info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-09-24

Дугаар 115

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Б.Д өргөдөлдөө: “намайг ... дүүргийн прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллагдагчаар татан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар яллагдагчаар цагдан хоригдсон хугацаа нийт 18 сар 19 хоног болоод байсан.

2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Дүүргийн Эрүү, Иргэний хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж хийсэн Б.Д надад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах прокурорын саналыг хянан хэлэлцсэн шүүхийн хэлэлцүүлэгт би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд миний холбогдсон хэргийн яллагдагчийг цагдан хорих хугацаа нийт 18 сараас хэтэрч болохгүй гэж заасан бөгөөд миний хоригдсон хугацаа хэтэрсэн тул таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэсэн санал гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2-т яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас хэтэрч болохгүй гэж,

Мөн хуулийн 14.10.3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно гэж тус тус заасан байна.

Миний холбогдсон 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх заасан гэмт хэрэг нь 5-12 жилийн хорих ял оногдуулахаар заасан ба дээрх хуульд зааснаар яллагдагчаар цагдан хорих хугацаа 12+6 нийт 18 сараас хэтэрч болохгүй байхаар байна.

Гэтэл шүүгч Ц.Урангуа нь миний гаргасан санал хүсэлтийг үгүйсгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд зааснаар яллагдагч Б.Д-ний холбогдсон 17.3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн яллагдагчийг хорих нийт хугацаа 24 сараас хэтэрч болохгүй байна гэж тайлбарлан цагдан хорих хугацааг 1 сараар сунгаж шийдвэрлэсэн нь яллагдагч миний эрх ашгийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

Мөн шүүгч Ц.Урангуа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, дүгнэлтээ 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ЦХШЗ/4.. дугаартай шүүгчийн захирамждаа огт дурдаагүй байна. Иймд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг илт буруугаар тайлбарлаж хууль бус шийдвэр гаргасан шүүгчид зохих журмын дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэжээ.

Шүүгч Ц.Урангуа тайлбартаа: “...дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Х-аас 2025 оны 02 дугаар сарын 07-ны /Баасан гаригт/ өдөр яллагдагч Б.Д-ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг сунгах тухай саналыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 6, 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасны дагуу 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр товлож хэлэлцүүлгийг явуулсан.

Яллагдагч Б.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 -д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан байсан бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 416 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар яллагдагчаар цагдан хорьсон байсан.

Прокурорын санал болон 57 хавтаст хэргээс танилцахад 2024 оны 8 дугаар сард яллагдагч Б.Д-ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн байх бөгөөд мөн оны 11 дүгээр сард дахин гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр яллагдагчаар цагдан хоригдсон.

Яллагдагчийн зүгээс өөрийн нийт цагдан хоригдсон хугацаа 18 сараас хэтэрсэн гэж тайлбарлан хүсэлт гаргаж оролцсон бөгөөд харин шүүгч би шийдвэр гаргахдаа прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзсэн.

Учир нь яллагдагч Б.Д-д холбогдох хэрэг ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сард шилжин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллын дагуу тус шүүхээс ...сум дундын шүүх рүү шүүгчийн захирамжаар шилжүүлсэн, харин уг хэргийг сум дундын шүүхээс буцаан харьяаллынх биш гэсэн асуудлаар ...дүүргийн шүүхэд хүргүүлсэн байсан.

Улмаар ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай гэж үзэж прокурорт буцаасан. Энэхүү захирамжид прокурор эсэргүүцэл бичсэний дагуу Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Өөрөөр хэлбэл Б.Д-д холбогдох хэрэг 2023 оны 10 дугаар сараас 2024 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд шүүхүүд дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж шүүхийн шатанд тэрээр цагдан хоригдож байсан хугацаа гэж үзэх нөхцөлтэй байсан бөгөөд прокурор шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар мөн тайлбартаа дурдсан.

Дээрх хугацаанууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад цагдан хоригдсон хугацаа нь мөн хуулийн 14.10 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт хамаарахгүй юм.

Тиймээс түүний холбогдсон хэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй”.

3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн ...17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/, ...зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно.” гэсэн хуулийн заалтуудад нийцэж байна гэж үзсэн бөгөөд нийт цагдан хоригдсон хугацаанаас гадуур байсан 3 сар, шүүхийн шатанд байсан хугацаануудыг хасаад 18 сар хүрэхгүй байна гэж үзсэн тул 243 дугаартай шүүгчийн захирамж гаргасан.

Уг захирамжийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн тус шүүхийн Ерөнхий шүүгч хянан хэлэлцээд хууль зүйн үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж үзэж хэвээр үлдээж, яллагдагч Б.Д-ний гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Шүүх хуралдааны шатанд шүүгч миний бие яллагдагчид шийдвэрийг танилцуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн нийт хугацааг 24 сар гэж тайлбарласан нь хуулийн заалтын агуулгаар нь тайлбарласан гэж үзэж байгаа болно.

Мөн гомдол гаргагч нь шүүгчийн захирамждаа шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар дүгнэлтийг тусгаагүй гэсэн байна. Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцээний талууд нь оролцогч, прокурор болохоос шүүгч биш юм. Нөгөө талаар шүүхийн хэлэлцүүлгийг явуулж дууссаны дагуу шийдвэр гаргаж, үүний дараа шийдвэрийнхээ үндэслэлийг танилцуулах хуулийн зохицуулалттай бөгөөд, шийдвэрийн үндэслэлийн тайлбарыг шийдвэрт тусгах талаар хуульчлаагүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ... дүүргийн прокурорын газраас Б.Д-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.5 дугаар зүйлийн 1, 26.1 дүгээр зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 Тус шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 7.. дүгээр шийтгэх тогтоолоор Б.Д-ийг гэм буруутайд тооцож, 3 жилийн хорих ял оногдуулжээ.

Гэвч ял эдэлж байх хугацаанд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3.1, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, улмаар прокуророос цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хүсэлт гаргасныг шүүх дор дурдсанаар шийдвэрлэсэн.  Үүнд:

1. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 2.. дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн ба  Ерөнхий шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцээд 1.. дугаар захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.

2. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 4.. дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар цагдан хорих,

3. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 1.. дугаар захирамжаар 6 дугаар сарын 02-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан.

4. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 1... дугаар захирамжаар цагдан хорих 2 дугаар хугацааг 7 дугаар сарын 02-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 7.. дугаартай захирамжаар хэвээр үлдээсэн. 

5. ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 1... дугаар захирамжаар 8 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасан.

6. Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 1... дугаар захирамжаар 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар сунгасныг Ерөнхий шүүгчийн 9 дүгээр сарын 14-ний өдрийн 9.. захирамжаар хэвээр үлдээсэн. 

7. ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 1... дугаар захирамжаар 10 дугаар сарын 02-ны өдрөөс 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаагаар,

8. 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүгчийн ЦХШЗ/1... дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар,

 9. 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн шүүгчийн ЦХШЗ/1... дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар,

10. 2024 оны 01 дүгээр 01-ний өдрийн шүүгчийн ЦХШЗ/1... дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар тус тус сунгасан байна.

...дүүргийн Прокурорын газраас 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Б.Д-д холбогдох эрүүгийн 21.........77 дугаартай хэрэгт 4... тоот яллах дүгнэлт үйлдэж, хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 1/3.. дугаар албан бичгээр ... дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. 

Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2.. дугаар захирамжаар тус эрүүгийн хэргийг харьяаллын дагуу ...аймгийн ...сум дахь сум дундын шүүхэд шилжүүлж, хэргийг  шүүхэд очтол яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

...аймгийн ...сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 3.. дүгээр албан бичгээр тус эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг тогтоолгох хүсэлтийг Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнд гаргаж, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 0.. дугаартай захирамжаар урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ. 

Монгол Улсын дээд шүүхээс эрүүгийн хэргийн харьяаллыг тогтоосны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 4.. дугаар захирамжаар уг эрүүгийн хэргийг ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхэд буцаан хүргүүлж, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр тус эрүүгийн хэргийг прокурорт буцаахдаа урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.

Прокурор захирамжийг эс зөвшөөрч эсэргүүцэл гаргасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх  2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн  8.. дугаар магадлалаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсэн.

... дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр яллагдагч Б.Д-ний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчлөх санал гаргасныг ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2024 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд яллагдагч Б.Д-д авсан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг хязгаарлалт тогтоох арга хэмжээ болгон өөрчилжээ.

...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2.. дугаар захирамжаар “...гэмт хэргийн шинж, хувийн байдал мөн урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн” гэж дүгнэж, яллагдагч Б.Д-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 1 сарын хугацаагаар, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2... дугаар захирамжаар 1 сарын хугацаагаар тус тус сунгажээ.

Дээрх арга хэмжээг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 6.. дугаар, 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 4.. дугаар захирамжаар тус тус 1 сарын хугацаагаар сунгасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн  2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 2.. дугаар захирамжаар хэвээр үлдээжээ. 

Яллагдагч Б.Д 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт ирүүлснийг 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцээд 2.. дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан байна. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017/ 14.10 дугаар зүйлийн 2-т “Хэргийн ээдрээ төвөгтэй байдлыг харгалзан яллагдагчийг цаашид цагдан хорих зайлшгүй шаардлагатай бол шүүх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сар, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг 5 жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй, 14.10 дугаар зүйлийн 3-т  “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 19.6/Хорлон сүйтгэх/, 29.5/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно” гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2024.01.17/ хуулиар дээрх заалтыг “Шүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй”, 3 дах хэсгийг “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/Хүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар санаатай алах/, 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/, 19.6/Хорлон сүйтгэх/, 29.5/Төрлөөр устгах/ дугаар зүйлд заасан гэмт хэргийн яллагдагчийг энэ зүйлийн 2 дахь хэсэгт зааснаас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол шүүх 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болно” гэж тус тус өөрчлөн найруулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай /2025.06.27/ хуулиар 14.10 дугаар зүйлийн 2 дах хэсгийгШүүх энэ хуулийн 14.9 дүгээр зүйлд заасан үндэслэл арилаагүй гэж үзвэл яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр 1 сар хүртэл хугацаагаар сунгах ба яллагдагчийг цагдан хорих нийт хугацаа Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жил хүртэл хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 6 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 12 сараас, Эрүүгийн хуульд хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэрэгт 18 сараас хэтэрч болохгүй” гэж өөрчлөн найруулжээ.

Тус хуулийн 14.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн “17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хулгайлах/,” гэсний дараа “17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/Хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах/,” гэж, 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “14.9 дүгээр зүйлд” гэж тус тус өөрчлөн найруулжээ.

Б.Д-ний холбогдсон Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3-д таван жилээс 12 жил хүртэл хорих ялаар, 26.1 зүйлийн 2-т таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр тус тус зааснаас үзэхэд яллагдагчаар цагдан хорих хугацаа 12 сар байна.

Харин Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах гэмт хэрэгт холбогдсон яллагдагчийг 12 сараас илүү хугацаагаар цагдан хорих шаардлагатай бол 6 сар хүртэл хугацаагаар нэмж сунгаж болохоор зохицуулжээ. 

Дээр дурдсанаар  Б.Д-д 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс хойш 13 сарын хугацаагаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь хууль зөрчөөгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 10.-т “Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан яллагдагчийн цагдан хорих хугацааг баривчилсан өдрөөс, эсхүл яллагдагчийг цагдан хорьсон өдрөөс эхлэн прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх хүртэл тоолно” гэж заасан.

Б.Д-ний шүүхийн шатанд цагдан хоригдож байсан хугацааг  яллагдагчаар цагдан хорих хугацаанд оруулан тооцохгүй тул өргөдөлд дурдсан “...цагдан хоригдсон хугацаа 18 сараас хэтэрсэн” гэх гомдол  үндэслэлгүй байна. 

Иймд шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ц.Урангуад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.          

2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Г.ЦАГААНЦООЖ

                        ГИШҮҮН                                        Х.ХАШБААТАР

                                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН