МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2022-02-07
Дугаар 31
Улаанбаатар хот
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
... шүүхийн шүүгч С.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:
... шүүхийн Ерөнхий шүүгч С.Б-ад холбогдуулан иргэн Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын гаргасан өргөдлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
“...Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-нд байгуулагдсанаар, сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн зохицуулалтыг дагаж мөрдөнө.
Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл байхгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргах нь зүйтэй гэж үзлээ.
Тодруулбал: ... шүүхийн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар тогтоолтой шүүх хуралдааны тэмдэглэлд, даргалагч нь хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах боломжгүй байсан юм уу, яагаад тусдаа нэхэмжлэл гаргаж байгаа юм гэж асуусан хэмээн тэмдэглэгджээ.
Харин тус хуралдааны дууны бичлэгийн 00:09:28-00:12:11 хоромд шүүх хуралдаан даргалагч болон бүрэлдэхүүний шүүгч нар хэргийн оролцогчдоос асуулт асуусан байна.
Даргалагчаас шүүх бүрэлдэхүүнийг талуудаас асуулт асуух боломж олгосны дараа бүрэлдэхүүнд оролцсон шүүгч өөр шүүхэд ямар маргаан хянагдаж байгааг, аль хэрэг нь эхэлж үүссэнийг, нэг хэрэг дээрээ сөрөг нэхэмжлэл гаргаад явах боломжгүй байсан эсэхийг тодруулан асуусан нь нэг асуудлаар хоёр шүүхэд тус тусдаа хэрэг үүсгэх, шүүхийн ажиллагаа давхцахаас сэргийлсэн агуулгаар асууж тодруулжээ.
Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад, шүүх хуралдааныг даргалсан шүүгч С.Б- Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх "өөрийн, гэр бүлийн гишүүний, төрлийн хүний, эсхүл албан байгууллагын эрх ашиг хөндөгдсөнөөс бусад тохиолдолд гуравдагч этгээдийн хууль ёсны төлөөлөгч байх, хууль зүйн зөвлөгөө өгөх" гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд Сахилгын хорооны гишүүний 14 дугаар захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанд хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.”гэжээ.
Шүүгч С.Б- 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн тайлбартаа:
Иргэний хэргийн хариуцагч Л.Б-ийн төлөөлөгч Б.А-аас надад холбогдуулж гаргасан гомдолтой танилцлаа. Шүүгч зөвлөгөө өгснөөр ... дүүргийн шүүхэд буй хариуцагчийн нэхэмжлэлтэй хэрэгт Ш-ХХК сөрөг нэхэмжлэл гаргаж оролцлоо гэж гомджээ.
Л.Б-т холбогдох Ш-ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон ... дүүргийн иргэний хэргийн шүүхийн шүүгчийн 2021-06-15-ны өдрийн ... дугаартай захирамжийг нэхэмжлэгч Ш-ХХК-ийн гаргасан гомдлоор 2021-07-02-ны өдөр шүүх бүрэлдэхүүнээр хэлэлцэхэд миний бие шүүх хуралдааныг даргалж оролцсон юм. ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэлтэй холбоотой хэрэг хэлэлцэгдэж байгаа, түүнийг шийдвэрлэхгүйгээр энэ хэргийг шийдвэрлэх боломжгүй гэсэн үндэслэлээр шүүгч хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан ба шүүх нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, ... дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Хэргийг сийрүүлбэл, 2018 онд Ш-ХХК, Л.Б- /түрээслэгч/ нарын хооронд "Машин механизм түрээслэх, түрээслүүлэх тухай" 05, 06 тоот гэрээнүүд байгуулагдсан байдаг 6а эдгээр гэрээний үүргийн дагуу түрээсийн төлбөр, алдангид 38,000,000 төгрөг нэхэмжилсэн Ш-ХХК-ийн нэхэмжлэлээр ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2020-07-10-ны өдөр иргэний хэрэг үүсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан үед дээрх 05, 06 тоот гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, гэрээгээр төлсөн 9,500,000 төгрөгөө нэхэмжилсэн Л.Б-ийн нэхэмжлэлээр ... дүүргийн иргэний хэргийн шүүхэд 2021-06-14-ний өдөр иргэний хэрэг үүссэн байдаг бөгөөд энэ хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамжийг хариуцагч ... дүүргийн иргэний хэргийн 2021-06-15-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргаж, тус шүүх дэх иргэний хэрэг хэрэгсэхгүй болсон байдаг.
Дээрх хоёр нэхэмжлэлтэй хэрэг нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлэгдэх боломжтой, хуулиар харилцан сөрөг шаардлага тавьж шийдвэрлүүлэх боломжийг заасан байхад яагаад 2 өөр шүүх дээр 2 хэрэг болгож шийдвэрлүүлээд байгаа тухай талуудаас лавлаж, нэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шийдвэрлүүлэх нь зохистой байсан гэж хэлж ярьсан. Шударга ёсны зарчмын үүднээс шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг чиглүүлэх үүргийг хүлээдэг. Талуудын хэн нэгэнд зөвлөгөө өгсөн биш юм. Шүүгч бидний тэгж ярьснаар Ш-ХХК нь Сүхбаатар дүүргийн шүүхэд шинэ нэхэмжлэл гаргаж буй биш, харин Чингэлтэй дүүргийн шүүх өөрийнх нь нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлээгүй тул хуулиар өөрт нь олгосон нөгөө боломжийг ашиглаж буй зүй тогтлын асуудал байна. Талууд өөр өөрсдөө хуульчтай байсан.
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-т заасан шүүгчид хориглох: "...хууль зүйн зөвлөгөө өгөх" гэсэн ойлголт нь огт өөр зүйл. Дээрх тохиолдлын хувьд
шүүгчийн зорилго өөр байгаагаас гадна хэргийн тал урьд нь тэр асуудлаар нэхэмжлэл гаргаж явсан, түүнийгээ л шүүхээр шийдвэрлүүлэх гэж байна.
Хариуцагчийн төлөөлөгч Б.А- адилхан эрх зүйч, хуульч болж буй хүн атлаа яагаад өөрийнх нь нэхэмжлэлтэй хэрэгт хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаж орж ирж буйд дургүйцээд байгаа нь сонирхолтой байна.
... дүүргийн шүүх дэх хэрэгт хариуцагчийн төлөөлөгчөөр Б.А- 2020-09-17-ны өдрөөс ажилласан байдаг ба харин хариуцагч талаас шалтгаалж /бас ковидын нөхцөл бий/ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан байдал харагддаг. Тус шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 17, 29, 2021 оны 1 дүгээр сарын 20, 27, 03 дугаар сарын 5, 04 дүгээр сарын 7, 06 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанууд хариуцагч талын хүсэлтээр хойшилсон байдаг. Ингэхдээ нэхэмжлэгчийн төлөөлөгчийн нэг анги гэж шүүгчийг татгалзан гарахыг шаардах, нэхэмжлэгчийг гэрээнд дарамталж гарын үсэг зуруулсан гэж цагдаагийн байгууллагаар шалгуулж буй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлнэ, хэргийн материалаас баримт авхуулна, нягтална, өмгөөлөгч авна, хэргийн материалтай танилцана, өмгөөлөгчийн хурал давхардсан гэдэг шалтгаануудтай байсан. Чингэлтэй дүүргийн шүүх дэх хэрэгт 250 хүртэл хуудас бүхий материал цугларсан байдаг. Эцэстээ нэг шүүх дээр шийдвэрлүүлж болох байсан хэргийг өөр шүүх дээр үүсгүүлж, урьд хэргийг хэрэгсэхгүй болгуулж дууссан байдаг.
Үүний цаана шүүгчдийг дарамталж, өөрийн санаагаа гүйцэлдүүлж байх гэсэн санаа агуулагдаагүй биз, үүнд нь мөрөөрөө ажлаа хийж буй хүмүүс өртөж, ажил цаг хугацаагаараа хохирох вий гэж бодогдож байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Л.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А-ын ... шүүхийн шүүгч С.Б-ад холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр захирамжаар холбогдох шүүгчид сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулжээ.
Сахилгын хэргийн хянан шалгах ажиллагаагаар шүүгчийн тайлбар, С.Б-ын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Сахилгын хороонд ирүүлсэн тайлбар, ... шүүхийн “Ш” ХХК-ний нэхэмжлэлтэй, Л.Б-т холбогдох иргэний хэргийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолтой шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэрэг баримтууд цугларчээ.Ц
Сахилгын хорооны шалгах ажиллагаагаар цугларсан нотлох баримт болох “...” ХХК-ний нэхэмжлэлтэй, Л.Б-т холбогдох иргэний хэргийн шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар шүүхийн тогтоолтой шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг, шүүх хуралдааны тэмдэглэлийн хуулбар зэргийг шинжлэн судлахад өргөдөл гаргагчийн гаргасан гомдлоор шүүгч С.Б-ыг буруутгах үндэслэл үгүйсгэгдэж байна гэж үзэж илтгэгч гишүүн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй байна.
Иймд Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад, шүүх хуралдааныг даргалсан шүүгч С.Б- Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул гишүүний 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 14 дүгээр захирамжаар үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.... шүүхийн шүүгч С.Б-ад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-д зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.АРИУНТУЯА
ГИШҮҮН Д.МЯГМАРЦЭРЭН
С.ЭНХТӨР