
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-25
Дугаар 91
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Очирт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0074 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: “...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч Г.Н-д холбогдуулан эрүүгийн ... дугаартай хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн, тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлснийг шүүх 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Эрдэнэ-Очир томилогдсоноор холбогдох шүүгч нь тухайн хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Шүүгч хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЗ/87 дугаартай захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 60 хүртэл хоногоор буюу 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалган шийдвэрлэжээ.
Гэтэл тус 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 202/ШЗ/... дугаартай шүүгчийн захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр буюу 52 хоногийн дараа албажуулан гаргаж прокурорт болон хэргийн оролцогч нарт гардуулсан үйл баримт тогтоогдож байна.
Мэдээлэл гаргагчаас шүүгч М.Эрдэнэ-Очирыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан шүүгчид хориглосон сахилгын зөрчил гаргасан талаар дурдсан боловч тухайн үйл баримт нь шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой асуудал буюу хуулийн 50.1.26-д “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж заасан сахилгын зөрчилд хамаарахуйц байна.
Иймд шүүгч М.Эрдэнэ-Очирыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасныг зөрчсөн эсэх асуудлыг дараах байдлаар тодорхойлов.
Шалгах ажиллагааны явцад шүүгч М.Эрдэнэ-Очирын туслахыг гэрчээр асуухад: “ ...шүүгчийн захирамжийн хувьд гэвэл шүүх хуралдааны тэмдэглэл хугацаандаа гараагүй, нарийн бичгийн дарга тэмдэглэлээ өгөөгүй удсаны улмаас хугацаандаа албажиж гараагүй” гэх мэдүүлгийг өгсөн.
Харин тус шүүх хуралдааны тэмдэглэлийг бичсэн нарийн бичгийн дарга П.Ж-аас тайлбар авахад тэмдэглэлийг 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүгчийн туслахад файлаар өгсөн. Тухайн үед ажлын ачаалалтай байсан учир хуулийн хугацаа хэтэрсэн талаар дурдсан болно.
Шүүх хуралдааны явцыг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга тэмдэглэл хөтлөх үүрэгтэй мөн түүнчлэн шүүхийн шийдвэрийн төсөл боловсруулах нь шүүгчийн туслахын албан үүрэгт хамаарах боловч Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3, 90 дүгээр зүйлийн 90.2-т тус тус зааснаар шүүхийн захиргааны ажилтнууд нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ шүүгчийн удирдлага дор хэрэгжүүлдэг төдийгүй шүүгчийн захирамжийг албажуулж гаргах, хүргүүлэх ажиллагаанд хяналт тавих нь шүүгчийн үүрэг гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, шүүгч ажлын зохион байгуулалтаас хамаарч зөрчил гаргасан байх боловч энэ нь хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацааг зөрчих үндэслэл болохгүй.
Хэдийгээр шүүгчийн захирамжийг албажуулан гаргах хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой заагаагүй боловч тухайн захирамжийн хувьд буюу хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6, 7-д зааснаар хойшлуулж буй тохиолдолд түүнийг албажуулах хугацааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гаргах 15 хоногийн хугацаатай адилтган хэрэглэнэ.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэрийг бичгээр гаргах хугацаа 15 хоног байхаар хуульд тодорхой заасан ба түүнээс илүү хугацаагаар шүүгчийн захирамжийг бичгээр гаргах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимд нийцэхгүй юм.
Шүүгчийн шүүн таслах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагаа нь шүүхийн шударга байдалд итгэх олон нийтийн итгэлийг бататган бэхжүүлэхэд чиглэдэг бөгөөд шүүгч захирамж албажуулж гаргахдаа хугацаа хэтрүүлж гаргасан дээрх алдаа нь шүүхийн өндөр нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зөрчилд хамаарч байх тул холбогдох шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж ажиллахыг анхааруулах нь зүйтэй байна.
Иймд, дээрхийг нэгтгэн дүгнээд Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Очирт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.
Шүүгч М.Эрдэнэ-Очир Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“ ...Шүүгч би Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж, хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлж, шүүх хуралдаанаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хэлэлцүүлэхийг прокурорт даалгаж 87 дугаартай шүүгчийн захирамж гарсны дагуу захирамжид тусгагдсан нэмэлт ажиллагааг прокурор биелүүлж, шүүгдэгч Г.Нарантуяад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцүүлж ... дугаартай шийтгэх тогтоолын дугаар авч хэргийг хянан шийдвэрлэсэн байна.
Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 "хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах;" заасныг зөрчсөн гэж Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтсээс өргөдөл, мэдээлэл гаргасан байх боловч шүүгч миний бие 2025 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр 87 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 34.16.5,6-д заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэсэн байх бөгөөд захирамж нь биелэгдэх боломжит хугацааны дотор гараагүй нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй байна.
Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.33-т “шүүхийн шийдвэр гэж Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4, 22.5-д заасныг", Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5-д "Энэ хуулийн 22.4-т зааснаас бусад тохиолдолд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана" гэж заасны дагуу шүүгч би 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанаар хойшлуулсан тухай захирамжийн агуулгыг оролцогчид танилцуулсан ба прокурорт хэрхэн мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар тайлбарласан байсан боловч тэмдэглэл гараагүй, төсөл боловсруулаагүй гэх шалтгаанаар ажлын зохион байгуулалтын алдаа гаргаж захирамжийг танилцуулснаас хойш 52 хоногийн дараа прокурорт хүргүүлсэн зөрчил гаргасан байна.
Энэ үйл баримт нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д "шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих" үндэслэлд хамаарч байна гэж үзэж өргөдөл, мэдээллийг хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Ү нь 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр яллагдагч Г.Н-д холбогдуулан *** дугаартай яллах дүгнэлт үйлдэж 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байх ба тус шүүхийн ерөнхий шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ЕШЗ/... дүгээр захирамжаар шүүх хуралдаан даргалагчаар шүүгч М.Эрдэнэ-Очирыг томилсон шийдвэрийг албажуулсан, шүүгч М.Эрдэнэ-Очир 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2024/ШЗ/... дүгээр захирамжаар яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн,
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2025/ШЗ/... дугаар захирамжаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5, 6-д заасныг баримтлан шүүх хуралдааныг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулж, нэмэлт ажиллагаа хийхийг прокурорт даалгасан байх ба уг захирамжийг 03 дугаар сарын 14-ний өдөр бичгээр үйлдэж, хэргийн оролцогч нарт гардуулсан, тус шүүхийн 2025 оны 04 дүгээр 15-ны өдрийн 2025/ШЦТ/... дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Г.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.
Дээрх шүүгчийн захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар тус аймгийн прокурорын газарт ирүүлээгүй гэх мэдээллийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Шүүхийн сахилгын хороонд гаргажээ.
Сахилгын хэргийн оролцогч шүүгч М.Эрдэнэ-Очир “...тэмдэглэл гараагүй, төсөл боловсруулаагүй гэх шалтгаанаар ажлын зохион байгуулалтын алдаа гаргаж захирамжийг танилцуулснаас хойш 52 хоногийн дараа прокурорт хүргүүлсэн зөрчил гаргасан” гэх тайлбарыг ирүүлсэн.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шүүгчийн захирамжийг бичгээр үйлдэж албажуулан гаргах хугацааг хуульд нарийвчлан заагаагүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-д “Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шүүхийн цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, өмгөөлөгчид гардуулан өгнө” гэж заасантай адилтган ойлгох талаар илтгэгч гишүүн үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.
Иймд шүүгч М.Эрдэнэ-Очир нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 202/ШЗ/... дугаартай захирамжийг бичгээр үйлдэж, гардуулан өгөх хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тооцоход 37 хоногийн дараа албажуулж гаргасан нь дээрх хуулийн зохицуулалтад нийцээгүй байх боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26-д заасан “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэх шаардлагыг хангаагүй байна.
Хэдийгээр хуульд нэрлэн заасан сахилгын зөрчлийн шинжийг хангаагүй ч Банглорын зарчмын тайлбар: Шүүхийн шийдвэрийг хойшлуулалгүйгээр хүргүүлэх үүрэг. 209-д “ Шүүгч нь ажлын бусад үүрэг даалгавар, хэргийн хугацаа, нарийн төвөгтэй байдал зэрэг яаралтай болон бусад онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж, гаргасан шийдвэрээ аль болох хурдан хүргүүлэх үүрэгтэй. Ялангуяа шалтгаангүй хоцроохгүйгээр шүүгч нь шийдвэрийн үндэслэлээ хэвлэмэл байдлаар хүргүүлэх үүрэгтэй” гэж заасан ёс зүйн зарчмыг зөрчсөн гэж үзэх ба нэр бүхий шүүгч нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн хэрэгжүүлж, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үүрэг нь шүүгчийн нэн тэргүүний үүрэг болохыг ухамсарлан ажиллахыг сануулах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүгч М.Эрдэнэ-Очирт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0074 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Очирт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ О.НОМУУЛИН
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР