
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-25
Дугаар 93
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Х.Хашбаатар, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзулд холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгч Б.Мөнхзул нь “Э” ХХК-иас гаргасан дараах нэхэмжлэлүүдийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Үүнд:
1.“Э” ХХК 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан 2013 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн А/26 дугаар захирамжийн “Э” ХХК-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлд 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 0*** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.
Шүүгч Б.Мөнхзул тайлбартаа: “...“Э” ХХК-ийг 2021 оны 5 дугаар сард тус шүүхийн бүх шүүгчдийг татгалзах үед би жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан, ...” гэсэн ба энэхүү хэргийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 0*** дугаар /https:shuukh.mn/ шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд 0*** дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд шийдвэр нь хүчин төгөлдөр байна.
2. “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 0*** дугаар захирамжаар “...нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодорхойлж ирүүлээгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг даалгах” гэж тодорхойлсон байх боловч нэхэмжлэлийн шаардлагад хамаарах MV-020413, MV-020420, MV-020421, MV-020423, MV-020424 дугаартай тусгай зөвшөөрлүүдийн талбайд давхцуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Говьсүмбэр аймгийн Шивээговь, Сүмбэр сумдын Засаг даргын шийдвэрээр нийт 1913 нэгж талбар бүхий газрыг иргэн аж ахуйн нэгж байгууллагуудад тус тус олгосон нөхцөл байдал үүссэн гэжээ. Гэвч дээрх тусгай зөвшөөрлүүдийн аль талбайд ямар хэмжээгээр иргэн, аж ахуй нэгжийн ямар хэмжээтэй газар нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайтай давхцаж буй талаар нэхэмжлэлд тодорхойлон тусгаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх боломжгүй” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор тогтоожээ.
Нэхэмжлэгчээс 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд дахин нэхэмжлэлээ ирүүлснийг шүүгч хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 0107 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Ингэхдээ “...Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Б Засаг даргын хувьд давхардуулан олгосон шийдвэрээ цэгцлэхгүй, хүчингүй болгохгүй, олон иргэн, хуулийн этгээдийн эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд гаргасан. Иймд Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг хариуцагчид даалгах...” гэж дурдсан байна. Хуульд зааснаар аймгийн Засаг даргын эс үйлдэхүй нь нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл мэдсэн үеэс хойш 30 хоногийн дотор дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй боловч нэхэмжлэл болон шүүхэд хавсаргаж ирүүлсэн баримтад энэ талаарх нотлох баримт байхгүй байна. ... “Э” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гомдол гаргаж, гомдлын дагуу Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн ерөнхий газар нь төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг Монгол Улсын Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 1/1258 дугаартай албан бичгээр, мөн тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Б-д 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” албан бичгийг тус тус хүргүүлсэн байх ба “Э” ХХК-д гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаарх хариуг тухайн хугацаанд хүргүүлсэн байх боломжтой бөгөөд шүүхэд 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэлээ ирүүлсэн. ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54.1.8-т “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж үзсэн байна.
Дээрх захирамжид гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд 0*** дугаартай тогтоолоор шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэхдээ “...нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8-т заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь учир дутагдалтай ...дээрх албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх боломжгүй. Нөгөөтээгүүр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо “...нэхэмжлэлийн шаардлагын хувьд хөөн хэлэлцэх хугацаа тоолох боломжгүй” гэж дурдсанаас үзэхэд, “Э” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын төрлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн тодорхойлуулж, хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг дарга эс үйлдэхүйг хэзээнээс тооцож буй үндэслэлийг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх нь зүйтэй” гэх үндэслэл дурджээ.
Шүүгч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 0*** дугаар захирамжаар “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгч хариуцагч Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хэзээнээс тооцож байгаа үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэл гаргагч Б.Д нь “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдгээ нотолсон лавлагааг шүүхэд ирүүлэх шаардлагатай...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 7 хоногоор тогтоосон.
Нэхэмжлэгч 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгч хүлээн аваад, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0*** дугаартай захирамжаар “...Тухайн албан бичиг нь нэхэмжлэгчийн эрх ашигтай холбоотой хэдий ч тус албан бичиг нь байгууллага хооронд харилцсан албан бичиг учраас гадагш чиглэсэн буюу захирамжилсан шинжийг агуулаагүй... мөн ...нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхацсан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлтэй захиргааны хэрэг анхан шатны шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй... болохыг дурдаж” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд 0*** дугаар тогтоолоор захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихдоо “...Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын албан бичгийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” нэхэмжлэл нь “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх үндэслэлээр шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан. Тодруулбал, хуулийн 54.1.1-т “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бөгөөд энэ талаар захирамжид тодорхой дурджээ.
3. “Э” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдох “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 0*** дугаартай шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацааг 14 хоногоор тогтоосон, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг дахин хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 0*** дугаартай шүүгчийн захирамжаар “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд 0*** дугаартай тогтоолоор “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй...” гэж дүгнэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.
4. “Э” ХХК нь 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр дахин Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 0*** дугаартай захирамжаар “...нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан асуудлын талаар маргааны үйл баримтыг хангалттай дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол байгаа...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 0*** дугаартай тогтоолоор “...нэхэмжлэгч дахин шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ тус шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 4 дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захиргааны байгууллагад хандаагүй гэх зөрчлийг арилган Шивээговь сумын Засаг даргад хандсан 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11/29 дугаар албан бичиг, Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичгийг тус тус хавсарган ирүүлжээ. Тодруулбал, нэхэмжлэл гаргагч “Э” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан талаарх баримтыг хавсарган дахин нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан маргааны үйл баримтыг хангалттай дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй” гэж үзэж, шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0*** дугаар захирамжаар “...маргаан бүхий акт хэзээ гарсан талаар хэзээ, хэрхэн мэдэж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэхээр хэзээ хандсан талаар холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацааг 10 хоногоор тогтоосон.
2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 0*** дугаар захирамжаар “... “Э” ХХК нь Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай “газар эзэмшүүлэх газрыг шилжүүлэх тухай” захирамжийг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдсэн гэж нэхэмжлэлдээ дурдсан ба тухайн актыг мэдсэнээс хойш хүчингүй болгуулахаар 82 хоногийн дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр аймгийн Засаг даргад хандсан ... “Э” ХХК-ийн хувьд урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчиж аймгийн Засаг даргад хандсан гэж үзэхээр байна” гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Захирамжийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгосон, уг тогтоол албажиж гараагүй байгаа талаар тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн албан тоотод дурджээ.
Холбогдох шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-т заасан хориглосон үйлдэл гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг заавал тусгах ба тодруулбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгах талаар хуулийн 52.5.1-т заасан.
Хэрэв нэхэмжлэл хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан шаардлагыг хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгох талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т заасан.
“Э” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Засаг дарга, мөн аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан дээрх нэхэмжлэлийг холбогдох шүүгч хүлээн авч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл шүүгч хуульд заасан ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.6.-т “Энэ хуулийн 122.1-д заасны дагуу гаргасан гомдлыг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор давж заалдах шатны шүүх гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэж, дараах тогтоол гаргана”, 122.6.1-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих”, 122.6.2-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг өөрчлөх”, 122.6.3-т “шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг хүчингүй болгох” гэж заасан.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжид гарсан гомдлыг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд дээр дурдсан зарим захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөхөөр хуульд заасан бөгөөд холбогдох шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зарим захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгосныг сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Иймд өргөдөлд дурдсан “...“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Шивээговь сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргасан бүхий л нэхэмжлэлийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзах, буцаах, удаашруулсан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх захирамжийг хууль бус хэмээн дүгнэж тогтоол гарган шийдвэрлэсээр байхад удаа дараа хүлээн авахаас татгалзсан нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан...” гэх гомдол Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50.1.23-т хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан гэх нөхцөл байдалд хамаарахгүй тул Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзулд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул тайлбартаа: “ ... “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг дарга, Шивээговь сумын Засаг дарга нарт холбогдуулан гаргаж буй бүхий л нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхийн шүүгч Б.Мөнхзул хууль зүйн үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзах, буцаах, удаашруулах үйлдлүүдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийнх нь захирамжийг хууль бус хэмээн дүгнэж тогтоол гарган шийдвэрлэсээр байхад удаа дараа хүлээн авахаас татгалзаж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, хэт нэг талын эрх ашгийг хамгаалан буй, эргэлзээтэй нөхцөл байдлууд нь Шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байна хэмээн үзэж байна” гэжээ.
“Э” ХХК нь Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд би 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 113/Ш32020/0001 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, тус хэргийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 117/ШШ2024/0*** дугаартай шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн.
Харин нэхэмжлэгч “Э” ХХК нь Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113/Ш32024/0*** дугаартай “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах, хугацаа тогтоох тухай” шүүгчийн захирамж гарч, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 113/Ш32024/0*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгч талаас уг захирамжид гомдол гаргаж Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2024/0*** дугаартай тогтоолоор дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоолтой холбоотойгоор хуульд заасан ажиллагааг хийж “Э” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 113/Ш32024/0*** дугаартай шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нэхэмжлэлийг дахин хүлээн аваад 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113/Ш32024/0*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх уг захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн уг захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэснээр захирамж хүчин төгөлдөр болсон. Ингээд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүгчийн зүгээс хуульд заасан холбогдох ажиллагааг хийж 4 удаа захирамж гаргасан байна.
Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авсан бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 113/Ш32025/0*** дугаар шүүгчийн захирамжаар бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нэхэмжлэлийг дахин хүлээн авч 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 113/Ш32025/0*** дугаартай шүүгчийн захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг “Э” ХХК нь гомдол гаргаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2025/0*** дугаартай шүүхийн тогтоолоор 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 113/Ш32025/0*** дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэн хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх тогтоол гарсны дараа “Э” ХХК нь яг ижилхэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 113/Ш32025/0*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 221/ШТ2025/0*** дугаартай тогтоолоор уг захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоол гарсантай холбоотойгоор 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 113/Ш32025/0*** дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоон, 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр нэхэмжлэлийг дахин хүлээн аваад 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 113/Ш32025/0*** дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгч “Э” ХХК нь уг захирамжид давж заалдах гомдол гаргасан бөгөөд гомдлыг хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд явж байна.
Ингээд “Э” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлд шүүгчээс 5 захирамж гаргасан бөгөөд нэхэмжлэлийг хүлээн авах шатанд хуульд заасан зохих ажиллагааг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн.
“Э” ХХК 2024 оны 9 дүгээр сараас хойш 10 гаруй захирамж гаргаж татгалзаж, буцаасан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд тус хугацаанд нэхэмжлэгч талаас хоёр өөр нэхэмжлэлийн шаардлагыг хоёр хариуцагчид холбогдуулан гаргасан бөгөөд эхний нэхэмжлэлд 4, 2 дахь нэхэмжлэлд 5 захирамж гарсан байх бөгөөд хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байгаа ба “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх өөрийнх нь захирамжийг хууль бус хэмээн дүгнэж тогтоол гаргаж шийдвэрлэсээр байхад...” гэдэг нь үндэслэлгүй гэж үзэж байна.
“Э” ХХК нь 2020 оны Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдох хэрэгт манай компанийн зүгээс 2021 оны 5 дугаар сард “шүүгчийг татгалзах хүсэлт”-ийг гаргаж байсан” талаар дурджээ.
Бүх шүүгчдийг татгалзан гаргах хүсэлтийн тухайд Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнөөр хэлэлцээд “Э” ХХК-ийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн бүх шүүгчдийг татгалзан гаргах тухай хүсэлтийг хангаагүй ба тухайн үед Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Ганзоригийн өөрийнх нь татгалзан гарах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
Миний бие тус хугацаанд буюу “Э” ХХК-ийг 2021 оны 5 дугаар сард бүх шүүгчдийг татгалзах үед жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан учраас энэ татгалзлын тухайд надтай холбож дурдаж байгаа нь үндэслэлгүй юм.
Миний хувьд шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг дагаж хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж хувийн амьдрал маань мэргэжлийн ажил үүрэгтэй зөрчилдөх нөхцөл байдал үүсэж бий болсон зүйл байхгүй бөгөөд өөрт ногдсон ажил үүргийг нэр төртэйгөөр хуулийн дагуу гүйцэтгэн ажиллаж байна.
Тус компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хүлээн авах эсэхийг шалгаж байх хугацаандаа хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой нотлох баримт цуглуулах болон бусад ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, иймээс нэхэмжлэгчээс “...тодорхойгүй, тэгш бус байдлыг үүсгэж “Э” ХХК-тай холбоотой нэхэмжлэл, гомдол бүрийг шүүхээс буцаах, татгалзах, удаашруулж...” гэх агуулга бүхий гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдэг гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э” ХХК-ийн захирал Б.Д-ийн Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзулд холбогдуулан гаргасан өргөдлөөр Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 5 дугар сарын 21-ний өдрийн ГЗҮ/2025/0065 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэл бүхий болжээ.
Өргөдөлд гаргагчаас “...шүүгч Б.Мөнхзул хууль зүйн үндэслэлгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, буцаах, удаашруулах үйлдлүүдийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс өөрийнх нь захирамжийг хууль бус хэмээн дүгнэж тогтоол гарган шийдвэрлэсээр байхад удаа дараа хүлээн авахаас татгалзаж компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчин, хэт нэг талын эрх ашгийг хамгаалан буй эргэлзээтэй нөхцөл байдлууд нь Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчиж байна.” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.
1. Хэрэгт цугларсан баримтуудаас үзвэл, “Э” ХХК-аас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжаар “Э”-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзул 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 113/ШЗ2020/0*** дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгч Б.Мөнхзул Хөдөлмөрийн тухай хуульд заасан эрхээ эдэлж, хүүхэд асрах чөлөө авсантай холбогдуулан хэргийг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлж, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 12-ны дөрийн 117/ШШ2024/0*** дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2025/0*** дүгээр магадлалаар уг шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх “Э” ХХК-иас Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 113/ШЗ2024/0*** дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг бүрэн тодорхойлж ирүүлээгүй, нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий аль талбайтай иргэн, аж ахуй нэгжийн ямар хэмжээтэй газар нь хэрхэн давхцаж буй талаар нэхэмжлэлд тодорхой тусгаагүйн улмаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 113/ШЗ2024/0*** дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3, 54.1.8 дахь хэсгийг баримтлан нэхэмжлэгчийг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой мөн хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүх 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 221/ШТ2024/0*** дугаар тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх ба үндэслэлээ анхан шатны шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу захиргааны хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ тус хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д заасан үндэслэлүүдийг эхнээс нь шалгах ёстой байтал нэхэмжлэлд хүчингүй болгуулахаар тодорхойлсон албан бичиг нь нэхэмжлэгчийн хувьд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг хангах эсэх буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т заасан нийтийн эрх зүйн маргаан мөн эсэхийг, тус хуулийн 54.1.1-д заасан үндэслэл тогтоогдох эсэхийг шалгалгүйгээр шууд 54.1.3, 54.1.8-д заасан үндэслэлийг хамтад нь хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь буруу, дээрх захиргааны албан тушаалтны үйл ажиллагаа (эс үйлдэхүй)-тай холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн алинд нь хамаарч байгаа нь тодорхойгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэхийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
Улмаар Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 113/ШЗ2024/0*** дүгээр захирамжаар Говьсүмбэр аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хэзээнээс тооцож байгаа үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэл гаргагч Б.Д нь “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэдгээ нотолсон лавлагааг шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр дахин нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 113/ШЗ2024/0*** дугаар захирамжаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай албан бичиг нь байгууллага хооронд харилцсан албан бичиг учраас гадагш чиглэсэн буюу захирамжилсан шинжийг агуулаагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 221/ШТ2025/0*** дугаар тогтоолоор шүүгчийн захирамжийг хуульд нийцсэн үндэслэл бүхий болсон гэж үзэн хэвээр үлдээжээ.
3. Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэл гаргаж, тус нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 113/ШЗ2025/0*** дугаар захирамжаар хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх талаар баримтаа шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоож, мөн оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 113/ШЗ2025/0*** дүгээр захирамжаар маргаан бүхий А/127 дугаар захирамжийг хуульд заасны дагуу тухайн байгууллагын дээд шатны байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах замаар шийдвэрлүүлэх эрхийг хуулиар олгосон байгааг дурдаж урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 221/ШТ2025/0*** дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхисон байна.
4. Нэхэмжлэгч “Э” ХХК-аас Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дахин гаргасан бөгөөд шүүгчийн 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 113/ШЗ2025/0*** дугаартай захирамжаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд дурдсан асуудлын талаар маргааны үйл баримтыг хангалттай дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол байгаа гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ.
Шүүгчийн дээрх захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд 221/ШТ2025/0*** дугаартай тогтоолоор нэхэмжлэл гаргагч “Э” ХХК нь урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хандсан талаарх баримтыг хавсарган дахин нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дурдсан маргааны үйл баримтыг хангалттай дүгнэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүгчийн захирамж, тогтоол байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 113/ШЗ2025/0*** дугаар захирамжаар маргаан бүхий акт хэзээ гарсан талаар хэзээ, хэрхэн мэдэж, урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааг хийлгэхээр хэзээ, хэнд хандсан талаар холбогдох баримтыг хавсарган ирүүлээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 113/ШЗ2025/0*** дугаар захирамжаар захиргааны актыг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргах бөгөөд гомдлыг шийдвэрлэх байгууллага нь хуульд өөрөөр заагаагүй бол 30 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгөх өгөхөөр байтал "Э" ХХК-ийн хувьд урьдчилсан шийдвэрлүүлэх ажиллагааны журам зөрчиж аймгийн Засаг даргад хандсан гэж үзэж нэхэмжлэлийг дахин хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Дээрх захирамжийг нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хянан хэлэлцээд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тогтоол албажиж гараагүй байгаа талаар тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 151 дүгээр албан бичигт дурдсан байна.
Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч “Э” ХХК-ийн төлөөлөгчөөс Говьсүмбэр аймгийн Засаг даргад холбогдуулан “Говьсүмбэр аймгийн Засаг даргын 2013 оны А/26 дугаар захирамжаар “Э”-ийн MV-020423 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцаж буй хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 1 удаа, “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/1246 дугаартай “Арга хэмжээ авах тухай” шийдвэрийг биелүүлэхийг Говьсүмбэр аймгийн Засаг даргад даалгах” тухай нэхэмжлэлийг 1 удаа, Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан “Шивээговь сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/127 тоот захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг 2 удаа буюу нийт 4 удаа нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 54.1.2-д “тухайн захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 54.1.3-д “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой”, 54.1.4-д “нэхэмжлэгч нь эрх зүйн бүрэн чадамжгүй бөгөөд түүнийг төлөөлсөн этгээд байхгүй”, 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан”, 54.1.6-д “нэхэмжлэлд заасан үйл баримт, захиргааны үйл ажиллагааны талаар, эсхүл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол байгаа”, 54.1.7-д “нэхэмжлэгч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан боловч эрх, үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэж, нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох талаар тус хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-д “Нэхэмжлэл нь энэ хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан бүрдүүлбэр хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгоно.” гэж тус тус зохицуулжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.4-т зааснаар нэхэмжлэлд нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг заавал тусгах ба тодруулбал, захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөнийг тодорхой тусгах талаар хуулийн 52.5.1-т заасан. Хэрэв нэхэмжлэл хуулийн 52.2, 52.3, 52.5-д заасан шаардлагыг хангаагүй бол хүлээн авсан шүүгч 7-14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэгчид уг шаардлагыг хангах боломж олгох талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.3-т зохицуулсан байна.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэ хуулийн 14.6, 54.2, 61.1, 65.1 109.2, 111.3 114.6, 119.6, 123.7 дахь хэсэгт заасан болон гуравдагч этгээдийг оролцуулахаас татгалзсан тухай шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд бичгээр гарсан өдрөөс нь хойш долоо хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасны дагуу дээд шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй юм. Нэхэмжлэгч дээрх хуульд заасан эрхээ эдэлж давж заалдах шатны шүүхэд 5 удаа гомдол гаргаж байсан нь хэрэгт авагдсан давж заалдах шатны шүүхийн тогтоолуудаар тогтоогджээ.
Хэрэг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүх алдаа гаргасан бол давж заалдах шатны шүүх залруулж, зөвтгөхөөр хуульд заасан бөгөөд холбогдох шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан зарим захирамжийг давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэснийг сахилгын зөрчил гэж үзэх үндэслэлгүй.
Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүгчээс нэхэмжлэл түүнд хавсаргаж ирүүлсэн баримтуудыг үнэлж, захирамж гаргасан нь сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй. Учир нь шүүгч өөрт хуваарилагдсан нэхэмжлэлийг хүлээн авч, нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг үүсгэх, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах эсэх асуудлыг хэнээс ч хараат бусаар хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэнэ.
Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглоон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулдаг ба шүүгчийн гаргасан захирамж, түүний үндэслэлийг хянаж, дүгнэлт хийх эрхгүй болно.
Иймээс “Э” ХХК-ийн Говьсүмбэр аймгийн Засаг дарга, мөн аймгийн Шивээговь сумын Засаг даргад холбогдуулан дээрх нэхэмжлэлийг холбогдох шүүгч хүлээн авч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож, улмаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсаныг хууль зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд шүүгч хуульд заасан ажиллагаа явуулж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь сахилгын зөрчилд хамаарахгүй гэх илтгэгч гишүүний санал үндэслэлтэй.
Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзул Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2025/0082 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Мөнхзулд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ С.ЭНХТӨР
ГИШҮҮН Х.ХАШБААТАР
Д.ЭРДЭНЭЧУЛУУН