
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
ХЯНАЛТЫН ТОГТООЛ
2025-09-17
Дугаар 17
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон
магадлалын тухай
Сахилгын хорооны хянан үзэх хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Хуралдаанаар, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарын Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/0076/z1 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/0076/z1 дүгээр магадлалаар:
“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзсан хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тодорхой заасан атал шүүх бүрэлдэхүүн хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчээс татгалзах хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэжээ.
Ийнхүү дээрх үйлдлээрээ холбогдох шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна.
Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл холбогдох шүүгч нар өөр төрлийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд илтгэгч гишүүн саналдаа “... тухайн хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлээгүй хойшлуулж, сахилгын хэргийг нэмж шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн нийт шүүгчийг татгалзсан хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх зэргээр зөрчлийн шинж байдал арилж, ноцтой үр дагавар үүсгээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, хохирол учраагүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй болно” гэсэн нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан.
Энэ нь өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй, илтэд тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, эсхүл илт тодорхой заалтыг зөрчсөн нь хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хууль, ОУ-н гэрээнд заасан үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан, зөрчсөн, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн, шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг гэж үзэх үндэслэлтэй.
Иймд дээрхийг нэгтэн дүгнэвэл хэргийн оролцогч болох шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрсайхан нар хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн нь тогтоогдож байна.
Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хамаарахгүй боловч дахин зөрчил гаргасан нь тогтоогдвол сахилгын шийтгэл оногдуулах урьдач нөхцөл үүссэн гэж үзэхийг анхааруулах нь зүйтэй ...” гэж дүгнэж, шийдвэрлэжээ.
Шүүгч Б.Гэршихбөртэ “... “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт: “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзсан хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно", мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тодорхой заасан атал шүүх бүрэлдэхүүн хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчээс татгалзах хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэжээ.
Ийнхүү дээрх үйлдлээрээ холбогдох шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг
зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна. Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл хэргийн оролцогч болох шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрсайхан нар хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн нь тогтоогдож байна.
Илтгэгч гишүүний ГС/2025/0059 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1-д “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 4/Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах”, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8-д “Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 25.8.4.шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасан байдаг.
Үүний дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар тогтоолоор тайлбарласан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан.
Ингэхдээ “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол” гэж урьдчилсан нөхцөлийг зааж өгсөн байгаа нь тухайн татгалзал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан аль нэгэн үндэслэлд хамаарахыг шаардсан гэж ойлгоно.
Улсын дээд шүүхээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар тогтоолоор хуулийн дээрх зохицуулалтыг тайлбарлахдаа тухайн татгалзал нь дээрх хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тохиолдолд татгалзал гаргаагүйд тооцохоор, 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан үндэслэлд юуг хамааруулах талаар тус тус тайлбарласан.
Үүнээс нэгтгэн дүгнэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан “уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн нь харьцангуй ойлгомжтой, хоёрдмол утга агуулаагүй, хэрэглэхэд эргэлзээ үүсэхгүй зохицуулалт боловч “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол” гэсэн нь тухайн үндэслэлд юу юу хамаарах нь ойлгомжгүй байх тул хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах үүднээс албан ёсны тайлбар гаргах хэрэгцээ шаардлага үүссэний улмаас Улсын дээд шүүх албан ёсны тайлбарыг гаргасан гэж ойлгогдож байна.
Энэ нөхцөл байдал нь хуулийн тухайн хэсгийн хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүйгээр илэрхийлсэн, шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй байх шинж буюу “илт тодорхой” байх шинжийг үгүйсгэж байна гэж үзэх үндэслэлтэй юм.
Иймд дээрх эргэлзээ бүхий нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх үүднээс Сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн хуралдааны СХМ/2025/0076/х1/ дугаар магадлалын “Үндэслэх” хэсэгт "...Ийнхүү дээрх үйлдлээрээ холбогдох шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна” гэж, "...Иймд дээрхийг нэгтэн дүгнэвэл хэргийн оролцогч болох шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрсайхан нар хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн нь тогтоогдож байна” гэж тус тус дүгнэснийг өөрчилж “хуулийн илт тодорхой заалт зөрчөөгүй” гэсэн агуулгаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэж гомдол гаргасан.
Шүүгч Р.Баярхүү гомдолдоо “... Гомдлын үндсэн гол агуулга нь шүүгч Р.Баярхүү, Б.Гэршихбөртэ, Г.Дэлгэрсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд ийм хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шүүн таслах ажиллагааны зарчимд нийцнэ гэж үзлээ” гэх Монгол Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу хэргийн оролцогчоос гаргасан татгалзлыг шийдвэрлэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.5 дугаар зүйлд зааснаар татгалзлыг тухайн шүүхийн ерөнхий шүүгчид танилцуулан шийдвэрлүүлэх ёстой байсан. Энэ нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзнэ хэмээн шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Улсын дээд шүүхийн тайлбараас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлд заасан харилцаа нь хуулийн илт тодорхой заалт биш болох нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбар гаргах болсон шалтгаан, судалгааны үр дүнгээр илэрхийлэгдэж байна.
Нөгөөтээгүүр, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаар тогтоолоор тайлбарласан тайлбарт хэргийн оролцогч хуульд зааснаас илт өөр үндэслэлээр шүүгчээс татгалзвал тухайн хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ гэж тайлбарласан байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн олон нийтэд
нээлттэй лайваар дамжуулсан шүүх хуралдааны явцад мөн яг энэ тайлбарыг үндэслээд шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ижил тохиолдол бий.
Иймд дээрх татгалзалтай холбоотой заалт нь хуулийн илт тодорхой заалтад
хамаарах эсэх, шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн эсэхэд дүгнэлт
хийж өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, нэгтгэн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0059 дугаар саналыг, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/0076/z1 дүгээр магадлалаар хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийг зөрчсөн нь ноцтой буюу удаа дараа биш байна гэж дүгнэн, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Холбогдох шүүгч нар магадлалын үндэслэх хэсэгт холбогдуулан гомдол гаргасан.
Шүүгдэгч С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд, шүүгдэгч нар болон шүүгдэгчийн өмгөөлөгч А.М, М.Г нар 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаан хойшлуулсан үйл баримттай холбогдуулж, шүүх бүрэлдэхүүний дийлэнх болох шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэсэн үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Уг татгалзлыг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй 2024/ШТ/28 дугаар тогтоолоор шийдвэрлэхдээ зөвлөлдөх тасалгаанд бүрэлдэхүүнээрээ зөвлөлдөөд[1] “... шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан “шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах” тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлүүдэд заасан аль нэгэн үндэслэлд хамаарахгүй байна гэж ...” татгалзал гаргаагүйд тооцсон байна.
Энэ үйл баримтыг Сахилгын хорооны магадлалд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзсан хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тодорхой заасан атал шүүх бүрэлдэхүүн хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчээс татгалзах хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэжээ ... дээрх үйлдлээрээ холбогдох шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна ...” гэж дүгнэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгч оролцож болохгүй үндэслэл байвал шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзах талаар, мөн хуулийн 10.4 дүгээр зүйлд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулиар, Улсын дээд шүүхэд Үндсэн хуулиас бусад хуулийг тайлбарлах эрхийг олгосон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүгчийг татгалзан гаргах, түүнийг шийдвэрлэх хуулийн зүйл, заалтын зарим нэр томьёоны ойлгомжгүй байдал, зохицуулалтын хийдэл, дутагдал, шүүхийн практикт зөрүүтэй хэрэглэж байгаа байдлыг нэг мөр болгох үүднээс 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлахдаа, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтын “... хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэснийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгоно” гэжээ.
Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолын 1 дэх хэсэгт “… хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч дараах үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно”
- уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй,
- уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шууд ба шууд бусаар тусламж авсан, нийтэд зарласнаас хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан,
- уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй албан бусаар харилцсан
- шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа уг хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн, илэрхийлсэн,
- уг хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, өөр бусад байдлаар ганцаарчлан харилцсан,
- уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчид хувийн харилцаагаар, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон талаар баримт байгаа бөгөөд, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй” ... гэж тайлбарласан байна.
Шүүгчийг татгалзсан хүсэлтийг шийдвэрлэх талаар Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тогтоолд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч, шүүх бүрэлдэхүүн татгалзал гаргаагүйд тооцож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлнэ …” гэсэнд зөвлөлдөж шийдвэрлэнэ гэж тусгагдаагүй, өөрөөр хэлбэл татгалзлын үндэслэл нь дээрх үндэслэлд хамаарахгүй байвал татгалзал гаргаагүйтэй адил гэж үзэж, зөвлөлдөхгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилнэ гэсэн агуулга тусгагдсан гэж үзэхээр байна.
Түүнчлэн, татгалзлыг шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн тайлбарын “тайлбар гаргах хэрэгцээ, шаардлага” гэсэн хэсэгт холбогдох хуулийг хэрэглэх талаар практикт үүссэн асуудлыг тодорхой дурдсан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “илт тодорхой” гэдэг нь хэн ч уншсан тодорхой, ойлгомжтой утга санааг илэрхийлсэн, албан ёсны тайлбар шаардахгүйгээр ойлгогдож, хэрэглэгдэх хуулийн заалт гэж үзэх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.4 дүгээр зүйлийг албан ёсны тайлбарын хамт хэрэглэж байгааг “хуулийн илт тодорхой заалт” гэж үзэх үндэслэлгүй байна.
Гэхдээ энэхүү тайлбар гарснаас хойш ч шүүх нь татгалзлыг шийдвэрлэхдээ өөр өөрөөр шийдэх, тухайлбал татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэхээр зөвлөлдсөн нь дээрх тайлбарт нийцэхгүй бөгөөд хэргийн оролцогчийн гаргаж буй татгалзал нь хуульд заасан үндэслэлд хамаарахааргүй бол татгалзах хүсэлт гаргаагүйд тооцон хуралдааныг үргэлжлүүлэхээр байгааг цаашид анхаарах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэвэл, Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/0076/z1 дүгээр магадлалын үндэслэх хэсэгт “... шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна ...” гэж дүгнэснийг “ ... хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхгүй ...” гэж өөрчлөн дүгнэж, магадлалын тогтоох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.8.1, 113.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн СХМ/2025/0076/z1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” магадлалыг хэвээр үлдээсүгэй.
2.Хяналтын тогтоолыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Сахилгын хорооны хянан үзэх хуралдааны хяналтын тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД О.НОМУУЛИН
Г.ЦАГААНЦООЖ