info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-10-14

Дугаар 118

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга О.Сумъяабазар, сахилгын хэргийн оролцогч Г.Мөнхтулга, өргөдөл гаргагч Д.Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0099 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “1. ...Шалгах ажиллагааны явцад цугларсан баримтуудаас үзвэл “Ю а” ХХК-аас Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдуулан гаргасан “Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШЗ2024/... дүгээр захирамжаар шүүгч Б.Адъяасүрэн захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа  явуулжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 128/ЗТ2024/... дугаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус захиргааны хэргийг шүүгч Ц.Мөнхзулд шилжүүлсэн байна.

Шүүгч Ц.Мөнхзул 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШЗ2024/... дүгээр захирамжаар Д.Э-ийг “Ю а” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулсан байх бөгөөд гуравдагч этгээд Д.Э нь Д.Э-д хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг олгосон байна. Үүний дагуу шүүхээс түүнд эрх үүрэг тайлбарлан өгч, хэргийн материал танилцуулжээ.

Шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар  захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутад явуулахаар товлон зарласан байна. 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас эрүүл мэндийн шалтгааны улмаас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүгч хүлээн авч, 128/ШЗ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ.

Мөн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, 128/ШЗ2025/... дугаар захирамжаар шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хуралдааны товыг хэргийн оролцогчдод мэдэгдсэн талаарх баримтыг хэрэгт хавсаргасан байна.

2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд мөн Д.Э-аас дахин эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлж, тус хүсэлтийг шүүгч хэргийн оролцогч нарт танилцуулахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналыг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гуравдагч этгээдийн саналыг дэмжиж шүүх хуралдааныг хойшлуулах саналыг тус тус гаргажээ.

Шүүхээс гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан байх ба энэ талаараа хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгажээ. 

Дээрх 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснээс үзвэл шүүхээс түүнд хуралдааны товыг мэдэгдсэн болох нь тогтоогдож байна.

Иймд өргөдөл гаргагчийн “хуралдааны тов мэдэгдээгүй, хүргүүлээгүй” гэх өргөдөл нь үндэслэлгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4 дэх хэсэгт “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасны дагуу шүүгч гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч нь шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох үүргийг хүлээдэг тул дээрх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

...Шүүхээс тус захиргааны хэргийн хариуцагчаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан байх ба хэрэгт хийсэн үзлэгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийг солиогүй болох нь тогтоогдож байна.

Харин 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ТМ2025/... дүгээр шүүх хуралдааны тэмдэглэлд уг захиргааны хэргийн хариуцагчийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд гэж хариуцагчийн нэрийг буруу бичсэнийг техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэхээр байна.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд зааснаар шүүх хуралдааны нарийн бичгийн даргын чиг үүрэгт хамаарах тул дээрх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.

Мөн шүүгч Ц.Мөнхзул 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 1/9039 дүгээр албан бичгээр “Ю м” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан авсан, уг лавлагаанд “Ю а” ХХК-ийн нэр нь “Ю м” ХХК болж өөрчлөгдсөн талаарх мэдээлэл тусгагджээ.  

Улмаар шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу нэхэмжлэгч “Ю а” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Ю м” ХХК-ийг сольж шийдвэрлэсэн байна.

Ийнхүү шүүгч нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэр өөрчлөгдсөнтэй холбогдуулан нэхэмжлэгчийг “Ю м” ХХК болгон өөрчилснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол хэрэг үүсгэснээс хойш 60 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ”, 63.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж тус тус заасан.

Дээрх хуульд заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ЗТ2025/... дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор “Ю м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 15 хоногоор сунгасан байна.

Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгасан өдөр буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тус хэргийг хянан шийдвэрлэхээр шүүх хуралдааныг товлон зарласан байсан бөгөөд тухайн өдрөө хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй.

Тодруулбал, шүүгч хэрэгт нотлох баримт хангалттай цугларсан гэж үзвэл хуульд заасан хугацааны дотор хэргийг хянан шийдвэрлэх үүргийг хүлээдэг тул дээрх өргөдөл нь үндэслэлгүй байна.

2. Өргөдөл гаргагч шүүгч Г.Мөнхтулгад холбогдуулан “...шүүхийн процессын ажиллагааг хангалтгүй явуулж өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан бусдад давуу байдал олгон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, Шүүхийн тухай хууль болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэх өргөдлийг гаргажээ. 

Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/... дугаар шийдвэрээр “Ю м” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга, З.Ганзориг, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцэж, 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” гэж заасан.

Дээрх хуульд заасны дагуу шүүгч хэргийг бүхэлд нь хянаж, тухайн хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан үнэлж шийдвэр гаргах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарах тул Шүүхийн сахилгын хороо шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн өргөдөлд дурдсан “шүүгч Г.Мөнхтулга өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан бусдад давуу байдал олгосон” гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч З.Мөнхзул Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Маргаантай эрх зүйн харилцааны хэргийн оролцогчийн аль нэг нь уг маргаанаас гарсан /хүн нас барсан, сураггүй алга болсонд тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн, захиргааны байгууллага өөрчлөн байгуулагдсан/ бол шүүх тэрхүү хэргийн оролцогчийг сонирхогч этгээд болон эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. Эрх залгамжлан авах ажиллагаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гүйцэтгэгдэж болно” гэж заасны дагуу шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1063 тоот захирамжаар нэхэмжлэгч “Ю а” ХХК-ийн эрх залгамжлагчаар “Ю м” ХХК-ийг сольж шийдвэрлэсэн байна. Тус өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээдийн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгч авах хүсэлт гаргасан боловч хүрэлцэн ирээгүй, харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “зөвхөн оноосон нэрээ сольсон” гэж шүүгчийн туслахад тайлбарласан байсан ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн регистрийн дугаар өөрчлөгдөөгүй байсан тул гуравдагч этгээдийн өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан болно.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.3-т “Энэ хуулийн 63.1, 63.2-т заасан хугацааг шаардлагатай тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс эхний удаа 30 хүртэл хоногоор, хоёр дахь удаагаа 15 хүртэл хоногоор сунгаж болно” гэж заасан. Тус шүүхийн шүүгчдийн ээлжит зөвлөгөөн долоо хоног бүрийн даваа гарагийн 9.00 цагт хийгддэг бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нь даваа гараг байсан тул тус хэргийн хугацааг сунгуулах саналыг шүүгчдийн зөвлөгөөнд оруулж шийдвэрлүүлсэн, хуулийн 71.1-д зааснаар Шүүгч захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж нэгэнт товлогдсон хуралдааны тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгасан нь хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй юм.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-т “Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах бөгөөд нотлох баримттай холбоотойгоос бусад асуудлын талаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг сонсмогц шүүгч, шүүх бүрэлдэхүүн даруй шийдвэрлэнэ. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шийдвэрлэсэн асуудлаар шүүх хуралдаан дээр дахин хүсэлт гаргах эрхгүй” гэж заасан.

-Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нь 2024 оны 11 дүгээр сарын 18-ний өдөр хэргийн материалтай танилцаж гарын үсэг зурсан, 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанд оролцсон боловч хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зураагүй байна.

-Гуравдагч этгээд Д.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э нараас 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг ирүүлж, Д.Эд олгосон эмнэлгийн магадалгаа хавсаргасан байсныг хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

-Гэвч 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн хуралдааныг өмгөөлөгч авах хүсэлт гаргасан тул хүсэлтийг дахин хүлээн авч шүүх хуралдааныг хойшлуулсан.

-Улмаар 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд гуравдагч этгээд Д.Э-аас мөн эмнэлгийн магадалгаа ирүүлж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хурал хойшлуулах талаар ямар нэг хүсэлт гаргаагүй. Иймд гуравдагч этгээдийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг шүүхээс удаа дараа хангасан тул гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Хэргийн оролцогчийн хувьд хэргийн материалтай танилцах нь түүний эрх бөгөөд хэдийд ч ирээд танилцах боломжтой, харин шүүх хуралдааныг товыг лавлаж, шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх нь хуулиар хүлээсэн үүрэг тул шүүгчийн туслахаас тухай бүр хуралдааны товыг мэдэгдэж байсан байна.

4.Мөн гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь гомдолд дурдсан асуудлаар давж заалдах гомдол гаргасан байдаг бөгөөд тус гомдлыг хэлэлцээд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн шийдвэрээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.

5.Миний бие хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу нэхэмжлэгчийн орц, гарцыг чөлөөлөхгүй байгаа Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны эс үйлдэхүйг тогтоолгох тухай маргааныг шийдвэрлэсэн бөгөөд гомдолд дурдсан Д.Э-аас ашиглаж байгаа газартаа ашиглах эрх хүсэх, хүсэлтээ шийдвэрлүүлэх эрхийг үгүйсгэх талаар ямар ч дүгнэлт хийгээгүй болно...” гэжээ.

Шүүгч Г.Мөнхтулга Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

1.“Ю м” ХХК /хуучин нэрээр “Ю а” ХХК/-ийн нэхэмжлэлтэй Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/... дугаар шийдвэрийг гуравдагч этгээд Д.Э болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан нь 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр надад хуваарилагдсан. Улмаар, 2025 оны 5 дугаар сарын 07-ний өдөр хуралдсан шүүх хуралдаанаар даргалагч шүүгч ..., бүрэлдэхүүнд оролцсон шүүгч ..., илтгэгч шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, “Ю м” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 118.7-д “Илтгэгч шүүгчээс нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон шүүх бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууж, тодруулсны дараа нэмэлт тайлбарыг сонсож, шүүх хуралдаан завсарлан шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орно” хэмээн тус тус заасан.

Хуулийн дээрх заалтын дагуу илтгэгч шүүгчийн хувьд, Монгол Улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Давж заалдах шатны шүүх хуралдаанд бэлтгэх ажлын журам”-д заасны дагуу хэргийн материал болон давж заалдах гомдол гаргагчийн гомдлыг шүүх бүрэлдэхүүн болон хэргийн оролцогчдод бүрэн танилцуулж, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлага, анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, давж заалдах гомдлын үндэслэлийг танилцуулж, гомдол гаргагч болон хэргийн бусад оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдолтой холбоотой тайлбарыг сонсон, шаардлагатай гэж үзсэн асуудлаар асуулт асууж, тодруулсны дараа шүүх хуралдаан завсарлан, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Үүнийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...шүүхийн процесс ажиллагааг хангалтгүй явуулж өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан бусдад давуу байдал олгон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, Шүүхийн тухай хууль болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж ажилласан” хэмээн үзэж, гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1 дэх хэсэгт “Илтгэгч гишүүн дараах тохиолдолд сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамж гаргана: 104.1.1.энэ хуулийн 55 дугаар зүйлд заасан зөрчилд хамаарахгүй бол” хэмээн заасан байгааг анхаарч үзэхийг хүсэж байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/... дугаар шийдвэрээр “Ю м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох “газар чөлөөлөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч компанийн орц гарцыг чөлөөлөхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, тус магадлалд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасныг Улсын дээд шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 001/ШХТ2025/... дүгээр тогтоолоор “гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн” гэх үндэслэлээр буцааж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.

Дээрх захиргааны хэргийн гуравдагч этгээд, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, Д.Э нар нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/... дугаар шийдвэрийг гаргасан шүүгч Ц.Мөнхзулд холбогдуулан “...Хурлын тов мэдэгдээгүй, хүргүүлээгүй шийдвэр гаргасан нь шүүх хуралдаанд биеэр оролцож үг хэлэх, бичгээр тайлбар гаргах, нэмэлт нотлох баримт цуглуулах, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны холбогдох байгууллагаас тайлбар тодорхойлолт гаргуулж шүүхэд өгөх, шударгаар мэтгэлцэх зарчим, хүсэлт гаргах эрхийг хязгаарласан, хариуцагчийг шүүх хуралдааны тэмдэглэлд буруу бичсэн, нэхэмжлэгч солигдсон, хэргийн хугацааг 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 15 хоногоор сунгасан атлаа шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үл хэрэгсэн мөн өдөр шүүх хурал хийсэн” гэх үндэслэлээр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/... дугаар магадлал гаргасан илтгэгч шүүгч Г.Мөнхтулгад холбогдуулан “...Шүүхийн процессын ажиллагааг хангалтгүй явуулж өөрийн эрх мэдэл албан тушаалыг ашиглан бусдад давуу байдал олгон гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, Шүүхийн тухай хууль болон шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэх үндэслэлээр өргөдөл гаргажээ. 

Шүүгч Ц.Мөнхзулд холбогдох гомдлын тухайд:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар “Ю м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13 цаг 30 минут хүртэл хойшлуулсан, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШЗ2025/... дугаар захирамжаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э-аас өмгөөлөгч авах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 00 минут хүртэл хойшлуулсан, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд мөн Д.Э-аас дахин эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлснийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн байх ба энэ талаараа хуралдааны тэмдэглэлд тусгаж, шүүхийн шийдвэрт дүгнэлт хийжээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.4-д “Хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгч хэргийг тэдгээрийн эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан бол шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэж болно”, 91.5-д “Энэ хуулийн 91.2, 91.4-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл нэхэмжлэгчээс бусад хэргийн оролцогч товлосон шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол нэхэмжлэгчийн хүсэлтийг харгалзан, эсхүл хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн шүүгч хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлэх эрхтэй бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хуралдааны тов мэдэгдсэн, удаа дараа шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж хуралдааныг хойшлуулж байсан нь нотлогдож байна.

Түүнчлэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 128/ЗТ/2025/... дүгээр тогтоолоор 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 15 хоногоор сунгаж, мөн өдрөө буюу 02 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгчдийн зөвлөгөөнөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаснаар тухайн хэрэг маргааныг тус сунгасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ гэж ойлгох бөгөөд энэ талаар болон өргөдөлд дурдсан бусад үндэслэл сахилгын зөрчилд хамаарахгүй талаар илтгэгч гишүүний дүгнэлт хуульд нийцжээ.

Шүүгч Г.Мөнхтулгад холбогдох гомдлын тухайд:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 118 дугаар зүйлийн 118.3-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”  гэж заасан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг дотоод итгэлдээ тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэх нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаарна.

Иймд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгчийн үйл ажиллагааг бусдад давуу байдал олгож, гуравдагч этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГС/2025/0099 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхзул, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

            ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

               ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                                               Д.ЭРДЭНЭЧУЛУУН