info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-18

Дугаар 83

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

 Сахилгын хорооны хуралдааныг гишүүн О.Номуулин даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа, сахилгын хэргийн оролцогч Х.Дашдэчмаа, ажиглагчаар өргөдөл гаргагч Б.О нарыг оролцуулан, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2025/0071 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг тус хорооны хуралдааны танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд:  “...Өргөдөл гаргагч иргэн Б.О “...хариуцагч нар нэхэмжлэлд дурдсан утас дээрээ байдаг, хаягтаа амьдардаг байхад шүүх хариуцагчаа дуудаж нэхэмжлэлээ гардуулж чадахгүй 8 сар ажиллагаа хийгээгүй ба эцэст нь хариуцагчийн хаяг олдоогүй гэдгээр хэргийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна...” гэх агуулгаар өргөдөл гаргасан.

Сахилгын хэргийг шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүний 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/103 дугаар албан бичгээр Б.О-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, Д.М нарт холбогдох иргэний хэргийг бүхэлд нь хуулбарлан авсан бөгөөд уг баримтуудаас үзэхэд Б.О-ийн нэхэмжлэл нь зохих журмын дагуу шүүгч А.Ц-т хуваарилагдаж, 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ.

Шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хариуцагч нарын оршин суугаа гэх хаягаар “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн байх бөгөөд шүүгч А.Ц-т 3 сарын хугацаатай чөлөө олгосонтой холбогдуулан түүний ажиллагаанд байгаа 190 хэрэг, 3 нэхэмжлэлийг тус тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/...дугаар зөвлөгөөний тогтоолоор бусад шүүгч нарт хуваарилахад уг иргэний хэрэг нь шүүгч Х.Дашдэчмаад хуваарилагдсан байна.

Улмаар шүүгч Х.Дашдэчмаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр дахин “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудсыг хариуцагч нарын оршин суудаг гэх хаягаар хүргүүлж, шүүгчийн туслах Б.Л 2025 оны 4 дүгээр сарын 03, 14, 25-ны өдрүүдэд хариуцагч нарын гар утасны дугаарууд руу залгажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ...” гэж зааснаар Б.Оюунтуяа нь өөрийн эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзээд Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд мөн хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ тусгах зүйлийг хуульчилсны дагуу буюу мөн зүйлийн 62.1.3 дахь заалтад “хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хуулийн этгээд бол оноосон нэр, хаяг, оршин байгаа газар” гэж зааснаар нэхэмжлэгч нь хариуцагч болон түүний оршин суугаа хаягийг өөрөө тодорхойлдог.

Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч Г.Г, Д.М нарын оршин суух хаягийг ... гэж нэхэмжлэлдээ тодорхойлж, уг хаягаар шүүхээс удаа дараа мэдэгдэх хуудсыг хүргүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт “Зохигч, түүнчлэн шүүх хуралдаанд ирвэл зохих бусад оролцогчдод шүүх хуралдаан хэзээ, хаана болохыг шүүхийн мэдэгдэх хуудсаар тэдгээрийн оршин суугаа буюу ажлын газрын хаягаар мэдэгдэнэ...”, 77.2 дахь хэсэгт “Шүүхийн мэдэгдэх хуудсыг зохигч талын оршин суугаа буюу ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар биечлэн хүргүүлнэ. Шаардлагатай тохиолдолд шүүхийн мэдэгдэх хуудсыг утас, факс, цахилгаан буюу олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдэгдэж болно. Ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулсан байна” гэж тус тус заасан.

Шүүгч Х.Дашдэчмаа хуулийн 77 дугаар зүйлийн 77.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлж, мөн зүйлийн 77.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн туслах гар утсаар дамжуулан мэдэгдэх ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

Мөн дээрх хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт “Мэдэгдэх хуудсыг гардуулан өгвөл зохих иргэн оршин суугаа газартаа буюу ажлынхаа газарт байхгүй бол уг хуудсыг түүний хамт амьдардаг насанд хүрсэн иргэн, эсхүл сум, баг, хорооны Засаг дарга, түүний ажлын албанд буюу ажлын газрынх нь захиргаанд хүлээлгэн өгч, гарын үсэг зуруулна” гэж заасан.

Шүүгчийн туслах шүүхийн мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагч нар руу хүргүүлэхэд “Монгол шуудан” ХК-ийн шуудангийн ажилтан ... хүний нөөцөөс асуухад “ийм хүн байхгүй” гэх хариуг өгсөн, мөн ... Засаг дарга “уг хаягт бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолт гаргасан байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу холбогдох ажиллагааг явуулсан гэж үзнэ.

Түүнчлэн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад уг иргэний хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан шүүгч Х.Дашдэчмаагийн туслах Б.Л-ээс гэрчийн мэдүүлэг авахад тэрээр “Хэргийг 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрөө аваагүй. Тамгын газраас зөвлөгөөний тогтоол гарсны дараа хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга нар А.Ц шүүгчийн бүх хэргүүдийг авч шалгаад хуваарилагдсан шүүгч нарт нь 3-4 хоногийн дараа хуваарилж өгсөн.

Хэрэг манай шүүгчид очоод тэрээр хэрэгтэйгээ танилцсаны дараа надад 3-4 хоногийн дараа ирсэн. Нэхэмжлэгч Б.О хэрэг манай шүүгчид ирсний дараахан надтай анх удаа уулзаад “хурлаа зарлаад өгөөч” гэхэд нь би “хариуцагч нарт нэхэмжлэлийн хувь гардуулаагүй болохоор хурал зарлах боломжгүй байна, би  шүүхийн мэдэгдэх хуудсыг хариуцагч нарын хаягийн дагуу дахин явуулъя” гэсэн. Би өдрийг нь тодорхой санахгүй байгаа ч ойролцоогоор 2025 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн орчим шүүхийн мэдэгдэх хуудсыг Монгол шуудангаар нэхэмжлэлд дурдсан хаягийн дагуу хариуцагч нар руу явуулсан. Гэтэл шуудангийн магадалгаа дээр “ийм хүн байхгүй” гэх буцаалт ирсэн. Хаягийг нь би санаад байна албан байгууллагын контор шиг хаяг байсан болохоор ажлын хаяг юм болов уу гэж бодож байсан юм. Хаяг нь ...-ийн хаяг шиг байсан. Шуудангийн магадалгаанд уг сургуулийн хүний нөөц нь билүү, эсхүл менежер нь “ийм хүн байхгүй” гэж бичээд буцаалт ирүүлсэн байсан. Монгол шуудангийн буцаалт ирсний дараа би Б.О-тай 2 дахь удаагаа уулзахдаа энэ тухай хэлж танилцуулсан бөгөөд түүнээс хаягийг нь дахин тодруулахад “эндээ байдаг, буцаагаад байдаг юм байна” гэж байсан. Тэгэхээр нь би “Шуудангийн ажилтан хэн гэдэг хүнд явуулж байгаа талаар мэдэхгүй, тэр хүнийг нь танихгүй шүү дээ. Тиймээс би хариуцагч нар буцаагаад байгаа эсэхийг мэдэхгүй шүү дээ” гэж хариулж байсан. ...Би юутай ч  хариуцагч нарын гар утас руу залгаад үзье гээд нийт 3 удаа залгасан боловч хариуцагч нар утсаа аваагүй. Гэхдээ би зурвас бичээгүй юм байна. Шүүгчийн туслах өөрийн хувийн дугаараас залгаж ажиллагаа хийдэг ба шүүхийн мэдэгдэх хуудсыг явуулахаас гадна нийт 3 удаа тэд нар руу залгасан...” гэх мэдүүлэг өгсөн.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.9 дэх хэсэгт “Мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэргийн оролцогч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд ирээгүй бөгөөд түүнийг зайлшгүй ирүүлэх шаардлагатай бол шүүгчийн захирамжаар албадан ирүүлж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Гэвч хариуцагч нар шүүхийн мэдэгдэх  хуудсыг гардан аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэх нөхцөл байдал бүрдээгүй буюу хариуцагч нар шүүхийн мэдэгдэх хуудсыг гардан аваагүй байх тул шүүгчийн захирамжаар албадан ирүүлэх арга хэмжээ авах боломжгүй байжээ.

Нөгөөтээгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад “хариуцагчийн хаяг тодорхойгүй”, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ...тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасан.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нарыг дуудан ирүүлэх ажиллагааг удаа дараа явуулсан боловч хариуцагч нар нэхэмжлэгчийн тодорхойлж өгсөн хаягт оршин суудаггүй, нэхэмжлэгч өөр хаяг тодруулж өгөөгүйгээр ажиллагааг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон тул шүүгч Х.Дашдэчмаа  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасан иргэний хэрэг үүсгэснээс хойш хариуцагчийн хаяг тодорхойгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзээд хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/... дугаар захирамж гаргажээ.

Нэхэмжлэгч Б.О нь шүүгчийн дээрх захирамжийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр гардан авсан бөгөөд эс зөвшөөрвөл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар 2025 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн дотор гомдол гаргах эрхтэй байсан боловч гомдол гаргаагүй тул уг захирамж хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн... үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт шалгах ажиллагааны явцад тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Х.Дашдэчмаа Сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“Нэг. Нэхэмжлэгч Б.О нь Г.Г, Д.М нарт холбогдуулан хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ... орших хашаа байшингийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, ногдох хэсэг болох 44.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр гаргасан.

Тус шүүхийн шүүгч дээрх нэхэмжлэлийг хүлээн авч 2024 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр, 12 дугаар сарын 03-ны өдөр тус  тус хариуцагч нарыг дуудан ирүүлэхээр “Шүүхэд дуудан ирүүлэх тухай” мэдэгдэх хуудаснууд хүргүүлж, тус шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ЗТ2024/... дүгээр зөвлөгөөний тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 30 хоногоор сунгажээ.

Хоёр. Дээрх хэргийг хүлээн авсан шүүгчийн хувийн чөлөө олгох хүсэлтийг үндэслэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2025 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/... дугаар тогтоолоор 2025 оны 3 дугаар сарын 03-ны өдрөөс 6 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаатай чөлөө олгохоор шийдвэрлэж, түүний хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа 190 хэрэг, 3 нэхэмжлэлийг Иргэн-2014 нэгдсэн системд иргэний хэрэг үүсгэсэн дарааллаар шүүгч нарт хуваарилахдаа адил тэнцүү байх зарчмыг баримтлан сугалаагаар шүүгч нарын нэрсийг байршуулж, сугалаа явуулсан.

Ингээд миний бие чөлөө авсан шүүгчийн “Иргэн-2014” нэгдсэн системийн 20, 50, 80, 110, 140, 170 дугаарт бүртгэгдсэн 6 хэргийг сугалсан ба иргэний хэрэг үүсгэсэн дарааллаар 110 дугаарт Б.О-ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг байсныг 2025 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцахад хариуцагч нарт нэхэмжлэлийн хувийг гардуулаагүй байсан тул туслах Б.Л-д зохих ажиллагааг явуулахыг даалгасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.2, 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хариуцагч нарт гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар нэхэмжлэгчийн тодорхойлсон оршин суудаг гэх ... хаягаар 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдэх хуудас хүргүүлсэн байна.

... Засаг дарга хариуцагч нарыг дээрх хаягт “бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолтыг ирүүлсэн. Мөн нэхэмжлэл дээрх Г.Г-ийн гэх ..., Д.М-ийн гэх ... дугаарт тус тус залгахад утсаа аваагүй болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдсон учраас шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн.

Шүүгч миний бие Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9 дэх заалтад “хариуцагчийн хаяг тодорхойгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт “энэ хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасны дагуу Г.Г, Д.М нарт холбогдох Б.О-ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь холбогдох хууль тогтоомжид заасан журмыг зөрчөөгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 191/ШЗ2025/... дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.О-ийн Г.Г, Д.М нарт холбогдуулсан “хамтын амьдралтай байсныг тогтоолгох, ... хаягт орших хашаа байшингийн хамтран өмчлөгч мөн болохыг тогтоож, ногдох хэсэг болох 44,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Дээрх иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Оюунтуяа нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаад холбогдуулан гомдол гаргаж, үндэслэлээ “хариуцагчаа дуудаж нэхэмжлэл гардуулж чадахгүй 8 сар хэргийг дарагдуулаад, хариуцагч олдоогүй гэдгээр хэрэгсэхгүй болгон хаасан” гэж тодорхойлсон.

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл Б.О-ийн нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Ц хүлээн авч 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 181/ШЗ2024/... дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, 09 дүгээр сарын 18, 12 дугаар сарын 03-ны өдрүүдэд хариуцагч Г.Г, Д.М нарыг шүүхэд дуудан ирүүлэх мэдэгдэх хуудас хүргүүлсэн,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ЗТ2024/... дүгээр тогтоолоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 30 хоногоор сунгаж, 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/... дугаар тогтоолоор шүүгч А.Ц-т 3 сарын чөлөө олгосон тул хэргийг шүүгч Х.Дашдэчмаад шилжүүлсэн,

 Шүүгч Х.Дашдэчмаа нь хэргийг хүлээн аваад 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч нарт шүүхийн мэдэгдэх хуудас хүргүүлэхэд 03 дугаар сарын 21-ний өдөр “... асуугаад ийм хүн олдоогүй” гэсэн тэмдэглэгээтэй, ... хариуцагч нарыг дээрх хаягт “бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй” гэх тодорхойлолт гаргасан магадалгаа буцаж ирсэн, шүүгчийн туслах 04 дүгээр сарын 03, 14, 25-ны өдрүүдэд хариуцагч нартай холбогдоход утсаа аваагүй  үйл баримт тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д нэхэмжлэлд зайлшгүй тусгагдах зүйлийг дэлгэрэнгүй заасны нэг нь зохигчийн хаяг байдаг.

Ийнхүү зохигч талуудын оршин суугаа хаяг тодорхой байх нь тухайн хэргийн харьяалал, шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэрэгт чухал ач холбогдолтой бөгөөд хариуцагчийн хаяг тодорхой бус байх нь цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжийг хязгаарлах тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болно.

Хэдийгээр шүүх нэхэмжлэлд дурдсан хаягаар хариуцагчийг дуудан ирүүлэх ажиллагааг нэн даруй хийж, хаяг тодорхой бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, иргэний хэрэг үүсгэсний дараа дээрх нөхцөл байдал илэрвэл хэргийг хэрэгсэхгүй болгох зохицуулалттай, уг ажиллагааг хийлгүй хугацаа алдсан нь өмнө нь тухайн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгчийн хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой.

Харин шүүгч Х.Дашдэчмаагийн тухайд хэргийг 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 191/ЗТ2025/... дугаар Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шилжүүлж авсан, хэргийг хүлээн авангуутаа хариуцагч нарт нэхэмжлэл гардуулахаар дуудан ирүүлэх ажиллагааг хийсэн боловч хариуцагч нар нэхэмжлэлд заасан хаягт оршин суудаггүй, нэхэмжлэлд заасан утсаар холбогдоход утсаа аваагүй энэ тохиолдолд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”: 65.1.9 “хариуцагчийн хаяг тодорхойгүй”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.9-д заасан үндэслэл иргэний хэрэг үүсгэснээс хойш, ... тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тухай шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана” гэж заасныг зөрчөөгүй байна.

 Энэ талаар илтгэгч гишүүн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтад “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн... үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэх шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж дүгнээд сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч шийдвэрлэлээ.

          Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн ГС/2025/0071 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Х.Дашдэчмаад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчид хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                   ДАРГАЛАГЧ                                    О.НОМУУЛИН

                        ГИШҮҮН                                          Ц.ДАВХАРБАЯР

                                                                                    Х.ХАШБААТАР