info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-18

Дугаар 84

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч С.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Б.Ганцэцэг, Д.Хулан, Х.Энхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0067 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... 1. Иргэн Ц.Б , “... дүүрэг, ... -р хороо, ... хотхон, ... -р байр, ...  орц, ... тоот хаягт” оршин суух С.А-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 380,035,000 төгрөг гаргуулах тухай” 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь  шүүгч Б.Г-т хуваарилагдан, шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/0*  дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Иргэний хэргийг шүүх харьяалан шийдвэрлэх нэг үндэс нь нутаг дэвсгэрийн харьяалал байдаг, үүнийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол нэхэмжлэлийг хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргах”-аар заажээ.

Иймд “... Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхойлж ирүүлэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаардаг. Харин хариуцагчийн хаягийг нотлох баримтыг хавсаргах шаардлагыг хуулиар тавьдаггүй. Учир нь өөр хүний амьдарч буй газрыг тогтоохоор харьяа хорооноос нь тодорхойлолт авах, иргэний бүртгэлийн мэдээллийг олж авах боломж байдаггүйтэй холбоотой. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар шүүх хариуцагчийг дуудан ирүүлж нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийнэ ...” гэсэн шүүгчийн тайлбар үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хаягийг “... дүүрэг, ... тоот хаягт оршин суух” гэж тодорхойлон ирүүлсний дагуу иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, С.А-г шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийжээ. Үүнд:

-2024 оны 04 дүгээр сарын 04, 22-ны өдрүүдэд шүүхэд дуудан ирүүлэх хуудсыг шуудангаар хүргүүлсэн боловч “шуудангийн илгээмжийг гардуулаагүй шалтгаан” гэх хэсэгт “заасан хаягаар нь эзэнгүй тул үлдээгээд хариу өгөөгүй тул буцаав” гэж тэмдэглэгээ хийгдэж, буцаж ирсэн,

-  2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн огноотой “шүүхийн мэдэгдэх хуудас” гэх баримтад, С.А-н 99... дугаарын утсанд 04 дүгээр сарын 26, 09 дүгээр сарын ... , 18-ны өдрүүдэд залгасан, хариу өгөөгүй талаар шүүгчийн туслах Ц.Ц тэмдэглэл үйлдсэн,

- нэхэмжлэгч 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийг албадан ирүүлэх хүсэлт гаргаж, шүүгчийн 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШЗ2024/1* дүгээр захирамжаар “… С.А-г шүүхэд ирэхийг шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлж, утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байгаа нь шүүхийн ажилд саад учруулж байна …” гэсэн үндэслэлээр хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэн,

- улмаар ... дүүргийн ...  дугаар хорооны Засаг даргаас авсан тодорхойлолтоор “С.А нь ... дүүрэг, ... -р хороо, ... -р байр, ... тоотод амьдардаггүй” гэж, 2024 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 1* дүгээр захирамжийн дагуу хариуцагчийг шүүхэд алдан ирүүлэх ажиллагааг Цагдаагийн ерөнхий газрын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Г.Г-н 2024 оны 08 дугаар сарын 01-ны өдрийн илтгэх хуудсаар, хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй нь тогтоогдсон тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх хэсэгт “хариуцагчийн хаяг тодорхойгүй бол” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай заасныг баримтлан, мөн хуулийн 1...  дугаар зүйлийн 1... .1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, … тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж зааснаар 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/207...  дүгээр захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүгчийн үйлдэл, үйл ажиллагаа хуульд нийцнэ.

Нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 2,128,325 төгрөг буюу 2,058,125 төгрөг, 70,200 төгрөгийн  улсын тэмдэгтийн хураамж төлснөөс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ 2,058,125 төгрөгийг буцаан гаргуулж шийдвэрлэсэн, нэхэмжлэгч “... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн данснаас гаргуулж өгнө үү ...” гэсэн хүсэлтийг гаргаж, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2024/2* дугаар захирамжаар төрийн сангаас буцаан гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн удаа дараа гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг, шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/* дугаар захирамжаар, зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хангахгүй орхиж шийдвэрлэн, тус захирамжийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр зохигчдод танилцуулж, мэдэгдэх ажиллагаа хийсэн, захирамжийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрх нь нээлттэй байжээ.

Шүүхээр хамгаалуулах гэж буй эрх нь зөрчигдсөн этгээдэд хуулиар олгосон боломж бол Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ байдаг. Энэ нь хариуцагч этгээд эд хөрөнгөө үгүй хийх, бусад хэлбэрээр төлбөр төлөхөөс зайлсхийхээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгждэг хамгаалалтын шинжтэй ажиллагаа тул хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй, “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн арга хэмжээ авахдаа ... ямар ч баримт нотолгоогүйгээр ... захирамж дур мэдэн гаргасан нь ... хууль зөрчсөнийг ... харуулж байна ...” гэх өргөдөл үндэслэлгүй.

2. Ц.Б  2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр “... С.А-г эрэн сурвалжлуулах, ... ....УНХ улсын дугаартай ... автомашиныг журамлан саатуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд даалгах” тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр “... ....УНХ улсын дугаартай ... автомашиныг журамлан саатуулахыг Цагдаагийн Ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албанд даалгах” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.

Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ШЗ2024/2* дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, Ерөнхий шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 183/ЕШЗ2024/0* дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Д.Хуланг томилон албажуулсан.

Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/* дугаар захирамжаар товлосон 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр, 183/ШШ2024/* дүгээр шийдвэрээр С.А-г эрэн сурвалжлуулахаар шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан, энэ дагуу гаргасан нэхэмжлэгч Ц.Б-н хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгч хууль зөрчөөгүй.

Өргөдөлд “... 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/Ш32024/207...  дугаартай шийдвэрээр уг хэрэг хэрэгсэхгүй болж мөн 2024 оны 11 дүгээр сарны 22-ны өдрийн 183/Ш32024/* дугаартай шийдвэрээр Ц.Б т Улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай шийдвэр гарчхаад байхад Д.Хулан шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 183/Ш32024/* дугаартай шийдвэр гаргасан ...” гэсэн.

Нэхэмжлэгч Ц.Б-ын “Зээлийн гэрээний үүрэгт 380,035,000 төгрөг гаргуулах тухай” хэргийг шүүгч Б.Ганцэцэг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний дараа гаргасан “хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай” нэхэмжлэлийг шүүгч Д.Хулан шийдвэрлэсэн, эдгээр нь тус тусдаа хэргүүд тул тухайн үүсгэсэн хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн нь сахилгын зөрчилд тооцогдохгүй.

Тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/* дүгээр шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/АБ2024/* дугаар албан бичгээр ... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлжээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ...  дугаар зүйлийн ... .1.1-д Ерөнхий шүүгч “тухайн шүүхийг бүрэн эрхийн хүрээнд төлөөлөх” эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт “Хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар тус шүүхийн Ерөнхий шүүгч нь ... дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст албан бичгээр шүүхийн шийдвэр хүргүүлснийг “нэхэмжлэгчид ... хувийн үйлчилгээг хууль зөрчин байж үзүүлж байна ...” гэж үзэхгүй.

3. Өргөдөлд “ ... Миний амьдарч байгаа болон алба ёсны хаяг ... дүүрэгт байдаг бөгөөд хэрэв Ц.Б  нь надтай иргэний маргаан үүсгэхийг хүсэж байгаа бол хуулийн дагуу алба ёсны хаягаар нэхэмжлэл гарган надтай маргалдахад би хэзээд бэлэн байна гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд, иргэн Ц.Б  2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “383,717,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг, ... дүүрэг, ...-р  хороо, ... хороолол, ... байр, ... тоотод оршин суух С.А-д холбогдуулан гаргажээ.

Өргөдөлд дурдсан, Сонгино хайрхан дүүрэг дэх хаягаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргасан шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/* дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн нь хуулийн дагуу хийгдсэн ажиллагаа байх ба “... дараагийн хууль бус ажиллагаа албан тушаалын аархалт залгаад ороод ирснийг үүгээр мэдэгдье. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Энхзаяа шүүгчийн ирээдүйгээс илгээсэн дарамталсан ...” гэсэн өргөдөл үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2 дахь заалтад хэрэг үүсгэсэн шүүгч нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийнэ, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн дотор гардуулахаар заасан ба иргэний хэрэг үүсгэсэн өдрөөр огноолон шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагчид хүргүүлсэн шүүгчийн ажиллагааг хууль зөрчөөгүй байна.

Шүүгч нэгэнт иргэний хэрэг үүсгэх захирамж гаргасан л бол хариуцагчид энэ талаар мэдэгдэх, нэхэмжлэлийн хувийг түүнд гардуулах ажиллагааг явуулах нь  эргэлзэх үндэсгүй тул иргэний хэрэг үүсгэсэн захирамж гарсан өдөр хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулахтай холбоотой ажиллагаа эхлэх ёстой гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт дурджээ .

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ …” гэж зааснаар хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэхээр мэдэгдэх хуудас хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Дээрхийг нэгтгэвэл, холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн ..... заасан зөрчлийг гаргасан гэж үзэх үндэслэлгүй байх тул шүүгч Д.Даваасүрэн, Б.Ганцэцэг, Д.Хулан, Х.Энхзаяа нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Шүүгч Б.Ганцэцэг тайлбартаа:

“... Шүүгч би иргэн Ц.Б-с С.А-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэг 380,035,000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг хүлээн аваад С.А-н өргөдөлтэй холбоотой дараах ажиллагааг хийж, захирамж гаргажээ.

1.2024 оны 03 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэх тухай захирамж гаргасан. Шүүхэд ирж буй нэхэмжлэл тохиолдлын журмаар, санамсаргүй аргаар шүүгч нарт Иргэн-2014 системээр хуваарилагддаг ба уг нийтлэг журмаар Ц.Б ын нэхэмжлэл шүүгч Б.Ганцэцэг надад хуваарилагдсан. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хуульд заасан үндэслэл бүрдээгүй тохиолдолд заавал иргэний хэрэг үүсгэх шийдвэр гаргадаг хуультай. Ц.Б ын нэхэмжлэлд хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй тул шүүх иргэний хэрэг үүсгэсэн.

Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд С.А-н хаягийг ... дүүрэг, ...  дугаар хороо, ... хотхон, ...  байр, ... орц, ... тоот гэж тодорхойлон ирүүлсэн.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийн хаягийг тодорхойлж ирүүлэх ба энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамаардаг. Харин хариуцагчийн хаягийг нотлох баримтыг хавсаргах шаардлагыг хуулиар тавьдаггүй. Учир нь өөр хүний амьдарч буй газрыг тогтоохоор харьяа хорооноос нь тодорхойлолт авах, иргэний бүртгэлийн мэдээллийг олж авах боломж байдаггүйтэй холбоотой. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар шүүх хариуцагчийг дуудан ирүүлж нэхэмжлэлийг гардуулах ажиллагааг хийнэ.

         2.2024 оны 08 сарын 23-ны өдөр хүсэлт шийдвэрлэх тухай захирамж гаргаж, нэхэмжлэгч Ц.Б-н шүүхэд гаргасан хүсэлтээс зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг нь хангахгүй орхисон. Үүнд:

         Нэхэмжлэгчийн гаргасан HIHD01VB*** арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдсэн, шар өнгөтэй, Hyundai R800LС-7А маркийн ....УБ улсын дугаартай экскаваторыг битүүмжлэх хүсэлт, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хүрээнд зогсоох хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.

Харин ТЕЕВ71J80F*** арлын дугаартай, ....УНХ улсын дугаартай,
Тоyоta Land Cruiser-J76 маркийн автомашиныг журамлах хүсэлт, хариуцагчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгүүдийг битүүмжлэх хүсэлт, хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох, компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг хаах, хариуцагчийг Монгол улсын хилээр гарахыг хориглох хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан хөрөнгө битүүмжлэх, дансны зарлагын хөдөлгөөнийг хаах хүсэлтийг нэхэмжлэгч гаргах эрхтэй ба нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийг үндэслэж шүүх уг арга хэмжээг авдаг. Нэхэмжлэгч Ц.Б  шүүхэд хүсэлтээ ирүүлсэн тул шүүх хүсэлтийг
шийдвэрлэсэн, хэрэгт ирсэн хүсэлтийг шүүх шийдвэрлэлгүй орхиж болдоггүй. Түүнчлэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг шүүх Иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа ч захирамж гарган авах эрхтэй байдаг. Өөрөөр хэлбэл, хариуцагч шүүхэд дуудагдан ирж, нэхэмжлэлийн хувийг гардан авах ажиллагаа хийгдэхээс өмнө шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх авч болно.

3.2024 оны 09 сарын 27-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргасан. Нэхэмжлэгчийн тодорхойлсон хаягаар шүүх Иргэний хэрэг үүсгэсэн
боловч ... дүүрэг, ...  дугаар хороо, ... хотхон, ...  байр, ... орц, ... тоотод хаягт бүртгэлгүй, оршин суудаггүй болох нь хорооны засаг даргын тодорхойлолт, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Цагдаагийн Ерөнхий
газрын Нийтийн хэв журам хамгаалах Олон нийтийн аюулгүй байдлыг хангах
албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаагийн илтгэх хуудсаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг С.А-д гардуулах боломжгүй нөхцөл байдал бий болсон. Ингэснээр шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1...  дугаар зүйлийн 1... .1-т зааснаар үүсгэсэн Иргэний хэргээ хэрэгсэхгүй болгосон болно. Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид өмнө нь шүүгчийн гаргасан эрхийн актуудыг хүчингүй болгох, цуцлах арга хэмжээг дурддаггүй.

Хэрэг хэрэгсэхгүй болсноор нэхэмжлэлтэй холбоотой үүссэн иргэний хэрэг дуусгавар болдог үр дагавар үүсдэг. Хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэх мэт хэргийн оролцогч бус этгээдэд шүүх хүргүүлэх хуулийн үүрэг байхгүй.

С.А нь өмнөх 2024 оны 08 сарын 23-ны өдрийн хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар авсан арга хэмжээ хүчинтэй байна гэж үзвэл хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжаа хуулбарлуулан аваад холбогдох байгууллагад хүргэж өгөх боломжтой.

Шүүгч би Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажилласан, эрх мэдлээ хэтрүүлээгүй. Иймд надад холбогдуулан гаргасан өргөдөл үндэслэлгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн.

Шүүгч Д.Даваасүрэн, Д.Хулан нар тайлбартаа:

“... 1. Нэхэмжлэгч Ц.Б  нь С.А-с зээлийн өр төлбөр гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан боловч тус дүүргийн шүүхээс хариуцагчийг талуудын хооронд байгуулагдсан гэрээ болон нэхэмжлэлд дурдсан хаягтаа оршин суудаггүй гэх Засаг даргын тодорхойлолтыг ирүүлсэн, мөн нэхэмжлэгчээс албадан ирүүлэх хүсэлт гаргасны дагуу 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 183/Ш32024/1* дүгээр шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн боловч 2024 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах хэлтсийн хамгаалалтын цагдаа, дэд ахлагч Г.Г-н илтгэх хуудсаар хариуцагчийг албадан ирүүлэх боломжгүй, хаягтаа байхгүй болох нь тогтоогдож, хариуцагч С.А-н хаяг тодорхойгүй нөхцөл байдал үүссэн тул Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 183/Ш32024/207...  дугаартай захирамжаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Иймд нэхэмжлэгч Ц.Б  нь хариуцагчийн хаяг тодорхойгүй, шүүхэд дуудан ирүүлэх боломжгүйгээс шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдсөн гэж үзэж, тус дүүргийн шүүхэд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А-г эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ирүүлснийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн №183/11132024/2* дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн.

Тус дүүргийн шүүхээс нэхэмжлэгч Ц.Б-н хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 183/Ш32024/* дугаартай захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цаг 50 минутад товлон зарласан.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн зээлийн гэрээ, 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн барьцааны гэрээ, шилжүүлгийн баримт, зээлийн гэрээг сунгах тухай гар бичвэр, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/Ш32024/207...  дүгээр “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” шүүгчийн захирамж гэсэн баримтуудыг шинжлэн судлаад
хариуцагчийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрх нь зөрчигдөж байна гэж үзэж, 2024 оны 11 сарын 29-ний өдрийн 183/ШШ2024/* дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар Б овогт С А /РД:***/-ийг эрэн сурвалжилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар С.А-г эрэн сурвалжилж, олох ажиллагааг ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгасан байна.

Шүүгч Д.Даваасүрэн миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байхдаа дээрх шүүхийн шийдвэр
хуулийн хүчин төгөлдөр болсны дараа шийдвэрийг гүйцэтгүүлэхээр 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 183/АБ2024/* албан бичгээр ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст шийдвэрийн хувийг албан тоотын хамт хүргүүлсэн болно.

2. Гомдол гаргагч С.А нь сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “... 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 183/Ш32024/207...  дугаартай шийдвэрээр уг хэрэг хэрэгсэхгүй болж мөн 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 183/Ш32024/* дугаартай шийдвэрээр Ц.Б т улсын тэмдэгтийн хураамж буцаан олгох тухай шийдвэр гарчхаад байхад дахин 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 183/Ш32024/* дугаартай шийдвэр гаргасан нь анхнаасаа хууль зөрчиж, албан тушаалаа хэтрүүлсэн” гэсэн боловч тус шүүхийн 2024 оны 9 сарын 27-ны өдрийн 183/Ш32024/207...  дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл буюу хариуцагчийн хаяг тодорхойгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон гэж үзэж, хэргийн мөн хуулийн 1...  дугаар зүйлийн 1... .1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй, зөвхөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тиймээс нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй байна гэж үзэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “хариуцагчийн оршин суугаа газрын хаяг мэдэгдэхгүй байвал түүнийг эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэгч шүүхэд хүсэлт гаргаж болно”, 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.2-д “энэ хуулийн 155.1-д заасан хүсэлтийг гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, мөн хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д “хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж зааснаар хэргийг шийдвэрлэж, хариуцагчийг эрэн сурвалжлах шийдвэр гаргасан.

Мөн гомдол гаргагч нь гомдолдоо “... Д.Хулан шүүгчийн гаргасан шийдвэрт хуульд заасан 14 хоногт Ц.Б аас ямар нэгэн гомдол ирээгүй байтал тус шүүхийн ерөнхий шүүгч Д.Даваасүрэн нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 183/АБ2024/* дугаартай албан бичгийг ... дүүргийн Цагдаагийн газарт бичсэн нь Ц.Б т ямар хэмжээний хувийн үйлчилгээг хууль зөрчин байж үзүүлж
байгааг баримттайгаар харууллаа...” гэсэн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “хариуцагчийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ”, 155.4-д “хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг шүүхийн шийдвэрийн дагуу цагдаагийн байгууллага гүйцэтгэнэ” гэж зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дараа хуульд зааснаар цагдаагийн байгууллагад хүргүүлсэн.

Гомдол гаргагч С.А нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэсэн заалтыг зөрчсөн гэсэн агуулгатай гомдол гаргасан боловч албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон зүйл шүүгч бидэнд байхгүй бөгөөд хуулийн дагуу хуваарилагдан ирсэн хэргийг хянан шийдвэрлэж, шийдвэрийн хувийг холбогдох байгууллагад нь хүргүүлсэн.

Иймд шүүгч бидний зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-д зааснаар хуваарилагдан ирсэн хэрэг, нэхэмжлэлийг хүлээн авч, хараат бусаар хуульд нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан тул үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн.

Шүүгч Х.Энхзаяа тайлбартаа:

“... Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Ц.Б ын иргэн С.А-д холбогдуулан гаргасан 383,7... ,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүгч Х.Энхзаяа надад хуваарилагдсаныг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсан.

Шүүгч миний бие тус нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгахад, хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй тул 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр өөрийн туслах Э.Б-д хуульд заасан хугацаанд нь иргэний хэрэг үүсгэх дугаар аваарай гэж өгсөн.

Шүүгч миний туслах Э.Б нь иргэний хэрэг үүсгэх нэхэмжлэлийг хүлээн авахдаа иргэний хэрэг үүсэх өдрөөр огноолоод хариуцагчийг шүүхэд дуудан
ирүүлэх тухай мэдэгдэх хуудаст гарын үсэг зуруулж аваад, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн өдрөө шуудан явуулахаар бэлтгэл ханган, системд шивэлт хийж, үүссэн өдөр нь илгээдэг.

Учир нь тус шүүхэд 1 шүүгч дунджаар 120 орчим хэрэг дээр нэгэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулдаг бөгөөд өдөр тутам бүх хэрэг дээр ажиллагаа явуулахад хүндрэлтэй нөхцөл байдаг үүсдэг. Иймд шүүгчийн туслахын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хурдан, шуурхай, хуулийн хугацаанд явуулахын тулд шүүгчээс үүсгэх нэхэмжлэлийг хүлээж авахдаа тус нэхэмжлэлийг үүсгэсэн дугаар авах өдрөөр мэдэгдэх хуудсыг огноолон шүүгчээр гарын үсэг зуруулдаг билээ.

Иймд иргэн С.А-д холбогдуулан гаргасан иргэн Ц.Б ын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх хуульд заасан хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр байсан бөгөөд хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг мөн өдрөөр огноолон 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гарын үсэг зуруулж, мөн өдрөө цахим шууданд шивэлт хийснийг шуудан илгээгч байгууллага хүлээн авч иргэн С.А-д гардуулжээ.

Иргэн С.А нь шүүгчийн туслах Э.Б-н энэхүү үйлдэлтэй холбогдуулан тус шүүхийн тамгын газарт мөн гомдол гаргасан байна.

Тус мэдэгдэх хуудаст хариуцагч С.А-г 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд хүрэлцэн ирэхийг мэдэгдсэн байх бөгөөд иргэн С.А нь тус мэдэгдэх хуудсыг хүлээн авснаар энэхүү гомдлыг гаргажээ.

Гомдол гаргагч С.А нь гомдлын үндэслэлээ ... шүүгч Х.Энхзаяагийн ирээдүйгээс ирсэн дарамталсан бичиг гэжээ.

Аливаа шүүх нь эрх бүхий байгууллагаас хуульд нийцүүлэн баталж ирүүлсэн шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудасны загварыг ашиглан хэргийг оролцогчийг шүүхэд дууддаг.

Хариуцагчийн шүүхэд мэдэгдэх хуудсаар дуудах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагааны нэг бөгөөд шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг иргэний хэрэг үүсгэхээс өмнө нь явуулсан нь хууль хууль зөрчөөгүй, түүний улмаас иргэн С.А ямар нэгэн эрх зөрчигдөөгүй болно.

Шүүгч миний бие тус нэхэмжлэлийг анх удаа хэрэг, нэхэмжлэл хуваарилах журмын дагуу хүлээн авч, хуульд заасны дагуу иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа бөгөөд тус хэргийн оролцогч Ц.Б ,
С.А нарыг танихгүй болно.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.А-г шүүхэд хүрэлцэн ирэхийг удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл хугацаанд шүүхэд хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэлийг гардан аваагүй, хэрэг хянан
шийдвэрлэх ажиллагаанд саад учруулж байна.

Иймд тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч С.А-г албадан ирүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Иймд иргэн С.А-н шүүгч Х.Энхзаяа надад холбогдуулан гаргасан гомдол үндэслэлгүй байх тул шүүгч надад холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг
хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.А-с Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Б.Ганцэцэг, Д.Хулан, Х.Энхзаяа нарт холбогдуулан Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдлийг тус хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГЗҮ/2025/0057 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

  1. Шүүгч Б.Ганцэцэгийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл иргэн Ц.Б аас С.А-д холбогдуулан “зээлийн гэрээний үүрэгт 380,035,000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргахдаа хариуцагчийг: “Улаанбаатар хот, ... дүүрэг, ... -р хороо, ... хотхон, ... -р байр, ...  орц, ... тоот хаягт оршин суух, Б овогт С  А /РД:*/ гэж тодорхойлжээ.

Монгол Улсын дээд шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 1 дүгээр “Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал” зөвлөмжийн 2.2-т “хариуцагчаар оролцох этгээдийг нэхэмжлэгч сонгоно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т зааснаар нэхэмжлэлийг хэнд холбогдуулан гаргаж байгааг нэхэмжлэлд заавал бичнэ”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.3-д “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж тус тус заасан.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгч өөрийнх нь эрхийг зөрчсөн гэж үзэж буй этгээдийг иргэний хэрэгт хариуцагчаар оролцуулах, нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох ойлголт ба нэхэмжлэгч хариуцагчийг солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол хариуцагчийг шүүх солих эрхгүй гэж ойлгогдож байна.

Харин тухайн этгээд хариуцлага хүлээх ёстой эсэхийг хэрэг хянан хэлэлцсэний эцэст шүүх шийдвэрлэдэг учир нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдаж буй, нэхэмжлэлд бичсэн этгээдийг тухайн хэрэгт хариуцагчаар тодорхойлон оролцуулдаг.

Ц.Б аас С.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг шүүгч Б.Ганцэцэг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан, түүнчлэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдохгүй гэж үзэн 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн * дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн ажиллагаа хууль зөрчөөгүй байх тул өргөдөл гаргагчийн “...хуулийг илт зөрчин харьяаллыг огт баримтлалгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн иргэний хэрэг үүсгэсэн” гэх гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Б  хариуцагчийн хаягийг “... дүүрэг, ...  дугаар хороо, ... ... -р байр-... тоот хаягт оршин суух” гэж тодорхойлон харьяалах шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй гэж илтгэгч гишүүн зөв дүгнэжээ.

            Түүнчлэн, өргөдөл гаргагчаас “ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл заасан арга хэмжээг авахдаа ямар ч баримт нотолгоогүйгээр зөвхөн Ц.Б-н шуналт хүслийг гүйцэтгүүлсэн захирамж дур мэдэн гаргаж хууль зөрчсөн” талаар дурджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс удаа дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт гаргаж, хүсэлтийг шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШЗ2024/* дугаартай захирамжаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3, 69.1.1-т заасны дагуу барьцаа хөрөнгө болох экскаваторыг битүүмжлэх, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг зогсоох тухай хүсэлтийг хангаж, нэр бүхий тээврийн хэрэгслийг битүүмжлэх, хариуцагчийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг нэхэмжилсэн үнийн дүнгийн хэмжээгээр, эд хөрөнгөтэй ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг хориглох, компанийн дансны зарлагын хөдөлгөөнийг хаах, хариуцагчийг Монгол Улсын хилээр гарахыг хориглох хүсэлтийг хангахгүй орхиж” шийдвэрлэжээ.

Шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар нэхэмжлэгч хүсэлт гаргавал иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох зэрэг захирамж гаргах эрхтэй.

Иймд шүүгчид эрх олгосон дээрх хуулийн заалтыг шүүгч Б.Ганцэцэг хэрэглэж захирамж гаргасныг нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний “ ...хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй” гэх санал үндэслэлтэй байна.

  1. Шүүгч Д.Даваасүрэн, Д.Хулан нарын тухайд:

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 183/ШЗ2024/207...  дугаартай захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр “Ц.Б ын нэхэмжлэлтэй, С.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 380,035,000 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ. Уг шийдвэрээр нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлээгүй, зөвхөн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Тус шийдвэр гарсны дараа буюу 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Ц.Б-с “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох С.А-г эрэн сурвалжлуулах тухай” бие даасан нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, нэхэмжлэл шүүгч Д.Хуланд хуваарилагдан, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 183/ШЗ2024/* дугаартай шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 183/ШШ2024/* дугаартай шүүхийн шийдвэрээр “ ... С.А-г эрэн сурвалжилж, олох ажиллагааг ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

Дээрхээс үзэхэд шүүгч Д.Хулан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-д заасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцүүлэн явуулсан нь тогтоогдож байх тул өргөдлийн “ ...хууль зөрчиж албан тушаалаа хэтрүүлж хэрэг үүсгэн, шийдвэр гаргасан” гэх гомдол үндэслэлгүй байна.

Мөн тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн нь 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 183/АБ2024/* дугаартай албан бичгээр С.А-г эрэн сурвалжилсан шүүхийн  шийдвэрийг ... дүүргийн Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст хүргүүлжээ.

Ерөнхий шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн ...  дугаар зүйлийн ... .1.1-д заасан “тухайн шүүхийг бүрэн эрхийнхээ хүрээнд төлөөлөх” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг Цагдаагийн газарт хүргүүлэх тухай албан бичигт Ерөнхий шүүгч гарын үсэг зурдаг ба энэ нь хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд хийгдсэн үйл ажиллагаа тул үүнтэй холбогдуулан Ерөнхий шүүгч Д.Даваасүрэнг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Өөрөөр хэлбэл, шийдвэр хүргүүлэх тухай албан бичигт Ерөнхий шүүгч гарын үсэг зурсан нь бусад шүүгчийн хянан шийдвэрлэж байгаа хэрэг маргаанд Ерөнхий шүүгч оролцож, нөлөөлж байгаа хэлбэр биш тул өргөдлийн “ .... Ц.Б т хувийн үйлчилгээ хууль зөрчин үзүүлсэн” гэх гомдол үндэслэлгүй байна.

  1. Шүүгч Х.Энхзаяагийн тухайд:

2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдөр Ц.Б аас С.А-д холбогдуулан “Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэл шүүгч Х.Энхзаяад хуваарилагдан, шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШЗ2025/* дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл шүүгч иргэний хэрэг үүсгэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасан ажиллагаа явуулна.

Тодруулбал, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих тул зохигч талуудыг тэгш эрхээр хангах хууль ёсны шаардлагын үүднээс хариуцагчид нэхэмжлэлийг гардуулах, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар хариу тайлбар гаргах, түүнтэй холбоотой баримт гаргаж өгөх эрхийг хангах, энэ үүднээс шүүх тэдгээрийг дуудан ирүүлж, нэхэмжлэлийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлан өгөх ажиллагааг явуулах учиртай.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар шүүгч Х.Энхзаяа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.1, 67.1.2-т зааснаар хариуцагч С.А-д нэхэмжлэлийг гардуулахаар шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг иргэний хэрэг үүсгэсэн даруй буюу 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул илтгэгч гишүүнээс гаргасан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Б.Ганцэцэг, Д.Хулан, Х.Энхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0067 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Даваасүрэн, Б.Ганцэцэг, Д.Хулан, Х.Энхзаяа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн  оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.МЯГМАРЦЭРЭН

                  ГИШҮҮН                                           О.НОМУУЛИН

                                                                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН