
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-24
Дугаар 89
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Иргэн Б.А нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондовт холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Х.Хашбаатар хүлээн авч хянаад, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн ГЗҮ/2025/..8 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/..9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн саналдаа: “...дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Д-д холбогдох эрүүгийн 2....2 дугаартай хэргийг ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-ийн Ерөнхий шүүгч Б.Дашдондов 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/...3 дугаар шийтгэх тогтоолоор О.Д-ийг гэм буруутайд тооцож, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэн, Б.А-ны ...банк дахь 5...3 дугаартай дансанд хязгаарлагдсан 382,571.00 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ.
О.Д нь 2023 оны 10 дугаар сараас 11 дүгээр сарын хооронд цахим мөрийтэй тоглоом зохион байгуулахдаа Б.А-ны ...банк дахь дансыг өөрийнх нь зөвшөөрлөөр ашиглан, гэмт хэргийн замаар олсон мөнгөө оруулж, гаргаж байсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр прокурорын зөвшөөрлийн дагуу Б.А-ны ...банк дахь 5...3 тоот дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ.
Өргөдөлд хавсаргасан дансны хуулгаас үзэхэд гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах үед 509 төгрөгийн үлдэгдэлтэй байсан бөгөөд үүнээс хойш 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 2023 оны 3 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт 2602 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 2023 оны 4 дүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголт 13.248 төгрөг, 01 дүгээр сарын 31-ний өдөр Эрдэнэс Таван толгойн 2022 оны хувьцааны ногдол ашиг 104.873 төгрөг, 04 дүгээр сарын 05-ны өдөр Эрдэнэс Таван толгойн 2023 оны хувьцааны ногдол ашиг 256.636 төгрөг, 12 дугаар сарын 21-ний өдөр Эрдэнэс Таван толгойн 2024 оны хувьцааны ногдол ашиг 121.500 төгрөг, нийт 498.859 төгрөгийн орлого орсноос шүүхийн шийдвэрийн дагуу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 382.571 төгрөгийг улсын төсөвт шилжүүлсэн байна.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж зааснаар Б.А-ны данснаас улсын орлогод хураасан 382.571 төгрөг нь гэмт хэргийн улмаас олсон орлого биш болох нь тогтоогдож байх боловч тухайн эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж ирэхээс өмнө Б.А-ны дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, эрүүгийн хэрэгт уг орлого орохоос өмнөх буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгосон хуулга авагдсан, ...банкны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаар “.../РД:.../ Б.А-ны..., 5...3 тоот данс 382.571 төгрөгийн үлдэгдэлтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна...” гэх албан бичиг хэрэгт авагдсан, Б.А нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ уг дансаа ямар зориулалтаар ашигладаг талаар тайлбарлаагүй, О.Д-д дансаа ашиглуулсны хөлсөнд мөнгө авч байсан талаар мэдүүлснээс өөрөөр буюу уг дансанд түүний хувьцааны ноогдол ашиг, НӨАТ-ын буцаан олголтын мөнгө ордог талаар мэдүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
Гэвч дээр дурдсанчлан Б.А-ны данснаас 382.571 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого мөн эсэхийг бүрэн гүйцэд тогтоохгүйгээр улсын орлогод хураасан нь зөрчил боловч өргөдөл гаргагч нь хүсэлтээ шүүхэд гаргавал уг асуудлыг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлэх боломжтой талаар тайлбар өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ялтан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна” гэж зааснаар шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжтой тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзлээ.
Цаашид ижил төсөөтэй эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон прокурорын шатанд авагдсан баримтыг нягтлан шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй бөгөөд энэ нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, шүүгчдийн мэргэжлийн ур чадварт эргэлзээ үүсгэх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино.
Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондовт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Ерөнхий шүүгч Б.Дашдондов хариу тайлбартаа: “......дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр ..7 дугаар “Яллах дүгнэлт” үйлдэж, О.Д-д холбогдох эрүүгийн 2....2 дугаартай хэргийг ирүүлснийг тус шүүх 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/...3 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэж, тус тогтоол 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүчин төгөлдөр болсон байна.
Хэрэгт авагдсан баримтуудаас:
О.Д-ний “Би 2023 оны 10 дугаар сарын эхээр Р гэсэн клубыг рокегггг2 гэх аппликейшнээр нээж мөрийтэй тоглоом тоглуулж эхэлсэн ба 2023 оны 11 дүгээр сарын сүүлээр покер тоглоом зохион байгуулах нь хууль бус болохыг мэдээд дахин зохион байгуулаагүй. Тус хугацаанд 5 хүний данс, интернэт банкийг ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулсан ба тэдгээр хүмүүсийн нэг нь Б.А-ны ...банкны 5...3 тоот данс мөн...” гэх тайлбар,
Б.А-ны “...Миний бие ...банкны 5...3 тоот дансыг 2018 онд нээлгэсэн ба арван жилийн нэг ангийн хүүхэд болох О.Д-ний интернэт банкаа ашиглуулаач, ажил хийхэд интернэт банк шаардлагатай байна гэх гуйлтаар гүйлгээний нэвтрэх нэр, нууц үгийг өгч ашиглуулсан. Эхний өдөр гүйлгээний мессеж ихээр ирж, О.Д нь 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр чатаар 50к ширээ нээсэн шүү гаяс... гэх чатыг явуулж байсан бөгөөд миний дансыг ашиглаж мөрийтэй тоглоом зохион байгуулж байх шиг байсныг мэдсэн...” гэх тайлбар,
2024 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б.А-ны ...банкны 5...3 тоот дансны гүйлгээ буюу “Эд зүйл /баримт, бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтан/-д үзлэг хийсэн тэмдэглэлд 4 хоногийн хугацаанд 162 тоглогчтойгоор 5.070.100 төгрөгийн орлого олж, үүнээс 3.241.000 төгрөгийн буцаан олголт хийж, 1.829.100 төгрөгийн ашиг олсон ба эцсийн үлдэгдэл 21.709.60 төгрөг,
...банк ХХК-аас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт авагдсанаар “Б.А /РД:.../-ийн 5...4 тоот данс 610.687 төгрөг, 5...3 тоот данс 382.571 төгрөгийн үлдэгдэлтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна“ гэх албан бичиг.
Дээрх баримтуудаас дүгнэхэд Б.А-г О.Д-д холбогдох эрүүгийн 2....2 дугаартай хэрэгт гэрчийн статустайгаар оролцуулж, түүнээс гэрчийн мэдүүлэг авсан ба тэрээр мэдүүлэгтээ “О.Д-д өөрийн хувийн харилцах данс, гүйлгээний нэвтрэх нэр, нууц үгээ өгсөн, цахим мөрийтэй тоглоом тоглоход өөрийн дансыг ашиглуулж байсан” талаар мэдүүлсэн байх боловч уг дансанд хэнээс хэдэн төгрөгийн гүйлгээ хийгдсэн талаар мэдэхгүй гэх тайлбарыг өгсөн, уг дансаа ямар зориулалтаар ашигладаг талаар тайлбарлаагүй, О.Д-д дансаа ашиглуулсны хөлсөнд мөнгө авч байсан талаар мэдүүлснээс өөрөөр буюу уг дансанд түүний хувьцааны ноогдол ашиг, НӨАТ-ын буцаан олголтын мөнгө ордог талаар мэдүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй. Мөн Б.А өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзсэн бол тухайн үед хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан мөрдөгч, прокурорт уг асуудлаар хүсэлтээ гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтоолгох боломж нээлттэй байсан.
Эрүүгийн хэрэгт 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгосон дансны хуулга авагдсан ба Б.А-ны өөрийн гомдолд хавсаргасан дансны хуулганаас үзэхэд 2023 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш хуулга гаргаж өгчээ. Энэ хугацааны хуулга эрүүгийн хэрэгт хавсаргагдаагүй, шүүх хэрэгт авагдаагүй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй тул 2023 оны 10 сарын 26-ны өдрөөс хойш хуулганд тайлбар хийх боломжгүй байна.
Б.А-ны дээрх данс нь гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдаж байсан, уг дансаар гэмт хэргийн замаар олсон мөнгө орж, гарч байсан бөгөөд Б.А уг нөхцөл байдлыг мэдэж, өөрийн дансаа ашиглуулж, тодорхой хэмжээний ашиг хүртэж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байгаа боловч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсний дагуу Б.А-ны дээрх асуудлаар шүүх дүгнэлт хийлгүй, зөвхөн прокуророос шүүхэд шилжүүлсэн О.Д-д холбогдох хэргийн хүрээнд, мөн ...банк ХХК-аас ирүүлсэн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” албан бичигт авагдсанаар “Б.А /РД:.../-ийн..., 5...3 тоот данс 382.571 төгрөгийн үлдэгдэлтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна" гэх албан бичиг зэрэгт үндэслэн прокуророос гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгох санал гаргасны дагуу хэргийг эцэслэн шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Иргэн Б.А нь “10 жилийн нэг ангид сурч байсан О.Д-д өөрийн дансаа ашиглуулсан гэх үндэслэлээр ...банкны 5...3 дугаартай дансыг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжлүүлсэн... уг дансанд өөрийн хувьцааны мөнгө бас давхар битүүмжлэгдэж мөнгөө гэр бүлийн хэрэгцээнд ашиглах боломжгүй болж, иргэний эрх хөндөгдөж зөрчигдөж байсан тул хяналтын прокурор Ж.С-т дансаа чөлөөлүүлэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Улмаар миний данснаас 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 382.571 төгрөгийг татан авсан. ...дүүргийн шүүхээс асуухад О.Д-д холбогдох эрүүгийн хэргийн шүүгч Б.Дашдондов шийдвэрлэсэн байсан ба би хэргийн оролцогч биш тул хэрэг хэзээ шийдвэрлэгдсэн, шүүх хуралд оролцох, шүүхийн шийдвэрт гомдол гаргах боломжгүй байна. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ битүүмжлэгдсэн дансанд байгаа мөнгө ямар байдлаар орсон, гэмт хэргийн замаар орсон орлого мөн эсэх талаар дүгнэлт хийсний үндсэн дээр гэмт хэргийн замаар орсон орлого байгаа бол хүний дансанд байгаа мөнгөнөөс зарцуулалт хийх ёстой гэж би ойлгож байна... Гэтэл миний буюу хэргийн оролцогч биш хүний данснаас хувьцааны ногдол ашиг, НӨАТ-ын буцаан олголтын мөнгөнөөс дур мэдэн, гэмт хэргийн замаар орсон орлого мэтээр төрийн сан татаж авах нөхцөлийг бий болгосон шүүгч Б.Дашдондовт хариуцлага тооцож, намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 тал/
Илтгэгч гишүүн саналдаа “...эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж ирэхээс өмнө Б.А-ны дансны гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан, эрүүгийн хэрэгт уг орлого орохоос өмнөх буюу 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдрөөр тасалбар болгосон хуулга авагдсан, ...банкны 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаар ...албан бичиг хэрэгт авагдсан, Б.А нь эрүүгийн хэрэгт өгсөн гэрчийн мэдүүлэгтээ уг дансаа ямар зориулалтаар ашигладаг талаар тайлбарлаагүй, О.Д-д дансаа ашиглуулсны хөлсөнд мөнгө авч байсан талаар мэдүүлснээс өөрөөр буюу уг дансанд түүний хувьцааны ноогдол ашиг, НӨАТ-ын буцаан олголтын мөнгө ордог талаар мэдүүлээгүй, энэ талаар баримт хэрэгт авагдаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д ...заасны дагуу хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна. Гэвч дээр дурдсанчлан Б.А-ны данснаас 382.571.00 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого мөн эсэхийг бүрэн гүйцэд тогтоохгүйгээр улсын орлогод хураасан нь зөрчил боловч өргөдөл гаргагч нь хүсэлтээ шүүхэд гаргавал уг асуудлыг шүүх хуралдаанаар дахин хэлэлцэж шийдвэрлэх боломжтой талаар шүүгч тайлбар өгсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт ...зааснаар шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжтой тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзлээ...” гэж дүгнэсэн. /с.х-ийн 41-45 тал/
Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:
Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ерөнхий шүүгч Б.Дашдондов уг хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, ...дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/ШЦТ/...3 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Д-ийг мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэм буруутайд тооцож, 360 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ “тогтоох” хэсгийн 4 дэх заалтаар “...Б.А-ны ...банк дахь 5...3 дугаартай дансанд хязгаарлагдсан 382.571,00 төгрөгийг... улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрт хэргийн оролцогчдоос давж заалдах журмаар гомдол гаргаагүй тул хуулийн хүчин төгөлдөр болсон байна. /с.х-ийн 30-34, 35-37 тал/
Уг шүүхийн шийдвэрийн 3 дугаар талд авагдсанаар Б.А-ны эзэмшлийн ...банк дахь 5...6 дугаар дансыг О.Д ашиглан, мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 8а/...5 дугаар албан бичиг, гэрч Б.А-ны мэдүүлэг, ...банк дахь 5...3 дугаартай дансыг Б.А эзэмшдэг талаарх албан бичиг, дансанд үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон гэж үзжээ.
Ерөнхий шүүгч Б.Дашдондовын хариу тайлбар болон хавсралтаар ирүүлсэн баримтуудаас үзэхэд шүүгч хэргийг хэлэлцэн шийдвэрлэхдээ “...банк” ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаар “...Б.А-ны ...5...3 тоот данс 382.571,00 төгрөгийн үлдэгдэлтэй хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан байна. Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг цуцлах тухай прокурорын зөвшөөрөл өнөөдрийн байдлаар ирээгүй байна...” гэх албан бичиг болон Б.А-ны эзэмшлийн ...банк дахь 5...3 дугаартай дансны 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох гүйлгээний хуулгыг шүүгч үндэслэжээ. /с.х-ийн 10-11, 12-29 тал/
Харин өргөдөл гаргагч иргэн Б.А-ны өргөдөлдөө “...миний дансыг битүүмжлэх үед буюу 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 509,59 төгрөг байсан...” гэсэн нь түүний хавсралтаар өгсөн ...банк дахь 5...3 дугаар дансны 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хоорондох гүйлгээний түүхтэй тохирч байна.
Уг цаг хугацаанаас хойш 2023 оны 3 дугаар улирлын НӨАТ-ын буцаан олголт, 2022, 2023, 2024 онуудын 1072 ширхэг хувьцааны ногдол ашиг гэх 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нийт 498.859 төгрөгийн орлого орж ирсэн байх бөгөөд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр шүүхийн шийтгэх тогтоолд тусгасан 382.571,00 төгрөгийг улсын төсөвт шилжүүлэн авчээ. /с.х-ийн 2-3 тал/
Дээрх баримтаас үзэхэд Б.А-ны данснаас улсын төсөвт шилжүүлэн авсан 382.571,00 төгрөг нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон орлого биш болох нь тогтоогдож байна.
Гэвч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан.
Ерөнхий шүүгч Б.Дашдондов тус эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, тухайн хэрэгт Б.А-ны ...банк дахь 5...3 дугаартай дансны 2004 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хоорондох гүйлгээний түүхээс гадна ...банк ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн ...7 дугаар албан бичиг, гэрч Б.Анужин, шүүгдэгч О.Д нарын мэдүүлгийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Мөн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь сахилгын хэргийн оролцогч Ерөнхий шүүгч Б.Дашдондовоос нэмэлт тайлбар авахад тэрээр “дансны битүүмжлэлийг шүүхийн шийдвэрээр цуцлах ба тухайн хүн нь хүсэлтээ шүүхэд өгсөн үед шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжтой” гэжээ. /с.х-ийн 38-39 тал/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхтэй холбогдож гарсан асуудлыг уг тогтоол гаргасан шүүх тухайн асуудлыг мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор шийдвэрлэнэ. Ялтан, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргавал оролцуулна”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэрийн хохирол, хор уршиг нөхөн төлүүлэхтэй холбоотой хэсэгт гарсан тодорхой биш асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдаанд хохирогчийг оролцуулж болно” гэж тус тус заасан.
Иймд илтгэгч гишүүний “...шүүхийн шийдвэрийг зөвтгөх боломжтой тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргаагүй гэж үзлээ. Цаашид ижил төсөөтэй эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах болон прокурорын шатанд авагдсан баримтыг нягтлан шалгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллах нь зүйтэй бөгөөд энэ нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх, шүүгчдийн мэргэжлийн ур чадварт эргэлзээ үүсгэх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүгч нар байнга урьдчилан сэргийлж ажиллавал зохино” гэснийг үндэслэл бүхий гэж дүгнээд, хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Эдгээрийг нэгтгэвэл Ерөнхий шүүгч Б.Дашдондов өргөдөлд дурдагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй гэж үзээд илтгэгч гишүүний саналыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн ГС/2025/...9 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Дашдондовт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭРДЭНЭЧУЛУУН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Б.СУГАР