
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-29
Дугаар 62
Улаанбаатар хот

Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хүлээн авч,
сахилгын шийтгэл оногдуулах тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, сахилгын хэргийн оролцогч, шүүгч Ч.Б, түүний өмгөөлөгч П.Б, мэдээлэл гаргагч Н.А /цахимаар/, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан, .... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдох 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0006 дугаар нотлох дүгнэлтийг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтдээ:
“... Нэг. Эрүүгийн хэргийн .... дугаартай, С.Н, Х.Ц, Т.Б, М.О нарт холбогдох хэргийн тухайд;
... Шүүгч Ч.Б-гийн татгалзан гарах хүсэлтийн тухайд:
Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 2024/ДШМ/... дугаар магадлалд шүүгч Ч.Б-гийн гаргасан татгалзан гарах хүсэлтийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаар “Хүсэлт хангаж, шүүгчийг татгалзан гаргах тухай” захирамжаар ханган шийдвэрлэсэн бөгөөд ингэхдээ Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбаруудыг мөрдөж ажиллах талаар анхааруулжээ.
Шалгах ажиллагааны хүрээнд шүүгч Ч.Б-аас зөвхөн нэг удаа буюу 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/.... дугаар захирамжаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд магадлалд “Ерөнхий шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн .... дугаар захирамжаар ханган шийдвэрлэсэн” гэж алдаатай бичсэн болох нь тогтоогдсон.
Харин шүүгч Ч.Б-гийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж заасан үндэслэлд хамаарахгүй.
Тодруулбал, өмнө нь тухайн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, хууль хэрэглээний хувьд давж заалдах шатны шүүхээс өөр байр суурьтай гэх үндэслэл нь шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл болохгүй бөгөөд хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчил үүссэн, эсхүл үүсэж болзошгүй нөхцөл байдал байгаа, шүүгчийн хуулиар олгосон бүрэн эрхийг хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлэх тодорхой үндэслэл байгаа тохиолдолд хувийн сонирхолтой гэж үзэхээс бус анхан шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэх давж заалдах шатны шүүхийн бүрэн эрхэд халдаж, өөрт хуваарилагдсан хэргийг өмнө нь шийдвэрлэсэн, дахин шийдвэрлэхэд шүүгчийн шийдэл өөрчлөгдөхгүй гэж хүсэлт гаргах нь хуульд нийцэхгүй.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох, шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргах, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэм буруутай эсэхийг тогтоох хэм хэмжээг зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.
Гэвч дээрх зөрчил нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэргийн талаар шүүгч урьдчилан өөрийн бодол, байр суурийг “олон нийтэд” мэдээлэх, илэрхийлэх буюу гадагш чиглэсэн байх үр дагавар шаарддаг бөгөөд тухайн хэрэг, маргааны талаар хэзээ, хэнд мэдээлснээс хамаарч сахилгын зөрчилд тооцох эсэхийг тодорхойлохоор хуульчилсан тул түүний татгалзан гарах хүсэлт нь эрүүгийн хэргийн үйл баримттай маргаагүй оролцогч бус этгээдүүд буюу олон нийтэд хандаагүй, зөвхөн бичгээр хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулсан, шүүхийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн, урьдчилсан таамаг гаргасан нөхцөл хангагдаагүй гэж үзлээ.
Мөн Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс, 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 04 дүгээр тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс тус тус дагаж мөрдөхөөр заажээ.
Энэ талаар шүүгчийн “... Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/... дугаар захирамжаар шүүгч Ч.Б-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн цаг хугацааны хувьд дээрх тогтоолууд гараагүй, мөрдөж эхлээгүй байсан ...” гэх тайлбар үндэслэлтэй бөгөөд тухайн үед хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгч өөрөө татгалзан гарах хүсэлт гаргахыг хориглох ойлголтыг нэг мөр, зөв хэрэглэдэггүй байсан нөхцөл байдал болон татгалзан гарах хүсэлтийг шийдвэрлэх эрх хэмжээг Ерөнхий шүүгчид хуулиар олгосон зэргээр түүнийг энэ үндэслэлээр буруутгах үндэслэлгүй байна.
Харин Ерөнхий шүүгч Б.Г нь хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл боловч тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан субъектэд хамаарахгүй, түүнд уг зөрчилд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах боломжгүй юм.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг бүртгэл, хяналтын нэгдсэн системд үзлэг хийхэд тус хэргийг 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр, 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр, 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрүүдэд хуваарилсан хуваарилалтад Ерөнхий шүүгч Б.Г-гийн нэр байхгүй байсан тул энэ талаар Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн Э.Д-ээс мэдүүлэг авахад “... Бичлэгээс үзэхэд алгасах гэх мэт үйлдэл хийгээгүй байна. Мөн тухайн үед Б.Г шүүгчийн нэр харагдаж байна. Харин одоо ямар шалтгаанаар Б.Г шүүгчийн нэр харагдахгүй байгааг би мэдэхгүй байна ...” гэж мэдүүлсэн тул хэрэг хуваарилалтын бичлэгт үзлэг хийхэд Ерөнхий шүүгч Б.Г-ийн нэр харагдаж байсныг тэмдэглэв.
Хоёр. Эрүүгийн хэргийн ..... дугаартай, Т.П-д холбогдох хэргийн тухайд;
... 2.1. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар шүүгч хэргийн оролцогчдын тайлбар, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бүрдсэн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судалж, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, нотлох баримтын хүрээнд, тэдгээрийг үнэлэн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарна.
Тодруулбал, зөвхөн шүүгч нотлох баримтад агуулагдаж буй мэдээлэлд дүгнэлт хийх эрхтэй байдаг, энэ нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэн дүгнэлт хийсэнтэй нь холбогдуулан шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй тул шүүгч буюу шүүх бүрэлдэхүүн уг бүрэн эрхээ хэрэгжүүлж, хэрэгт цугларсан нотлох баримтад өөрсдийн дүгнэлтийг хийн, улмаар шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэснийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Нөгөө талаас, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-т “Давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн аль нэгийг гаргана: ... 1.2.анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох;” гэж зааснаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн гүйцэд үнэлээгүй, нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж үзэн, анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дээд шатны шүүхээс дүгнэлт хийн хүчингүй болгосон нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүнийг зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
Учир нь Монгол Улсын шүүхийн тогтолцоо зохион байгуулалтын хувьд бие даасан байх, шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлэх зарчмын дагуу анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан тус тусын бүрэн эрхийг хэрэгжүүлдэг субъект болохынхоо хувьд аливаа хэрэг маргааныг тус тусын журмаар, шат шатандаа шийдвэрлэх журмыг процессын хуульд нарийвчлан зохицуулсан байдаг тул хэргийг хянан шийдвэрлэсэн байдалтай нь холбогдуулан хариуцлага тооцох боломжгүй.
Түүнчлэн, давж заалдах шатны шүүхээс дээрх дүгнэлтийг хийх болсон үндэслэлийг магадлалаас уншин судалж үзэхэд, дээр дурдсан нотлох баримтыг үнэлж дүгнэхтэй холбоотой буюу гэмт хэрэг хийгээгүй гэж үзсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй гэх агуулгыг дурдсанаас бус цагаатгах тогтоолд “үндэслэл огт бичээгүй” гэж дүгнээгүй бөгөөд анхан шатны шүүх тогтоолын “Тодорхойлох” хэсэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаж, цагаатгах болсон үндэслэлээ бичсэн байх тул өргөдлийн энэ үндэслэлээр шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг буруутгах үндэслэлгүй байна.
2.2. ... Шүүгч Д.Б-лийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан үйл баримтын талаар:
Шүүгч Д.Б нь тус хэргийг шүүхэд шилжиж ирсний дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШЗ/.... дугаар захирамжаар шүүгдэгч Т.П-д тодорхой мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх буюу өмгөөлөх үйл ажиллагаа явуулах эрхийг 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Т.П-аас “... шүүгчийн захирамжийг надад гардуулж өгөхгүй, хэргийн материалтай танилцуулахгүй байсан тул 3 билүү 4 дүгээр сард шүүгчийн туслах О-тэй уулзаад энэ нөхцөл байдлын талаар хэлсэн. Тухайн үед шүүгчид хэлье гэсэн, харин дараа нь шүүгчийн захирамжийг гардуулж өгөхгүйгээр зүгээр л танилц гэдэг байдлаар хэлсэн. Шүүхээс хэргийн материалтай танилцуулахгүй, хавчаад байгаа хандлага гаргаж байгаа мэтээр надад санагдсан. Ер нь 2024 оны 01 дүгээр сараас хойш хэрэгтэй танилцъя гэж амаараа хэлээд явж байсан. Тэгэхэд шүүгчийн туслах нь шүүгчид хэрэг байгаа, шүүгчээс асууя, танилцуулахгүй гэх мэтээр танилцуулахгүй байсан тул 2024 оны 03 билүү 04 дүгээр сард хэрэгтэй танилцах талаар бичгээр хүсэлтээ гаргасан. Мөн шүүгчийн туслах хэрэг эцэслэн шийдвэрлэсний дараа гомдол гаргахаараа хэрэгтэй танилц гэж шүүгч хэлсэн гэж надад хэлсэн. Энэ нь цаад утгаараа миний эсрэг шийдвэр гаргах нь тодорхой юм байна гэж ойлгосон. Ингээд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хэрэгтэй танилцах талаар хүсэлт гаргахад шүүгч намайг прокурорын хамт хэрэгтэй танилц гэсэн тул танилцахаас татгалзаж байгаа талаараа баримт дээр бичсэн байгаа ...” гэж мэдүүлсэн.
Харин шүүгч Д.Б-ээс “... Ингээд нэмж орсон О прокуророос хэрэгтэй танилцах хүсэлтийг шүүх хуралдааны үед гаргасан. Уг хүсэлтийг хангаад прокурор хэрэгтэй танилцсаны дараа Т.П хэрэгтэй танилцана, би хэрэгтэй танилцаагүй гэж туслахад хэлсэн байсан. Уг нь өмнө нь хэрэгтэй танилцсан талаарх баримт хэрэгт авагдсан байгаа. Манай шүүгчийн туслах, шүүх хуралдааны танхимын өрөөний хаалга өөд өөдөөсөө харсан байдалтай байдаг. Прокурор хэрэгтэй танилцаад дууссаны дараа шүүх хуралдаанаа үргэлжлүүлэх гээд би туслахынхаа өрөөнд ороход Т.П хэрэгтэйгээ танилцана гээд байна гэж хэлсэн. Тэгэхэд нь би танилцуул гээд хэлэхэд прокурор шүүх хуралдааны танхимаас Т.П-г дагаад шүүгчийн туслахын өрөө рүү ороод ирсэн. Би хэрэгтэй нь танилцуул гэж хэлчхээд гараад явсны дараа удалгүй болчихлоо гээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн ...” гэж мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид тодорхой үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гомдол гаргахаар заасан боловч үүнийг анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шийдвэрлэсэн тохиолдолд гомдол гаргах эрхгүй байхаар тус зүйлийн 2 дахь хэсэгт заасан бөгөөд нэгэнт гомдол гаргах эрхгүй захирамж тул гомдол гаргах хугацааг тоолох шаардлага үүсдэггүй учраас шүүгдэгчид гардуулах, хүргүүлэх ажиллагааг хийдэггүй практик шүүхийн системд байдаг.
Гэвч Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.8.3-д зааснаар шүүгчийн туслах нь дээрх захирамжийг оролцогчид танилцуулж, “Шүүгчийн захирамжийг танилцуулсан буюу гардуулсан тухай” баримтад гарын үсэг зуруулан, хэрэгт хавсаргахаар заасан бөгөөд тус эрүүгийн хэрэгт үзлэг хийхэд Т.П-д таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг түүнд танилцуулаагүй болох нь тогтоогдсон.
Хэдийгээр шүүгчийн 2024 оны 2024/ШЗ/.... дугаар захирамжийг тухайлан шүүгдэгчид танилцуулаагүй боловч Т.П нь 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, 03 дугаар сарын 25-ны өдөр “Хэргийн материал танилцуулсан тухай” баримтад гарын үсэг зурсан байх тул татгалзан гаргах хүсэлтэд “хэргийн материалтай танилцуулаагүй, захирамжийг гардуулж өгөөгүй” гэж дурдсан нь үндэслэлгүй байх тул энэ талаар Ерөнхий шүүгчийн захирамжид “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль, дүрэм журмаар олгогдсон эрхийг эдлүүлээгүй” гэж дүгнэсэн нь буруу болжээ.
Харин шүүгдэгч Т.П-аас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр шүүгчийн захирамжийн хуулбар хувийг өгч, танилцах боломжоор хангаж өгнө үү гэх хүсэлтийг гаргасан боловч “шүүх хуралдааны өмнө хэргийн материалтай танилцах шаардлагагүй гэж хэлсэн тул улсын яллагч Б.Б-г байлцуулан тэмдэглэл үйлдэв” гэсэн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүгчийн туслахаас үйлдсэн баримт, түүнд Т.П нь “... танилцах хүсэлт гаргахад 11 цаг 15 минутын үед танилц гэсэн, хурлын цаг болсон учир танилцах шаардлагагүй гэсэн. Мөн улсын яллагчийг байлцуулж байж танилц гэсэн тул танилцаагүй болно” гэж бичээд улсын яллагч Б.Б-ийн хамт гарын үсгээ зурсан байдал болон шүүхийн Тамгын газраас Ерөнхий шүүгчийн захирамжийн үндэслэл болсон баримтуудыг гаргуулан авахад шүүгч Д.Б-ийн туслах Б.О-ийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан “... 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр шүүгдэгч Т.П нь хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан. Шүүгчид танилцуулахад улсын яллагч Б.Б прокурорыг дуудаж манай өрөөнд шүүгдэгч Т.П хэргийн материал танилцах гэж байна, хамт байж бай гэж хэлсэн” гэх тайлбар, тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд бичлэгийн 0:21:35 секундэд даргалагчаас “... шүүгчийн туслахын өрөөнд шүүгч байхад хэргийн нэг тал болох шүүгдэгч байсан учраас нөгөө тал болох прокурорыг байлцуулсан нь аливаа хардалт, сэрдэлтээс сэргийлсэн ...” гэж тайлбарласан, гэрч прокурор Б.Б-ийн “... Шүүх хуралдаан орох гээд хүлээгдэж байх үед шүүгчийн туслахын өрөөнд гадуур хувцсаа оруулаад тавьчихдаг юм, тэгээд хувцсаа тавих гээд орсон байх. Тухайн үед шүүгч Д.Б, шүүгчийн туслах, Т.П нар байсан. Шүүгч Д.Б шүүгдэгч хэрэгтэй танилцах гэж байна гэж хэлэхэд нь “аан” гээд гарах гэж байхад Т.П “хэрэгтэй танилцахаа болилоо, хуралдаа оръё” гэж хэлж байсан. Прокурор энд байна шүү гэж Т.П-д хандаж хэлсэн байх. Харин надад болохоор шүүгдэгч Т.П хэрэгтэй танилцах гэж байгаа гэж хэлсэн ...” гэх мэдүүлэг зэргээр шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож байсан прокурор Б.Б-ийн хамт шүүгдэгч Т.П-г хэргийн материал танилцуулах талаар хэлсэн болох нь тогтоогдож байх тул “прокурорын хамт танилц гэх шаардлага тавьсан” гэх шүүгчийг татгалзан гаргах хүсэлтэд дурдсан үйл баримт нь үндэслэл бүхий байна.
Гэвч Ерөнхий шүүгч Б.Г нь уг үндэслэлээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасан “...өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх үндэслэл байгаа бол" гэх заалтыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим, хэсэг заалтыг тайлбарлах тухай” тогтоолд зааснаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 36 дугаар тогтоолын 1 болон 3 дахь хэсэгт зааснаар ойлгохоор иш татан тайлбарласан бөгөөд тус тогтоолын 1-д зааснаар “хувийн харилцаатай” гэдэгт эдийн болон эдийн бус хувийн ашиг сонирхлоор холбогдсон байхыг ойлгох ба найз нөхдийн дотно, эсхүл хувийн таарамжгүй харилцаатай байх нь үүнд хамаарахаар тайлбарласан.
Мөн хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй хувийн харилцаа үүсгэсэн, эсхүл хувийн харилцаатай байж болзошгүй, тэдгээрээс шууд ба шууд бусаар тусламж авсан, хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлсэн, давуу байдал, хөнгөлөлт, мөнгөн болон бусад урамшуулал, хууль тогтоомжоор зөвшөөрөгдөөгүй шагнал авсан, албан бусаар харилцсан, хэргийн талаар шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг аливаа этгээдэд мэдээлсэн, илэрхийлсэн, хэргийн нөгөө талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзсан, өөр бусад байдлаар ганцаарчлан харилцсан, шүүгчид хувийн харилцаагаар, эсхүл гуравдагч этгээдээр дамжуулан нөлөөлсөн, нөлөөлөхөөр оролдсон талаар баримт байгаа бөгөөд шүүгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөөгүй, хэргийн оролцогчийн талаарх хувийн эмзэг мэдээллийг мэдэж байгаа байдал нь “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байх” нөхцөлд хамаарахаар заасан байтал хуульд заагаагүй үндэслэлээр шүүгч Д.Б-ийг татгалзан гаргах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй байна.
Хэдийгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх эрхийг Ерөнхий шүүгчид хуулиар олгосон боловч зөвхөн хуульд заасан үндэслэлээр, албан ёсны тайлбарт заасан ойлголтод тулгуурлан шийдвэрлэхээр байх тул Ерөнхий шүүгч Б.Г-г зөрчил гаргасан гэж үзэхээр байх боловч тэрээр нэгэнт өндөр насны тэтгэвэрт гарсан буюу сахилгын хэргийн оролцогч биш болсон, өргөдөл гаргагчаас зөвхөн шүүгч Ч.Б-д холбогдуулан өргөдөл, мэдээлэл гаргасан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалан энэ үндэслэлээр түүнд холбогдуулан сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжгүй байсан болно.
Түүнчлэн, шалгах ажиллагааны хүрээнд дээрхтэй адил үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргасан эсэхийг тус шүүхийн 2022-2024 оны шүүгчдийн зөвлөгөөний тогтоол, Ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувьд тус тус үзлэг хийн, татгалзалтай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эрх зүйн актуудыг хуулбарлан авсан ч үүнтэй төстэй тохиолдол байгаагүй боловч татгалзлыг шийдвэрлэх талаар албан ёсны тайлбар гарч, хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс хойш шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлтийг тухайн шүүгчид нь өөрсдөө шийдвэрлэдэг, зөвлөгөөний ирц бүрдэхгүй байхад дангаараа болон 2 шүүгч шийдвэрлэдэг зэргээр тухайн шүүхийн шүүгчдийн дийлэнх олонх оролцсоноор Зөвлөгөөнийг хүчинтэйд тооцох, Зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар шийдвэрлэх, хүсэлтийг хэлэлцэхэд татгалзагдсан шүүгч оролцохгүй байх хууль, журамд заасан хэм хэмжээг зөрчсөн тохиолдлууд байгаа болох нь илэрсэн тул цаашид хуулийг нэг мөр хэрэглэхэд анхаарах шаардлагатай болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийн талаар:
Хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарласан 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанд улсын яллагчаас “шүүх бүрэлдэхүүнд орсон Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ч.Б нар нь шүүгдэгч Т.П-тай хамт ажиллаж байсан” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлтийг гаргасныг ... шүүх /хуучин нэршлээр/-д шилжүүлсний дагуу тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗТ/.... дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шалгах ажиллагааны хүрээнд, шүүхийн Тамгын газраас Т.П-гийн ажилласан байдлыг тодруулахаар холбогдох баримтуудыг гаргуулахад тэрээр тус шүүхэд 2011 оноос 2015 оны хооронд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслахаар ажиллаж байсан боловч Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ч.Б нарын туслахаар ажиллаж байгаагүй болох нь Т.П-гийн “... Анх Н шүүгчийн туслах, нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Дараа нь 2 дахь удаагаа орж ирэхдээ дахиад Н шүүгчийн туслахаар ажиллаж байсан, Шүүгч Б.Г, Ч.Б нарын хувьд шүүх хуралдаануудад нь л нарийн бичгээр ордог байсан ...” гэх мэдүүлэг, Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Г-гийн “... шүүх гэж байхад нарийн бичиг билүү туслахаар ажилд орж байсан. Иргэний хэргийн шүүхэд туслахаар ажиллаж байсан. Дотно харилцаа байхгүй. Би 2012 оноос эхлээд сум дундын шүүхийн Ерөнхий шүүгчээр ажиллаж байснаас хойш миний туслахаар огт ажиллаж байгаагүй ...” гэх мэдүүлэг, шүүгч Ч.Б-гийн “... Т.П-г шүүхэд анх ажилд орсноос нь хойш таньдаг болсон. Намайг шүүгч болсны дараа 2014 билүү 2015 онд орсон санагдаж байна. Дотно биш. Шүүхэд ажилладаг байх хугацаанд нь бол ажил хэргийн л харилцаатай байсан. Шүүхээс гарснаас хойш бол хэргийн оролцогчоор л шүүх хуралдаанд оролцдог байсан ...” гэх мэдүүлэг-ээр тус тус тогтоогдсон.
Мөн дээрх 3 хүний гар утасны дугаарын лавлагааг үүрэн телефоны операторуудаас гаргуулан авахад шүүгч нартай Т.П нь холбогдож байгаагүй, шүүгч Ч.Б нь Т.П-гийн өмгөөлөгч, төлөөлөгчөөр оролцсон өөр бусад хэргүүдийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаагүй болох нь тогтоогдсон тул шүүгч нар нь хэргийн оролцогчтой хувийн дотно харилцаатайн улмаас бусдад давуу байдал олгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Харин шүүгч Ч.Б-гийн тайлбарт “... тухайн цаг хугацаанд ... шүүх эрүү, иргэний хэргийг дагнасан байдлаар танхим үүсгэж шийдвэрлэж эхлэхэд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь иргэний хэргийн шүүгчээр иргэний хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Т.П иргэний хэргийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан ...” гэж дурдсан боловч энэ нь Т.П-гийн “... Б шүүгчтэй бол нарийн бичгийн даргын хувьд л харьцдаг харилцаатай байсан, Б шүүгч бол бүр мэндлэхэд ч дуугардаггүй ...” гэх мэдүүлэг болон түүний ажилласан байдлыг дээрх баримтууд, гэрчийн мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.
Улсын дээд шүүхийн 2022 оны 36 дугаар тогтоолд зааснаар урьд хамт ажиллаж байсан зэрэг өөр бусад байдлаар таньдаг, албан ажил үүрэг гүйцэтгэх явцад тогтоосон албан харилцаа зэргийг хувийн харилцаатай гэж үзэхгүй, тухайн хэргийн оролцогчдын оролцсон өөр хэрэг маргааныг урьд өмнө шийдвэрлэж байсан нь хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзэх үндэслэлд хамаарахгүй, мөн хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх нөхцөл байдлыг ашиг сонирхлын зөрчил гэж үзэхээр заасан бөгөөд хэрэв ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нь баримтаар тодорхойлогдсон байхыг ойлгохоор тайлбарласан тул “шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан” буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
Түүнчлэн, дээр дурдсанчлан уг үндэслэлээр шүүх бүрэлдэхүүний шүүгчдийг татгалзан гаргах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэж, хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийн зөвлөгөөнд Монгол Улсын шүүхийн тухай хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн тул эрх зүйн актын хууль зүйн үндэслэлд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөхгүй юм.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2-т шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болохоор заасны дагуу шүүгч Ч.Б-гаас тус хэргийг бүрэлдэхүүнээр шийдвэрлэхээр хүсэлтээ гаргасныг Ерөнхий шүүгчийн захирамжаар хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах боломжгүй бөгөөд хүсэлт гаргах, түүнийг шийдвэрлэх эрхийг хуулиар олгосон болохыг дурдах нь зүйтэй.
Гурав. Эрүүгийн хэргийн ... дугаартай, Б.Д-д холбогдох хэргийн тухайд;
Шүүгч Ч.Б-ийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолоор Б.Д-ыг гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ДШМ/.... дугаар магадлалаар хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3.1. .... аймгийн Прокурорын газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн .... дүгээр албан бичгээр тус хэргийг шүүхэд шилжүүлж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаар захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Г-г томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Ингээд Ерөнхий шүүгч Б.Г-гийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/... дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж, улмаар шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор тус хэргийг өөр шүүгчид шилжүүлжээ.
Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд “... анх хэрэг хүлээн авсан шүүгч дээрх хугацаанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргалгүй, тодорхой шалтгаангүйгээр 29 хоног байлгасан нь хэргийн болон шүүх хуралдааны оролцогчдыг чирэгдүүлсэн ойлгомжгүй байдал үүсгэсэн” гэж дурджээ.
Энэ талаар Ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Б.Г-аас “ганцаараа ажиллаж байсан учраас ачаалал их байсан, хэргийг уншиж танилцсан” гэж тайлбарласан бөгөөд тус хэргийг Эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системээс хуваарилсан хуваарилалтыг шалгахад шүүгч Ч.Б, Д.Б нарыг 2024 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ээлжийн амралттай гэсэн тэмдэглэгээг хийсэн байснаар тогтоогдсон.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-д прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргах, тус зүйлийн 2-т дээрх хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болохоор заасан байна.
Хэдийгээр уг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой асуудал нь шүүгч Ч.Б-гийн үйл ажиллагаатай холбоогүй боловч өргөдөл, мэдээлэлд дурдагдсан тул дүгнэлт хийсэн болно.
3.2. Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалд уг хэргийг шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор өөр шүүгчид шилжүүлснийг хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн талаар дүгнэжээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, гүйцэтгэх хуудас хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 9Г-д “Шүүгч ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс өмнө хуваарилагдсан хэргээ шуурхай шийдвэрлэж дуусгаж хугацаандаа амралтаа эдлэх, тухайн хэргийг энэ хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон мөн удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан дарааллын дагуу ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлж байхаар” заасан байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хийж, шүүгч Ч.Б, Д.Б нар ээлжийн амралтаа зохих ёсоор эдэлсэн, эрүүгийн хэргүүдийн шүүх хуралдааныг товлон зарласан тул ажилдаа орох хугацааг урагшлуулж, 08 дугаар сарын 19-ний өдөр орох тухай, хэргүүдийг өөр шүүхэд шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцэхэд “дэмжиж байгаа” талаараа хэлсэн болох нь зөвлөгөөний тэмдэглэлд тусгагджээ. Ингээд тус өдрийн 12 дугаар тогтоолоор хэргүүдийг өөр шүүгчид хуваарилахаар шийдвэрлэсний дагуу системээс хуваарилахад шүүгч Ч.Б томилогдсоныг Ерөнхий шүүгчийн 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар албажуулсан байна.
Шүүгчдийн зөвлөгөөнийг Ерөнхий шүүгчийн саналаар хуралдуулж болох бөгөөд зөвлөгөөнд оролцсон шүүгчдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэхээр заасан тул шүүгч нарыг ээлжийн амралтаа дуусахаас өмнө ажилдаа орох болон хэргүүдийг хуваарилах асуудлыг бүгд дэмжсэний дагуу хуваарилалтыг хийсэн байна.
Харин шүүхийн магадлалд “... тус шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журамд заасан “...Шүүгч ээлжийн амралтаа эдлэх болсон, удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг ... ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлнэ.” гэснийг зөрчсөн ...” гэж дурдсан үндэслэл болон хэргийг шилжүүлсэн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолд дурдсан “ээлжийн амралтаа эдэлж дууссан” гэх үндэслэлийн аль аль нь 2023 оны 01 дүгээр тогтоолоор баталсан журамд тусгагдаагүй байх ба нэгэнт 2 шүүгч ээлжийн амралтаа дуусган ажилдаа орж байгаа тохиолдолд ачаалал тэнцвэржүүлэх зорилгоор шүүгч Б.Г-д хуваарилагдсан хэргүүдийг дахин хуваарилалтад оруулсныг буруутгах үндэслэлгүй байх тул шүүгч Ч.Б-г хууль зөрчин тус хэргийг хянан шийдвэрлэх хуралдаан даргалагчаар томилогдсон гэж үзэхээргүй байна.
Гэвч цаашид дээрх нөхцөл байдлыг хэрэг хуваарилах нарийвчилсан журамдаа тусгаж, хэрэг шилжүүлэх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолдоо үндэслэлээ дэлгэрэнгүй тайлбарлах шаардлагатай болохыг тэмдэглэв.
3.3. Шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолыг эрүүгийн хэргийн оролцогчдод 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, улмаар улсын яллагчаас тус шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр эсэргүүцэл гаргасныг бусад оролцогчдод 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд танилцуулан, хэргийг Ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн ..... дугаар албан бичгээр хүргүүлснийг давж заалдах шатны шүүх 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авчээ.
Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3, 38.4 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус зөрчсөн болохыг буруутган магадлалдаа дүгнэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө”, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргана”, 38.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийг хүлээн авсан шүүх дараагийн ажлын өдөрт багтаан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг прокурор, оролцогчид хүргүүлнэ”, 3 дахь хэсэгт “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно”, 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Дээрх ажиллагааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 229 дүгээр тогтоолоор баталсан “Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.17, 4.19, 4.21, 4.22 дугаар зүйлд зааснаар шүүгчийн туслах гүйцэтгэхээр заасан бөгөөд прокурорын эсэргүүцлийг оролцогчдод 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр танилцуулж, тайлбар гаргах 7 хоногийн хугацаа 10 дугаар сарын 11-ний өдөр буюу Баасан гаригт дууссан учраас 10 дугаар сарын 14-ний өдөр давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ёстой байтал энэ хугацааг хэтрүүлсэн нь шүүгчийн туслах О.С-ийн “... Ажлын ачааллаас шалтгаалаад хоцроосон тохиолдол байгаа. Хуульчийн сонгон шалгаруулалтад оролцохоор шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичиг гээд нийт 5-6 хүн Улаанбаатар хот руу явсантай холбоотойгоор өөр шүүгчийн туслах болон Мэдээлэл, лавлагааны мэргэжилтний эрүүгийн хэрэгтэй холбоотой ажлыг нь хавсран хийж байсан ...” гэх мэдүүлгээр шүүгчээс үл хамаарах шалтгаантай холбоотой байсан нь тогтоогдож байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.
3.4. Дээр дурдсанчлан, эрүүгийн хэргүүдийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шилжүүлэхээр шийдвэрлэсний дагуу тус эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч Ч.Б даргалан явуулж, 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/..... дугаар шийтгэх тогтоолоор Б.Д-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.
Үүнийг давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж гэснийг зөрчин энэ зүйл хэсэгт байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ ...” гээд энэ нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцно гэж дүгнэсэн байна.
Эрүүгийн хууль /2015/-ийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасныг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулиар “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж өөрчлөн найруулжээ.
Харин шүүгдэгч Б.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон тул түүнд Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу 2023 онд хуульд өөрчлөлт орохоос өмнөх зохицуулалтаар ял оногдуулахаар байна.
Өөрөөр хэлбэл, тус гэмт хэрэгт тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3-5 жил хүртэл хугацаагаар хасахаар заасныг хүндрүүлэн 5-8 жил хүртэл хугацаагаар хасахаар 2023 онд өөрчлөлт оруулсан тул гэмт хэрэг үйлдэгдсэн тухайн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн зохицуулалтыг хэрэглэх байжээ.
Гэвч шүүгч Ч.Б нь шийтгэх тогтоолдоо хуулийг буцаан хэрэглэх талаар дүгнэлт хийгээгүй, мөн хуульд заагаагүй хугацаагаар буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг холбогдох шүүгчээс “... Хууль хэрэглээний хувьд зөрчил гаргасан. Гэхдээ ноцтой зөрчил биш гэж үзэж байгаа ...” гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах ёстой зүйлийг тодорхойлсон ба тус зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний үндэслэлийг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээг тусгахаар заасан.
Хэрэв шүүхийн шийдвэр нь дээрх шаардлагыг хангаагүй бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнд тооцогдохоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д, мөн шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй бол Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тус тус хуульчилсан тул түүний ялын хэмжээг буруу оногдуулсан нь “ноцтой” байх шинжийг агуулж байна.
Мөн шүүгчээс “... 3-5 жил хүртэл гэсэн хуулийн заалтыг бичихдээ тоон алдаа гаргасан, үүнийг анзаарч хараагүй, хайхрамжгүй, хайнга байдал байсан нь ноцтой зөрчсөн үйлдэл болохгүй” гэж тайлбарласан тул шүүх хуралдаан дээр шийтгэх тогтоолыг уншиж сонсгохдоо нэмэгдэл ялын хэмжээг ямар хугацаагаар тогтоосон болохыг тодруулахаар шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд:
Даргалагч шүүгчээс “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй ...” гэж хэлсэн, шүүх хуралдааны тэмдэглэлд мөн адил бичигдсэн байх тул шийтгэх тогтоолыг бичгээр гаргаж албажуулахдаа техникийн шинжтэй алдаа гаргасан гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн, шүүгч тайлбартаа “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалдаа “Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан” гэж бичсэн Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиараа буруутгаж дүгнэлт хийсэн ...” гэж дурдсан боловч энэ нь түүний гаргасан зөрчлийг үгүйсгэх нөхцөлд хамаарахгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийн шинжийг дүгнэсэн хууль зүйн дүгнэлтийн агуулгыг өөрчлөх үндэслэл болохгүй юм.
Харин “... хамт ажилладаг тухайн нэг шүүгчийн хянан шийдвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байхад прокурор болон Ерөнхий прокурор Н.А эсэргүүцэл бичдэггүй хамгаалдаг, давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн талаар адилхан дүгнэлт хийддэггүй, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэж байгаа дээд шатны шүүх өөрсдөө 2 шүүгчийн хэргийг хянахдаа өөр, өөр байдлаар дүгнэлт хийдэг, ... Нэг шүүхэд хамт ажиллаж байгаа тусгайлсан 2 шүүгчийн нэгтэй нь хувийн харилцаатай, гэр бүлээрээ найзалж нөхөрлөж, хууль ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд нь хяналт тавьж, хатуу үг хэлж чадахгүй болтлоо дотноссон ...” гэж дурдаад холбогдох баримтуудыг хавсарган ирүүлсэн нь сахилгын хэрэг үүсгэсэн өргөдөл, мэдээллийн үндэслэлд тусгагдаагүй буюу уг сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цар хүрээнд хамаарахгүй, мөн тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж, шийдвэрлэсэн шүүх, шүүгчийн бүрэн эрх, хараат бус байдалтай холбоотой байх тул үүнд Шүүхийн сахилгын хороо дүгнэлт өгөхгүй.
Иймд дээрхээс үзэхэд, Б.Д-д тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн холбогдох заалтад заасан ялын хэмжээг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа талаар дүгнэлт хийгээгүй, өөрчлөлт орохоос өмнөх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй буюу Эрүүгийн хууль /2015/-ийн 27.10 дугаар зүйлийн 3-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 жилийн хугацаагаар хасахаар тодорхой заасан байхад хуульд огт байхгүй хугацаа болох 1 жилийн хугацаагаар хасахаар шийдвэрлэсэн, үүнийг шүүгчийн зүгээс үгүйсгээгүй, энэ нь техникийн шинжтэй алдаа биш болох нь шалгах ажиллагааны хүрээнд тогтоогдсон.
Мөн давж заалдах шатны шүүхээс түүний энэ үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэсэн бөгөөд хэрэв дээд шатны шүүхээс тус зөрчлийг тогтоогоогүй бол хуулийг буруу хэрэглэсэн, хуульд заагаагүй хэмжээгээр ял оногдуулсан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр хэрэгжих, улмаар тухайн гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд ялгамжтай байдлаар хандаж байгаа мэтээр шүүх, шүүгчийн нэр хүндийг унагаах, хууль хэрэглээний талаар эргэлзээ үүсгэх зэрэг сөрөг үр дагаврыг учруулахуйц ноцтой зөрчил гаргасан ... шүүхийн шүүгч Ч.Б-г Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэх үндэслэлээр нотлох дүгнэлт үйлдэж, дүгнэлтийг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв ...” гэжээ.
Шүүгч Ч.Б тайлбартаа:
“... 1. ... Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Ц, Т.Б нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системээс шүүгч Ч.Б миний биед хуваарилагдаж иржээ.
Тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Н-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Ц-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.Б-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О нарт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж шийдвэрлэжээ.
.... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ДШМ/... дугаар магадлалаар .... шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн .... дугаартай шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022//ЕШЗ/.... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Б-г томилсон шийдвэрийг албажуулсан байдаг.
Миний бие 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ... шүүхийн Ерөнхий шүүгчид шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг өмнө нь цагаатгах тогтоол гаргаж шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “... шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх ...” үндэслэлээр шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзах хүсэлтээ гаргасан.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/..... дугаар захирамжаар шүүгч Ч.Б-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8-д заасан “хуульд заасан бусад бүрэн эрх” гэж, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж тус тус заасан.
Шүүгч Ч.Б миний бие өөрт олгогдсон эрхийнхээ хүрээнд хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж уг эрхээ эдэлж шүүгдэгч С.Н нарт холбогдох эрүүгийн хэрэгт татгалзан гарах хүсэлтээ гаргаж шийдвэрлүүлсэн бөгөөд тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г нь хуульд заасны дагуу шүүгч Ч.Б-гийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байхад прокурор Н.А нь Ерөнхий шүүгч, шүүгчийн бүрэн эрхэд халдаж Сахилгын хороонд гомдол гаргаж байгаад үнэхээр гайхаж байна.
Харин шүүгдэгч С.Н нарт холбогдох хэрэгт миний бие татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй байсан бол уг зөрчлийг гаргасан байхыг үгүйсгэхгүй буюу би уг хүсэлтээ гаргаснаараа хуулийг зөрчсөн гэж үзэх боломжгүй юм.
Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлд ... шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/.... дугаар магадлалд бичигдсэн үндэслэлийг дурджээ.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоол, энэ тогтоолыг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр,
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” тогтоол, энэ тогтоолыг 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр тус тус заасан.
Гэтэл тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/.... дугаар захирамжаар шүүгч Ч.Б-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн цаг хугацааны хувьд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолууд гараагүй, мөрдөж эхлээгүй байсан бөгөөд ... шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 2024/ДШМ/.... дугаар магадлалдаа Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоолуудыг буцаан хэрэглэж шийдвэрлэсэн, хэрэглэх ёсгүй тайлбарыг хэрэглэж тайлбарласан нь хуулийг илтэд буруу хэрэглэсэн гэж үзэхээр болжээ.
Өөрөөр хэлбэл, ... шүүх нь тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/.... дугаар захирамжаар шүүгч Ч.Б-гийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамжид дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх нь өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд заасан давж заалдах шатны шүүхийн эрх хэмжээг хэтрүүлсэн гэж үзэхээс гадна Ерөнхий шүүгчийн захирамжид хэн ч гомдол гаргадаггүй, эцсийн шийдвэр болж байдгаараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлан зохицуулсан заалт юм.
Түүнчлэн, тус эрүүгийн .... дугаар шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэрэг нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ЕШЗ/..... дүгээр Ерөнхий шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Д.Б-ийг томилсон шийдвэрийг албажуулсан байна.
Тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарыг гэм буруутай тооцож шийдвэрлэсэн бөгөөд .... шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/... дүгээр магадлалаар .... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн ..... дугаар шүүх хуралдааны тогтоолоор .... шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоол, .... шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/.... дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаар шүүх хуралдааны тогтоолд тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2024/ШЦТ/.... дугаар цагаатгах тогтоолын үндэслэлд бичигдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн талаар тусгаж, мөн шүүгдэгч М.О, Х.Ц, Т.Б нарын гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлж шийдвэрлэсэн гэсэн дүгнэлт хийснийг, түүнчлэн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг буруу хэрэглэсэн талаар буруутган тэмдэглэсэн талаар дүгнэлт хийснийг анхаарах нь зүйтэй байна.
Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А нь анхан болон давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүгч нар нь шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч нарын Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийг ноцтой зөрчиж шийдвэрлэсэн, хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байхад прокурорын байгууллагаас хуулийг зөв хэрэглэж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд гаргасан ноцтой зөрчлийг засуулахаар дээд шатны шүүхүүдэд эсэргүүцэл бичихгүй байгаа үйлдэл, Улсын дээд шүүхийн тогтоолд хууль хэрэглээний тодорхой ойлголтыг буруу хэрэглэсэн талаарх дүгнэлт хийснийг ойшоохгүй шүүгч нарын уг үйлдлийг өнөөдрийг хүртэл хамгаалаад байгаа үйлдлийн талаар Шүүхийн сахилгын хороо анхааралтай хандах байх гэж найдаж байна.
Иймд шүүгдэгч С.Н, М.О, Х.Ц, Т.Б нарт холбогдох хэрэгт Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-т “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж заасан шүүгчид хориглох зүйлийг хийгээгүй болно.
2. ... Шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн хэргийг шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системээс шүүгч Д.Б-д хуваарилагдсан байдаг.
Шүүгдэгч Т.П-д холбогдох шүүх хуралдааны 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр товлогдсон бөгөөд шүүх хуралдаанд шүүгдэгч Т.П-, түүний өмгөөлөгч Б.Б нараас шүүгч Д.Б-ээс татгалзах хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Т.П-д холбогдох хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг шүүгчийг татгалзан гаргах асуудлыг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулж шийдвэрлэжээ.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр арын 25-ны өдрийн .... дүгээр захирамжаар шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Б.Б нарын татгалзан гаргасан хүсэлтийг хүлээн авч, шүүгч Д.Б-ийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
Тус эрүүгийн .... дугаар шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024//ЕШЗ/.... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Б-г томилсон шийдвэрийг албажуулжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгч дангаар хянан шийдвэрлэх хэрэг ээдрээ төвөгтэй гэж шүүгч үзвэл энэ тухай саналаа Ерөнхий шүүгчид гаргаж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэж болно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн хэргийн хувьд прокурорын газраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх хуралдаанд улсын яллагч нэмэлтээр оролцуулах, мөн шүүгдэгч Т.П нь өөрийнхөө эрх, ашгийг хамгаалах хуульд зааснаар өмгөөлөгчөө сонгон авч шүүх хуралдаанд 3 өмгөөлөгч оролцуулах зэргээр эрүүгийн хэрэг нь олон оролцогчтой явагдах, түүнчлэн шүүгчийн хувьд тухайн хэргийг ээдрээ төвөгтэй гэж үзэж, тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэхээр хуульд заасны дагуу тус шүүхийн Ерөнхий шүүгчид хүсэлтээ гаргасан болно.
Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г нь 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 117 дугаар захирамжаар шүүгдэгч Т.П-д холбогдох .... дугаартай эрүүгийн хэрэгт тус шүүгч Ч.Б-гаас гаргасан тухайн хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлүүлэх хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Мөн шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар албан тоотоор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Т.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ..... дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч томилуулах хүсэлтийг .... шүүхийн Ерөнхий шүүгчид хүргүүлсэн бөгөөд уг албан тоотын дагуу бүрэлдэхүүнд оролцох шүүгчийн нэрийг томилж хүргүүлсэн болно.
Тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар “шүүгдэгч Т.П-д холбогдох .... дугаар хэргийг шүүгч Ч.Б даргалж, Ерөнхий шүүгч Б.Г, ... шүүхийн шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэхээр томилсон” захирамжийг гаргасан.
Шүүгдэгч Т.П-д холбогдох шүүх хуралдааны 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр товлогдсон бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч М.О нь шүүгч Ч.Б, Ерөнхий шүүгч Б.Г нарыг татгалзах хүсэлт гаргасан бөгөөд уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг адил шатны өөр шүүх болох ... шүүхэд шилжүүлжээ.
Харин ... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шүүгдэгч Т.П-д холбогдох хэрэгт улсын яллагч М.О-ын гаргасан “шүүгч Ч.Б, Ерөнхий шүүгч Б.Г нарыг татгалзах тухай” хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй буюу хуульд заасан бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.
Тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/.... дугаар цагаатгах тогтоолоор аймгийн Прокурорын газраас Д овогт Т-гийн П-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.14 дүгээр зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд ... шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дүгээр магадлалаар тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.
Гэтэл тухайн цаг хугацаанд ... шүүх эрүү, иргэний хэргийг дагнасан байдлаар танхим үүсгэж шийдвэрлэж эхлэхэд давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь иргэний хэргийн шүүгчээр иргэний хэргийг шийдвэрлэж, шүүгдэгч Т.П иргэний хэргийн шүүгчийн туслахаар ажиллаж байсан, харин шүүгч Ч.Б, Ерөнхий шүүгч Б.Г нар нь эрүүгийн хэргийг дагнасан шүүгчээр эрүүгийн хэргийг шийдвэрлэхээр ажиллаж байсан бөгөөд улсын яллагч М.О нь давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-ээс шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлтийг гаргаж, уг татгалзлыг асуудлыг шийдвэрлүүлэх байтал давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б-ээс шүүх хуралдаанд татгалзан гаргах хүсэлтийг гаргаагүй нь улсын яллагч М.О нь хуулийг нэг мөр хэрэглээгүй, адил тэгш хандах чиг үүргээ шударгаар хэрэгжүүлэх, прокурорын ёс зүйтэй байх, хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлэх үүргээ биелүүлж ажиллах ёстой атал прокурорын ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж мөрдөх, уг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзэхээр байна.
Харин .... шүүхийн Ерөнхий шүүгч Б.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “... шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх ...” үндэслэлээр татгалзан гаргах үүргээ биелүүлээгүй, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.28-д заасан “хуульд заасны дагуу татгалзан гарах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж заасан шүүгчид хориглох зүйлийг хийсэн буюу шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдана” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 1-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 3-т “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг мөн хуулийн 16.15 дугаар зүйлд зааснаар шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлдэг бөгөөд шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүх бүрэлдэхүүн хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг үнэлж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн бөгөөд шүүх бүрэлдэхүүн үндэслэлээ зааж, цагаатгах тогтоолд тодорхой бичсээр байхад давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэх хэсэгт “... хэргийн бодит байдалд нийцээгүй байна, ... хэрэв бүхий л нотлох баримт нэг бүрийг шалгаж, үнэлсний эцэст шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэдэг ...” гэж дүгнэж бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дүгээр “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарлах тухай” тогтоол, энэ тогтоолыг 2023 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэргийн шинжгүй” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Т.П-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийг хэрэглэхэд гарсан буюу хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхийн магадлалаар шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд эргэлзээ гарвал хэргийг түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн байдлаар анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг илтэд хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан шүүх хууль бус бүрэлдэхүүнээр тогтоол гаргасан ...” гэж бичжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж, 1.2-т “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэж, 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэж заасан.
... шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .... дүгээр магадлалаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-1.3-т заасныг удирдлага болгон тогтоож шийдвэрлэсэн ба давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүх хууль бус бүрэлдэхүүнээр хэргийн шийдвэрлэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй, шүүгч Д.Б-ийг татгалзаж шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамж хуульд нийцээгүй талаар дүгнэж бичжээ.
Тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн .... дүгээр албан тоотоор шүүгдэгч Т.П, түүний өмгөөлөгч Б.Д нарын гаргасан гомдол, хэргийн хамт Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хүргүүлсэн байгаа болно.
3. ... Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системээс хуваарилагджээ.
Тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар Ерөнхий шүүгчийн захирамжаар шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг сунгаж шийдвэрлэсэн байна.
... шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар шүүгчдийн зөвлөгөөний “Хэрэг шилжүүлэн хуваарилах тухай” тогтоолоор Ерөнхий шүүгч Б.Г-д хуваарилагдсан хэргүүдийг шилжүүлж, шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг шүүгч Ч.Б-д 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэргийн бүртгэл хяналтын системээс Ерөнхий шүүгч Б.Г-аас хуваарилагдаж ирсэн.
Тус шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШТЦ/.... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч М овогт Б-гийн Д-ыг авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэсэн.
... шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн ... дугаар магадлалаар .... шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШТЦ/.... дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн.
.... шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн .... дугаар магадлалд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр бичигджээ.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг Ерөнхий шүүгч Б.Г-д хуваарилагдсанаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлд заасан шийдвэрүүдийн аль нэгийг гаргалгүй, тодорхой шалтгаангүйгээр 29 хоног байлгасан нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдыг чирэгдүүлсэн ойлгомжгүй, шүүгчдийн зөвлөгөөнөөр нэг шүүгчээс нөгөө шүүгчид хэргийг шилжүүлэх болсон үндэслэл тодорхой дүгнээгүй, тодорхой шалтгаан, үндэслэлгүй өөр хоорондоо хэрэг шилжүүлсэн, давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлэхдээ 7 хоногийн хугацаа хэтрүүлсэн ...” гэх үндэслэлийг зааж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 2-т заасан “Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаанд яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно” гэж хуульчилсан.
Тухайн хэрэг хуваарилагдаж ирсэн шүүгч уг шүүгдэгч Б.Д-д холбогдох хэрэгт хуульд заасан хугацаанд уншиж танилцах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж яллагдагчийн шүүхэд шилжүүлэх хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэсэн нь шүүгчийн хуулиар олгогдсон хуулийн хүрээнд хийгдсэн ажиллагаа, түүнчлэн шүүгчдийн зөвлөгөөнөөр /3 шүүгчээр тухайн асуудлыг хэлэлцсэн/ хэлэлцэж нэг шүүгчээс нөгөө шүүгчид хэргийг шилжүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй.
Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүхийн магадлалд бичигдсэн дээр дурдсан үндэслэл нь Ерөнхий шүүгч Б.Г-гийн шүүгдэгч Б.Д-д холбогдуулан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу шүүгчээс хуулийн хүрээнд шийдвэрлэгдэж гаргасан захирамж, мөн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудал байхад тухайн гомдол ямар санаа зорилго агуулж бичээд байгааг тухайн прокурорын өөрийнх нь тухайн нэг шүүгчид гаргаж байгаа хандлага, нэг шүүгчид онцгойлон хийж байгаа үйлдэл, уг үйлдлийн ард ямар шалтгаан байгааг үгүйсгэх аргагүй юм.
Мөн тус шүүхийн 2 шүүгч 7, 8 дугаар саруудад ээлжийн амралтаа эдэлж байсан бөгөөд Ерөнхий шүүгч дангаараа ажиллаж эрүүгийн болон зөрчлийн хэрэг, бусад хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэж хэргийн ачаалал өндөр байснаас шүүгчдийн зөвлөгөөн хийж ачаалал тэнцвэржүүлж хэргээ системээс дахин хуваарилсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлийн 2-т “Торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ялыг үндсэн, эрх хасах ялыг нэмэгдэл ялаар хэрэглэнэ” гэж, мөн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүний нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл, эсхүл энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс арван хоёр жил хүртэл, эсхүл нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хориглохыг эрх хасах ял гэнэ” гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж тус тус хуульчилсан.
Давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэх үндэслэл болохыг дүгнэлээ ...” гэж үндэслэлээ заажээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэж хуульчилсан бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлалдаа “Эрүүгийн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан” гэж бичсэн Эрүүгийн хуульд байхгүй зүйл ангиараа буруутгаж дүгнэлт хийсэн нь давж заалдах шатны шүүх нь өөрсдөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй” гэсэн заалтыг зөрчиж магадлал гаргасан байгааг анхаарч үзээсэй.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн эрүүгийн хариуцлага хүлээлгэх төрлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр өөрчлөн найруулж, 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр заасан.
Иймд энэхүү гэмт хэргийг шүүгдэгч Б.Д нь 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан нэмэгдэл ял болох тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа нь 3-5 жил хүртэл гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэснийг хүлээн зөвшөөрөхөд туйлын хүнд, 3-5 жил хүртэл гэсэн хуулийн заалтыг бичихдээ тоон алдаа гаргасан байх бөгөөд тухайн хэрэгт улсын яллагчаар оролцсон прокурор нь “үг, үсэг, тооны алдаа гарчихлаа, залруулга хийлгэх хүсэлт өгнө” гэж ярьж байтал дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн. Энэ үүссэн нөхцөл байдал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад хамаарах үндэслэл байхгүй буюу ноцтой зөрчсөн үйлдэл байхгүй, тооны алдаа гарсныг анзаарч хараагүй, хайхрамжгүй, хайнга байдал байсан гэж үзэж байна.
Харин давж заалдах шатны шүүхийн магадлалд “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй гэж үзэн, мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох ноцтой зөрчилд тооцно ...” гэж үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг нь 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр товлогдож зарлагдсан байгаа болно.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр /3 шүүгчээр тухайн асуудлыг хэлэлцсэн/ уг хэрэг шилжүүлсэн асуудлын талаар, мөн нэг шүүгчийн шийдвэрлэсэн хэрэгт прокурор Н.А эсэргүүцэл бичих, давж заалдах шатны шүүхээр тухайн хэргийг хянан шийдвэрлэхдээ магадлалдаа хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэлт хийж байгаагийн цаана ямар ашиг сонирхол явагдаж байгааг, түүнчлэн хамт ажилладаг тухайн нэг шүүгчийн хянан шийдвэрлэсэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн байхад прокурор болон Ерөнхий прокурор Н.А эсэргүүцэл бичдэггүй хамгаалдаг, давж заалдах шатны шүүхээр хянагдсан хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хуулийг буруу хэрэглэж шийдвэрлэсэн талаар адилхан дүгнэлт хийддэггүй, хуулийг нэг мөр ойлгож хэрэглэж байгаа дээд шатны шүүх өөрсдөө 2 шүүгчийн хэргийг хянахдаа өөр, өөр байдлаар дүгнэлт хийж байгаа үйлдэл нь шударга ажилладаггүй байгааг /давж заалдах шатны шүүх тухайн шүүгчтэйгээ хууль ёсыг хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд нь хяналт тавьж чадахгүй, өөрийнхөн хүн, найз нөхөд мэтээр хамгаалах/ анхаарч үзээсэй гэж хүсэж байна.
... Холбогдогч Б.О-гийн гаргасан гомдлоор түүнд холбогдох зөрчлийн хэрэг давж заалдах шатны шүүхээр хянагдаж 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШЗ/.... дүгээр магадлал гаргасан бөгөөд шүүх хуралдаанд зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн талаар үндэслэлийг тайлбарласан атал 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2024/ДШЗ/.... дүгээр магадлалд шүүх хуралдаанд тайлбарласан үндэслэлээ огт бичээгүй байдаг.
Аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлд тус шүүхийн Ерөнхий шүүгчийн өөрийнх нь эрх хэмжээний хүрээнд гаргасан эрхийн акт болох захирамжтай холбоотой асуудлыг шүүгч Ч.Б надад холбогдуулан ямар учраас бичээд байгаа, ямар санаа зорилго агуулж Шүүхийн сахилгын хороонд мэдээлэл хүргүүлээд байгаа зэрэгт, мөн тус шүүхийн Ерөнхий шүүгчийн гаргасан захирамжид миний бие тайлбар хийх боломжгүй юм.
Аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч нь хэргийн үйл баримт, нотолгоо, өөрийн дотоод итгэл үнэмшил зэрэгт тулгуурлан шийдвэрээ гаргадаг болно.
Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцлээр хянагдсан бүх эрүүгийн хэргийг нэг бүрчлэн харж анзаарч шүүгчийн талаар Сахилгын хороонд гомдол мэдээлэл гаргах гэж байгаа бол шүүн таслах ажиллагаа явуулж байгаа шүүгчийн хараат бус байдалд халдахгүйгээр, шүүгч нарыг алагчлан харж үзэхгүйгээр адил тэгш хандаж хуульд заасан прокурорын албаны чиг үүргээ хэрэгжүүлж ажиллахыг хүснэ.
Нэг шүүхэд хамт ажиллаж байгаа тусгайлсан 2 шүүгчийн нэгтэй нь хувийн харилцаатай, гэр бүлээрээ найзалж нөхөрлөж, /аймагт хуулийн болон төрийн байгууллагын удирдлагуудтай 10а анги үүсгэж, тэдгээрт холбогдох хэргийг хянан шийдвэрлүүлэхгүй байлгаж прокурорын байгууллагад цаг хугацааг авч удаашруулах, нэг шүүгчийн хянан шийдвэрлэх хэргүүдийн талаар би өчнөөн хамгаалсан одоо цаашид хамгаалж чадахгүй талаар өөрөө гадуур ярих/ хууль ёсыг хэрэгжүүлж чадаж байгаа эсэхэд нь хяналт тавьж, хатуу үг хэлж чадахгүй болтлоо дотноссон ийм байдлаар тухайн аймагт прокурорын байгууллагыг толгойлж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө хамтын чиг үүрэгтэй байх аймгийн прокурорын байгууллагын удирдлага нь шүүхээ, шүүгчээ чичлээд мэдээлэл бичээд
сууж байдаг нь үнэхээр эмгэнэлтэй юм.
.... Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлд бичигдсэн шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаа нь хүний эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангаагүй, сахилгын зөрчил гаргасан гэж үзэж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байна.
Ерөнхий прокурор Н.А нь өөрөө дээр дурдсан асуудлыг үнэнч шударгаар хэрэгжүүлж ажиллаж байгаа эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх байхаа.
Иймд ... Прокурорын газрын Ерөнхий прокурор, хууль цаазын шадар зөвлөх Н.А-гийн Шүүхийн сахилгын хороонд гаргасан мэдээлэлд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалт “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, 50.1.27 дахь заалт “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон”, 50.1.28 дахь заалт “хуульд заасны дагуу татгалзан гаргах үүрэгтэйгээ мэдсээр байж татгалзан гараагүй” гэж бичигдсэн зүйлийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбараар гаргасан тул .... шүүхийн шүүгч Ч.Б надад холбогдуулан сахилгын хэрэг үүсгэснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх өгөхийг хүсэж байна ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Илтгэгч гишүүн, ... прокурорын газрын Ерөнхий прокурор Н.А-гийн мэдээллээр, .... шүүхийн шүүгч Ч.Б-д холбогдуулж сахилгын хэрэг үүсгэн шалгаж, сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт үйлджээ.
1. Шүүгдэгч С.Э, Х.Ц, Т.Б, М.О нарт холбогдох эрүүгийн хэрэгт үзлэг хийж, холбогдох баримтыг сахилгын хэрэгт авсан байна. Эдгээр баримтаар:
- сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/.... дугаар цагаатгах тогтоолоор хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн,
- ... шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 2025/ДШМ/.... дугаар магадлалаар, цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан,
- Улсын дээд шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн .... дугаар тогтоолоор хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан болох нь тогтоогдоно.
Анхан шатны шүүх хэргийг хүлээн аваад, шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Ч.Б томилогдсоныг, Ерөнхий шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ЕШЗ/.... дугаар захирамжаар албажуулжээ.
Холбогдох шүүгч 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “... эрүүгийн хэргийг цагаатгаж шийдвэрлэсэн, тус хэргийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, хууль хэрэглээний хувьд өөр байр суурьтай байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т зааснаар шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой ...” гэх агуулгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасныг, Ерөнхий шүүгчийн захирамжаар[1] хангасан байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн “шүүгчийн хэрэгжүүлэх нийтлэг бүрэн эрх”-ийг зохицуулсан 16 дугаар зүйлийн 16.1.12 дахь хэсэгт “хуульд заасан бусад бүрэн эрх”-ийг хэрэгжүүлнэ гэж заасны дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4 дэх заалтад “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй буюу татгалзана.
Банглорын зарчимд “... Шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгч өөрийн дотоод ухамсартай холбоотой бие даасан хэмжүүрийг хэрэглэгдэг. Тиймээс шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдал нь шүүхийг төрийн бусад эрх мэдлийн байгууллагаас бие даасан байхыг шаардаад зогсохгүй, шүүгчийг бусад шүүгчээс хараат бус байхыг шаарддаг. ... шүүхийн шийдвэр гаргах нь хувь шүүгчийн үүрэг хариуцлага ... ” гэж бие даасан, хараат бус байдалтай шүүх, шүүгч шүүн таслах ажиллагааг бусдаас хамааралгүй гүйцэтгэхийг, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд ямар нэгэн эргэлзээ байвал түүнийгээ мэдэгдэх, татгалзах боломжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн.
Иймд, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд татгалзах бүрэн эрхээ хэрэгжүүлснийг, түүнчлэн тус татгалзлыг бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн үйлдлийг сахилгын зөрчилд хамааруулах үндэслэлгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах үндэслэлтэй.
Харин, дээрх үйл баримттай холбогдуулан, илтгэгч гишүүний “... шүүгч Ч.Б-гийн гаргасан хүсэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т “өөрөө шууд, эсхүл шууд бусаар энэ хэрэгт хувийн сонирхолтой байна гэж үзэх бусад үндэслэл байгаа бол” гэж заасан үндэслэлд хамаарахгүй … Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.4-т заасан “шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг олон нийтэд мэдээлэх, илэрхийлэх” зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна ...” гэж, Ерөнхий шүүгч Б.Г-г “ … хуульд заагаагүй үндэслэлээр шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн нь зөрчлийн шинжтэй үйлдэл боловч тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан тул Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан субъектэд хамаарахгүй, түүнд уг зөрчилд холбогдуулан сахилгын хэрэг үүсгэн шалгах боломжгүй юм … ” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Шүүгдэгч С.Н, Х.Ц, Т.Б, М.О нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч сахилгын зөрчил гаргаагүй байх тул холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Шалгах ажиллагаагаар, шүүгдэгч Т.П- холбогдох .... дугаар эрүүгийн хэрэгт үзлэг хийж, зохих баримтыг гаргуулан авсан байна.
Илтгэгч гишүүн, өргөдөлд дурдсан, тус хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явц дахь хоёр удаагийн татгалзалтай холбогдуулан, шалгаж, дүгнэлт хийжээ.
а/ - яллагдагч Т.П-д холбогдох эрүүгийн хэрэг анхан шатны шүүхэд шилжихэд, шүүгч Д.Б шүүх хуралдаан даргалагчаар томилогдож, Ерөнхий шүүгчийн 2023/ЕШЗ/... дугаар захирамжаар албажуулсан,
- шүүгдэгч Т.П 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанд
шүүгч Д.Б-ийг татгалзан гаргах хүсэлт гаргаж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн,
- Үүнийг, давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2024/ДШМ/... дүгээр магадлалд “... Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 104 дүгээр захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан шүүгч Д.Б-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргасан нь ... тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болохгүй, хуульд нийцээгүй байна ...” гэж дүгнэсэн байна.
Өмнө нь дээр дурдсан үндэслэлээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргаж байсан эсэхийг тодруулж, шүүгчдийн 2022-2024 оны зөвлөгөөний тогтоол, татгалзал шийдвэрлэсэн Ерөнхий шүүгчийн захирамжийн өнгөн хувьд үзлэг хийж, баримтыг хэрэгт авчээ. Хэргийн оролцогчийн татгалзах эрх нээлттэй, магадгүй зарим тохиолдолд шүүгчийг “хардаж” татгалздаг учраас хэргийн оролцогчийн татгалзсан үндэслэл нь сахилгын хэрэгт хамааралгүй байна.
Хэргийн оролцогчоос хуульд заасан үндэслэлээр шүүгчийг татгалзсан, тухайн татгалзлыг Ерөнхий шүүгч эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэжээ. Энэ үйл баримт нь шүүгч Ч.Б-тай холбоогүй байх тул түүнийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Иймд илтгэгч гишүүн, татгалзлыг шийдвэрлэсэн Ерөнхий шүүгч Б.Г-г “... Хэдийгээр шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг шийдвэрлэх эрхийг Ерөнхий шүүгчид хуулиар олгосон боловч зөвхөн хуульд заасан үндэслэлээр, албан ёсны тайлбарт заасан ойлголтод тулгуурлан шийдвэрлэхээр байх тул ... уг үндэслэлээр хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байна гэж үзэж, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болохыг дурдаж байна.
б/ Улсын яллагч М.О 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаанд, Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ч.Б нарыг “... шүүгдэгч Т.П-г ... шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байх нэг цаг үед ... хамт ажиллаж байсан ...” гэх үндэслэлээр татгалзсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6-д “… татгалзан гаргах шүүх бүрэлдэхүүнд Ерөнхий шүүгч багтаж байгаа, эсхүл нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан тохиолдолд энэ тухай тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж шийдвэрлүүлнэ” гэж заасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийг[2] “Хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг хуульд заасан үндэслэл, журмаар татгалзан гаргах хүсэлт гаргасан бөгөөд, энэ нь тухайн нөхцөлд уг шүүхийн бүх шүүгч болж байгаагаас тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзсан, эсхүл тухайн шүүхийн нийт шүүгчийн олонхыг татгалзсанаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний ирц бүрдэхгүй болсон тохиолдолд хүсэлтийг адил шатны өөр шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэн шийдвэрлэнэ. Энэ хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэхэд татгалзагдсан шүүгчид оролцохгүй гэж ойлгоно ...” гэж тайлбарласны[3] дагуу татгалзлыг шийдвэрлэх шүүгчдийн зөвлөгөөний ирц хүрэлцэхгүй байсан учраас .... шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЗТ/.... дугаар тогтоолоор, хүсэлтийг шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.
Шалгах ажиллагаагаар, Т.П-гийн шүүхэд ажиллаж байсан болон ажлаас чөлөөлөгдсөн тушаал, 2022-2024 оны хооронд Т.П-гийн өмгөөлөгчөөр ажилласан хэргүүдийн мэдээлэл, мөн Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ч.Б, Т.П нарын гар утасны дугаарын жагсаалтыг үүрэн телефоны операторуудаас гаргуулан авчээ.
Эдгээр баримтаар, хэргийн оролцогч нь Ерөнхий шүүгч Б.Г, шүүгч Ч.Б нартай шууд хамааралтай буюу шүүгчийн туслахаар ажиллаж байгаагүй, гар утсаар болон зурвасаар холбогдсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Илтгэгч гишүүн дүгнэлтэд дурдагдаагүй, Т.П-гийн өмгөөлөгчөөр оролцож байсан эрүүгийн хэргийн мэдээллийг /2022-2024 оны байдлаар/ харвал,
- Ерөнхий шүүгч Б.Г-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэгт өмгөөлөгчөөр 2022 онд 3 удаа, 2023 онд 5 удаа,
- шүүгч Д.Б-ийн хэрэг шийдвэрлэсэн эрүүгийн 8 хэрэгт 2022 онд, 2023 онд 13 удаа,
- шүүгч Ч.Б-гийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан хэрэгт 2022 онд 9 удаа, 2023 онд 7 удаа оролцсон, ба шүүгч Ч.Б сахилгын хорооны хуралдааны хэлэлцүүлэгт “... эдгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгч Т.П-тай холбогдуулж татгалзаж байгаагүй ...” гэж тайлбарласан.
Иймд, шүүгдэгч нь холбогдох шүүгчийн туслахаар ажиллаж байгаагүй, хуульд заасны дагуу татгалзлыг адил шатны өөр шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шилжүүлж шийдвэрлүүлснийг буруутгах үндэслэлгүй, мөн адил шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр шийдвэрлэснийг хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэхгүй.
Түүнчлэн мэдээлэл гаргагч “... Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27-д заасан “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” зөрчлийг гаргасан гэж ...” дурджээ.
Ерөнхий шүүгчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагч томилсон шийдвэрт өөрчлөлт оруулж, шүүгч Ч.Б-г томилон албажуулжээ.
Шүүгч 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр бүрэлдэхүүнтэй шийдвэрлэх тухай хүсэлт гаргаж, Ерөнхий шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар хүсэлтийг хангаж, шүүгч Ч.Б, Ерөнхий шүүгч Ч.Г, ... шүүхийн шүүгч Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон байна.
Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар цагаатгах тогтоолоор, Т.П-д холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасныг, давж заалдах шатны шүүхийн 2024/ДШМ/... дүгээр магадлалаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, … хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэн цагаатгах тогтоол гаргасан шүүгчийг сахилга, ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй.
Мөн давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлд “шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй” талаар дурдаагүй тул шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.27 дахь заалтад “Шүүхийн шийдвэрт үндэслэл огт бичээгүй нь дээд шатны шүүхээр тогтоогдсон” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Шүүгдэгч Т.П-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох шүүгч сахилгын зөрчил гаргаагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгов.
3. Шүүгдэгч Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүхэд шилжүүлж, мөн өдрийн Ерөнхий шүүгчийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар, шүүх хуралдаан даргалагчаар Ерөнхий шүүгч Б.Г-г томилон албажуулжээ.
Ерөнхий шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл 30 хоногоор сунгасан байна.
Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар тогтоолоор шүүгч Ч.Б-д шүүгдэгч Б.Д-д холбогдох эрүүгийн хэргийг шилжүүлж, даргалагчийг 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2024/ЕШЗ/.... дугаар захирамжаар өөрчилжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг гаргахаар заасан, мөн зүйлийн 2 дахь хэсэгт 15 хоногийн дотор яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж болно гэж зааснаар хугацааг сунгасан нь хууль зөрчөөгүй.
Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх хугацааг Ерөнхий шүүгчийн захирамжаар 30 хоногоор сунгасны дараа, тус хэрэг 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн зөвлөгөөний тогтоолоор шүүгч Ч.Б-д шилжсэн байх тул дээрх яллагдагчийг шүүхэд шилжүүлэх үйл баримттай холбогдуулж холбогдох шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
3.1. Мэдээлэлд “... хэрэг шилжүүлэх зөвлөгөөний тогтоолд нэг шүүгчээс нөгөө шүүгчид хэрэг шилжүүлэх болсон үндэслэлээ тодорхой дүгнээгүй, тус шүүхийн хэрэг хуваарилах нарийвчилсан журамд заасан “...Шүүгч ээлжийн амралтаа эдлэх болсон, удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг ... ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлнэ.” гэснийг зөрчин “бусад шүүгч нар нь ээлжийн амралтаа эдэлж дууссан” гэх үндэслэлээр тухайн хэргийг өөр шүүгчид шилжүүлж байгаа нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг зөрчсөн ...” гэж давж заалдах шатны шүүхийн магадлалд дүгнэсэн гэсэн байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5-д нийт шүүгчдийн чуулганаар баталсан нийтлэг журамд үндэслэн, “хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журам”-ыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцэн батлахаар хуульд зохицуулсан.
Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 12 дугаар тогтоолоор Б.Д-ын хэргийг шүүгчид шилжүүлэхдээ “... шүүгч Ч.Б, Д.Б нар ээлжийн амралтаа зохих ёсоор эдэлсэн, цөөн хоног үлдсэн боловч тодорхой хэргүүдийн шүүх хуралдааныг товлон зарласан байх тул ... ажилдаа орох байсныг урагшлуулж ... энэ өдрөөс эхлэн ... нэгдсэн системд хэрэг хуваарилахаар ...” тогтсон байна.
Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан[4] хэрэг хуваарилах журмын 9Г-д зааснаар өөр шүүгчид хуваарилахаар тогтож, системээс тус эрүүгийн хэрэг шүүгч Ч.Б-д хуваарилагдсан байх тул дээрх журамд заасныг зөрчсөн гэж үзэхгүй, хэрэг хуваарилсан нь зөвлөгөөний эрх хэмжээ байна.
3.2. Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/... дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр прокурор эсэргүүцэл гаргасан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор, оролцогч давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцлийн хуулбарыг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор хариу тайлбар гаргаж болно”, 38.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны шүүх давж заалдах журмаар гаргасан гомдол, эсэргүүцэлд хариу тайлбар гаргах хугацаа дуусмагц хавтаст хэрэгт гомдол, эсэргүүцэл, хариу тайлбарыг хавсаргаж, харьяалах давж заалдах шатны шүүхэд хүргүүлнэ” гэж тус тус заасан.
Эсэргүүцлийг 2024 оны 10 дугаар сарын 04, 05-ны өдрүүдэд оролцогч нарт танилцуулснаар, хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дараагийн шатны шүүхэд хүргүүлэхээр байсан, гэтэл 10 дугаар сарын 21-ний өдөр хүргүүлсэн нь давж заалдах шатны шүүхэд хэрэг хүргүүлэх хугацааг 7 хоногоор хэтрүүлжээ.
“Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-ын 4.22.2 дахь хэсэгт “Шүүгчийн туслах нэгдсэн системээр хэрэг хүргүүлэх ажиллагааг бүрэн, зөв хийж, ... хэргийг эмхэтгэж, ... харьяалах шүүхэд нэн даруй хүргүүлнэ” гэж зааснаар хавтаст хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх ажиллагааг шүүгчийн туслах хийж гүйцэтгэхээр байх тул үүнтэй холбогдуулж шүүгчийг буруутгах үндэслэлгүй.
3.3. Анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2024/ШЦТ/.... дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгээс үзэхэд, “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ хэрэглэсүгэй ...” гэж шийдвэрлэжээ.
Прокурорын эсэргүүцлээр, ... шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэж, 2024/ДШМ/.... дугаар магадлалаар, “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Д-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг /1/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, ... Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан ... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж ... гэснийг зөрчин энэ зүйл хэсэгт байхгүй хугацаагаар буюу 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж шийдвэрлэсэн ...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон.
Б.Д-ын гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаанд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “... гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалт үйлчилж байсан.
Энэ зүйл хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс дээш найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн нэмэлт өөрчлөлт орсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж зааснаар шүүгдэгчид гэмт хэрэг үйлдэх үед үйлчилж байсан хуулиар ял оногдуулахаар байна.
Гэтэл шүүгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заагдаагүй нэмэгдэл ялыг хэрэглэж “тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар” хасах ял оногдуулсан нь баримтаар тогтоогдоно.
Холбогдох шүүгч сахилгын хорооны хуралдаанд “... нэмэгдэл ял оногдуулахдаа хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан, сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй байгаа ...” гэж тайлбарласан.
Бусад этгээдийн хууль зөрчсөн эсэхийг хянаж, хууль зөрчсөнд нь хариуцлага хүлээлгэдэг шүүгч нь өөрөө хууль зөрчдөг байх үндэсгүй учраас хууль тогтоогч илт тодорхой хуулийн заалтыг зөрчих нь сахилгын зөрчил гэж хуульчилсан байдаг.
Иймд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн /өмнөх заалтаар/, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон этгээдийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-5 хүртэл хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулна гэх заалт бол хэнд ч ойлгомжтой, тодорхой заалт тул илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөн гэж үзнэ.
Шүүгдэгчид хуульд заагаагүй нэмэгдэл ял оногдуулсан, иймээс ч анхан шатны шүүхийн тогтоолыг хянасан давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, 39.8 дугаар зүйлийн 1.6 дахь заалтад “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцэхгүй үйлдэл байх тул зөрчлийг “ноцтой” гэж үзэх үндэслэлтэй байна.
Нэгтгэвэл, шүүгч Ч.Б нь шүүгдэгч Б.Д-д хуульд байхгүй нэмэгдэл ял оногдуулсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-д заасан “... хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, … зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах ...” сахилгын зөрчил гаргасан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул нотлох дүгнэлтийг хүлээн авч, холбогдох шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.7-д “Сахилгын зөрчлийн шинж чанар, хэр хэмжээ, зөрчлийн хүнд, хөнгөн, үр дагавар, шүүгчийн хувийн зан байдал болон бусад нөхцөл байдалд тохирсон сахилгын шийтгэлийг шүүгчид оногдуулна” гэж заасны дагуу холбогдох шүүгчид “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.3, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ГНД/2025/0006 дугаар Сахилгын зөрчил гаргасныг нотлох тухай дүгнэлтийг хүлээн авч, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 56 дугаар зүйлийн 56.7, 57 дугаар зүйлийн 57.1.7 дахь заалтад заасныг баримтлан ... шүүхийн шүүгч Ч.Б-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.МЯГМАРЦЭРЭН
Б.СУГАР
[1] Ерөнхий шүүгчийн 2022 оны 07 дүгээр сарын 07-ны өдрийн 2022/ЕШЗ/213 дугаар захирамж, сх I хх-ийн 202 дахь тал
[2] Улсын дээд шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2, 10.3, 10.4 дүгээр зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай” 04 дүгээр тогтоолын 5-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн “... нийт шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан” гэдгийг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 36 дугаар тогтоолоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг зөв хэрэглэх талаарх албан ёсны тайлбарын 9 дэх хэсэгт зааснаар ойлгоно” гэж,
[3] Улсын дээд шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай тогтоол”-ын 9.в дэх заалт
[4] 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхэд эрүүгийн хэрэг, зөрчлийн хэрэг, өргөдөл, гомдол, хүсэлт, гүйцэтгэх хуудас хүлээн авах, шүүгчид хуваарилах журам”-ын 9Г-д Шүүгч ээлжийн амралтаа эдэлж эхлэхээс өмнө хуваарилагдсан хэргээ шуурхай шийдвэрлэж дуусгаж хугацаандаа амралтаа эдлэх, тухайн хэргийг энэ хугацаанд шийдвэрлэх боломжгүй болсон мөн удаан хугацаагаар өвчтэй, чөлөөтэй тохиолдолд өмнө хуваарилагдсан хэргийг шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын 1.1-д заасан дарааллын дагуу ачаалал тэнцвэржүүлэх зарчмаар шүүгч нарт шүүгчдийн зөвлөгөөнөөр шилжүүлж байхаар” заасан.