
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-09-30
Дугаар 18
Улаанбаатар хот
Магадлалд өөрчлөлт оруулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, холбогдох шүүгч Г.Түвшинтөгс нарыг оролцуулан, Сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2025/0080 дугаар магадлалыг эс зөвшөөрч гаргасан сахилгын хэргийн оролцогч шүүгч Г.Түвшинтөгсийн гомдлыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2025/0080 дугаар магадлалын 1 дэх заалтаар:
Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн ГНД/2025/0011 дүгээр сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.25, 57 дугаар зүйлийн 57.1.2 дахь заалтад заасныг баримтлан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгсөд “нээлттэй сануулах”, цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг тус тус оногдуулж шийдвэрлэжээ.
Шүүгч Г.Түвшинтөгс сахилгын хороонд гаргасан гомдолдоо:
“2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд прокурортой маргалдсан асуудалд тухайн үед прокурорын хандлага, зүй бус харилцаа байснаас болж дээрх маргаан үүссэн. Гэтэл дээрх байдлыг анхаарч үзэлгүй, нэг талыг барьж зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл оногдууллаа.
Мөн тухайн хэргийн шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй шалтгааны тухайд хэргийн оролцогч болон өмгөөлөгч нар нь товлосон цагтаа шүүх хуралдаанд ирээгүй тул тэднийг хүлээснээс товлосон цагтаа эхлээгүй байгаа шалтгаан нөхцөлийг анхаарч үзэлгүй шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж хуульчилсан.
Гэтэл магадлалд ямар шалтгаанаар тухайн сахилгын шийтгэлийг оногдуулсан талаар дурдаагүй байх тул хуулийн дээрх шаардлагыг харгалзан үзэлгүй сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэж байна.
Иймд 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0080 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Холбогдох шүүгч Г.Түвшинтөгсийн гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна.
Нэг. “... 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг 50 минут хүлээсэн, ... Улсын яллагч шүүх хуралдааны танхимд ороход шүүгчээс “Хэн танд зөвшөөрөл өгсөн юм, танхимаас гар, шүүх хуралдаан эхэлсэн” гэх мэтчилэн зандарч, зохисгүй харьцсан үйлдэл гаргасан ...” гэх тухайд,
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, яллагдагч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Түвшинтөгсийг томилсны дагуу хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/2799 дүгээр захирамжаар шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон байна.
Гэвч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан товлосон цагаасаа 50 минут хоцорч эхэлсэн бөгөөд улсын яллагч шүүх хуралдаан эхлэхийг 50 минут хүлээсний дараа тус танхимаас гараад өөр танхимд орж, дээд шатны прокурортоо шүүгчийг хүлээсэн ч ирээгүй тул явах талаар утсаар мэдэгдээд гарч ирэхэд шүүгч танхимд орсон гэж мэдэгдсэний дагуу шүүх хуралдааны танхимд орсон болох нь гэрч нарын мэдүүлэг, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогджээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ бусдыг алагчлах, гадуурхах байдал гаргаж байгаа мэт ойлголтыг төрүүлэх, хэргийн аль нэг талд давуу байдал олгосон мэт ойлгогдохуйц байдлыг биеийн хэл, харагдах байдал, зан үйлээр илэрхийлэхийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.
Тодруулбал, хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийг загнах, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар урьдчилсан дүгнэлт гаргасан мэт ойлголт төрүүлэх асуулт асуух, үг хэлэх, бухимдах, уурлах, зандрах зэрэг харилцаа хандлага гаргасан тохиолдолд үүнийг “зүй бус авирласан”-д тооцно.
Илтгэгч гишүүн тухайн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийхэд, даргалагч шүүгч шүүх хуралдааныг нээж, хэргийн оролцогч нараас ирцтэй холбоотой санал хүсэлтийг тодруулж, өмгөөлөгч нар тайлбараа хэлж дууссаны дараа прокурор хуралдааны танхимд орж ирэхэд даргалагч шүүгчээс “...Хурал эхэлчихсэн байна, улсын яллагч аа. Таныг зааланд орохыг хэн зөвшөөрсөн юм бэ, Шүүх хурал хаачихлаа. ...Танд хурал эхэлчихсэн байхад орж ирэхийг хэн зөвшөөрөөд, надтай хэрэлдээд, ингээд байгаа юм бэ. ...Ерөнхий шүүгчид хүсэлтээ гарга та, за юу. ...би зөвлөгөөн дуусаад ороод ирэхэд ямар шалтгаан хэлэх ёстой юм. ...за за тэр татгалзах талаараа хүсэлтээ гарга за юу” гэх зэргээр өндөр дуугаар улсын яллагчтай маргалдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлтэй гэж үзвэл дараагийн хуралдааны товыг тогтоох, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээ авах зэрэг асуудлыг шийдвэрлэх ба тухайн тохиолдолд улсын яллагч ирээгүй гэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулж байгаа талаар хэлсэн боловч дээрх шийдвэрлэвэл зохих асуудлуудыг шийдвэрлээгүй, хуралдаан дуусаагүй байхад “хуралдаан хаасан” гэх байдлаар харилцаж, шүүгч шүүх хуралдааныг товлосон цагт эхлүүлээгүй атлаа хуралдаанд оролцохоор цагтаа ирсэн улсын яллагчийг танхимаас түр гараад буцан орж ирэхэд нь шүүх хуралдаан эхэлсэн тул оруулахгүй гэх зохисгүй үйлдэл гаргасныг сахилгын зөрчилд тооцож, зүй бус авирласан гэж үзнэ.
Хэдийгээр шүүх хуралддааны дэгийг сахиулах нь даргалагч шүүгчийн үүрэг боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх хуралдаанд улсын яллагч ирээгүй бол шалтгааныг тодруулж, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг шийдвэрлэх үүргээ бүрэн хэрэгжүүлэлгүйгээр албан үүргээ гүйцэтгэх явцдаа “хэрүүл, маргаан” үүсгэсэн байдлаар харилцсан үйлдлийг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй.
Үүнийг магадлалд “шүүгч хуралдаанд оролцохоор ирсэн улсын яллагчтай шүүгдэгч, өмгөөлөгч, гэрч нарын хажууд “танхимд зөвшөөрөлгүй орж ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж буй үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Харин улсын яллагчийг хуралдаан эхэлснээс хойш зөвшөөрөл авалгүйгээр орж ирсэн тул шаардлага тавьсан гэж холбогдох шүүгчээс тайлбарлаж, улсын яллагч шүүх хуралдаан эхлэхийг хүлээн танхимд байсныг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах мэдэж байсан боловч улсын яллагч ирсэн талаар шүүгчид мэдэгдээгүй, шүүх хуралдааны ирцийг илтгэхдээ “... улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна ...” гэж танилцуулсан зэрэг үйлдлээс шалтгаалан шүүгчийг шүүх хуралдааны ирцийн талаар хангалттай мэдээлэлгүй байсан гэх нөхцөл байдал үүссэн болохыг үгүйсгэхгүй тул сахилгын хорооны хуралдаанаас түүнд дээрх зөрчилд холбогдуулан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т зааснаар “цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсан нь мөн хуулийн 56 дугаар сарын 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэсэнд нийцээгүй гэх холбогдох шүүгчийн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Хоёр. “...Шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд прокурор заавал оролцох шаардлагагүй асуудлаар прокурорыг албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан ...” гэх тухайд,
Шүүгдэгч Д.О-с 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргасан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэхээр шүүхийн хэлэлцүүлгийг товлож, улсын яллагчид товыг мэдэгдсэн боловч тус хэлэлцүүлгийг “улсын яллагч хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг талуудын тэгш эрхийн оролцоог хангаж, прокурорын саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн, шүүгчийн 2024/ШЗ/677 дугаар захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Улмаар шүүгч Г.Түвшинтөгсөөс “...хяналтын прокурор Б.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдааныг дахин хойшиллоо. ...арга хэмжээ тооцож, хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-д хүргүүлсний дагуу Нийслэлийн Прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “...Шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурор заавал оролцох шаардлагагүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.
Магадлалд “шүүхээс прокурорыг хэлэлцүүлэгт оролцуулахаар шийдвэрлэж хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлтэй тул уг мэдээллийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж зааснаас үзвэл таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт прокурорыг оролцуулахаар зохицуулсан байна.
Гурав. Илтгэгч гишүүн “шүүгдэгч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд цагтаа эхлээгүй байна” гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0047 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулсан үйл баримтын тухайд,
Тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхээр 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт товлосон шүүх хуралдаан 10:00 цагт эхэлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагт товлосон хуралдаан 09:40 минутад эхэлсэн, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 минутад товлосон хуралдаан 14:00 цагт эхэлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13:30 минутад товлосон хуралдаан 13:56 минутад эхэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тус тус тэмдэглэгдсэн байна.
Илтгэгч гишүүнээс 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанууд товлосон цагтаа эхлээгүй гэж дүгнэж, харин 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан гэрчийг цахимаар оролцуулахаар холболт хийж удсантай холбоотойгоор товлосон цагтаа эхлээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарна гэж үзсэнийг Сахилгын хорооны хуралдаанаар хүлээн авчээ.
Шүүх хуралдаануудад оролцсон нарийн бичгийн дарга нараас авсан гэрчийн мэдүүлэг, тухайн өдрүүдийн шүүхийн байрны харуулын цагдаагийн бүртгэлд хийсэн үзлэг, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 9 танхимд товлогдсон шүүх хуралдааны цагийг дээрх шүүх хуралдаан болсон өдөр, цагтай тулгалт хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээс үзвэл, шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, шүүгчийн дангаараа болон бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаан сунжрах, хэргийн оролцогч хүлээлгэх зэрэг шүүгчээс үл хамаарах шалтгааны улмаас 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлосон хуралдаанууд цагтаа эхлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгч шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт болон магадлал үндэслэлтэй байна.
Харин магадлалд “холбогдох шүүгч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааныг товлосон цагаасаа хоцорч эхэлсэн нь шүүгчдийн зөвлөгөөнөөс шалтгаалсан гэх тайлбар гаргасан боловч тус өдрөөр огноолсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл гараагүй, гэрчүүд зөвлөгөөн хийсэн цаг, хугацааг тодорхой мэдүүлээгүй байх тул шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зөрчсөн гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.
Тодруулбал, сахилгын хэрэгт холбогдох шүүгчийн “... Зөвлөгөөн 12 цагийн үед эхэлсэн байх. Тэгээд тэр асуудлаа ярьж дуустал зөвлөгөөнд байсан ... Нэгэнт зөвлөгөөнтэй байсан тул орчхоод гарсан ...” гэх тайлбар,
Ерөнхий шүүгч Ж.Б-ын “... Өнгөрсөн оны сүүлээр Шүүх байгуулах тухай хуулийн бэлтгэл ажлыг хангах урьдчилсан бэлтгэл ажил хийгдэж байсан. Үүнтэй холбоотой шүүгч нартай шуурхай уулзалт нэлээд хийгдсэн. Шүүгч нарын үлдэгдэл хэрэг, шүүгч нараас гараагүй эрх зүйн актын талаар, мөн бичигдээгүй гүйцэтгэх хуудасны талаар ярилцах ажлуудыг зохион байгуулж байсан. Мөн жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж байсан, оны шилдэг шүүгч шалгаруулах зэрэг ажлуудыг хийж байсан ... шүүхийн Тамгын газраас ... оны шилдэг шүүгчийн нэр ирүүл гэсний дагуу оны шилдэг шүүгч тодруулахаар ярилцъя, мөн шүүхийн дотоод шүүн таслах ажлын асуудлын талаар уулзъя гэж ярьсан. Тэгтэл ихэнх шүүгч нар үдээс өмнө хуралтай байсан. Тэгээд 13 цагаас эхлэн зөвлөгөөн хуралдаад 1 цаг гаран болсон ...” гэх мэдүүлэг,
шүүгчийн туслах Ч.Х-ын “ ... Тэр өдөр шүүгчдийн зөвлөгөөн болоод зөвлөгөөн дуусаагүй байгаа талаар нарийн бичгийн даргаар дамжуулж хэргийн оролцогч нарт хэлүүлсэн ...” гэх мэдүүлэг,
даргалагч шүүгч шүүх хуралдааныг нээн, зөвлөгөөнтэй байж байгаад хурал хоцорчихлоо, уучлаарай гэж хэлсэн нь тусгагдсан талаарх шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг баримтууд авагджээ.
Дээрхээс үзэхэд, шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл гараагүй, Ерөнхий шүүгч болон холбогдох шүүгчээс зөвлөгөөн эхэлсэн цагийг зөрүүтэй мэдүүлсэн байх боловч шүүх хуралдаан зарласан 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутаас өмнө зөвлөгөөн эхэлсэн байсан, шүүх хуралдааны цаг болох үед дуусаагүй үргэлжилж байсан гэдэг нь тогтоогдсон гэж үзэж, шүүх хуралдаан цагтаа эхлээгүй нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалтгаалсан гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд шүүгч Г.Түвшинтөгсийг 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр товлогдсон 3 удаагийн шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн гэж дүгнэх нь зүйтэй байна.
Гэвч Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолын 5.3 дахь хэсэгт зааснаар “удаа дараа зөрчих” гэдгийг 3 ба түүнээс дээш гэх утгаар тайлбарласан тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн дүгнэлт өөрчлөгдөхгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд, Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2025/0080 дугаар магадлалаар шүүгч Г.Түвшинтөгсөд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зүйлийн 57.1.2-т заасны дагуу 50 дугаар зүйлийн 50.1.25-т заасан зөрчилд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсныг хэвээр үлдээж, харин мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан зөрчилд “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл оногдуулсныг “цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 20 хувь бууруулах” сахилгын шийтгэл болгон өөрчилж, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн дүгнэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.2, 113.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Сахилгын хорооны хуралдааны 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн СХМ/2025/0080 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах” гэснийг “цалингийн хэмжээг нэг сарын хугацаанд 20 хувь бууруулах” гэж өөрчилж, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Хяналтын тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулах тухай гомдлыг сахилгын хэргийн оролцогч, илтгэгч гишүүн эсэргүүцлийг Улсын Дээд шүүхэд гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар хяналтын тогтоолыг гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
С.ЭНХТӨР