
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-07-02
Дугаар 97
Улаанбаатар хот

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Мягмарцэрэн даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Ж.У, өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хийв.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн ГС/2025/0073 дугаартай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“ ...Шүүгч Ж.Эрдэнэбатын тухайд:
1.1.Ч.Д-н нэхэмжлэлтэй иргэний хэрэгт холбогдох шүүгч дор дурдсан ажиллагаа явуулсан нь тогтоогдож байна. Үүнд:
- Хариуцагчид 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, тайлбар гаргах хугацаа тогтоосон, хэргийн оролцогч нарт эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан ба хариуцагч 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хариу тайлбараа ирүүлж, өмгөөлөгч Р.Н-тэй эрхзүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулсан,
- Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хариуцагч “М” ХХК-ийн эд хөрөнгө буюу ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай ***м.кв барилгыг битүүмжлэх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх, арилжааны банкин дахь зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 340,475,703 төгрөгийн хэмжээнд зогсоох арга хэмжээ авхуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн,
- Хариуцагч Ж.У 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ч.Д-н эзэмшлээс “М” ХХК-ийн гэрчилгээ, тамга тэмдгийг гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаар захирамжаар хангахаас татгалзсан,
- Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 91 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгасан,
- Шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн * дугаар захирамжаар хариуцагчийн хүсэлтийг хангаж, “М” ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг ашиглан аливаа үйл ажиллагаа явуулахгүй байхыг Ч.Д-д даалгасан,
- Нэхэмжлэгч Ч.Д 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр шүүгчийн * дугаар захирамжид гомдол гаргах хугацаа сэргээлгэх хүсэлт, гомдол гаргасан ба тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн * дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон,
- Хариуцагч Ж.У 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр “М” ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 02008 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан,
- Дээрх захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Р.Н гомдол гаргасан, тус шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн * дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ч.Д-д сөрөг нэхэмжлэлийг гардуулсан,
- Хариуцагч Ж.У 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилснийг нэхэмжлэгчид 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр гардуулсан,
- Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн * дугаар захирамжаар хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод мэдэгдсэн, Ерөнхий шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн * дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ж.Эрдэнэбатыг томилсон шийдвэрийг албажуулсан,
- 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаан хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр тус тус хойшлогдсон,
- Хариуцагч Ж.У, өмгөөлөгч Р.Н нар 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд нотлох баримтууд гаргаж өгсөн,
- Хариуцагчаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр маргаан бүхий барилга нь барилгын болон бусад норм стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд шинжээч томилуулах хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтдээ холбогдох нотлох баримтуудыг хавсаргаж ирүүлсэн, мөн 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дахин нотлох баримтууд гаргаж өгсөн,
- Шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн * дугаар захирамжаар “хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай шийдвэрийн биелэлтийн талаарх лавлагааг гаргуулах тухай хүсэлтийг хангаж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст дээрх лавлагааг ирүүлэхийг даалгаж, Ж.У, Д.Б нарын нэхэмжлэлтэй хариуцагч Ч.Д, Б.Н нарт холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн тус шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн * дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, хэрхэн яаж биелэгдсэн болох нь тодорхойгүй буюу тухайн хэргийг шийдвэрлэж, шийдвэрийн биелэлт хэрхэн биелэгдэх /маргаан бүхий үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгөө ямар эд хөрөнгө хэн шилжих гэх мэт/ нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байна гэж дүгнэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/* дугаар албан бичгээр шүүгчийн захирамжид дурдсан шийдвэрийн биелэлтийн талаарх мэдээллийг ирүүлсэн,
- Хариуцагч 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэхийг Ч.Д-д даалгах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,
- Хариуцагчийн өмгөөлөгч 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн * дугаартай “Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69.1.1 “битүүмжлэх” гэснийг 69.1.2 “захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж” гэж өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан,
- Хариуцагчаас 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Ч.Д-с Ж.У-н үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг 2023 оны 01 дүгээр сараас 03 дугаар сард ашиглаж байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 5,461,867.67 төгрөг гаргуулах гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээлгэх хүсэлт гаргажээ,
- Хариуцагчийн өмгөөлөгчөөс 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр гэрч асуулгах хүсэлтээсээ татгалзсан,
- Шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн * дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгчид сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гардуулсан,
- Б.Н 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр тус иргэний хэрэгт хамтран нэхэмжлэгчээр оролцох, хамтран хариуцагчаар Д.Б-г татан оролцуулах хүсэлт гаргасан,
- Шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 01524 дүгээр захирамжаар хамтран нэхэмжлэгчээр Б.Н-г, хамтран хариуцагчаар Д.Б нарыг оролцуулахаар шийдвэрлэж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр эрх, үүрэг, нөлөөллийн мэдүүлгийн талаар танилцуулж, холбогдох баримтад гарын үсэг зуруулсан,
- Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/* дүгээр албан бичгээр “М” ХХК-ийн өмчлөлийн ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай ***м.кв талбайтай өмчлөх эрхийн улсын бүртгэлийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банк дахь дансны зарлагын хөдөлгөөнийг 340,475,703 төгрөгийн хэмжээгээр зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж захирамжилсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “М” ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг захирамжид заасан хэмжээгээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23340/** дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Дээрх хөрөнгө нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, иргэн Ж.У-н нэр дээр бүртгэлтэй, мөн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар захирамжид дурдаагүй тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах боломжгүй гэх хариу, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр “тус шүүхийн шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн * дүгээр захирамжид дурдсан хөрөнгүүдийг төлбөр авагч Ж.У, Д.Б нарт хүлээлгэн өгөхийг төлбөр төлөгч Ч.Д-д удаа дараа албан бичгээр мэдэгдсэн боловч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тул 2023 оны 5 дугаар сарын 19-ний өдөр албадан чөлөөлж, төлбөр авагч Ж.У, Д.Б нарт хүлээлгэн өгсөн...” гэх хариуг тус тус ирүүлсэн,
- Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн * дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 30 минутад хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод мэдэгдсэн,
- Шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн * дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт, хариуцагчийн өмгөөлөгчийн шүүхэд гаргасан А.Б-г гэрчээр оролцуулах хүсэлтээсээ татгалзах, Б.Н-ны шүүхэд гаргасан нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хүсэлтээсээ татгалзах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан,
- Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон Б.Н нараас 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Б.Н-ыг хамтран нэхэмжлэгчээр татан оролцуулах хүсэлт гаргасан,
- Шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн * дүгээр захирамжаар шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн * дугаартай “Хүсэлт шийдвэрлэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамжийн 1 дэх хэсгийн “...мөн Б.Н хамтран нэхэмжлэгчээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзах тухай хүсэлтийг хангаж...” гэснийг “...хангахаас татгалзаж...” гэж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,
- Хариуцагч Д.Б 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ж.У-д итгэмжлэл олгосон,
- Хариуцагч Ж.У 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Ч.Д-с “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тэмдэг гаргуулах тухай 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан сөрөг нэхэмжлэл, тусгай зөвшөөрөл Ч.Д-д байгааг тогтоолгох тухай 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа тус тус татгалзсан,
- Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлаж, хэргийн оролцогчдод мэдэгдсэн. Тус өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д-с хуралдаан хойшлуулах тухай хүсэлт гаргасан, хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт болон түүнд хавсаргасан нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасныг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан,
- 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн хүсэлтээр хойшлуулж, шүүх хуралдааныг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 10 цагт хийхээр товлон, улмаар хэргийг хянан шийдвэрлэжээ.
Дээр дурдсанаас үзвэл, шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэснээс хойш Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагааг явуулж, хэргийн хугацааг хуульд заасан журмын дагуу сунгасан байх ба хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1-т заасан хугацаанд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6, 69 дүгээр зүйлийн 69.1, 73 дугаар зүйлийн 73.1, 170 дугаар зүйлийн 170.1-т зааснаар хэргийн оролцогч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, шаардлага татгалзлаа нотлохын тулд гэрчээс мэдүүлэг авхуулах, шинжээч томилуулах, өөрөө олж авах боломжгүй нотлох баримтыг гаргуулахаар шүүхэд хүсэлт гаргах, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийн баталгаажуулах хүсэлт гаргах, сөрөг нэхэмжлэл гаргах, шүүгчийн захирамжид гомдол гаргах, хуульд заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргах эрхтэй бөгөөд зохигч талууд энэхүү эрхээ хэрэгжүүлсэн нь тогтоогдож байна.
Түүнчлэн шүүгч Ж.Эрдэнэбат хуульд заасны дагуу 2022 онд 23 хоног, 2023 онд 25 хоног, 2024 онд 25 хоног ээлжийн амралт эдэлж байжээ.
Иймд Ч.Д-н нэхэмжлэлтэй иргэний хэрэг хуульд заасан хугацаанд шийдвэрлэгдээгүйд шүүгчийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.
1.2. Шүүгч нэхэмжлэлд хэрэг үүсгэсний дараа буюу 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр * дугаар захирамж гарган нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.3-г зөрчөөгүй, захирамж хүчинтэй байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6.-т зааснаар шийдвэр гүйцэтгэх байгууллага нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг биелүүлэх үүрэгтэй.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 01/* дүгээр албан бичигт “...шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар “М” ХХК-ийн арилжааны банк дахь дансны зарлагын гүйлгээг захирамжид заасан хэмжээгээр 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 23340/** дүгээр тогтоолоор битүүмжилсэн. Дээрх хөрөнгө нь “М” ХХК-ийн нэр дээр бүртгэлгүй, иргэн Ж.У-н нэр дээр бүртгэлтэй, мөн эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар захирамжид дурдаагүй тул шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах боломжгүй...” гэжээ.
Шүүгчийн захирамжид “хариуцагч “М” ХХК-ийн эд хөрөнгө буюу ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай ***м.кв барилгыг битүүмжлэх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх”-ээр заасан боловч уг эд хөрөнгө Ж.У-н нэр дээр бүртгэлтэй тул захирамжид заасан ажиллагааг явуулах боломжгүй байсан талаар уг албан бичигт дурджээ.
Түүнчлэн шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан дээрх захирамжийг хүчингүй болгосон тухайгаа шийдвэрт тодорхой дурджээ.
Иймд өргөдөлд “...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лацдан өмчлөх эрхийг зогсоох нь үндэслэлгүй тул түүнийг өмчөө бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, битүүмжилснийг зогсоож захирамждаа өөрчлөлт оруулаач гэж хүсэлт гаргасан боловч шүүгч Ж.Эрдэнэбат огт шийдвэрлээгүй, Ч.Д-д үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлж миний өмчлөх эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар илт зөрчсөн...” гэсэн нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
1.3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжих ба хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, маргаан бүхий ... аймгийн ... сумын ...-р баг, ... хэсэгт байрлах үл хөдлөх хөрөнгөнд Ч.Д-н хийлгэсэн барилгын өргөтгөл, засварын ажлын төсөв, 2022 оны хөрөнгийн үнэлгээний тайлан, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн зээлийн гэрээ, зээл төлөх хуваарь, 2018 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Хас банктай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, барьцааны гэрээ, барьцаа хөрөнгийн жагсаалт, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан жижиг, бичил бизнесийн зээлийн гэрээ, мөн өдрийн ипотекийн гэрээ, барьцааны гэрээ, Худалдаа хөгжлийн банктай 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээ зэрэг баримтуудыг хавсаргаж өгсөн нь маргаан бүхий иргэний хэрэгт хийсэн үзлэгээр тогтоогдсон, энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4, 62.2-т заасантай нийцсэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нь Ч.Д , Ж.У нарын хооронд байгуулсан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн лавлагаа, гэрчилгээний хуудас, эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, барилгыг анх барихад авсан техникийн нөхцөл, техникийн зураг, 1, 2 давхрын байгуулалтын зураг, барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл, барилгыг анх барих үеийн модон бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, өрөгт бүтээцийн ажил гүйцэтгэсэн акт, дотор цахилгаан угсралтын ажил, туршилт хийж шалгасан акт, барилгад хамгаалалтын газардуулга хийсэн, туршсан акт, цутгамал төмөр бетон бүтээцийг арматурласан акт, суурийн нүх ухсан акт, суурь хийсэн акт, шалны ажил гүйцэтгэсэн акт, хучилт дээврийн дулаалгын ажил хийсэн акт, заслын ажил гүйцэтгэсэн акт, дулаан /дуу/ тусгаарлалтын ажил гүйцэтгэсэн акт, Ж.У-н өмчлөлийн барилгыг 2017 онд Ч.Д-д шилжүүлэх үеийн гадна, дотор харагдах байдлын зураг, барилгын одоо үеийн гадна харагдах байдлын зураг, “М” ХХК-ийн гэрчилгээний хуулбар, маргаан бүхий барилгын экспертизийн тайлан зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Түүнчлэн шүүх зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан.
Анхан шатны шүүхийн шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 146,760,000 төгрөгийн шаардлагыг хангахдаа хэрэгт авагдсан дээрх нотлох баримтыг хэрхэн үнэлж буйгаа шийдвэрийн үндэслэх хэсэгт тодорхой тусгасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т нийцжээ.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан хуульд заасан журмын дагуу явагдсан, зохигч талууд мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэл болон дуу дүрсний бичлэгээр тогтоогдож байна.
Иймд өргөдөлд дурдсан “...шүүгч Ж.Эрдэнэбат 2024 оны 5 дугаар сарын 13-ны өдөр маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн мэтгэлцээн, нотлох баримтыг эс хайхарч мөнөөх нүцгэн төсвийн товчоо гэсэн хүснэгтийн ганц ч нотлох баримтаар баталгаагүй шууд зардал гэх 146,760,366 төгрөгийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан...” гэх гомдол үндэслэлгүй бөгөөд шийдвэрийн хууль зүйн үндэслэлд Сахилгын хороо үнэлэлт дүгнэлт өгөх эрхгүй болно.
- Шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг, Р.Үүрийнтуяа нарын тухайд:
2.1.Сэлэнгэ аймгийн Мандал сум дах сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 00* дугаар шийдвэрт хариуцагч түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргасан.
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаар давж заалдах гомдлоор хэргийг хянан хэлэлцээд * магадлалаар шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нараас 80,542,757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д, Б.Н нарт олгох, Ж.У-н Ч.Д-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 139,142,946 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн Ч.Д нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,461,867 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, үүнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид өөрчлөлт оруулжээ.
Түүнчлэн хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 891.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол хангагдсан хэмжээгээр буюу 560.664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор магадлалын 3 дах заалтад тусгажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т “Давж заалдах болон хяналтын шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж заасан.
Шүүхийн практикт давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан хэлэлцэх явцад гомдол хуулийн үндэслэлгүй боловч хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн зэрэг асуудлаар шийдвэр, магадлал хүчингүй болж, өөрчлөгдөх явдал байдаг. Энэ тохиолдолд гомдлыг хангах боломжгүй үндэслэлээ тодорхой тусгаж, давж заалдах болон хяналтын гомдол гаргахдаа урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэдэг.
Давж заалдах шатны шүүх гомдлын зарим хэсгийг хангахдаа “...уг барилгад баарны зориулалтаар үйл ажиллагаа явуулахаар хийгдсэн, засвар хийхэд тодорхой хэмжээний материал орсон талаар талууд маргаагүй зэрэг байдлыг харгалзан...” гэж дүгнэсэн талаар магадлалд тусгасан нь нотлох баримтын үнэлгээтэй холбоотойгоос гадна шийдвэрт хууль хэрэглээтэй холбоотой өөрчлөлт оруулжээ.
Иймд давж заалдах шатны шүүх хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 891.750 төгрөгөөс гомдол хангагдсан хэмжээгээр буюу 560.664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
2.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т зааснаар шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх бөгөөд давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа үндэслэлээ магадлалд тодорхой тусгасан байна.
Иймд өргөдөлд дурдсан “…Төсвийн товчоо гэх хүснэгт нь Ч.Д-д үйлчилсэн төсөвчин А.Б-н “ЕSТIМАТО-РRО” программаар хийсэн хийсвэр тооцоолол, баримталсан дүрэм нь хүчингүй болсон эрхийн акт, Ж.У-н өмчийг удаан хугацаагаар битүүмжилж, өмчөө эзэмшиж ашиглан орлого олох боломжийг нь хаасан...” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
3.Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00119 дугаар захирамжаар давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг илтгэгч шүүгчээр Г.Давааренчинг томилсон шийдвэрийг албажуулжээ.
Гэтэл хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дугаар сарын 06-ны өдрийн * дугаар магадлалд шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Эрдэнэхишиг /илтгэгчээр/ нар оролцсон гэж бичигдсэн байх ба мөн өдрийн * дугаар магадлалын тогтоох хэсэгт “...2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/* дугаар шийдвэр”-т өөрчлөлт оруулсан талаар дурдсан нь шалгах ажиллагааны явцад тогтоогдсон.
Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэсэн эсэх, мөн давж заалдах гомдолд дурдсан хэргийг хянан хэлэлцсэн эсэхэд сахилгын хэрэг үүсгэн шалган ажиллагаа явуулав.
Хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг шүүгчдийн зөвлөгөөнөөр батлахаар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-т заасан. Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 13 дугаар тогтоолоор баталсан Иргэний хэрэг, өргөдөл, гомдол хүсэлтийг хүлээн авах, хуваарилах болон хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох журмын 2-т хэргийг шүүгч нарт хуваарилах дарааллыг сугалаа ашиглан 1-т Г.Давааренчин, 2-т Б.Эрдэнэхишиг гэсэн дарааллаар Иргэн 2014 нэгдсэн системд тохируулах”-аар, тогтоосон ба 2024.05.11-ний өдрийн * дугаар тогтоолоор дээрх журамд “иргэний хэргийн шүүх хуралдааныг тухайн хэргийн илтгэгч шүүгч үл даргална” гэсэн өөрчлөлт оруулжээ.
Холбогдох шүүгч нар “…техникийн шинжтэй алдаа гарсан, …уг алдааг залруулсан…” гэсэн тайлбар гаргасан.
Тус шүүхийн шүүх хуралдааны зард 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэгч Ч.Д , хариуцагч М ХХК, Ж.У, Д.Б нарт холбогдох Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн * дугаар шийдвэртэй хэргийг хариуцагчийн гомдлоор хянан хэлэлцэхээр товлогдсон байх ба тус хэргийг мөн өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж * дугаар магадлал гарсан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Үүнээс үзвэл, давж заалдах шатны шүүх мөн өдөр анхан шатны шүүхийн 2024 оны * дугаар шийдвэртэй хэргийг хянан хэлэлцсэн байх ба шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, хэргийг шүүгч Б.Эрдэнэхишиг хэргийг илтгэсэн нь тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Ч.Д-н хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 00011 дүгээр тогтоол, мөн Ерөнхий шүүгчийн 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 00119 дүгээр захирамжаар дээрх магадлал болон Ерөнхий шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулжээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч “илтгэгч шүүгч томилсон” захирамж, шүүх бүрэлдэхүүн “магадлал”-д гарын үсэг зурж албажуулахдаа анхааралгүй хандсан нь техникийн шинжтэй бөгөөд уг алдааг залруулж зөвтгөсөн нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.22, 50.1.23 -т заасан зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа /өмнө нь Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх/ нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч Ж.Эрдэнэбат тайлбартаа:
“ ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах”, 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараах арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй”, 69.1.1-д “хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх”, 69.1.2-д “хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох”, 69.1.3-д “хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох”, 69.3-д “Шүүгч шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авахдаа энэ хуулийн 70.3-т заасныг нэхэмжлэгчид мэдэгдэнэ”, 70 дугаар зүйл “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг биелүүлэх, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх”, 70.1.Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ”, 70.2-д “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна”, 70.3-д “Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно” гэж тус тус заажээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... гудамж, ... тоотод оршин суух Х овогт Ч Д, ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... хотхон, ... тоотод оршин суух Б овогт Б Н нарын нэхэмжлэлтэй, хариуцагч ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, “Ф” хаягт байрлах “М” ХХК, хариуцагч ... аймгийн ... сумын ... дүгээр баг, ... ... тоот, одоо ... аймгийн ... сум 1 дүгээр баг, ... гэх газар оршин суух, “М” ХХК-ийн захирал О овогт Ж У, хариуцагч ... аймгийн ... сумын 9 дүгээр баг, ... тоот, Ц тайж овогт Д Б нарт холбогдох “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдах, худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардал 340 475 703 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй болон Ч.Д-д холбогдуулан Ж.У-н гаргасан “М” ХХК-н нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах тухай, “М” ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Ч.Д-д эх хуваараа байгаа болохыг тогтоолгох, Ж.У-н өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг Ч.Д-д даалгуулах, 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүртэл ямар нэгэн гэрээ хэлцэлгүй үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг ашиглаж байсан тул түрээсийн төлбөрт 9,000,000 төгрөг гаргуулах, Ч.Д нь Ж.У-н үл хөдлөх эд хөрөнгө болох барилгыг 2023 оны 01 дүгээр сараас 2023 оны 03 дугаар сард ашиглаж байхдаа хэрэглэсэн цахилгааны төлбөр 5,461,867 төгрөг 67 мөнгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэж тус шүүхийн 2024 оны 05 сарын 03 өдрийн 149/ШШ2024/00* дугаартай “Шийдвэр”-ээр шийдвэрлэсэн бөгөөд уг хэргийн зохигч буюу нэхэмжлэгч Ч.Д, Б.Н нарыг миний бие урьд нь огт танихгүй, уулзаж, харилцаж байгаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан “Татгалзан гарах, хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” хуульд заасан үндэслэл огт байхгүй ба уг хэргийг хэнээс ч хараат бус, зөвхөн хуульд нийцүүлэн, ёс зүйг чанд сахиж шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг хариуцагч Ж.У, түүний өмгөөлөгч Р.Н нар эс зөвшөөрч Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргасан, Давж заалдах шатны шүүх 2024 оны 11 сарын 06-ны өдрийн “Магадлал”-аар хэргийг хэлэлцэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба “Магадлал”-ийг эс зөвшөөрч Улсын Дээд Шүүхэд хяналтын гомдол гаргасан боловч Улсын Дээд Шүүх 2025 оны 01 сарын 21-ний * тоот тогтоолоороо хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэхээс татгалзаж, хэргийг буцаан тус шүүхэд ирүүлсэн, анхан шатны шүүхийн “Шийдвэр”, Давж заалдах шатны шүүхийн “Магадлал” хуулийн хүчин төгөлдөр болсон тул хэргийг зохих журмын дагуу архивч хүлээлгэн өгсөн болно.
Гэтэл уг хэргийн хариуцагч Ж.У, түүний өмгөөлөгч Р.Н нар нь “Шүүхийн сахилгын хороон”-нд гаргасан гомдолдоо “...улмаар шүүхэд хүсэлт гарган миний өмчийг шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны * тоот захирамжаар битүүмжлүүлсэн ба маргаан шийдвэрлэж дууссан үндэслэлээр би сая 2025 оны 02 сарын 12-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмчөө чөлөөлүүлж авсан. Шүүхэд миний өмгөөлөгчөөс Ж.У-н өмчийг битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лацдан өмчлөх эрхийг зогсоох нь үндэслэлгүй тул түүнийг өмчөө бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, битүүмжилснийг зогсоож захирамждаа өөрчлөлт оруулаач гэж хүсэлт гаргасан /Хэргийн 2-р хавтас 15 дахь тал/ боловч шүүгч Ж.Эрдэнэбат огт шийдвэрлээгүй орхиж, Ч.Д-д үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлж миний өмчлөх эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар илт зөрчсөн.., ...Шүүгч Ж.Эрдэнэбат 2024 оны 05 сарын 13-нд маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн мэтгэлцээн, нотлох баримыг эс хайхарч мөнөөх нүцгэн төсвийн товчоо гэсэн хүснэгтийн ганц ч нотлох баримтаар баталгаагүй шууд зардал гэх 146,760,366 төгрөгийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан.., ...Ж.У-н өмчийг удаан хугацаагаар битүүмжилж, өмчөө эзэмшиж ашиглан орлого олох боломжийг нь хааж, энэ талаар гарсан хүсэлтийг шийдвэрлэхгүй орхиж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.5 заалт болон мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.3 заалт "...шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар...шүүгчийн захирамжийг бичгээр гаргана" гэснийг зөрчсөн, байдал нь Монгол улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1 дэх заалт буюу хэргийн оролцогч Ч.Д-д илт давуу байдал бий болгосон, мөн хуулийн 50.1.23 " Хуулийн илт тодорхой заалтыг ноцтой...зөрчсөн" байх тул шүүгч Ж.Эрдэнэбат Шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасан сахилгын шийтгэл хүлээлгэж, иргэн Ж.У-ыг хохиролгүй болгоно уу...” гэснийг эс зөвшөөрч байна.
Учир нь: 1.Гомдолд дурдсан “...улмаар шүүхэд хүсэлт гарган миний өмчийг шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны * тоот захирамжаар битүүмжлүүлсэн ба маргаан шийдвэрлэж дууссан үндэслэлээр би сая 2025 оны 02 сарын 12-нд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас өмчөө чөлөөлүүлж авсан.Шүүхэд миний өмгөөлөгчөөс Ж.У-н өмчийг битүүмжилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лацдан өмчлөх эрхийг зогсоох нь үндэслэлгүй тул түүнийг өмчөө бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, битүүмжилснийг зогсоож захирамждаа өөрчлөлт оруулаач гэж хүсэлт гаргасан /Хэргийн 2-р хавтас 15 дахь тал/ боловч шүүгч Ж.Эрдэнэбат огт шийдвэрлээгүй орхиж, Ч.Д-д үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлж миний өмчлөх эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар илт зөрчсөн...” гэсэн гомдлын агуулгын тухайд: Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би Ч.Д-н нэхэмжлэлтэй хариуцагч “М” ХХК, захирал Ж.У-д холбогдох “2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардалд 340 475 703 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг 2022 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч 2022 оны 7 сарын 25-ны өдрийн 149/ШЗ2022/* дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” тухай захирамжаар хүлээн авахаас татгалзсан боловч Ч.Д уг захирамжид гомдол гаргаснаар тус шүүхийн шүүгч нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн “Шүүхийн тогтоол”-оор дээрх захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, зохигч нарт хуульд заасан эрх үүргийг тайлбарлан өгч, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулсан мөн нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан хүсэлтийг шүүх хүлээн авч хянаад шүүгчийн 2022 оны 11 сарын 07-ны * тоот захирамжаар битүүмжлүүлсэн бөгөөд уг захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дугаар зүйлийн 69.1.1, 69.1.3 дах хэсэг, 69.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дах хэсэгт заасныг удирдлага болгон “...1.Хариуцагч “М” ХХК-ийн эд хөрөнгө буюу ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай ... мкв барилгыг битүүмжлэх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 340 475 703 хэмжээнд зогсоож, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулж, 2.Нэхэмжлэл хэрэгсэхгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасан арга хэмжээг авсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хариуцагч нэхэмжлэх эрхтэйг дурдаж, 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэх, 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж...” шийдвэрлэж, зохигчийн хуульд заасан эрх, үүргийг дурдсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааны тухайд зохигчоос шүүхэд гаргасан хүсэлтүүд болох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран нэхэмжлэгч, хариуцагч оролцуулах, сөрөг нэхэмжлэл гаргах, нэхэмжлэлийн шаардлага ихэсгэх, багасгах, нотлох баримт гаргуулах, шүүх хуралдаан хүндэтгэн үзэх шалтгаанаар хойшлуулах гэх мэт иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтүүдийг шийдвэрлэж, шүүх хуралдаан хойшилж байсан бөгөөд тус шүүхийн 2024 оны 05 сарын 03 өдрийн 149/ШШ2024/00* шүүхийн “Шийдвэр”-ээр “...3.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШЗ2022/* дугаартай “Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай, мөн тус шүүхийн шүүгчийн 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 149/ШЗ2022/* дугаартай “Шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжуудыг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ” гэжээ.
Шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нар тайлбартаа:
“...1.Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 149/ШШ2024/00* дугаартай шийдвэртэй хэргийг тус хэргийн хариуцагч Ж.У, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор иргэний хэргийг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/МА2024/* дугаартай магадлалаар тэдний гаргасан гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нараас 146,760,000 төгрөг гаргуулж
нэхэмжлэгч нарт олгох”-оор шийдвэрлэснийг “...хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нараас 80,542,757 төгрөг гаргуулах”-аар хариуцагч түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангасан.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагч Ж.У нь давж заалдах гомдол гаргахдаа шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэмжээгээр буюу 891,750 төгрөг тэмдэгтийн хураамжид төлсөн.
Давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагчийн гомдлын заримыг буюу 66,217,243 төгрөгт холбогдох хэсгийг нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т
“Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч буюу нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна”, 56.3-т
“Хяналтын шатны болон давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилбөл шүүхийн зардлын хуваарилалтыг нэгэн адил өөрчлөн
шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч Ж.У-н гомдол хангагдсан хэмжээгээр тооцон түүний давж заалдах гомдол гаргасан тэмдэгтийн хураамжаас 560,664 төгрөгийг төсвийн орлогоос буцаан гаргуулахаар Магадлалын тогтоох хэсгийн 3 дахь заалтаар шийдвэрлэсэн.
4. Магадлал албажиж хэргийн оролцогчдод хүргэгдсэний дараа хариуцагч Ж.У-с тэмдэгтийн хураамж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг алдаатай гаргасан гэсэн агуулгаар шүүх гаргасан шийдвэрээ өөрчилж давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг бүтнээр нь төсвийн орлогоос буцаан гаргуулах тухай хүсэлтийг тус шүүхэд ирүүлсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар илт үндэслэл муутай шүүгчийн захирамжийг шүүгч өөрөө залруулах боломжтой боловч тус шүүхийн шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/Ш32024/00030 дугаартай “Улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгох тухай” захирамж нь 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/МА2024/* дугаартай Магадлалын 3 дахь заалт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 891,750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол хангагдсан хэмжээгээр буюу 560,664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай”-ын дагуу гарсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийн зохигчид болон оролцогчийн хүсэлтээр
“Магадлал”-ын заалтыг залруулах, өөрчлөх хуулийн зохицуулалтгүй тул Ж.У-н гаргасан хүсэлтэд Ерөнхий шүүгчээс Магадлал хүчин төгөлдөр болсон, хуульд зааснаар шүүхийн зардлыг хуваарилсан талаар тайлбарлаж хүсэлтийг нь хангах боломжгүй гэсэн хариуг 2025 оны 02 сарын 17-ны өдрийн 22 дугаартай албан бичгээр өгсөн.
5. Анхан шатны шүүхэд хэргийг хянан шийдвэрлэх үед нэхэмжлэгч нараас “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар эд хөрөнгө
битүүмжлэх” хүсэлт гаргасныг анхан шатны шүүх Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар шийдвэрлэж, хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд шүүгчийн захирамжаар битүүмжилсэн. Уг ажиллагаатай холбоотой анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн Ж.У-д холбогдох хэргийг хэлэлцээд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу нотлох баримтыг үнэлж зохигчдын хооронд үүссэн маргаанд зохих эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн.
6. Давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн хэргийн Магадлалыг шүүгч дангаараа болон ерөнхий шүүгч засварлах эрх хэмжээ хуулиар олгоогүй талаар хэргийн оролцогч нарт амаар болон бичгээр тайлбарласан бөгөөд давж заалдах шатны шүүх “хэрэг хянан шийдвэрлэх” хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлийн дагуу “улсын тэмдэгтийн хураамж”-ийг хуваарилан шийдвэрлэсэн тул иргэн Ж.У түүний өмгөөлөгч Р.Нямцэрэн нарын шүүгч “нэг талд илт давуу байдлыг бий болгосон, хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” гэсэн гомдол нь үндэслэлгүй гэж энэхүү тайлбарыг гаргаж байгааг хүлээн авч иргэний гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч Р.Үүрийнтуяа тайлбартаа:
“...Р.Үүрийнтуяа миний бие нь Дархан-Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байхдаа Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчдийн зөвшилцөл, хэрэг хуваарилах журмын дагуу Ч.Д, Б.Н нарын нэхэмжлэлтэй, “М” ХХК, Ж.У, Д.Б нарт холбогдох иргэний хэргийн бүрэлдэхүүнд томилогдон оролцсон.
2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/МА2024/* дугаартай магадлалаар хариуцагч Ж.У түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
Ийнхүү шийдвэрлэхдээ Магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг ташаа бичигдсэн алдааг бүрэлдэхүүний шүүгчид хянаж засварлалгүйгээр магадлалыг ёсчилсон алдаа гаргасан ба магадлалыг эс зөвшөөрч хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргасныг хяналтын шатны бүх шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарснаар тус шүүхийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 65 дугаартай Магадлал хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү Магадлал хүчин төгөлдөр болсноор хэргийн нэхэмжлэгч Ч.Д нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар алдаа гарсан талаар мэдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл бүхий байдал гарахаас сэргийлж шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачилгаар тус шүүхийн 2025 оны 05 сарын 21-ний өдрийн 11 дугаартай тогтоолоор Магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг ташаа бичигдсэнийг зөвтгөж шийдвэрлэсэн болно” гэжээ.
Шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нар 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00* дугаартай шийдвэртэй хэргийг тус хэргийн хариуцагч Ж.У, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч “Иргэн 2014” программаас тус хэрэг нь шүүгч Б.Эрдэнэхишигт хуваарилагдсан байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 43 тогтоолын 3.1-т” Иргэний хэргийн шүүх хуралдааныг тухайн хэргийн илтгэгч шүүгч үл даргална” гэж зааснаар “Иргэн 2014” программаас хэрэг хуваарилагдсан буюу илтгэгч шүүгч Б.Эрдэнэхишигийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 119 дугаартай “Илтгэгч шүүгч томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжид илтгэгч шүүгчээр Ерөнхий шүүгч Г.Давааренчин гэж ташаа бичигдсэнийг албажуулсан алдаа гаргасан байх ба тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 сарын 18-ны өдрийн * дугаартай захирамжид Ерөнхий шүүгчээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-т зааснаар захирамждаа өөрчлөлт оруулж илтгэгч шүүгчээр Б.Эрдэнэхишигийг томилж зөвтгөсөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан бусад эрх зүйн акт болох Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 60 дугаартай “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай” тогтоол, тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн * дугаартай “Шүүх хуралдаан даргалагч шүүх бүрэлдэхүүн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамж, 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ тус хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, “Иргэн 2014” программаас тус хэрэг хуваарилагдсан шүүгч Б.Эрдэнэхишиг илтгэгч шүүгчээр, бүрэлдэхүүн шүүгчид шүүгч Р.Үүрийнтуяа нар оролцсон ба дээрх эрх зүйн актууд Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд заасны дагуу гарч ёсчлогдсон байна.
Мөн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/МА2024/* дугаартай магадлалаар хариуцагч Ж.У түүний өмгөөлөгчийн гомдлын заримыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн ба Магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг огноо, дугаарыг ташаа бичигдсэн алдааг бүрэлдэхүүн шүүгчид хянаж засварлалгүйгээр магадлалыг ёсчилсон алдаа гаргасан ба магадлалыг эс зөвшөөрч хэргийн хариуцагчаас хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны бүх шүүгчдийн хуралдаанаар хэргийг хэлэлцэхээс татгалзсан тогтоол гарснаар тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн * дугаартай Магадлал хүчин төгөлдөр болсон байна.
Ийнхүү Магадлал хүчин төгөлдөр болсноор хэргийн нэхэмжлэгч Ч.Д нь шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх хүсэлт гаргаснаар алдаа гарсан талаар мэдсэн бөгөөд шүүхийн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ бүхий нөхцөл бүхий байдал гарахаас сэргийлж нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтээр тус шүүхийн 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай тогтоолоор Магадлалын тогтоох хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг огноо, дугаарыг ташаа бичигдсэнийг зөвтгөж шийдвэрлэсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
- Шүүгч Ж.Эрдэнэбатын тухайд:
1.1. Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Ж.У, Д.Б нар нь Ч.Д, Б.Н нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг албадан чөлөөлүүлэх, алданги гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх нэхэмжлэлд 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд * дүгээр шийдвэрээр: “ ...нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Ч.Д, Б.Н нарын эзэмшлээс ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай ***м.кв барилга болон доторх дэлгүүрийн зориулалттай: ...лангуу 15 ширхэг, босоо хөргөгч 1 ширхэг, ундааны тавиур 1 ширхэг, хиамны том хөргөгч 1 ширхэг, зайрмагийн хөргөгч 1 ширхэг, галын хор 1 ширхэг, худалдагчийн ширээ 1 ширхэг, бохины тавиур 1 ширхэг, баарны зориулалтай: ...ширээ 8 ширхэг, сандал 16 ширхэг, шилэн хөргөгч 1 ширхэг, тек 1 ширхэг, ком хөгжим, өсгөгч 1 ширхэг, таазны өнгийн абжур 8 ширхэг, нэмэгдэл гэрэл 5 ширхэг, караоке машин өсгөгч 2 ширхэг, эргэдэг гэрэл 4 ширхэг, лазер гэрэл 2 ширхэг, анивчдаг гэрэл 1 ширхэг зэрэг эд зүйлийг албадан чөлөөлж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийн алданги 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Шүүгчийн 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0* дүгээр захирамжаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж, гүйцэтгэх хуудас бичигдсэн.
Дээрх маргаан шийдвэрлэсний дараа Ч.Д нь “М” ХХК-ийн захирал Ж.У-д холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардалд 340,475,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан.
Шүүгч Ж.Эрдэнэбат 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн * дүгээр захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанд нэхэмжлэгч гомдол гаргасан ба тус шүүхийн 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон тул шүүгчийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 01482 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр шийдвэрлэсэн байна.
Илтгэгч гишүүн саналдаа шүүгч Ж.Эрдэнэбатын явуулсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дэлгэрэнгүй тусгасан байх ба үүнээс үзэхэд холбогдох шүүгч нь шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж байсан ба зохигчдоос гаргасан тайлбар татгалзал, гэрч асуулгах хүсэлт, шинжээч томилуулах хүсэлт, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлт зэргийг тухай бүр шийдвэрлэн талуудын тэгш эрх мэтгэлцээний үндсэнд явуулах нөхцөлийг хангах зорилгоор шаардлагатай арга хэмжээ авч ажилласан нь тогтоогдож байна.
Иймд шүүхээс шалтгаалж буюу шүүгчийн буруутай үйл ажиллагааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа удааширсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй байна.
1.2. Өргөдөлд: “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас лацдан өмчлөх эрхийг зогсоох нь үндэслэлгүй тул түүнийг өмчөө бусдад шилжүүлэх эрхийг хязгаарлаж, битүүмжилснийг зогсоож захирамждаа өөрчлөлт оруулаач гэж хүсэлт гаргасан боловч шүүгч Ж.Эрдэнэбат огт шийдвэрлээгүй, Ч.Д-д үйлчилсэн мэт сэтгэгдэл төрүүлж миний өмчлөх эрхийг 2 жил 3 сарын хугацаагаар илт зөрчсөн” гэжээ.
Шүүгч 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 149/ШЗ2022/* дугаартай захирамжаар нэхэмжлэгчийн хүсэлтээр “ ...хариуцагч “М” ХХК-ийн эд хөрөнгө буюу ... аймгийн ... сумын ... дугаар баг, ... дугаар хэсэг, ... үйлчилгээний зориулалттай 2 давхар 384.4 м.кв барилгыг битүүмжлэх буюу захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, арилжааны банкин дахь дансны зарлагын хөдөлгөөний нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн болох 340.475.703 хэмжээнд зогсоож” шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар шүүгч нэхэмжлэгч хүсэлт гаргавал иргэний хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх, хариуцагчаас эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн тодорхой ажиллагаа явуулахыг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр хориглох, хариуцагчийн дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоох зэрэг захирамж гаргах эрхтэй.
Иймд шүүгчид эрх олгосон дээрх хуулийн заалтыг шүүгч Ж.Эрдэнэбат хэрэглэж захирамж гаргасныг нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00* дугаартай шийдвэрт “шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан дээрх захирамжийг хүчингүй болгосон” болохыг дурдах нь зүйтэй байна.
1.3. Өргөдөлд: “ ...шүүгч Ж.Эрдэнэбат 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр маргааныг шийдвэрлэхдээ шүүхийн мэтгэлцээн, нотлох баримтыг эс хайхарч мөнөөх нүцгэн товчоо гэсэн хүснэгтийн ганц ч нотлох баримтаар баталгаагүй шууд зардал гэх 146.760.366 төгрөгийг надаар төлүүлэх шийдвэр гаргасан” гэжээ.
Шүүх хэргийг 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хянан хэлэлцээд 00* дугаар шийдвэрээр “ ...нэхэмжлэгч Ч.Д, Б.Н нарын хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нарт холбогдуулан 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “Түрээсийн гэрээ”-ний дагуу барилгын эд хөрөнгө худалдан авах, засан сайжруулалтад гарсан зардалд 340,475,703 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас сайн дураараа татгалзсан, Ж.У нь Ч.Д-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа “...“М” ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, “М” ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн тэмдгийг гаргуулах, “М” ХХК-ийн нэр дээрх архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээ Ч.Д-д эх хувиараа байгаа болохыг тогтоолгох, Ж.У-н өмчлөлийн барилгын бат бэхийг алдагдуулсныг сэргээж хүчитгэх үүргийг Ч.Д-д даалгуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзсаныг баталж, хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нараас 146,760,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д, Б.Н нарт олгож, мөн Ч.Д нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тул 5,461,867 төгрөг гаргуулан Ж.У-д тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 72,925,337 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50.1.23-т тус тус заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-т “Сахилгын хороо энэ хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн шүүгчид сахилгын шийтгэл оногдуулна” гэж зааснаар Шүүхийн сахилгын хороо нь шүүгчийн сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага тул шүүгчийн шийдвэрийн үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх, хянах эрх хэмжээгүй болно.
Харин тухайн шүүгчийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий эсэхэд дээд шатны шүүхийн хяналт хэрэгждэг бөгөөд сахилгын хэрэгт авагдсан баримтаар хариуцагч, түүний өмгөөлөгч нараас шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гарган давж заалдах шатны шүүхээр хянуулсан үйл баримт тогтоогдож байна.
Иймд, өргөдлийн энэ үндэслэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй тул энэ талаарх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
- Шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг, Р.Үүрийнтуяа нарын тухайд:
Хариуцагчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд * дугаар магадлал гарсан ба магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтад:
“...хариуцагч “М” ХХК, захирал Ж.У, Д.Б нараас 80,542,757 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д, Б.Н нарт олгож, Ж.У-н Ч.Д-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага 9,000,000 төгрөгийн, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 139,142,946 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгож, мөн Ч.Д нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага 5,461,867 төгрөгийг төлөхийг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталсугай” гэж, 2 дахь заалтыг “...нэхэмжлэгч Ч.Д-с шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,860,320 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.У-с 560,664 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Д-д олгож, хариуцагч Ж.У-н сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 158,500 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж сөрөг нэхэмжлэл хангагдсан хэсэгт ногдох 102,340 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Д-с гаргуулж хариуцагч Ж.У-д олгосугай” гэж өөрчлөлт оруулан,
хариуцагчаас давж заалдах гомдолд төлсөн 891.750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, гомдол хангагдсан хэмжээгээр буюу 560.664 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож” шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Давж заалдах шатны шүүх зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон буюу өөрчилсөн тохиолдолд гомдол гаргагчаас тухайн шатны шүүхэд гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг тухайн шатны шүүгчийн захирамжаар буцаан олгоно” гэж зааснаас үзэхэд хэргийн оролцогчийн гомдлыг хангасан тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохоор хуульчилсан байна.
Харин дээрх хэргийн тухайд давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, улмаар Улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэхдээ гомдол хангагдсан хэмжээгээр тооцож буцаан олгохоор шийдвэрлэснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.
Тухайлбал, Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын 3-д “...хуулийн зохицуулалт нь ойлгомжтой, тодорхой боловч хууль хэрэглээний хувьд бусад хэм хэмжээтэй өрсөлдсөн буюу зэрэгцсэн, зөрчилдөн, эсхүл төсөөтэй хэрэглэх эсэхийг шийдвэрлэх зэргээс хууль хэрэглэх зарчмыг тайлбарлах шаардлагатай бол “илт тодорхой” гэж үзэхгүй” гэж тайлбарласан.
Дээр дурдсанаар давж заалдах шатны шүүхээс Улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэр тухай 56 дугаар зүйлийн 56.1 56.2, 56.3, 59 дүгээр зүйлийн 59.3-д заасан хуулийн хэм хэмжээг тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргасныг сахилгын зөрчил гэж үзэхгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэл бүхий байна.
2.2. Өргөдөлд: “...Төсвийн товчоо гэх хүснэгт нь Ч.Д-д үйлчилсэн төсөвчин А.Б-н “ЕSТIМАТО-РRО” программаар хийсэн хийсвэр тооцоолол, баримталсан дүрэм нь хүчингүй болсон эрхийн акт, Ж.У-н өмчийг удаан хугацаагаар битүүмжилж, өмчөө эзэмшиж ашиглан орлого олох боломжийг нь хаасан” гэжээ.
Нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг бөгөөд шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэр гаргасан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй тул энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлдээ нотлох баримтыг хэрхэн үнэлж шийдвэр гаргасан талаар тодорхой тусгасан болно.
2.3.Маргаан бүхий иргэний хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд илтэгч шүүгчээр шүүгч Г.Давааренчинг томилсон байна. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/ТМ2024/* дугаартай магадлалыг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Р.Үүрийнтуяа, Б.Эрдэнэхишиг /илтгэгчээр/ нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцсэн байна.
Мөн тус магадлалаар “ ...Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00* дугаартай шийдвэрийг” хянасан атлаа магадлалын тогтоох хэсэгт “Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 149/ШШ2023/* дугаар шийдвэр”-т өөрчлөлт оруулсан талаар дурджээ.
Илтгэгч гишүүн дээрх нөхцөл байдлыг өргөдөлд дурдаагүй, сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт илэрсэн гэж үзэж уг асуудлаар сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4-т “Сахилгын хорооны хуралдаан зарлахаас өмнө өргөдөл, мэдээлэлд дурдагдаагүй шүүгчийн сахилгын зөрчлийн шинжтэй үйл баримт сахилгын хэрэг хянан шийдвэрлэх явцад илэрсэн бол тухайн шүүгчид сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулна” гэж заасанд нийцсэн байна.
Холбогдох шүүгч нар тайлбартаа: “...техникийн шинжтэй алдаа гарч алдааг залруулсан” талаар дурджээ.
Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн маргаан бүхий иргэний хэргийг хянан хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийсэн байх ба үзлэгээр: “ ...тус шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, хэргийг шүүгч Б.Эрдэнэхишиг илтсэн бөгөөд Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 149/ШШ2024/00* дугаартай шийдвэрийг давж заалдах журмаар хянасан” үйл баримт тогтоогдсон байна.
Түүнчлэн тус шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин нь даргалагч, бүрэлдэхүүн томилсон захирамжид илтгэгч гишүүний нэрийг буруу бичин алдаа гарсан талаар дурдаж захирамжид өөрчлөлт оруулсан.
Мөн Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 208/ШТ2025/* дугаартай тогтоолоор “...тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 208/ТМ2024/* дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтад техникийн шинжтэй алдаа гарсан талаар дурдан” зөвтгөжээ.
Иймд тус шүүхийн Ерөнхий шүүгч “илтгэгч шүүгч томилсон” захирамж, шүүх бүрэлдэхүүн “магадлал”-д гарын үсэг зурж албажуулахдаа анхааралгүй хандуулсан нь техникийн шинжтэй алдаа бөгөөд уг алдааг залруулсан байх тул холбогдох шүүгч нарыг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолын 4-д “...Шүүгч санамсаргүй техникийн шинжтэй алдаа гаргасныг хуульд заасан журмын дагуу засах боломжтой, зассан тохиолдолд зөрчил гэж үзэхгүй” гэж тайлбарласныг дурдах нь зүйтэй байна.
Иймд холбогдох шүүгч нар нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул илтгэгч гишүүнээс гаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0067 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Давааренчин, шүүгч Б.Эрдэнэхишиг, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МЯГМАРЦЭРЭН
ГИШҮҮН С.ЭНХТӨР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН