
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-01-22
Дугаар 16
Улаанбаатар хот

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийн
тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Б.Сугар даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуундарь, сахилгын хэргийн оролцогч ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б нарыг оролцуулан хийж, тус шүүгчид холбогдох сахилгын хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн “Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай” дүгнэлтдээ:
“... Сахилгын хэргийг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлд яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах ажиллагааны процессын талаар зохицуулжээ.
Шүүгч “ ... Хэрэгт хэргийн оролцогч нар таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргасан бол шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2-т заасан “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж зааснаар шүүхийн хэлэлцүүлэг зарлаж шүүхийн хэлэлцүүлэг хийхээр хуульд заасан байх тул хуулийн дагуу шүүхийн хэлэлцүүлэг хийхээр товлож хэргийн оролцогч нарт тов мэдэгдэхээр хууль тогтоогч заасан байна. Гэтэл тухайн Д.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэсний дагуу дээрх хуульд заасан “хүсэлт”-ийг шүүхэд хэн аль нь гаргаагүй ба шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дангаараа хэргийн нотлох баримттай танилцаад гаргаж байгаа шийдвэр болно...” гэж тайлбарлахдаа хэлэлцүүлгийн талаар дурдаагүй.
Дээрх хуульд зааснаар цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг авахад хэлэлцүүлэг хийхээр заасан ба шүүгч нь хэлэлцүүлэг хийхгүйгээр яллагдагчийг цагдан хорих талаар тусгайлсан зохицуулалт байхгүй болно.
Иймээс шүүгч нь хэлэлцүүлэг хийлгүйгээр шууд захирамж гарган яллагдагчийг цагдан хорьсон нь дээрх хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь заалтыг зөрчжээ.
2. Өргөдөл гаргагч Н.Б тус захирамжид гомдол гаргахад “Ерөнхий шүүгч Б.Х 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 3/*** тоот албан бичгээр хариу өгсөн” талаар өргөдөлдөө дурдаж, холбогдох баримтыг хавсарган ирүүлсэн, мөн О.Ө “ ... Ерөнхий шүүгчид гомдол гаргасан. Ерөнхий шүүгч албан тоотоор хариу өгсөн байсан ... Би гомдлыг хэргийн ард үдээд өгсөн...” гэж тайлбарласан боловч эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд тухайн баримт хэрэгт авагдаагүй байсан болно.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1-д “Хавтаст хэрэг нь хэрэгт тусгасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шийдвэр, баримт бичиг, хэрэгт хавсаргасан бусад баримт бичиг, зүйлээс бүрдэнэ” гэж заасанд нийцээгүй, хавтаст хэргийн бүрдлийг хангаагүйд шүүгч хяналт тавиагүй нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан гэж үзнэ.
3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Г нь 2024 оны 02 дугаар сарын 03-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ “ ... Би бичиг үсэг мэдэхгүй... ” гэж , мөн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... би бичиг үсэг сайн мэдэхгүй болохоор өмгөөлөгч оролцуулж мэдүүлэг өгье ... ” гэсэн нь тэмдэглэгджээ.
Үүгээр яллагдагч Ц.Г нь бичиг, үсэг мэдэхгүй болох нь тогтоогдож байна.
Энэ талаар О.Ө “ ... Д.Г-г бичиг мэддэггүй гэдгийг мэдсэн үү, яаж мэдсэн бэ” гэхэд, “Тухайн үед мэдээгүй. Би захирамжийг уншиж танилцуулсан”, “Бичиг үсэг мэддэггүй хүнийг цагдан хорих бол ямар ажиллагаа явагдах талаар хуульд юу гэж заасан бэ” гэхэд, “Өмгөөлөгч оролцуулна эсвэл гэр бүлийнхэнд нь мэдэгдэнэ...” гэж тайлбар өгсөн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад “монгол хэл, бичиг мэдэхгүй” бол сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй” гэсэн байтал яллагдагчийн энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй, ажиллагаанд өмгөөлөгч оролцуулалгүй цагдан хорьсон нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөний дээр яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулсныг “ноцтой” гэж үзнэ.
Шүүгч 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа “ ... Хууль зүйн туслалцааны төвийн ... салбарт улсын өмгөөлөгч ажилтай Н-ын Б нь Хууль зүйн туслалцааны тухай хууль зөрчин өмгөөллийн үйл ажиллагаа явуулсан нь дээрх хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна...” гэсэн.
Шалгах ажиллагааны явцад шүүгч нь “ ... Б ... ямар үндэслэлээр хэрхэн, хэзээ, хэний тушаал шийдвэр, эсхүл Хууль зүйн туслалцааны тухай хуулийн аль зүйл заалтаар ... өмгөөлөгчөөр томилогдсон, ... гэрээ зэргийг ... гаргуулан өгнө үү ...” гэх хүсэлт гаргасныг гишүүний 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн ГЗБ/2024/0303 дугаар захирамжаар “ ... “Хууль зүйн туслалцааны төвийн дүрэм”-ийн 7.1.4-д ... улсын ахлах өмгөөлөгч нь өргөдлийг өмгөөлөгч нарт хуваарилах л зохицуулалттай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт өмгөөлөгч нь тухайн хүн, хуулийн этгээдийн өмгөөлөгчөөр оролцохоо үйлчлүүлэгчийн бичгээр үйлдсэн хүсэлтээр баталгаажуулж, шүүх, прокурор, мөрдөгчид бичгээр мэдэгдэнэ гэсний дагуу өмгөөлөгч Н.Б нь энэ талаар 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр бичгээр мэдэгджээ ...” гэсэн үндэслэлээр хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д зааснаар “Энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл оногдуулах чиг үүрэг бүхий бие даасан байгууллага ... байна” гэж зааснаар шүүгчээс бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааны талаар шалгах ажиллагаа явуулах чиг үүргийг хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.
4. “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”-гаар “Д.Г, Э.Б нар нь 2012 оны 08 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн” гэж , мөн прокурорын 52 дугаар яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт “ ... ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух...” гэж дурдагдсан баримтууд эрүүгийн хэрэгт байсан болно.
Гэр бүлийн тухай хуульд гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа хүнийг гэр бүлийн гишүүн гэж үзнэ гэж зааснаар Э.Б нь Д.Г-н эхнэр, гэр бүлийн гишүүн гэж тооцогдоно.
Шүүгчийн туслахын ажлыг хавсран гүйцэтгэж байсан О.Ө 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “ ... Д.Г, Ц.С нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан талаар Д.Г-н эхнэр н.П, ... нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10 дахь хэсгийн 1-д зааснаар мэдэгдсэн болно. Тухайн үед гэр бүлийн гишүүд нь хамт байсан болно ... ” гэсэн тэмдэглэл үйлдэж, хэрэгт хавсаргажээ.
О.Ө “ ... Хамт явсан эмэгтэйг ... эхнэр нь гэж яаж мэдсэн бэ” гэхэд, “Прокурор хүмүүсээ дагуулж ирэхэд 2 эмэгтэй хамт явж байсан. Гэр бүлийн хүн нь гэхээр нь эхнэр нь гэж ойлгосон”, “ ... Ямар учиртай хүн хамт явж байна гэж асуухад П гэж нэрээ хэлээд, би эхнэр нь гэж хэлсэн. Захирамж гарсны дараа тэмдэглэлээ үйлдсэн”, ”Гэр бүл гэдгийг юугаар нотлогдоод байгаа юм бэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1-д гэр бүлийн гишүүн гэж бичсэн байна. П гэж бичигдсэн хүн гэр бүлийн гишүүн нь гэж хэрхэн ямар баримтаар тогтоосон бэ. Үүнтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт байсан уу” гэхэд, “Уг нь бичиг баримтыг нь үзнэ. Тухайн үед бичиг баримтыг үзээгүй” гэж тайлбар өгсөн.
Шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр бичгээр ирүүлсэн тайлбартаа “ ... захирамжийн ... 3 дахь заалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1 дэх заалтын дагуу, яллагдагч Д.Г-г цагдан хорьсон талаар түүний ар гэрт мэдэгдсэн болохыг дурдсугай” гэжээ. Шүүгчийн туслахын ажил үүргийн дагуу шүүгчийн туслах н.Ө тухайн үед хамт байсан “эхнэр” гэх эмэгтэй н.П гэдэг эмэгтэйд мэдэгдсэн гэж шүүгч надад мэдэгдсэн тухай хавтаст хэргийн 142 дугаар хуудсанд шүүгчийн туслах тэмдэглэл үйлдсэн байх тул тухайн захирамжид “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар “яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн...”-д мэдэгдсэнийг дурдсан болно” гэсэн.
Өргөдөлд “ ... өмгөөлөгч надад 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10 цагт мэдэгдсэн...” гэсэн, шүүгчийн 2024/ЦХШЗ/... дугаар захирамжийг оролцогч нарт мэдэгдсэн баримтад “ ... яллагдагчийн өмгөөлөгчид ... дугаарын утгаар мэдэгдэв. ...Н.Б ...” гэж тэмдэглэсэн атлаа түүнд мэдэгдсэн он, сар, өдөр бичигдээгүй байх тул өмгөөлөгчид 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр мэдэгдсэн гэж үзэхээр байна.
Шүүгч нь хуульд зааснаар гэр бүлийн гишүүнд бус яллагдагчтай хамт явсан н.П гэх эмэгтэйд захирамжийг танилцуулсан шүүгчийн туслахын ажил үүрэгт хяналт тавиагүйн дээр, эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нягталж үзээгүй, хайхрамжгүй хандаж, гэр бүлийн гишүүн байхгүй тохиолдолд өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, холбогдох шүүгч Б.Б нь “яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргаснаас хойш 2 цагийн дотор яллагдагчийг цагдан хорьсон талаар түүний гэр бүлийн арван найман насанд хүрсэн гишүүн, эсхүл өмгөөлөгчид мэдэгдээгүй” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийг, “монгол хэл, бичиг мэдэхгүй яллагдагчийг цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээ авахдаа өмгөөлөгч оролцуулаагүй” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг, “захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн талаарх баримтыг хавтаст хэрэгт хавсаргаагүй” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн нь илт тодорхой хуулийн заалтыг удаа дараа, “хэлэлцүүлэг хийлгүйгээр шууд захирамж гарган яллагдагчийг цагдан хорьсон” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан илт тодорхой хуулийн заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
5. Бусад асуудлын талаар:
5.1. Эрүүгийн хэрэгт хийсэн үзлэгээр, ... орчимд 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 22 цагийн үед Н.Б бусдад хутгалуулж гэмтсэн гэх гомдол, мэдээллийн дагуу 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхэд, гомдол, мэдээлэлд холбогдох Д.Г нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн лавлагаанд “... тоот” гэх хаягт оршин суух боловч тухайн хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байжээ.
Улмаар мөрдөгч нь 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр АСАП санд оргодол эрэн сурвалжлах тухай мэдээллийг оруулсан, 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр сэжигтэн Д.Г-г баривчилсан байгаа баримтуудаас үзэхэд Д.Г нь 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс цагдаагийн байгууллагад шалгагдсан нь тогтоогдоно.
Шүүгчийн “... Өмнө нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохистой явуулаагүйгээс нэг хэргийн хүнийг алдчихсан. Тэрний дараа бас нэг хувийн баталгаа авсан байсан бас нэг хүнийг алдчихсан. Тэгээд тухайн үед цааш цаашдаа 3, 4 дэх хүнээ алдчих байх гэж туслах надад хэргээ танилцуулахдаа хэлсэн. Энэ хүн нь эрэн сурвалжлагдаж байсан хүн ... Шүүгчийн туслах дахин нэг хүнээ алдахаас айсан уу, мэдэхгүй гадаа хамтран амьдрагч нь байна, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь найдвартай юм биш үү гэж надад танилцуулсан ...” гэж тайлбарласнаас үзвэл шүүгчийн туслахын үгээр таслан сэргийлэх арга хэмжээг авсан гэж үзэхээр байх тул цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа анхаарах нь зүйтэйг тэмдэглэв.
5.2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, оролцогч энэ хуулийн 12.3, 13.1, 13.2, 13.5, 13.7, 14.4, 14.5, 14.13, 19.2, 19.3 дугаар зүйл, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Анхан шатны, давж заалдах, хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шүүхийн шийдвэр нь энэ зүйлийн 1 дэх хэсэгт хамаарахгүй” гэж заажээ.
Иймд шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЦХШЗ/... дугаар захирамж нь анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан эрх зүйн акт бөгөөд гомдол гаргах эрхтэй шүүхийн шийдвэрт хамаарахгүй байна.
5.3. Анхан шатны шүүх хэргийг 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагт хүлээн авсан болох нь “Прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийг хүлээн авсан бүртгэл №1” дэвтэрт бүртгэгджээ.
Тус шүүхийн “Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д хийсэн үзлэгээр 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 16 цаг 44 минутад хэргийг хүлээн авсан гэж тэмдэглэгдсэн боловч “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 3.1.1-д “Ажилтан эрүүгийн хэргийг ирсэн цаг минутын дарааллаар, ажлын цагаар хүлээн авч, “Эрүүгийн хэргийн албан хэрэг хөтлөлтөд хэрэглэх бүртгэлийн загвар”-ын Бүртгэл №1-д бүртгэж, хүлээлгэн өгсөн хүний нэр, гарын үсгийг тайллын хамт зуруулна” гэж зааснаар, тус дэвтрийн бүртгэлээр хэргийг хүлээн авсан гэж үзнэ.
Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2024/ЦХШЗ/... дугаар “цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” захирамжийн өнгөн хувийн дардаст “боловсруулсан гэсний ард О.Ө”, “нийлсэн гэсний ард Б.Б”, “2024 он, 02 сар, 28 өдөр”, “17 цаг 30 мин” гэж тэмдэглэгджээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.30 дахь хэсэгт “шөнийн цаг" гэж тухайн өдрийн 22.00 цагаас дараа өдрийн 06.00 цаг хүртэлх хугацааг”, мөн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.5 дахь заалт, 31.5 дугаар зүйлд заасан асуудлыг хянан шийдвэрлэх ажиллагааг хуанлийн өдөр бүр шөнийн цагаас бусад цагт тасралтгүй хэрэгжүүлнэ” гэж заасан, шүүгчийн захирамж Лхагва гарагийн ажлын цаг дуусахаас /18.00 цагаас/ өмнө албажсан байх тул өргөдлийн “... яллагдагч Д.Г-г ажлын бус цагаар цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан ...” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
5.4. Өргөдөлд “ ... Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорихоос өөр төрлийн ялтай гэмт хэрэг үйлдэж хэргийг прокуророос шүүхэд шилжүүлэх саналтай хүргүүлсэн байхад ... цагдан хорьсон ...” гэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Шүүх дараах үндэслэлийн аль нэг байвал яллагдагчийг цагдан хорих шийдвэр гаргана” гэснийг “Шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчид дараах үндэслэлээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэж 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан, уг өөрчлөлтийг 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр хуульд заажээ.
Яллагдагчийг цагдан хорих захирамж гаргасан цаг хугацаа нь дээрх хуульд өөрчлөлт орсон цаг хугацаанд хамаарахгүй байх тул өргөдлийн холбогдох хэсгийг үндэслэлгүй гэж үзлээ.
Холбогдох шүүгчид 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр сахилгын хэрэг шалгах ажиллагаа дуусгавар болсон тул хэргийн материалтай танилцах талаар утсаар мэдэгдэхэд “өргөдөлтэй холбоотой нэмэлт тайлбар өгнө” гэсэн болно. Мөн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин сахилгын хэрэг шалгах ажиллагаа дуусгавар болсон тул хэргийн материалтай танилцах болон нэмэлт тайлбараа явуулсан эсэх талаар утсаар лавлахад “нэмэлт тайлбараа явуулж амжаагүй байна. 05 дугаар сарын 14-15-ны дотор ирүүлнэ” гэсэн тайлбар өгсөн боловч шалгах ажиллагааг дуусгавар болоход тайлбар ирээгүй байсныг дурдах нь зүйтэй.
Шүүгч Б.Б нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх заалтыг зөрчсөн гэж үзсэн тул нотлох дүгнэлт үйлдэв.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн өргөдөлд дурдсан үндэслэлээр шүүгчид холбогдуулан ГЗҮ/2023/0044 дүгээр “Сахилгын хэрэг үүсгэх болон зарим шүүгчид сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар ... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д сахилгын хэрэг үүсгэж, тус шүүхийн Ерөнхий шүүгч Т.Х-д сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн байна.
Уг захирамжийн сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай заалтад өргөдөл гаргагчаас гомдол ирээгүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.3-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч нь Д.Г нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүйгээр бичиг үсэг мэдэхгүй яллагдагчийг цагдан хорьсон үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.13 дугаар зүйлд яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлгийн талаар зохицуулсан байх бөгөөд мөн зүйлийн 1-д “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж, мөн зүйлийн 2-т “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж тус тус зааснаар шүүхийн хэлэлцүүлэг товлож, товыг хэргийн оролцогч нарт мэдэгдэхээр заажээ. Иймд дээрх хуулийн заалт нь шүүхээс яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, ингэхдээ яллагдагчийн хууль ёсны эрхийг нь хангах үүрэгтэй болохыг тодорхой зааж өгсөн байна.
Гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжоор олгогдсон өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд өмгөөлөгч оролцуулах үндэслэлийг хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийн 1.3-т монгол хэл, бичиг мэдэхгүй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй гэж хуульчлан заасан.
Шүүгч нь хуульд зааснаар гэр бүлийн гишүүнд бус яллагдагчтай хамт явсан н.П гэх эмэгтэйд захирамжийг танилцуулсан шүүгчийн туслахын ажил үүрэгт хяналт тавиагүйн дээр эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг нягталж үзээгүй, хайхрамжгүй хандаж, гэр бүлийн гишүүн байхгүй тохиолдолд өмгөөлөгчид мэдэгдэнэ гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, хэлэлцүүлэг хийлгүй захирамж гарган яллагдагчийг цагдан хорьсон үйл баримт мөн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Иймд бүрэлдэхүүн тогтоогдож буй үйл баримтуудыг нэгтгэн дүгнээд холбогдох шүүгч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “ хуулийн илт тодорхой заалтыг удаа дараа зөрчих” гэж заасан зөрчлийг гаргасан байна гэж дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.... Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Б-д холбогдох нотлох дүгнэлтийг бүхэлд нь хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар Сахилгын хорооны магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Б.СУГАР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.МЯГМАРЦЭРЭН