
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-25
Дугаар 92
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Ц.Давхарбаяр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, ажиглагчаар өргөдөл гаргагч Г.Б нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0078 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана”, нэхэмжлэлд хэрэг үүсгэсэн бол шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах, хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэлтэй гэж үзвэл энэ хуулийн 38.6-д заасан ажиллагааг явуулах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулна, 72 дугаар зүйлийн 72.1-т “хэрэг үүсгэсэн өдрөөс хойш хариуцагчид нэхэмжлэлийг нийслэлд 7 хоногийн, орон нутагт 14 хоногийн дотор тус тус гардуулна” гэж тус тус заасан.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл, шүүгч 2024 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 23782 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа “...хүү Г.С зохигчдыг тусдаа амьдарснаас хойш өнөөдрийг хүртэл хэний асрамжид байгаа эсэх, өөрийн асрамждаа үлдээх үндэслэлээ тодорхой дурдаагүй нь хариуцагч нэхэмжлэлд хариу тайлбар, татгалзал өгөх, мэтгэлцэх, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, эвлэрэх зэрэг эрх, үүргээ хэрэгжүүлэхэд тодорхойгүй нөхцөл байдлыг үүсгэхээр байна” гэсэн үндэслэл дурджээ.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид нэхэмжлэлийн шаардлагыг “хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах” гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэгч уг захирамжид дурдсан зөрчлийг арилгаж, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа асрамж тогтоох шаардлагын үндэслэлээ тодруулсан гэж үзэхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргах ба нэхэмжлэгч нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг, 58.554 төгрөг төлсөн 2 баримт хавсаргажээ.
Дээр дурдсанаас үзвэл, нэхэмжлэгч анхнаасаа хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох шаардлага гаргаж, уг шаардлагад тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн байх ба 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “...хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” гэж тодруулсан байна.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т заасан ба эд хөрөнгийн бус, үнэлж болохгүй нэхэмжлэлд 70.200 төгрөг төлнө. Өөрөөр хэлбэл, хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70.200 төгрөг төлөх ба харин шаардаж буй тэтгэлгийн хэмжээнээс хамаарч уг шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөх учиртай.
Шүүх хүүхдийн тэтгэлэг гаргуулах эсэхийг шийдвэрлэхдээ энэхүү шаардлагад урьдчилан төлсөн хураамжийн хэмжээ хуульд зааснаар бага төлөгдсөн бол хуулиар тогтоосон төлбөл зохих дүнд нийцүүлэн нэмж төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т тусгайлан зохицуулсан.
Иймд өргөдөлд дурдсан ”…нэхэмжлэгчийн өмнөөс нэхэмжлэлийн шаардлага гаргаж түүндээ иргэний хэрэг үүсгэсэн, …улсын тэмдэгтийн хураамж нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээгээр тогтоосон журмын дагуу урьдчилан төлөгдөөгүй буюу дутуу төлүүлж хэрэг үүсгэсэн” гэх гомдол сахилгын зөрчилд хамаарахгүй.
2.Нэхэмжлэгч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...А.Г нь 2024 оны 9 сард хүү С-ыг Дорнод аймгийн Дашбалбар сум руу өөрийнхөө ээж рүү явуулж, уулзуулахаа больж, утсаа салгаж, холбоо тогтоох боломжгүй болгосон, ...хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хүү Г.С-ыг миний асрамжид урьдчилан тогтоож” өгнө үү гэжээ.
Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах урьдчилсан арга хэмжээ авч болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.1.2-т заасан. Энэхүү зохицуулалтаар эцэг эх нь тусдаа амьдарч байгаа тохиолдолд насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байна гэж үзвэл шүүх хүүхдийг эцэг эхийн аль нэгний асрамжид буюу гэрт нь байлгахаар даалгах арга хэмжээ авч болно.
Хүсэлтэд “...хүүхэд эцэг эхийн хэн нэг дээр биш хариуцагч ээж рүүгээ явуулсан” талаар дурдсан байх ба үүнийг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгч 2025 оны 03 дугаар сарын 18-ний өдрийн *** дугаар захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэхдээ үндэслэлийг захирамжид тодорхой дурдаж, хуульд заасан арга хэмжээ авчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлдэг ба үзлэг хийлгэх талаар зохигч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүх өөрийн санаачилгаар уг ажиллагааг явуулж болохгүй.
Түүнчлэн хариуцагч хүсэлтэд дурдсан нөхцөл байдлыг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, уг хүсэлтийг хэлэлцсэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч ирээгүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн дугаар 191/Ш32025/... “Хүсэлт хэлэлцэж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай” шүүгчийн захирамж нь нотлох чадвараа алдсан нотолгооны хэрэгслийг үндэслэж хууль бус захирамж гаргасан буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48.1-д зааснаар үзлэг хийж, тэмдэглэл үйлдэж баталгаажуулаагүй нотлох баримтыг захирамжийн үндэслэл болгож шийдвэрлэсэн, ...мэтгэлцэх зарчим зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.
3.Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж гарсны дараа хэргийн материалтай танилцах эрхтэй ба шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр эрх үүрэг танилцуулсан, тэрээр хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурсан байна.
Шүүгч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр захирамж гарган хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хэргийн материалтай танилцсан нь тогтоогдож байна.
Иймд хэргийн материалыг танилцуулдаггүй гэх гомдол үндэслэлгүй бөгөөд хариуцагч хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүйд шүүгчийг буруутгах боломжгүй.
4.Төлбөр авагч нь шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд шүүгч албадан гүйцэтгүүлэх захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д заасан.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан урьдчилсан арга хэмжээ нь ижил төрлийн харилцааг зохицуулж буй мөн хуулийн 69 дүгээр зүйлийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ”-тэй ижил ойлголт тул энэхүү арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг биелүүлэхэд хуулийн 185 дугаар зүйлд зааснаар албадан гүйцэтгүүлэх захирамж гаргах шаардлагагүй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.6-т заасныг баримтлан уг арга хэмжээг шийдвэр гүйцэтгэх байгууллага гүйцэтгэх тул тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3144 дүгээр албан бичгээр дээрх захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлснийг “...шүүгч өөрийн хүсэлтээр албан бичиг төлөвлөж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлж, хууль зөрчсөн” гэж үзэхгүй.
Дээрх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Шүүгч Л.Золзаяа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б.Э 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нийт 128,754.00 төгрөгийг төлсөн.
Шүүхээс хүүхдийн асрамжийн талаар шаардлагыг шийдвэрлэхдээ насанд хүрээгүй хүүхдийн тэтгэлгийг хэрхэх, тэтгэлэгт төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг үндэслэн хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой шаардлагыг тодруулсны үндсэн дээр иргэний хэрэг үүсгэсэн ба зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарласан.
Улмаар 191/Ш32025/... дугаар Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 12 цаг 00 минутад шүүх хуралдааныг товлон зарлаж зохигчдод мэдэгдсэн.
Уг шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь хүү Г.С-ыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд эхийн асрамжид байлгах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч амаржсан тул шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг зохигчид тус тус ирүүлсэн ба шүүх хуралдааны ирцтэй холбоотой хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хүлээн авч, шүүх 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 16 цаг 00 минутад товлож, нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлээгүй ба хариуцагчид танилцуулах, тайлбар гаргах эрхээр хангасан.
2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хариуцагчид шүүх хуралдааны тов хүрээгүй тул 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 191/Ш32025/... захирамжаар 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 12 цаг 00 минутад товлон хойшлуулсан боловч 2025 оны 03 дугаар сарын 18-ны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/Ш32025/... дугаар захирамжаар зохигчдын хүсэлтүүдийг хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хувийн эрх зүйн маргаанд хамаарах боловч тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүх хөндлөнгийн байх талуудын “диспозитив” зарчим хэрэгжихээс гадна насанд хүрээгүй хүүхдийн эрх ашигтай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг онцлогоороо албаны буюу шүүхийн оролцоо бүхий “оффициалны” зарчим хэрэгждэг.
Өөрөөр хэлбэл, шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илүү санаачилгатай оролцох бөгөөд талуудаас тодруулах, зарим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой арга хэмжээг талуудын хүсэлтгүй шийдвэрлэх боломжтой байдаг.
Гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван хоёрдугаар бүлэгт зохицуулсан бөгөөд мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д “Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол энэ хуульд заасны дагуу ердийн журмаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Гэр бүлийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг энэ бүлэгт зохицуулсан журам байгаа тохиолдолд тус журмын дагуу явуулах бөгөөд тус хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно” гэж зохицуулсан. Тайлбарлавал, талуудаас хүсэлт гаргасан эсхүл гаргаагүй аль ч тохиолдолд шүүх гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан хэд хэдэн арга хэмжээг хэрэгжүүлж болохоор заасан.
2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс хойш талуудад хэргийн материалтай танилцах, мэтгэлцэх эрхээр хангаж шүүх хуралдаан тухай бүрд хойшлуулсан ба нэгэнт шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй оролцогчид хэргийн материалыг заавал танилцуулах үүрэг хүлээхгүй ба хариуцагч А.Г-д тухайлан хэрэгтэй танилцах, хэргийн үйл явцыг тайлбарлан сануулдаг байсан. /Нарийн бичиг Ж, туслах А.А утсаар ярьж байсан/
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан тэгш эрх, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэхдээ зохигчдод адил тэгш эрхээр хангасан болохыг дурдах нь зүйтэй ба нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагчаас шалтгаалж шийдвэрлэхгүй байх эрх хэмжээ шүүгчид байхгүй тул хуульд заасан эрх хэмжээ, хэргийн үйл баримтад тулгуурлаж шийдвэрлэсэн тул тус гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШЗ2024/... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Э-ийн А.Ганчулуунд холбогдуулан гаргасан “...хүү Г.С-ыг асрамжид үлдээж, тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгч нь дахин 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр “...хүү Г.С-ыг асрамжид авч өгнө үү” гэж нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2024/... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэхдээ “хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох” тухай гэж тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар хүү Г.С-ыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд эх Б.Э-ийн асрамжид байлгахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж буй шүүгч Л.Золзаяад холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Балжмаа гомдол гаргаж, үндэслэлээ “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэснийг зөрчсөн гэж тодорхойлжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж заасан.
Шүүгч Л.Золзаяа нь нэхэмжлэгч Б.Э-ийн хүү Г.С-ыг өөрийн асрамжид авах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэхдээ нэхэмжлэлд дурдаагүй “тэтгэлэг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон нь буруу байх боловч нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд “хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох” гэж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хүүхдийн асрамжтай хамт тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага байгаагаа тодруулсан энэ тохиолдолд зөрчилд тооцох үндэслэлгүй.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан тусгайлсан журмаар гэр бүлийн холбогдолтой хэрэг маргааныг хянан шийдвэрлэдэг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Шүүгч шаардлагатай гэж үзвэл гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэхдээ дараахь арга хэмжээг урьдчилан авахаар захирамж гаргаж болно”: 129.1.2 “насанд хүрээгүй хүүхдийг эцэг, эхийн хэн нэг дээр байлгах” гэж зааснаас үзвэл шүүх зохигчдоос хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шаардлагатай гэж үзвэл хүүхдийн эрх ашгийг хамгаалж хэргийг шийдвэрлэх хүртэл эцэг, эхийн хэн нэгний асрамжид байлгахаар шийдвэрлэх эрхтэй гэж ойлгох ба энэ нь хүүхдийн асрамжийг эцэслэн шийдвэрлэж буй шийдвэр биш.
Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар хүү Г.С-ыг шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд эх Б.Э-ийн асрамжид байлгахаар шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх боломжгүй бөгөөд хүсэлт хэлэлцсэн шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хариуцагч талаас ирээгүй нь мэтгэлцэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-д “Шүүгч энэ хуулийн 129 дүгээр зүйлд заасан гэр бүлийн холбогдолтой хэрэг хянан шийдвэрлэх урьдчилсан арга хэмжээг зохигчийн хүсэлтээр өөрчлөх, эсхүл хүчингүй болгож болно” гэж зааснаар хариуцагч талаас хүсэлт гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараах шийдвэрийг үндэслэн явуулна”: 6.2.6 “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамж”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Гүйцэтгэх баримт бичигт энэ хуулийн 6.2.1, 6.2.2, 6.2.3, 6.2.4-т заасан шийдвэрийг үндэслэн олгосон гүйцэтгэх хуудас, энэ хуулийн 6.2.5, 6.2.6-д заасан шийдвэр болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг гаргуулах тухай шийдвэр хамаарна”, 19.3-т “Энэ хуулийн 6.2.6-д зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх баримт бичиггүйгээр иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг хориглоно” гэж тус тус зааснаас үзвэл шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжид гүйцэтгэх хуудас бичигдэхгүй, гагцхүү уг захирамж нь гүйцэтгэх баримт бичигт тооцогдож шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдана гэж ойлгохоор байна.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан урьдчилсан арга хэмжээ нь ижил төрлийн харилцааг зохицуулж буй мөн хуулийн 69 дүгээр зүйлийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ”-тэй адил ойлголт болох талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул тус шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 3144 дүгээр албан бичгээр 191/ШЗ2025/... дугаар захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн нь хуульд нийцжээ.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “... Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө”, 57.2-т “Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдуулж төлөх улсын тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргах болон шүүхээс баримт бичиг олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана”: 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70,200 төгрөг” гэж заасан.
Нэхэмжлэгч нь дээрх хуульд заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг, 58,544 төгрөгийг тус тус төлсөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 04 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн материалтай танилцсан болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлүүлээгүй, хэргийн материал танилцуулаагүй гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй.
Дээрх болон өргөдөлд дурдсан бусад гомдолд илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0078 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Золзаяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Д.АРИУНТУЯА
Ц.ДАВХАРБАЯР