info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2023-06-28

Дугаар 94

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр, ...шүүхийн шүүгч Б.М , өргөдөл гаргагч Д.Р нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

...шүүхийн шүүгч Б.М т холбогдох Сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0077 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “Иргэн Д.Р-ны ...шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан гаргасан өргөдлийг гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ий өдрийн ГЗҮ/2023/0039 дугаартай захирамжаар Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэснийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасан. Тус гомдлыг гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн СХТ/2023/0057 дугаар тогтоолоор “холбогдох шүүгчээс тайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийх зэрэг шалгах ажиллагаа явуулсны эцэст шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн илтгэгч гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ий өдрийн ГЗҮ/2023/0039 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгч Б.М-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэжээ. Иймд тогтоолд дурдсаны дагуу холбогдох шүүгчээс тайлбар авч, нотлох баримтыг гаргуулж, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийх зэрэг шалгах ажиллагааг явуулав.  1.Иргэн Б.Р-с “...Б.М шүүгч нь шүүгчээс татгалзал байгаа эсэхийг асуухад би шүүгчид “Одоохондоо татгалзал алга гэж хариулсан. Б.М шүүгч нь “Одоохондоо алга гэж үг байхгүй, одоо байхгүй бол хэзээ татгалзал гарч ирэх юм" гэхэд нь би “Хуульд шүүх хурлын явцад шүүгчээс татгалзах эрх надад байгаа” гэхэд Б.М шүүгч “Та ямар хуулийг үндэслэж татгалзах гэж байгаа” гэхэд би шүүгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйл 92.1-ийг уншиж өгсөн. Тэгтэл Б.М шүүгч “Наадах чинь таных биш, миний эрх” гэхэд би шүүгчээс айж сандарсандаа “Надад танаас шүүх хурлын явцад татгалзах эрх байгаа, хуульд шүүх хурлын явцад татгалзаж болно гэж байна шүү дээ” гэхэд Б.М шүүгч “Танд илэрхий татгалзал байна уу” гэхэд нь би “Харин одоохондоо алга гэж” хариулсан. ...энгийн иргэн намайг хуулиа хольж хутган, будилж ярьж байгааг мэдсээр байж, уг нь ийнхүү будилж байгаа намайг зөв тал руу нь чиглүүлэх үүргээ биелүүлэхийн оронд, шүүх хурлыг удирдаж байгаа шүүгч Б.М нь харин энэ үйлдэл дээр маань “Эсрэг талд ашигтайгаар шийдчихье” гэсэн байр сууриар хандаж байгаа нь илэрхий ойлгомжтой харагдаж байсан...” гэх агуулга бүхий өргөдлийг гаргажээ. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө”, 103.2 дахь хэсэгт “Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хуралдаан хэлэлцэж эхлэхээс өмнө зохигч нараас шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асуух бөгөөд шүүгчийг татгалзан гаргах татгалзал байгаа бол зохигч татгалзлаа тайлбарлан шүүгч хуульд заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан байна. Холбогдох шүүгч Б.М “Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно”  гэх тайлбарыг гаргажээ. Дээрхээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь тус шүүх хуралдаанд шүүгчийг татгалзан гарах тухай хүсэлт гаргаагүй байх ба хуралдааны дэгийн дагуу шүүгч зохигчдоос шүүгчийн татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулж, татгалзах үе шатанд татгалзан гаргах хүсэлт гаргаж болох талаар тайлбарласан байна. Иймд шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж тодруулан, тайлбарласныг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 2. Мөн өргөдөл гаргагчаас “...шүүгч нь хэргийг үнэн зөв шийдэж, шударга ёсыг зөв тогтоох гэхээсээ илүү, хэт нэг талыг барьж, хэрэг шийдэгдэлгүй 5-н жил болсон хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас болж байгаа мэтээр гүтгэн дайрч давшилж, жирийн иргэн намайг айлгах замаар нөгөө талд үйлчлэх гэсэн үйлдэл гаргасныг хууль мэддэг хуульч байтугай, хууль мэдэхгүй надад хүртэл төвөггүй ойлгогдохоор байсан” гэжээ. ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны шүүх хуралдааны бичлэгт дээрх өргөдөл гаргагчийн дурдсан үйл баримт нь бичигдсэн байх бөгөөд шүүх хуралдааны бичлэгт “01:51-02:44 Даргалагч шүүгчээс: ...Хоёрдугаарт энэ хэрэг маань 2018 онд үүсээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Тийм учраас энэ хэргийг ... шүүх шийднэ. Татгалзах ойлголт байгаа. Одоо нэгэнт хэргийг шилжүүлэх талаар ярих нь үндэслэлтэй биш байна. 5 жилийн дараа шилжүүлж өгөөч гэх асуудлыг сөхөж байна. Анх нэхэмжлэлээ гардаж авахдаа хариуцагч ... дүүрэгт амьдарч байсан юм байна. Тухайн хүний хаяг С, Б дүүрэг гээд шилжиж болно. Тэр хүнийг дагаад хэрэг шилжээд байж болохгүй гээд, 04:54-04:57 Даргалагч шүүгч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа талийж өгч байна шүү дээ гэхэд 04:58-05:19 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Энэ нь бид нарын буруу биш. Надаас болоод талийгаад байгаа юм уу гэхээр үгүй. ... шүүх хоёр удаа буруу шийдээд. Хоёр удаа магадлал, хяналтын шатны шүүхээс буцсан шүү дээ гэв” гэж бичигджээ. Энэхүү яриа нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авч авах болсонтой холбогдуулан шүүх хуралдааныг хэзээ товлох, хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан хэлсэн нь бичлэгт авагдсан байна. Дээрх шүүх хуралдааны бичлэгээс үзвэл шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү дайрч давшилсан, айлган сүрдүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. 3.Түүнчлэн өргөдөл гаргагч “...шүүгч нь шууд над руу давшилж, “Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө, та өмгөөлөгчөө аваад, хэрэгтэйгээ танилцуулаад дараагийн шүүх хуралдаан эхлэхэд, шүүх хуралдааныг хийхэд бэлэн байлгана шүү” гэж тулгасан. Эргээд бодоход шүүгчийн энэ үйлдэл нь миний болон хэргийн хариуцагч Ж.Д-н өөрийгөө өмгөөлүүлэх эрхэд ноцтой халдсан, хууль бус үйлдэл байсан” гэжээ. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч Б.М нь хариуцагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, дараагийн шүүх хуралдааныг товлон зарлажээ. Шүүгч дараагийн шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулах нөхцөл боломжийг хангахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан хэлж байгааг өмгөөлүүлэх эрхэнд халдсан, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэх боломжгүй. 4. “...шүүгч нь шүүх хуралдаанаа товлохдоо “2023 оны 01 дүгээр сарын 27 өдөр болговол яаж байна” гэж маш эелдгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан асуухад, нөгөө төлөөлөгч нь “Би энэ өдөр гадагшаа ажилтай явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож, шүүгчид хандан “Шүүгчээ, нэхэмжлэгч хуулийн этгээд тул үйл ажиллагаа нь тасралтгүй явдаг. Ийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө хэнийг ч томилон оролцуулах боломжтой шүү дээ" гэхэд, түрүүн намайг өмгөөлөгчөө хурдан авахыг тулган шаардаж өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг минь зөрчин дайрч, тулгаж байсан Б.М шүүгч нь жигтэйхэн хүний эрхийн мэдрэмжтэй болж ирээд л надад хандан “Хэдий хуулийн этгээд ч гэсэн хэнийгээ томилох нь тухайн байгууллагын эрх шүү” хэмээн намайг ятган, надад уянгалан тайлбарлаж ойлгуулсан” гэх өргөдлийг гаргасан. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу шүүгчээс зохигч нарын маргаж буй асуудал дээр тайлбар хэлсэн байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй. 5. Түүнчлэн өргөдөл гаргагчаас “хариуцагч тал болох иргэн Ж.Д нь Баянзүрх дүүрэг биш, харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж, амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ...Гэтэл Б.М шүүгч нь дээрх хуулийг уландаа гишгэж, надад “Наад хууль чинь хамаа байхгүй. Манай шүүх л энэ хэргийг шийднэ. ...түүнчлэн дээрх хэрэг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь бас л Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тул энэ тохиолдолд “Шүүхийн онцгой харьяалал”-ийн дагуу уг хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж болох билээ. ...хариуцагч Ж.Д 2018 онд буюу одоогоос бүхэл бүтэн 5-н жилийн өмнө Баянзүрх дүүргийн *-р хороо *-р хороолол *-р байр * тоотод албан ёсны хаягтай байсан нь үнэн боловч өнөөдөр тэрээр Хан-Уул дүүрэгт албан ёсоор шилжин ирж амьдраад, 1 жил орчим хугацаа өнгөрчхөөд байгаа билээ. Харин шүүгч Б.М нь “2018 онд хариуцагч Ж.Д нь Баянзүрх дүүргийн *-р хороо *-р хороолол *-р байр * тоотод албан ёсны хаягтай гэж өөрийн оршин суух хаягийг бичиж өгсөн тул өнөөдөр энэ хэргийн харьяаллыг өөрчилж огт болохгүй, хуульд ч дахин харьяаллыг өөрчлөх заалт байхгүй” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р над руу улайран дайрч байна.” гэжээ. ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хаягаа өөрчилсөн нь тухайн шүүхийн харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд гагцхүү шүүхийн харьяаллыг өөрчлөхөөр бол зохигчид хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр сольж болохоор хуульд заажээ. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.1-т “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл”, 20.1.2-т “нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл”, 20.1.3-т “энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол” гэж заасан. Тухайн маргаан бүхий хэрэгт дээрх хуульд заасан нөхцөл байдал бий болоогүй тул шүүгч хэргийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Иймд шүүхийн харьяаллыг өөрчлөөгүй гэх үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй. 6. Өргөдөл гаргагч “ ...Мөн “шүүгчийн захирамж”-ийн “үндэслэх” хэсэгт буюу захирамжийн 3 дугаар хуудасны “2” гэж дугаарласан хэсэгт тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” заасан. Гэвч тухайн зохицуулалт нь гэрээ, хэлэлцээрийн үүргийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй...” гэж бичжээ. Шүүгч Б.М-н гаргасан энэ дүгнэлтээс харахад, энэхүү шүүгч нь дээрх хэргийн талаар ямар шийдвэр гаргахаа урьдчилаад, энэ дүгнэлтээрээ хэлчихсэн байх. ...шүүгч Б.М нь өөрийн даргалсан шүүх хурал дээр, өөрийн зүгээс энэхүү хэрэг маргааны талаар баримталж байгаа үзэл бодол, итгэл үнэмшил, санаа зорилгоо илэн далангүй илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хандан “Нэхэмжлэгч тал чинь танай тал буюу хариуцагч Ж.Д-тай гэрээ байгуулсныг тогтоолгох хүсэлтийг хэлэлцэнэ” гэсэн. Шүүгчийн энэ үгийг сонсоод би гүн шоконд орж “Та юу яриад байгаа бэ? иргэн Ж.Д нь “К” ХХК-тай ямар ч гэрээ хийгээгүй шүү дээ" гэж хэлсэн. Гэтэл шүүгч Б.М нь надад “Танай тал ингэж л хэлнэ л дээ” хэмээн мэргэжлийн хуульч биш, жирийн иргэн над руу илт дайрч давшилсан байдлаар хэлж, намайг дарамталсан билээ” гэх өргөдлийг гаргасан. ... шүүх хуралдааны бичлэгийн үйл явцаас үзвэл шүүгч тухайн хэргийг нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь гэрээ хэлэлцээртэй холбоотой гэж тодорхойлсон байгаа учир тухайн хэргийг онцгой харьяаллын маргаан гэж үзэхгүй гэдэг байдлаар тайлбарласан байгааг шүүгч шүүхийн шийдвэрийн талаар урьдчилсан дүгнэлтээ илэрхийлсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан ...болохыг тогтоолгох” гэж тодорхойлсон байгаа нь гэрээтэй холбоотой маргааны төрөлд оруулан шүүхээс анх хүлээн авсан. Мөн шүүгч захирамждаа “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгө битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” гэж заасан. Гэвч тухайн зохицуулалт нь гэрээ, хэлэлцээрийн үүргийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “К” ХХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан өмчлөх эрхтэй холбоотой буюу үл хөдлөх эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй бөгөөд харин хариуцагчтай тодорхой төрлийн гэрээ, хэлэлцээр байгуулсан гэсэн үндэслэлээр тухайн нэхэмжлэлийг гаргасан байна” гэж дүгнэн хэргийг шилжүүлэх хүсэлтийг шийдвэрлэсэн нь тухайн хэрэг маргааныг хэрхэн шийдвэрлэх талаараа илэрхийлсэн гэх ойлголтод хамаарахгүй. Иймд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

7.Өргөдөл гаргагчаас “...Б.М шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд ... ерөнхий шүүгч Ц.Ц нь ёс төдий, хүсэлтийг хянасан дүр эсгэсэн, үндэслэж байгаа хуулийн заалт нь ойлгомжгүй буюу ерөнхий хэрэглэсэн. ...би ерөнхий шүүгчийн захирамж гарснаас хойш 21 хоногийн дараа өөрөө араас нь хөөцөлдөж, өөрийн хүсэлтийнхээ хариуг авсан.” гэжээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р-с 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.М-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг ... шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ЕШ2023/0... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу Ерөнхий шүүгч дангаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх бүрэн эрхийг хуулиар олгосны дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамжийг хэд хоногийн дотор гаргаж, гардуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зохицуулалт байхгүй, нөгөө талаар энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар зөрчих, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэнд хамаарахгүй тул тус шүүхийн Ерөнхий шүүгчид холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй гэж үзсэн болно. Мөн “дээрх хэрэг маргааныг өнөөдрийн байдлаар ... шүүхийн шүүгч нар болох Д.З , Б.Ц , Б.М нарын нэр бүхий хүмүүс нь нэг санаа зорилгоор, нэг хүсэл эрмэлзлээр, “Нэг хүн шиг дотоод итгэл үнэмшил"-тэйгээр, “Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэнэ” гэсэн тууштай байр суурийг баримтлан, удаа дараа шүүхийн шийдвэр гаргаж, мөн түүнчлэн гаргахаар улайран дайрч байна” гэж өргөдөлдөө дурдсан. Шүүгч Д.З , Б.Ц  нар өмнө нь “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж байсан бөгөөд тус шүүхийн шийдвэрүүд хүчингүй болж, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцан шүүгч Б.М хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явуулж байна. Иймд шүүхийн шийдвэрт үнэлэлт, дүгнэлт өгөх эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй тул дээрх нэр бүхий шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэх шаардлагагүй. Түүнчлэн өргөдөл гаргагч Д.Р өргөдөлдөө “Б.М шүүгчийн хууль зөрчсөн, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн талаар дараах гомдлыг гаргаж байгаа бөгөөд эрхэм хүндэт Монгол улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүд та бүхэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу түүнд хууль журамд заасан зохих хариуцлага, шийтгэлийг оноож өгнө үү” гэсэн тул шүүгч Б.М-т холбогдуулан шалгах ажиллагааг явуулсан болно. Иймд ... шүүхийн шүүгч  Б.М-г “шүүх хуралдааны явцад ялгамжтай хандсан, дайрч давшилсан, айлган сүрдүүлсэн, нэг талд үйлчилсэн, шүүхийн харьяаллыг хуульд заасан үндэслэлээр өөрчлөхгүй байгаа, шүүхийн шийдвэрийн талаар урьдчилсан дүгнэлт гаргасан, өмгөөлүүлэх эрхэнд халдсан” гэх өргөдөл нь үндэслэлгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.....” гэжээ.

Шүүгч Б.М ирүүлсэн тайлбартаа:  Миний бие “К" ХХК-ийн гаргасан хариуцагч Ж.Д-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ргийн Монгол Улсын Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг үүгээр хүргүүлж байна. 1.... шүүхийн шүүгч Б.М би, 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/Ш32023/01320 тоот захирамжаар хариуцагч Ж.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ргийн гаргасан хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн юм. Учир нь, энэ хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг мөн оны 06 дугаар сарын 19-ний өдөр гардуулахад тэрбээр өөрийн оршин суугаа хаягийг Баянзүрх дүүрэг, * хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоот гэж бичиж өгсөн байсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн гэсэн үндэслэл алга байна гэсэн. Тодруулбал, дээр дурдсан хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн харьяаллаар гаргах бөгөөд хэрэв хууль болон гэрээнд хариуцагчаар оролцвол зохих этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргахад талууд шүүхийн харьяаллыг өөрөөр тохирсон бол тухайн харьяа шүүхэд гаргана. Гэвч хариуцагч Ж.Д нь иргэний хэрэг үүсгэсэн болон нэхэмжлэлийн хувийг хүлээж авах тэрхүү цаг хугацаанд ... дүүрэгт амьдарч байсан болох нь нэхэмжлэлийг хувийг түүнд гардуулахад оршин суух хаягаа бичсэн болон иргэний үнэмлэх дэх оршин суугаа газрын бичилт зэргээр тус тус тогтоогдсон тул шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзээгүй болно. Түүнчлэн хариуцагч Ж.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хан-Уул дүүрэгт оршин суухаар өөрийн оршин суух хаягийг тийнхүү өөрчилсөн нь шүүхийн харьяаллыг зөрчсөн гэх агуулгад хамаарахгүй. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэн оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхийн хүрээнд хэргийн зохигч нар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хугацаанд оршин суух газраа хэдэн удаа ч өөрчлөх эрхтэй бөгөөд харин тэдгээрийн сүүлийн оршин суух газрын хаягийг дагаж хэргийг хянан хэлэлцэх шүүхийн харьяалал өөрчлөгдөхгүй гэдгийг захирамжид тодорхой тайлбарласан юм. 2.Нэхэмжлэгч “К" ХХК нь хариуцагч Ж.Д-д холбогдуулан талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон гэрээний үлдэгдэл төлбөр 129,* төгрөг болохыг тогтоолгож, Хан-Уул дүүрэг, * хороо, * тоот хаягт байрлах * м.кв талбайтай барилгын үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, 18640*** тоот нэгж талбарын дугаартай *** м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүссэн агуулгатай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа өөрөө тодруулах, ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээсээ татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй. Гэтэл хариуцагч Ж.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь нэхэмжлэлийн шаардлагыг үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай гэж ойлгож, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана" гэж заасныг зөрчсөн байна гэж маргасан. Тус шүүхэд нэхэмжлэгч "К" ХХК нь гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн шаардлагаа хэд, хэдэн удаа тодруулсан тайлбарт дурдсанаар хариуцагч Ж.Д-тай үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ амаар байгуулсан, гэрээний үнийн дүнг 250,000,000.00 төгрөг гэж тохиролцсон хэмээн тайлбарлаад хариуцагчаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардсан утгатай нэхэмжлэл гаргасан учир үүнийг шүүхийн онцгой харьяалалд хамруулах боломжгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл хариуцагч Ж.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь шүүгч Б.М намайг “зохигч нарын хооронд худалдах, худалдан авах гэрээг амаар болон бичгээр байгуулаагүй байхад тийм гэрээг байгуулсан гэж урьдаас үзэж, хэргийг Хан-Уул дүүргийн шүүхэд шилжүүлээгүй, хэргийн талаар урьдчилан дүгнэлт хийсэн" гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зүй нь, нэхэмжлэгч тал ийнхүү хариуцагчтай худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоолгох агуулгатай шаардлага гаргасан тул зохигч нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ амаар, аль эсхүл бичгээр байгуулагдсан эсэх нь тухайн хэргийн үйл баримтын маргаан мөн бөгөөд үүнийг талуудын гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын мэтгэлцээн зэргийг тус тус үндэслэн тогтоох нь шүүхийн үүрэг билээ. Тиймээс нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ дээр дурдсан агуулгаар тодорхойлсон тул гэрээ, хэлэлцээр байгуулагдсан эсэх, хэрэв байгуулагдсан бол гэрээний үүргийг нөгөө талаасаа шаардах эрхтэй талаарх энэхүү маргаанд шүүхийн онцгой харьяалал үйлчлэхгүй гэж үзсэн болно. Жич, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан тухайн зохицуулалтыг хэрхэн хэрэглэх талаар шинэчлэх ухааны тайлбар болон эрдэмтэн, багш нарын тайлбарт гэрээ, хэлэлцээр байгуулагдсан болон гэрээний үүргийн биелэлтийг шаардах эсэхтэй холбоотой хэрэг маргаанд хамааралгүй гэж тайлбарласан байгааг үүгээр нэмж дурдаж байна. 3.Шүүгч миний бие нэхэмжлэгч “К" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д-д холбогдох иргэний хэргийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр товлогдсон шүүх хуралдаан дээр шүүх хуралдааны оролцогч нарт нийтлэг дэг журмын талаар тайлбарлаад шүүгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзал бий эсэхийг тодруулахад нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын зүгээс татгалзалгүй гэсэн бол, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "одоохондоо байхгүй гэсэн” тул энэ талаар тодруулан асууж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91, 92 дугаар зүйлд заасан шүүгчээс татгалзах журмын талаар тайлбарлаж хэлсэн. Тодруулбал, тус хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлтийг шүүх хуралдааны оролцогч нар гаргах эрхтэй бөгөөд тийнхүү гаргасан тохиолдолд татгалзал үндэслэлтэй эсэхийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх ба харин шүүх хуралдааны аль ч үе шатанд татгалзах эрхтэй гэдэг нь шүүх хуралдааны тогтсон дэс, дарааллыг алдагдуулдаг учир хэрэв тухайн шүүгчийг татгалзах үндэслэл үнэхээр байгаа бол хүсэлтийг хэлэлцэж, шүүх хуралдааныг цааш нь үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай. Тиймээс хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нарын гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй нь шүүгчээс татгалзах үндэслэл болохгүй гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 91, 92 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарласан Монгол Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 5 тоот тогтоолд тодорхой тусгагдсан байгаа билээ. Хэдийгээр энэхүү тогтоол нь эдгээр зохигч нарын хэргийг хянан шийдвэрлэхээр товлогдсон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дараа гарсан боловч шүүхийн практикт уг асуудлыг М.А-ийн нэхэмжлэлтэй "М" ХХК-нд холбогдох иргэний хэргийг шийдвэрлэсэн Монгол Улсын Улсын Дээд Шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 001/ХТ2017/0... тоот тогтоолоор тодорхой болгосон байсан. Энэ талаар тус тогтоолд “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6-д зохицуулсныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үедээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно. Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх магадлал дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно” гэсэн байна. Иймд, шүүгч миний бие 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлт бий эсэхийг шүүх хуралдааны оролцогч нараас тодруулж асуухдаа Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй ба хуульд заасан нийтлэг журмын дагуу шүүх хуралдааныг зохих ёсоор даргалсан болно. 4.... шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/0... тоот шийдвэрээр нэхэмжлэгч К" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ж.Д-д холбогдох иргэний хэргийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 тоот магадлалаар хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасныг Монгол Улсын Дээд Шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 001/ХТ2021/00423 тоот тогтоолоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн байдаг. Үүний дараа тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/00... тоот шийдвэрээр үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж харин сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн *** тоот магадлалаар хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Үүнээс үзвэл хариуцагч Ж.Д болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нарт ... шүүхийн шүүгч нарыг дээр дурдсантай адил шийдлээр хэргийг шийдвэрлэх байх гэсэн эргэлзээ байгааг үгүйсгэхгүй, энэ ч утгаар эдгээр хүмүүс шүүгч надад эргэлзэж, тэдгээрийн гаргасан хүсэлтийг нь хүлээж аваагүйтэй холбоотой нэхэмжлэгч талтай ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэж хардаж байж болно. Гэвч шүүгч би, хэргийн болон шүүх хуралдааны оролцогч нартай зүй бус харьцаагүй, талуудын тэгш байдлын зарчмыг зөрчөөгүй, ялгаварлан гадуурхсан үйлдэл гаргаагүй бөгөөд нэг буюу нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулаагүй гэсэн үндэслэлээр хоёр ч удаа хүчингүй болсон буюу удаж байгаа уг хэргийг дахиад ийм үндэслэлээр удаахгүйгээр шийдвэрлэх зорилгоор нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруулж, зохигч нараас шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах хүсэлт бий эсэхийг асууж, тодорхой ойлголтын зөрүү гарсныг тайлбарласан маань шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэгт тодорхой тусгагдсан болно. 5.Тус хэргийг хянан хэлэлцэхээр товлогдсон 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан дээр хариуцагч Ж.Д-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р нь өмгөөлөгч Д.Д-н хамт ирсэн боловч тэрбээр тухайн өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авна гэсэн тул шүүгч миний бие Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар хариуцагчид хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангахаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Гэвч энэ хэрэгт шүүхээс 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгээд бараг 5-н жил болж байгаа хэрэг байсан тул хэргийн оролцогч нарын хэрэг маргаанаа шүүхээр түргэн шуурхай шийдвэрлүүлэх эрхийн хүрээнд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгчөө боломжит хугацаанд олоод дараагийн хурлаас өмнө хэргийн материалтай танилцуулаад шүүх хуралдаандаа бэлэн байхыг сануулж хэлсэн ба практик энэ мэт шалтгаанаар шүүх хуралдаан олон дахин хойшлогддог тул урьдчилсан ийм нөхцөл байдал үүсгэхгүй байхыг сануулж тайлбарласан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгч намайг хууль зүйн туслалцаа авахыг эрхийг нь хааж боосон, боломжит хугацаа олгоогүй, 18 хоногийн хугацааны дотор өмгөөлөгчөө ол гэх зэргээр тулгаж шаардсан гэж гомдол гаргасан байна. Чухамдаа би, тус шүүх хуралдааныг түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах зорилгоор хойшлуулсан бөгөөд дараагийн шүүх хуралдааны товыг товлохдоо шүүх хуралдааны оролцогч нараас хурал товлож болох өдрийн талаар тодруулсан бөгөөд хариуцагчид хууль зүйн туслалцаа үзүүлэх өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахад шаардлагатай боломжит хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Тиймээс шүүгч би, хариуцагчийн хууль зүйн туслалцаа авах эрхийг хяхан боогдуулаагүй бөгөөд хэрэг маргаан нь нэгэнт удсан байсан тул дахин удаахгүйгээр шийдвэрлэхгүй бол болохгүй юм байна гэсэн бодлоор хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгчөө боломжит хугацаанд олоод дараагийн хурлаас өмнө хэргийн материалтай танилцуулаад шүүх хуралдаандаа бэлэн байхыг сануулж хэлсэн. Би шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хүндэтгэлгүй хандсан, тухайн хэргийг түүний хууль зүйн туслалцаа авах эрхийг хаах байдлаар шийдэх гэж оролдсон, нөгөө талд нь үйлчилсэн, тэгш бус харьцсан, талуудын тэгш байдлын зарчмыг зөрчсөн, бүдүүлэг үг, авир, ааш гаргасан, хууль зөрчиж хэргийг шилжүүлэхээс татгалзсан, шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаас татгалзах журам, дэс дарааллыг зөрчсөн гэх зэрэг үйлдэл гаргаагүй. Иймд, Та бүхэн дээр дурдсан тайлбар болон холбогдох нотлох баримтыг тус тус үндэслэн сахилгын хэрэг үүсгэсэн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Иргэн Д.Р-ны ...шүүхийн шүүгч Б.М т холбогдуулан гаргасан өргөдлийг Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ГЗҮ/2023/0039 дугаартай захирамжаар Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тус захирамжийг өргөдөл гаргагч эс зөвшөөрч гомдол гаргасныг Шүүхийн сахилгын хорооны 2023 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн гомдол шийдвэрлэх хуралдаанаар хянан хэлэлцэж СХТ/2023/0057 дугаар тогтоолоор “холбогдох шүүгчээс тайлбар авах, нотлох баримт бүрдүүлэх, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийх зэрэг шалгах ажиллагаа явуулсны эцэст шүүхийн сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх нь зүйтэй” гэж үзэн илтгэгч гишүүний 2023 оны 03 дугаар сарын 31-ий өдрийн ГЗҮ/2023/0039 дугаартай захирамжийг хүчингүй болгож, шүүгч Б.М-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснээр илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, холбогдох шүүгчид үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргажээ.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний гаргасан ...шүүхийн шүүгч Б.М т холбогдох сахилгын хэрэгт 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ГС/2023/0077 дугаар саналыг хүлээн авах үндэслэлтэй байна. 

Өргөдлийн “...Б.М шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд Баянзүрх дүүргийн ерөнхий шүүгч Ц.Ц нь ёс төдий, хүсэлтийг хянасан дүр эсгэсэн, үндэслэж байгаа хуулийн заалт нь ойлгомжгүй буюу ерөнхий хэрэглэсэн. ...би ерөнхий шүүгчийн захирамж гарснаас хойш 21 хоногийн дараа өөрөө араас нь хөөцөлдөж, өөрийн хүсэлтийнхээ хариуг авсан”, “...Мөн өргөдөлд “дээрх хэрэг маргааныг өнөөдрийн байдлаар ... шүүхийн шүүгч нар болох Д.З , Б.Ц , Б.М нарын нэр бүхий хүмүүс нь нэг санаа зорилгоор, нэг хүсэл эрмэлзлээр, “Нэг хүн шиг дотоод итгэл үнэмшил"-тэйгээр, “Зөвхөн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэнэ” гэсэн тууштай байр суурийг баримтлан, удаа дараа шүүхийн шийдвэр гаргаж, мөн түүнчлэн гаргахаар улайран дайрч байна” гэх үндэслэлийн тухайд: 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р-с 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгч Б.М-г татгалзан гаргах хүсэлт гаргасныг ... шүүхийн Ерөнхий шүүгч 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 101/ЕШ2023/01207 дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйл, 91 дүгээр зүйлийн 91.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байна” гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт “Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргана” гэж заасны дагуу тус хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэсэн байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хэд хоногийн дотор тус шийдвэрийг гаргаж, гардуулах талаар тусгайлсан  зохицуулалт байхгүй, нөгөө талаар энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар зөрчих, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэнд хамаарахгүй тул тус шүүхийн Ерөнхий шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй.

Шүүгч Д.З , Б.Ц  нар өмнө нь “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэж, тус шүүхийн шийдвэрүүд хүчингүй болж, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцан хэрэг шүүгч Б.М-н хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шилжсэн байна.

Түүнчлэн өргөдөл гаргагч өргөдөлдөө “...Б.М шүүгчийн хууль зөрчсөн, ёс зүйгүй, бусармаг үйлдлийн талаар дараах гомдлыг гаргаж байгаа бөгөөд эрхэм хүндэт Монгол улсын Шүүхийн сахилгын хорооны гишүүд та бүхэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу түүнд хууль журамд заасан зохих хариуцлага, шийтгэлийг оноож өгнө үү” гэсний дагуу илтгэгч гишүүн шүүгч Б.М-т холбогдуулан сахилгын хэрэг үүсгэж, шалгах ажиллагааг явуулсан нь хуульд нийцжээ.

Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан шүүгч Б.М-т холбогдох өргөдлийн үндэслэлүүдийг дүгнэвэл:

Нэг. Өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан: “...Б.М шүүгч нь шүүгчээс татгалзал байгаа эсэхийг асуухад би шүүгчид “Одоохондоо татгалзал алга гэж хариулсан. Б.М шүүгч нь “Одоохондоо алга гэж үг байхгүй, одоо байхгүй бол хэзээ татгалзал гарч ирэх юм" гэхэд нь би “Хуульд шүүх хурлын явцад шүүгчээс татгалзах эрх надад байгаа” гэхэд Б.М шүүгч “Та ямар хуулийг үндэслэж татгалзах гэж байгаа” гэхэд би шүүгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйл 92.1-ийг уншиж өгсөн. Тэгтэл Б.М шүүгч “Наадах чинь таных биш, миний эрх” гэхэд би шүүгчээс айж сандарсандаа “Надад танаас шүүх хурлын явцад татгалзах эрх байгаа, хуульд шүүх хурлын явцад татгалзаж болно гэж байна шүү дээ” гэхэд Б.М шүүгч “Танд илэрхий татгалзал байна уу” гэхэд нь би “Харин одоохондоо алга гэж” хариулсан. ...энгийн иргэн намайг хуулиа хольж хутган, будилж ярьж байгааг мэдсээр байж, уг нь ийнхүү будилж байгаа намайг зөв тал руу нь чиглүүлэх үүргээ биелүүлэхийн оронд, шүүх хурлыг удирдаж байгаа шүүгч Б.М нь харин энэ үйлдэл дээр маань “Эсрэг талд ашигтайгаар шийдчихье” гэсэн байр сууриар хандаж байгаа нь илэрхий ойлгомжтой харагдаж байсан. Шүүгч Б.М-н энэ үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, мөн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, мөн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31, мөн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн...” гэх агуулга бүхий  үндэслэлийн тухайд: 

Сахилгын хэрэгт авагдсан 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгээр даргалагч шүүгчээс шүүх хуралдааны хүсэлт хэлэлцэх шатанд зохигчдоос хуульд заасны дагуу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг тодруулахад нэхэмжлэгч талаас байхгүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р одоохондоо байхгүй гэж хариулсан байх ба өргөдөлд дурдсанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлд заасан татгалзлыг уншиж шүүх хуралдааны явцад хэзээ ч татгалзах эрхтэй гэх тайлбар хэлэхэд шүүгч Б.М тус хуулийн 92 дугаар зүйлд заасан зохицуулалт нь шүүгчийн эрхэд хамаарах хуулийн зохицуулалт болохыг тайлбарлан өгсөн болохыг үзлэгээр бэхжүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүнийг зарлан, шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг танилцуулж, тэдгээрийг татгалзан гаргах эрхтэйг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид тайлбарлан өгнө”, 103.2 дахь заалтад “Татгалзан гаргах хүсэлт гарвал түүнийг энэ хуулийн 92 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэнэ” гэж заасан.

Дээрх хуулийн зохицуулалт нь шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэхээс өмнө зохигчид шүүгч болоод шинжээч, орчуулагч, хэлмэрч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлт байгаа эсэхийг асууж, хуульд заасны дагуу шийдвэрлэхээр зохицуулсан бөгөөд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2-т “Энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч,хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заасан нь шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах эрхийг олгосон зохицуулалт биш юм.

Иймд шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн талаар хэргийн оролцогчид  тайлбарласан шүүгчийн үйлдлийг Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.

Хоёр. Өргөдлийн “...шүүгч нь хэргийг үнэн зөв шийдэж, шударга ёсыг зөв тогтоох гэхээсээ илүү, хэт нэг талыг барьж, хэрэг шийдэгдэлгүй 5-н жил болсон хугацааг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надаас болж байгаа мэтээр гүтгэн дайрч давшилж, жирийн иргэн намайг айлгах замаар нөгөө талд үйлчлэх гэсэн үйлдэл гаргасныг хууль мэддэг хуульч байтугай, хууль мэдэхгүй надад хүртэл төвөггүй ойлгогдохоор байсан. Шүүгч Б.М-н энэ үйлдэл нь Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, мөн 6 дугаар зүйлийн 6.1, мөн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31 дэх хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд: 

Сахилгын хэрэгт авагдсан баримтад ... шүүхэд 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “К” ХХК-аас Ж.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлд хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2019/0... дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд хариуцагч талаас гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1796 дугаар магадлалаар шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

Анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2022/0... дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрөн гомдол гаргаснаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 0558 дугаар магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна. 

... шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч шүүх хуралдаан даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулах тухай” 101/ЕШ2022/0... дугаар захирамжаар “К” ХХК-ийн нэхэмжлэлтэй Ж.Д-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.М-г томилсон шийдвэрийг албажуулжээ.

Ийнхүү тус иргэний хэрэг 2018 онд үүсгэснээс хойш хоёр удаа дахин шийдвэрлүүлэхээр буцаагдаж, нийт 4 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байжээ.

... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тус иргэний хэргийг хянан хэлэлцсэн шүүх хуралдааны бичлэгт илтгэгч гишүүний хийсэн үзлэгийн тэмдэглэлд тусгагдсанаар шүүх хуралдааны бичлэгийн “01:51-02:44 Даргалагч шүүгчээс: ...Хоёрдугаарт энэ хэрэг маань 2018 онд үүсээд 4 жилийн хугацаа өнгөрч байна. Тийм учраас энэ хэргийг ... шүүх шийднэ. Татгалзах ойлголт байгаа. Одоо нэгэнт хэргийг шилжүүлэх талаар ярих нь үндэслэлтэй биш байна. 5 жилийн дараа шилжүүлж өгөөч гэх асуудлыг сөхөж байна. Анх нэхэмжлэлээ гардаж авахдаа хариуцагч ... дүүрэгт амьдарч байсан юм байна. Тухайн хүний хаяг С, Б дүүрэг гээд шилжиж болно. Тэр хүнийг дагаад хэрэг шилжээд байж болохгүй гэх,

04:54-04:57 Даргалагч шүүгч: Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа талийж өгч байна шүү дээ гэхэд

04:58-05:19 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Энэ нь бид нарын буруу биш. Надаас болоод талийгаад байгаа юм уу гэхээр үгүй. ... шүүх хоёр удаа буруу шийдээд. Хоёр удаа магадлал, хяналтын шатны шүүхээс буцсан шүү дээ гэв.

05:19-05:22 Даргалагч шүүгч: Та өөрөө хэргийн бэлтгэлээ хангах ёстой шүү дээ гэхэд

05:22-05:25 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Би бэлтгэлээ хангах гээд л байна гэв.

05:25-05:30 Даргалагч шүүгч: Бэлтгэлээ хангасан бол та яагаад хойшлуулсан юм бэ гэхэд

05:30-05:31 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р:Би өвчтэй байсан.

05:31-05:39 Даргалагч шүүгч: Баримт нь байна уу гэхэд

05:39:05:40 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Одоо байхгүй гэв.

05:40-06:04 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Энэ хүний өмгөөлөгч авах эрхийг нь хангаад өгчихлөө. Шүүх хуралдааныг хойшлуулж товлоё. Өмгөөлөгч хэзээ авах нь тодорхойгүй гэв.

06:04-06:05 Даргалагч шүүгч: Би боломжит хугацааг нь асууж байна гэв.

06:05-06:21 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Шүүх хуульд заасан хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулаад өг. Өмгөөлөгч авах авахгүй нь энэ хүний асуудал гэв.

06:21-06:33 Даргалагч шүүгч: Би яагаад ингээд асуугаад байгаа вэ гэхээр хугацаа өгөөд тэр өдөр нь өмгөөлөгчөө аваад ирдэг юм. Хэргийн материалтай танилцдаг гэв.

06:34-06:52 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ирээгүй байгаа өмгөөлөгчийн хугацааг мэдэхгүй. Тэр хүн хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх нь тэр хүний асуудал. Энэ хүнтэй өмгөөлөгч яриад яахав. Хурлаа товлоё гэв.

06:52-07:30 Даргалагч шүүгч: Би ирэх долоо хоногт битүү хурал товлосон байгаа. 20-ны өдөр яаж байна гэж асуув.

07:30-08:16 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: 20-ны өдрөөс хойш тавихгүй бол болохгүй. Би Хөвсгөлд шүүх хуралтай. 12-ны өдөр Завханд, 16-нд Замын-Үүдэд хуралтай гэв.

08:17-08:50 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Шүүгчээ хоёр гурван удаа хойшлуулсан асуудал ярьж байна. Манай талаар хоёр дахь удаагаа л хойшлуулсан талаар ярьж байна. Өмнө нь арав хоёр удаа хойшлуулж байсан нь дандаа нэхэмжлэгчийн талаас хойшлуулж байсан. Шүүхээс юу нь мэдэгдэхгүй өчнөөн хойшлуулж байсан мөртлөө ганц удаа нөхцөл байдлаа хэлэхэд нээх амиа бодсон юм шиг л яриад байна. Энэ бол арай л үнэнд нийцэхгүй зүйл яриад байна гэв.

08:51-08:58 Даргалагч шүүгч: 27-ны өдөр яаж байна гэхэд

08:58-09:08 Нэхэмжлэгчийн төлөөлөгч: Би эрүүл мэндийн шалтгаантай гадагшаа явна гээд билет захиалсан байгаа гэв.

09:08-09:16 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Энэ чинь өөрөө хуулийн этгээд байгаа хуулийн этгээд итгэмжлэлээр томилсон хүнээ сольж болно. Хуулийн этгээд тасралтгүй үйл ажиллагаа явуулах ёстой гэв.

09:17-09:26 Даргалагч шүүгч: Захирал нь өөрөө ирсэн байна. Би сольж гэлтэй биш гэхэд

09:26-09:52 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Б : Энэ бол бидний эрхийн асуудал / хэлээд хэлсэн зүйл нь сонсогдохгүй. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг ярьж байв. /

09:52-10:35 Даргалагч шүүгч: Алх цохиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлд зааснаар аливаа этгээд өөрөө болон өөрийгөө төлөөлүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болно. Шүүх хуралдааны явцад энэ хүнээ оруул гэж шаардаж шахах эрх надад байхгүй. Энэ нь хориотой шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг нь хангах ёстой. Тийм учраас танд тэр эрхийг нь өгөөд байна. Энэ асуудал дээр маргаад яах вэ гэв.

10:36-13:06 Даргалагч шүүгч: 24-ний 15 цагт хурлыг товлоё гэж асуухад нэхэмжлэгч талаас болно гэв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р хариулт хэлэхгүй сууж байв.

13:13-13:33 Даргалагч шүүгч: Хариуцагчид нэг зүйл сануулъя. Танай өмгөөлөгч хэргийн материалтай танилцаад хүсэлт байвал хурлаас 3 хоногийн өмнө шүүхэд гаргаж өгөөрэй. Нөгөө талуудад нь танилцуулна. Эртхэн өгүүлээрэй гэж хэлээд хуралдааны танхимаас зохигчид гарав” гэжээ.

Дээрх үзлэгийн тэмдэглэлээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзаж, шинээр өмгөөлөгч авах болсонтой холбогдуулан шүүх хуралдааныг хэзээ товлох, хуралдааныг хэрхэн хойшлуулахгүйгээр явуулах талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хооронд болсон ярианы хэсэг үзлэгийн тэмдэглэлд авагдсан байх бөгөөд тус харилцан ярианаас үзэхэд шүүгч хэргийн оролцогчдын аль алины саналыг сонсож, шүүх хуралдааныг боломжит түргэн хугацаанд явуулах талаар ярилцсан байх ба шүүгч нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч рүү дайрч давшилсан, айлган сүрдүүлсэн үйл баримт тогтоогдохгүй байх тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, мөн 6 дугаар зүйлийн 6.1, мөн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31-т тус тус заасныг зөрчсөн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан баримтаас тогтоогдсонгүй. 

Гурав. Өргөдлийн “...шүүгч нь шууд над руу давшилж, “Итгэмжлэгдсэн төлөөлөгчөө, та өмгөөлөгчөө аваад, хэрэгтэйгээ танилцуулаад дараагийн шүүх хуралдаан эхлэхэд, шүүх хуралдааныг хийхэд бэлэн байлгана шүү” гэж тулгасан. Эргээд бодоход шүүгчийн энэ үйлдэл нь миний болон хэргийн хариуцагч Ж.Д-н өөрийгөө өмгөөлүүлэх эрхэд ноцтой халдсан, хууль бус үйлдэл байсан. Шүүгч Б.М-н энэ үйлдэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4, мөн 6 дугаар зүйлийн 6.1, 6.2, мөн 8 дугаар зүйлийн 8.1,8.2, мөн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.20, 50.1.31 дэх хэсгүүдэд тус тус заасныг зөрчсөн” гэх үндэслэлийн тухайд:

... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Р нь өмгөөлөгчөөсөө татгалзаж өөр өмгөөлөгч авах, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлэх хүсэлт гаргасныг хянан хэлэлцэж, ... шүүхийн 101/ШЗ2023/... дугаар шүүгчийн захирамжаар ... Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар аливаа иргэн хууль зүйн туслалцаа авах, шүүх ажиллагаанд өөрийн биеэр оролцох эрхтэйг үндэслэн шүүх хуралдааныг 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 15 цаг 00 минут хүртэл хугацаагаар хойшлуулж, хэргийг шилжүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Өргөдлийн 2 дахь үндэслэлийн хэсэгт дүгнэсэнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “...хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасны дагуу шүүгч Б.М нь хариуцагчаас гаргасан хүсэлтийг шийдвэрлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өмгөөлөгч авах эрхээр нь хангаж, дараагийн шүүх хуралдааныг товлон зарласан байх бөгөөд шүүгч дараагийн шүүх хуралдааныг хойшлуулахгүйгээр явуулах нөхцөл боломжийг хангахыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан хэлсэн байгааг өмгөөлүүлэх эрхэнд халдсан, хууль бус үйлдэл гаргасан гэж үзэхээргүй байна.

Дөрөв. Өргөдлийн “...шүүгч нь шүүх хуралдаанаа товлохдоо “2023 оны 01 дүгээр сарын 27 өдөр болговол яаж байна” гэж маш эелдгээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан асуухад, нөгөө төлөөлөгч нь “Би энэ өдөр гадагшаа ажилтай явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би босож, шүүгчид хандан “Шүүгчээ, нэхэмжлэгч хуулийн этгээд тул үйл ажиллагаа нь тасралтгүй явдаг. Ийм учраас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө хэнийг ч томилон оролцуулах боломжтой шүү дээ" гэхэд, түрүүн намайг өмгөөлөгчөө хурдан авахыг тулган шаардаж өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг минь зөрчин дайрч, тулгаж байсан Б.М шүүгч нь жигтэйхэн хүний эрхийн мэдрэмжтэй болж ирээд л надад хандан “Хэдий хуулийн этгээд ч гэсэн хэнийгээ томилох нь тухайн байгууллагын эрх шүү” хэмээн намайг ятган, надад уянгалан тайлбарлаж ойлгуулсан” гэх үндэслэлийн тухайд: 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасанчлан шүүгч хуульд заасан үүргээ хэрэгжүүлснийг шүүгч нэхэмжлэгчийн талд үйлчилсэн гэж үзэх боломжгүй юм.

Тав. Өргөдлийн “хариуцагч тал болох иргэн Ж.Д нь Баянзүрх дүүрэг биш, харин Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт оршин сууж, амьдардаг болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. ...Гэтэл Б.М шүүгч нь дээрх хуулийг уландаа гишгэж, надад “Наад хууль чинь хамаа байхгүй. Манай шүүх л энэ хэргийг шийднэ. ... түүнчлэн дээрх хэрэг маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө болон газар нь бас л Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаа тул энэ тохиолдолд “Шүүхийн онцгой харьяалал”-ийн дагуу уг хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж болох билээ. ...хариуцагч Ж.Д 2018 онд буюу одоогоос бүхэл бүтэн 5-н жилийн өмнө Баянзүрх дүүргийн *-р хороо *-р хороолол *-р байр * тоотод албан ёсны хаягтай байсан нь үнэн боловч өнөөдөр тэрээр Хан-Уул дүүрэгт албан ёсоор шилжин ирж амьдраад, 1 жил орчим хугацаа өнгөрчхөөд байгаа билээ. Харин шүүгч Б.М нь “2018 онд хариуцагч Ж.Д нь Баянзүрх дүүргийн *-р хороо *-р хороолол *-р байр * тоотод албан ёсны хаягтай гэж өөрийн оршин суух хаягийг бичиж өгсөн тул өнөөдөр энэ хэргийн харьяаллыг өөрчилж огт болохгүй, хуульд ч дахин харьяаллыг өөрчлөх заалт байхгүй” хэмээн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р над руу улайран дайрч байна” гэх үндэслэлийн тухайд: 

 “К” ХХК-аас 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ж.Д-д холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа хариуцагчийн оршин суух хаягийг Баянзүрх дүүрэг, *-р хороо, * дугаар хороолол, * дугаар байр, * тоот гэж тодорхойлон ирүүлсэн байх ба хариуцагч Ж.Д нь нэхэмжлэлийн хувийг гардан авахдаа нэхэмжлэлд дурдсан хаягаар өөрийн оршин суух хаягаа тодорхойлсон тул  уг хаягийн дагуу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаас тогтоогдож байна. 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Д-н оршин суух хаяг нь Хан-Уул дүүргийн * хорооны * байр * тоотод болж өөрчлөгдсөн талаар хариуцагч талаас холбогдох баримтаа гарган өгч, хэргийг хариуцагчийн одоо оршин суугаа хаягийн харьяалах шүүх буюу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэх хүсэлтийг гаргасныг шүүгч 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/0... захирамжаар “...хариуцагч Ж.Д нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оршин суугаа хаягаа өөрчилсөн нь шүүхийн харьяаллыг зөрчсөн гэсэн агуулгад хамаарахгүй, зохигч нар иргэний хэрэг үүсгэсэн өдрөөс хойш оршин суух хаягаа өөрчлөх эрхтэй ба тэдгээрийн сүүлчийн оршин суух хаягийг дагаж хэргийг хянан хэлэлцэх шүүхийн харьяалал өөрчлөгдөх учиргүй юм” гэж дүгнэн хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14  дүгээр зүйлийн 14.1-т “Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргана”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Хэргийн нутаг дэвсгэрийн харьяаллыг зохигч хэлэлцэн өөрчилж болно” гэж зааснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч хаягаа өөрчилсөн нь тухайн шүүхийн харьяаллыг өөрчлөх үндэслэл болохгүй бөгөөд зохигчид хэргийг харьяаллыг хэлэлцэн тохиролцсоноор өөрчилж болох боловч тус хэрэгт хэргийн харьяаллыг өөрчлөхөөр талууд тохиролцсон баримт авагдаагүй байна.

Үүнээс гадна, тус хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т “Харьяаллын дагуу нэхэмжлэлийг хүлээн авсан бол шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ. Харин талуудын тайлбарыг үндэслэн дараах шалтгаанаар шүүх хуралдааны өмнө буюу шүүх хуралдааны явцад шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар өөр шүүхэд шилжүүлж болно”, 20.1.1-т “хэргийг тал бүрээс нь бодитой, шуурхай хянан шийдвэрлэхийн тулд нотлох баримтын дийлэнх нь байгаа газрын шүүхэд хянан шийдвэрлэх шаардлагатай гэж үзвэл”, 20.1.2-т “нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл”, 20.1.3-т “энэ хуулийн 93.2-т заасны дагуу тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан бол” гэж заасан.

Харин тухайн хэргийн хувьд дээрх хуульд хуулийн зохицуулалтад хамаарахааргүй байх тул шүүгч хэргийг шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

Зургаа. Өргөдлийн “ ...БЗДИХАШШ-ийн шүүгч Б.М-н ...2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/... дугаартай...“шүүгчийн захирамж”-ийн “үндэслэх” хэсэгт буюу захирамжийн 3 дугаар хуудасны “2” гэж дугаарласан хэсэгт тус хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу эд хөрөнгийн битүүмжлэлийг нээлгэх тухай нэхэмжлэлийг тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гаргана” заасан. Гэвч тухайн зохицуулалт нь гэрээ, хэлэлцээрийн үүргийг шаардаж байгаа нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй...” гэж бичжээ. Шүүгч Б.М-н гаргасан энэ дүгнэлтээс харахад, энэхүү шүүгч нь дээрх хэргийн талаар ямар шийдвэр гаргахаа урьдчилаад, энэ дүгнэлтээрээ хэлчихсэн байх. ...шүүгч Б.М нь өөрийн даргалсан шүүх хурал дээр, өөрийн зүгээс энэхүү хэрэг маргааны талаар баримталж байгаа үзэл бодол, итгэл үнэмшил, санаа зорилгоо илэн далангүй илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч надад хандан “Нэхэмжлэгч тал чинь танай тал буюу хариуцагч Ж.Д-тай гэрээ байгуулсныг тогтоолгох хүсэлтийг хэлэлцэнэ” гэсэн. Шүүгчийн энэ үгийг сонсоод би гүн шоконд орж “Та юу яриад байгаа бэ? иргэн Ж.Д нь “К” ХХК-тай ямар ч гэрээ хийгээгүй шүү дээ" гэж хэлсэн. Гэтэл шүүгч Б.М нь надад “Танай тал ингэж л хэлнэ л дээ” хэмээн мэргэжлийн хуульч биш, жирийн иргэн над руу илт дайрч давшилсан байдлаар хэлж, намайг дарамталсан...” гэх үндэслэлийн тухайд:

... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШЗ2023/... дугаартай захирамжид иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг “Талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болон гэрээний үлдэгдэл төлбөр 129,756,520 төгрөг болохыг тогтоолгож, Хан-Уул дүүрэг, * хороо, * тоот хаягт байрлах * м.кв талбайтай барилгын үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагчид даалгаж, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах, 1864030872370 тоот нэгж талбарын дугаартай *** м.кв талбайтай газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг даалгах тухай” үндсэн болон “Хан-Уул дүүрэг, * хороо, * гудамж, * тоот хаягт байрлах 1,000 м.кв талбайтай газар, 144 м.кв талбайтай барилгын үл хөдлөх хөрөнгийг чөлөөлүүлэх, хохирол 117.000.000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлтэй” гэж тодорхойлсон байна.

Шүүх хуралдааны бичлэгт хийсэн илтгэгч гишүүний үзлэгт:

“00:00-01:08 Шүүх хуралдаан үргэлжилж шүүгч хүсэлтийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тайлбарлав. Шүүх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авахгүй. Нэгдүгээрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан 3 үндэслэл байна. Тухайн хэргийг анх хүлээн авахдаа шүүхийн харьяалал зөрчсөн бол, нотлох баримтын дийлэнх нь байгаа шүүхэд, тухайн шатны бүх шүүгчдийг татгалзан гаргасан гэж заасан. 20.1.1-т заасныг яриад байх шиг байна. Хариуцагчийг анх ... дүүрэгт байхад нэхэмжлэлийг гардуулсан. Энэний дараа хариуцагч хэчнээн удаа ч хаягаа сольж болно. Тэрийг хэрэг дагаж явахгүй. Дээрээс нь энэ хэрэг бол онцгой харьяаллын маргаан биш. Тийм учраас харьяаллаар хэргийг шилжүүлэхгүй. Нэг талын гэрээ хэлцлийн маргаан байгаа байхгүй юу гэхэд

01:08-01:10 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Гэрээ хийгдээгүй гэв.

01:10-01:17 Даргалагчаа шүүгчээс: Нэг талын гэрээ хэлцлийн маргаан байгаа байхгүй юу, гэрээ хийгдсэн хийгдээгүйг шийдэх гэж энд сууж байна. Та нар гэрээ хийгээгүй гэж тайлбар гаргаж байгаа. Би мэдэхгүй л дээ гэхэд

01:18-01:19 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Угаасаа гэрээ хийгдээгүй гэв.

01:19-01:29 Даргалагч шүүгч: Би мэдэхгүй. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь тийм. Худалдах худалдан авах гэрээ хийсэн. Гэрээний дагуу юм аа шаардаж байна гэж маргаж байна гэхэд

01:29-01:30 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Нэг ч бичиг байхгүй гэв.

01:31-01:42 Даргалагч шүүгч: Би нотолсон гэж хэлж байгаа юм биш ээ. Нэхэмжлэгч тал тийм үндэслэл гаргаад байна гэхэд

01:43-01:50 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р: Энэ үндэслэл нь бичгээр юу ч байхгүй гэв.

01:51-02:44 Даргалагч шүүгчээс: Тэрийг урьдчилаад би тогтоох боломжгүй. Танай талаас тайлбараа гэрээ байгуулаагүй гэж тайлбар өгсөн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл нь тийм байгаа учраас таны яриад байгаа шиг онцгой харьяаллын маргаан болохгүй гэж хэлээд байна” гэх үйл баримт бичигджээ.

Энэхүү шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт бууснаар шүүгч тухайн хэргийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь гэрээ хэлцлийн маргаан болохыг тайлбарласан байх бөгөөд үүнийг шүүгч шүүхийн шийдвэрийн талаар урьдчилсан дүгнэлтээ илэрхийлсэн гэж үзэх боломжгүй юм. 

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас ... шүүхийн шүүгч  Б.М нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

Иймд, Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0077 дугаар саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч  Б.М-т холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2023/0077 дугаартай саналыг хүлээн авч, ...шүүхийн шүүгч Б.М т холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                        ГИШҮҮН                                     О.НОМУУЛИН

                                                                                  Х.ХАШБААТАР