info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-04

Дугаар 76

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн  сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөрийг оролцуулан явуулж, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяагаар тэмдэглэл хөтлүүлэн, тус хорооны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан нарт холбогдох илтгэгч гишүүний 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0059 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний тус “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-д:

“... Шүүгдэгч Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолоор шүүгч З.Төмөрхүү, Г.Гэрэлт-Од, Н.Идэр нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэж, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 2022/ДШМ/... дугаартай магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгч З.Т-н 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЗ/... дүгээр захирамжаар эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ.

Ингэснээр уг эрүүгийн хэргийг тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Н.Идэр, Б.Гэршихбөртэ нарын бүрэлдэхүүнтэй 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/... дугаартай шийтгэх тогтоолоор дахин шийдвэрлэснийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2023/ДШМ/... дугаартай магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Дархан-Уул аймгийн прокурорын газраас Х.Б, С.М нарт холбогдох ... дугаартай эрүүгийн хэрэгт дахин хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.М-н өмгөөлөгч Л.Ц-с шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж, 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шүүгдэгч Х.Б болон шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М-с тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од, шүүгч Н.Идэр нарыг уг хэргийн оролцогч нартай хувийн харилцаатай, тэдний талаарх эмзэг мэдээллийг мэдэж байгаа гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг мөн өдрийн 2024/ШЗТ/... дүгээр шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хэлэлцэж, дийлэнх шүүгчид оролцож, нийт шүүгчдийн зөвлөгөөний олонх санал өгөх боломжгүй тул хүсэлтийг хянан хэлэлцэх шүүхийн харьяаллыг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд хүргүүлсэн.

Ийнхүү Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ... дугаар зөвлөгөөний тогтоолоор тус хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлж, 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 2024/ШЗТ/... дугаартай зөвлөгөөний тогтоолоор шүүх бүрэлдэхүүний олонхоос татгалзан гаргах тухай хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ. 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаар захирамжаар тус хэргийг хянан шийдвэрлэх даргалагчаар шүүгч Б.Гэршихбөртэ, бүрэлдэхүүнд шүүгч Б.Бат-Амгалан, 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаар ерөнхий шүүгчийн захирамжаар шүүх бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү нарыг томилсон байна.

Тус эрүүгийн хэргийн 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нараас шүүгч Б.Бат-Амгалангаас татгалзан гаргах тухай хүсэлт гаргасныг мөн өдрийн 2024/ШТ/... дугаартай шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаартай захирамжаар бүрэлдэхүүнд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайханыг томилжээ.

Улмаар дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 10 цаг 00 минутад товлосон байх ба хуралдааны товыг шүүгчийн туслах Г.Г нь бүрэлдэхүүний шүүгч Р.Баярхүүд мэдэгдээгүйн улмаас шүүх хуралдаан хойшилж, дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 10 цаг 00 минутад товлосон байна.

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.М-н өмгөөлөгч М.Г-с гаргасан шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтийг 2024/ШТ/... дугаартай тогтоолоор, 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Т-с гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг 2024/ШТ/... дугаар тогтоолоор тус тус хангаж шүүх хуралдааныг хойшлуулж байжээ.  

2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.М-н өмгөөлөгч М.Г-с “...гэрч У.Б-г шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай, мөн шүүхэд дуудагдаж тус шүүх хуралд оролцож байгаа иргэдийн төлөөлөгч нь шүүхийн иргэдийн төлөөлөгч оролцуулах хуульд заасан журмыг зөрчсөн байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү...” гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг 2024/ШТ/... дугаар тогтоолоор “...У.Б-г 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЗ/... дугаар шүүгчийн захирамжаар гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд У.Б нь гэрчээр оролцож, хавтаст хэрэгт түүний мэдүүлэг авагдсан байна, мөн шүүгчийн туслахаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/... дугаар тушаалаар баталсан шүүх хуралдаанд оролцох иргэдийн төлөөлөгчийн нэрсийн дарааллын дагуу утсаар ярьж иргэдийн төлөөлөгчөөр А.А-г сонгосон бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр болон 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус тус товлосон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч А.Алтангуль нь оролцох боломжгүй болсон тул дэд жагсаалтын дарааллын дагуу Н.Э-г сонгож шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Гэвч 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Н.Э хүрэлцэн ирж амжихгүй тухай мэдэгдсэн бөгөөд дэд жагсаалтын дарааллын дагуу иргэдтэй холбогдоход утасны дугаарууд ашиглалтад байхгүй, холбогдох боломжгүй гэсэн хариуг өгч байсан тул нэрсийн жагсаалтын 4 дүгээрт бичигдсэн А.А-г иргэдийн төлөөлөгчөөр сонгож оролцуулсан бөгөөд энэ нь иргэдийн төлөөлөгчийг оролцуулахдаа ямар нэгэн хуульд заасан журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.” гэж дүгнэн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулахаар шийдвэрлэв. Мөн өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч С.М, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч нараас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд томилогдсон шүүгчийг хуралд оролцуулахгүй, бидэнд худал хэлж, шүүгч Р.Баярхүүг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буцаасан, шүүх хуралдааныг санаатай хойшлуулсан байж болзошгүй, хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн Тамгын газартай хамтран зохион байгуулаагүй гэж үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэлээр шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нараас татгалзан гаргах хүсэлт гаргасныг 2024/ШТ/... дугаартай шүүхийн тогтоолоор “...шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлүүдэд заасан аль нэгэн үндэслэлд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах нь шүүх хуралдааныг хойшлуулж, уг хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд энэхүү хүсэлтийг татгалзал гаргаагүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнээд татгалзал гаргаагүйд тооцож, мөн өдрийн 2024/ШТ/31 дугаартай шүүхийн тогтоолоор шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ж.Т-с татгалзаж, өөр өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулжээ.

Дараа нь шүүгдэгч Х.Б-с 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр өмгөөлөгч Ө.Г-с татгалзах тухай хүсэлт гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШТ/... дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Улмаар Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ШТ/... дугаартай тогтоолоор шүүгдэгч С.М, Х.Б нараас гаргасан “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүгдэгч Х.Б-н өмгөөлөгч Ө.Г-с гаргасан “хэргийн материалтай бүрэн танилцах хүсэлтийг нь хангаж, дараагийн шүүх хуралдааныг 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулжээ. 

2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШТ/50 дугаартай тогтоолоор “...шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Ө.Г нараас гаргасан “өмгөөлөгчөөс татгалзах тухай” хүсэлт, өмгөөлөгч П.Б-с гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулж хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү” гэх хүсэлт, өмгөөлөгч А.М-с гаргасан “шүүх хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж, тус эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 11 цаг 00 минутад товложээ.

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Шүүх хуралдаан даргалагч, шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 2025/ЕШЗ/... дугаартай захирамжаар “...Шүүх байгуулах тухай хууль нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйлчилж байгаатай холбогдуулан тус шүүх нь “Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх” болж нэршил өөрчлөгдсөн тус шүүхийн нийт шүүгчдийн зөвлөгөөнийг 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулсан. Тус зөвлөгөөнөөр хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг баталсан бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд иргэний тойргоос бүрэлдэхүүний шүүгчийг тухай бүр нь сугалаагаар томилж оролцуулах, иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй тохиолдолд эрүүгийн тойргоос бүрэлдэхүүний шүүгчийг тухай бүр нь сугалаагаар томилж оролцуулахаар журамласан ба тус шүүхэд шүүгч, шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байх тохиолдол арилсан. Иймд ... дугаартай Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч Б.Номин, шүүгч З.Тунгалагмаа, шүүгч Б.Гэршихбөртэ нарыг томилох нь зүйтэй...” гэж шийдвэрлэжээ.

Улмаар шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М, П.Б, М.Г нараас шүүгч Б.Гэршихбөртэ болон бүрэлдэхүүний шүүгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасны дагуу татгалзах тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд гаргасан. 

Уг хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 2025/ШТ/... дугаар тогтоолоор “...өмгөөлөгч А.М, М.Г, П.Б нарын “шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах тухай” хүсэлт, шүүгдэгч С.М, Х.Б нараас гаргасан “нийт шүүгчдийг татгалзан гаргах тухай” хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх хүртэл С.М, Х.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Шүүх бүрэлдэхүүн болон тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” 2025/ШЗТ/... дүгээр тогтоолоор “...шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс гаргасан шүүх бүрэлдэхүүн болон бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэх харьяаллыг шийдвэрлүүлэхээр Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхимд хүргүүлсүгэй...” гэж шийдвэрлэсэн байна.

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлэх тухай” зөвлөгөөний тогтоолоор “Х.Б, С.М нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч нараас гаргасан хүсэлтийг Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн “Нийт шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх тухай” 2025/ШЗТ/... дугаартай тогтоолоор “...шүүгдэгч нарын өмгөөлөгч А.М, М.Г, П.Б нарын гаргасан “хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч Б.Номин, З.Тунгалагмаа, Б.Гэршихбөртэ нарыг татгалзан гаргах хүсэлтийг хангахаас татгалзаж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцэхгүйгээр татгалзал гаргаагүйд тооцон шийдвэрлэж, 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №20 тоот албан бичгээр тус эрүүгийн хэргийг буцаан хүргүүлжээ.

-Шүүгч Б.Гэршихбөртэ нь “шүүх хуралдааны бэлтгэлийг шүүхийн тамгын газартай хамтарч зохион байгуулаагүй, бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг хуралд оролцуулалгүйгээр замаас нь буцаасан” гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдааны товыг бүрэлдэхүүний шүүгч Р.Баярхүүд мэдэгдээгүйн улмаас 2024/ШТ/... дүгээр тогтоолоор шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна.

Энэ талаар шүүгчийн туслах Г.Г тус хэрэгт илтгэх хуудас бичиж хавсаргасан байх ба “...шүүх хуралдааны товыг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчид мэдэгдсэн боловч бүрэлдэхүүний нэг шүүгч болох Р.Баярхүү шүүгчид шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, хариуцлагагүй алдаа гаргасан байна” гэжээ.

Шалгах ажиллагааны явцад, энэ талаар Г.Г-с гэрчийн мэдүүлэг авахад “...Миний бие шүүх хуралдааны товыг Р.Баярхүү шүүгчид мэдэгдээгүй. Өмнө нь хугацаагүй хойшилсон гээд мартаад шүүгчид мэдэгдэхээ мартсан байсан. Г.Дэлгэрсайхан шүүгчид хуралдааны тов мэдэгдсэн. Миний буруутай үйлдлээс болж шүүх хуралдаан хойшилсон. Хэрэгт энэ илтгэх хуудсыг бичиж хийсэн” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч нараас “шүүх бүрэлдэхүүнд томилогдсон шүүгчийг хуралд оролцуулахгүй, ирж байсан шүүгчийг замаас нь буцаасан” гэх агуулгаар шүүгч Б.Гэршихбөрттэй болон тухайн шүүхийн өөр шүүгч нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд өргөдөл гаргасны дагуу сахилгын хэрэг үүсгэж, улмаар 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн СХМ/2024/0117 дугаар магадлалаар шийдвэрлэсэн. Уг магадлалд “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7-д зааснаар шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүргийг шүүгчийн туслах хэрэгжүүлнэ. Иймд шүүх хуралдааны бэлтгэл хангагдаагүйн улмаас хойшилсонд шүүгчийг буруутай ажиллагаа нөлөөлсөн гэх байдал тогтоогдсонгүй. Шүүгч Р.Баярхүү нь 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр зөрчлийн 4 хуралдаанд оролцсон болох нь сахилгын хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул шүүгч Р.Баярхүүг хуралдаантай байсан гэж худал хэлсэн гэж үзэхгүй гэж” дүгнэж, түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тус магадлалд гомдол гаргасантай холбоотойгоор тус хорооны хянан үзэх хуралдааны 2025 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ХТ/2025/0011 дугаартай Хяналтын тогтоолоор  магадлалыг хүчингүй болгож дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаасан болон энэ сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг өмнө нь хүчингүй болгож, илтгэгч гишүүнд буцаасан тус хорооны 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн СХТ/2025/0020 дугаартай тогтоол зэрэгт дээрх үйл баримтыг дахин шалгах, сахилгын зөрчил эсэхийг дүгнэх талаар дурдаагүй тул шүүгчийг тухайн тохиолдолд сахилгын зөрчил гаргасан гэж үзээгүй болно.        

-Шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрсайхан нар нь “шүүх бүрэлдэхүүний 2 шүүгчээс татгалзах тухай хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн тайлбарыг баримтлан гомдол гаргаагүйд тооцсон нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтийг прокурор, оролцогч гаргаж болно.” гэж зааснаар шүүгдэгч С.М, Х.Б, тэдгээрийн өмгөөлөгч нараас 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-д заасан үндэслэлээр шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нараас татгалзан гаргах хүсэлт гаргажээ.         

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 4/ “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах" гэж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт "Улсын дээд шүүх шүүн таслах ажиллагаанаас бусад асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”, 25.8.4. “шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг танхимын саналыг үндэслэн гаргах бөгөөд тайлбарыг тогтмол нийтлэх” гэж тус тус заасны дагуу Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуульд албан ёсны тайлбар гаргах ба шүүх аливаа эрх зүйн тохиолдлыг шийдвэрлэхдээ тухайн харилцааг зохицуулсан хуулийг Улсын дээд шүүхээс тайлбарласан бол тухайн тайлбараас өөрөөр ойлгон хэрэглэхгүй байхаар зохицуулсан байна.

Үүний дагуу Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр хуралдааны тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар Улсын дээд шүүхээс албан ёсны тайлбар гаргах шаардлагатай буюу шүүхийн практик үүссэн ойлголтын зөрүү, хуулийн буруу хэрэглээг арилгах, зөв хэрэглэх талаар тайлбарласан. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасан татгалзах үндэслэлийн объектив байдлыг дараах байдлаар тайлбарлажээ.

“Хувийн харилцаатай", "хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх", "ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй" зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгоно гэжээ.

Уг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор

-“хувийн харилцаатай" гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно,  

-"хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх" гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүгч уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй, уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шууд ба шууд бусаар тусламж авсан, нийтэд зарласнаас хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан, уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй албан бусаар харилцсан, шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа уг хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн, илэрхийлсэн, уг хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, өөр бусад байдлаар ганцаарчлан харилцсан, уг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчөөс шүүгчид хувийн харилцаагаар, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон талаар баримт байгаа бөгөөд, шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, үйлдэл, эс үйлдэхүй гаргасныг хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгч мэдсэн бөгөөд энэ талаар баримт байхыг, эсхүл эдгээрийг шүүгч өөрөө тодорхойлсныг ойлгоно,

-“ашиг сонирхлын зөрчил” гэж Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байна. 

Мөн тус тайлбарт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл” гэх зохицуулалтын шалгуурыг хэрхэн тогтоох талаар шүүхийн практикт нэгдсэн ойлголт байхгүйгээс шүүхүүд дээрх хуулийн зохицуулалтыг өөр өөрөөр тайлбарлан хэрэгжүүлж байгаа болно.

Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан аль ч нөхцөлийг шүүх шалгахдаа түүний объектив байдлыг харгалзан үзэх, тухайн нөхцөлд, хүсэлтэд дурдсан үндэслэл нь бодитой байх шаардлагыг хангах ёстой гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан, эсхүл шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргасан тохиолдолд ийм хүсэлтийг хэлэлцэхээс татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах шүүн таслах ажиллагааны зарчимд нийцнэ гэж үзлээ” гэжээ.

Гэтэл эрүүгийн хэргийн оролцогч нараас тухайн шүүх бүрэлдэхүүний олонхыг татгалзсан байхад дээрх татгалзлын үндэслэлд хамаарах нөхцөл байдлыг хэрхэн ойлгож хэрэглэх талаарх тайлбарыг үндэслэн тухайн шүүгч нар өөрсдөө 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШТ/... дугаар шүүхийн тогтоолоор “шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү нарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай хүсэлтэд дурдсан үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлүүдэд заасан аль нэгэн үндэслэлд хамаарахгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээс бусад үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах нь шүүх хуралдааныг хойшлуулж, уг хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэх үндэслэл болохгүй бөгөөд энэхүү хүсэлтийг татгалзал гаргаагүйд тооцож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнээд татгалзал гаргаагүйд тооцож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4-т “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзсан хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, 5-д “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн тухайн шүүхийн ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэсэн шүүгчийн татгалзалтай холбоотой хүсэлт, түүний үндэслэлийг шийдвэрлэхэд тухайн шүүгч шүүх бүрэлдэхүүн оролцохгүй байх илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэв.

Харин сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад шүүх бүрэлдэхүүн өөр зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй. Мөн тус сахилгын хорооны сахилгын хэргийн бүртгэл хяналтын систем дэх мэдээлэл, лавлагаагаар холбогдох шүүгч нар нь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн талаар бүртгэгдээгүй байна.

Түүнчлэн тухайн хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлээгүй хойшлуулж, сахилгын хэргийг нэмж шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн нийт шүүгчийг татгалзсан хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх зэргээр зөрчлийн шинж байдал арилж, ноцтой үр дагавар үүсгээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, хохирол учраагүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй болно.

Иймд хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл эс үйлдэхүй гаргах гэх үндэслэлгүй тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөнд тооцох үндэслэлгүй гэж дүгнэж Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав. 

Сахилгын хэргийн оролцогч нар нь дахин хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцогдохыг анхаарах нь зүйтэй.” гэжээ.

   ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн нэр бүхий шүүгч нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хорооны хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн СХТ/2025/0020 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүчингүй болгож, дахин шалгуулахаар илтгэгч гишүүнд буцаах тухай” тогтоолд заасан үндэслэлээр сахилгын хэрэгт дахин шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн ГС/2025/0059 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал” гаргасан нь хууль зүйн үндэслэл бүхий байна гэж бүрэлдэхүүн үзэв.

Шүүгч өөрөө татгалзан гарах, шүүгчээс татгалзах зохицуулалтын зорилго нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хадгалах, хангах, аливаа ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй байдлаас сэргийлэх, нөгөө талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах эрх зүйн хамгаалалт байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татгалзагдаж буй шүүгч хэргийн оролцогчтой хувийн дотно, эсхүл таарамжгүй харилцаатай эсэх талаар тодорхой баримт ирүүлэхийг хүсэлт гаргагчаас шаардах, улмаар баримтгүй гэх шалтгаанаар татгалзлыг хуульд заасан үндэслэлгүй хэмээн татгалзал гаргаагүйд тооцож шийдвэрлэх нь учир дутагдалтай.

Хүсэлт гаргагч үндэслэлээ тайлбарласнаар татгалзах хүсэлт гаргасан гэж үзэн хууль, тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэх нь хэргийн оролцогч болон бусад этгээдэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан талаарх ойлголт төрүүлдэг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгчийг татгалзсан хүсэлтийг тухайн шүүгчийг байлцуулахгүйгээр шүүх бүхэлдэхүүн шийдвэрлэх боловч татгалзагдаж байгаа шүүгч уг асуудлын талаар шүүх бүрэлдэхүүнд тайлбар гаргаж болно”, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх бүрэлдэхүүний олонхыг энэ хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэлээр татгалзсан бол уг асуудлыг шүүх хуралдаан даргалагч тухайн тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж тус тус тодорхой заасан атал шүүх бүрэлдэхүүн хуулийг өөрөөр тайлбарлан хэрэглэж, шүүгчээс татгалзах хүсэлтийг өөрсдөө шийдвэрлэжээ.

Ийнхүү дээрх үйлдлээрээ холбогдох шүүгч нар хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн боловч энэ нь нэг удаагийн зөрчил байна.

            Сахилгын хэрэгт цугласан баримтаас үзвэл холбогдох шүүгч нар өөр төрлийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдоогүй бөгөөд илтгэгч гишүүн саналдаа “... тухайн хуралдаанаар хэргийг хэлэлцэж шийдвэрлээгүй хойшлуулж, сахилгын хэргийг нэмж шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн, тухайн шүүхийн нийт шүүгчийг татгалзсан хүсэлтийг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэх зэргээр зөрчлийн шинж байдал арилж, ноцтой үр дагавар үүсгээгүй, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөгдөөгүй, хохирол учраагүй байх тул хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж дүгнээгүй болно.” гэсэн нь үндэслэлтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан.

Энэ нь өөрөөр тайлбарлан хэрэглэх боломжгүй, илтэд тодорхой заалтыг удаа дараа зөрчсөн, эсхүл илт тодорхой заалтыг зөрчсөн нь хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хууль, ОУ-н гэрээнд заасан үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан, зөрчсөн, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн, шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг гэж үзэх үндэслэлтэй.

Иймд дээрхийг нэгтэн дүгнэвэл хэргийн оролцогч болох шүүгч Б.Гэршихбөртэ, Р.Баярхүү, Г.Дэлгэрсайхан нар хуулийн илт тодорхой заалтыг нэг удаа зөрчсөн нь тогтоогдож байна.

Энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан зөрчилд хамаарахгүй боловч дахин зөрчил гаргасан нь тогтоогдвол сахилгын шийтгэл оногдуулах урьдач нөхцөл үүссэн гэж үзэхийг анхааруулах нь зүйтэй.  

Илтгэгч гишүүний ГС/2025/0059 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гэршихбөртэ, Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Р.Баярхүү, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.     

2.Магадлалыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон гомдол, өргөдөл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

             ДАРГАЛАГЧ                                      Б.СУГАР                     

      ГИШҮҮН                                           Д.АРИУНТУЯА

                                                                                                              Д.МЯГМАРЦЭРЭН