
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-17
Дугаар 80
Улаанбаатар хот
Сахилгын зөрчлийг нотлох
дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, холбогдох шүүгч Г.Түвшинтөгс, нарийн бичгийн даргаар Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэрийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгсөд холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон, яллагдагч Д.О, Г.Онарын хэргийг, Нийслэлийн прокурорын газрын 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 4/4319 дүгээр албан бичгээр ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШЗ/0000 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Түвшинтөгсийг томилсон шийдвэрийг албажуулсан.
Шүүгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулан, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолоор холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэжээ.
1. Мэдээлэлд “... 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... шүүх хуралдаан эхлэхийг 50 минут хүлээсэн ... ” гэжээ.
Тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан хойшлохдоо, дараагийн хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13.30 цаг гэж товложээ.
Тухайн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд, эхэлсэн цаг 13.30 гэж бичигдсэн, шүүх хуралдааны бичлэгт эхэлсэн цаг тэмдэглэгдээгүй.
Шүүх хуралдааны бичлэгт, хурал нээмэгц /00.01-00.21 дэх хором/, даргалагч: Шүүх хуралдааныг нээж, Д.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ гээд, зөвлөгөөнтэй байж байгаад хурал хоцорчихлоо, уучлаарай гэж хэлсэн нь тусгагдсан.
Энэ үйл баримтыг тодруулж, шүүгчийн туслах Ч.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, улсын яллагч Б.О нараас гэрчийн мэдүүлэг авахад:
- тухайн шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э “... Энэ үед хурлын товлосон цагт шүүгч танхимд орж ирээгүй. Ойролцоогоор 1 цаг 30 минут болсон байх ...” гэж,
- шүүгчийн туслах Ч.Х: “ ... тэр өдөр шүүгчдийн зөвлөгөөн болоод зөвлөгөөн дуусаагүй байгаа талаар нарийн бичгийн даргаар дамжуулж хэргийн оролцогч нарт хэлүүлсэн ...” гэж,
- улсын яллагч Б.О: “... 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт товлогдсон хуралдааныг 50 минут хүлээсэн ... ” гэж тус тус мэдүүлсэн.
Үүгээр, 13:30 цагт товлогдсон шүүх хуралдаан 1 цаг орчмын дараа эхэлсэн гэж үзнэ.
Тухайн шүүх хурал товлосон цаг хугацаанд “... Зөвлөгөөн 12 цагийн үед эхэлсэн байх. Тэгээд тэр асуудлаа ярьж дуустал зөвлөгөөнд байсан ... Нэгэнт зөвлөгөөнтэй байсан тул орчхоод гарсан ...” гэж холбогдох шүүгч тайлбарласан, мөн тус дүүргийн Эрүүгийн шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б “... Өнгөрсөн оны сүүлээр Шүүх байгуулах тухай хуулийн бэлтгэл ажлыг хангах урьдчилсан бэлтгэл ажил хийгдэж байсан. Үүнтэй холбоотой шүүгч нартай шуурхай уулзалт нэлээд хийгдсэн. Шүүгч нарын үлдэгдэл хэрэг, шүүгч нараас гараагүй эрх зүйн актын талаар, мөн бичигдээгүй гүйцэтгэх хуудасны талаар ярилцах ажлуудыг зохион байгуулж байсан. Мөн жилийн эцсийн тайлангийн хурлаа хийж байсан, оны шилдэг шүүгч шалгаруулах зэрэг ажлуудыг хийж байсан ... Манайх 10 шүүгчтэй, 1 шүүгч Ерөнхий шүүгч, 9 шүүгчтэй ажиллаж байсан ... шүүхийн Тамгын газраас ... оны шилдэг шүүгчийн нэр ирүүл гэсний дагуу оны шилдэг шүүгч тодруулахаар ярилцъя, мөн шүүхийн дотоод шүүн таслах ажлын асуудлын талаар уулзъя гэж ярьсан. Тэгтэл ихэнх шүүгч нар үдээс өмнө хуралтай байсан. Тэгээд 13 цагаас эхлэн зөвлөгөөн хуралдаад 1 цаг гаран болсон ...” гэж мэдүүлснээр хуралдаан цагтаа эхлээгүй нь .... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс шалтгаалжээ.
Зөвлөгөөний эхэлсэн цагийн талаар шүүгч нар өөр өөр тайлбар хэлсэн, зөвлөгөөний тэмдэглэл, тогтоол гараагүй байсан тул хэдэн цагт эхэлснийг тогтоох боломж байгаагүй.
Шүүгч нь “ ... Зөвлөгөөнтэй байна, удахгүй яваад оръё гэж туслахдаа хэлсэн. Туслах нарийн бичигтээ эсвэл танхимд байгаа хэргийн оролцогч нарт өөрөө ороод хэлэх юм уу, тийм арга хэмжээ авах байх … ” гэж тайлбар өгсөн, улсын яллагч, прокурор Б.О “ … Надад юу ч хэлээгүй. Би нарийн бичгээс шүүгчийг дуудсан уу гэхэд дуудсан гэсэн, дахин 2 дахь удаа асуухад мөн л дуудсан л гэж хэлсэн. Түүнээс надад хурал, зөвлөгөөнтэй гэж хэлээгүй ... Ийм шалтгаантай гэсэн бол би мэдээж хүлээнэ. Шүүхийн байрны хүрэлцээгүй байдал хэргийн оролцогч нараас шалтгаалсан хурал цагтаа эхлэхгүй байх тохиолдол байдаг. Ийм тохиолдолд би хүлээдэг. Тэр өдөр надад ямар нэгэн шалтгаантай гэж нарийн бичгийн дарга хэлээгүй....” гэжээ.
Э.Э “…Энэ үед хурлын товлосон цагт шүүгч танхимд орж ирээгүй. Ойролцоогоор 1 цаг 30 минут болсон байх, тэр хугацаанд улсын яллагч “шүүгч ирж байгаа юу, шүүгчдээ хэлсэн юм уу” гэх зэргээр асууж байсан, шүүгчийн утас руу залгахад утсаа аваагүй, тэгээд шүүгчийн туслах руу дотоод чатаар хэлтэл “одоо удахгүй орно оо, хүлээгээд байж бай” гэж хэлж байсныг танхимд байгаа хүмүүст дамжуулж хэлж байсан…” гэж мэдүүлснээр шүүгчийн зөвлөгөөнтэй байсныг прокурор мэдээгүй, шүүгч дотоод ажилтай байсныг түүнд мэдэгдээгүй байна.
Шүүгчийн туслах шүүгч зөвлөгөөнтэй байгаа талаар нарийн бичгийн даргад хэлсэн гэсэн, мөн нарийн бичиг туслах руу шүүгч ирж байна уу гэх зэргээр зурвас бичсэн гэсэн учраас дотоод чатад үзлэг хийх гэсэн боловч 2025 он гарснаас хойш өөр дотоод чат ашиглаж эхэлсэн, өмнөх чат устгагдсан гэснээр үзлэг хийгдээгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.8 дахь хэсэгт “Тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох бөгөөд … Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэж, тогтоол гаргана” гэж зохицуулснаар, мөн Ерөнхий шүүгч “... тухайн үед Ерөнхий шүүгч, шүүгч нар нийт 10 шүүгчтэй ажиллаж байсан ... зөвлөгөөний ирц 3/2-оос дээш байна...” гэж хэлснээр 10 шүүгчийн дийлэнх олонх болох 6 шүүгч хуралдсанаар зөвлөгөөний ирц бүрдэхээр байжээ.
Үүнээс үзвэл, шүүгч нь 12 цагт эхэлсэн зөвлөгөөний дундуур гарах, эсхүл хэлэлцэж байгаа асуудлаар урьдчилан саналаа хэлэх зэргээр зохион байгуулалт хийх боломжтой байх тул зөвлөгөөнд зайлшгүй оролцох хүндэтгэн үзэх шалтгаан байгаагүй гэж үзлээ.
Иймд шүүгч товлосон цагтаа шүүх хуралдааныг эхлүүлээгүй байна.
2. Өргөдөлд “... Улсын яллагч шүүх хуралдаан эхлэхийг 50 минут хүлээсэн учраа хэлж, ажил ихтэй тул дахин хүлээхгүй гэдгээ шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдэж танхимаас гараад өөр танхимд орж, дээд шатны прокурортоо шүүгчийг хүлээсэн ч ирээгүй тул явах талаар утсаар мэдэгдээд гарч ирэхэд шүүгч “Б” танхимд орсон гэсэн тул шүүх хуралдааны танхимд ороход шүүгчээс “Хэн танд зөвшөөрөл өгсөн юм, танхимаас гар, шүүх хуралдаан эхэлсэн” гэх мэтчилэн зандарч, зохисгүй харьцсан үйлдэл гаргасан ...” гэжээ.
Бичлэгт, даргалагч шүүгч танхимд орж ирэн, шүүх хуралдааныг нээж, ирц шалган, “Ирцтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр түр завсарлая, завсарлъя ч гэж дээ улсын яллагч байхгүй байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл бий болж байна. Иймд шүүх хуралдааныг хойшлуулъя” гэж хэлж /нийт 2 минут 46 секунд хугацаанд үргэлжилсэн/ байна.
Улсын яллагч танхимд гадуур хувцастайгаа орж ирснээс хойш, 2 минут гаран хугацаанд дараах яриа шүүгч, улсын яллагчийн хооронд болсон,
- даргалагч: Хурал эхэлчихсэн байна, улсын яллагч аа. Таныг зааланд орохыг хэн зөвшөөрсөн юм бэ,
- улсын яллагч: Айн? Шүүгч ээ би сонссонгүй.
- даргалагч: Шүүх хурал хаачихлаа.
- улсын яллагч: Шүүгч ээ, та өөрөө цагтаа орж ирээгүй шүү дээ.
- даргалагч: Би зөвлөгөөнтэй байж байгаад орж ирлээ. Туслах хэлсэн гэж байна.
- улсын яллагч: Таны туслах надад зөвлөгөөнтэй гэж хэлээгүй. Огт хэлээгүй.
- даргалагч: Хэлсэн гэж байна
- улсын яллагч: Үгүй ээ, надад албан ёсоор зөвлөгөөнтэй гэж хэлээгүй ш дээ.
- даргалагч: Танд хурал эхэлчихсэн байхад орж ирэхийг хэн зөвшөөрөөд ... Танд хурал эхэлчихсэн байхад орж ирэхийг хэн зөвшөөрөөд, таныг надтай хэрэлдээд, ингээд байгаа юм бэ /энэ хэсэгт шүүгчийн дуу өндөрсөв/
- улсын яллагч: Үгүй ээ, та над руу битгий хашхираад бай.
- даргалагч: Би хашхираагүй /шүүгчийн дуу өндөрсөв/
- улсын яллагч: Та хашхираад л байна ш дээ.
- даргалагч: Би хэлсэн, хурал хаачихлаа гэсэн.
- улсын яллагч: За, тэгвэл би буцаад гараад явчихъя.
- даргалагч: Тэг тэг. Та угаасаа гараад явсан юм биш үү
- улсын яллагч: Дээрээс нь би танаас татгалзах хүсэлтээ албан ёсоор гаргаж байна.
- даргалагч: Тэг ээ тэг, гарга, гарга. Би наадхыг чинь шийддэг хүн биш, Ерөнхий шүүгчид хүсэлтээ гарга та, за юу
- улсын яллагч: Та тэгээд над руу ер нь бол хашхираад байх шаардлага байхгүй.
- даргалагч: Би хашхираагүй. /шүүгчийн дуу өндөрсөв/
- улсын яллагч: Би танд загнуулдаг этгээд биш. Би албан тушаалтан хүн.
- даргалагч: Таныг загнасан ч хүн алга.
- улсын яллагч: Та хашгираад байна шүү дээ.
- даргалагч: Та өөрөө яагаад ингээд байгаа юм бэ
- улсын яллагч: Би цагтаа ирсэн хүн, би хашхираагүй.
- улсын яллагч: Угаасаа зааланд хуралтай, зөвлөгөөнтэй байсан юм бол яагаад хурал тавьсан юм. Би энд бүтэн цаг хүлээж байна ш дээ.
- зааланд байсан хэргийн оролцогчоос хэн нэгэн нь: Бүх хүн хүлээгээд орж л байна шүү дээ.
- улсын яллагч: Яагаад хүлээх ёстой юм бэ.
- улсын яллагч: Хүмүүсийн эрх, ашиг сонирхлын үүднээс цагтаа хуралдаанаа эхлэх ёстой биз дээ.
- даргалагч: За за, за за, тэр татгалзах талаараа хүсэлтээ гарга, за юу,
- улсын яллагч: Тэгье, татгалзана би таниас, угаасаа энэ хэргийг шийдвэрлэхэд таны мэдлэг чадвар хүрэлцэж байгаа эсэхэд би эргэлзэж байна, бодит байдал дээр.
- даргалагч: Өө тэг тэг, татгалз.
- улсын яллагч: Би татгалзана, албан ёсоор хүсэлтээ гаргана гээд хаалга дуугарч, танхимаас хүн гарч байгаа мэт чимээ сонсогдох хүртэл ... энэ яриа үргэлжилжээ.
Бичлэгт, улсын яллагч орж ирэхээс өмнө хуралдааныг хойшлууллаа гэж байгаагаар, “хурал хаачихлаа” гэж улсын яллагчид хэлснээр хуралдаан дууссан мэт байх боловч холбогдох шүүгч “... шүүх хуралдаан хойшилж байна гэчхээд захирамжид гомдол гаргах, шүүх хуралдаан товлох зэргээр захирамжийн бусад асуудлыг танилцуулаагүй байсан тул хуралдаан үргэлжилж байсан гэж үзнэ. Энэ хугацаанд прокурор орж ирсэн ...” гэж тайлбарласан, бичлэг дэх шүүгч прокурор нарын хоорондын “маргаан”-ы дараа даргалагч “хуралдаан хааж байна, хурлыг тэгж байгаад товлоно. Прокурор татгалзах юм бол би таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг шийдвэрлэж болохгүй гээд дараагийн хуралдаанаа товлосон” - оор хуралдаан дуусаагүй гэж үзнэ.
Дээрхээс үзвэл шүүх хуралдааны үед буюу албан үүргээ гүйцэтгэж байхдаа шүүгч нь улсын яллагчтай “хэрүүл, маргаан” үүсгэж, ёс зүйгүй харьцсан.
Холбогдох шүүгч ч прокурортой “ …эв зүйтэй харьцах боломж байсан … зохисгүй …” харьцсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн.
Зүй бус гэдгийг Монгол хэлний тайлбар тольд “жам ёсноос гадуур” гэж, “авирлах” гэдгийг элдэв ааш авир гаргах гэж тайлбарласан байдаг. Өөрөөр хэлбэл, үг хэл, нүүр царайны хувирал төдийгүй үг, үйлдлээрээ шүүгчийн ажил албан тушаал, нэр төр, ёс зүйд харшлах ямар нэгэн үйлдэл хийсэн байхыг ойлгоно.
Тухайлбал, нийгмийн ёс зүй, хүндэтгэл, харилцан ойлголцлын зарчмыг зөрчиж, тухайн хүнийг доромжлох, хэргийн оролцогч руу дуугаа хэт өндөрсгөж хашхирах, энгийн үг ярианаас өөр бүдүүлэг үг хэрэглэх, үл хүндэтгэсэн буюу үл тоомсорлох, бүдүүлэг, түрэмгий, муухай аашлах, дургүйцлээ илэрхийлэх, хэргийн оролцогчийн үгийг таслах, тэдэнтэй ялгамжтай харьцах гэх зэрэг үйлдэл болон үгээр илэрнэ.
Шүүгч бусдад давуу байдал олгох, шударга бус хандах, эсвэл ялгаварлан гадуурхах байдал гаргахгүйгээр албан үүргээ хэрэгжүүлнэ гэж Бангалорын зарчмын “Үнэт зүйл 2: Төвийг сахих байдал”-д дурджээ.
“Шүүн таслах ажиллагааны үеэр жигшил зэвүүцэл гарах боломжтой тул шүүгч шүүх хуралдааны танхимын уур амьсгалыг хянах, ... энэ үед шүүгч өөртөө тавих хяналтаа алдах, ялангуяа ашиг сонирхлын зөрчил үүссэн оролцогч, өмгөөлөгчийн эсрэг хариу арга хэмжээ авахад хүрнэ” гэжээ.
Мөн Үнэт зүйл 3: Шударга байдал гэх хэсэгт “Шударга байдал нь ёс суртахууны хувьд зөв зан байдал, ёс суртахуунтай байх чанар ... тодорхой зан үйлийг олон нийтийн эрүүл саруул ухаантай, мэдээлэлтэй хэсэг хэрхэн ойлгосон, тэрхүү ойлголт нь шүүх, шүүгчийг хүндэтгэх олон нийтийн хүндэтгэлийг багасгах эсэхийг харгалзан үзэхийг шаарддаг ...” гэж, мөн “ ... шүүгч хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, шүүх хуралдааны явцад гаргах зүй бус авирыг жагсаах боломжгүй боловч албан харилцааны явцад болон шүүх хуралдааны явцад үл хүлээн зөвшөөрөгдөх бүхий л үйлдэл, үйл ажиллагааг хамааруулан ойлгохоор байна” гэсэн нь шүүгч үг хэллэгээ үргэлж болгоомжтой хэрэглэх, аль болох эелдэг байх агуулга тусгагдсан.
Шүүгч нь шүүгч нь шүүн таслах ажиллагаанд оролцохдоо, түүнийг 1 цаг орчим хүлээж, бухимдсан улсын яллагчтай “... Таныг зааланд орохыг хэн зөвшөөрсөн юм бэ, ... Би зөвлөгөөн дуусаад орж ирэхэд би ямар шалтгаан хэлэх ёстой вэ ... за за, за за ...” гэх байдлаар уурлах, хурал дуусаагүй байсан гэж сахилгын хэрэгт тайлбар өгсөн боловч “хурал дуусчихлаа” гэж, улсын яллагчийг гарлаа гэхээр нь “тэг тэг” гэх зэргээр дургүйцсэн өнгө аясаар дуугаа өндөрсгөн хашхирч харьцсан, “хэрүүл” мэт байдал үүсгэсэн, шүүх хуралдаан явагдаж байгаа юм уу, дууссан юм уу гэдэг нь мэдэгдэх байдалгүй хуралдаан даргалсан, улсын яллагчийг бусад хэргийн оролцогч нарын өмнө тухгүй байдалд оруулж, түүнийг дорд үзэж байгаа мэт хандаж, шүүх хуралдааны танхимаас гаргасан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсгийн “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэх зөрчлийг гаргасан гэж үзэхээр байна.
Хуралдаан эхлээд, шүүгч ирцтэй танилцахад, нарийн бичгийн дарга ирц танилцуулахдаа тухайн цаг хугацаанд хуралдаан эхлэхийг хүлээсэн улсын яллагчийг байсан гэдгийг хэлээгүй, шүүгч ч улсын яллагч байсан эсэхийг асуугаагүй. Зүй нь “улсын яллагч байсан уу” гэж асуух, “утасдаад ороод ир гэж хэл” гэж нарийн бичигт хэлэх бүрэн боломж байсан.
Гэтэл бичлэгийн 00:18 дахь хэсэгт шүүгчийн туслах “...хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй шүү” гэж шивнэсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга ирц илтгэхдээ “... улсын яллагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна ...” гэж танилцуулсан нь тусгагдсан.
Мөн ирцтэй холбогдуулж бусад оролцогч, өмгөөлөгч нар санал хэлэхдээ улсын яллагч байсан талаар огт дурдаагүй, шүүгч улсын яллагчтай маргалдаж байх явцад, “За, тэгвэл би буцаад гараад явчихъя” гэж улсын яллагчийг хэлэхэд, “тэг тэг. Та угаасаа гараад явсан юм биш үү” гэж хариулснаас үзвэл шүүгч улсын яллагчийг танхимд хүлээж байсан, мөн гарч явсныг мэдэж байсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргын үйлдэл ч шүүгч, улсын яллагчийн хооронд болсон “хэрүүл, маргаан”-д нөлөөлсөн гэж үзэхээр байгааг дурдах нь зүйтэй.
3. Хэрэгт үзлэг хийхэд товлогдсон хуралдаанууд цагтаа эхлээгүй, тухайлбал, шүүгдэгч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан цагтаа эхлээгүй байсан тул 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0047 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэсэн.
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Б.Ц, Б.Н, Э.Э нараас гэрчийн мэдүүлэг авч, тухайн өдрүүдийн шүүх хуралдааны товыг гаргуулан, мөн шүүхийн байрны харуулын цагдаагийн бүртгэлд үзлэг хийлээ.
Мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч түүний өмгөөлөгч нь улсын яллагчийг татгалзан гаргасан хүсэлтдээ “... прокурор Б.О нь өөрөө шүүх уралдаанд удаа дараа хоцорч ирсний дараа ...” гэсэн тул прокуророос шалтгаалан дээрх хурлууд цагтаа эхлэх боломжгүй байсан эсэхийг тодруулж, тус өдрийн шүүх хуралдааны бичлэгт үзлэг хийж, мөн прокуророос гэрчийн тайлбар авахдаа энэ талаар тодруулсан болно.
Прокурор Б.О гэрчийн тайлбартаа “... Нэг тохиолдол нь би таслан сэргийлэх арга хэмжээний шүүх хуралдаантай байсан, тэр хурал удаан үргэлжлээд энэ хэргийн товлосон хурлыг хүлээлгэсэн тохиолдол байгаа, түүнийг би үгүйсгэхгүй ... Хэргийг нь ч санахгүй байна ... Би нэг удаа л хэлэлцүүлэг дуусаагүй байж байгаад хоцорч байсан …” гэж мэдүүлсэн боловч өөрийн баримтаа үзээд эргэж холбогдохдоо, “би хуралдаанаас хоцроогүй байна” гэсэн.
Бичлэгт, өмгөөлөгч Д “... энэ хуралдаан хэд хэдэн удаа хойшилсон ... өөрөө шүүх хуралдаанаас 10 орчим минут хоцорч ирдэг, тэгээд шүүхийн янз бүрийн асуудлаас болж, шүүх хуралдаан тодорхой хэмжээгээр цагтаа эхэлдэггүй нөхцөл байдал байдаг. Ингэхэд би явлаа гээд ёс зүйгүй, бид нарын хувьд сэтгэл зүйн хувьд дарамт үзүүлдэг нөхцөл байдал тогтоогддог ...” гэж, шүүгдэгч Д.О “... таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх шүүх хуралдааныг ямар нэгэн шалтгаангүйгээр 2-3 удаа хойшлуулсан ...” гэж тайлбар хэлсэн, прокурор Б.О-ээс хуралдааны товлосон цагаас хоцорч байсан, энэ шалтгаан нь шүүх хуралдааны цагт нөлөөлж байсан эсэхийг тодруулахад, “... би хуралдаанд хоцорч байгаагүй ...” гэж, дээрх татгалзсан үндэслэлийн хувьд “ ... 12 сарын 25-ны асуудлыг хэлж байгаа байх, мөн 12 сарын 27-ны хурлыг гэж бодож байна … ” гэж тайлбарласнаар, прокуророос шалтгаалан хурал хойшилсон /12 сарын 25 болон 27-ны өдрийн хурлууд/, харин цагтаа эхлээгүйд прокурор нөлөөлөөгүй гэж үзэхээр байна.
Шүүх хуралдаанд оролцогсод шүүх хуралдааны товлосон цагаас хоцорсон байж болох эсэхийг шалгаж, шүүхийн байранд нэвтэрсэн иргэдийн бүртгэлд үзлэг хийхэд, 10 дугаар сарын 09-ний өдөр, өмгөөлөгч Ж.М 08:48 минутад бүртгүүлсэн, 11 дүгээр сарын 11-ний өдөр, өмгөөлөгч Ж.М 08:37, өмгөөлөгч П.Б 08:48 минутад бүртгэгдсэн, бусад оролцогч нар бүртгэгдээгүй байсан. Үүгээр, хэргийн оролцогчдыг хуралдаанд хоцорсон, хүлээлгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Түүнчлэн, шүүхүүд шүүх хуралдааны танхим цөөтэй, нэг танхимд орсон хурал удаашрах нь дараагийн хурлын цагт нөлөөлдөг учраас ... Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааны 9 танхимд товлогдсон шүүх хуралдааны цагийг, дээрх шүүх хуралдаан болсон өдөр, цагтай нь тулгавал:
а/ 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 цагт товлосон шүүх хуралдаан нь холбогдох шүүгчийн эхний хурал байсан ба тус хурал “Б” зааланд 10:00 цагт эхэлсэн, тус өдрийн зараас харвал, ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Б” зааланд хуралдаан товлоогүй байна.
Энэ хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Ц “... Хойшилсон хурал байсан, ... Миний санаж байгаагаар энэ өдрийн хуралдаан 1 цагийн дараа ... эхэлсэн ... Яг юунаас шалтгаалж хурал цагтаа эхлээгүй вэ гэдгийг би санахгүй байна ... Энэ хурал хэдэн сарын өмнө болсон болохоор сайн санахгүй байна, уг нь санаж байсан бол ямар шалтгаантай байсныг хэлмээр л байна ...” гэж мэдүүлсэн.
Хуралдаан нь өмнөх хуралдаанаар оролцуулахаар шийдвэрлэсэн гэрч нар ирээгүй, тэдгээрийг дуудсан гэх нотлох баримт авагдаагүй, хуралдааны бэлтгэл хангагдаагүй гэж оролцогч хэлсэн тул тэдгээрийг шүүх хуралдаанд оролцуулахаар хуралдааныг хойшлуулжээ.
б/ 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 цагт товлосон шүүх хуралдаан нь холбогдох шүүгчийн эхний хурал байсан ба тус хуралдаан “В” зааланд 09:40 цагт эхэлсэн, мөн өдөр ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “В” зааланд тухайн цагаас өмнө хуралдаан товлогдоогүй байна.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э “... Санахгүй байна ... Яг эхэлж байгаа цагаар тэмдэглэлд тусгадаг ...” гэсэн.
Энэ өдрийн хуралдаанд улсын яллагч, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч, шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Н.Ш, П.Б нар оролцсон, харин шүүгдэгч Д.О өвчтэй гэх баримт ирүүлсэн, түүнийг оролцуулахаар хуралдаан хойшилсон байна.
в/ дараагийн 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 цагт товлосон шүүх хуралдаан “Ё” зааланд 14:00 цагт эхэлсэн, холбогдох шүүгч “... тухайн өдөр миний бие 10 цагт А.М-д холбогдох эрүүгийн хэргийн, 10 цаг 30 минутад Б.О-т холбогдох эрүүгийн хэргийн, 11 цагт Н.Ө-т холбогдох эрүүгийн хэргийн, 11 цаг 30 минутад С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус тус товлосон байсан ба дээрх шүүх хуралдаанууд нь үргэлжлэн ороод 13 цаг 30 минутад дуусаагүй тул 14 цагт шүүх хуралдааныг эхлүүлсэн ...” гэж тайлбарласан.
Нэр бүхий шүүгдэгч нарын хэргийг хянан хэлэлцсэн тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл,
- “Ё” зааланд шүүгдэгч А.М-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 10:20 цагт эхэлж, 10:40 цагт дууссан,
- шүүгдэгч Б.О-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 10:50 цагт эхэлж, 11:00 цагт дууссан,
- шүүгдэгч Н.Ө-т холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 11:00 цагт эхэлж, 12:00 цагт дууссан,
- шүүгдэгч С.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 12:00 цагт эхэлж, 12:30 минутад дуусжээ.
Тухайн өдөр шүүгчийн даргалсан өмнөх хуралдаануудын цаг хойшилсон ч шүүгдэгч Г.О, Б.Д.О нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө дууссан байх тул “... дээрх шүүх хуралдаанууд нь үргэлжлэн ороод 13 цаг 30 минутад дуусаагүй ...” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус өдөр “Ё” зааланд хуралдаан товлоогүй байсан.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э: “... Энэ хуралдаан ямар шалтгаанаар товлосон цагаасаа хоцорсныг санахгүй байна ...” гэсэн.
Мөн прокурор Б.О “... Шүүгчдийн зөвлөгөөнтэй байсан гэж нарийн бичгийн дарга нь хэлж байсан, ... Тэр үед бол тэвчээртэй хүлээсэн. Энэ хурал нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өмнөх хуралдаан гэхээр 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан байж магадгүй ... “ гэсэн боловч шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаар албан бичигт “... 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан тогтоол байхгүй байна ...” гэжээ.
Энэ талаар Ерөнхий шүүгчийн туслах Н.Б “... Ерөнхий шүүгч энэ зөвлөгөөнд тэмдэглэл хөтөл гэж хэлдэг, тэр тохиолдолд тэмдэглэл хөтөлдөг, ер нь бол зөвлөгөөн болгон дээр тэмдэглэл хөтөлдөггүй, шаардлагагүй бол тэмдэглэл хөтөлдөггүй ... Ямар нэгэн асуудал шийдвэрлэх, гадагш явуулах шаардлагатай асуудал дээр тэмдэглэл үйлдэгдээд, тогтоол гардаг ...” гэж мэдүүлсэн.
Шүүх нь гаднаас орох 2 хаалгатай бөгөөд хуралдааны “Ё, Е” заал руу орохдоо баруун талын хаалгаар ордог, энэ хэсэгт цагдаагийн бүртгэл хийгддэггүй нь үзлэгийн явцад тогтоогдсон.
Иймд, шүүгчийн өмнө даргалсан шүүх хуралдааны цаг хойшилсон, шүүгчдийн зөвлөгөөн хийсэн гэх шалтгаанаар энэ өдрийн хуралдааны цаг хойшилсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
г/ 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13:30 цагт товлосон хуралдаан 13:56 цагт эхэлсэн, “Б” зааланд хуралдсан.
Энэ хуралдааны өмнө 10:00 цагт шүүгч П.А, шүүгдэгч Б.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, 10:20 минутад хуралдаан дуусжээ. Үүнээс өөр хуралдаан “Б” зааланд ороогүй.
Хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон Б.Н “... Уг нь тов дээр 13:30 минут гэж байсан боловч 20-30 минут хүлээлгэсэн. Шалтгаан нь гэрч Т, О нар тус хуралдаанд оролцохоор байсан. Т гэх гэрч нь хөдөө орон нутгаас оролцож байгаа тул онлайнаар орно гээд холбох гэтэл сүлжээ нь тасалдаад байсан. Өмнө нь энэ хуралдаан олон хойшилсон юм байна лээ. Тэгээд шүүгчид хэлтэл “гэрч орно гэж байгаа бол холбочих оо, хүлээж байгаад оръё” гэсэн. Тэр үед шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, улсын яллагч зааланд байсан. Гэрчийг цахимаар холболт хийх гэж удсан ...” гэж мэдүүлснээр орон нутгаас оролцож байгаа гэрчийг онлайнаар холбох ажиллагаа хийгдсэнээс шалтгаалж шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй үйл баримт тогтоогдоно.
Шүүгчийн туслах Ч.Х: “... Миний санаж байгаагаар 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас өөрөөр шүүгч хуралдааныг хүлээлгэж байгаагүй ...” гэсэн боловч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц “... Зөвлөгөөнтэй байвал шүүгч хүлээлгэдэг, эсвэл бүрэлдэхүүнтэй хуралд ордог, тэр хурал нь үргэлжлээд дараагийн хурлын цагт нөлөөлөх шалтгаан байдаг. Ийм тохиолдолд хурал, зөвлөгөөнтэй байгаа талаар хэргийн оролцогч нарт хэлдэг ...” гэж, мөн гэрч Э.Э “ ... шүүгч хуралдаанаас 5-10 минут ч гэдэг юм уу, хүлээлгэдэг тохиолдол байх уу гэж асуухад “байдаг” … ” гэж мэдүүлсэн.
Шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, шүүгчийн дангаараа болон бүрэлдэхүүнтэй хийсэн хуралдаан сунжрах, хэргийн оролцогч хүлээлгэх зэрэг олон шалтгаан энэ нөхцөл байдалд нөлөөлөх магадлалтай.
Гэхдээ эдгээр шалтгааныг шалгахад, хуралдааны товд нөлөөлсөн гэх баримт тогтоогдоогүй.
Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч нь 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаануудын товыг зөрчсөн байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25 дахь заалтад заасан “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих ...” зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.
Дээрх хуралдааны нарийн бичгийн дарга нар товлосон цагаас хоцорсон шалтгааныг тэмдэглэдэггүй гэсэн, гэтэл шүүгчид хориглосон зохицуулалтад хуралдааны цагтай холбоотой зөрчил хуульчлагдсан байгаа учраас танхимын хүрэлцээгүй байдал, өмнөх шүүх хуралдаан сунжрах, замын түгжрэл зэргээс хэргийн оролцогчийг хүлээх гэх мэт тохиолдлоор шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй тохиолдлыг цаашид тэмдэглэж байхыг шүүхийн захиргааны байгууллага анхаарах шаардлагатайг дурдаж байна.
4. Шүүгдэгч Г.О, Д.О нарт холбогдох эрүүгийн хэргийн таслан сэргийлэх арга хэмжээний хүсэлтийг шийдвэрлэх 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тухайд:
Шүүгдэгч Д.О-ээс Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гаргажээ.
Холбогдох шүүгч “... Таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг 12 дугаар сарын 25-ны өдөр шийдвэрлэе гэж бодож байтал прокурор байгаагүй тул прокурорын байр суурийг сонсъё гээд тухайн өдрөө шийдвэрлээгүй ... хурал дуусаад заалнаас гараад 12 дугаар сарын 27-ны өдөр гэж товлосон, тэр үед прокуророос бусад хэргийн оролцогч нар байж байгаад товоо мэдээд гарсан ...” гэж тайлбарласан.
Мөн шүүгчийн туслах Ч.Х “... хүсэлтийг 25-ны өдөр шийднэ гэж байтал прокурор гараад явчихсан, прокурор гараад явсны дараа нь хурал товлоод прокурорт мэдэгдээрэй гэхээр нь би 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн товыг прокурорт утсаар мэдэгдсэн. Дараа нь прокурор энэ хуралд орохгүй гэсэн албан тоот ирсэн ...” гэж мэдүүлсэн.
Үүнээс үзвэл, улсын яллагч заалнаас гарч явсны дараа шүүгдэгчийн хүсэлт шийдвэрлэх хуралдааныг товлосон, бусад оролцогч нар зааланд байсан тул хуралдааны товыг мэдсэн байна. Харин шүүгчийн туслах 12 дугаар сарын 26-ны өдрийн 09:53 минутад “2024.12.27-ны 11:00 цагт ... таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай хүсэлт хэлэлцэнэ ...” гэж улсын яллагчид зурвасаар мэдэгджээ.
Хуралдаанд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ц.Д, А.Ш, Ө.З нар оролцож, хуралдаан 10:00 цагт эхэлж, 10:10 цагт дууссан болох нь тэмдэглэлд тусгагджээ. Гэтэл улсын яллагчид товыг 11:00 цаг гэж мэдэгдсэн, хуралдааныг “... прокурорт товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ...” гэж хойшлуулсан байна.
“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.10.4-т “... хуралдаанд оролцох талууд болон оролцогч, бусад оролцогчийг шүүх хуралдаанд дуудан ирүүлэх арга хэмжээг шүүгчийн туслах гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх нь шүүгчийн туслахтай холбоотой байна. Гэхдээ үүнд шүүгч хяналт тавих, хэрэгт авагдсан тов мэдэгдсэн баримтыг шалгах байсан.
Үүний дараа, Нийслэлийн прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 5/161 дүгээр албан бичгээр “... шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурор заавал оролцох шаардлагагүй ... гэж үзсэн болно ...” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн нь хавтаст хэрэгт авагджээ.
Холбогдох шүүгч “... Тэр бичгийг 12 дугаар сарын 27-ны өдрөө ирүүлээгүй сүүлд ирүүлсэн байсан. Шүүхэд хэрэг ирсэн тул таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гээд байдаг нь энэ тохиолдолд л яригдсан, бусад тохиолдлуудад прокурорууд хуралдаа ороод, саналаа хэлээд явдаг ...” гэж тайлбар өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж зааснаар прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг хэлэлцүүлэгт зайлшгүй оролцуулж, хүсэлтийг шийдвэрлэхээр байна.
Иймд, шүүх хуралдаан болсон өдөр Нийслэлийн прокурорын албан бичиг ирээгүй байсан, мөн дээрх хуулийн зохицуулалтаар прокурор оролцох шаардлагатай байх тул “... шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд прокурор заавал оролцох шаардлагагүй асуудлаар прокурорыг албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан ...” гэх өргөдөл үндэслэлгүй.
Нийслэлийн прокурорын газрын албан бичиг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдааны дараа шүүхэд ирсэн байх тул прокурорыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан нь хуульд нийцжээ.
Шүүгч Г.Түвшинтөгс нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...”, 50.1.25 дахь “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэсэн зөрчлийг гаргасан гэж үзсэн тул нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Шүүгч Г.Түвшинтөгс ирүүлсэн тайлбартаа: “... Г.О, Д.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад товлосон. Тухайн өдөр нийт шүүгчдийн зөвлөгөөнтэй байсан ба зөвлөгөөнөөр 2024 оны жилийн эцсийн мэдээ тайлан гарсантай холбоотойгоор тухайн жилийн ажлыг дүгнэх, шилдэг шүүгчийг шалгаруулах, 2025 оны ажлыг төлөвлөх зэрэг асуудлыг хэлэлцсэн.
Шүүгчдийн зөвлөгөөнтэй байсан тул шүүх хуралдааныг товлосон цагаас хоцорч эхлүүлсэн ба шүүх хуралдааны оролцогч нарт хуралдааныг хоцорч эхлүүлсэн шалтгааныг тайлбарлаад уучлалт гуйсан.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга улсын яллагч Б.О нь шүүх
хуралдаанд ирээгүй талаар танилцуулсан. Хурал үргэлжилж байхад улсын яллагч Б.О нь шүүх хуралдааны танхимд ямар нэгэн зөвшөөрөлгүй орж ирсэн.
Энэ үед нь шүүх хуралдаан даргалагч миний зүгээс шүүх хуралдаан эхэлсэн байгаа тул хуралдааны танхимд зөвшөөрөл авч орж ирэх талаар шаардлага тавихад улсын яллагч Б.О нь шүүх хуралдааныг цагтаа эхлүүлээгүй учраас орж ирлээ гэсэн.
Улсын яллагчид таныг орж ирэхээс өмнө энд байгаа оролцогч нарт шүүх хуралдааныг товлосон цагаас хоцорч эхлүүлсэн шалтгааныг тайлбарлаад, тэднээс уучлалт гуйчхаад байж байгаа талаар хэлэхэд улсын яллагч Б.О нь энэ хэргийг шийдвэрлэхэд мэдлэг, ур чадвар чинь хүрнэ гэдэгт эргэлзэж байгаа тул өөрөөс чинь татгалзана гэсэн.
Энэ асуудлыг би шийдвэрлэхгүй тул та холбогдох хууль журмын дагуу энэ асуудлаа шийдвэрлүүлээрэй гэснээр улсын яллагч нь шүүх хуралдааны танхимыг орхиж гарсан.
Шүүгдэгч Д.О нь 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлсэн байсан. Д.О-ийн шүүхэд ирүүлсэн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг талуудын 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагч ирээгүй байсан тул талуудын тэгш эрхийн оролцоог хангах үүднээс прокурорыг оролцуулж, саналыг нь сонссоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд миний зүгээс улсын яллагч Б.О-тэй харилцахдаа ямар нэгэн байдлаар зүй бус авирласан зүйлгүй. Тухайн үйл явдлын талаар шүүгчийн туслах Ч.Х, шүүх хуралдаанд оролцож байсан шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э, оролцогчдын өмгөөлөгч нар болох Ж.М, Э.Ш, Ц.Д нар сайн мэдэх тул, эдгээр хүмүүсээс дээрх нөхцөл байдлын талаар тодруулж өгнө үү.
Нийслэлийн прокурорын газраас надад холбогдуулан гаргасан мэдээлэл нь үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү ...” гэв.
Холбогдох шүүгч нь 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “... Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09 цагт, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цагт, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 13 цаг 30 минутад тус тус товложээ.
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаан нь 14 цагт эхэлсэн талаар: Тухайн өдөр миний бие 10 цагт А.М-д холбогдох эрүүгийн хэргийн, 10 цаг 30 минутад Б.О-т холбогдох эрүүгийн хэргийн, 11 цагт Н.Ө-т холбогдох эрүүгийн хэргийн 11 цаг 30 минутад С.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус тус товлосон байсан ба дээрх шүүх хуралдаанууд нь үргэлжлэн ороод 13 цаг 30 минутад дуусаагүй тул 14 цагт шүүх хуралдааныг эхлүүлсэн.
Бусад шүүх хуралдааны тухайд ямар шалтгаанаар товлосон цагт эхлүүлээгүй талаар одоо санахгүй байна.
Миний тухайд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын зүгээс шүүх хуралдаан эхлэхэд бэлэн болсон талаар мэдэгдсэний дараа шүүх хуралдааны танхимд ордог.
Шүүх хуралдааны танхимын хүрэлцээ, хэргийн оролцогч нарыг хүлээх, өмнөх шүүх хуралдаан дуусахгүй байх зэрэг шалтгаанаар хүлээгдэж, товлосон цагт орохгүй байх нөхцөл байдал үүсдэг. Дээрх шалтгаануудаас болж эдгээр шүүх хуралдаанууд товлосон цагтаа эхлээгүй байх ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-с Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгсөд холбогдуулан гаргасан мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн ГЗҮ/2025/0027 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
1. Мэдээлэлд “... 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ... шүүх хуралдаан эхлэхийг 50 минут хүлээсэн” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл яллагдагч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 2024/ЕШЗ/1176 дугаар захирамжаар яллагдагч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Түвшинтөгсийг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Шүүгчээс эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/000 дүгээр захирамжаар хойшлуулж, хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлосон байна.
Тухайн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Н.Ш, Б.Б, Ө.З, шүүгдэгч Г.О, түүний өмгөөлөгч Ж.М, гэрч П.Т нар оролцож, хуралдааныг “улсын яллагч Б.О шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй” гэх үндэслэлээр хойшлуулж шийдвэрлэжээ.
Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдаан эхэлсэн цагийг 13 цаг 30 минут гэж тэмдэглэсэн боловч шүүх хуралдааны дуу дүрсний бичлэгт хуралдаан эхэлсэн цаг авагдаагүй.
Шүүх хуралдаанд оролцсон нарийн бичгийн дарга Э.Э “..энэ үед хурлыг товлосон цагт шүүгч танхимд орж ирээгүй. Ойролцоогоор 1 цаг 30 минут болсон байх. ...шүүгчийн утас руу залгахад утсаа аваагүй, тэгээд шүүгчийн туслах руу дотоод чатаар хэлтэл “одоо удахгүй орно оо, хүлээгээд байж бай” гэж хэлсэн байсныг танхимд байгаа хүмүүст дамжуулж хэлж байсан” гэх мэдүүлгийг,
шүүгчийн туслах Ч.Х “...тэр өдөр шүүгчдийн зөвлөгөөн болоод зөвлөгөөн дуусаагүй байгаа талаар нарийн бичгийн даргаар дамжуулж хэргийн оролцогч нарт хэлүүлсэн байгаа” гэх мэдүүлгийг,
прокурор Б.О “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 13:30 цагт товлогдсон хуралдааныг 50 минут хүлээсэн. ...надад хурал, зөвлөгөөнтэй гэж хэлээгүй” гэх мэдүүлгийг шалгах ажиллагааны явцад тус тус өгчээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.З “...Улсын яллагчийн зүгээс шүүгчийг 50 минут хүлээсэн гэх байдлаар гараад явчихсан. ...өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаан эхлэхийг хүлээгээд байж байсан.” гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан байна.
Иймд, дээрх гэрч нарын мэдүүлэг, өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан товлосон цагаасаа 50 минут хоцорч эхэлсэн болох нь тогтоогдож байна.
Энэ талаар холбогдох шүүгч “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр оны эцэс болоод мэдээ тайлан гаргах, 2025 оны ажлын төлөвлөгөө хэлэлцэх, шинэчилсэн систем хэрэгжиж эхлэхтэй холбоотой, мөн Шүүх байгуулах тухай хуулийн зохион байгуулах тухай хуулийн зохион байгуулалттай холбоотой асуудлыг ярьсан. Зөвлөгөөн 12 цагийн үед эхэлсэн байх. Тэгээд тэр асуудлаа ярьж дуустал зөвлөгөөнд байсан” гэх тайлбарыг гаргажээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Б-аас дээрх нөхцөл байдлыг тодруулахад “...26 билүү 27-нд нь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж байгаа шинэ жилийн арга хэмжээ болох гэж байсан. Тэгээд оны шилдэг шүүгчийн нэр ирүүл гэсний дагуу оны шилдэг шүүгч тодруулахаар ярилцъя, мөн шүүхийн дотоод шүүн таслах ажлын асуудлын талаар уулзъя гэж ярьсан. Тэгтэл ихэнх шүүгч нар үдээс өмнө хуралтай байсан. Тэгээд 13 цагаас эхлэн зөвлөгөөн хуралдаад 1 цаг гаран болсон. Б шүүгчийг оны шилдгээр тодруулах талаар ярилцсан” гэх мэдүүлгийг, Ерөнхий шүүгчийн туслах Н.Б гэрчээр “..12 сард 3-4 зөвлөгөөн хийж, тогтоол гарсан байсан. ...зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл гараагүй байх тул сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлгийг өгсөн байна.
Хэдийгээр холбогдох шүүгч 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаан товлосон цагаасаа хоцорч эхэлсэн нь шүүгчдийн зөвлөгөөнөөс шалтгаалсан гэх тайлбар гаргасан боловч тус өдрөөр огноолсон шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, тэмдэглэл гараагүй, гэрчүүд зөвлөгөөн хийсэн цаг, хугацааг тодорхой мэдүүлээгүй байх тул шүүх хуралдааны товыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зөрчсөн гэж үзэх боломжгүй.
2. Мэдээлэлд “...Улсын яллагч шүүх хуралдаан эхлэхийг 50 минут хүлээсэн учраа хэлж, ажил ихтэй тул дахин хүлээхгүй гэдгээ шүүх хуралдааны нарийн бичгийн даргад мэдэгдэж танхимаас гараад өөр танхимд орж, дээд шатны прокурортоо шүүгчийг хүлээсэн ч ирээгүй тул явах талаар утсаар мэдэгдээд гарч ирэхэд шүүгч “Б” танхимд орсон гэсэн тул шүүх хуралдааны танхимд ороход шүүгчээс “Хэн танд зөвшөөрөл өгсөн юм, танхимаас гар, шүүх хуралдаан эхэлсэн” гэх мэтчилэн зандарч, зохисгүй харьцсан үйлдэл гаргасан ...” гэжээ.
Тухайн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд даргалагч шүүгч шүүх хуралдааныг нээж, хэргийн оролцогч нараас ирцтэй холбоотой санал хүсэлтийг тодруулж, өмгөөлөгч нар тайлбараа хэлж дууссаны дараа прокурор хуралдааны танхимд орж иржээ. Даргалагч шүүгчээс “...Хурал эхэлчихсэн байна, улсын яллагч аа. Таныг зааланд орохыг хэн зөвшөөрсөн юм бэ, Шүүх хурал хаачихлаа. ...Танд хурал эхэлчихсэн байхад орж ирэхийг хэн зөвшөөрөөд, надтай хэрэлдээд, ингээд байгаа юм бэ. ...Би хашхираагүй. ...Тэг тэг. Та угаасаа гараад явсан юм биш үү. ...Тэг ээ тэг, гарга, гарга. Би наадхыг чинь шийддэг хүн биш, Ерөнхий шүүгчид хүсэлтээ гарга та, за юу. ...Таныг загнасан ч хүн алга. ...би зөвлөгөөн дуусаад ороод ирэхэд ямар шалтгаан хэлэх ёстой юм. ...за за тэр татгалзах талаараа хүсэлтээ гарга за юу” гэх зэргээр өндөр дуугаар улсын яллагчтай маргалдсан байна.
Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Э “...шүүгчийг удаан хүлээлээ гээд гараад явсан. Шүүгч орж ирээд хурлыг хойшлуулах гээд байж байтал улсын яллагч ороод ирсэн. ...танхимд гадуур хувцастайгаа орж ирээд зогссон. Тэгээд шүүгч уурлаад, та танхимаас гар гэж хэлсэн, улсын яллагч “би шүүх хуралдаанд орох гэж ирлээ, би танаас татгалзаж байна, энэ хэрийг шийдвэрлэхэд таны авьяас, чадвар хүрэхгүй гэж бодож байна” гэж хэлсэн. Хэрүүл маргаан болсон гэж би хэлнэ” гэх мэдүүлгийг өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад этгээд шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдах үүргийг хүлээх хэдий ч шүүгч хуралдаанд оролцохоор ирсэн улсын яллагчтай шүүгдэгч, өмгөөлөгч, гэрч нарын хажууд “танхимд зөвшөөрөлгүй орж ирлээ” гэх шалтгаанаар маргалдаж буй үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах...” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хуралдааныг товлосон цагт эхлүүлээгүй нь дээрх маргаан үүсэх нэг шалтгаан болсон байхад шүүгч прокурортой шүүхийн танхимд албан үүргийн хувьд харилцахдаа “танхимд орохыг хэн зөвшөөрсөн юм, ... тэгээ тэг, ...хүсэлтээ гарга за юу ...таныг загнасан ч хүн алга. ..за за,” гэх зэргээр бухимдсан өнгө аясаар харилцаж “хэрүүл маргаан” үүсгэсэн нь шүүгчийг зүй бус авирласан, ёс зүйгүй үйлдэл гаргасан үзнэ.
Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчтой харилцахдаа харилцааны өндөр ур чадвартай байж, сэтгэл хөдлөлөө хянах чадвартай байхын зэрэгцээ бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, шүүхийн ажиллагаанд бүхэлд нь хүндэтгэлтэй хандах шаардлагатай. Энэ нь шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэх, шүүхэд хүндэтгэл төрүүлэх чухал хүчин зүйлийн нэг юм.
Түүнчлэн шүүгч нь аливаа байдлаар зохисгүй үйлдэл, эс үйлдэхүй гаргахгүй байх, ийнхүү ойлгогдохоос сэргийлэх учиртай бөгөөд зүй бус авирлах, ёс зүйгүй харагдах нь шүүхийн нэр хүндэд үл нийцнэ.
3. Мэдээлэлд “...Шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал бөгөөд прокурор заавал оролцох шаардлагагүй асуудлаар прокурорыг албан үүргээ хэрэгжүүлээгүй гэж таслан сэргийлэх арга хэмжээг шийдвэрлэх хуралдааныг үндэслэлгүйгээр хойшлуулсан” гэж дурджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч Д.О-ээс хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргажээ.
Шүүхээс тус хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэхээр шүүхийн хэлэлцүүлгийг товлож, улсын яллагчид товыг мэдэгдсэн байна.
Тус 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хэлэлцүүлгийг “улсын яллагч хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг талуудын тэгш эрхийн оролцоог хангаж, прокурорын саналыг сонссоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн 2024/ШЗ/000 дугаар шүүгчийн захирамжаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.
Улмаар шүүгч Г.Түвшинтөгсөөс “...хяналтын прокурор Б.О хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйн улмаас шүүх хуралдааныг дахин хойшиллоо. ...арга хэмжээ тооцож, хариу ирүүлнэ үү” гэх албан бичгийг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Ц.А-д хүргүүлжээ.
Нийслэлийн Прокурорын газраас 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр “...Шүүхийн шатанд шүүгдэгчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул прокурор заавал оролцох шаардлагагүй бөгөөд энэ төрлийн хэлэлцүүлэгт оролцдоггүй шүүхийн практик нэгэнт тогтсон. Иймд хяналтын прокурор Б.О нь шүүгдэгч Д.О-ээс таслан сэргийлэх арга хэмжээний талаар гаргасан хүсэлтийг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцох шаардлагагүй” гэх албан бичгийг шүүхэд ирүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж зааснаас үзвэл таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой шүүхийн хэлэлцүүлэгт прокурорыг оролцуулахаар зохицуулсан байна.
Иймд шүүхээс прокурорыг хэлэлцүүлэгт оролцуулахаар шийдвэрлэж хуралдааныг хойшлуулсан нь үндэслэлтэй тул уг мэдээллийн үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4 дэх хэсэгт “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж зааснаар илтгэгч гишүүн “шүүгдэгч Д.О, Г.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанууд цагтаа эхлээгүй байна” гэх үндэслэлээр 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/0047 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, нэгтгэн шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 09:00 минутад товлогдсон шүүх хуралдаан 10:00 цагт эхэлсэн, 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09:00 минутад товлогдсон хурал 09:40 минутад эхэлсэн, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13:30 минутад зарлагдсан хурал 14:00 минутад эхэлсэн, 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 13:30 минутад зарлагдсан хурал 13:56 минутад эхэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тус тус тэмдэглэгдсэн байна.
Шүүх хуралдаан товлосон цагаасаа хоцорч эхэлсэн шалтгааныг холбогдох ажилтнуудаас тодруулахад 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Ц “...Миний санаж байгаагаар энэ өдрийн хуралдаан 1 цагийн дараа ... эхэлсэн ... Яг юунаас шалтгаалж хурал цагтаа эхлээгүй вэ гэдгийг би санахгүй байна...” гэх мэдүүлгийг,
2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн, 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Э.Э “... Санахгүй байна ... Яг эхэлж байгаа цагаар тэмдэглэлд тусгадаг. ...Энэ хуралдаан ямар шалтгаанаар товлосон цагаасаа хоцорсныг санахгүй байна ...” гэх мэдүүлгийг,
2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцсон Б.Н “... Уг нь тов дээр 13:30 минут гэж байсан боловч 20-30 минут хүлээлгэсэн. Шалтгаан нь гэрч Т, О нар тус хуралдаанд оролцохоор байсан. Т гэх гэрч нь хөдөө орон нутгаас оролцож байгаа тул онлайнаар орно гээд холбох гэтэл сүлжээ нь тасалдаад байсан. Өмнө нь энэ хуралдаан олон хойшилсон юм байна лээ. Тэгээд шүүгчид хэлтэл “гэрч орно гэж байгаа бол холбочих оо, хүлээж байгаад оръё” гэсэн. Тэр үед шүүгдэгч нар, шүүгдэгчийн өмгөөлөгч нар, улсын яллагч зааланд байсан. Гэрчийг цахимаар холболт хийх гэж удсан ...” гэх мэдүүлгийг,
шүүгчийн туслах Ч.Х “..миний санаж байгаагаар 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаас өөрөөр шүүгч хуралдааныг хүлээлгэж байгаагүй. Улсын яллагч хоцорч байсан эсэхийг санахгүй байна” гэх мэдүүлгийг тус тус өгчээ.
Холбогдох шүүгч энэ талаар “...2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон хуралдаан 14 цагт эхэлсэн нь ...шүүх хуралдаанууд үргэлжлэн ороод 13 цаг 30 минутад дуусаагүй тул 14 цагт шүүх хуралдааныг эхлүүлсэн. Бусад шүүх хуралдааны тухайд ямар шалтгаанаар товлосон цагт эхлүүлээгүй талаар одоо санахгүй байна. ...шүүгчийн туслах шүүх хуралдааны нарийн бичгийн даргын зүгээс шүүх хуралдаан эхлэхэд бэлэн болсон талаар мэдэгдсэний дараа шүүх хуралдааны танхимд ордог” гэх тайлбарыг өгсөн байна.
Дээрх шүүгчийн тайлбартай холбогдуулан 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны зар болон тэмдэглэлүүдийг тус Шүүхийн тамгын газраас гаргуулан авахад шүүгч Г.Түвшинтөгс 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нийт 5 хурал товлон зарласнаас шүүгдэгч Д.О, Г.О нарт холбогдох хэргийг 13 цаг 30 минутад хийхээр товлон зарласан байна.
Тус хуралдааны өмнө 11 цаг 30 минутад товлогдсон шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 12 цаг 00 минутад эхэлж, 12 цаг 30 минутад дууссан гэж тэмдэглэлд тусгагдсанаас үзвэл холбогдох шүүгчийн “шүүх хуралдаанууд үргэлжлэн ороод 13 цаг 30 минутад дуусаагүй тул 14 цагт шүүх хуралдааныг эхлүүлсэн” гэх тайлбар үндэслэлгүй байна.
Мөн прокурор Б.О “... Шүүгчдийн зөвлөгөөнтэй байсан гэж нарийн бичгийн дарга нь хэлж байсан, ... Тэр үед бол тэвчээртэй хүлээсэн. Энэ хурал нь 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн өмнөх хуралдаан гэхээр 12 дугаар сарын 02-ны өдрийн хуралдаан байж магадгүй ... “ гэх мэдүүлгийг өгчээ.
Түүнчлэн тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаар албан бичгээр “... 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ...Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс гарсан тогтоол байхгүй байна...” гэх хариу ирүүлснээс үзвэл тухайн өдөр шүүгчдийн зөвлөгөөнтэй байсан гэж үзэх боломжгүй.
Дээрх хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй нь гэрчийг цахимаар оролцуулахаар холболт хийж удсантай холбоотой байх тул хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахаар байна.
Харин 2024 оны 10 дугаар сарын 09, 2024 оны 11 дүгээр сарын 11, 2024 оны 12 дугаар сарын 02, 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр товлогдсон шүүх хуралдаанууд нь товлосон цагаасаа хоцорч эхэлсэн буюу шүүх хуралдааны товыг удаа дараа зөрчсөн болох нь сахилгын хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг, хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдож байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т “шүүх хуралдаан, урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа зөрчих” гэж заасныг зөрчсөн гэж гэж үзлээ.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч Г.Түвшинтөгс нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.25-т заасан сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.25-т заасан зөрчилд 57 дугаар зүйлийн 57.1.2-д заасны дагуу нээлттэй сануулах, мөн 50 дугаар зүйлийн 50.1.20-т заасан зөрчилд 57 дугаар зүйлийн 57.1.2-д заасны дагуу цалингийн хэмжээг 3 сарын хугацаанд 20 хувь бууруулах сахилгын шийтгэл тус тус оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Түвшинтөгсөд холбогдох нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.25-т заасан зөрчлүүдэд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.2-т заасныг баримтлан түүнд “нээлттэй сануулах”, “цалингийн хэмжээг гурван сарын хугацаанд 20 хүртэл хувиар бууруулах” сахилгын шийтгэлийг тус тус оногдуулсугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Б.СУГАР
Д.МЯГМАРЦЭРЭН