info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-10-07

Дугаар 117

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.  

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг  хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0095 дугаар саналд:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын прокурорын газраас, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 03 дугаар яллах дүгнэлттэй,  яллагдагч Ц.Г, П.М нарт холбогдох эрүүгийн 233200151**** дугаартай хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлэхэд, Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд хуваарилагдаж, Ерөнхий шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ЕШЗ/** дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчийг албажуулжээ.

Эрүүгийн хэргийг хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх, эсхүл прокурорт буцаах, түдгэлзүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэдэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг  2025 оны 02 дугаар сарын 25,  03 дугаар сарын 10-ны өдөр тус тус товлосон боловч улсын яллагч болон шүүгчийн хүндэтгэн үзэх шалтгаантай холбогдон хойшилж, улмаар 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ШЗ/** дугаар захирамжаар яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан  нь өмгөөлөгчийн хурал давхацсан, гэрчийг биечлэн оролцуулах, улсын яллагчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгаан, хэргийн оролцогчийн өмгөөлөгч авах хүсэлт гэх зэрэг үндэслэлийг хангаж хойшлон, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хуралдахдаа, 2025/ШЗ/** дүгээр захирамжаар нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгаж, шүүх хуралдааныг 35 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

Прокуророос **а тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлснээр, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2025/ШЦТ/** дүгээр шийтгэх тогтоолоор, Ц.Г-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатган, шүүгдэгч П.М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Хэргээс холбогдох баримтыг хуулбарлан авч, мөн шүүгдэгч П.М нарт холбогдох эрүүгийн хэргийн 2025 оны 03 дугаар сарын 24, 2025 оны 04 дүгээр сарын 30, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг гаргуулан авч, үзлэг хийлээ.

 1. Өргөдлийн “... 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд ... миний үйлчлүүлэгч П.М-той зандрах, чанга дуугаар загнах зэргээр зүй бусаар харилцаж, хуульч, шүүгч хүнд байж боломгүй ёс зүйгүй хандлага гаргасан ... бичиг үсэг мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдгээс шалтгаалж хүнлэг бусаар, зориуд зохисгүй авир гаргаж, гэмт хэрэг үйлдэж байсан учир энэ удаа гэмт хэрэг үйлдсэн байх ёстой гэсэн хандлагаар харьцсан ...” гэх тухайд:

Урьдчилсан хэлэлцүүлгийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдааны дуу-дүрсний бичлэгт, даргалагч нь яллагдагч П.М-ийн биеийн байцаалтыг тодруулж,

- даргалагч: Аль улсын иргэн бэ гэхэд

- яллагдагч П.М: Зүүнхараа, Мандал сум гэсэн,

- даргалагч: Юу гэнэ ээ, аль улс юм? Мандал сум чинь улс болчихсон юм уу

- яллагдагчийн өмгөөлөгч Д.Г, яллагдагч П.М-д тайлбарлаж хэлсний дараа Монгол гэсэн,

- даргалагч: Асуултаа сонсож, ойлгож байгаад хариулна шүү, мэдэв үү гэхэд

- яллагдагч П.M: За гэв.

- даргалагч: Аль аймаг суманд хэдэн оны, хэдэн сард, хэдний өдөр төрсөн бэ гэхэд

- яллагдагч П.M: Завханы Тосонцэнгэлд, 63 оны 07 сарын 01-нд төрсөн.

- даргалагч: Завханы Тосонцэнгэл гэж юу яриад байгаа юм бэ, Завхан аймаг гээд албан ёсоор асуултад хариул за юу гэхэд

- яллагдагч: За гэв.

- даргалагч: Биеийн байцаалтаа өгнө гэдэг нь өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр ш дээ. Үндсэн захиргаа хаанах юм, албан ёсоор асуултад л хариул за юу Завхан аймгийн ямар сум гэнэ ээ гэхэд

- яллагдагч П.M: Тосонцэнгэлд төрсөн.

- даргалагч: Хэдэн оны, хэдэн сарын хэдний өдөр төрсөн юм

- яллагдагч П.M: 63 оны 07 сарын 01 гэв.

- даргалагч: Ямар 63 он юм.

- яллагдагч П.M: 1900 оны гэхэд даргалагч тийм эртний хүн юм уу 63 оны, ямар учиртай юм. Шүүх хуралдааны танхимд явагдаж байгаа тул албан ёсоор хариул, гудамж талбайд явж байгаа юм шиг 63 онд төрсөн гэж ярихгүй, за юу гэхэд яллагдагч “за ойлголоо” гэв. 1963 бол тэрүүгээр л хариулна. 63 оны хэдэн сарын хэдний өдөр гэнэ гэхэд яллагдагч “07 сарын 01” гэв.

- даргалагч: Хэдэн настай вэ гэхэд яллагдагч “62” гэв.

- даргалагч: Боловсрол, мэргэжил гэхэд яллагдагч “байхгүй” гэхэд даргалагч “хэддүгээр анги төгссөн юм” гэхэд яллагдагч “1-2 дугаар анги төгссөн” гэв.

- даргалагч: Ам бүл хэд вэ гэхэд яллагдагч “ганцаараа” гэв.

- даргалагч: Оршин суух гэрийн хаяг гэхэд яллагдагч “одоо Улаанбаатарт” гэхэд даргалагч “Албан ёсны хаяг чинь аль хаягт байдаг юм” гэхэд яллагдагч “Сэлэнгэ аймаг Мандал сум 3-р баг” гэхэд даргалагч “хэдийн хэдэн тоот юм бэ, шүүх хуралдаанд ер нь яах гэж орж ирээд байгаа юм, айн, хэдийн хэдэн тоот юм бэ” гэхэд яллагдагчийн өмгөөлөгч Д.Г хажуугаас нь хэлж өгснөөр яллагдагч “Сансарын 93” гэж хариулав.

- даргалагч: Одоо хаана оршин суудаг юм, түр оршин суугаа хаяг чинь гэхэд

- яллагдагч П.M: Улаанбаатар гэхэд даргалагч “аль дүүрэг юм” гэхэд яллагдагч П.M “20 дугаар хороо” гэж хариултал, даргалагч дахин “аль дүүрэг юм” гэхэд яллагдагч П.M “Баянголын 20-1 гэж явдаг” гэв.

- даргалагч: Энэ хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилтай байсан юм уу та гэхэд яллагдагч П.M “ойр зуурын ногоо” гэхэд даргалагч “эрхэлсэн тодорхой ажилтай байсан юм уу гэж байгаа, миний асуултыг ойлгож байна уу, хувиараа ажилладаг байсан юм уу, албан байгууллагад ажилладаг байсан юм уу гэж асуугаад байна” гэхэд яллагдагч П.M “Улаанбааатарт манаачийн ажил хийдэг” гэхэд даргалагч “ямар компанид манаачийн ажил хийдэг юм” гэхэд яллагдагч П.M “хувийн жижиг, ах дүү нарын” гэхэд даргалагч “юу гэдэг нэртэй компани юм бэ, тэрийгээ яриарай, шүүх хуралдаанд орж ирчхээд юу яриад байгаа юм бэ” гэхэд яллагдагч “компани биш ээ, хувь улсуудын жижиг махны үйлдвэр” гэхэд даргалагч “нэрийг нь юу гэдэг юм” гэхэд яллагдагч П.M “19 онд нээхдээ нэр өгнө гэж байгаад нэрээ өгөөгүй, одоо тэгээд татан буугдах гэж байгаа юм” гэв.

- даргалагч: Хувийн махны үйлдвэрт манаач юм уу

- яллагдагч П.M: Тийм, 19 оноос хойш байсан.

- даргалагч: Улсаас авсан гавьяа, шагнал бий юу

- яллагдагч П.M: Байхгүй.

- даргалагч: Эрүүгийн хариуцлага хүлээж байсан уу гэхэд

- яллагдагч П.M: Хүлээж байсан.

- даргалагч: Хэдэн удаа, хаанахын шүүхээр, ямар зүйл ангиар ял шийтгүүлсэн тэрийгээ ярь, прокурор яллах дүгнэлт үйлдээд нэг хувийг яллагдагчид гардуулж өгч байгаа ш дээ,

- яллагдагч П.M: Ял шийтгүүлж байсан байдлаа хэлэв. /өмгөөлөгч хажуу талаас нь хэлж өгөв/

- даргалагч: Бие эрүүл үү гэхэд яллагдагч “эрүүл эрүүл” гэсэн, даргалагч “ухаан санаа бүрэн үү” гэхэд яллагдагч “бүрэн” гэсэн, даргалагч “хэрэг хариуцах чадвартай юу” гэхэд яллагдагч “толгой дохив” даргалагч “асуултад үгээр хариул, толгой дохиж, дохио зангаагаар харилцахгүй гэж би хэлээ биз дээ, яагаад толгой дохиод байгаа юм бэ” гэхэд яллагдагч “уучлаарай” гэв.

- даргалагч: Уучлаад байх юм байхгүй, шүүх хуралдаан явагдаж байна, дэг журамтай байдаг юм. Ургийн овог,” гэхэд яллагдагч “Халх” гэхэд даргалагч “Халх гэдэг чинь яс үндэс биз дээ” гэхэд яллагдагч “Боржигон” гэхэд даргалагч “шүүх хуралдаанд бэлтгэлтэй орж ирэхгүй бол явахгүй нөхөр байна даа, эцгийн нэр” гэхэд яллагдагч “Пэрэнлэй”,

- даргалагч “ойлгохгүй байгаа юм уу, сонсохгүй байгаа юм уу” гэхэд яллагдагч “чих хатуу” гэсэн, даргалагч “өөрийн нэр” гэхэд яллагдагч “M”, даргалагч “регистрийн дугаар” гэхэд яллагдагч “МЗ63070***” гэснээр биеийн байцаалт авч дууссан байна.

Шүүгч энэ талаар “... Надад шүүх хуралдаан даргалдаг тогтсон арга барил байдаг, тэр нь хатуу дэг журамтай явуулдаг. Тухайлбал 62 онд төрсөн гэвэл би 1962 он гэж тодруулдаг, газар усны нэрийг албан ёсоор бүтнээр нь хэлүүлэх зэргийг зандрах, загнах гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ ...” гэж тайлбарласан.

Яллагдагч П.M урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд “чих хатуу” гэж хэлсэн, даргалагч нь яллагдагч П.M-д сонсогдохоор асуултаа асуух, асууж байгаа асуултаа ойлгуулах, мөн яллагдагчийн ярьж байгаа зүйлийг ойлгомжтой болгох, тодруулах зорилгоор чанга дуугаар асуух, дахин дахин яллагдагчаас тодруулж асуусан үйлдэл хэргийн оролцогчид загнаж, зандарч байгаа мэт ойлгогдсон байж болох юм.

Дээрх байдлаар, яллагдагчид сонсогдохоор чанга дуугаар асуулт асуух, огноо, газар усны нэрийг албан ёсоор бүтнээр нь хэлэхийг шаардсан, мөн асуултад дутуу хариулж байгааг тодруулж асуусныг зандарсан, загнах зэргээр зүй бусаар харьцсан гэж үзэхгүй.

Харин бичлэгийн 0:36:43-0:45:30 дахь хэсэг дэх, яллагдагчид гардуулсан яллах дүгнэлт, хэрэгт хавсаргасан яллах дүгнэлтийн яллагдагчийн биеийн байцаалт зөрүүтэй байсныг тодруулж асуусан хэсгийг тэмдэглэлд тусгаагүй байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын үйлдэх яллах дүгнэлтэд яллагдагчийн биеийн байцаалт зэрэг мэдээлэл, үйл баримтууд тусгагдах тул энэ зөрүүг тодруулсан шүүгчийг буруутгахгүй.

1.2. “... 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанд ... шүүгдэгч нар мэдүүлэг өгч дууссаны дараа ... “... та нар тэгж тайлбарлаж байна уу, за яах вэ, удахгүй үнэн, мөн нь тогтоогдоно оо ...” гэж хэргийг аль хэдийн шийдвэрлэсэн мэт, шүүгч нь шүүгдэгч нарыг яллахаа илэрхийлж буй мэтээр зохисгүй авир гарган харилцсан ... хохирогч С.Э нь хохирол төлбөр байхгүй, гомдол саналгүй гэж илэрхий мэдүүлсээр байтал өөрийн хүссэн хариултыг хэлүүлэх, шүүгдэгч нарыг буруутгах зорилгоор хохирогчид хийсвэрлэсэн, хөтөлсөн асуулт тавьж, хэргийн бодит байдалд хараат бус, хөндлөнгийн байр сууринаас хандах үүргээ биелүүлэлгүй, улсын яллагч, иргэний нэхэмжлэгчийн талд илэрхий үйлчилж буй ...” гэх тухайд:

Шүүгдэгч П.M нь Ц.Г-той бүлэглэн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Д.Б-д Сэлэнгэ аймгийн Мандал сумын тоот хаягт байршилтай газрыг 500,000 төгрөгөөр Ж.Г-ээр дамжуулан худалдсан, улмаар нэр шилжүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй атлаа бусдад итгэмжлэл өгч газрын гэрчилгээг гээгдүүлсэн үндэслэлээр шинээр баримт бүрдүүлэн ... дахин газрын гэрчилгээг авч, тухайн газрыг иргэн С.Э-д 20,000,000 төгрөгөөр худалдсан гэх гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн.

Тус хуралдаанд шүүгч хэргийн оролцогч нарыг зандрах, чанга дуугаар загнасан үйлдэл гаргасан эсэхийг шалгаж үзэхэд зүй бус харьцсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Зүй бус гэдэг нь “тохиромжгүй, ёс журмын эсрэг, байж боломгүй” гэсэн утгаар хийх ёсгүй зүйлийг хийх, хүлээн зөвшөөрч болохгүй үг үйлдэл гаргахыг илэрхийлнэ.

Харин шүүх хуралдаанд биеийн байцаалт тодруулсан хэсэгт шүүгдэгч П.M асуултад дутуу, буруу хариулсан, түүнийг тодруулсан байх ба тухайлбал

- аль аймаг суманд хэдэн оны хэдэн сарын хэдэнд төрсөн гэхэд

- 1963, онд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн

- Төрсөн он сар өдөр гээд байгаа биз дээ

-  63 оны 7 сарын 1

- Сая наад хажуу талын хүн чинь биеийн байцаалт өглөө шүү дээ гэхэд

- 1963 оны 07 сарын 01 гэсэн ...

- даргалагч “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан уу” гэхэд шүүгдэгч “хүлээж байсан” гэсэн, даргалагч “хэдэн удаа” гэхэд “1900-н” гэхэд даргалагч “хэдэн удаа” гэхэд шүүгдэгч “6 удаа” гэж байна.

Шүүгдэгч П.M-ийг мэдүүлэг өгч байх явцад, даргалагч “Энэ хэрэгт ямар холбогдолтой юм бэ, олон жилийн үүх түүх, болсон болоогүй юм яриад байвал” гэж, мөн “Өлзий хэн юм, бүтэн нэрийг нь асуугаад байна аа, бүтэн нэрээр нь яриарай мэдэв үү чи” гэж хэлсэн, түүнчлэн Ө юу гэж хэлсэн юм, Ө танд хэлсэн юм уу, Г танд юу гэж хэлсэн юм бэ, ямар Б юм, аль гэдэг дээр гэж, “Хотод юм уу, 2020 онд оо, мөн хэн залгасан юм” гэж, “Та хэдийд нь газрын гэрчилгээгээ бүртгүүлсэн юм, тэрийгээ ярь” гэж, “хэзээ гуйсан юм, Г гээд бүтэн нэрээр нь хэл” гэж, “ямар Г юм бэ, нэрээр нь яриарай, хэд хэлүүлэх гээд байгаа юм бэ” гэж, “ямар Г, Хэдийд нь газраа зарсан юм, тэрийгээ л яриадах, хэнд, хаана, яаж зарсан юм, тэрийгээ яриадах гэх зэргээр тодруулж, лавлаж асуужээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн тайлбарыг тодруулсан, шүүгдэгч нь даргалагчийн асуултад дутуу хариулсан, үгийг нь сонсохгүй байх зэргээс шалтгаалж, дахин тодруулах, бүтэн үгээр хариулахыг шаардах, яллагдагчид сонсогдохоор чанга дуугаар асууж байгааг яллагдагчийг загнаж, зандарсан гэх, зүй бус харилцсан гэж үзэхгүй.

Шүүгдэгч Ц.Г-оос дараах асуултыг асуусан,

- даргалагч: Б яагаад эзэмшээд байдаг гэж ойлгодог байсан юм бэ

- шүүгдэгч Ц.Г: M-ийн яриагаар бол хотод байж байх хооронд гэхэд

- даргалагч “Та сая хэлсэн, газрын гэрчилгээг Б-д байгаа юм байна лээ гэж M-д хэлэхэд M юу гэсэн гэлээ, Г-т байгаа гэхэд

- шүүгдэгч Ц.Г: Г, M 2 бие биерүүгээ бухаад, өгөхгүй байсан юм байна лээ. Сүүлд M, Г-ээс нэхэхэд Г нь байхгүй болчихсон гэж хэлсэн юм байна лээ.

- даргалагч: Та энэ газрыг мөрдөн байцаалтад мэдүүлэг өгөхдөө Энхболд гэдэг хүүдээ авч өгсөн юм ярьсан байна, ямар учиртай юм бэ

- шүүгдэгч Ц.Г: Э гэдэг нь миний төрсөн хүү байхгүй юу. Э өөрөө худалдаж аваад ахтайгаа гэхэд

- даргалагч: Эхлээд Э-д өгсөн юм уу, Эд өгсөн юм уу гэхэд

- шүүгдэгч Ц.Г: Э-д өгсөн гэв.

- даргалагч: Э-д тэгэж хэлсэн нь ямар учиртай юм бэ

- шүүгдэгч Ц.Г: Би будилсан л байх,

- даргалагч: Үнэн будилаад байдаг юм уу, худлаа будилаад байдаг юм уу гэхэд

- шүүгдэгч Ц.Г: Үнэн, үнэн

- даргалагч: Тэртээ тэргүй юм чинь харагдана, нотлох баримтаар юм чинь тогтоогдоно, ярьж л бай та нар за юу гэж хэлсэн болох нь бичлэгт тусгагджээ.

Дээрхээс үзвэл, шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг тодруулж асуусан, шүүгдэгч будилсан гэж өөр харилт өгөхөд “Тэртээ тэргүй юм чинь харагдана, нотлох баримтаар юм чинь тогтоогдоно, ярьж л бай та нар за юу” гэж шүүгдэгчид хэлсэн нь өөр өөр хариулттай холбогдуулж хэлсэн байх тул хэргийг өмнө нь шийдвэрлэсэн, шүүгдэгч нарыг яллаж байгаагаа илэрхийлсэн гэх өргөдөл үндэслэлгүй.

Хохирогч Ж.Э,

- даргалагч: Мөрдөгчийн хэлсэн шиг хэрвээ Д.Б-д худалдагдсан гэдэг нь тогтоогдоод буцаах болвол чи яах вэ гэж асуусан юм болов уу гэж бодоод байна. Тийм байдал тогтоогдвол чи энэ хоёроос мөнгөө нэхэмжлэх үү гэхэд

- хохирогч: Дуугараагүй.

- даргалагч: Та хохирогч биш байна гэж ойлгож болох уу гэхэд

- хохирогч: Болно.

- даргалагч: Өнөөдрийн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг шийдэх гэж байна. Гэм буруугийн асуудал шийдэгдээд буцчихвал яах вэ, хэрвээ Ж.Э-д худалдсан П.M-ийн асуудал зөв байна, буруу байна гэж дүгнэгдэх асуудал гарвал чи яах вэ,

- хохирогч: Сайн ойлгохгүй байна.

- даргалагч: Хэрэв Б-д худалдсан байна гэж үзвэл та яах вэ

- хохирогч: Нэхэмжилнэ

- даргалагч: Хэрэв Б-д худалдагдаагүй, Ж.Э-д худалдагдсан байна гэж үзвэл нэхэмжлэх зүйлгүй гэж хоёр талтай хэлж байна гэж ойлгох уу

- хохирогч: Болно

- даргалагч: Шүүгдэгчийн гэм буруутай эсэхээс шалтгаалж таны эрх, ашиг хөндөгдөж байгааг та ойлгож байна уу,

- хохирогч: Ойлгож байна,

- даргалагч: Энэ газар танаас өмнө өөр хүнд худалдагдсан байна гэж үзвэл та хохирогч болох юм уу

- хохирогч: Үгүй,

- даргалагч: Шүүгдэгчийн гэм буруутай, гэм буруугүй гэвэл таны эрх зүйн байдал яаж хөндөгдөж байгаа вэ гэдгийг та өөрөө ойлгож байна уу

- хохирогч: Ойлгож байгаа гэж хариулсан байна.

- шүүгдэгч нарын өмгөөлөгч: Шүүгч ээ арай тулгаад байгаа юм биш үү, тулгаж асууж байна, хийсвэрлэж, тийм юм биш үү, тэгэх юм биш үү гээд хөтөлж асуугаад байна ш дээ шүүгч ээ, өнөөдрийн хурлаар өмчлөх эрхийг шийдвэрлээгүй байхгүй юу

- даргалагч “ойлголт өгч байна, энэ хүн өөрөө ойлгохгүй байгаа тул шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал шийдэгдэхээр таны асуудал яах вэ гэдгийг ойлгуулж байна, шүүх хуралдаанд энэ хүн ойлгож байж хариултаа өгөх ёстой ш дээ, аль нэг талд би орж байгаа юм биш. Гэм буруутай гэвэл яах юм, гэм буруугүй гэвэл яах юм бэ гэдгийг асууж байна” гэхэд

- шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б-ы өмчлөлийн асуудлыг шийдэх гээгүй тул тэгж асуух нь буруу л гэж үзэж байна, хэргээ яг шийдсэн юм шиг байдлаар асуугаад байна, мэдэхгүй бол мэдэхгүйгээрээ хариулж болно шүү” гэхэд

- даргалагч “ойлгож хариулж мэдэхгүй л хүн юм байна, шүүгдэгчийн гэм буруутай, гэм буруугүй асуудлаас болоод би яах билээ гэдгээ та мэдэж байна уу л гэж би асуугаад байгаа юм” гэсэн нь дуу-дүрсний бичлэгт тусгагджээ.

Дээрх асуулт харилтаас харахад, хохирогч нь ямар шалтгаанаар энэ хэрэгт хохирогчоор оролцож байгаагаа ойлгоогүй, мэдээгүй байсан гэж үзэхээр байх ба даргалагч болж буй үйл баримтын талаар хохирогчид ойлгуулж тайлбарласан байна.

Шүүгч энэ талаар “... ЭХХШТ хуулийн 25 дугаар зүйлд заасан ажиллагаа нь мөрдөгчтэй холбоотой заалт гэж ойлгож байна, шүүхийн хэлэлцүүлэг бол 34.1 дүгээр зүйлээс эхлээд зохицуулагдсан, ... шүүгч тодруулах зорилгоор асуудаг. Энэ бол хөтөлсөн тулгасан асуулт биш. Ер нь бол шүүх хуралдаанд хохирогчийн эрхийг зөрчсөн асуудал байх вий, хүний эрхийг зөрчих вий гэсэн үүднээс тодруулж асуусан. Хохирогч нь шүүгдэгчийн өмгөөлөгч нартай нэгдсэн байж магадгүй гэж надад ажиглагдсан тул би тодруулж асуусан ... өргөдөлд дурдсанчлан өөрийн үзэл бодлоо тулгаж асуусан, хохирогчид хийсвэрлэсэн, хөтөлсөн асуулт асуусан зүйл болоогүй ... Би Э-ыг шүүгдэгчийг өмгөөлөгч нартай нэгдсэн байж магадгүй гэж шүүгчийн хувьд харсан. Э өөрөө хохирол, төлбөргүй гэсэн боловч хохироод үлдчих вий гэсэн үүднээс шийтгэх тогтоолдоо хохирол байгаа бол нэхэмжлэх эрхтэй гэж заасан ...” гэж мэдүүлсэн.

Хөтөлсөн асуулт гэдэг нь тайлбар, мэдүүлэг өгч буй хүнд хариултыг нь хэлж өгсөн агуулгатай асуухыг, тулгасан асуулт нь өөрийн хүссэн хариултыг заавал хэлүүлэх гэж шахаж, шаардаж асуухыг хэлнэ.

Хохирогчид нөхцөл байдлыг тайлбарлаж байгаа нь шүүгч өөрийн хүссэн хариултыг заавал хэлүүлэх, шүүгдэгч нарыг буруутгах зорилгоор хохирогчид хийсвэрлэсэн, хөтөлсөн, тулгасан асуулт тавьсан гэж үзэхээргүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна” гэж заасны дагуу шүүх хуралдаан даргалсан шүүгч сахилгын зөрчил гаргаагүй гэж үзлээ.

1.3. “... өмгөөлөгч Э.Х-ээс тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг гаргасан боловч хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг залруулалгүй, шүүхийн Тамгын газраар дамжуулан илтэд үндэслэлгүй тайлбар ирүүлсэн ... 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ... шүүх хуралдаанд шүүгч нь “... хүсэлтэд дурдсан миний асуултыг тэмдэглэлд оруулах нь хэрэг хянан шийдвэрлэхэд ямар ач холбогдолтой вэ" гэх мэтээр хуулийн илэрхий заалтыг зориудаар буруу тайлбарласан асуулт асууж, хүсэлтийг шийдвэрлэхдээ өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн ...” гэх тухайд:

Өмгөөлөгч Э.Х 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “... даргалагчаас шүүгдэгч Ц.Г-ыг мэдүүлэг өгч дууссаны дараагаар “та нар тэгээд ярьж л бай за юу, удахгүй үнэн, мөн нь тогтоогдоно ...” гэсэн нь тусгагдаагүй, “... 2012 онд Ж.Г эмнэлгээс гарч ирээд Иргэний хуулийн наранд цэцэрлэгт ажилладаг” гэх дутуу эсхүл алдаатай, мөн даргалагчаас хохирогчоос асуулт асуух үеэр шүүгдэгч M-ийн өмгөөлөгч Б-ээс “шүүгч ээ таны асуултууд хөтөлж, тулгасан асуулт байна, та ингэж хийсвэрлэж тулгаж болохгүй ш дээ...” гэсэн, даргалагчаас “... хохирогчийг өөрийн эрх ашиг сонирхлын талаар ямар ойлголттой байгаа, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар ойлгож байгаа эсэх талаар тодруулж байна” гэх зэрэг мэдүүлгийг тэмдэглэлд бүрэн тусгаагүй  ...” гэж засвар оруулах, мөн өдрийн шүүх хуралдааны дууны болон дуу дүрсний бичлэгтэй танилцах, хуулбарлан авах хүсэлт гаргасныг шүүх 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авчээ .

Шүүхийн Тамгын газрын дарга 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар албан тоотоор “... шүүх хуралдааны дууны болон дуу-дүрсний бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй байна ... харин ... явцын дүрс бичлэгтэй танилцах боломжтой ... тус шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар оролцож тэмдэглэл хөтөлсөн Т.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн ...” гэж хариу өгсөн .

Шүүгч энэ талаар “... Өмнө нь өмгөөлөгч Х, Б нараас хүсэлт ирсэн юм шиг байгаа юм. Тамгын даргын энэ хүсэлтэд хариу өгсөн албан бичгээр ийм зүйл болсон гэдгийг би мэдсэн. Тэгээд шүүх хуралдааны тэмдэглэлийн асуудал яригдсан юм биш үү, үүнийг яагаад надад танилцуулаагүй талаар бичиг хэргийн эрхлэгчид хэлж байсан ...” гэж тайлбарласнаар өмгөөлөгч Э.Х-ээс тэмдэглэлд завсар оруулах хүсэлт өгсөн талаар тухайн үед шүүгч нь мэдээгүй гэж үзэхээр байна.

Үүний дараа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Х 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр, шүүх хуралдааны тэмдэглэлд завсар оруулах хүсэлт гаргасныг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж, 2025/ШЗ/*** дугаар захирамжаар хангахаас татгалзаад, мөн эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1, 2, 3  дах хэсэгт тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулах, тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах, санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэхээр заасан.

Шүүх хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэл   Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд  2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталгаажуулсан гэж тэмдэглэгджээ.

Харин оролцогч нарт тэмдэглэл танилцуулсан баримт эрүүгийн хэрэгт байгаагүй, иймд өмгөөлөгч хуульд заасан хугацаанд буюу тэмдэглэлтэй танилцсанаас хойш 5 хоногийн дотор хүсэлт гаргасан эсэхийг тогтоох боломжгүй байсан.

Ерөнхий шүүгч Б.Х “... Тэмдэглэл бол ... 05 дугаар сарын 09-ний өдөр албажсан. Энэ хуралдаанд орсон нарийн бичгийн дарга Ц нь шүүх хуралдааны тэмдэглэлийг хугацаанд нь гаргаж өгөхгүй байна, тэмдэглэлүүд нь овоорчихсон байгаа гэсэн зүйл шүүгч, ажилчдын хуралдаанд яригдсан ... Тэгээд 05 дугаар сарын 22, 23-ны өдрийн өмгөөлөгч нараас ирсэн хүсэлтийг ... өмнө нь ийм агуулгатай хүсэлт ирээд Тамгын дарга хариу өгсөн юм байна, үүний дараа дахин хүсэлт ирсэн тул би хугацааг харгалзах нь үндэслэлгүй гэж үзээд шийдвэрлэсэн ... Гэхдээ ... захирамжид гомдол гаргах эрхийг заасан, өмгөөлөгч нар гомдол гаргаагүй ... Хосцэцэг өмгөөлөгчийн гаргасан дээрх хүсэлтийн агуулгаар Г өмгөөлөгч Шүүхийн сахилгын хороонд өргөдөл өгөөд байгааг анхаарч үзнэ үү ...” гэсэн тайлбар өгсөн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүсэлтийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах шийдвэр гаргах эрхийг шүүгчид олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өмгөөлөгчийн гаргасан хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулж, шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Гэхдээ хүсэлт шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2025/ШЗ/*** дугаар захирамжид гомдол гаргах эрхтэй гэж зааж, гомдол гаргах эрхээр хангасан, үүнд өмгөөлөгч нар гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г, Э.Х нараас өргөдөлд дурдсан үйл баримттай ижил агуулгаар Ерөнхий шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг, тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШЗТ/** дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

Дээрхийг нэгтгэвэл, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Шүүгч Б.Хэрлэн тайлбартаа: “...Ерөнхий шүүгч Б.Хэрлэн миний Ц.Г, П.M нарт холбогдох эрүүгийн 2332001510*** дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хуулийн ямар илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх хориглосон зөрчилд огт хамаарахгүй байна.

Мөн хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх, хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө -инээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх зөрчилд хамаарахгүй гэж үзэж байна.

Шүүгч Б.Хэрлэн миний Ц.Г, П.M нарт холбогдох эрүүгийн 2332001510*** дугаартай хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хуульд нийцсэн хуулийн шийдвэрлэсэн зүйл заалтыг тодорхой тусгасан, ямар учраас гэм буруутайд тооцсон, ямар учраас цагаатгасан, хохирол, сэтгэцийн хохирол зэргийг нэхэмжлэх талаар дүгнэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүгчийн захирамжийн ТОДОРХОЙЛОХ хэсэгт, шүүхийн шийтгэх тогтоолын ТОДОРХОЙЛОХ, ТОГТООХ хэсэгт ойлгомжтой тодорхой дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийг шүүгч хуулийг баримтлан хуульд нийцүүлэн дотоод итгэлийн хүрээнд шийдвэрлэсэн болохоос ямар нэгэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан, хэргийн оролцогч нарын эрх ашгийг зөрчсөн хохироосон үйлдэл гаргаагүй болно.

Анхан шатны шүүхийн шүүгчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах бөгөөд энэ гомдол гаргах эрхийг нь эдлэхээр зааж өгсөн.

2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Ц.Г-ын мэдүүлгийн дараа шүүх хуралдаан даргалагч та нарын гэм буруугийн асуудал баримтаар тогтооно гэж хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байна гэж шүүгдэгч Ц.Г-ын өмгөөлөгч Э.Х тус шүүхэд дуу дүрсний бичлэгийг хуулбарлан авах тэмдэглэлд засвар оруулах хүсэлтийг гаргасныг шүүгчийн бичиг хэргийн эрхлэгч хүлээн аваад Тамгын дарга Д.Б-д өгснөөр Д.Б 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн №122 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн байдаг. Гэтэл Э.Х өмгөөлөгч нь дахин 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасан, мөн иргэний нэхэмжлэгч Д.Б-ы өмгөөлөгч С.Б бас тэмдэглэлд засвар оруулах хүсэлт гаргасныг бичиг хэргийн эрхлэгч хүлээн аваад ерөнхий шүүгч Б.Хэрлэнд өгсөн тул шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцээд 2025/ШЗ/123 дугаартай захирамжаар өмгөөлөгч Э.Х, С.Б нарын хүсэлтийг хангахаас татгалзаж уг захирамжид гомдол гаргах эрхтэйгээр шийдвэрлэсэн боловч өмгөөлөгч Э.Х, С.Б нараас уг захирамжид гомдол гаргаагүйгээр тул захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байдаг. Уг захирамжид хүсэлтийг хангахаас татгалзсан үндэслэлийг маш тодорхой бичсэн учир энд дахин бичиж нуршихгүйгээр орхих нь зүйтэй гэж үзлээ.

Өмгөөлөгч Э.Х, С.Б нарын хуралдааны тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг хэлэлцээд гаргасан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байсаар байхад Э.Х-ийн хүсэлттэй холбоотой хэсгийг дахин дахин дурдаад үндэслээд түүний өмнөөс яриад бичээд байгааг нь анхаар үзнэ үү. Энэ асуудлыг захирамжаар шийдээд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр болсон асуудал юм.

2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд яллагдагч П.M-ийн биеийн байцаалтыг шалгахад биеийн байцаалтаа өгч чадахгүй байсан учир шүүгчийн өөрийн шүүх хуралдаандаа баримталдаг төрсөн он, сар, өдөр, эрхэлсэн ажил, оршин суух газар, овог нэрийг бүрэн бүтнээр хэлүүлдэг зарчмын дагуу жишээ нь: 62 оны гэхгүйгээр 1962 оны, Мандал суманд гэхгүйгээр Сэлэнгэ аймгийн Мандал суманд гэх мэтээр, 6 удаагийн шийтгэлийг хэдэн онд хаанахын шүүхээр шийтгүүлснийг бүрэн бүтнээр хэлүүлсэн болохоос зүй бусаар авирласан үйлдэл гаргаагүй, 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдаан, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд ч зүй бус авир огт гаргаагүй бөгөөд 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбар, хуралдааны бичлэг зэргийг хавсаргуулах хүсэлтэй байна.

Та олон удаа шийтгүүлсэн байна, та хөгшин байна, та хар байна, та ажилгүй байна гэх мэтээр ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлсэн зүйл огт байхгүй болохыг шүүх хуралдааны бичлэгүүдээр нотлогдох болно.

Харин ч шүүгдэгч Ц.Г, П.M нарын хэрэг шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүртэл хугацаанд шүүх хуралдаан 5-6 удаа хойшлоход шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г шүүгчийн туслах Г.Г-т албан ёсоор мэдэгдсэний дагуу хойшлуулсан шүүх хуралдаанд шүүгдэгч П.Mийг Улаанбаатар хотоос заавал Сэлэнгэ аймгийн Мандал суманд шүүх хуралдааны танхимд байлцуулдаггүй оролцуулдаггүй байсан болохоос ялгаварлан гадуурхдаг дарамт үзүүлдэг байсан бол шүүх хуралдаандаа заавал биеэр бай, оролц гэсэн шаардлага тавих л байсан байх гэдгийг өмгөөлөгч Д.Г-ид хэлмээр байна.

Шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт оролцогчоос ирсэн учир шүүгдэгч П.M-д чирэгдэл учруулаад яах вэ гээд оролцуулдаггүй байсан нь хойшлуулсан хурлын тэмдэглэлээс харагдах болно.

Шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Г нь өөрөө гэрч нараас заавал тэгж хэлүүлэх гэж нэг асуултыг олон хэлбэрээр тулгаж, хөтөлж асууж байсныг хориглосон үйлдлийг шүүх хуралдаан даргалагчаас зогсоож байсан нь өмнөх шүүх хуралдаанаас гадна 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгээс ч харагдах болно.

Гэтэл хуралдаан даргалагчаас хохирогч С.Э-аас 2025 оны 04 дүгээр :арын 30-ны өдрийн шүүх хуралдаанд асуусан асуулт ямар асуулт болох нь хуралдааны бичлэгээс харагдах болно шүүгчийн хувьд хэрэг маргааныг шийдвэрлэж байгаагийн хувьд тодруулж асуусан асуулт болно.

Залилан мэхлэх гэмт хэрэгт шүүгдэгч Ц.Г бүлэглэн гүйцэтгэсэн нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан, харин шүүгдэгч П.M-ийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Г, О.Б нараас улсын яллагч 01 жилийн хорих ял оногдуулахаар санал дүгнэлт гаргасан нь үндэслэлгүй байна, хуульд заасан доод хэмжээний торгох ялаар шийтгэж өгнө үү гэсэн санал дүгнэлтийг шүүх хүлээн авч 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Энэ нь бас ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн үйлдэл болно гэж баймааргүй юм.

Шүүгчээс шүүн таслах ажиллагааг явуулахдаа өөрийн баримталдаг дэг хурмын хүрээнд хэлж ярьдаг болохоос ялгаварлан гадуурхаж зүй бус авир огт гаргаагүй. Мөн шүүгч Б.Хэрлэн надаас татгалзах хүсэлтийг өмгөөлөгч Э.Х, Д.Г нараас гаргасныг Шүүгчдийн ээлжит бус зөвлөгөөний 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн №149/ШЗТ/** дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдол нь бас л энэ асуудалтай адил утгатай холбоотой болох нь харагдаж байна.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэн миний Ц.Г, П.M нарт холбогдох 2332001510*** дугаартай хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гаргасан шийдвэр нь хэрэг маргааныг хуульд заасан хугацааны дотор хуульд нийцүүлэн гаргасан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн үйлдэл биш болохыг тогтоож өмгөөлөгч Д.Г-ийн Монгол Улсын шүүхийн сахилгын хороонд гаргасан гомдлын талаар үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдуулан өмгөөлөгч Д.Г-оос ирүүлсэн өргөдлөөр илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Өргөдөл гаргагчаас “... 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн хуралдаанд ... миний үйлчлүүлэгч П.M-той зандрах, чанга дуугаар загнах зэргээр зүй бусаар харилцаж, хуульч, шүүгч хүнд байж боломгүй ёс зүйгүй хандлага гаргасан ... бичиг үсэг мэдэхгүй, боловсрол эзэмшээгүй, урьд өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэдгээс шалтгаалж хүнлэг бусаар, зориуд зохисгүй авир гаргаж, гэмт хэрэг үйлдэж байсан учир энэ удаа гэмт хэрэг үйлдсэн байх ёстой гэсэн хандлагаар харьцсан, ... хэргийг аль хэдийн шийдвэрлэсэн мэт, шүүгч нь шүүгдэгч нарыг яллахаа илэрхийлж буй мэтээр зохисгүй авир гарган харилцсан, … өмгөөлөгч Э.Х-ээс тэмдэглэлд засвар оруулах тухай хүсэлтийг гаргасан боловч хуульд заасан хугацаанд шүүх хуралдааны тэмдэглэлийг залруулалгүй” гэх агуулгуудаар өргөдөл гаргасан байна.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна.”, 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана.” гэж шүүх хуралдааны даргалагчийн бүрэн эрхийг хуульчилсан.

2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны дуу-дүрсний бичлэгт, даргалагч нь яллагдагч П.M-ийн биеийн байцаалтыг тодруулж, яллагдагчийн ярьж байгаа зүйлийг ойлгомжтой болгох, тодруулах зорилгоор яллагдагчид сонсогдохоор чанга дуугаар асуулт асуух, огноо, газар усны нэрийг албан ёсоор бүтнээр нь хэлэхийг шаардсан, мөн асуултад дутуу хариулж байгааг тодруулж асуусныг зандарсан, загнах зэргээр зүй бусаар харьцсан гэж үзэхгүй.

Шүүгч энэ талаар тайлбартаа “... Надад шүүх хуралдаан даргалдаг тогтсон арга барил байдаг, тэр нь хатуу дэг журамтай явуулдаг. Тухайлбал 62 онд төрсөн гэвэл би 1962 он гэж тодруулдаг, газар усны нэрийг албан ёсоор бүтнээр нь хэлүүлэх зэргийг зандрах, загнах гэж ойлгоод байгаа юм шиг байна лээ ... яллах дүгнэлтэд биеийн байцаалт зөрүүтэй байсныг тодруулсан” гэж, мөн яллагдагч П.M урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд өөрийгөө “чих хатуу” гэж хэлсэн байна.

Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааны оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа загнах, доромжлох, уурлаж бухимдан зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж хуульчилсан.

Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгээс үзэхэд:

- даргалагч: Аль улсын иргэн бэ гэхэд

- яллагдагч П.M: Зүүнхараа, Мандал сум гэсэн,

- даргалагч: Юу гэнэ ээ, аль улс юм? Мандал сум чинь улс болчихсон юм уу

- яллагдагчийн өмгөөлөгч Д.Г, яллагдагч П.М-д тайлбарлаж хэлсний дараа Монгол гэсэн,

- даргалагч: Асуултаа сонсож, ойлгож байгаад хариулна шүү, мэдэв үү гэхэд

- яллагдагч П.M: За гэв.

- даргалагч: Аль аймаг суманд хэдэн оны, хэдэн сард, хэдний өдөр төрсөн бэ гэхэд

- яллагдагч П.M: Завханы Тосонцэнгэлд, 63 оны 07 сарын 01-нд төрсөн.

- даргалагч: Завханы Тосонцэнгэл гэж юу яриад байгаа юм бэ, Завхан аймаг гээд албан ёсоор асуултад хариул за юу гэхэд

- яллагдагч: За гэв.

- даргалагч: Биеийн байцаалтаа өгнө гэдэг нь өөрийгөө илэрхийлж байгаа хэлбэр ш дээ. Үндсэн захиргаа хаанах юм, албан ёсоор асуултад л хариул за юу Завхан аймгийн ямар сум гэнэ ээ …

- даргалагч: Бие эрүүл үү гэхэд яллагдагч “эрүүл эрүүл” гэсэн, даргалагч “ухаан санаа бүрэн үү” гэхэд яллагдагч “бүрэн” гэсэн, даргалагч “хэрэг хариуцах чадвартай юу” гэхэд яллагдагч “толгой дохив” даргалагч “асуултад үгээр хариул, толгой дохиж, дохио зангаагаар харилцахгүй гэж би хэлээ биз дээ, яагаад толгой дохиод байгаа юм бэ” гэхэд яллагдагч “уучлаарай” гэв.

- даргалагч: Уучлаад байх юм байхгүй, шүүх хуралдаан явагдаж байна, дэг журамтай байдаг юм. Ургийн овог,” гэхэд яллагдагч “Халх” гэхэд даргалагч “Халх гэдэг чинь яс үндэс биз дээ” гэхэд ядллагдагч “Боржигон” гэхэд даргалагч “шүүх хуралдаанд бэлтгэлтэй орж ирэхгүй бол явахгүй нөхөр байна даа, эцгийн нэр” гэхэд яллагдагч “П”,

- даргалагч “ойлгохгүй байгаа юм уу, сонсохгүй байгаа юм уу” гэхэд яллагдагч “чих хатуу” гэсэн, даргалагч “өөрийн нэр” гэхэд яллагдагч “M”, даргалагч “регистрийн дугаар” гэхэд яллагдагч “МЗ63070***” гэснээр биеийн байцаалт авч дууссан байна.

Хэдийгээр дээрх үйлдэлд шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй ч цаашид хэргийн оролцогчтой харилцахдаа үг хэллэг, ярианы өнгө, асуулт асууж буй байдал дээр анхаарах нь зүйтэй бөгөөд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхдаа шүүгчдэгч, яллагдагчийг гэм буруутай мэт ойлголт төрүүлэхээр нөхцөл байдал гаргахгүй байхад анхаарч ажиллах нь зүйтэй байна.

Мөн шүүгдэгчээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлийг тодруулж асуусан, шүүгчдэгч будилсан гэж өөр харилт өгөхөд “Тэртээ тэргүй юм чинь харагдана, нотлох баримтаар юм чинь тогтоогдоно, ярьж л бай та нар за юу” гэж шүүгдэгчид хэлсэн нь өөр өөр хариулттай холбогдуулж хэлсэн байх тул хэргийг өмнө нь шийдвэрлэсэн, шүүгдэгч нарыг яллаж байгаагаа илэрхийлсэн гэх үзэхгүй.

Харин шүүгч нь хуульд заасан журмын дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, шүүх хуралдааныг даргалж хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нараас асуулт асууж тайлбар авахдаа гэмт хэрэг, гэм буруугийн талаар урьдчилсан дүгнэлт хийсэн, зүй бус харьцсан гэх ойлголт төрүүлэхүйц байдал гарахгүй, үг хэллэг, дуу хоолойны өнгө, биеийн хэлэмж зэрэгт анхаарч ажиллах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 7 хоногийн дотор гаргаж, шүүх хуралдаан даргалагч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, прокурор, оролцогчид танилцуулна.” гэж, хоёр дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, бусад оролцогч, прокурор шүүх хуралдааны тэмдэглэлийг танилцуулснаас хойш 5 хоногийн дотор засвар оруулах санал, хүсэлт гаргах, төрийн нууцад хамаарахаас бусад хэсгийг хуулбарлан авах эрхтэй.” гэж, гурав дахь хэсэгт “Энэ зүйлийн 2 дахь хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авсан шүүх 3 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.

Өмгөөлөгч Э.Х-ээс 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах, мөн тус өдрийн шүүх хуралдааны дууны болон дуу-дүрсний бичлэгтэй танилцах, хуулбарлан авах тухай хүсэлт гаргасан. Тус хүсэлтийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 122 дугаар албан бичгээр шүүх хуралдааны дууны болон дуу-дүрсний бичлэгийг хуулбарлан өгөх боломжгүй,  харин дүрс бичлэгтэй танилцах боломжтой гэх хариу өгсөн байна.

Үүний дараа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Х 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдөр, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр, шүүх хуралдааны тэмдэглэлд завсар оруулах хүсэлт гаргасныг 2025 оны 5 дугаар сарын 23-ны өдөр хэлэлцэж, 2025/ШЗ/*** дугаар шүүгчийн захирамжаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий гэж үзэхгүй дүгнэн хүсэлтүүдийг хангахаас татгалзаж, энэхүү захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Дээрх захирамжид шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Х, иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Б нарын хэн аль нь гомдол гаргаагүй бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүсэлтийг бүрэн, эсхүл хэсэгчлэн хангах, хангахаас татгалзах шийдвэр гаргах эрхийг шүүгчид олгосон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан өмгөөлөгчийн гаргасан хүсэлт шийдвэрлэсэнтэй нь холбогдуулж, шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Иймээс Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэн Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2025/0095 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч,Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Хэрлэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                ДАРГАЛАГЧ                                      С.ЭНХТӨР

                           ГИШҮҮН                                          Д.АРИУНТУЯА

                                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН