
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-11-05
Дугаар 129
Улаанбаатар хот
Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож,
сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн О.Сумъяабазар, сахилгын хэргийн оролцогч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг, өргөдөл гаргагч С.Д /цахимаар/ нарыг оролцуулан, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГНД/2025/0025 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-дээ:
“... Өргөдөл гаргагч өмгөөлөгч С.Д нь “...Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нар нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарахгүй гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан “...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс ...хүсэлтийг хүлээн авч, хэргийг адил шатны өөр давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнээд хүсэлтийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлүүдийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М “...Д.О-д холбогдох 3 тусдаа хэрэг маргааныг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үргэлж Д.О-ийн талд шийдвэрлэж ирсэн нь түүнтэй хувийн харилцаатай эсхүл ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэхэд хүргээд байна. Хариуцагч талаас энэхүү хэргийг шударгаар шийдвэрлэнэ гэсэн ямар ч итгэл үнэмшилгүй болсон...” гээд шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасан байна.
Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 207/ШТ2025/00... дүгээр тогтоолоор “...шүүх бүрэлдэхүүнээс татгалзах” тухай хүсэлтийг адил шатны өөр шүүх хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 207/ЗТ2025/00... дугаар тогтоолоор хүсэлтийг адил шатны буюу Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.
Харин Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүг Б.Эрдэнэхишиг нар 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 208/ЗТ2025/00... дугаар зөвлөгөөний тогтоолоор “...хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан ...хүсэлтийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй байна. Өөрөөр хэлбэл хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл эргэлзээ байвал гэдэгт хэргийн аль нэг оролцогчоос шүүгчийн талаар нөгөө оролцогчийн нөлөөнд автсан буюу автаж болзошгүй талаар тодорхой мэдээллийг гаргасан нь үндэслэл бүхий байж түүнийгээ нотолсон тохиолдолд шүүгчийг татгалзан гаргах нь үндэслэл болдог бөгөөд харин хариуцагч талын хүсэлтэд дурдаж буй /Д.О-ийн талд шийдвэрлэж ирсэн/ үндэслэлийг “...хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ...” гэж үзэх боломжгүй юм.
Хэдийгээр хариуцагч талаас гаргаж буй татгалзлын үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй байгаа боловч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийг хангах зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс ...хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч, хэргийг адил шатны өөр давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж үзэн хүсэлтийг хүлээн авсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Иргэний хэргийг анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэхэд урьд нь оролцсон шүүгч уг хэрэг, маргааныг өөр шатны журмаар хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй”, 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт “Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гээд
91.1.1-д “урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон”,
91.1.2-т “уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садны холбоотой хүмүүс орсон байвал”,
91.1.3-т “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал”,
91.1.4-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол”, мөн зүйлийн 91.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн хэсэг, заалтуудыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоолд тайлбарласан байдаг.
Уг тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 1-д “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсгийн "анхан болон давж заалдах, хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэх гэдгийг энэ хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 167 дугаар зүйлийн 167.1, 176 дугаар зүйлийн 176.2-т зааснаар шийдвэр, магадлал, тогтоол гаргасан байхыг ойлгоно.”,
мөн хэсгийн 3-т уг хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн "шүүгчийг татгалзаж үл болно.” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно.
Тухайн хэргийг дангаар болон бүрэлдэхүүнээр шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй шүүгчийг татгалзсан, ижил үндэслэлээр татгалзах хүсэлтийг дахин гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэнтэй холбогдуулан татгалзсан нь хуульд заагаагүй үндэслэлд хамаарна. Энэ хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасны дагуу хэрэг хэлэлцэж эхэлснээс хойш дээрх үндэслэлээр гаргасан хүсэлтийг гаргаагүйд тооцож хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн үзвэл энэ талаар тэмдэглэлд тусгаж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулна гэж тус тус тайлбарлажээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.7 дахь хэсэгт Улсын дээд шүүхийн шүүн таслах ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.7.5. Улсын дээд шүүх хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах зорилгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах тохиолдолд хяналтын журмаар хянан шийдвэрлэх:
25.7.5.а-д “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах”,
25.7.5.б-д “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” гэж,
мөн зүйлийн 25.8 дахь хэсэгт Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.8.4-д “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасан тул шүүгч хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд Улсын дээд шүүхийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан тайлбарыг дагаж мөрддөг билээ.
Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн оролцогчоос гаргасан “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлэхдээ “...Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийг хангах зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс” гэж дүгнээд хүсэлтийг хүлээн авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Улсын дээд шүүхийн тайлбартай зөрчилдөж байна гэж үзлээ.
Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч ...гагцхүү хуульд захирагдана”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Хууль дээдлэх нь шүүхийн ...үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 6.2 дахь хэсэгт “Шүүхээр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон харилцааг тухайлсан хуулиар зохицуулна”, 6.3 дахь хэсэгт “Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах бөгөөд шүүгч хараат бус байх баталгааг хуулиар тогтооно” гэж тус тус заасан тул шүүгч хүсэлт шийдвэрлэхдээ илт тодорхой, нарийвчлан зохицуулсан хууль, Улсын дээд шүүхийн хуулийг зөв хэрэглэх талаар гаргасан албан ёсны тайлбарыг баримтлан шийдвэр гаргах учиртай.
Гэтэл шүүгч нар зөвлөгөөнөөрөө “шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс” гэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна.
Учир нь Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” тогтоолын “тайлбарлах нь” хэсгийн 2-т “Хуулийн …заалт гэдэг нь “хуулийн зохицуулалт” гэсэн ерөнхий утгыг илэрхийлэх ба үүнд Хууль тогтоомжийн тухай хуулийн дагуу хуулийн зүйл, хэсэг, заалт бүхэлдээ хамаарна.”,
3-т “Илт тодорхой гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно.
Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол "илт тодорхой" гэж үзэхгүй. Мөн хуулиар тодорхойлсон хууль зүйн ойлголтыг хэргийн үйл баримтад хэрэглэхийн тулд зүйлчлэл хийх шаардлагатай бол хамаарахгүй. Процессын хуулийн тухайд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн, хориглосон, хатуу тогтоосон шинжтэй хуулийн заалт хамаарна, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт хамаарахгүй” гэж тайлбарласан.
Дээрхээс үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нар зөрчсөн гэж үзлээ.
Түүнчлэн холбогдох шүүгч нар хариу тайлбартаа “...орон нутгийн давж заалдах шатны шүүх тогтмол бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа байдал нь зохигчдоос шүүх бүрэлдэхүүнд үл итгэх, хардах сэдлийг төрүүлж байж болзошгүй зэргийг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хүлээн авсан...” гэж дурдсан.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 53 дугаар “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолоор орон нутаг дахь давж заалдах шатны шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 3 байхаар тогтоосон боловч одоогийн байдлаар орон нутгийн давж заалдах шатны шүүх нь 2-3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг тухайн давж заалдах шатны шүүхийн 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, хэрэв бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд мөн хуулийн 78 дугаар зүйлийн 78.6 дахь хэсэгт зааснаар адил шатны өөр шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар бүрэлдэхүүний шүүгчийг томилж, оролцуулах хуулийн зохицуулалттай.
Гэтэл холбогдох шүүгчид зохигчоос гаргасан “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг “...шүүх тогтмол бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа байдал нь зохигчдоос шүүх бүрэлдэхүүнд үл итгэх, хардах сэдлийг төрүүлж байж болзошгүй зэргийг харгалзан” үзэж хүлээн авсан гэж тайлбарлаж байгаа нь хуульд нийцээгүй бөгөөд Сэлэнгэ аймгийн давж заалдах шатны шүүх нь одоогоор 2 шүүгчийн бүрэлдэхүүнтэй, адил шатны өөр шүүхээс бүрэлдэхүүний шүүгчийг томилуулж, адил нөхцөл байдалтай хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа болохыг дурдах нь зүйтэй.
Мөн өмгөөлөгч С.Д нь өргөдөлдөө“...Ц.М нь хэргийн нэхэмжлэгч биш, хувь иргэн биш, хариуцагч бөгөөд “Э” ТӨҮГ буюу хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч. Иймээс шүүгч нарын Монгол Улсын шүүхийн тухай хуулийн хүний эрх, эрх чөлөөний тухай заалт хариуцагч хуулийн этгээдэд шууд хамааралгүй. Тухайн хэрэгт нэхэмжлэгч Д.О-ийн хөдөлмөрлөх эрх хууль бусаар зөрчигдсөн, харин “Э” ТӨҮГ-ын ямар нэгэн эрх огт зөрчигдөөгүй нь нотлох шаардлагагүй илэрхий үнэн” гэж дурдсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт “Монгол Улсад хүн бүр үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, түүнчлэн хуулийн этгээдийн өмчийн хэлбэр, төрлөөс үл хамаарч хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа /цаашид "хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа" гэх/ нь хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол болон бусад байдал, хуулийн этгээдийг өмчийн хэлбэр, эрх хэмжээгээр нь ялгаварлахгүй эрх тэгш байх зарчимд үндэслэн явагдана” гэж заасан.
Иймд мөн хуулийн 25, 26, 29 дүгээр зүйлд заасан эрхийг эдэлж, үүргийг хүлээж буй хэргийн оролцогчоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй этгээдийг иргэн, хуулийн этгээд, тэдгээрийн төлөөлөгч гэж ялгахгүйгээр тэгш эрхтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тул уг үндэслэлээр шүүгч нарыг зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн өргөдөл гаргагч нь “...Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөний улмаас тухайн иргэний хэрэг харьяаллаас хазайж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхээр дамжиж, ахиад нь Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хүртэл төөрч будилан буцаагдаж, өнөөг хүртэл анхан шатны шүүхээр шийдвэрлэгдээгүй хэвээр, цаг хугацаа алдсаар байгаад би гомдолтой байна” гэж өргөдөлдөө дурдсан.
Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад бүрдүүлсэн баримтуудаас үзэхэд Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 207/ЗТ2025/00... дугаар тогтоолоор адил шатны шүүхээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг шийдвэрлүүлэхээр Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 04 дугаартай албан бичгээр хэргийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх рүү хүргүүлсэн.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 208/ЗТ2025/00... дугаар тогтоолоор дээрх хүсэлтийг хүлээн аваад, Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай албан бичгээр хэргийг буцаажээ.
Харин Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 225/МА2025/00... дугаар магадлалаар хэргийг шийдвэрлээд Ерөнхий шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 18 дугаар албан бичгээр хэргийг буцаан хүргүүлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гомдол гаргасан тул Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 94 дүгээр албан бичгээр хэргийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн бол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 03/1911 дугаартай албан бичгээр уг хэргийг Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд буцаан хүргүүлсэн байна.
Дээрх албан бичгүүдээс үзэхэд хэргийг анхан шатны шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Улсын дээд шүүх рүү хүргүүлж, Улсын дээд шүүх 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хяналтын журмаар гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзан шийдвэрлэж, 2025 оны 6 дугаар сарын 09-ний өдөр буцаажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 173 дугаар зүйлийн 173.5 дахь хэсэгт “Хяналтын шатны шүүх гомдлыг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэж дөрөв, түүнээс дээш шүүгч хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх талаар санал гаргавал энэ тухай тогтоол гаргана” гэж заасан.
Иймд хуульд заасан хугацаанаас гадна, хэргийг орон нутгийн шүүхээс Монгол Улсын нийслэл рүү, нийслэлээс орон нутгийн шүүх рүү хүргүүлэхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагдах зэргийг харгалзан үзээд өргөдөл гаргагчийн өргөдөл дурдсан “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор Улсын дээд шүүх хүртэл төөрч будилан буцаагдсан” гэх үйл баримт тогтоогдоогүй болно.
Дээрхийг нэгтгэн дүгнээд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, ...зөрчсөн үйлдэл, ...гаргах” гэж заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэж дүгнэн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлт үйлдэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Г.Давааренчин Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 207/ЗТ2025/00... дугаартай тогтоол бүхий хэргийн хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж шийдвэрлүүлэхээр хэргийн хамт ирүүлснийг хүлээн авч дараах шийдвэрийг гаргасан.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх бүрэлдэхүүнээс татгалзаж байгаа үндэслэлээ “...шүүхэд өмнө нь хянагдаж байсан Д.О-д холбогдох 3 туслаа хэрэг маргаанд Орхон аймгийн иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх үргэлж хэргийг Д.О-ийн талд шийдвэрлэж ирсэн нь түүнтэй хувийн харилцаатай эсхүл ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна” гэж тайлбарласан.
Түүний гаргасан дээрх үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй байгаа боловч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн шийдвэр байсан.
Түүнчлэн иргэдийн эрх зүйн боловсролын хувьд харилцан адилгүй асуудалд сөргөөр ханддаг болон өнөөдрийн байдлаар орон нутгийн давж заалдах шатны шүүх тогтмол бүрэлдэхүүнтэйгээр хэргийг шийдвэрлэж байгаа байдал нь зохигчдоос шүүх бүрэлдэхүүнд үл итгэх, хардах сэдлийг төрүүлж байж болзошгүй зэргийг харгалзан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хүлээн авсан.
Ийнхүү шүүгчдийн зөвлөгөөнөөр “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” гаргасан хариуцагчийн татгалзлыг хангаж шийдвэрлэхдээ хэргийг шийдвэрлүүлэх шүүхийг тусгайлан нэр заагаагүй болно.
Өмгөөлөгч С.Д өргөдөлдөө хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн эрх зөрчигдөөгүй, “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хангаснаар нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн гэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Д.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн болон хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг зохих ёсоор хүлээн аваагүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан нь тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 208/ЗТ2025/00... дугаар тогтоол нөлөөлсөн гэж үзэх боломжгүй.
Иймд Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарт үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өмгөөлөгч С.Д-с Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарт холбогдуулан “...Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нар нь шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М-ийн хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3 дахь заалтад заасан үндэслэлд хамаарахгүй гэж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн атлаа Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан “...хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ...шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах” зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс ...хүсэлтийг хүлээн авч, хэргийг адил шатны өөр давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж дүгнээд хүсэлтийг ханган шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91 дүгээр зүйлүүдийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэх агуулгаар Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч Д.О-с хариуцагч “Э” ТӨҮГ-т холбогдуулан ““Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/662 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан Хөдөлмөрийн дотоод журмын 8 дахь хэсгийн 8.2, 8.16.9, 8.17 дахь хэсэг бүхэлдээ, мөн тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээний загварын 6.3 хэсгийн заалтууд бүхэлдээ Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байгаа эсэхийг тогтоож, дээрх заалтуудыг мөрдөгдөж эхэлсэн үеэс нь тус тус хүчин төгөлдөр бусад тооцож, ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулахгүйгээр, Хөдөлмөрийн дотоод журам болон хөдөлмөрийн гэрээг өөрчлөн Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэхийг хариуцагчид үүрэг болгох, мөн “Э” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Б/330 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, өмнө эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоолгох, урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас нөхөн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 142/ШШ2024/01... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нараас гаргасан давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцэхээр Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Оюунцэцэг, Д.Азжаргал, Б.Баттөр нарыг томилсон шийдвэрийг Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 207/ЕШ2025/00... дүгээр захирамжаар албажуулсан байна.
Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... шүүхэд өмнө нь хянагдаж байсан Д.О-д холбогдох 3 тусдаа хэрэг маргааныг Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх үргэлж Д.О-ийн талд шийдвэрлэж ирсэн нь түүнтэй хувийн харилцаатай эсхүл ямар нэг байдлаар ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэж үзэхэд хүргэсэн ...” гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шийдвэрлүүлэхээр Шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 207/ЗТ2025/00... дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлснийг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Б.Эрдэнэхишигийн[1] бүрэлдэхүүнтэй хэлэлцээд, 208/ЗТ2025/00... дугаар тогтоолоор “... хүсэлтийн үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй боловч Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ... хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ... шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийг хангах зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс ... хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авч, хэргийг адил шатны өөр давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй” гэж үзэн хүсэлтийг хүлээн авсан байна.
Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нар нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг дээрх үндэслэлээр шийдвэрлэснийг илтгэгч гишүүн “... шүүгч нар зөвлөгөөнөөрөө “шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс” гэх буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсэгт заасан хуульд заагаагүй үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авсан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн байна ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т “Энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг татгалзаж үл болно” гэж заасныг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолоор “... "шүүгчийг татгалзаж үл болно” гэсэн зохицуулалтыг энэ хуульд заагаагүй үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос шүүгч өөрөө татгалзах, эсхүл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргахыг хориглоно гэж ойлгоно ...” гэж тайлбарласан.
Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн атлаа “... Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан ... хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, ... шударга шүүхээр шүүлгэх, иргэний эрхийг хангах зэрэг шүүхийн эрхэм зорилгыг хангах, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх үүднээс” гэх хуульд заагаагүй үндэслэлээр хүлээн авч шийдвэрлэснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарласан ба тус тайлбарын 3-д “Илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2-т заасан заалт нь энэ хуулийн 84 дүгээр зүйл, 91.1-д заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд шүүгчийг татгалзан гаргахаас бус өөр бусад үндэслэлээр тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргахгүй гэсэн утга санааг илэрхийлэх, тусгай мэдлэг, чадвар шаардахгүйгээр ойлгогдох, хатуу тогтоосон шинжтэй хуулийн зохицуулалт бөгөөд хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагагүй, шүүгчид эрх буюу сонгох боломж олгосон заалт биш юм.
Харин шүүгч нар нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн бол “ноцтой” зөрчилд хамаарахаар дээрх Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 28 дугаар тогтоолд тайлбарласан.
Өргөдөл гаргагч нь “... шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нар хариуцагч, хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хууль бус татгалзлыг бодит байдлын болон хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авснаараа нэхэмжлэгч Д.О-ийн шударга шүүхээр шүүлгэх эрхэнд бүдүүлгээр халдсан ...” гэж дурджээ.
Шударгаар шүүлгэх тухай ойлголт нь хэргийг шударга бөгөөд нээлттэй шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх баталгааг агуулдаг. Хэргийг шударгаар шийдвэрлэсэн эсэх нь аль нэг оролцогчоос, ямар нэг сэдлээр хянан шийдвэрлэх ажиллагаанд шууд болон шууд бус нөлөөлөл, дарамт шахалт, оролцоо үгүй байдлаар илэрхийлэгдэнэ.
Гэтэл шүүгч нар нь дээрх байдлаар хуульд заагаагүй үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн авсны улмаас тус иргэний хэргийг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд, 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 225/МА2025/00... дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасныг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хяналтын гомдлыг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 001/ШХТ2025/000... дугаар тогтоолоор хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн шударга шүүхээр шүүлгэх эрхийг зөрчсөн гэх үндэслэлд хамаарахгүй.
Учир нь Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь тодорхой хэргийн талаар урьдчилан тогтсон үзэл бодлоор, эсхүл нэхэмжлэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахдаа тэгш эрхээр хангаагүй зэрэг нэг талыг дордуулахуйц байдлаар нөгөө талын сонирхлыг зүй бусаар дэмжсэн үйлдэл гаргаж, төвийг сахих зарчмыг алдагдуулсны улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн гэх үндэслэл өргөдөл болон шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдоогүй бөгөөд тус шүүх хэргийг шийдвэрлэснээр “цаг хугацаа алдсан” гэж үзэх боломжгүй.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хэргийг шийдвэрлэх учиртай тул Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх тус иргэний хэргийг шийдвэрлэснээс шалтгаалан анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон гэж үзэх үндэслэлгүй.
Иймд, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин хуулийн илт тодорхой заалтыг “удаа дараа” зөрчих зөрчлийн урьдач нөхцөл болж байгааг холбогдох шүүгч нарт сануулах нь зүйтэй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ГНД/2025/0025 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт”-ийг хүчингүй болгож, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8-д зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Б.СУГАР