээ 3-4 өрөө сольж, нүүсэн. Бид нар том зүйлээ эрэгтэйчүүдээрээ зөөлгөөд, шүүгээ зэрэг жижиг зүйлсээ өөрсдөө нүүлгэж, өрөөгөө өөрсдөө цэвэрлэсэн. Б.Ц манай нарийн бичиг болсноос хойш засвар, цэвэрлэгээний ажлыг хийлгэж байсан удаа байхгүй” гэх,
гэрч О.С “Манай шүүхийн барилгын засвар хийгдсэн, шинэ тавилгууд ирсэн боловч цэвэрлэгээ огт хийгээгүйгээр хүлээж авч байсан. Тэгээд бүгдээрээ ингээд байлтай биш цэвэрлэх үү гээд нийтээрээ бүгд цэвэрлэгээ хийсэн. Бид нар бүх тавилгуудаа өөрсдөө угсарч, зөөсөн, цэвэрлэгээ хийсэн юм. Энэ үед Б.Ц-г илүү ажиллуулсан дайчилсан зүйл байгаагүй, харин ч би өөрийн авчирсан хүмүүсээ таньдаг гэдэг утгаар нь тэднийг илүү дайчилж ажиллуулсан” гэх мэдүүлгүүдийг өгөв.
Дээрх гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд тус шүүх нь байгуулагдсанаар засвар, цэвэрлэгээ, тавилга, техник төхөөрөмжийг зөөхөд зөвхөн Б.Ц-г дайчилсан бус, тухайн шүүхийн нийт албан хаагчид хамрагдсан байх бөгөөд уг ажиллагаа нь шүүгчээс даалгасан ажил бус, харин Тамгын газрын үйл ажиллагаа байсан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан.
Гэрчүүдийн мэдүүлгүүдээс үзэхэд шүүгч Х.Оюунжаргал нь зөвхөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан буюу өргөдөл гаргагч Б.Ц-тэй зүй бус авирладаг бус, харин өөрийн удирдлагад байдаг шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарт ажлын шаардлага тавьж ажилладаг байсан байна гэж үзэхээр байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31 дэх заалтад заасан ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэж үзэхгүй.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36 дахь заалтад “шүүгч өөрөө гэрчээр дуудагдсан, эсхүл өөрийн удирдлага дахь ажилтны талаар тодорхойлохоос бусад тохиолдолд хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлох” гэж заасан.
Хуулийн дээрх зохицуулалтад заасан шүүгч нь хүний зан байдал, ёс зүй, нэр төр, чадварын талаар тодорхойлохдоо үүнийгээ бусдад илэрхийлсэн байх учиртай бөгөөд шалгах ажиллагааны явцад шүүгч Х.Оюунжаргал нь шүүхийн Тамгын газарт Б.Ц-тэй холбоотой ямар нэгэн санал, хүсэлт, гомдол гаргаж байгаагүй болох нь гэрч буюу Тамгын газрын дарга О.С, иргэний хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга И.Э нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.36 дахь заалтад заасан зөрчил гаргаагүй гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргал нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Х.Оюунжаргал Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
“ ...Би Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад 2025 оны 01 сараас Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байгаа бөгөөд тус шүүхэд ажиллахаар ирэхэд шүүгчийн туслахаар М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Л.Б нар хамт ирсэн ба Л.Б нь гэртээ ойр гээд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар шилжиж ажиллахаар явсан тул оронд нь Б.Ц нарийн бичгийн даргаар ажилласан.
Б.Ц нарийн бичгийн даргаар ажиллах хугацаандаа 7 хоног бүрийн баасан гарагт шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар орж тэмдэглэл бичих, хуралгүй үедээ гүйцэтгэх хуудасны төсөл бичих, архивын хэрэг эмхэтгэх ажил хийж байсан.
Анх 2025 оны 01 дүгээр сард хялбар ажиллагааны шүүхэд 6 дүүргээс шилжиж ирсэн иргэний хэрэг нь 1 шүүгчид 300-д хэрэг хуваарилагдсан ба тус хэргүүд нь 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээс өөр ажиллагаа /ихэнх хэрэг нь/ хийгдээгүй байсан тул хуульд заасан ажиллагааг дахин явуулах шаардлага үүссэн. Иймд Тамгын газраас нарийн бичгийн дарга нарыг шүүгчийн туслахын ажилд туслалцаа үзүүлэхийн тулд зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Энэ нь хэргийн оролцогч нарыг дуудах, мэдэгдэх хуудас хүргүүлэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагаа хийлгэхээр болсон ба мөн эрүүгийн шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга нарыг ч гэсэн иргэний шүүгч нарт хуваарилан туслахтай хамт хэрэгт ажиллагаа хийлгэж байсан. Түүнчлэн 1 өдөрт ирэх нэхэмжлэл нь 1 шүүгчид 20 хүрч байсны улмаас хэргийн ачаалал маш их болсон.
Анх хялбар ажиллагааны иргэний шүүгчээр 15 шүүгч ажиллаж байсан ба сүүлд эрүүгийн шүүхээс 5 шүүгч нэмэгдэж ирсэн ч гэсэн ачаалал ер буураагүй, танхим байгуулан иргэний шүүгч нар 20 болоод ч ачаалал буураагүй ба хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбогдуулан иргэд албан байгууллагаас өдөрт ирүүлэх нэхэмжлэлийн тоо өссөн ба ББСБ гэхэд шуудангаар 1000 гаруй нэхэмжлэлийг ирүүлдэг болсон бөгөөд 1 шүүгчид 600-900 /гаруй/ нэхэмжлэл, хэрэг ажиллагаанд байсан, сая давж заалдах шатны шүүх рүү 2 шүүгч, 1 шүүгч өндөр насны тэтгэвэрт гарахад нь нэхэмжлэл, хэргийг нь хуваарилахад 1 шүүгч нийт 1000 гаруй хэрэгтэй болсон. Тэрнээс шүүгчийн буруугаас шүүхийн буруугаас болж хэргийн ачаалал ихсээгүй, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад ердийн иргэний хэрэгт ажиллагаа хийхээс өөр нэмэлт ажиллагаа хийх талаар хуулиар зохицуулсан тул энэ бүх ажиллагаа хийх явцад хэргийн ачаалал нэмэгдэж байна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөлд иргэний шүүгч нарыг 2 шүүгчийн туслахтай болгох талаар тамгын газар болон шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан албан бичиг явуулсан боловч шийдэгдээгүй байна. Иймд тамгын газраас шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нарыг тэмдэглэл бичихээс гадна туслахтай хамт хэрэгт ажиллагаа хийлгэж байгаа нь шинээр ажилд орсон нарийн бичигт ачаалал болж байж болно.
Шүүгч Х.Оюунжаргал би шүүгчээр 28 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд өөрийн туслах болон нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа мөн шүүхийн Тамгын газрын бусад албан хаагч нарыг өрөөндөө оруулан загнах, дарамтлах зүй бус зан авир гаргаж байгаагүй болохыг шударгаар хэлж байна.
Харин миний хувьд хурдан ярьдаг нь зарим нэгэн хүнд загнаж байгаа юм шиг санагдсан байх. Би өмнө хамт болон одоо ажиллаж байгаа туслах, нарийн бичгийн дарга нараа өрөөндөө дуудаж загнах, шийдвэр, захирамж, тэмдэглэлд гарын үсэг зуруулахад нь загнах, элдэв бусаар хэлж байгаагүй. Тэмдэглэл болон захирамжийг цаасаар хянадаггүй, компьютер дээрээ фолдер үүсгээд тэрүүндээ оруулсан тэмдэглэл хянаад алдаа байвал тэрүүнийг нь засаад гарын үсэг зуруулахаар орж ирэхэд нь гарын үсэг зурах явцдаа алдааг нь хэлдэг байсан нь Б.Ц-т үглээд яншаад байгаа юм шиг санагджээ. Тэрнээс алдаагаа зөвөөр ойлгох, хүлээн авах чадвар байсан бол түүнд ажлын шаардлага тавьж байна гэж ойлгон дахин тэр алдаагаа давтахгүй гэж бодох байсан байхаа.
Миний хувьд нарийн бичиг нараа болон Б.Ц-н бичсэн тэмдэглэлийг эрээн цоохор болтол зурах, чи тэглээ ингэлээ гэж загнах асуудал гаргаж байгаагүй, тэмдэглэлийг нь засаад алдааг нь хэлэхийг чухалчилдаг. Хун бүр анхнаасаа мэдэхгүй ирээд мэдээд сураад, ажилдаа дадлага суугаад, хийж байгаа ажлаа өөрийн болгоод авдаг ба хэний ч хүүхэд ялгаагүй гэж боддог тул ажиллаж байсан шүүхийнхээ тамгын газарт энэ туслах, нарийн бичиг ажлаа хийж чадахгүй байна гээд солих хүсэлт гаргах талаар гомдол гаргаж үзээгүй харин ч сургаад ажиллуулаад энэ олон жилийн хугацаанд ирсэн.
Б.Ц-г нарийн бичгийн даргаар хуралд орох болоход нь хаана ажиллаж байгаад ирсэн талаар асуухад Баянгол, Хан-Уулын иргэний шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад ирсэн гэхээр нь шүүхийн ажил, ачаалал мэдэх юм байна гэж бодож байсан.
Гэтэл түүний гаргасан гомдолтой танилцахад хамт ажиллаж байсан шүүгчээ гүтгэсэн хэлэх хэлэхгүй муухай үг хэллэгээр доромжилсон, заналхийлсэн, яргачин гэж хүртэл аль муухай үгээр бичсэнд маш их харамсаж байна.
Б.Ц-г ажлаас гарах гэж байгаа талаар туслахаас сонссон ба түүнийг өрөөнд орж ирэхэд нь “яагаад гарах гэж байгаа хаана ажиллах тухай” асуухад ББСБ ажилд орох гэж байгаа гэхэд нь “ББСБ их ачаалаалтай даа, чи эндээ ажиллаж байгаад туслах болоод дараа шүүгч болоход чинь чамд хэрэгтэй” гэж хэлж байсан болохоос түүний гомдолд бичсэн шиг харааж, зүхээд загнасан асуудал байхгүй.
Хамт ажиллаж байсан туслах, нарийн бичиг нар зөндөө л бусад шүүх рүү болон өөр ажилд орохоор явах үед нь ч гэсэн би загнаж байгаагүй, тэмдэглэл , өнгөн хувь архивын хэрэгт дутуу байсан ч гэсэн дараа нь завандаа ирээд хийгээрээ гээд тойрохыг нь зураад өгдөг, тэд нар ч дутуугаа гүйцээгээд өгдөг байсан. Үүн шиг Б.Ц-г 2,3 тэмдэглэл дутуу байхад архивын хэрэг хянуулаагүй байхад дараа нь гаргаад өгөөрөө гээд тойрохыг нь зураад л явуулсан. Дутуу тэмдэглэлээ хянуулаад зуруулсан, архивын хэргүүдийг туслах М.Б хянуулаад архивд өгсөн.
Намайг хамт ажиллаж байсан туслах, нарийн бичгийн даргаа загнаж байсан болон шүүхээс гарах эрх зүйн актаа өөрөө /шийдвэр захирамж/ бичдэг эсэх талаар туслах, нарийн бичгүүд хэлэх байхаа.
Миний хувьд Тамгын газарт Б.Ц-н талаар гомдол гаргах, Б.Ц нь шүүгч намайг загнаад дарамтлаад яргалаад байсан эсэх талаар гомдол гаргасан эсэхийг Тамгын газар тодорхойлох байхаа гэж бодож байна.
Б.Ц нь хэдийгээр ажлаасаа хүсэлтээрээ гарсан ч гэсэн эргээд аль ч шүүхэд ажилд орох хүсэлтээ гаргах боломжтой шүү дээ.
Гомдолд нөүтбүкээ асаах товчлуур олоод асааж чаддаггүй, шүүхийнхээ дотоод сүлжээний нэвтрэх нэр нууц үгийг мэддэггүй талаар бичсэн байна. Шүүхийн байранд нүүж ороход дотоод сүлжээг байхгүй, засварын ажил дуусаагүй байсан, 3 давхарт иргэний шүүгч нарыг суулгахаар болж засварын ажлаа түрүүлэн дуусгаад шүүгч нар өрөө тасалгаанд орсон ба ээлж дараалан шинээр компьютер өгч сүлжээг хэсэгчлэн суурилуулан шинээр паспорт өгсөн боловч сүлжээ болохгүй, компьютер асахгүй гацах зэрэг асуудал гарч байсан тул мэдээлэл технологийн ажилтныг дуудаж компьютер үзүүлэх сүлжээ оруулах дотоод чат суулгах гэх мэт ажлыг бүх л шүүгч нар хийлгэж байсан. Амрахаас өмнө ч гэсэн дотоод чат болохгүй компьютер гэнэт унтрах зэрэг асуудал болж байсан тул мэдээлэл технологийн ажилтнаас асуухад ачаалал даахгүй, сервер болохгүй байгаа тул холбогдох газраас хүмүүс ирээд засаж байгаа талаар хэлсэн.
Мөн өмнөх шүүхэд ажиллаж байхад шүүх хуралдааны танхим бүр компьютер байсан түүнийгээ ашиглаад хуулиа хэрэглэдэг байсан ба тус шүүхийн хурлын зааланд компьютер байхгүй тул шүүхээс өгсөн нөүтбүкээс хууль хэрэглэж байсан ба Б.Ц-г нарийн бичгийн даргаар орж байх үед харааны шилээ өрөөндөө мартаад орсны улмаас нөүтбүкээ асаах товчлуураа харахгүй байсан тул асаалгасан. Энэ нь түүнд шүүгчээ муулах шалтаг болжээ.
Миний хувьд сүүлийн үед ойрын хараа муудаж, нөүтбүк асаах товчлуур болон номын үсэг харахгүй болж байгаа тул ойрын харааны шил хэрэглэдэг болсон.
Харин бичихийн хувьд энэ олон жил бичиж ирсэн тул харааны шилгүй бичдэг. Ердийн шүүхэд байхад туслахаас талуудын тайлбарыг скайнердаад тодорхойлох хэсэгт оруулаад өгдөг байсан бол хялбар ажиллагааны шүүхээс гарах шүүхийн шийдвэр тодорхойлох хэсэг бичихгүй үндэслэх, тогтоох хэсэгтэй тул туслах тодорхойлох бичих шаардлагатай болсон.
Шүүгч Х.Оюунжаргал миний хувьд шийдвэр, захирамжаа өөрөө бичдэг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 117 дугаар зүйлийг бичсэн төслийг хааяа туслах бичдэг байсан боловч ачаалал ихтэй байгаа тул өөрөө бичээд туслахад хэлдэг, туслах хэвлэдэг.
Миний хувьд шүүх хуралдаанаа хуульд заасан дэс дараалал, журмын дагуу явуулдаг, хэргийн оролцогч нарыг загнаж зандарч үзээгүй ба хэрвээ ийм асуудал байсан бол хэргийн оролцогч нар энэ талаар Сахилгын хороонд гомдол гаргах, Тамгын газарт асуудал тавих боломжтой боловч тийм юм болж байгаагүй.
Цагаан сарын дараах Тамгын газрын цайллага болоход бүгд орсон, хэн орсон, ороогүйг мэдэхгүй байна. Яагаад гэвэл манай шүүх 180-аад албан хаагчтай, тэгээд ч цайллагад орох эсэх нь тухайн хүний асуудал. Гэтэл намайг “цайллагад ороогүй гээд үүднийх нь босгоор давж ороогүй байхад харааж зүхээд эхэлсэн гэсэн ба энэний зүй бус ёс бус үйлдлүүд маш их байгаа ердөө 2-5 хувь” гэжээ.
Тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар орж ирэхэд нь “Бүрнээ та 2 орсон уу” гэхэд “амжаагүй ээ, хүнтэй байсан” гэж хэлсэн. Тэрнээс би харааж зүхээд байсан юм байхгүй, би ер нь туслах, нарийн нараа харааж зүхээд загнаад байсан бол тэд нар зүгээр байх уу наад зах нь Тамгын дарга, хэлтсийн дарга нартаа “шүүгч загнаад байна, хамт ажиллаж чадахгүй, өөр шүүгчтэй ажиллана” гэх хүсэлт, гомдол гаргах байсан байхаа.
Б.Ц нь нээрээ л надтай ажиллаж чадахгүй байсан юм бол Тамгын даргадаа энэ тухай танилцуулаад өөр шүүгчтэй ажиллах боломж нь байсаар байтал яагаад ажлаасаа гарсан юм бол гарснаасаа хойш 5 сарын дараа гомдол гаргасан, энэ хугацаанд хаана ажиллаж байсан юм болдоо гэж бодож байна.
Өргөдөлд “Ж.Кульдана шүүгчтэй хов яриад суудаг” гэсэн байна. Шүүгч бид нар ширээний араас босох завгүй юмаа бичдэг тул нуруу өвдөх нүд аргах, хөл өвдөж чилдэг /хүн л юм хойно/ тул хэний өрөөнд кофе байна түүний өрөө рүү орж уух асуудал бүгдэд, нь л байдаг. Тэрнээс бид хоёр хэв яриад сууна гэж үгүй шүү дээ тийм ч зантай хүмүүс биш.
Шүүхийн академиас шүүгч нарыг Турк улс руу сургалтад явуулах болоход миний нэр орсон байсан ба сургалт 2025 оны 02 дугаар сарын 21-28-ны өдрийн хооронд явагдах, 20-ны өдөр нисэхээр болсон тул шийдвэр, захирамжуудаа бичих шаардлага гарсан учраас 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр орох байсан хуралдааныг товоор хойшлуулсан энэ талаар хэргийн оролцогч нараас ямар нэгэн гомдол гараагүй ба сургалтаас ирээд дээрх товоор хойшлуулсан хэрүүдээ 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн.
Намайг амрахаас өмнө Тамгын даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан И.Э-с “тантай ажиллаж байсан Б.Ц Ерөнхий зөвлөлд гомдол гаргасан байна, тэр гомдлыг Тамгын газарт шилжүүлсэн” гээд надад танилцуулахад “та нар шалгахгүй юу даа” гэж хэлсэн ба гомдолд намайг ална гэсэн байсан тул И.Э-т “би орой ...явдаг тул ажилдаа ороод хамгаалалт авмаар байна” гэж хэлж байсан. /Шүүхээс гараад ...зам харанхуй болсон байдаг, хүмүүс зөрөөд явдаг тул хэн нэг нь хутгалах бий, ямар нэгэн асуудал гарах бий гэж түүнээс хойш айж явдаг болсон./
Б.Ц-н хувьд өөрөө хүсэлтээ өгч ажлаас гарсан байж ажлаас гарсан шалтгаанаа шүүхийн Тамгын газраа, шүүгчээ буруутгаж байгаад харамсаж байгаа бөгөөд шүүгч миний амь насанд хэн нэгэн ямар нэгэн байдлаар халдах эсхүл халдахыг завдах, гэр бүлийг заналхийлэх тохиолдол гарахад үүнийг Б.Ц-тэй холбон асуудал тавих болно. Яагаад гэвэл шүүгч миний амь насанд заналхийлж байгаа тул.
Шүүгч миний амралт 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдөр эхэлсэн боловч захирамжуудаа бичээд гарын үсэг зураад 8 дугаар сарын 11-ний өдрөөс л амарсан. Б.Ц-н өргөдлийн дагуу шалгахад шүүгч би түүнийг болон өмнө ажиллаж байсан туслах, нарийн бичгүүдээ загнах, дарамтлах, яргалах асуудал гаргасан байсан эсэх талаар үнэн нь тодорхой болох байх гэж бодож байна.
Иймд сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.Ц-с Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдуулан гаргасан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн ГЗҮ/2025/0085 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
1.Өргөдлийн “ ...өөрийнхөө хийх юмыг нарийн, туслахдаа гай болохгүй хийж чадахгүй байж хүнд шаардлага тавьж яргалалдаа байлгаад сурсан. Өмнөх ердийн шүүхийн туслах нь ажлаасаа гарлаа гэдгээ ч хэлээгүй орхиод явсан байдаг юм байна билээ” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч Х.Оюунжаргал нь урьд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажиллаж байсан байх ба Шүүх байгуулах тухай хууль 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг шинээр байгуулсантай холбогдуулан уг шүүхэд томилогджээ.
Түүнчлэн шүүгч Х.Оюунжаргалын туслахаар ажилладаг М.Б болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Б нар нь мөн Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжин, ажилласан байна.
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад өргөдөлд дурдсан үйл баримтыг тодруулахаар шүүгчийн туслах М.Б-аас гэрчийн мэдүүлэг авсан байна. Тухайлбал: “Би анх Сонгинохайрхан дүүргийн шүүхэд 2020 онд нарийн бичгийн даргаар ажилд орсон ба шүүгч Х.Оюунжаргалын туслахаар 2 жил ажилласан. Миний хувьд анх хялбар ажиллагааны шүүхэд очно гэж бодоогүй боловч шүүгч Х.Оюунжаргал надад “хамт явах уу” гэх санал тавиад шүүгчийгээ дагаад хялбар шүүхэд ирсэн” гэх мэдүүлэг өгсөн ба мэдүүлгийн явцад ар гэрийн хувийн шалтгааны улмаас ажлаасаа гарсан талаар дурдаж байсан” гэжээ.
Мөн нарийн бичгийн дарга Л.Б гэрчээр: “Өмнө нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд болон сүүлд нь Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгч Х.Оюунжаргалын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Би анх шүүхэд 2024 оны 01 дүгээр сард ажилд орсон ба шүүгч Х.Оюунжаргалын шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүгч байхад нь 2024 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал 6 сар, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгчээр ирэхэд нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 1 сар, нийт 7 сар ажилласан. Би шүүгчтэй биш, харин шүүгчийн туслах М.Б-тай таарч тохироогүй гарсан юм. Учир нь шүүгч Х.Оюунжаргал туслах М.Б-аа үүрэг даалгавар өгөхөөр, туслах нь надад хэлдэг байсан. Тэгээд ажил ихтэй, олон цагаар ажиллах хэцүү байсан тул гарсан. Мөн тухайн үед шүүгчийн туслахаар ажиллах ажлын санал надад ирсэн байсан юм” гэх мэдүүлгийг тус тус өгсөн байна.
Дээрх шүүгч Х.Оюунжаргалын туслахаар ажиллаж байсан М.Б, Л.Б нарын мэдүүлгээс өргөдөлд дурдсан “ ...өмнөх ердийн шүүхийн туслах нь ажлаасаа гарлаа гэдгээ ч хэлээгүй орхиод явсан” гэх үндэслэл тогтоогдохгүй байх ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
2.Өргөдлийн: “ ...Хэдэн юман дээр гарын үсэг зурах гэж үглээд яншаад хараагаад байгаа юм уу ажлын шаардлага тавиад байгаа юм уу амаа хамхиж мэддэггүй, яриаг нь таслаад л гарахгүй бол үнэхээр хүнийг залхаан цээрлүүлдэг буй чөтгөр байна билээ” гэх үндэслэлийн тухайд:
Иргэн Б.Ц нь урьд Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шүүгч Х.Оюунжаргалын удирдлага дор шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажилласан байна.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлийг тодруулахаар гэрчээр Б.Ц , Ж.Т , Ж.М, Б.Б, М.Б, Л.Б, О.С, И.Э, Б.Х нараас мэдүүлэг авсан тэмдэглэлээ саналдаа дэлгэрэнгүй тусгажээ.
Гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгч Х.Оюунжаргал нь өөрийн удирдлага доорх ажилтантай албан үргийн дагуу шаардлага тавихдаа өндөр дуугаар захиран тушаах өнгөөр асуулт асуудаг нь тэдгээрт сөрөг сэтгэгдэл төрүүлсэн, загнаж зандарсан, дарамталсан ойлголт бий болгожээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэснийг энгийн үг хэллэгээс өөр үг хэллэг хэрэглэж илтэд бүдүүлэг, догшин зан ааш гаргахыг ойлгох байх ба Монгол хэлний их тайлбар тольд “зүй бус” гэдгийг “жам ёсноос гадуур” гэж, “авир” гэдгийг “хүний зан ааль аашлах ерөнхий байдал” гэж тайлбарласантай харьцуулбал шүүгч Х.Оюунжаргал нь албан үүргийн дагуу шаардлага тавихдаа захиран тушаах өнгөөр асуулт асуусан нь хэдийгээр тохиромжтой өнгө аяс биш ч “зүй бус авирласан” зөрчил гаргасан гэж үзэхээргүй байх ба энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий болжээ.
3.Өргөдлийн: “ ...Шүүх хуралдаанаа ч аятайхан удирдан зохион байгуулаад явчих чадваргүй, хэлж яриад байгаа зүйлс нь ойлгогддоггүй. Хэргийн оролцогчдын гудамжны золбин нохойтой ярьж байгаа юм шиг үнэн сэжгийн харилцаатай” гэх үндэслэлийн тухайд:
Илтгэгч гишүүн шалгах ажиллагааны явцад Б.Ц-н гар утсанд хадгалагдаж байсан шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа оролцсон 2025 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн “М ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэргийн шүүх хуралдааны дууны бичлэгт үзлэг хийн бэхжүүлжээ.
Тодруулбал, үзлэгээр тухайн шүүх хуралдаан нь даргалагч шүүгч Х.Оюунжаргал нь шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц-г шүүх хуралдаанд хэргийн оролцогч бус, гаднын хүнийг ажиглагчаар оруулсан байгаад бухимдаж байгаагаар эхэлж байх боловч хэргийн оролцогчидтой харилцахдаа тайван, бухимдсан өнгө аястайгаар яриагүй нь тогтоогдсон байна.
Иймд шүүгч Х.Оюунжаргал нь шүүх хуралдааны явцад нарийн бичгийн даргад албан үүрэгтэй нь холбогдуулан шаардлага тавьсан гэж үзэхээр байх бөгөөд уг үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах,...” гэх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхгүй талаар дүгнэсэн илтгэгч гишүүний саналыг буруутгахгүй.
4.Өргөдлийн: “ ...Цагаан сарын дараа амраад орсон өдөр 2, 3 хүнд нэхэмжлэл гардуулж байгаад байгууллагын золголт дээр нь ороогүйнхээ төлөө үүднийх нь босгоор давж ороогүй байхад харааж зүхээд эхэлсэн” гэх үндэслэлийн тухайд:
Холбогдох шүүгч тайлбартаа “ ... Цагаан сарын дараах Тамгын газрын цайллага болоход бүгд орсон, хэн орсон, ороогүйг мэдэхгүй байна. Яагаад гэвэл манай шүүх 180-аад албан хаагчтай, тэгээд ч цайллагад орох эсэх нь тухайн хүний асуудал. Гэтэл намайг “цайллагад ороогүй гээд үүднийх нь босгоор давж ороогүй байхад харааж зүхээд эхэлсэн гэсэн ба энэний зүй бус ёс бус үйлдлүүд маш их байгаа ердөө 2-5 хувь” гэжээ. Тэмдэглэлд гарын үсэг зуруулахаар орж ирэхэд нь “Бүрнээ та 2 орсон уу” гэхэд “амжаагүй ээ, хүнтэй байсан” гэж хэлсэн. Тэрнээс би харааж зүхээд байсан юм байхгүй, би ер нь туслах, нарийн нараа харааж зүхээд загнаад байсан бол тэд нар зүгээр байх уу наад зах нь Тамгын дарга, хэлтсийн дарга нартаа “шүүгч загнаад байна, хамт ажиллаж чадахгүй, өөр шүүгчтэй ажиллана” гэх хүсэлт, гомдол гаргах байсан байхаа” гэжээ.
Түүнчлэн өргөдөл гаргагч Б.Ц гэрчийн мэдүүлэгтээ: “ ... Тэр өдөр шүүгчийн туслах ажлаасаа хоцорч ирсэн ба би 2 хүнд нэхэмжлэлийн хувь гардуулснаас нэг хүн дээр нь их удсан юм. Тэгээд өглөөний байгууллагын цагаан сарын золголтод орж амжаагүй. Золголт дууссаны дараа шүүгчийн өрөөнд очиход өрөөнд нь орж амжилгүй загнуулсан. Шүүгч “их зантай, золголтод оролцоогүй” гэх мэтээр загнасан гэжээ.
Мөн шүүгчийн туслах М.Б гэрчээр: “...Хялбар ажиллагааны шүүхэд туслах, нарийн бичгийн дарга нарыгаа танихгүй болохоор эвгүй санагдаад миний хувьд золголтод ороогүй. Б.Ц ч гэсэн ороогүй санаж байна. Дараа нь шүүгч дотоод чатаар “ахмад шүүгчид байхад ирж золгохгүй яасан юм бэ, байгууллагын үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй” гэх утгатай зүйл хэлсний дараа бид 2 шүүгчийн өрөөнд очиж зөвхөн шүүгчтэй золгосон” гэж мэдүүлсэн байна.
Дээрх сахилгын хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээс үзэхэд шүүгч Х.Оюунжаргал нь өөрийн туслах болон нарийн бичгийн дарга нартаа “Цагаан сарын үйл ажиллагаанд оролцохгүй яасан юм бэ “ гэж хэлсэн байх ба шүүгчийн уг үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
5.Өргөдөлд: “2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн шинэ шүүх дээр ажиллахаар ирсэн. Очсон өдрөөсөө л бүх зүйл таалагдаагүй шүү. Юу ч болоогүй түв түүхий засвар нь ч дуусаагүй аймшгийн хүйтэн газар. Бид нар шүүхийн захиргааны албан хаагчид болохоос байнга гүрүүшиг, барилгын ажил хувийн компанид ороогүй” гэж дурдсан байх бөгөөд уг асуудал нь шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой бус “шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөнтэй холбоотойгоор шүүхийн нүүдэл болон зохион байгуулалттай” холбоотой шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд хамаарахаар байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Шүүгч өөрийн бүхий л үйл ажиллагаандаа зохисгүй байдал гаргахгүй байж, тийнхүү зохисгүй байдалтай гэж харагдахгүйгээр биеэ авч явах учиртай. Өөрөөр хэлбэл шүүгч нь олон нийтийн байнгын хяналтад байдаг тул жирийн хүний хувьд бэрхшээлтэй байж болох хувийн эрх, эрх чөлөөг хязгаарласан хэм хэмжээг өөртөө тогтоож, түүнийгээ ямар нэгэн шахалт шаардлагагүйгээр, сайн дураараа хэрэгжүүлэх ёстой. Ялангуяа, шүүгч нь шүүхийн өндөр нэр хүндэд нийцүүлэн биеэ авч явах ёстой.
Хэдийгээр сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Х.Оюунжаргалыг сахилгын зөрчил гаргасанд тооцоогүй боловч цаашид шүүгчийн ёс зүйн зарчмыг чанд баримталж, бусадтай харилцахдаа хүндэтгэлтэй хандахыг анхаарах нь зүйтэй.
Иймд илтгэгч гишүүнээс “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй ...” гэх үндэслэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0100 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Оюунжаргалд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
С.ЭНХТӨР