
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-07-03
Дугаар 103
Улаанбаатар хот

Сахилгын зөрчлийг нотлох дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяад холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний нотлох дүгнэлтэд “...А мөрдөгчөөс мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэрэгт Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 2401000140304 дүгээр тогтоолоор Э дарга асан Б-д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, улмаар Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал гаргасныг шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЦХШЗ/000 дүгээр захирамжаар хүлээн авч, цагдан хорьсон байна.
Яллагдагч Б-ийн өмгөөлөгч Ч-оос 2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр тус захирамжид “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Прокурор ... гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж тус тус өөрчлөлт орсон, ... дан ганц мэдээлэл байгаа гэдгээр бус, заавал баримт байхыг шаардаж, түүнийг нь хэлэлцүүлгийн бүхий л оролцогч нарт танилцуулах ёстой талаар хуульчилсан байхад ... дээрх хуулийн зохицуулалтыг үл хайхран журам зөрчсөн ...” гэх үндэслэлээр Ерөнхий шүүгчид гомдол гаргажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шүүгч дангаар гаргасан шийдвэрийн талаарх гомдлыг тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгч, түүний эзгүйд томилсон шүүгч даруй хянан шийдвэрлэнэ ...” гэж зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс 2024 онд Ерөнхий шүүгчийг эзгүй байх хугацаанд түүнийг орлох шүүгчээр Д.Мөнхтуяаг томилсныг Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар захирамжаар албажуулсны дагуу дээрх гомдлыг шүүгч Д.Мөнхтуяа 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд, шүүгчийн 000 дүгээр захирамжаар “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцээгүй, ... хяналтын прокурор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах санал хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах ямар үндэслэл бүхий баримт байгаа талаараа танилцуулаагүй байна ...” гэх үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Дээрх шийдвэртэй холбогдуулан прокуророос шүүгч Д.Мөнхтуяаг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг Нийслэлийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын шадар зөвлөх Э-ын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 1/0000 дугаар албан бичгээр мэдэгдсэн байна.
Харин Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд дурдсан үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарах эсэхэд шалгах ажиллагааг явууллаа.
Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ үндэслэлийг шүүхэд танилцуулна” гэж заасныг “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна." гэж өөрчилжээ.
Мөн тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан боловч Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д тус хуулийг дагаж мөрдөх хугацааг нарийвчлан заагаагүй байна.
Харин Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан бөгөөд Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тус хуулийн 2 дугаар зүйлийн Хоёр дахь хэсгийн 1 дэх заалтад заасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өөрчлөлт оруулсныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр байна.
Гэтэл шүүгч тайлбартаа “... Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж хуульчилсан. Тухайн цаг хугацаанд legalinfo.mn сайтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан гэсэн атлаа дагаж мөрдөх хугацааг тодорхой заагаагүй байгаа. Одоо ч дагаж мөрдөх хугацааг заагаагүй байгаа нь Үндсэн хуулийн 10 хоногийн дараа мөрдөгдсөн гэж ойлгохоор байгаа ...” гэж, харин шүүгчээс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр авсан нэмэлт тайлбарт “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйл нь таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай болон 14.10 дугаар зүйл нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авах тухай гэсэн бүлэг хуулийн зохицуулалтад орсон нэмэлт, өөрчлөлтүүдийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байсан тул энэ агуулгаар мөн адил ойлгож энэ хугацаанаас хойш дагаж мөрдөнө гэж ойлгосон ...” гэж тус тус тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Учир нь, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д хүчин төгөлдөр болох хугацааг тодорхой заагаагүй боловч тус хуулийг дагаж мөрдөж эхлэх хугацааг тогтоосон хуульд 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэж тодорхойлсон байх тул Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин зургаа дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж заасан үндэслэлд хамаарахгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт оруулсан тул үүнтэй адилтгаж ойлгох нь буруу байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Тодруулбал, хуулийн илт тодорхой заалт нь хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалт тул хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг шүүхийг өөрчлөн байгуулах үйл ажиллагаатай уялдуулан дагаж мөрдөхөөр зохицуулж, энэ хугацааг тусдаа хуулиар тогтоосныг “тодорхой бус” гэж үзэхгүй бөгөөд уг заалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, ноцтой үр дагаврыг үүсгэсэн байх зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч зөрчилд тооцохоор хуульчилсан.
Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэнд тооцох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хэрэглэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах нь хууль ёсны байх зарчимд нийцэхээр байхад шүүгч Д.Мөнхтуяа нь хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтад үндэслэн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан захирамжийг хүчингүй болгосон, улмаар яллагдагчийг цагдан хорих болсон үндэслэл хэрэгжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хууль хэрэглээний талаар эргэлзээ үүсгэх зэрэг сөрөг үр дагаврыг учруулахуйц ноцтой зөрчил гаргасан тул түүнийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв. ...” гэв.
Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” заасан бөгөөд мөрдөн байцаалтын шатанд яллагдагчийг цагдан хорих, эсхүл цагдан хорих хугацааг сунгасан шүүгчийн шийдвэрийг прокурор, оролцогч эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу дагуу тухайн шатны шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргах эрхтэй байдаг.
Миний бие Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгчээр ажиллаж байхдаа тухайн шүүхдээ шүүгчээр хамгийн олон жил ажилласан болохынхоо хувьд Ерөнхий шүүгчийг орлон ажиллаж байсан ба өмгөөлөгч Ч-оос гаргасан тус дүүргийн шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дугаартай шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хянан шийдвэрлэсэн. Гэтэл Авлигатай тэмцэх газраас 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тухай санал гарган 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Уг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд дээд шатных нь прокурорт 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл гомдлын хариуг аваагүй байна.
Авлигатай тэмцэх газраас Шүүхийн сахилгын хороонд гаргасан албан бичигт "... Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татагдан, цагдан хоригдож байсан Э газрын дарга асан Б-ийн өмгөөлөгч Ч-оос гаргасан гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцэж захирамж гаргаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжих хуулийн заалтыг үндэслэл болгосон ...” гэжээ.
Яллагдагчийн өмгөөлөгчөөс яллагдагчаар цагдан хорьсон шүүгчийн захирамжид гаргасан гомдол, шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлахдаа гомдлын хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр "... гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа”, мөн уг хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Прокурор гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж тус тус өөрчлөлт орсон ...” энэ хуульд зааснаар нотлох баримтыг танилцуулаагүй талаар гомдлыг гаргаж, шүүх хуралдаанд тайлбарласан.
Монгол Улсын Үндсэн хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бөгөөд хэрэв хуульд өөрөөр заагаагүй бол ийнхүү нийтэлснээс хойш арав хоногийн дараа хүчин төгөлдөр болно.” гэж хуульчилсан. Тухайн цаг хугацаанд legalinfo.mn сайтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан гэсэн атлаа дагаж мөрдөх хугацааг тодорхой заагаагүй байгаа. Одоо ч дагаж мөрдөх хугацааг заагаагүй байгаа нь Үндсэн хуулийн 10 хоногийн дараа мөрдөгдсөн гэж ойлгохоор байгаа. Албан ёсоор хэвлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд ч дээрх хуулийг дагаж мөрдөх хугацааг заагаагүй байгаа.
Тухайлбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйл “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ”, 14.10 дугаар зүйл буюу “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах хугацаа” зэрэг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтуудад 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлтүүд орсон бөгөөд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуульд тодорхой заасан байдаг. Энэ нь албан ёсоор хэвлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад тодорхой харагдах болно.
Үүнээс гадна 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дугаартай “Яллагдагчаар цагдан хорих тухай” шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт “амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” гэж дурдсан баримт хавтаст хэрэгт хангалттай байхгүй байсан гэж дүгнэж, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар шүүгч нь хэнээс ч хараат бусаар шийдвэр гаргах бөгөөд түүнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй байх агуулгыг хуульчилсан.
Прокурорын яллагдагчаар татах тухай тогтоолд "... илт хууль бусаар шийдвэр гаргаж хэргийн яллагдагчид давуу байдал бий болгосон гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсугай.” гэжээ.
Илт хууль бус шийдвэр гэдэг үгийн утгаар нь авч үзвэл “илт” гэдэг нь илэрхий мэдэх, мэдэж буй нь тодорхой байх, "хууль бус ... хуульд харш, хуульгүй” гэх үгнүүдийн агуулгыг илэрхийлэх бөгөөд илтээр 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэх хуульд тодорхой заасан байхад өмнө нь энэ хуулийг хэрэглэсэн зүйл байхгүй болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж шүүгчид хориглох заалтыг заасан. Энэ ноцтой зөрчилд хамаарахгүй болно.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 14 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт буруутгаж буй хэн боловч гэм буруу нь хуулийн дагуу нотлогдох хүртэл гэм буруугүйд тооцогдох эрхтэй” гэж тус тус заасан.
Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Ц сайтад “албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж үзэх үндэслэл нотолгоо хуулийн байгууллагад бүрджээ. Ингэснээр шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.” гэх мэдээллийг, ... телевизийн Монгол коммент нэвтрүүлгээр мөн адил утга, агуулга бүхий мэдээллийг цацаж, ганц миний тухайд ч биш бусад хэн нэгнийг гэм буруутайд тооцогдоогүй байхад гэм буруутай мэтээр мэдээлэл бусдад дамжуулж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчиж байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
... Хэлтсийн дарга Б-ээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяад холбогдуулан гаргасан мэдээллийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн ГЗҮ/2025/0050 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Мэдээлэлд “...шүүгч Д.Мөнхтуяа нь ...“Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх тухай” 000 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйл. ”Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасныг зөрчиж хуулийн заалт хүчин төгөлдөр болоогүй байхад хэрэглэж яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хууль бусаар өөрчилсөн нөхцөл байдал тогтоогдсон” гэжээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Нийслэлийн Прокурорын газраас Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Тус хэргийн хяналтын прокуророос яллагдагч Б-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах санал ирүүлснийг шүүх хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ЦХШЗ/000 дүгээр захирамжаар яллагдагч Б-д 1 сарын хугацаанд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
Яллагдагчийн өмгөөлөгч Ч-оос тус шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч “ ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Прокурор, ...гаргасан санал, хүсэлтийнхээ хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж тус тус өөрчлөлт орсон. Дээрхээс харвал дан ганц “мэдээлэл байгаа” гэдгээр бус, заавал баримт байхыг шаардаж, түүнийг нь хэлэлцүүлгийн бүхий л оролцогч нарт танилцуулах ёстой талаар хуульчилсан байх бөгөөд энэхүү ажиллагаа шүүх хэрхэн хэрэгжүүлснээр нь тухайн шүүхийн шийдвэр “үндэслэл, журмын дагуу” гарсан эсэхийг шалгуур болох учиртай” гэх гомдлыг гаргасан байна.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 02 дугаар захирамжаар Ерөнхий шүүгч О нь ээлжийн амралттай болон бусад шалтгаанаар түр эзгүйд орлох шүүгчээр Д.Мөнхтуяаг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Үүний дагуу өмгөөлөгч Ч-ийн захирамжид гаргасан гомдлыг шүүгч Д.Мөнхтуяа хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 000 дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Прокурор, хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид танилцуулна” гэж заасан хуулийн шаардлагад нийцээгүй шүүгчийн захирамж үндэслэл бүхий болсон гэж үзэх боломжгүй” гэх үндэслэлээр 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 000 дүгээр “Яллагдагчийг цагдан хорих тухай” захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Улсын Их Хурлаас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 3 дугаар зүйлд “...14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн "үндэслэлийг шүүхэд" гэснийг "хууль зүйн үндэслэл, түүний нотлох баримтыг шүүх, шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчид" гэж ...өөрчилсүгэй” гэж, тус хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заажээ.
Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Шүүх байгуулах тухай хуулийг 2 дугаар зүйлийн нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, хоёр дахь хэсгийг 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн хурав, зургаа дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж зааснаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байжээ.
Гэтэл шүүгч 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай захирамжийг хүчингүй болгож” шийдвэрлэхдээ хүчин төгөлдөр болоогүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт орсон нэмэлт, өөрчлөлтийг үндэслэсэн нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан сахилгын зөрчилд хамаарч байна.
Холбогдох шүүгч сахилгын хорооны хуралдаанд “...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй, хуулиар хориглосон, хийх ёсгүй зүйлийг хийсэн үйлдэл байхгүй. ...Нэмэлт өөрчлөлтийг 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөнө гэж тодорхой заасан байхад нь хэрэгжүүлээгүй биш. Энэ шийдвэрийн улмаас хэн нэгний ашиг сонирхолд ноцтой хор уршиг учраагүй. Хэргийн оролцогч болон бусад этгээдийн Үндсэн хууль болон Олон улсын гэрээнд заасан үндсэн эрхийг хасаж, хязгаарласан, зөрчсөн гэж үзэх хууль зүйн үндэслэл байхгүй” гэх тайлбар гаргасныг хүлээж авах боломжгүй.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд энэ хуулийг Шүүх байгуулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө гээд дагаж мөрдөх журмын тухай хуульд Шүүх байгуулах тухай хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө гэж заасныг хуулийн илт тодорхой заалт гэж үзнэ.
Түүнчлэн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “ноцтой зөрчих” гэдгийг ...хуулийн илт тодорхой заалтын агуулгыг илэрхий өөрөөр, дур зоргоороо тайлбарлан хэрэглэсэн, эсхүл хэрэглэх ёстой хуулийг зориуд хэрэглэлгүй орхисон, ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэж тайлбарласан.
Харин шүүгч дагаж мөрдөх журмын тухай хуулиар тогтоосон хугацааг нягтлалгүй хүчин төгөлдөр болоогүй хуулийн заалтыг хэрэглэж шийдвэр гаргасан үйлдэл нь хэн нэгэн этгээдэд хор хохирол учруулсан эсэхээс үл хамаараад хууль хэрэглээний ноцтой зөрчилд тооцогдоно.
Шүүгч хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, хууль хэрэглээний мэргэжлийн ур чадвартай байхын зэрэгцээ албан үүргээ хэрэгжүүлэхдээ хариуцлагатай байж хуульд нийцсэн үндэслэл бүхий шийдвэр гаргах нь шүүх эрх мэдлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Иймд, шүүгч Д.Мөнхтуяа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан зөрчил гаргасан нь сахилгын хэрэгт авагдсан баримуудаар тогтоогдож байх тул шүүгчийг мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасны дагуу нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяаг сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан зөрчилд мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.7-т заасныг баримтлан түүнд “нээлттэй сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Г.ЦАГААНЦООЖ
Д.МЯГМАРЦЭРЭН