info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-25

Дугаар 90

Улаанбаатар хот

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, 

сахилгын шийтгэл оногдуулах тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Д.Мягмарцэрэн нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн дарга Г.Болортуяа, холбогдох шүүгч Г.Т, өргөдөл гаргагч Ш.Б нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

...хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д холбогдох сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Иргэн Ш.Б өргөдөлдөө: “…шүүгч Г.Т ...өөрт хуваарилагдсан хэрэгтээ хяналт тавьж шаардахгүй 1 жил 1 сар дарагдуулсан…” гэжээ.

Шүүгч Г.Т тайлбартаа: “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, 65.1.1, 65.1.3-65.1.8, 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заажээ. Шүүх иргэн Ш.Б-ийн нэхэмжлэлийн дагуу хариуцагч О.С-д холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг илгээх, нэхэмжлэлд дурдсан утасны дугаараар холбогдох ажиллагааг гүйцэтгэсэн.

Тодруулбал, шүүгчийн туслахын зүгээс нэхэмжлэлд дурдсан хариуцагч О.С-ын 95....89 дугаар утас руу 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 80....25 дугаарын утаснаас, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 86....83 дугаар утаснаас залгахад “ашиглалтад байхгүй” гэх хариу өгсөн.

Энэ тухай шүүгчийн туслахаас шүүгчид танилцуулахад нь нэхэмжлэгчтэй холбогдож, хариуцагчтай холбогдож болох өөр утасны дугаар байгаа эсэх, оршин суух хаягаар мэдэгдэх хуудас илгээхэд хаягтаа байдаггүй тухай шуудангийн байгууллагаас хариу ирүүлсэн учир ажлын байрны хаягийг олж өгөх боломжтой эсэхийг тодруулсны дараа хэргийг хэрэгсэхгүй болгох эсэхийг шийдвэрлэе гэх чиглэлийг өгсөн.

Улмаар нэхэмжлэгчээс тодруулж өгсөн 88....12 дугаар утас руу залгахад “хариу өгөөгүй”, 91....09 дугаар утас руу залгахад “Ах нь байна, ээжтэй хамт байгаа” гэх хариу өгсөн, 2024 оны 11 дүгээр сард нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүгчийн туслахтай уулзаж, хариуцагч хорих ангид хоригдож байгааг мэдсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасны дагуу шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шүүх хэргийн оролцогчийн нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчээс хариуцагчтай холбогдох боломжтой хаяг, утасны дугаарыг олж шүүхэд мэдэгдэх боломж нөхцөлөөр хангасныг нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг хөндсөн, холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлгүй юм” гэжээ.

            Сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлтэд: “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2, 72 дугаар зүйлийн 72.1-д заасан зохицуулалтууд нь өөрөөр ойлгох боломжгүй, илт тодорхой заалт мөн бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.”төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах” зарчим, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1.”хүүхдийн эрх, дээд ашиг сонирхол, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих” зарчмыг тус тус зөрчиж хүүхдийн тэжээн тэтгүүлэх эрхтэй шууд холбогдох нэхэмжлэлийг хуульд заасан ажиллагаа хийлгүйгээр, удаан хугацаагаар дарагдуулсан шинж нь “ноцтой” гэх урьдач нөхцөлийг хангана. …Иймд шүүгч Г.Т нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ...зөрчсөн” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нотлох дүгнэлтийг хүлээн авч, сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Ш.Б-ийн О.С-д холбогдуулан гаргасан “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлд ...хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Т 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэжээ.

Тэрээр хариуцагч О.С-ыг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 10 цагт шүүхэд хүрэлцэн ирэхийг 2023 оны 12 дугаар 05-ны өдрийн мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн ба 12 дугаар сарын 07-ны өдөр “заасан хаягт ийм хүн байхгүй” гэсэн шуудангийн тэмдэглэгээтэй буцаж ирсэн.

Тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 0...9 дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн 30 хоногоор сунгасан ба шүүгчийн туслах Б.П 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэлд дурдсан 95....86 дугаарт залгахад “ашиглалтад байхгүй” гэсэн,  88....12 дугаарт залгахад “хариу өгөөгүй”, 91....09 дугаарт залгахад “ах нь байна, ээжтэй хамт байгаа” гэсэн хариу өгсөн талаар тэмдэглэл үйлджээ.

Шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 2...2 дугаар захирамж гарган Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-т “Хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоног, давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр ирүүлсэн бол шүүгч хэргийг хүлээж авснаас хойш 30 хоногийн дотор тус тус шийдвэрлэнэ”, 71.2-т “Энэ хуулийн 71.1-д заасан хугацааг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс нэг удаа 30 хүртэл хоногоор сунгаж болно”, 72 дугаар зүйлийн 72.1-т “Хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна”, 76 дугаар зүйлийн 76.1.1-т “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэж шүүгч үзсэн, эсхүл энэ хуулийн 71.1-д заасан хугацаа дууссан, түүнчлэн шаардлагатай гэж үзсэн бусад тохиолдолд шүүгч уг хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гаргаж, шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг товлох” гэж тус тус заасан.

Дээр дурдсанаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг 30 хоногоор сунгаснаас тооцвол тухайн хэргийн хянан шийдвэрлэх нийт хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр дууссан бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хүртэл 9 сар 27 хоног хэтэрсэн, энэ хугацаанд шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасан ажиллагаа явуулаагүй болох нь сахилгын хэрэгт авагдсан гэрч Ш.Б, Д.Х нарын мэдүүлгээр тогтоогдож байна. Түүнчлэн холбогдох шүүгч энэхүү үйл баримтыг үгүйсгээгүй болно.

Процессын хуулиар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд шүүгчид үүрэг хүлээлгэсэн дээрх заалт нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой” заалтад хамаарна.

Шүүгч Г.Т хуулиар хүлээлгэсэн үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ хуульд заасан хугацаанд шийдвэрлүүлж чадаагүйгээс  хүүхдийн  тэжээн тэтгүүлэх  эрх хязгаарлагдаж, эд хөрөнгөөр хохирсон  байх тул энэхүү үйлдлийг “ноцтой” гэж үзнэ.

Шүүгч Г.Т нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон ба түүнд шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 80 хэрэг, мөн 70 нэхэмжлэл шинээр хуваарилагдсан, 2023 онд 283 шүүх хуралдаан зарлаж, 1254 захирамж, 7 тогтоол, 260 шүүхийн шийдвэр гаргасан, 2024 онд 800 нэхэмжлэл, шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор 64 хэргийг хүлээн авч 652 шүүх хуралдаан товлон зарлаж, 2126 захирамж, 33 тогтоол, 451 шүүхийн шийдвэр гаргасан нь шүүгчийн зохист ачааллаас хэтэрсэн, энэхүү нөхцөл байдлыг шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.3,  112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23, 57 дугаар зүйлийн 57.1.7-д заасныг баримтлан ...хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Т-д “хаалттай сануулах” сахилгын шийтгэл оногдуулсугай. 

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарын оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл Ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                                Г.ЦАГААНЦООЖ

  ГИШҮҮН                                    Ц.ДАВХАРБАЯР

      Д.МЯГМАРЦЭРЭН