
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-07-03
Дугаар 105
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Г.Ганбаатар, Д.Очмандах нарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Иргэн Д.Б-ийн өргөдлөөр, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0078 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх болон үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Н.Мөнхбаярт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явууллаа.
Иргэн О.Э, Д.Б нарт холбогдох зөрчлийн хэрэгт үзлэг хийж, шаардлагатай баримтуудыг нотлох баримтаар авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгийг гаргуулан үзлэг хийж, тэмдэглэлээр баталгаажуулсан.
Зөрчлийн хэргийн талаар: О.Э, Д.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр”-ийн 1 давхарт байрлах Т дэлгүүр дотор маргалдаж хэрүүл маргаан үүсгэсэн, О.Э нь үйлчилгээний ажилтан Д.Б-ийг газар унагаж, баруун шанаа, хамар, нуруу хэсэгт нь цохиж, дэлгүүрийн лангуун дээр байсан хувцас, гутал зэргийг авч шидлэн танхайрсан,
Д.Б нь үйлчлүүлж байсан иргэдийг хулгайч гэж хэлээд гартаа барьж байсан хувцасны өлгүүрийг О.Э болон түүний эхнэр Б.Х-ийн зүг шидэж олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний журам болон биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан гэж үзэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах саналыг эрх бүхий албан тушаалтнаас шүүхэд хүргүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хянан шийдвэрлэж, 2025/ЗШ/8*** дүгээр шийтгэврээр зөрчилд холбогдогч О.Э-ийг 10 цагийн албадан сургалтад хамруулж, 10 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, зөрчилд холбогдогч Д.Б-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Д.Б нь эмчилгээний зардал болон бусад хохирлоо баримтжуулан иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Зөрчилд холбогдогч О.Э, түүний өмгөөлөгч Г.Э, зөрчилд холбогдогч Д.Б нар нь давж заалдах гомдол гаргасан боловч О.Э, түүний өмгөөлөгч Г.Э нар нь гомдлоосоо татгалзсан, хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2/1836 дугаар албан бичгээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлжээ.
Зөрчлийн хэрэг шүүгч Г.Есөн-Эрдэнэд хуваарилагдаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ЕШЗ/*** дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Г.Ганбаатар, илтгэгч шүүгчээр Г.Есөн-Эрдэнэ, шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Очмандах нар томилогдсоныг албажуулсан.
Давж заалдах шатны шүүх 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр зөрчлийн хэргийг бүхэлд нь хянаж, 2025/ДШМЗ/*** дүгээр магадлалаар, “... анхан шатны шүүх зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд, ... зөрчилд холбогдогч нарын үйлдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хувийн байдлыг харгалзан ... шийтгэл оногдуулсан нь ... шударга ёсны зарчимд нийцсэн байна. ... зөрчилд холбогдогч Д.Б-ийн ... зөрчлийн хэргээс үүдэлтэй эмчилгээний зардал болон бусад хохирлоо ... баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй үлдээсэн шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ ...” гэж дүгнэн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сахилгын хэргийн талаар: Өргөдөлд “... хагалгаа хийлгэсэн нотолгоо нь алга гээд намайг загнаж байсан давж заалдах шатны Ганбаатар даргалагчийн хажуугийн шүүгч ... Нөгөө талын холбогдогч Э илтэд худал ярьж зандрангуй ярьж байхад илтэд түүнийг дэмжиж нэг талыг баримтлан ашиг сонирхлын байдалтай хуучин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ гээд шийдсэнд би асар их гомдолтой байна ...” гэжээ.
Тус шүүх хуралдаанд прокурор Н.Н /цахимаар/, зөрчилд холбогдогч О.Э, түүний өмгөөлөгч Г.Э болон зөрчилд холбогдогч Д.Б, нарийн бичгийн дарга Э.Д нар оролцсон , шүүгч нар бичлэгт тусгагдаагүй, гэхдээ шүүх хуралдааныг удирдаж байгаа нь, хэрэг танилцуулах, хэргийн оролцогчоос тодруулж, асуулт асуусан зэрэг нь тусгагджээ.
Өргөдөлд, даргалагч нь Г.Ганбаатар шүүгч гэж, мөн бүрэлдэхүүний шүүгч Д.Очмандах нарын нэрийг бичсэн, бүрэлдэхүүний нөгөө шүүгчийн нэрийг бичээгүй, өргөдөл гаргагчаас тодруулахад, тухайн шүүгчийн нэрийг мэдэхгүй гэсэн, тус өдрийн шүүх хуралдааны зар болон хэргээс авсан баримтаар илтгэгч шүүгч нь Г.Есөн-Эрдэнэ шүүгч байсан болно.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд,
- зөрчилд холбогдогч Д.Б гомдлоо тайлбарласан,
- даргалагч яриаг нь таслан, та гомдлын агуулгыг яриад байна, гомдлыг чинь бүрэн уншчихсан. Шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт байна уу
- шүүх бүрэлдэхүүн: Байхгүй гэв.
- даргалагч: Эмчлүүлсэн нь үнэн юм уу, гэмтсэн гээд янз бүрийн юм бичээд байна
- зөрчилд холбогдогч Д.Б: Миний бүх юу хавтаст хэрэгт хадгалаатай байгаа шүү. Би саяхан, одоо ч хүртэл эмнэлгээр явж л байгаа.
- даргалагч: За суучих, болсон ... гэсний дараа Энхболд өмгөөлөгч тайлбар хэлсэн.
- ... даргалагч: Шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт байна уу
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Энэ тодорхойлолт гэж П гээд эмнэлгийн баримтыг хэлж байна уу
- зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Тийм гэж хэлэхтэй зэрэгцэн зөрчилд холбогдогч Д.Б бүх баримт нь байгаа гэж зэрэгцэж ярьсан тул 0:10:08 дахь хэсэгт даргалагч: Дуугүй байгаарай Д.Б өө гэсэн.
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Төлбөр төлсөн баримт нь байгаа шүү дээ.
- зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Биш, 228,000 нь үзлэгийн мөнгө
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: 3,500,000 төгрөгийн баримт нь байхгүй гэж байгаа юм уу гэхэд
- зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Тийм, хагалгаа хийлгэсэн баримт нь байхгүй гэж үзэж байгаа.
- ... шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Б-өөс нэг зүйл тодруулаадахъя. Өмнөх хагалгааны баримт гэж юм хэрэгт байхгүй шүү.
- зөрчилд холбогдогч Д.Б: Байгаа. Хавсаргаж болно шүү гэсэн.
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Үгүй ээ үгүй. Хэрэгт бол байхгүй. Та түрүүн байгаа гээд байсан зөвхөн тодорхойлолт гээд хамрын асуудлын чинь юм байгаа болохоос өмнө нь эмчилгээний баримт гэж байхгүй шүү, үзүүлж байсан.
- зөрчилд холбогдогч Д.Б: 3,500,000 төгрөгийн хагалгаа гэхэд
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Биш ээ, тэр биш. Өмнөх эмчилгээний баримт. Та 2 удаа хагалгаанд орсон гэсэн зүйл ярьсан ш дээ.
- зөрчилд холбогдогч Д.Б: Тэр 1-р эмнэлгийн баримтыг би Н гэдэг байцаагчид өгчихсөн байгаа.
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Үгүй ээ, хэрэг дотор бол байхгүй байгаа. Та хэргээ үзсэн үү
- зөрчилд холбогдогч Д.Б: Мэдэхгүй ээ, бүгдийг нь копидоод авсан л гэж надад хэлсэн шүү
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: За за. Хэрэгтэйгээ танилцсан юм уу та
- зөрчилд холбогдогч Д.Б: Нэг бүрчлэн би яагаагүй, болсон процессыг хэлээд гэхэд шүүгч Г.Есөн-Эрдэнэ хэрэгтэйгээ танилцсан уу гэж би асуугаад байна /зөрчилд холбогдогч асуусан асуултаас өөр зүйл яриад байсан тул илтгэгч шүүгч дуугаа өндөрсгөн асуусан/ гэхэд танилцсан, танилцсан.
- шүүгч Г.Есөн-Эрдэнэ: За тэгвэл энэ дотор чинь байхгүй юм байна.
- зөрчилд холбогдогч Д.Б: Байхгүй байгаа юм байна, тэгвэл би 1-р эмнэлгийн чих, хамар хоолойд эхэлж ороод дараа нь гэхэд шүүгч Г.Есөн-Эрдэнэ “за ойлгосон, болсон” гэж байгаагаар хэргийн үйл баримтыг буюу шүүгчийн тайлбарласнаар “ ... Д.Б нь эрүүл мэнд хохиролтой холбоотой эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн болон өвчний түүх, эм, эмчилгээний талаарх хохирлын гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй атлаа давж заалдах гомдол болон тайлбартаа эрүүл мэнд хохирсон, урд өмнө хагалгаа хийлгэсэн баримтыг хэрэгт авагдсан талаар дурдсаныг илтгэгч шүүгчийн хувьд “энэ хэргийн болоод өмнөх эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт байхгүй талаар болон хэргийн материал танилцсан эсэх” талаар тодруулж асуулт асуусан ... ” гэсэн нь тогтоогдоно.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахад энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно”, 8.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн … 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, … дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална” гэж зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, дараалал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай ижил байдлаар явагдана.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно” гэж зааснаар, илтгэгч шүүгч Г.Есөн-Эрдэнэ нь Д.Б-өөс эмчилгээний зардал, түүнийг нотлох баримтыг тодруулж асуулт асуусан, ингэхдээ загнасан гэж үзэх, дуу хоолойны өнгө хэмжээ өөрчлөгдсөн, уурлаж уцаарласан байдал байгаагүй тул шүүгчийг ёс зүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дарааллаар явагдаж байгаа шүүх хуралдаанд, өмгөөлөгч Б.Э-той зэрэгцэн хажуугаас нь давхардан ярьсан Д.Б-д “дуугүй байхыг” даргалагч шүүгч Г.Ганбаатарын анхааруулж, хуралдааны дэгийг сахиулсан үйлдлийг буруутгахгүй.
Түүнчлэн зөрчилд холбогдогч О.Э шүүх хуралдаанд тайлбар хэлж байх явцдаа зандрангуй ярьсан гэж үзэхээр зүйл шүүх хуралдааны бичлэгт тусгагдаагүй, хэрэв хэргийн оролцогч хэн нэгэн рүү орилж, чанга дуугаар ярьсан,уурлаж уцаарласан зэрэг хуралдааны дэг зөрчсөн зэрэг үйлдэл гаргавал шүүх хуралдаан даргалагч дэгийг сахиулах арга хэмжээ авах үүрэгтэй байдаг, гэхдээ тус шүүх хуралдаанд ийм зүйл болоогүй байна.
Зөрчилд шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 9 дахь хэсэгт “Шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4, 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, 39.12 дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална” гэж зааснаар, хэргийг хянаж буй давж заалдах шатны шүүх 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”, мөн 1.2 дахь хэсэгт зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” эрх хэмжээтэй.
Энэхүү шүүн таслах бүрэн эрхийнхээ дагуу хэргийг хянан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь ёс зүй, сахилгын зөрчилд хамаарахгүй болно.
Иймд, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Шүүгч Г.Есөн-Эрдэнэ тайлбартаа “...Иргэн Д.Б-ийн гаргасан гомдол, Шүүхийн сахилгын хорооны гишүүний захирамжтай танилцлаа.
Д.Б "намайг зөрчил үйлдээгүй байхад шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн, хохирлын баримт өгсөөр байхад шийдвэрлэхгүй үгүйсгэсээр загнасан" гэх гомдлыг гаргажээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн *** дүгээр магадлалаар зөрчилд холбогдогч О.Э, Д.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг Д.Б-ийн гомдлоор хэлэлцэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/8*** дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Зөрчилд холбогдогч Д.Б, О.Э нарт холбогдох зөрчлийн хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 11983 дугаартай, 2024 оны 10 дугаар сарын 22-ний өдрийн 1072 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдээр Д.Б-ийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоогдоогүй байна.
Түүнчлэн Д.Б нь эрүүл мэнд хохиролтой холбоотой эмчид үзүүлж эмчилгээ хийлгэсэн болон өвчний түүх, эм, эмчилгээний талаарх хохирлын гэх баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй атлаа давж заалдах гомдол болон тайлбартаа эрүүл мэнд хохирсон, урд өмнө хагалгаа хийлгэсэн баримтыг хэрэгт авагдсан талаар дурдсаныг илтгэгч шүүгчийн хувьд "энэ хэргийн болоод өмнөх эмчилгээ хийлгэсэн гэх баримт хэрэгт байхгүй талаар болон хэргийн материал танилцсан эсэх" талаар тодруулж асуулт асуусан.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгчид шүүх хуралдаанд хэргийн оролцогч талуудын гомдол, тайлбар гаргах эрхийг хангалттай байдлаар явуулах, мэтгэлцэх тэгш эрхийн зарчмыг хангаж шүүх хуралдааныг явуулдаг бөгөөд хэргийн оролцогчдыг загнах, зандрах зэрэг зохисгүй үйлдэл огт гаргадаггүй болно.
Гомдол гаргагч Д.Б-ийн сахилгын хороонд гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Г.Ганбаатар тайлбартаа “... Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр магадлалаар зөрчилд холбогдогч О.Э, Д.Б нарт холбогдох зөрчлийн хэргийг Д.Б-ийн гомдлоор хэлэлцэж Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/... дүгээр шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч Д.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд тус шүүх хуралдаан бүхэлдээ холбогдох хууль тогтоомжийн дагуу явагдсан, гомдолд дурдсан шиг “зүй бус аливаа үйлдэл” огт болоогүй, энэ нь тус шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт тодорхой бэхжигдсэн байна.
Зөрчлийн хэргийн баримтаар Д.Б-ийн эрүүл мэндэд тухайн зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хохирол учраагүй болохыг тусгай мэдлэгийн шинжээч нар тогтоосон байх тул тусгай мэдлэгтэй мэт таамаглах байдлаар буюу хууль ёсны нотлох баримтгүйгээр эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн асуудлыг шийдвэрлэх үндэслэлгүй тул Давж заалдах шатны шүүхээс “анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, Д.Б-ийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэсэн байна.
Илтгэгч шүүгчээс “тусгай мэдлэгт хамаарах дээрх асуудал буюу нотлох баримтын байгаа эсэх, хэргийн материалтай танилцсан эсэх”-ийг тодотгон асуусан байх ба энэ нь шүүхийн чиг үүрэгт хамааралтай, харин шүүх бүрэлдэхүүний зүгээс хууль, журам, ёс зүйгээ зөрчсөн аливаа үйлдэл огт гаргаагүй байна.
Зөрчлийн хэргийн бодит байдлыг нотлон тогтоох нь эрх бүхий албан тушаалтан, прокурорын үүрэг бөгөөд бусад оролцогч нар нотлох баримт гаргах, шалгуулах, мөрдөгч, прокурорын гаргасан шийдвэрт гомдол гаргах нь тусдаа асуудал болно.
Харин шүүхийн хувьд мөрдөгч, прокуророос шилжүүлсэн хавтаст хэрэг, түүнд цугларч, бэхжигдсэн үйл баримтын хүрээнд шийдвэр гаргах чиг үүрэгтэй.
Тус шүүх хуралдаанд прокурор Н.Н, зөрчилд холбогдогч О.Э, түүний өмгөөлөгч Г.Э, зөрчилд холбогдогч Д.Б, нарийн бичгийн дарга Э.Д нар оролцсон байх тул шаардлагатай тохиолдолд тэдгээр оролцогч нараас мэдүүлэг, тайлбар авах боломжтой.
Хэргийн оролцогч, холбогдогч, талууд бүгд тэгш эрхтэйгээр гомдол гаргах, тайлбар гаргах эрхтэй бөгөөд холбогдогч О.Э-ийн хэлсэн тайлбар, санал нь шүүх хуралдааны тэмдэглэлд бэхжигдсэн, энэ хүрээнд шүүх хуралдааны дэг зөрчсөн, эсхүл нөгөө талын оролцогч нар руу дайрч давшилсан, зандарсан зэрэг зөрчил гаргаагүй болно.
Иймд шүүн таслах ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлсний төлөө илтэд үндэслэлгүйгээр шүүх бүрэлдэхүүний шүүгч нарт гомдол гаргасан байх тул иргэн Д.Б-ийн сахилгын хороонд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Шүүгч Д.Очмандах тайлбартаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэдэг ба шүүгч Д.Очмандах би 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүний шүүгчээр оролцож, тус зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн.
Давж заалдах шатны шүүхийн зөрчилд холбогдогч Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 134 дүгээр магадлал Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр эцсийн шийдвэр юм.
Иймд Д.Б-д холбогдох зөрчлийн хэргийн магадлалаар хянан шийдвэрлэгдсэн зөрчлийн хэргийн үйл баримт, хууль зүйн үндэслэлийн талаар Шүүхийн Сахилгын хороонд иргэн Д.Б-ийн гаргасан “...шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн...” гэх гомдол үндэслэлгүй.
Шүүх хуралдаан бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар явагдсан ба шүүгч Д.Очмандах миний зүгээс шүүх хуралдаанд загнах, зандрах зэрэг илэрхийлэмж бүхий байдал гаргаагүй.
Иймд Шүүхийн Сахилгын хороонд иргэн Д.Б-ийн гаргасан “...шүүх хуралдааны оролцогч руу зохисгүй байдлаар хандсан...” гэх агуулга бүхий гомдлыг үндэслэлгүй байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Иргэн Д.Б-ийн Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгоно уу.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Д.Б-ийн өргөдлөөр, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГЗҮ/2025/0078 дугаар “Сахилгын хэрэг үүсгэх болон үүсгэхээс татгалзах тухай” захирамжаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Мөнхбаярт сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нарт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.
О.Э, Д.Б нар нь 2024 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Наадам центр”-ийн 1 давхарт байрлах “Т” дэлгүүр дотор маргалдаж хэрүүл маргаан үүсгэсэн, О.Э нь үйлчилгээний ажилтан Д.Б-ийг газар унагаж, баруун шанаа, хамар, нуруу хэсэгт нь цохиж, дэлгүүрийн лангуун дээр байсан хувцас, гутал зэргийг авч шидлэн танхайрсан, Д.Б нь үйлчлүүлж байсан иргэдийг хулгайч гэж хэлээд гартаа барьж байсан хувцасны өлгүүрийг О.Э болон түүний эхнэр Б.Х-ийн зүг шидэж олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний журам болон биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчиж, олон нийтийн газарт бусдын амгалан тайван байдал алдагдуулж танхайрсан гэх зөрчлийн 241002*** дугаартай хэргийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн 7.2-т зааснаар шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авах талаар саналыг эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.
Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх тус зөрчлийн хэргийг хүлээн авч 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 2025/ЗШ/8*** дугаартай “Шийтгэл оногдуулах тухай” шийтгэврийн ТОГТООХ хэсгийн нэг дэх заалтаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар О.Э-ийг 10 /Арав/ цагийн хугацаагаар албадан сургалтад хамруулж, түүнд 10 /Арав/ хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулж, 2 дахь заалтаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар Д.Б-д 100 /Нэг зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 100.000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл тус тус оногдуулжээ.
Дээрх шийтгэврийг зөрчилд холбогдогч Д.Б-ийн гомдлоор давж заалдах шатны шүүх 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 болон 3 дахь хэсэгт заанаар зөрчлийн хэргийг бүхэлд нь хянаж, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээсэн байна.
Өргөдөл гаргагчаас “... хагалгаа хийлгэсэн нотолгоо нь алга гээд намайг загнаж байсан давж заалдах шатны Ганбаатар даргалагчийн хажуугийн шүүгч ... Нөгөө талын холбогдогч Э илтэд худал ярьж зандрангуй ярьж байхад илтэд түүнийг дэмжиж нэг талыг баримтлан ашиг сонирхлын байдалтай хуучин анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдсэнд би асар их гомдолтой байна ...” гэсэн тухайд:
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1/mainfeed_dual_512.mp4 нэртэй шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд,
0:08:02-0:08:08 дахь хэсэгт даргалагч: Д.Б босъё. Гомдлыг бүрэн эхээр танилцууллаа. Нэмж хэлэх зүйл байна уу?
0:08:10-0:08:52 дахь хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Түрүүний шүүх хуралдаанд ерөөсөө үг хэлэх боломжгүй, та миний асуусан асуултад хариулна гэсэн, би ямар хуулийн мэргэжилтэн биш, шаардлагатай юмнуудыг бүгдийг нь хэлсэн. Илтэд худлаа хэлсэн. Би тэр хүний хүүхдийг хулгайч гэж хэлэх надад ямар тийм совесть байхгүй. Би ОХУ-д сургууль төгссөн, гадаад улсад ажиллаж амьдарч байгаад ирсэн. Би хүмүүжилтэй, би гаднаас орж ирсэн үйлчлүүлэгчийг гэхэд
0:08:53-0:08:54 дэх хэсэгт даргалагч яриаг нь таслан, та гомдлын агуулгыг яриад байна, гомдлыг чинь бүрэн уншчихсан. Шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт байна уу?
0:08:55-0:09:00 дэх хэсэгт шүүх бүрэлдэхүүн: Байхгүй гэцгээв.
0:09:01-0:09:02 дахь хэсэгт даргалагч: Эмчлүүлсэн нь үнэн юм уу, гэмтсэн гээд янз бүрийн юм бичээд байна.
0:09:03-0:09:08 дахь хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Миний бүх юу хавтаст хэрэгт хадгалаатай байгаа шүү. Би саяхан, одоо ч хүртэл эмнэлгээр явж л байгаа.
0:09:09-0:09:13 дахь хэсэгт даргалагч: За суучих аа, болсон. Э өмгөөлөгч тайлбар байна уу?
0:09:16-0:09:59 дахь хэсэгт зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Тайлбар хэлэв.
0:10:00-0:10:01 дахь хэсэгт даргалагч: Шүүх бүрэлдэхүүн тодруулах асуулт байна уу?
0:10:02-0:10:05 дахь шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Энэ тодорхойлолт гэж “П” гээд эмнэлгийн баримтыг хэлж байна уу?
0:10:06-0:10:07 дахь хэсэгт зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Тийм гэж хэлэхтэй зэрэгцэн зөрчилд холбогдогч Д.Б бүх баримт нь байгаа гэж зэрэгцэж ярьсан тул 0:10:08 дахь хэсэгт даргалагч: Дуугүй байгаарай Д.Б өө гэв.
0:10:08-0:10:09 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Төлбөр төлсөн баримт нь байгаа шүү дээ.
0:10:09-0:10:13 дахь хэсэгт зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Биш, 228,000 нь үзлэгийн мөнгө
0:10:13-0:10:16 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: 3,500,000 төгрөгийн баримт нь байхгүй гэж байгаа юм уу гэхэд
0:10:17-0:10:19 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э-ийн өмгөөлөгч Б.Э: Тийм, хагалгаа хийлгэсэн баримт нь байхгүй гэж үзэж байгаа.
0:10:24-0:10:36 дахь хэсэгт даргалагч: О.Э хэлэх зүйл байна уу, гомдлыг танилцуулчихсан байгаа.
0:10:37-0:12:04 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Эг: Тайлбар хэлэв.
0:12:05-0:12:07 дэх хэсэгт даргалагч: Шүүх бүрэлдэхүүн асуулт байна уу гэхэд
0:12:08-0:12:20 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Ялихгүй ийм асуудал байлаа гээд хүчээр хандаад байдаг нь ямар учиртай юм бэ, ганц энэ хүний мэдүүлэг биш өөр гэрч байгаа шүү дээ.
0:12:21-0:12:23 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э: Би хүчээр асуудалд хандаагүй.
0:12:23-0:12:33 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Хөөж, туугаад цохиод зодоод байсан асуудлаа та хүлээн зөвшөөрөхгүй юу, Б-ийг цохисон асуудал байгаад байгаа шүү дээ.
0:12:34-0:12:38 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э: Хурц үзүүртэй хувцасны өлгүүр аваад миний найз бүсгүй болох Х-ийн гар руу шидсэн.
0:12:39-0:12:42 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Үгүй ээ, та өөрийнхөө гаргасан үйлдлийг ярь л даа. Б-ийн гаргасан үйлдлийг яриагүй байна.
0:12:43-0:12:49 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э: Энэ хүн тийм үйлдэл гаргаад тэгэнгүүт нь би очоод энэ хүнтэй ноцолдсон асуудал байгаа юм.
0:12:40-0:12:53 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Орж ирээд таныг дайрсан, манай эхнэр хүүхдийг юу гэлээ гээд шууд дайрсан асуудал байна ш дээ.
0:12:55-0:13:03 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э: Наадах чинь камерын бичлэг бүх юм нь анхан шатны шүүхэд бүх юмыг нь гаргаад өгчихсөн. Одоо тэр бичлэгийг үзэж харж болно.
0:13:04-0:13:05 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: За, асуултгүй гэв.
0:13:09-0:13:25 дэх хэсэгт зөрчилд холбогдогч О.Э: Би охиноо 2 настайгаас нь өнөөдрийг хүртэл өсгөөд явж байгаа гээд тайлбар хэлж байхад даргалагч тайлбар дуусчихсан, сууж болно гэв.
0:13:28-0:13:34 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Б-өөс нэг зүйл тодруулаадахъя. Өмнөх хагалгааны баримт гэж юм хэрэгт байхгүй шүү.
0:13:35-0:13:38 дэх хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Байгаа. Хавсаргаж болно шүү.
0:13:39-0:13:45 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Үгүй ээ үгүй. Хэрэгт бол байхгүй. Та түрүүн байгаа гээд байсан зөвхөн тодорхойлолт гээд хамрын асуудлын чинь юм байгаа болохоос өмнө нь эмчилгээний баримт гэж байхгүй шүү, үзүүлж байсан.
0:13:46-0:13:47 дэх хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: 3,500,000 төгрөгийн хагалгаа гэхэд
0:13:49-0:13:53 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Биш ээ, тэр биш. Өмнөх эмчилгээний баримт. Та 2 удаа хагалгаанд орсон гэсэн зүйл ярьсан ш дээ.
0:13:54-0:13:58 дэх хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Тэр 1-р эмнэлгийн баримтыг би Н гэдэг байцаагчид өгчихсөн байгаа.
0:13:59-0:14:00 дэх хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: Үгүй ээ, хэрэг дотор бол байхгүй байгаа. Та хэргээ үзсэн үү?
0:14:01-0:14:02 дахь хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Мэдэхгүй ээ, бүгдийг нь копидоод авсан л гэж надад хэлсэн шүү.
0:14:03-0:14:08 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: За за. Хэрэгтэйгээ танилцсан юм уу та?
0:14:09-0:14:18 дахь хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Нэг бүрчлэн би яагаагүй, болсон процессыг хэлээд гэхэд шүүгч Г.Есөн-Эрдэнэ хэрэгтэйгээ танилцсан уу гэж би асуугаад байна /зөрчилд холбогдогч асуусан асуултаас өөр зүйл яриад байсан тул илтгэгч шүүгч чанга дуугаар асуусан байна/ гэхэд танилцсан, танилцсан.
0:14:19-0:14:20 дахь хэсэгт шүүгч Г.Есөн-Эрдэнэ: За тэгвэл энэ дотор чинь байхгүй юм байна.
0:14:21-0:14:29 дахь хэсэгт зөрчилд холбогдогч Д.Б: Байхгүй байгаа юм байна тэгвэл би 1-р эмнэлгийн чих, хамар хоолойд эхэлж ороод дараа нь гэхэд шүүгч Г.Есөн-Эрдэнэ: за ойлгосон, болсон гэж хэлсэн болох нь дээрх дуу-дүрсний бичлэгээр баталгаажжээ.
Дээрхээс үзвэл, өргөдөлд дурдсанчлан шүүгч нар нэг талыг барьсан, өргөдөл гаргагчтай зандарч, таагүй сэтгэгдэл төрүүлэхээр харьцсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааны үед зөрчлийн хэргийн оролцогчидтой ижил тэгш харьцсан үйл баримт дуу, дүрс, тэмдэглэлд бичигдсэн байна.
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа энэ хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтлэг журмыг удирдлага болгоно” гэж, 8.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх зөрчлийн хэргийг давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн … 39.1, 39.2, 39.3, 39.4, 39.10, 39.11, … дугаар зүйл, 39.9 дүгээр зүйлийн 1.1, 1.2 дахь заалт, 2 дахь хэсэгт заасан журмыг баримтална” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.20 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хуралдаанд оролцогч, шүүх хуралдааны танхимд байгаа бусад хүн шүүх хуралдаан даргалагчийн хуралдааны дэг сахиулах шийдвэрт захирагдана.” гэж тус тус зааснаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны дэг, дараалал эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай ижил байдлаар явагдахаар журамлажээ. Эдгээр хуулийн дагуу даргалагч шүүгч шүүх хуралдааны дэг сахиулж, оролцогчдыг хэн хэзээ ярих талаар шийдэж, хэргийн оролцогчдын бие биетэйгээ давхардаж тайлбар хэлэхийг таслан зогсоосон үйлдлийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүх талуудын гаргасан гомдол, эсэргүүцэл, тайлбартай холбогдуулж асуулт тавьж болно” гэж зааснаар, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нь Д.Б-өөс эмчилгээний зардал, түүнийг нотлох баримтыг тодруулж, хавтаст хэрэгт цугларсан баримтын талаар асуухдаа загнасан буюу дуу хоолойны өнгө, хэмжээ өөрчлөгдсөн, уурлаж уцаарласан, зүй бус үг хэллэг хэлсэн гэх байдал шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад зааснаар “гомдол, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх”, мөн 1.2 дахь хэсэгт зааснаар “анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу давж заалдах шатны шүүхээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээх тухай магадлал гаргасныг сахилгын зөрчилд тооцохгүй юм.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан нь сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болохгүй.
Иймээс Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар, Д.Очмандах, Г.Есөн-Эрдэнэ нар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн ГС/2025/0088 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Г.Ганбаатар, Д.Одмандах нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН