info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-05-14

Дугаар 67

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн Б.Сугар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2025/0046 дугаартай саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“ ... Нэг. Шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогч нарыг татгалзан гаргах мэдээллээр хангаагүй гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            С.А-с Ч.Ч, Г.О, У.Б, Б.А  нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан байх ба Нийслэлийн Прокурорын газраас 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн * дугаартай яллах дүгнэлт үйлдэж, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.       

            Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” *дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар Ч.Ч, Г.О, У.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн 2102.........дугаартай хэргийг хянан шийдвэрлэх даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  томилсон байна.

            Шүүгдэгч Ч.Ч-с 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс татгалзан гарах тухай хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

            Хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн * дугаартай тогтоолоор шүүгдэгч Ч.Ч-н “тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  эрүүгийн 2102.........дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

              Шүүгдэгч Ч.Ч-н өмгөөлөгч, шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Д.П нараас тус эрүүгийн хэргийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд гаргасан “Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  Шүүхийн сахилгын хороонд шалгуулахаар гомдол гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлүүлэхээр тогтоож, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэсэн байна. 

            Хэрэгт авагдсан Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай тогтоолоор “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад заасан үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч Ч.Ч-н өмгөөлөгч О.С, шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Б.П нарын “тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  эрүүгийн 2102.........дугаартай хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.

            Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 3-т ““үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй9 нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй.

            Шүүгч шүүн таслах ажиллагаанд оролцоход ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй гэж хэргийн оролцогчдод ойлгогдохоор нөхцөл байдал байгаа бол энэ талаар хэргийн оролцогчдод мэдэгдэж, тэдгээрийг шүүгчийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангана.” гэж тайлбарласан.

            Дээрх тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх нь Ч.Ч, Г.О, У.Б , Б.А нарт холбогдох 2102.........дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд гаргаж байсан байна.

            Мөн шүүгдэгч Ч.Ч, түүний өмгөөлөгч О.С, шүүгдэгч Г.О-н өмгөөлөгч Б.П нараас гаргасан хэргийг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг татгалзан гаргах тухай хүсэлтүүдийг шийдвэрлүүлэхээр тухай бүрд нь шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, шийдвэрлүүлсэн байна.

            Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны * дугаар тогтоолоос үзэхэд, холбогдогч шүүгч Б.Гансүх нь шүүгчээр томилогдохоосоо өмнө нь эрх зүйн туслалцаа үзүүлж байсан үйлчлүүлэгчтэйгээ холбоотой, түүнтэй сонгуульд өрсөлдсөн этгээдэд холбогдох маргааныг шийдвэрлэсэн үндэслэлээр шүүгч Б.Гансүхэд сахилгын шийтгэл оногдуулсан байх хэдий ч өргөдөлд дурдагдсан эрүүгийн хэргийн шүүгдэгч Б.Ч-тэй хувийн харилцаатай гэх үндэслэлээр буруутгаж сахилгын шийтгэл оногдуулсан гэж үзэхээргүй байна.

            Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдааны “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын ТАЙЛБАРЛАХ нь хэсгийн 1-д “хувийн харилцаатай” гэж хэрэг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. Тухайлбал, аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн зэрэг ашгийн төлөө үйл ажиллагаа хамт эрхэлдэг, хөрөнгийн биржээр дамжуулж нийтэд зарагдсан болон төрөөс иргэн бүрд эзэмшүүлснээс бусад тохиолдолд аж ахуйн нэгжийн хувьцааг хамтран эзэмшдэг, аливаа байдлаар ашиг орлого, зардал хуваахад эрх үүрэг харилцан хүлээдэг; найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай бол "хувийн харилцаа"-тай гэж үзнэ. Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд "дагагч", "найз" зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь "хувийн харилцаа"-нд хамаарахгүй.” гэж тайлбарласан байна.

            Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” 0016 дугаар тогтоолоор “илтгэгч гишүүн нь ...шүүгч Б.Гансүх нь өргөдөлд дурдагдсан эрүүгийн хэргийн шүүгдэгч Ч.Ч-тэй хувийн харилцаатай гэх үндэслэлээр буруутгаагүй байна. Нөгөө талаас, шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэж эрх бүхий байгууллагад хандсан этгээдийг шүүгчтэй хувийн таарамжгүй харилцаатай гэж үзэх болон шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл болохгүй...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн байна. 

            Хоёр. Шүүх хуралдааны товын мэдээллийг өөрийн цахим хаягтаа нийтэлсэн гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            Өргөдөлд хавсаргасан “Увс аймаг дахь шүүхийн Тамгын газар” гэх нэртэй фейсбүүк аккаунт хаягаас нийтэлсэн шүүх хуралдааны зарыг “G” гэх нэртэй фейсбүүк хаягаас хуваалцсан баримтаас үзэхэд, уг нийтлэл нь зөвхөн Тамгын газраас нийтэлсэн шүүх хуралдааны товыг өөрийн цахим хаягтаа түгээсэн шинжтэй байх бөгөөд шүүгч хэргийн талаар өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харшилсан, сөргөөр нөлөөлж болох мэдээлэл тараасан, байршуулсан гэх утга, агуулгагүй байна.

            Тухайн Тамгын газрын фейсбүүк хаягт нийтлэгдсэн шүүх хуралдааны товын талаарх мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт ба уг мэдээллийг аливаа этгээд өөрийн цахим хуудастаа түгээхийг хуулиар хориглоогүй байна.

            Мөн өргөдөл гаргагч нараас “...шүүгч өөрийн фейсбүүк хаягаар шүүх хуралдааны зарыг түгээсэн” гэх агуулгаар шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 06 дугаартай зөвлөгөөний тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсан захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэх тухай” СХТ/2025/0016 тогтоолоор “илтгэгч гишүүн нь ...Уг нийтлэл нь зөвхөн Тамгын газраас нийтэлсэн шүүх хуралдааны товыг өөрийн цахим хаягтаа түгээсэн шинжтэй байх бөгөөд шүүгч хэргийн талаар өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлсэн, шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд харшилсан, сөргөөр нөлөөлж болох мэдээлэл тараасан, байршуулсан гэх утга, агуулгагүй байна. Тухайн Тамгын газрын фэйсбүүк хаягт нийтлэгдсэн шүүх хуралдааны товын талаарх мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт ба уг мэдээллийг аливаа этгээд өөрийн цахим хуудастаа түгээхийг хуулиар хориглоогүй...” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлтэй гэж үзсэн байна. 

            Гурав. 2024 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт Ардын нам ялалт байгуулсан бөгөөд хуульд зааснаар аймгийн Засаг дарга болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг аймаг дахь Ардын намынхан засаглах болсон байна. Үүний дараагаар ерөнхий шүүгч Б.Гансүх-н эхнэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон байна. ....Ерөнхий шүүгч Б.Гансүхийн эхнэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон байна ... С.А нь аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон гэх, мөн Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  өмгөөллийн үйл ажиллагаа эрхэлж байхад нь түүний үйлчлүүлэгч байсан ба одоог хүртэл дотно найз нөхдийн харилцаатай гэх өргөдлийн үндэслэлийн тухайд:

            Шүүхийн сахилгын хорооны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн СХТ/2025/0016 дугаартай тогтоолоор “...хэргийн оролцогчтой хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй бол тухайн хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй тул хуульд заасан татгалзан гарах үндэслэл үүссэн эсэхийг шалгах ажиллагааны хүрээнд тогтоох нь шүүгч Б.Гансүхийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан зөрчлийг гаргасан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийхэд шаардлагатай...” гэж үзсэн байна.

            Дээрх 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн СХТ/2025/0016 дугаартай тогтоолд дурдсан эргэлзээ бүхий асуудлуудыг тодруулахаар илтгэгч гишүүнээс шалгах ажиллагаа явуулсны үндсэн дээр дараах саналыг гаргаж байна.

            Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Нотлох баримт гаргуулах тухай” ГЗБ/2025/0195 дугаартай захирамжаар С овогтой А-г  эрх бүхий албан тушаалд томилсон тушаал, холбогдох баримтыг гаргуулахаар Увс аймгийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна.

            Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн №4/* тоот албан бичиг болон түүний хавсралтаар Увс аймгийн Засаг даргын  2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засаг даргын зөвлөхөөр томилох тухай” Б/* дугаар захирамжийг Шүүхийн сахилгын хороонд ирүүлжээ.

            Уг Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн “Засаг даргын зөвлөхөөр томилох тухай” Б/* дугаар захирамжийн ЗАХИРАМЖЛАХ нь хэсгийн 1 дэх заалтаар 1. Аймгийн Засаг даргын зөвлөхөөр С-н А-г 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилсугай.” гэжээ. 

            Тус сахилгын хэрэгт 2024 оны 2 дугаар улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн иргэдийн жагсаалт болон Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Н.Т-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/* дугаартай тушаал тус тус авагдсан байна.

            - Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн ... дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн 1127 иргэдийн жагсаалтаас үзэхэд, холбогдогч шүүгч Б.Гансүхийн эхнэр Н.Т нь нийт 78 оноо авч, төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн байна. 

            - Мөн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн “Н.Т-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/* дугаар тушаалаас үзэхэд, уг тушаалын 1 дэх заалтаар Н овогтой Т-г  аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилсугай.” гэжээ.

            Дээрх үйл баримтуудаас үзэхэд, холбогдогч шүүгч Б.Гансүхийн эхнэр Н.Т нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний албан тушаалд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн томилогдсон байна.

            Өргөдөл гаргагчийн тайлбарлаж байгаа шүүгч Б.Гансүхтэй найз нөхдийн харилцаа холбоотой гэх иргэн С.А нь Увс аймгийн Засаг даргын зөвлөхөөр 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн томилогджээ.

            Дээрх үйл баримтуудаас нэгтгэн дүгнэхэд, шүүгч Б.Гансүхийн эхнэр Н.Т нь Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний албан тушаалд С.А-г Увс аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилогдохоос өмнө нь буюу он цагийн дарааллын хувьд түрүүлж томилогдсон болох нь тогтоогдож байна.

            Дээрх үйл баримтуудыг тодруулахаар гэрчээс мэдүүлэг авахад гэрч Н.Т мэдүүлэгтээ:

            Асуулт: Та ямар ажил эрхэлдэг вэ? хэзээ тус албан тушаалд томилогдсон бэ? гэхэд

            Хариулт: Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашиг хариуцсан мэргэжилтнээр 2024.12.23-ны өдөр Б/* Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон.

            Асуулт: С.А гэж хүнийг таних уу? хэзээнээс хэрхэн мэдэх вэ? гэхэд    Хариулт: Увс аймгийн орон нутгийн МБС телевизийн нэвтрүүлэгч байх үеэс харж байсан. Огт уулзаж байгаагүй.

            Асуулт: С.А гэж хүнтэй хамт, удирдлага дор нь ажиллаж байсан уу? гэхэд

            Хариулт: Надтай хамт ажиллаж байгаагүй. Миний дарга биш, манай хуулийн хэлтсийн ахлах Б.А гэж хүн байдаг.

            Асуулт: С.А гэдэг хүнтэй холбоотой таны нөхөр хувийн болон ажлын харилцаатай юу?

             Хариулт: Энэ хүнтэй хувийн болон найз нөхдийн харилцаа байхгүй. Ажил хэргийн хувьд ямар харилцаатайг мэдэхгүй.

            Асуулт: Засаг даргын Тамгын газарт ажилладаг уу?

            Хариулт: Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр саяхан ажилладаг гэж сураг сонссон, Засаг даргын Тамгын газарт сууж ажилладаг талаар мэдэхгүй.” гэж мэдүүлсэн.

            Мөн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хэргийн оролцогчтой уулзсан тэмдэглэлээс үзэхэд, холбогдогч шүүгч Б.Гансүх нь “Орон нутгийн телевизэд ажиллаж байх үед нь зурагтаар гардаг байх үед мэднэ. Тухайн үед биечлэн уулзаж байгаагүй. 2015 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Ч-н гомдлоор эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж байх үед хууль зүйн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч, хүсэлт бичиж өгөх байдлаар танилцаж байсан. Тэр үеэс хойш хувийн болон албаны шугамаар харилцаж байгаагүй.” гэж мэдүүлсэн.

            Гэрч С.А 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрчийн мэдүүлэгтээ:

            Асуулт: Өргөдөл гаргагч Д.П , О.С, холбогдох шүүгч Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх нарыг таних уу. Садан төрөл, өс хонзонгийн холбоо байгаа юу гэхэд

            Хариулт: Садан төрөл өс хонзонгийн холбоо байхгүй. Өргөдөл гаргагч нарыг огт танихгүй. Г шүүгчийг 2015 онд өмгөөлөгч байхад нь хууль зүйн туслалцаа авч байсан учир мэднэ гэв.

            Асуулт: Шүүгч Б.Гансүхтэй хувийн харилцаа байгаа юу гэхэд

            Хариулт: Хувийн харилцаа байхгүй. Хууль зүйн туслалцаа авснаасаа хойш холбоогүй байгаа.

            Асуулт: Та ямар ажил эрхэлдэг вэ? хэзээ тус албан тушаалд томилогдсон бэ?

            Хариулт: 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Увс аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилогдсон, одоог хүртэл ажиллаж байгаа. 

            Асуулт: Тус ажилд томилогдохоосоо өмнө ямар ажил эрхэлж байсан бэ?

            Хариулт: 2020 оноос Увс аймгийн Засаг даргын Монгол Ардын намын дэд дарга хийж байсан. 2016-2020 онд Увс аймгийн хурлын төлөөлөгч хийж байсан.

            Асуулт: Шүүгч Б.Гансүхийн эхнэр Н.Т гэж хүнийг таних уу? Хамт ажиллаж байсан уу?

            Хариулт: Огт танихгүй. Хамт ажиллаж байгаагүй.

            Асуулт: Ч.Ч, Г.О, У.Б , Б.А нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар байдлаар оролцсон бэ?

            Хариулт: Миний Авлигатай тэмцэх газарт өгсөн өргөдлийн дагуу шалгагдаж байгаа эрүүгийн хэрэг, 2021 онд Авлигатай тэмцэх газарт гэрчийн мэдүүлэг өгч байсан. Өөрөөр тухайн хэрэгт оролцоогүй. Тухайн эрүүгийн хэргийн оролцогч биш тул тус хэргийн талаар мэдээлэл байхгүй байна. Шийдвэрлэгдсэн, шийдвэрлэгдээгүй талаар мэдэхгүй.

            Асуулт: 2015 онд Г шүүгч өмгөөлөгч байхдаа хууль зүйн туслалцаа үзүүлсэн эрүүгийн хэрэг нь хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?

            Хариулт: 2015 ондоо прокурорын шатанд хэргийг хэрэгсэхгүй болгосон.

            Хариулт: Шүүгч Б.Гансүх болон түүний эхнэртэй хувийн харилцаа байхгүй. Эхнэрийг нь огт харж байгаагүй. Эрүүгийн хэрэгт оролцогчоор оролцоогүй.” гэж мэдүүлжээ.   

            Дээрх сахилгын хэрэгт цугларсан бичгийн баримт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэргийн оролцогчтой уулзсан тэмдэглэлээр өргөдөлд дурдсан үйл баримтууд нь тогтоогдохгүй байна.

              Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгч Б.Гансүхэд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүүгч Б.Гансүх Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:  

“ ...Миний бие өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа 2015 онд тухайн үеийн Увс аймгийн ИТХ-ын дарга Ч.Ч-н гомдлоор 2002 оны Эрүүгийн тухай тусгай ангийн 111 дүгээр зүйл /Гүтгэх/-д заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан сэтгүүлч С.А-т хуул зүйн туслалцаа үзүүлж ажилласан. Энэ хэрэг прокурорын хяналтын шатанд 2015 оны 6 дугаар сард хэрэгсэхгүй болж шийдвэрлэгдсэн.

Намайг өмгөөлөгчөөр нь ажиллаж хууль зүйн туслалцаа үзүүлж байх үед С.А нь улс төрийн намын гишүүн байсан эсэхийг мэдэхгүй, сэтгүүлчийн чиг үүргийнхээ хүрээнд хэрэгт холбогдсон байсан.

Энэ үед албан ажлын журмаар танилцаж байсан бөгөөд хэрэг шийдвэрлэгдсэн үеэс хойш ямар нэгэн байдлаар харилцаж байгаагүй болно.

С.А нь сэтгүүлчээр ажиллаж байсан учраас орон нутгийн болон бусад цаг үеийн мэдээллийг Facebook цахим хуудсандаа байнга нийтэлдэг гэдэг утгаар нь өмгөөлөгчөөр нь ажиллахаас өмнө би цахим хуудсыг нь дагадаг байсан, одоо ч дагаж байна.

Өмгөөлөгчөөр нь ажиллаж байхдаа гар утсаар ярьж байсан боловч баримт байхгүй, харин Facebook-ийн messenger-ээр харилцаж байсан байдлыг хуулбарлан хавсаргав.

Бусад цахим орчинд нэгнийгээ дагадаг, найзын бүртгэл үүсгэсэн зүйл байхгүй болно.

С.А нь Ч.Ч нарт холбогдох энэ хэргийг шүүх шийдвэрлэх удаашруулж байгаа, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаа, шүүх нөлөөлөлд автсан талаар үндэслэлгүй мэдээлэл Facebook-н өөрийн "С-н А " гэх цахим хуудсандаа удаа дараа нийтэлж байсан нь хадгалагдсан байгаа эсэхийг мэдэхгүй байна. Нэг удаагийн нийтлэлийн сэтгэгдэл хэсэгт "Шүүх хуралдаан нээлттэй явагдаж байгаа тул С.А-г өөрөө ирж сууж, шүүх хуралдаан хэнээс шалтгаалан хойшлогдож байгаа талаар мэдээлэл авах"-ыг хүссэн сэтгэгдлийг би өөрөө бичиж байсан.

Би өөрөө С.А-н цахим хуудсанд зочилж, дээрх мэдээллийг хайх нь зохимжгүй тул уг мэдээллийг хуулбарлан авч хавсаргаагүй болно.

3.Эхнэр Н.Т ажилд орсон талаар:

Миний эхнэр Н.Т 2024 оны II улирлын Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, нөөцийн * дугаарт бүртгэгдсэн байна. /нөөцийн бүртгэл хавсаргав/.

Миний найз Б.О-ны эхнэр Ц.Г Увс аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтэст мэргэжилтнээр ажилладаг бөгөөд тухайн хэлтэст түр орон тоо гарсан талаар Н.Т-т хэлсэн тул холбогдох материалаа Увс аймгийн ЗДТГ-т өгч, Увс аймгийн ЗДТГ-ын даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/* дугаар тушаалаар "Увс аймгийн ЗДТГ-н Хууль, эрх зүйн хэлтсийн "Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтэн"-ий орон тоонд түр томилогдон ажиллаж байна. /тушаалын хуулбар хавсаргав/.

С.А-г Увс аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон талаар мэдээлэл цахим орчинд явж байсныг харж байсан бөгөөд уг мэдээллийг хайж үзэхэд Facebook-ийн "У" цахим хуудсанд 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нийтлэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл миний эхнэр ажилд орсны дараа С.А нь Засаг даргын орлогчоор томилогдсон байх магадлалтай байна.

Энэ нөхцөл байдлаас үл хамаараад миний эхнэр Н.Т-г ажилд ороход хэн нэгэн албан тушаалтны нөлөөлөл байгаагүй болно.

Өөр байдлаар С.А-тай хувийн харилцаагүй гэдгийг нотлох баримт гаргаж өгөх боломжгүй байгааг тэмдэглэж байна.

Иймд надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч өмгөөлөгч Д.П, О.С нараас Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүхэд холбогдуулан гаргасан өргөдлийг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ГЗТ/2025/0008 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзсаныг Шүүхийн сахилгын хорооны гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн СХТ/2025/0016 дугаартай тогтоолоор хүчингүй болгож, холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэснээр илтгэгч гишүүн шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

1.Өргөдлийн “ ...шүүгч татгалзан гарах үүргээ биелүүлээгүй, хэргийн оролцогч нарыг татгалзан гаргах мэдээллээр хангаагүй” гэх үндэслэлийн тухайд: 

Сахилгын хэрэгт авагдсан баримтаар Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүх нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ч.Ч, Г.О, У.Б , Б.А нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн 2102......... дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Ерөнхий шүүгч Б.Гансүх нь шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө 2015 онд С.А-т хууль зүйн туслалцаа үзүүлж байсан ба С.А нь Авлигатай тэмцэх газарт Ч.Ч нарт холбогдуулан анх гомдол гаргаж, тус хэрэгт 2021 оны 10 дугаар сарын 80-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн байна.

Мөн тус хэргийн шүүгдэгч Ч.Ч нь урьд шүүгч Б.Гансүхийг “ ...шүүгчээр томилогдон ажиллахаасаа өмнө иргэн С.А-т хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан атлаа, түүнтэй сонгуульд өрсөлдсөн Ч.Ч-д холбогдох тухайн сонгуультай холбоотой маргааныг хүлээн авч шийдвэрлэсэн нь шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн” гэж Шүүгчийн ёс зүйн хороонд гомдол гаргасныг тус хорооны 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 47 дугаар магадлалаар шүүгч Б.Гансүхэд сахилгын шийтгэл оногдуулсан шийдвэрийг Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн * тогтоолоор хэвээр үлдээж байсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа” тохиолдолд шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1-д ... “хувийн харилцаатай” гэж хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд орсон шүүгч уг хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгчтэй эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгоно. ...Нэг сургуульд суралцсан болон урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, олон нийтийн цахим сүлжээнд “дагагч”, “найз” зэргээр холбогдсон, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа, түүнчлэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын бараа, ажил үйлчилгээг нийтэд зарласан нөхцөлөөр авсан зэрэг нь “хувийн харилцаа”-нд хамаарахгүй,

Мөн тогтоолын 3-д “ашиг сонирхлын зөрчил” гэж ... нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг ойлгоно. ... “үүсэж болзошгүй” гэж ашиг сонирхлын зөрчилд хүргэх магадлалтай байдлыг ойлгох бөгөөд ашиг сонирхлын зөрчлийг эргэлзээгүй нотолсон байхыг шаардахгүй, харин ашиг сонирхлын зөрчил бүхий үр дагаварт хүргэж магадгүй нь холбогдох баримтаас тодорхойлогдсон байхыг ойлгоно. Нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мэргэжлийн болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн байгууллагын гишүүнчлэл, нэг нутгийн хүн, багш шавийн харилцаатай гэх мэт нийтлэг тохиолддог нөхцөл нь дангаараа шүүгч болон нөгөө этгээдийн хоорондын ашиг сонирхлын нэгдэлтэйг илэрхийлэхгүй” гэж тайлбарласан. 

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгдэгч Ч.Ч-н “ ...хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн С.А-т хууль зүйн туслалцаа үзүүлж байсан, мөн түүний гомдлоор Монгол Улсын Шүүгчийн ёс зүйн хороо 2017 онд шүүгч Б.Гансүхэд сахилгын шийтгэл оногдуулсан” гэх үндэслэлээр Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  татгалзан гаргах хүсэлтийг хэлэлцээд хуульд заасан татгалзан гарах үндэслэлд хамаарахгүй гэж шийдвэрлэсэн нь шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд тусгагджээ.

Түүнчлэн шүүгдэгч Ч.Ч-н өмгөөлөгч О.С, Б.П нараас  2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр “ ...Ерөнхий шүүгч Б.Гансүхийг  Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргасан. Мөн өөрийн “Г” гэсэн фейсбүүкээр шүүх хуралдааны зарыг түгээсэн” гэх үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлт гаргасныг мөн шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн авахаас татгалзсан, шүүгч нь хэргийн оролцогч Ч.Ч-тэй эдийн болон эдийн болон эдийн бус ямар нэг хувийн ашиг сонирхлоор холбогдоогүй, албан үүрэг, тэгш шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байхгүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүрд татгалзан гарах үүрэгтэй байсан гэж үзэхгүй.

Дээрх байдлаар хуульд заасан татгалзах үндэслэлд хамаарахгүй, Ерөнхий шүүгч Б.Гансүх нь шүүгчийн албан тушаалд томилогдохоосоо өмнө гэрч С.А-т хууль зүйн туслалцаа үзүүлж байсан, мөн урьд шүүгдэгч Ч.Ч-д холбоотой зөрчлийн хэргийг шийдвэрлэж байсан зэрэг өөр бусад байдлаар танил байх нь шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй талаар дээр дурдсанаар Улсын дээд шүүхийн тайлбарт тодорхой заасан, мөн тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байх тул шүүгчийг “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй”, “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа бол өөрөө татгалзан гарах, энэхүү нөхцөл байдлыг хэргийн оролцогч нарт мэдэгдэж, тэдгээрийг татгалзах хүсэлт гаргах боломжоор хангах үүргээ биелүүлээгүй” гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28, мөн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д заасан сахилгын зөрчил гаргаагүй байна гэж үзлээ.

2.Өргөдлийн: “ ...шүүх хуралдааны товын мэдээллийг өөрийн цахим хаягтаа нийтэлсэн” гэх үндэслэлийн тухайд:

Шүүгч шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэхийг хориглодог ба түүнчлэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим мэдээ, мэдээллийн сүлжээ ашиглахдаа шүүх, шүүгчийн нэр хүндэд харшилсан, эсхүл шүүхийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх санал, сэтгэгдэл, зураг, дууны, дуу-дүрсний бичлэг болон бусад хэлбэрийн мэдээ, мэдээлэл тараах, байршуулахыг тус тус хориглодог.

Өргөдөл гаргагчаас өргөдөлдөө Ерөнхий шүүгч Б.Гансүх нь Facebook дэх “Увс аймаг дахь шүүхийн тамгын газар” гэх хаягнаас нийтэлсэн Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 10-ны өдрийн хооронд товлогдсон эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг зарыг нийтэлснийг өөрийн “G” гэх хаягаар олон нийтэд түгээсэн талаарх баримтыг хавсаргаж ирүүлжээ.

Тус  хуралдааны зард Ч.Ч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 09:00 цагт хянан хэлэлцэхээр товлосон байна.

Дээрх тохиолдолд шүүгчийг хэрэгт шууд хувийн сонирхолтой гэж үзэхгүй бөгөөд түүнчлэн шүүхийн Тамгын газраас нийтэлсэн шүүх хуралдааны товыг шүүгч өөрийн цахим хаягтаа түгээсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4, 50.1.32-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.

3. Өргөдлийн: “ ...шүүгч Б.Гансүхийн эхнэр орон нутгийн сонгуулийн дараагаас төрийн албанд ажиллах болсон” гэх үндэслэлийн тухайд:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Увс аймгийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн Б/* дугаартай тушаалаар Засаг даргын зөвлөхөөр С.А-г томилсон байна.

Харин Ерөнхий шүүгч Б.Гансүхийн эхнэр болох Н.Т нь төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэж, Төрийн албаны зөвлөлийн 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн *  дугаар тогтоолоор Төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдэж, Увс аймгийн Засаг даргын тамгын газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/* дугаар тушаалаар Хууль, эрх зүйн хэлтсийн Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн эрх ашгийг хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр Н.Т-г томилжээ.

Дээрхээс үзэхэд шүүгч Б.Гансүхийн эхнэр Н.Т-г нь төрийн албанд томилогдсоны дараа С.А нь Увс аймгийн Засаг даргын зөвлөхөөр томилогдсон байна.

Мөн С.А нь Н.Т-г томилох эрх бүхий албан тушаалтан биш байх бөгөөд тэдгээр нь албан үүргийн хувьд ажлаа шууд хариуцан тайлагнадаггүй нь тогтоогдож байна.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн Н.Т-г гэрчээр асуухад тэрээр “ ... С.А-тай хамт ажиллаж байгаагүй, миний дарга биш, хувийн болон найз нөхдийн харилцаа байхгүй, манай нөхрийн хувьд ажил хэргийн харилцаатайг мэдэхгүй байна, Засаг даргын орон тооны бус зөвлөхөөр саяхан ажилладаг гэж сураг сонссон, Засаг даргын тамгын газарт сууж ажилладаг талаар мэдэхгүй” гэж мэдүүлжээ.

Мөн С.А-н гэрчээр өгсөн “ ... Г шүүгчийг 2015 онд хууль зүйн туслалцаа авч байсан учир мэднэ, хувийн харилцаа байхгүй, хууль зүйн туслалцаа авснаасаа хойш холбоогүй байгаа, Н.Т гэж хүнийг огт танихгүй, хамт ажиллаж байгаагүй, шүүгч Б.Гансүх болон түүний эхнэртэй хувийн харилцаа байхгүй, эхнэрийг нь огт харж байгаагүй, эрүүгийн хэрэгт оролцогчоор ороогүй“ гэх мэдүүлэг,

Холбогдох шүүгчээс авсан: “ ... Орон нутгийн телевизэд ажиллаж байх үед нь зурагтаар гардаг байх үед мэднэ. Тухайн үед биечлэн уулзаж байгаагүй. 2015 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга Ч.Ч-н гомдлоор эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж байх үед хууль зүйн туслалцаа үзүүлж, зөвлөгөө өгч, хүсэлт бичиж өгөх байдлаар танилцаж байсан. Тэр үеэс хойш хувийн болон албаны шугамаар харилцаж байгаагүй” гэх нэмэлт тайлбар зэргээс үзэхэд өргөдөл гаргагч нараас гаргасан “ ... 2024 оны орон нутгийн сонгуулиар Увс аймагт Ардын намынхан засаглах болсны дараагаар ерөнхий шүүгч Б.Гансүхийн эхнэр нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хуулийн хэлтэст мэргэжилтнээр ажиллах болсон/Төрийн албаны шалгалт өгөөгүй/,  ... С.А нь аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон гэх, мөн ерөнхий шүүгч Б.Гансүхтэй одоог хүртэл найз нөхдийн харилцаатай” гэх өргөдлийн үндэслэл шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл, Ерөнхий шүүгч Б.Гансүх болон түүний эхнэр Н.Т нар нь С.А-тай хувийн дотно харилцаагүй байх ба түүнчлэн Н.Т нь төрийн албанд хуульд заасан журмын дагуу томилогдсон болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Иймд илтгэгч гишүүнээс Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд  холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн ГС/2025/0046 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гансүхэд  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.МЯГМАРЦЭРЭН

      ГИШҮҮН                                          Б.СУГАР

                                                                                    Д.ЭРДЭНЭЧУЛУУН