info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-09-03

Дугаар 113

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, сахилгын хэргийг

бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Б.Булгантамир нарыг оролцуулан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамирт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ГНД/2025/0022 дугаартай нотлох дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтэд:

 “1. Өргөдөлд, “...хэрэгт хамааралгүй асуулт огт тавиагүй, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд аливаа байдлаар саад учруулаагүй, шүүгчтэй аливаа байдлаар зүй бус авирласан, зохисгүй байдал гаргасан зүйл огт байхгүй байтал... шүүх хуралдааны танхимаас цагдаагийн албан хаагчийн тусламжтайгаар албадан хөөн гаргаж, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан ...” гэжээ.

Л.Н нь 2018 онд контрактын гэрээгээр “А ж и” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд “В д” ХХК-тай байгуулсан “Худалдааны хамтран ажиллах” ... дугаартай гэрээг ашиглан, “А ж и” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад нийт 91,383,668.96 төгрөгийн /их хэмжээний/ хохирол учруулсан хөрөнгө завшсан гэмт хэрэгт холбогдсон.

Хуралдаанд, шүүгчээс асуултыг зогсоосон, сануулсан, торгох арга хэмжээ авах үндэс болсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүгдэгчээс асуусан асуулт нь бичлэгийн 0:51:36-0:52:18 дахь хэсэг /0509(1).mp4 нэртэй бичлэг/, 0:00:01-0:20:05 дахь хэсэгт /0509.mp4 нэртэй бичлэг/ тусгагдсан:

- даргалагч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч асуух асуулт байна уу

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Контрактын гэрээний 3.1.5-д компанийн мэдээллийг гуравдагч этгээдийн ашиг сонирхлын үүднээс задруулахгүй гэсэн гэрээг та байгуулсан. Гэтэл ... үзэсгэлэнгээс олж авсан “А ж и” ийн яармаг худалдааны мэдээллийг яагаад, ямар зорилгоор В компанид дамжуулсан бэ?

- улсын яллагч: Байж байгаарай, шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавья. Германы Анунгоо үзэсгэлэнгийн талаар ярьж байна, үүнийг хэргийн нөхцөл байдал, яллах дүгнэлтэд огт дурдаагүй. Тэгэхээр энэ асуултыг хүчингүй болгож өгнө үү.

- даргалагч: 5-6 үйлдлээр яллаж байна гээд байна, тэгэхээр яллаж байгаа үйл баримттай холбоотой асуух эрхтэй, прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Хамтран ажиллах гэрээний талаар асууя. Гэрээг “А ж и”-т ашигтай гэрээ хийсэн гэж хариултаас нь ойлголоо. Гэтэл хавтаст хэрэгт 4хх-ийн 15-17 дугаар хуудаст В-ын гүйцэтгэх захирал Г гэдэг хүн энэ гэрээний үндсэн дээр манайх 100 гаруй сая төгрөгийн хөнгөлөлт, урамшуулал олж авсан гэж мэдүүлсэн байна. Таны тайлбарлаж байгаагаар А ж и 7,4 сая төгрөгийн ашиг олсон гэж байна. Энэ гэрээгээр хэн нь ашиг олоод байгаа юм бэ гэдгийг тайлбарлана уу гэхэд шүүгдэгч тайлбар өгсөн,

-Гэрээний хөнгөлөлтийг гэрээнд зааснаар биш яагаад заавал 2 хувиар илүү өгөөд байгаа юм бэ, бид нар 10 хувь дээр бол юм ярихгүй байгаа шүү дээ гэхэд шүүгдэгч: аливаа гэрээн дээр шатлал заадаг. Тэрхүү шатлал дээр үндсэн хувь 10 хувь, төлбөр тооцоогоо цаг хугацаандаа хийвэл 1 хувь, төлөвлөгөөгөө биелүүлбэл 1 хувь гэсэн 2 шатлал өгсөн …” гэж,

- Гэрээний төлбөр тооцоог хугацаанд нь хийсний төлөө 1 хувь илүү урамшуулал өгнө гэдгийг яаж гаргаж ирсэн бэ, гэрээнд зааснаар л төлбөрөө төлөх ёстой шүү дээ гэхэд шүүгдэгч гэрээг үндэслэн хариулт өгсөн,

- Гэрээнд тусгаагүй боловч гэрээнээс гадуур үнэгүй бараа олгосон, албан тоотын хөнгөлөлт гэж олгосон нь ямар үндэслэлтэй вэ гэхэд шүүгдэгч: гэрээний ... тоот гэрээний 4.4, 4.4 заалтыг үндэслэн хариулсан,

- “А ж и” ХХК-аас бараа материал, бэлэн мөнгө өөртөө зарцуулсан байдаг. Манай аудитын шалгалтаар 23,486,621 төгрөгийн бараа материал, мөнгийг өөртөө зөвшөөрөлгүй авсан байна, үүнийг та зөвшөөрч байгаа юу гэхэд … бараа материалын хувьд ажиллаж байх хугацаандаа баяр ёслолоор зарим нэр төрлийн барааг өөртөө болон бусдад бэлэглэх зарчмаар олгодог. Бараа авсан үедээ тухай бүр цалингаас төлдөг байсан … гэж хариулахад

-хохирогчийн төлөөлөгч : Үүн дээр тодруулъя. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа. Баяр ёслолоор бол ажилчид авах үе байдаг, гэхдээ тэр цөөн тоогоор, тодорхой хугацаанд авдаг. Таных 2018-2020 он хүртэл 2 жил үргэлжлээд байна, баяр ёслолоор авсан гэж тайлбарлаж байгаа юм уу гэхэд

- даргалагч: За байж байгаарай. Иргэний гэрээний маргаан огт яригдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сануулъя, эрүүгийн шүүх хуралдаан яллах дүгнэлтийн хүрээнд яригдах ёстой. Таны яриад байгаа 2018 оны үйл баримтыг яллах дүгнэлтэд дурдаагүй. 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сард нийт 91 сая төгрөгийг завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэгдсэн. 2018 оны асуултыг асуухгүй, би энэ асуултыг хориглож байна.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Байгаа шүү дээ 18,1 сая төгрөгийн хохирол нь орчихсон байгаа

- даргалагч: Байхгүй байна, сая яллах дүгнэлтийг уншиж сонсгосон.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Даргалагчтай зэрэгцэн 18,1 сая гээд орсон байгаа, би тэрийг л асуугаад байгаа ш дээ.

- даргалагч: Би улсын яллагчаас тодруулж байна. Улсын яллагч 2018 оны хохирол байгаа юм уу гэхэд

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Дахин даргалагчтай зэрэгцэн хувьдаа завшсан 18,1 сая гээд орсон байгаа ш дээ.

- даргалагч: Э-аа би танд сануулж байна танд за, зөвхөн чиглэж асууна, яллах дүгнэлтийн хүрээнд явагдана. Улсын яллагч 2018 оны хохирол байгаа юм уу

- улсын яллагч: 2018 оны хохирол байхгүй. Хамтран ажиллах худалдааны гэрээтэй холбоотой үнийн дүнгүүд орсон байна.

- даргалагч: Нэг санууллаа шүү гээд алх цохив. Асуултаа үргэлжлүүлье, таныг хязгаарлаад байгаа юм биш. Шүүх хуралдааныг шүүгч чиглүүлэх ёстой болчхоод байгаа юм. Тэр үүргийг надад хуулиар өгчхөөд байгаа юм.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Хохирлоо асуухгүй бол би өөр юу асуух вэ

- даргалагч: Танд 2018 оны асуудал байхгүй байна л гэж байна гэж эхний сануулга өгчээ.

Цаашлан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Манай компанийн зардлаар үзэсгэлэн яармагт явахдаа нөхрийнхөө зардлыг компаниар гаргуулж явсан байна, үүнийг тайлбарлана уу гэхэд

- шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц: Шүүгч ээ, эсэргүүцэж байна. яллах дүгнэлт дээр байхгүй ш дээ.

- даргалагч: Хариулж болно, хариулахгүй байж болно. Шүүгдэгч хариулах эсэх нь өөрийнх нь асуудал

- шүүгдэгч: Асуултад хариулав.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тэрнээс гадна өөр байгаа л даа. Би мэдээд байна л даа, өөр гэхэд

- даргалагч: За, хориглож байна гээд алх цохин, Энхжаргал аа, тулгасан, хөтөлсөн асуулт асуухыг гэхэд даргалагчийн яриаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч таслан, худлаа яриад байна шдээ. 18.1 сая төгрөгийн хохиролд орчихсон, 91 сая дотор байгаа шдээ, тэр 2 сая төгрөг,

- даргалагч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс тулгасан болон хөтөлсөн асуулт асуухыг хориглоно.

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Хохирогчийн эрх гэж бас байх байлгүй дээ энэ чинь одоо

- даргалагч: Өмгөөлөгч сууж бай гээд нарийн бичгийн даргыг Зөрчлийн тухай хууль аваад ир гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга танхимаас гаран, буцаж орж ирэв. Л.Э босож байгаарай та гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуралдааны дэг зөрчөөд байгаа учраас 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байна, энэ шийдвэрт гомдол гаргаж болно гэхэд

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Зөвшөөрөхгүй байна, гомдол гаргана ... гээд гарсан.

Гэтэл энэхүү “яллах дүгнэлтэд дурдагдаагүй, хэрэгт хамааралгүй гэх 2018 оны үйл баримт” болон “гэрээний” талаар хэлэлцүүлгийн явцад

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч,

- “Та В д гэдэг компанид хэзээнээс зөвлөгөө өгч эхэлсэн бэ” гэсэн асуултад шүүгдэгч “... 2018 оноос хойш утсаар болон мэйлээр явуулдаг байсан. Би энэ үйлдлээ албан ёсоор хүлээн зөвшөөрч байгаа ...” гэж хариулсан,

- “Та В д гэж компани дээр өөрийн биеэр очиж зөвлөгөө өгч байсан уу” гэхэд шүүгдэгч “2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулагдсаны дараа 14 тэрбум төгрөгийн борлуулалтаа хийхийн тулд 4-6 удаа очиж борлуулалтын ур чадварын сургалт хийсэн” гэсэн,

- “Та 2018 оны 11 дүгээр сарын байдлаар витафитын захирал Жаргалсайхан захирал болон витафитын хувьцаа эзэмшигч захирлуудад зөвлөгөө өгдөг байсан уу” гэж,

- “Та 2018 оны 11 дүгээр сараас хойш борлуулалттай холбоотой биш зүгээр үйлдвэрлэл ч гэдэг юм уу өөр асуудлаар зөвлөгөө өгч байсан уу” гэж ,

- “2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр контрактын гэрээ байгуулаад та гүйцэтгэх захирлын эрх хэмжээг хэрэгжүүлдэг байсан уу мөн улсын бүртгэлд бүртгүүлсэн үү” гэж ,

- “Гэрчийн мэдүүлгээр 2018 оны 11 дүгээр сар гэхэд Л.Н гэх хүн манайд ирж зөвлөгөө өгдөг байсан гэх мэдүүлэг өгдөг. Мөн Ж гэх хүн албан ёсоор хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй ч гэсэн зөвлөгөө өгсний хариуд сард 5 сая төгрөгийн цалин урамшуулал олгодог байсан гэдэг. Та цалин урамшуулал авдаг байсан уу” гэж,

- та контрактын гэрээнд заасан урамшуулал авах эрхтэй гэж хүсэлт гаргасан байдаг. Өөр байгууллагад ... мэдээлэл дамжуулаад, бусдад давуу байдал олгоод байгаа энэ үйлдлээ контрактын гэрээнд зааснаар ажил үүргээ гүйцэтгээд явж байсан гэж үзэж урамшуулал авах эрхтэй гэж үзэж байна уу гэж, 

-  “Та 2018 онд “А ж и”-тэй контрактын гэрээ байгуулахдаа гэрээгээ бүрэн уншиж танилцсан уу” гэж ,

- контрактын гэрээнд тусгайлан эд хөрөнгийн гэрээ, нууцын гэрээг багтаасан байдаг. Гэрээнд тусгайлан заасан байхад тантай дахиж дээр дурдсан гэрээг байгуулах шаардлагагүй ... энэ талаар мэдэж байгаа юу гэж,

- Контрактын гэрээний 7 дахь хэсэгт нууцлалтай холбоотой зохицуулалт байдаг, та энэ талаар мэдэж байгаа юу гэж,

- та контрактаар санхүүгийн гүйлгээ хийдэггүй гэдэг ... гэрээн дээрээ борлуулалтын төлөх дүнгээс суутгана гэсэн шийдвэрийг хэн гаргадаг вэ гэж,

- худалдааны хамтран ажиллах гэрээг “А ж и” ХХК-аас, 2020 оны 4 сард В д компанитай байгуулсан, өөр компанитай гэрээ байгуулсан уу гэж асууж, хариулт авсан бол

Улсын яллагч:

- хамтран ажиллах гэрээний хавсралтад 10 хувийн хөнгөлөлт олгоно гэж заасан байхад 12 хувь буюу 2 хувь илүү хөнгөлөлт үзүүлсэн шалтгаан юу вэ гэж,

- гэрээний хавсралтыг хэн баталсан бэ,

- та гэрээний хугацаа дуусахаас өмнө ажлаас гарсан, тэгвэл гэрээний гүйцэтгэлийг хэн хариуцаж гаргадаг вэ,

- гэрээний хавсралтаар буцаалт хийхгүй гэдэг зарчим баримталдаг байсан уу,

-Та 2018 онд витафитын ажилтантай мэйлээр харьцдаг байсан нь ямар учиртай вэ” гэж асуусан.

Даргалагч:

- улсын яллагчийг хохирлын задаргааны талаар тодорхой тайлбар хэлнэ үү гэхэд  “... Л.Н-тай компанид төлөх төлбөр нийтдээ 18,159,024 төгрөг. Энэ нь хамтран ажиллах гэрээтэй хамааралгүй мөнгөн дүн. Харин миний яллаад байгаа 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сар хүртэлх хугацаанд ажиллахдаа урамшуулал юм уу зээл нэрийдлээр 15,000,000 төгрөг авсан байдаг. Үлдэгдэл 3,000,000 төгрөг нь 2018 оноос 2020 он хүртэл алтан жолоо компанид ажиллахдаа эд хөрөнгийн хохирол учруулсан мөнгөн дүнгийн төлөгдсөн үнийн дүнгийн үлдэгдэл 3,000,000 төгрөгийг шинжээчийн дүгнэлтээр нэмээд 18,000,000 төгрөг болсон ...” гэхэд,

- Таны яллах дүгнэлтэд 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сар хүртэлх үйл баримт байгаа, гэтэл та 2018 оны үйл баримт яриад байна энэ талаар яллах дүгнэлтэд байгаа юу гэхэд улсын яллагч “нийт хохирол дотор орсон учир задаргаагаар мэдэж байгаа гэж ойлгож байна” гэсэн  нь тусгагджээ.

Энэ тохиолдолд, шүүх хуралдаан даргалагч хэн нэгэнд хориглосон шаардлага тавиагүй нь тогтоогдоно.

Хөтөлсөн асуулт гэдэг нь тайлбар өгөх хүнд хариултыг нь хэлж өгсөн агуулгатай асуулт байдаг бол өөрийн хүссэн хариултыг заавал хэлүүлэх гэж шахаж шаардсан асуулт асуухыг тулгаж асуух гэж хэлдэг, гадагш явахдаа компаниас нөхрийнхөө зардлыг гаргуулсан эсэхийг асууж, шүүгдэгчийг хариулсны дараа “Тэрнээс гадна өөр байгаа л даа. Би мэдээд байна л даа, өөр” гэж хэлсэн нь дээрх агуулгатай нийцэхгүй байна.

Иймд, шүүх хуралдааны дэг зөрчих гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт тусгасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу явагдаж байгаа шүүх хуралдаанд хуульд заасан журам, ёс зүй, зохистой харьцааг үл хүндэтгэн, шүүхийн үйл ажиллагаанд саад учруулах, дэг журам алдагдуулахыг хэлнэ.

Тухайлбал, хуралдаан болж байхад утсаар ярих, бусад оролцогч тайлбар хэлэхэд зэрэгцэн ярих, чанга дуугаар ярих, орилж хашхирах, шүүгч, өмгөөлөгч, прокурор, гэрч зэрэг хэргийн оролцогчийг үгээр доромжлох, үл хүндэтгэх, дуу-дүрсний бичлэг зөвшөөрөлгүй хийх, хуулиар хориглосон үйлдэл хийн шүүх хуралдаанд саад учруулах, шүүгчийн тавьсан шаардлагыг үл ойшоох, бүдүүлэг үг хэрэглэх зэрэг хуульд зааснаас бусад үг, үйлдэл болно.

Шүүх хуралдаанд эмх замбараагүй байдал үүсгэсэн, бусдыг доромжилсон, зохисгүй авирласан, шүүгдэгчийг загнасан, шүүх хуралдааны үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг 2018 оны үйл баримт, гэрээний талаар асуулт асуухыг хориглож, шүүх хуралдааны дэг зөрчлөө гэх үндэслэлээр танхимаас гаргасан атлаа өмгөөлөгч, улсын яллагч 2018 оны үйл баримт, яллах дүгнэлтэд тусгагдсан тооцоо, түүнчлэн гэрээний талаар дурдах, асуулт асууж хэлэлцүүлэг явагдсан байгаа нь ялгаварлан гадуурхсан, тэгш бус байдлыг үүсгэсэн гэж үзэхээр байна.

Бангалорын зарчмын тайлбарт “... Шударга, тэгш хандах нь урт хугацааны турш шүүхийн чухал шинж чанар гэж тооцогдсоор ирсэн ... шүүгч нь шүүхийн байранд шударгаар шүүх ая тухтай орчныг бүрдүүлнэ. Шүүхийн байранд хүмүүст тэгш бусаар, ялгаатай харьцах буюу тийнхүү ойлгогдох харьцааг хүлээн зөвшөөрч болохгүй” гэж тусгасныг шүүгчийн ажил, албан үүргээ хэрэгжүүлэхдээ анхаарч, хангаж ажиллах ёстой байдаг.

Иймд холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан зөрчлийг гаргажээ.

Холбогдох шүүгч Л.Э-ыг ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуралдааны дэг зөрчөөд байгаа учраас 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож  шийдвэрлэсэн.

Л.Э-ын гомдлоор зөрчлийн хэргийг хянасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар магадлалд, “... анхан шатны шүүх ... зөрчлийн хэргийг шийдвэрлэхдээ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллыг зөрчиж, хуулиар өөрт олгогдоогүй эрх эдэлсэн байна. ... Эрүүгийн хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг цагдаагийн байгууллага гүйцэтгэхээр хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, анхан шатны шүүх Л.Э-д холбогдох зөрчлийн нотлох баримтуудыг өөрийн санаачилгаар цуглуулсны гадна, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлд заасан зөрчилд холбогдогчийн эрх, үүргийг тайлбарлан, танилцуулсан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Дээрх байдлаар зөрчил шалгах, шийдвэрлэх ажиллагааг шүүх хамтад нь явуулсан нь аливаа хэргийг шийдвэрлэхдээ хөндлөнгийн байр сууринаас хандах, хуульд захирагдах зэрэг шүүхийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт ... заасан иргэний эрхийг хязгаарласан зөрчил болно ...” гэж дүгнэн, шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байгаагаар сахилгын зөрчил гаргасан гэж үзэх, энэ нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх заалтад хамаарахуйц байна.

Харин, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны танхимд байгаа шүүгдэгчээс бусад хүн дэг зөрчвөл  шүүгчийн шийдвэрээр түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулахаар заасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн агуулга нь хоорондоо зөрчилтэй байгааг харуулна.

Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолын “... “илт тодорхой” гэдэг нь тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно. Харин хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд өөр бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээр хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй ...” гэж тайлбарласан байх тул хуулийн зохицуулалтын хоёрдмол байдал, хэрэглэж байгаа хууль нь маргаантай байх тул шүүгчийг илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Тиймээс ч энэхүү хууль хэрэглээний тодорхой бус байдалтай холбоотой давж заалдах шатны шүүх хуралдаанд бүрэлдэхүүний шүүгч тусгай санал гаргасан, уг санал сахилгын хэрэгт авагдсан болно.

2. Өргөдөлд, “...Б.Булгантамир шүүгч нь тухайн хэргийн шүүгдэгч Л.Н-т хандан цагаатгаж байгаа тухай мөн, өөрт хохирол төлбөр учирсан гэж үзвэл тухайн хэргийн хохирогч болох компаниас нэхэмжлэх боломжтой тухай удаа дараа хэлж, шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид давуу байдал олгож байгаа нь илэрхий байсан ...” гэжээ.

Шүүгч зөвлөж орж ирээд, шүүхээс дараах шийдвэр гарлаа, шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж танилцуулъя гээд ...тогтоох хэсгээ уншиж танилцуулсан.

Дараа нь, за сууцгаа, шүүх шийдвэрийн үндэслэлээ тодорхой танилцуулъя гээд “...Энэ цагаатгах тогтоол гарсантай холбогдуулан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон тохиолдолд шүүгдэгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирол арилгуулах нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж байна. Нэхэмжилж байгаа, хохиролд тооцож байгаа 91 сая төгрөгийг хэлэлцэхгүй орхилоо. Шүүх үүнд үнэлэлт, дүгнэлт өгсөнгүй, иргэний эрх зүйн харилцааны асуудал байгаа учраас хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэж байна ...” гэж үндэслэлээ дэлгэрэнгүй танилцуулахдаа дурдсан байна.

Шүүгч тогтоолын тогтоох хэсгийг уншин танилцуулсан, үүний дараа түүнийг тайлбарласан нь өргөдөл гаргагчид “удаа дараа” буюу дахин давтан хэлж байгаа мэт санагдсан байж болох боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “шүүх хуралдаан даргалагч ... шүүхийн шийдвэрийг уншин сонсгоно”, 2 дахь хэсгийн “шүүх хуралдаан даргалагч ... тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж заасанд нийцсэн ажиллагааг явуулсан нь шүүгдэгчид давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй байна.

Дүгнэвэл, иргэн Л.Э-ын өргөдлөөр шүүгч Б.Булгантамирт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, харин хэргийн оролцогчийн асуулт асуух эрхийг хязгаарласан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалтад “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасныг зөрчсөн гэж үзэж нотлох дүгнэлт үйлдэв” гэжээ.

Шүүгч Б.Булгантамир Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... ... дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт Л.Н-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2102001831210 дугаар хэргийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, мөн оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хэргийг шийдвэрлэж, шүүгдэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааныг тухайн хэрэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж, хэргийг бүх талаас нь бүрэн шинжлэн судалж, бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан арга хэмжээг авна”, 2 дахь хэсэг “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана”, 3 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч нь шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулах нөхцөлийг бүрдүүлнэ” гэж тус тус хуульчилсан бөгөөд шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээ, түүний дотор шүүх хуралдааныг дэгийг сахиулах үүргийг зохицуулсан ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүгдэгчид хөтөлсөн, тулгасан асуулт тавьж талуудын мэтгэлцээнд оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдлийг таслан зогсоожээ.

Тодруулбал, шүүх хуралдааны тэмдэглэлээс “... ... үзэсгэлэнгээс олж авсан “А ж и” ХХК-ын яармаг худалдааны мэдээллийг яагаад дамжуулсан бэ ... улсын яллагч: шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавья, энэ талаар яллах дүгнэлтэд дурдаагүй учир энэ асуултыг эсэргүүцэж ... даргалагчаас прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа ... та үүнийгээ баяр ёслолын үеэр л авсан гэж тайлбарлаад байгаа юм уу ... байгаа шүү дээ ... би хохирлоо асуухгүй юм бол өөр юу асуух юм бэ ... шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц шүүгчээ энэ асуултыг эсэргүүцэж байна. Яллах дүгнэлтэд байхгүй асуудал байна ... түүнээс гадна өөр байгааг би мэдээд байна. Та худлаа яриад байна ... манай компаниас хулгай хийсэн хүн ял аваагүй энд байхад яагаад хохирсон тал зүгээр байж байгаад торгуулж байгаа юм. Энэ шударга ёс мөн үү. Би шүүх хуралдаан эхлэхэд танаас татгалзъя гэж хэлсэн. Угаасаа ашиг сонирхол байна ... та бол ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч байна. Би таныг холбогдох газар тань мэдэгдэж гомдол гаргана ...” гэж авагдсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд шүүгдэгчээс хэрэгт хамааралгүй, түүнчлэн хөтөлж, тулгасан асуулт асуусан бөгөөд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нар хэд хэдэн удаа эсэргүүцсэнийг шүүх бүрэлдэхүүн тухай бүрд нь хүлээн авч, шүүгчийн тодруулах эрхийн хүрээнд буюу маргааны гол асуудал руу чиглүүлэх, прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээ, яллах дүгнэлтэд тусгагдаагүй асуудлыг хөндөхгүй, цаашлаад шүүгдэгчээс тулгасан асуулт асуухыг хориглож, эхний удаа сануулсан боловч үүнийг хүлээж аваагүй учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Зөрчлийн тухай хуулийн 15.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг 100,000 төгрөгөөр торгож, шүүх хуралдааны танхимыг чөлөөлөхийг шаардсан байх тул хууль зөрчөөгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20 дахь хэсэгт “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэж хуульчилсан.

Тухайлбал, дээрх хуулийн зохицуулалт нь шүүх хуралдаан даргалагч хэргийн оролцогчид зүй бус авирлах, эсхүл шүүх хуралдаан даргалагч дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох харилцан үүрэг хүлээлгэсэн хориглосон зохицуулалт бөгөөд шүүгч миний бие шүүх хуралдаан даргалж, хуралдааны дэг сахиулах үүрэг хүлээсэн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчид яллах дүгнэлтэд дурдаагүй асуудлаар, түүнчлэн асуултыг хөтөлсөн, тулгасан “...худлаа ярь...” гэснийг хэргийн оролцогч нар буюу улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч зэрэг эсэргүүцсэнийг хүлээн авсан нь хэн нэгэнд давуу байдал олгоогүй, шүүх хуралдаанд талуудын эрхийг тэгш хангахад анхаарсан.

Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө шүүгдэгчийг цагаатгах болон хохирол нэхэмжилж болох талаар хэлээгүй, тийм зүйл огт дурдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч танхимд байхгүй байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Л.Э нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамирт холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “...хэрэгт хамааралгүй асуулт тавиагүй, шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаанд аливаа байдлаар саад учруулаагүй,  аливаа байдлаар зүй бус авирласан, зохисгүй байдал гаргасан зүйл огт байхгүй байтал шүүх хуралдааны танхимаас цагдаагийн албан хаагчийн тусламжтайгаар  албадан хөөн гаргаж, 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан, шүүгдэгч Л.Н-т хандан цагаатгаж байгаа тухай, өөрт хохирол төлбөр учирсан гэж үзвэл тухайн хэргийн хохирогч болох компаниас нэхэмжлэх боломжтой тухай удаа дараа хэлж, шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид давуу байдал олгож байгаа нь илэрхий байсан” гэжээ.    

Илтгэгч гишүүн дээрх өргөдөлд сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулаад шүүгч Б.Булгантамирыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан зөрчил гаргасанд буруутган 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ГНД/2025/0022 дугаартай нотлох дүгнэлт үйлдсэн байх ба сахилгын хорооны хуралдаанд тайлбарлахдаа “үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах” зөрчил гаргасан гэж тодруулсан.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн ... дүгээр цагаатгах тогтоолоор шүүгдэгч Л.Н-т холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр цагаатгасан байх ба тус өдрийн шүүх хуралдааны явцад шүүгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э-ын шүүх хуралдааны дэг зөрчсөн зөрчилд хуралдааны танхимаас гаргаж, ... дугаартай шийтгэврээр 100.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан үйл баримт тогтоогдоно.

Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана” гэж шүүх хуралдаан даргалагчийн эрх хэмжээг, 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг, 34.21 дүгээр зүйлийн 3-т “Улсын яллагч, өмгөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч шүүх хуралдааны дэг зөрчсөн, эсхүл шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй бол тэдэнд сануулга өгч, дахин зөрчил гаргавал Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна”, 4-т “Шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөрчил гаргавал шүүгчийн шийдвэрээр түүнийг шүүх хуралдааны танхимаас гаргаж, Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлд заасан шийтгэл оногдуулна” гэж хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдаагүй тохиолдолд шийтгэл оногдуулах үндэслэлийг, 35.8 дугаар зүйлийн 9-д “Талуудаас шүүгдэгч, гэрч, шинжээчээс нэг зүйл дахин давтан асуусан, эсхүл хэрэгт холбогдолгүй асуултад хариулахгүй байх тухай талуудын эсэргүүцэл үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдаан даргалагч асуултад хариулахыг зогсоож болно” гэж шүүхийн хэлэлцүүлэгт талуудын асуусан асуултыг зогсоох хуралдаан даргалагчийн эрхийг тус тус хуульчилжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн шүүгдэгч Л.Н-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдаанд:

Даргалагч: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч асуух асуулт байна уу?

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Контрактын гэрээний 3.1.5-д компанийн мэдээллийг гуравдагч этгээдийн ашиг сонирхлын үүднээс задруулахгүй гэсэн гэрээг та байгуулсан. Гэтэл Анунгоо үзэсгэлэнгээс олж авсан “А ж и”-ийн яармаг худалдааны мэдээллийг яагаад, ямар зорилгоор В компанид дамжуулсан бэ?

Улсын яллагч: Байж байгаарай, шүүх бүрэлдэхүүнд хүсэлт тавья. Германы Анунгоо үзэсгэлэнгийн талаар ярьж байна, үүнийг хэргийн нөхцөл байдал, яллах дүгнэлтэд огт дурдаагүй. Тэгэхээр энэ асуултыг хүчингүй болгож өгнө үү.

Даргалагч: 5-6 үйлдлээр яллаж байна гээд байна, тэгэхээр яллаж байгаа үйл баримттай холбоотой асуух эрхтэй, прокурорын эсэргүүцлийг хүлээн авлаа.

...Хохирогчийн төлөөлөгч : Үүн дээр тодруулъя. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тасралтгүй үргэлжилж байгаа. Баяр ёслолоор бол ажилчид авах үе байдаг, гэхдээ тэр цөөн тоогоор, тодорхой хугацаанд авдаг. Таных 2018-2020 он хүртэл 2 жил үргэлжлээд байна, баяр ёслолоор авсан гэж тайлбарлаж байгаа юм уу гэхэд

Даргалагч: За байж байгаарай. Иргэний гэрээний маргаан огт яригдаагүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид сануулъя, эрүүгийн шүүх хуралдаан яллах дүгнэлтийн хүрээнд яригдах ёстой. Таны яриад байгаа 2018 оны үйл баримтыг яллах дүгнэлтэд дурдаагүй. 2020 оны 04 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сард нийт 91 сая төгрөгийг завшсан үйлдэлд яллах дүгнэлт үйлдэгдсэн. 2018 оны асуултыг асуухгүй, би энэ асуултыг хориглож байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Байгаа шүү дээ 18,1 сая төгрөгийн хохирол нь орчихсон байгаа

Даргалагч: Байхгүй байна, сая яллах дүгнэлтийг уншиж сонсгосон.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Даргалагчтай зэрэгцэн 18,1 сая гээд орсон байгаа, би тэрийг л асуугаад байгаа ш дээ.

Даргалагч: Би улсын яллагчаас тодруулж байна. Улсын яллагч 2018 оны хохирол байгаа юм уу гэхэд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Дахин даргалагчтай зэрэгцэн хувьдаа завшсан 18,1 сая гээд орсон байгаа ш дээ.

Даргалагч: Э-аа би танд сануулж байна танд за, зөвхөн чиглэж асууна, яллах дүгнэлтийн хүрээнд явагдана. Улсын яллагч 2018 оны хохирол байгаа юм уу

Улсын яллагч: 2018 оны хохирол байхгүй. Хамтран ажиллах худалдааны гэрээтэй холбоотой үнийн дүнгүүд орсон байна.

Даргалагч: Нэг санууллаа шүү гээд алх цохив. Асуултаа үргэлжлүүлье, таныг хязгаарлаад байгаа юм биш. Шүүх хуралдааныг шүүгч чиглүүлэх ёстой болчхоод байгаа юм. Тэр үүргийг надад хуулиар өгчхөөд байгаа юм.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Хохирлоо асуухгүй бол би өөр юу асуух вэ

...Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Манай компанийн зардлаар үзэсгэлэн яармагт явахдаа нөхрийнхөө зардлыг компаниар гаргуулж явсан байна, үүнийг тайлбарлана уу?

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ц: Шүүгч ээ, эсэргүүцэж байна. яллах дүгнэлт дээр байхгүй ш дээ.

Даргалагч: Хариулж болно, хариулахгүй байж болно. Шүүгдэгч хариулах эсэх нь өөрийнх нь асуудал

Шүүгдэгч: Асуултад хариулав.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: Тэрнээс гадна өөр байгаа л даа. Би мэдээд байна л даа, өөр гэхэд

Даргалагч: За, хориглож байна гээд алх цохин, Энхжаргал аа, тулгасан, хөтөлсөн асуулт асуухыг гэхэд даргалагчийн яриаг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч таслан, худлаа яриад байна ш дээ. 18.1 сая төгрөгийн хохиролд орчихсон, 91 сая дотор байгаа ш дээ, тэр 2 сая төгрөг,

Даргалагч: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчээс тулгасан болон хөтөлсөн асуулт асуухыг хориглоно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Хохирогчийн эрх гэж бас байх байлгүй дээ энэ чинь одоо,

Даргалагч: Өмгөөлөгч сууж бай гээд нарийн бичгийн даргыг Зөрчлийн тухай хууль аваад ир гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга танхимаас гаран, буцаж орж ирэв. Л.Э босож байгаарай та гээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, мөн Зөрчлийн тухай хуулийн 15.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуралдааны дэг зөрчөөд байгаа учраас 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож байна, энэ шийдвэрт гомдол гаргаж болно гэхэд

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Э: Зөвшөөрөхгүй байна, гомдол гаргана гэж хэлээд танхимыг орхисон үйл явдал болсон нь хуралдааны дуу, дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.31-д “хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, боловсрол, хөгжлийн бэрхшээл зэргээр нь ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэх” гэж заасан бөгөөд шүүгч хэргийн оролцогчдыг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах гэдгийг тухайн шүүгч хэрэг хянан шийдвэрлэх явцдаа талуудын улс төрийн, нийгмийн, шашны, хувь хүний үзэл баримтлал, итгэл үнэмшилд нь үндэслэн тэднийг бусдаас илүү муугаар үзэх, үл ойшоох, үл итгэх байдлаар хуульд заасан эрхийг нь эдлүүлэхгүй хязгаарлахыг ойлгоно.

Харин шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын асуултыг улсын яллагч болон өмгөөлөгчийн эсэргүүцлээр зогсоосон, яллах дүгнэлтийн хэмжээнд асуулт асуухыг шаардсан шүүгчийн үйл ажиллагааг дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн гэж үзэх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг танхимаас гарснаас хойш түүний өмгөөлөгч болон улсын яллагчаас 2018 оны үйл баримттай холбоотой ярьсан бүхнийг хориглоогүй гэдгээр шүүгчийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах зөрчил гаргасанд тооцох боломжгүй билээ.

Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 5-д “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана” гэж заасан ба хэргийн оролцогчид шүүх хуралдааны дэг зөрчсөн, шүүх хуралдаан даргалагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй зөрчилд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэсэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ний өдрийн ... дугаартай шийтгэврийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо дүгнэлт өгөх эрхгүй болно.

Гэтэл илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “шүүх хуралдааны дэг зөрчөөгүй, хөтөлсөн болон тулгасан асуулт асуугаагүй” гэх агуулгаар шүүхээс гаргасан шийтгэврийн хууль зүйн үндэслэл, зөрчлийн үйл баримтад дүгнэлт хийсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1-д “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, 2-т “Ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гэж заасанд нийцээгүй гэж үзнэ.

Хэдийгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар магадлалаар шийтгэврийг хүчингүй болгож шийдвэрлэсэн ч шүүх хуралдааны дэг зөрчсөн эсэхийг тогтоогоогүй, гагцхүү Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан харьяаллыг зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон байх тул дээрх магадлал нь шүүгч зөрчил гаргасныг нотлох нотолгоо болж чадахгүй.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасныг Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолоор тайлбарлахдаа “илт тодорхой заалт” гэдгийг “тухайн хуулийн заалт нь хоёрдмол утгагүй, нэг утга санааг эргэлзээгүй илэрхийлсэн, маргаангүй, хуулийн тодорхой бус ойлголтыг агуулаагүй, хуульчийн тусгай мэдлэг, хууль тайлбарлах арга, ур чадвар шаардахгүй, энгийн ухамсрын түвшинд шууд ойлгогдохуйц хуулийн зохицуулалт гэж ойлгоно”, “ноцтой зөрчих” гэдгийг “процессын хуулийн хувьд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт (зүй бус) ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласанд үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчлийн тухай хуулийн агуулга нь хоорондоо зөрчилтэй байгаа талаар зөв дүгнэсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.21 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг хуулийн илт тодорхой заалт гэж үзэхээргүй байна.

Мөн Бангалорын зарчмын тайлбар дурдан “...шүүгч нь шүүхийн байранд шударгаар шүүх ая тухтай орчныг бүрдүүлнэ. Шүүхийн байранд хүмүүст тэгш бусаар, ялгаатай харьцах буюу тийнхүү ойлгогдох харьцааг хүлээн зөвшөөрч болохгүй” талаарх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй бөгөөд нэр бүхий шүүгч хуульд нэрлэн заасан сахилгын зөрчлийг гаргаагүй ч Бангалорын зарчмын 6.6. “Шүүгч нь шүүх дэх бүхий л шүүх хуралдааныг зохистой, хэв журамд нийцүүлэн явуулах бөгөөд хэргийн оролцогч талууд, шүүхийн иргэдийн төлөөлөгч, гэрч, хуульч болон шүүгчийн албан үүргийн дагуу харьцаж буй бусад хүнтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй, эелдэг, анхааралтай харьцана. Мөн шүүгч нь түүний хамаарал, чиг үүрэг, хяналтад байдаг бусад хүнийг ийм байдлаар бусадтай харьцаж байхыг шаардана” гэж заасныг шүүн таслах үйл ажиллагаандаа чанд хэрэгжүүлж, шүүх хуралдаанд оролцогчдод өмнө нь сануулсан гэх үндэслэлээр шууд шийтгэл оногдуулахаас илүү хууль зүйн ойлголтыг тайлбарлан ухамсарлуулахыг хичээх нь шүүгчийн ёс зүйн зарчимд нийцэхийг анхаарах нь зүйтэй.

Шүүх хуралдааны дэг болон хэв журмыг сахиулах нь шүүгчийн үүрэг бөгөөд “дэг”, “хэв журам”-ын талаар нэгдмэл стандарт тогтоох боломжгүй боловч шүүхийн танхим дахь тухайн цаг хугацаанд нийцүүлж зөв тогтоох нь шүүхийн үйл ажиллагаа хэвийн, шударга явагдах нөхцөл бүрддэг, хуульч, хэргийн оролцогчид, олон нийтэд шүүхийн үйл ажиллагаа тасралтгүй, шударга явагдана гэх итгэл үнэмшил төрүүлдэг билээ. 

Хоёр. Өргөдөлд “...Шүүгч нь тухайн хэргийн шүүгдэгч Л.Н-т хандан цагаатгаж байгаа тухай, өөрт хохирол төлбөр учирсан гэж үзвэл тухайн хэргийн хохирогч болох компаниас нэхэмжлэх боломжтой тухай удаа дараа хэлж, шүүх хуралдааны үеэр шүүгдэгчид давуу байдал олгож байгаа нь илэрхий байсан” гэж дурдсан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 2-т “Шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгох ба шаардлагатай бусад асуудлыг тайлбарлаж дууссаны дараа шүүх хуралдааныг хаана” гэж зааснаар цагаатгах тогтоолыг уншиж сонсгосны дараа үндэслэлийг тайлбарласан шүүгчийн үйл ажиллагааг сахилгын зөрчилд тооцохгүй, энэ талаар хийсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд нотлох дүгнэлтийг хүчингүй болгож, нэр бүхий шүүгчид холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.1, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ГНД/2025/0022 дугаартай “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтийг хүчингүй болгож Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамирт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ                                     О.НОМУУЛИН

                             ГИШҮҮН                                           Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                           Д.ЭРДЭНЭЧУЛУУН