
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-10-02
Дугаар 116
Улаанбаатар хот
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, өргөдөл гаргагч Т.Д, өмгөөлөгч Д.А нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Иргэн Т.Д өргөдөлдөө: “...шүүгч Д.Нямбазар, Д.Дэлгэрцэцэг, Ц.Алтанцэцэг нар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн зөрчил гаргасан.
Дээрх шүүгч нар 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Т.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.С-д холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгөөс өөрт болон 2 хүүхдэд ногдох хэсгийг тодорхойлуулах иргэний хэргийг давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэж шийдвэр гаргахдаа дараах илт тодорхой хуулийн заалтуудыг зөрчиж 2 хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироосон буруу шийдвэр гаргасан тул гомдол гаргаж байгаа болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх”, 26.4 Эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд энэ хуулийн 26.2-т заасан тэдгээрийн үүрэг хэвээр үлдэнэ”, 38 дугаар зүйлийн 38.3-д “Эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно”, 40 дүгээр зүйл 40.1-д “Хүүхдэд олгох тэтгэлгийг түүний насны байдлыг харгалзан сард нэг хүүхдэд дараах хэмжээгээр тогтооно”, 40.1.1-т “11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний 50 хувиар”; 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшний хэмжээгээр”, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4 дүгээр зүйл 4.1.4-т “эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд” гэж дараах хүүхдийг ойлгоно, мөн зүйлийн 4.1.5-д “иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа хүүхэд”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах”, Үндсэн хуулийн 16.11-т заасан “Гэр бүл, Эх нялхас, төрийн хамгаалалтад байна”, Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3-р зүйлийн 1-т “Нийгмийн хамгааллын улсын буюу хувийн байгууллага, шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэх илт тодорхой хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн болно.
...Т.Д би анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хэрвээ миний 2 хүүхдэд тухайн орон сууцыг үлдээвэл хүүхдийн тэтгэлэг авахгүй байж болох юм гэж хэлэхэд анхан шатны шүүгч орон сууцыг 2 хүүхэд бидэнд үлдээн, хүүхдийн тэтгэлэг тогтоогоогүй болно.
Гэтэл хариуцагч Г.С давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо тухайн орон сууцны үнэлгээний талаар маргасан байхад давж заалдах шатны дээрх 3 шүүгч орон сууцны үнэлгээний талаарх гомдлыг шийдвэрлэлгүй харин Т.Д нь ногдох хэсгээ гаргуулах гэж нэхэмжлэл гаргасан байна гэж хэт нэг талыг баримтлан тухайн орон сууцыг Г.С-д үлдээж, 2 хүүхдийг ээжийнх нь хамт амьдрах орон байргүй үлдээсэн бөгөөд мөн 2 хүүхдийн тэтгэлгийг тогтоох ажиллагаа хийгээгүй хохироосон нь Монгол улсын шүүхэд итгэх итгэлгүй болгосон болно.
Т.Д-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.С-д холбогдох гэрлэлт цуцлуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд С.Г, охин С.Г нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол дараах байдлаар хөндөгдөж хохирсон байна. Үүнд:
Эцэг Г.С-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй байхаар шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйл 26.2.2-т заасан тэжээн тэтгүүлэх эрх зөрчигдсөн байна.
Хамтран өмчлөлийн дундын эд хөрөнгө болох ...дүүрэг, ...дүгээр хороо, ... дугаар хороолол, ...дугаар байр, ...тоот хаягт байршилтай, Ү-22...........72 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийг эцэг Г.С-д үлдээж шийдвэрлэсэн нь:
а/ С.Г, С.Г нарын өмчлөх эрхийг зөрчсөн, амьдрах орон байргүй болгож, гудамжинд амьдруулах шийдвэр гаргаж, хүүхдийн хэвийн өсөлт, хөгжил, эрүүл мэнд, аюулгүй байдалд амьдрах эрх зөрчсөн, хохирол учруулсан, тэдний хууль ёсны дээд ашиг сонирхлыг зөрчсөн байна.
Учир нь С.Г, С.Г нар гэрийнхээ хажуугийн сургуульд суралцаж, ээнэгшин дассан ангийн найз нөхөдтэйгөө аюулгүй орчинд суралцаж амьдардаг байсан болно.
Гэтэл тэдний эцэг Г.С 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд орон сууц чөлөөлж өг гэж өөрийн төрсөн хүүхдүүдээ утсаар дарамтлан сэтгэл санааны дарамтад оруулж байгаа болно.
б/ ...дүүрэг, ...дүгээр хороо, ...дугаар хороолол, ...дугаар байр, ...тоот хаягт байршилтай, Ү-22...........72 дугаарт бүртгэлтэй орон сууцны зориулалттай 3 өрөө үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэ нь 190.400.000 төгрөг байхад анх авсан 83.000.000 төгрөгөөр тооцож, хүү С.Г, охин С.Г нарт ногдох хэсгийг багаар тогтоож эд хөрөнгийн өмчлөх эрхийг нь зөрчиж хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөн эрсдэлд орсон болно. Хүсэлт: Хүүхдийн эрхийн тухай конвенцын 3 дугаар зүйлийн нэгд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, “...шүүх, захиргааны болон хууль тогтоох байгууллагаас хүүхдийн талаар явуулах аливаа үйл ажиллагаанд юуны өмнө хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад анхаарлаа хандуулна” гэх заалтыг баримтлаагүй тул хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн буруу шийдвэр зөрчил гаргагч шүүгч нар гаргасан болохыг тогтоож, дүгнэлт гарган өгч, буруу шийдвэрийг дахин шинээр хянуулах боломж олгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Д.Нямбазар тайлбартаа: “ ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/0....4 дүгээр шийдвэрээр Т.Д, Г.С нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Г-т, охин С.Г нарыг эх Т.Д-ийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С болон Б.У нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Т.Д, Г.С нарт холбогдуулан гаргасан 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилд буцаан авах тухай гуравдагч этгээд Б.У-ийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Д, насанд хүрээгүй хүүхдүүд болох С.Г-т, С.Г нарт шилжүүлэхийг гуравдагч этгээд Б.У-т даалгаж, нэхэмжлэгч Т.Д-аас 20,750,000 төгрөг гаргуулж хариуцагч Г.С-д олгож шийдвэрлэсэн, хариуцагч Г.С, гуравдагч этгээд Б.У нар эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.
Харин нэхэмжлэгч Т.Д нь анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалт буюу “...нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож...” шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, улмаар давж заалдах гомдол гаргаагүй байдаг.
Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргаагүй асуудлыг шийдвэрлэхгүй бөгөөд давж заалдах шатны шүүхэд “... гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх...” зарчим үйлчилдэг болно.
Нэхэмжлэгч Т.Д нь шүүхэд анх гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, 3 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.С болон Б.У нарын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага нэмэгдүүлж, шүүх хуралдааны явцад “...гэр бүл цуцлуулах, 2 хүүхдээ өөрийн асрамжид авах, дундын өмч болох эд хөрөнгөөс зохих хувийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү..." гэсэн тайлбарыг гаргасан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй. Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангах, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох шийдвэрийн аль нэгийг гаргана.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл, аливаа шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх үүрэгтэй буюу нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргах эрх хэмжээгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь “3 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах" шаардлага гаргасан байтал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж “3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж” шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан болно.
Гуравдагч этгээд Б.У нь “...анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн...” гэсэн үндэслэлээр тус шүүхэд давж заалдах гомдол гаргасныг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Т.Д нь Монгол Улсын дээд шүүхэд хандаж давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хүчингүй болгож өгнө үү...” гэсэн хяналтын гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/0....8 дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болно.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нар тайлбартаа: “...Нэхэмжлэгч Т.Д, өмгөөлөгч Д.А нарын гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Нэг. Хүүхдийн тэтгэлэг тогтоогоогүй гэх гомдлын тухайд:
1.1. Т.Д-гийн нэхэмжлэлтэй Г.С-д холбогдох иргэний хэргийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/0...4 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.С, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У нар давж заалдах журмаар гомдол гаргасныг тус шүүхээр гомдлыг хянан хэлэлцэж 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 210/МА2024/0....2 дугаартай магадлал гаргасан байна.
1.2. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Г.С-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагуудыг гаргасан байдаг.
1.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсаныг анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж шийдвэрлэсэн асуудлаар нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
1.4. Давж заалдах шатны шүүхээс, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг хянан хэлэлцээд, нэхэмжлэгч нь орон сууцны ногдох хэсгийг гаргуулах тухай шаардлага гаргасан атал анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж орон сууцыг нэхэмжлэгчид үлдээж шийдвэрлэсэн гэх гуравдагч этгээд Б.У-ийн гаргасан гомдол үндэслэлтэй байсан тул орон сууцыг хариуцагчид үлдээж, нэхэмжлэгч болон түүний хүүхдүүдэд ногдох хэсэгт 62,250,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагч болон гуравдагч этгээдийн гаргасан бусад гомдлыг хангахгүй орхисон байна.
1.5. Хариуцагч талаас маргаан бүхий орон сууцны зах зээлийн ханш 160,000,000 төгрөг байхад орон сууцыг худалдан авсан үнэ 83,000,000 төгрөгөөр тооцож тогтоосон нь үндэслэлгүй гэж гомдол гаргасныг хангаагүй. Учир нь талууд анхан шатны шүүх дээр уг 3 өрөө орон сууцны үнийг 83,000,000 төгрөгөөр тооцож хуваах талаар хэн аль нь маргаагүй зөвшөөрсөн байдаг ба энэ талаар анхан шатны шүүхийн шийдвэр дээр дүгнэгдсэн байдаг.
1.6. Дээрх шийдвэрт нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалын уг орон сууцны оногдох хэсгийг гаргуулж шийдсэн шийдэлд нэхэмжлэгч тал хяналтын журмаар гомдол гаргасныг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 001/ШХТ2024/0....8 дугаар тогтоолоор гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан байна.
1.7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь тус шүүхэд дээрх шийдвэр магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 210/ШТ2025/0...2 дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч нь шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах хүсэлтдээ: маргаан бүхий орон сууцны үнийг 83,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, орон сууцны зах зээлийн ханш 160,000,000 төгрөг бөгөөд хариуцагчаас үнийн талаар маргасан байхад дээрх үнээр тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг орон сууцыг “Т” ХХК-аар үнэлүүлэхэд 190,000,000 төгрөгөөр тогтоосон. Орон сууцны үнэлгээг хэргийн зохигчид байтугай шүүх тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээч томилж байж мэддэг тул уг орон сууцны үнэлгээ ямар үнийн дүнтэй болохыг зохигчид огт маргах боломжгүй байсан, хэргийн оролцогчдод хөрөнгийн үнэлгээ гаргах талаар хэн ч мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэж дахин хянуулах хүсэлт гаргасан гэжээ.
Уг хүсэлтийг хянасан шүүхийн тогтоолын үндэслэлд: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 15981 дүгээр захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч тал маргаж буй орон сууцыг 83,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай дурдаж, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасантай холбогдуулан хариуцагч уг орон сууцыг 83,000,000 төгрөгөөр худалдан авсныг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл талууд мөн орон сууцыг 83,000,000 төгрөгөөр үнэлсэнд маргаагүй байна. Иймээс зохигч маргаан бүхий орон сууцны үнэлгээг 83,000,000 төгрөгөөр үнэлээгүй гэх байдал үндэслэлгүй гэжээ.
1.8. Нэхэмжлэгч Т.Д-ийн Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдол, тус шүүхэд шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийдвэрийг дахин хянуулахаар гаргасан хүсэлтийн агуулгаас үзвэл нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаар гомдоогүй байх бөгөөд харин орон сууцны зах зээлийн үнэлгээг хийлгээгүй гэх байдлаар шийдвэр магадлалд гомдол болон хүсэлт гаргаж байсан байна.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд мөн гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн шүүхийн шийдвэрт маргаан бүхий орон сууцны хуваарилалтын асуудлаар өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлгийн асуудлаар давж заалдах шатны шүүхэд болон хяналтын журмаар гомдол гаргаагүй байна.
Иймд нэхэмжлэгч Т.Д, өмгөөлөгч Д.А нарын гаргасан хүүхдийн тэтгэлгийн асуудлыг шийдвэрлээгүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх талуудын зарчмын хүрээнд гомдол гаргаагүй асуудлаар шийдвэр гаргах боломжгүй юм.
Харин Гэр бүлийн тухай хуульд зааснаар хүүхэд болон эцэг эхийн тэжээн тэтгэх асуудал нь байнгын үргэлжилж байдаг харилцаа болохын хувьд хүүхдийн асрамж болон тэтгэлгийн асуудлаар зохигчдын хэн аль нь нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй байдаг болохыг дурдах нь зүйтэй.
Хоёр. Орон сууцны зах зээлийн ханшийг тогтоохоор шинжээч томилж орон сууцны үнийг тогтоогоогүй гэх гомдлын тухайд.
Дээр дурдсан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянуулах хүсэлтийг шийдвэрлэсэн тус шүүхийн тогтоолд анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлд талуудын орон сууцны үнийн талаар талуудын байр суурь ямар байсан талаар дүгнэгдсэн байх бөгөөд анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхэд ч уг асуудлаар нэхэмжлэгч гомдоогүй байдаг. Харин хариуцагч талаас уг асуудлаар гомдол гаргасан бөгөөд анхан шатны шүүхэд талуудын маргаагүй асуудлаар давж заалдах шатны шүүхээс шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.
Өөрөөр хэлбэл, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь талуудын зарчимд үндэслэгддэг бөгөөд орон сууцны үнэлгээ хийлгэх асуудлаар шинжээчийг хэргийн оролцогчийн хүсэлтээр томилохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасан.
Иймд уг асуудлаар анхан шатны шүүхэд талууд маргаагүй, шинжээч томилуулах хүсэлт гаргаагүй байсан тул нэхэмжлэгчийн гаргасан гомдол хуульд нийцэхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, Т.Д-ийн нэхэмжлэлтэй, Г.С-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 0....4 дүгээр шийдвэр гаргасан ба хариуцагч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нараас давж заалдах журмаар гомдол гаргажээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 0...0 дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Нямбазар, бүрэлдэхүүнд шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг нарыг томилсон шийдвэрийг албажуулсан.
Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох илтгэгч гишүүний саналыг дараах үндэслэлээр хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Нэхэмжлэгч Т.Д нь Г.С-д холбогдуулан “Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг тус шүүхийн шүүгч Т.Г хүлээн авч, 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан.
Нэхэмжлэгч Т.Д 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Б.У-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасан, шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1...7 дугаар захирамжаар Б.У-ийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахаар шийдвэрлэсэн. Тэрээр 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр маргаан бүхий орон сууцыг худалдан авахад зориулан өгсөн 55,000,000 төгрөгийг гаргуулах тухай бие даасан шаардлага гаргасан.
Нэхэмжлэгч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “ ...гэр бүлийн дундын өмчийг хууль бусаар Б.У-т бэлэглэсэн 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орон сууц бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.
Мөн өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан нотлох баримт гаргуулах, тус орон сууцны зах зээлийн үнэлгээг хөрөнгийн үнэлгээний газраар тогтоолгох хүсэлт гаргасан. Хуралдаанд даргалагчаас “орон сууцны ногдох хэсэг хэдэн төгрөг авах шаардлага гаргасан бэ” гэхэд нэхэмжлэгчээс “тухайн үед 83,000,000 төгрөгөөр авсан. Гэр бүлийн өмч хөрөнгө тул 4 хуваах буюу өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг авах хүсэлтэй байна” гэхэд даргалагчаас “83,000,000 төгрөг нь худалдаж авсан үнэ юм уу” гэхэд нэхэмжлэгчээс “тийм” гэв. Даргалагчаас “энэ үнэлгээнээс тооцож гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг шаардаж байгаа гэж байна уу” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч “тийм энэ үнэлгээг тооцно” гэв. Даргалагчаас “хариуцагч талаас асууя. 83,000,000 төгрөгөөр худалдан авсан талаар маргаан байна уу” гэхэд хариуцагчаас “маргаан байхгүй” гэв. Даргалагчаас “хариуцагч үнийн асуудалд маргахгүй гэж байна. Зах зээлийн үнэлгээг тогтоолгох шаардлагагүй гэж ойлголоо зөв үү” гэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “энэ хүсэлтээсээ татгалзаж байна” гэжээ.
Шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 1...1 дүгээр захирамжаар нэхэмжлэгч талын ихэсгэсэн шаардлагыг хүлээн авч, хариуцагч талд гардуулж, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 09 цагт хийхээр товлон зарлажээ.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1...8 дугаар захирамжаар хариуцагчийн дүрс бичлэгт үзлэг хийлгэх хүсэлтийг хангаж, мөн хүүхдийн саналыг авах шаардлагатай гэх үндэслэлээр хуралдааныг хойшлуулж, шүүх хуралдааныг 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цагт хийхээр товлосон.
Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1...3 дугаар захирамжаар хүү С.Г, охин С.Г нарыг эцэг, эхийн хэний асрамжид үлдээх асуудлыг шийдвэрлэхийн тулд дүгнэлт гаргуулахаар Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийг шинжээчээр томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 0...2 дугаар тогтоолоор тус иргэний хэргийг шүүгч А.Э-д шилжүүлсэн, шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 0...0 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, шүүх хуралдааныг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 13 цаг 30 минутад хийхээр товлон зарласан.
Шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 0...5 дугаар захирамжаар хариуцагчаас хүүхдийн эцэг болохыг тогтоолгох хүсэлт гаргасны дагуу шинжээч томилж, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 0...8 дугаар захирамжаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тус тус түдгэлзүүлсэн бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1...3 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Тус иргэний хэргийг 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд 0...4 дугаартай шийдвэрээр: “ ...Т.Д, Г.С нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Г-т, охин С.Г нарыг эх Т.Д-ийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.С болон Б.У нарын хооронд байгуулагдсан 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, Т.Д, Г.С нарт холбогдуулан гаргасан ...дүүргийн ...дүгээр хороо, ...дугаар хороолол, ...дугаар байр, ...тоот хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг өөрийн эзэмшилдээ буцаан авах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, тус орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Т.Д, насанд хүрээгүй хүүхдүүд болох С.Г-т, С.Г нарт шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У-т даалгаж, нэхэмжлэгч Т.Д-аас 20,750,000 төгрөгийг гаргуулж хариуцагч Г.С-д олгох”-оор шийдвэрлэжээ.
Хариуцагч Г.С давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүхээс гэр бүлийн дундын хөрөнгийн оногдох хэсгийг тодорхойлохдоо маргаан бүхий орон сууцны зах зээлийн ханш 160,000,000 төгрөг байхад орон сууцыг худалдан авсан үнэ 83,000,000 төгрөгөөр тооцож тогтоосон нь үндэслэлгүй” гэж, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Б.У “анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж хэргийг шийдвэрлэсэн” гэсэн үндэслэл дурджээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд 0...2 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим заалтад өөрчлөлт оруулж “...3 өрөө орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.С-д шилжүүлэхийг бие даасан шаардлага гаргасан Б.У-т даалгаж, хариуцагч Г.С-аас 62,250,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Д-д олгохоор...” шийдвэрлэсэн байна.
Ийнхүү шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн алдаа гаргасан ...нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л явцад /нэхэмжлэл анх гаргахдаа, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ, шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжин ярихдаа/ нэхэмжлэлийн шаардлагаа “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах” гэж тодорхойлсон. Гэтэл анхан шатны шүүхээс гэр бүлийн дундын өмчлөлийн маргаан бүхий 3 өрөө орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн нь нэхэмжлэлийн шаардлагаас хальж хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ. ...талууд маргаан бүхий 3 өрөө орон сууцыг 83,000,000 төгрөгөөр үнэлж хуваах талаар хэн аль нь маргаагүй зөвшөөрсөн байх тул орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Г.С-д үлдээж, уг орон сууцнаас гэр бүлийн гишүүнд ногдох үнийн дүн болох 20,750,000 төгрөг буюу гэр бүлийн 3 гишүүнд ногдох 62,250,000 төгрөгийг хариуцагч Г.С-аас гаргуулж, нэхэмжлэгч Т.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцэх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэнэ...” гэжээ.
Магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Т.Д хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 0...8 дугаартай тогтоолоор хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсанаар давж заалдах шатны шүүхийн магадлал хүчин төгөлдөр болсон байна.
Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлтдээ “...маргаан бүхий орон сууцны үнийг 83,000,000 төгрөгөөр тогтоосон нь үндэслэлгүй, орон сууцны зах зээлийн ханш 160,000,000 төгрөг бөгөөд хариуцагчаас үнийн талаар маргасан байхад дээрх үнээр тогтоосон нь үндэслэлгүй. Шүүхийн шийдвэр гарсны дараа уг орон сууцыг “Т” ХХК-аар үнэлүүлэхэд 190,000,000 төгрөгөөр тогтоосон. Орон сууцны үнэлгээг хэргийн зохигчид байтугай шүүх тусгай мэдлэг мэргэжил бүхий шинжээч томилж байж мэддэг тул уг орон сууцны үнэлгээ ямар үнийн дүнтэй болохыг зохигчид огт маргах боломжгүй байсан, хэргийн оролцогчдод хөрөнгийн үнэлгээ гаргах талаар хэн ч мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан нотлох баримт гэж үзэж дахин хянуулах хүсэлтийг хангаж өгнө үү” гэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хянан хэлэлцээд 0...2 дугаар тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзахдаа “...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 1...1 дүгээр захирамж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсанаар нэхэмжлэгч тал маргаж буй орон сууцыг 83,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай дурдаж, орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасантай холбогдуулан хариуцагч уг орон сууцыг 83,000,000 төгрөгөөр худалдан авсныг хүлээн зөвшөөрснөөр нэхэмжлэгч шинжээч томилуулах хүсэлтээсээ татгалзаж, улмаар анхан шатны шүүхийн шийдвэр гарчээ. Уг шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба давж заалдах шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл талууд мөн орон сууцыг 83,000,000 төгрөгөөр үнэлсэнд маргаагүй байна. Иймээс зохигч маргаан бүхий орон сууцны үнэлгээг 83,000,000 төгрөгөөр үнэлээгүй гэх байдал үндэслэлгүй...” гэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т “Анхан шатны шүүх хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: 115.2.1.нэхэмжлэлийн шаардлагыг хангах; 115.2.2.нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох; 115.2.3.нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасан.
Тодруулбал, шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж шийдвэр гаргах эрхгүй.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Нэхэмжлэгч “3 өрөө орон сууцнаас ногдох хэсгийг гаргуулах” шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж “3 өрөө орон сууцыг нэхэмжлэгч болон хүүхдүүдийн өмчлөлд үлдээж” шийдвэрлэсэн алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсныг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Дээр дурдсанаар холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа” зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 0...8 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Т.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим шаардлагыг хангаж, эцэг Г.С-аас сар бүр тэтгэлэг гаргуулан хүү С.Г, охин С.Г нарыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 0...6 дугаар магадлалаар дээрх шийдвэрийг хэвээр үлдээснийг шүүгч Ц.Алтанцэцэг Сахилгын хорооны хуралдаан эхлэхээс өмнө ирүүлсэн болно.
Энэхүү шийдвэр, магадлалын талаар өргөдөл болон саналд тодорхой тусгагдаагүй тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүйг дурдав.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг, Д.Дэлгэрцэцэг, Д.Нямбазар нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН