
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-12-14
Дугаар 62
Улаанбаатар хот

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Д.Ариунтуяа, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч Б.М-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 186 дугаар тогтоолд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, үйл баримтыг тодруулан шалгах нь зүйтэй гэж үзэж сахилгын хэрэг үүсгэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2-т “Шүүх хяналтын журмаар хэргийг дараах байдлаар хянан шийдвэрлэж тогтоол гаргана:
176.2.1.шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих;
176.2.2.шийдвэр, магадлалд нэмэлт, өөрчлөлт оруулах;
176.2.3.магадлалыг бүхэлд нь буюу зарим хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу өөрчлөх;
176.2.4.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох;
176.2.5.шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцаах.
176.3.Тогтоолд шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Тогтоолд анхан болон давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох хэсгийн агуулга, хяналтын гомдлын болон гаргаж байгаа тогтоолын үндэслэлийг тусгана” гэж хуульчлан заажээ.
Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид Монгол Улсын Дээд шүүх нь хяналтын шатны шүүх бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрвөл хяналтын шатны шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй, уул гомдлыг хяналтын шатны шүүх хянан шийдвэрлэх эрх хэмжээтэй байх бөгөөд хяналтын шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдлэх онцгой бүрэн эрхтэй байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу хянах, хүчингүй болгох эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг, энэ нь гагцхүү хяналтын шатны шүүхэд Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжид олгосон онцгой бүрэн эрхэд хамаарч байна.
Хариуцагч Ч.Л-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , С.Д нар хяналтын журмаар гомдол гаргасныг Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаанаар 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэж 001/ХТ2022/... дугаар тогтоолоор Дундговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 139/ШШ2021/... дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үйл баримт нь хяналтын шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу иргэний хэргийг бүхэлд нь буюу шийдвэр, магадлалыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4 дэх хэсэг буюу хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд тогтоол гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүхийн сахилгын хороонд шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянах, хүчингүй болгох, өөрчлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, харьяалан шийдвэрлэх асуудалд хамааралгүй болохыг тухайлан тайлбарлах нь зүйтэй байна.
Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 186 дугаар тогтоолд өргөдөл гаргагчийн өргөдөлд дурдагдсан дээрх үндэслэлийг шүүх хуралдааны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, үйл баримтыг тодруулан шалгах нь зүйтэй байна гэж үзэж сахилгын хэрэг үүсгэсэн тул шүүх хуралдааны дууны бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэгт үзлэг хийж, өргөдөл гомдолд үйл баримтыг шалгах ажиллагаа явуулав.
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 001/ХТ2022/... дугаар тогтоолыг шүүгч Д.Ц даргалж, танхимын тэргүүн Г.А, шүүгч П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэйгээр хяналтын шатны шүүх хуралдаан явагдаж гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдааны дууны бичлэг болон, шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асуух асуулт байгаа эсэхийг асуухад илтгэгч шүүгч Б.М асуулт асуусан болох нь сахилгын хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Шүүх хуралдааны дууны бичлэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдааныг даргалагч шүүгч Д.Ц шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчдоос асуух асуулт байвал асууя гэж бүрэлдэхүүнд асуулт байгаа эсэхийг тодруулахад илтгэгч шүүгч Б.М “Гомдолтой холбоотой асууя. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр ямар асуудал шийдсэн бэ? Захирамжийн агуулга нь юу вэ? Яагаад энэ асуудлыг урьд нь шийдвэрлэсэн гэж үзээд байгаа вэ? Ер нь үйл баримтыг ярихгүй”,
“Энэ захирамжаар яаж шийдсэн бэ гэдгийг хууль зүйн талаас нь яриарай”,
“Давхцалгүй байхад А/* захирамжаар Ч.Л-д эзэмшүүлсэн газрыг хүчингүй болгосон нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэх дүгнэлт хийн тус захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Энэ анхан шатны шүүхийн шийдвэрийг хяналтын шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байгааг та юу гэж үзэж байгаа вэ? Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс газар эзэмшихтэй холбоотой асуудлыг шийдээгүй гэж хэлсэн”,
“Аан за. Өөрөөр хэлбэл эзэмшлийн асуудлыг шийдэх тухай асуудал биш юм байна тиймээ”,
“Би асуултынхаа хариултыг авчихлаа. Өөр асуултгүй” гэж тодорхой асуултуудыг асууж, тухай бүрд нь хариу тайлбарыг авч байсан болох нь тогтоогдож байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны аль ч үе шатанд асуулт асуух эрхтэй бөгөөд илтгэгч шүүгч Б.М шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асуусан энэхүү үйл баримт нь сахилгын зөрчилд хамаарахгүй ба хуулиар шүүгчид олгосон бүрэн эрхэд хамаарах асуудал байх бөгөөд даргалагч шүүгч бүрэлдэхүүнээс асуух асуулт байна уу гэхэд асуулт асуусан болох нь шүүх хуралдааны тэмдэглэл, шүүх хуралдааны дууны бичлэгээр тус тус нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгч Б.М д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв...” гэжээ.
Шүүгч Б.М тус хороонд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Шүүхийн сахилгын хорооны 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 186 дугаар тогтоолоор шүүгчид сахилгын хэрэг үүсгэснийг зөвшөөрөхгүй байна. Улсын дээд шүүх 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдриин 001/ХТ2022/00277 дугаар тогтоолоор "Т" ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянасан шийдвэрлэсэн байх ба тухайн хэргийг шийдвэрлэхэд миний бие илтгэгч шүүгчээр оролцсон, шүүх хуульд заасан журмын дагуу 5 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр, тодруулбал шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж, танхимын тэргүүн Г.А, шүүгч П.З, Б.М, С.С нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэжээ. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д Шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ аливаа этгээдээс хараат бус байж, гагцхүү Монгол Улсын Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн бусад хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд захирагдана гэж заасан. Шүүх бүрэлдэхүүн хуульд нийцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн, миний хувьд шүүгчид хориглох ямар нэгэн алдаа, зөрчил гаргаагүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна, гомдлыг зөвшөөрөхгүй. Гомдол гаргагч нь "... шүүгч Б.М болон бусад шүүгч нар хариуцагч Ч.Л , түүний охин буюу итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.М , итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д нартай холбоотой, хэргийг шийдвэрлэхдээ шууд болон шууд бусаар харьцсан, үгсэн хуйвалдаж, тэдэнд давуу байдал үүсгэн эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа урвуулан ашигласан байгаа..." гэж ямар ч үндэслэлгүй, шүүгчийг албан үүрэгтэй нь холбогдуулан гүтгэж, доромжилсон байна. Энэ асуудлаар гомдол гаргагчийг ямар үндэслэлээр ийм зүйл бичих болсон үндэслэлийг шалгуулмаар байна, шаардлагатай бол холбогдох газарт нь гомдол гаргах болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Өргөдөл гаргагч иргэн П.Э-с ... шүүхийн шүүгч Д.А, Ж.Б нарт холбогдуулан гаргасан өргөдөлд Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдийн 1258 дугаар захирамжаар холбогдох шүүгч нарт сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 155 дугаартай санал гаргасныг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Өргөдөл гаргагчаас “...шүүгч Д.А, Ж.Б нар хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, шүүгч Ж.Б шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хууль бус баримт, баримтгүй хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүгдэгчийн холбогдсон зүйл ангитай холбоогүй асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгч нар урьдаас шийдвэр гаргаж хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэх боломжтой талаар дүгнэсэн” гэх агуулгаар өргөдлийн үндэслэлээ тодорхойлжээ.
Шүүгч Д.А хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэх үндэслэлийн тухайд:
Нийслэлийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих 2 дугаар хэлтсийн хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь заалтад “Залилах гэмт хэргийг бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-д холбогдох Эрүүгийн 201*** дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр шүүх хүлээн авч, ... шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЕШЗ/... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар тус хэрэг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч Д.А д хуваарилагдсан болохыг албажуулжээ.
... шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 2022/ШЗ/21 дүгээр шүүгчийн захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлж, хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хийхээр товлосон байна.
Улмаар 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/13 дугаар шийтгэх тогтоолоор М.Н-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.Н-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Давж заалдах шатны шүүх хохирогч П.Э-н гаргасан гомдлоор хэргийг хянаж, ... шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/16 дугаар магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тохиолдолд давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгоно.” гэж заасны дагуу шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ: “...анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж хэрэглэсэн буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн” гэж дүгнэсэн байгаа нь шүүгч илт нэг талыг барьж, бусдын нөлөөнд автсан буюу хууль бус шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс өмнө Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно.” гэснийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар гарсан байна.
Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж зохицуулсныг баримтлан хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах боломжгүй болох нь тогтоогдож байна.
“...шүүгч Ж.Б нь шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хууль бус баримт, баримтгүй хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан гэх үндэслэлийн тухайд:
... шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 2022/ЕШЗ/.. дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар яллагдагч М.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс шүүгч Ж.Б-д хуваарилагдсан болохыг шүүгч Д.А албажуулжээ. Ерөнхий шүүгч Н.А нь ээлжийн амралтаа эдлэх болсон тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.5 дахь хэсэгт “Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийн түр эзгүйд, эсхүл сул орон тоо гарсан тохиолдолд дараагийн Ерөнхий шүүгч сонгогдох хүртэл хугацаанд түүний албан үүргийг шүүгчээр хамгийн олон жил ажиллаж байгаа танхимын тэргүүн, эсхүл шүүгч орлон гүйцэтгэнэ.” гэж зааснаар 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 2021/ЕШЗ/... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Ерөнхий шүүгчийн албан үүргийг шүүгч Д.А гээр орлон гүйцэтгүүлэхээр томилжээ.
Уг хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хийхээр 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/3... дугаар шүүгчийн захирамжаар товложээ.
... шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-с шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хурал давхацсан талаарх 2 хуудас шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримтын хамт ирүүлснийг 2022/ШЗ/3... дугаар шүүгчийн захирамжаар хангаж, 2022 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-с коронавирусын халдвар авсан тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, энэ талаарх шинжилгээний хариуг хавсаргаж ирүүлснийг 2022/ШЗ/... дүгээр шүүгчийн захирамжаар хангаж, 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Э-с шүүх хуралдаан давхацсан тул хойшлуулах хүсэлт, хэргийн оролцогчдод шүүх хуралдааны тов мэдэгдсэн баримт ирүүлснийг 2022/ШЗ/3... дугаар шүүгчийн захирамжаар хангаж, 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч М.Н нь өмгөөлөгч Ц.Э-с татгалзаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Б.Ц-г оролцуулах хүсэлт гаргаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-н хэргийн материалтай танилцах хүсэлтийг 2022/ШЗ/4.. дугаар шүүгчийн захирамжаар хангаж тус тус хуралдааныг хойшлуулжээ.
Дээрхээс дүгнэвэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан давхацсан, өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон, хэргийн материалтай танилцах зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт албан ёсоор нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр шүүхэд ирүүлсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “...хууль зүйн туслалцаа авах, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1-т “Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа хүн, хуулийн этгээд өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй” гэж, 2-т “Хүн, хуулийн этгээд хуульд заасны дагуу хууль зүйн туслалцаа авах, өөрийгөө өмгөөлөх, өмгөөлүүлэх боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангагдана.” гэж, 7.6 дугаар зүйлийн 3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэж, 34.12 дугаар зүйлийн 1-т “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна.” гэж, 2-т “Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд цаашид үргэлжлүүлэн оролцох боломжгүй бол тэдгээрийг сольж болно. Энэ тохиолдолд анхан шатны шүүх хуралдааныг эхнээс нь явуулах ба тэдгээрт хавтаст хэргийн материал танилцуулна. Хавтаст хэргийн материалтай танилцах хугацааг тэдний хүсэлтийг харгалзан шүүх тогтооно.” гэж тус тус заасны дагуу шүүгч хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, түүнд хавсаргасан баримтыг дотоод итгэлээр үнэлж мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.1-т “шүүх хуралдаанд оролцвол зохих тал, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулна” гэж зааснаар шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан нь хууль зөрчөөгүй байна.
Иймд, өргөдөлд дурдсан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлттэй холбоотой баримт ирүүлээгүй байхад шүүх хуралдааныг хойшлуулсан, хүсэлтэд хавсаргасан баримт хууль бус гэх үйл баримт хэрэгт цугласан баримтаар нотлогдохгүй байна.
Шүүгдэгчийн холбогдсон зүйл ангитай хамааралгүй асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн хэргийн шүүх хуралдааныг хойшлуулсан, шүүгч нар урьдаас шийдвэр гаргаж хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэх боломжтойг дүгнэсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:
... шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ц-с Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар тогтоолыг ирүүлж, үүссэн маргааныг шийдвэрлэж дууссаны дараа тус хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргажээ.
Дээрх 83 дугаар тогтоолоор “...Улсын дээд шүүхийн “Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар” нь Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон зохицуулалтын агуулгаар нь дахин сэргээн, Монгол Улсын үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх асуудлаар” маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэжээ.
Тодруулбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 11 дүгээр тогтоолд, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хууль хүчин төгөлдөр болон өдрөөс хойш хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналт болон шүүхийн шатанд хянагдаж буй хэрэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолох” зохицуулалтыг хэрэглэх талаар тайлбарласан байна.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” гэсэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж болохгүй тохиолдлыг зохицуулсан буюу тухайн эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтад хамааралтай байна. Харин дээрх Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн болон Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолуудад гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь тодорхой төрлийн эрүүгийн гэмт хэрэгт хамаарна гэх байдал тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл, энэ нь залилангийн гэмт хэрэгт хамааралгүй, авлигын гэмт хэрэгт хамааралтай гэх агуулгагүй байна.
Иймээс 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2022/ШЗ/4... дугаар шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1.4-т “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг Үндсэн хуулийн цэцэд үүсгэсэн маргааныг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан нь хууль зөрчөөгүй байна. Энэ нь шүүгч нар хэргийг урьдчилан шийдвэрлэсэн, хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар шийдвэрлэх боломжтойг дүгнэсэн гэж үзэхгүй.
Үндсэн хуулийн цэц маргааныг эцэслэн шийдвэрлээгүй, хянан хэлэлцэх хуралдаанд бэлтгэх ажиллагаа хийгдэж байгаа болох нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн Тамгын газрын 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн ТГ-3/* дүгээр албан бичгээр тогтоогдож байх ба өргөдөлд дурдсан үйл баримтаас хойно буюу 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 13-ны өдрийн хооронд хохирогч Д.Б, П.Э, Ц.Ж, иргэний нэхэмжлэгч О.З, хохирогч Г.У-н өмгөөлөгч О.Ү нар шүүгч Ж.Б-с татгалзах хүсэлт гаргажээ.
Уг хүсэлтийг ... шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ЕШЗ/2... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар “...хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан эрхийг хангаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хууль зөрчихгүйгээр хүний эрхийг хангасан байх ба шүүгдэгч М.Н-н өмгөөлөгч Ц.Э нь өөр шүүхэд хэлэлцэгдэх шүүх хуралдаанд өмгөөлөгчөөр оролцох тул шүүх хурал давхцах, өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болох зэрэг хүндэтгэн үзэх шалтгаан нь нотлох баримтаар тогтоогдсон, шүүх хуралдаан давхацсан эсэхийг шүүгч Ж.Б тухай бүр Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаснаас нягтлан шалгаж тогтоож байсан, шүүгч өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэл байгаа гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна.” гэж дүгнэж хангахаас татгалзсан байна.
Сахилгын хэрэгт авагдсан дээрх баримтаас өргөдөлд дурдсанчлан шүүгч Д.А , Ж.Б нар нь хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан, шүүгч Ж.Б шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас гаргасан хууль бус баримт, баримтгүй хүсэлтүүдийг хүлээн авч шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулсан, шүүгдэгчийн холбогдсон зүйл ангитай холбоогүй асуудлаар маргаан үүсгэсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүний тогтоолыг үндэслэн 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг хойшлуулсан гэж үзэх боломжгүй байх тул илтгэгч гишүүний сахилгын хэрийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2022 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 155 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, ... шүүхийн шүүгч Д.А , Ж.Б нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР