info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-17

Дугаар 81

Улаанбаатар хот

             Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.  

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг  хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний 2025 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0064 дүгээр саналд:

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ.

Тус өргөдөлд шүүгч А.Энхбаатар нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэсэн байх бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүчин төгөлдөр болохоос өмнө шүүгчийн ёс зүйн талаарх харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомжийг Шүүхийн сахилгын хороо хэрэглэхгүй тул ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгч холбогдох хуульд заасан сахилгын зөрчилд хамаарах буюу тодруулбал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх” гэх зөрчлийг гаргасан байж болзошгүй гэж үзэн мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайн өргөдөлд дурдагдаж буй 4 хавтас бүхий эрүүгийн 2339003390*** дугаартай хэрэгт үзлэг хийхэд өргөдөл гаргагч С.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27 дугаар зүйлд заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэгт холбогдон, мөн зүйлийн 2.3.хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх зүйл анги бүхий гэмт хэрэгт яллагдагчаар татагджээ.

Тодруулбал, Хэнтий аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал ирүүлснийг тус аймгийн прокурорын газар хүлээн авч, хянаад 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор С.Г-ийг яллагдагчаар татсан байна.

Улмаар Хэнтий аймгийн прокурорын газрын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 154А тоот “Яллагдагч С.Г-т холбогдох эрүүгийн 2339003390*** дугаартай хэргийн талаар” дүгнэлтээр тус эрүүгийн хэргийг харьяаллын дагуу Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Тус яллах дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Яллах дүгнэлт гардуулсны дараа хэргийн талаар гаргасан хүсэлт, гомдлыг шүүхэд шилжүүлнэ” гэж заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр шүүхэд шилжүүлснийг, мөн өдрийн 2025/ЕШЗ/** дугаар “Даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч Э.Одхүү /агсан/-д, 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаар “Даргалагч өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч А.Энхбаатарт хуваарилагдсан байна.

 Улмаар яллагдагчийн өмгөөлөгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт гаргасан байх тул хуралдааныг товлон, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр явуулжээ.

Тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгийг тус шүүхийн тамгын газраас гаргуулан авч үзлэг хийн, тэмдэглэл үйлдэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх хуралдааны тэмдэглэл болон ch04_2025041533831.mp4 нэршилтэй дуу, дүрсний бичлэгээс үзэхэд шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалан явуулж, хуралдаанд яллагдагч С.Г, түүний өмгөөлөгч н.Д, прокурор н.Ч нар биечлэн, хохирогчийн өмгөөлөгч н.Ариунтуул цахимаар оролцсон байна.

Хуульд тодорхой заасан журмыг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хууль, олон улсын гэрээнд заасан үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан, зөрчсөн, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн, шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг сахилгын зөрчилд тооцох үндэслэлтэй.

Бичлэгийн 0:01:07 Даргалагч: Хүсэлт гаргасан яллагдагчийн өмгөөлөгч хүсэлтээ танилцуулна, прокурор тайлбар, хохирогчийн өмгөөлөгч тайлбар, нэмэлт нэг нэг удаа тайлбар ингэснээр шүүх зөвлөлдөж шийдвэр гаргана гэсэн дарааллаар хэлэлцүүлгийг явуулъя. Талууд зөвшөөрч байна уу гэхэд

Талууд: Зөвшөөрч байна

Даргалагч: Яллагдагч зөвшөөрч байна уу

0:01:36 Яллагдагч: Дарааллыг зөвшөөрч байна. Би юм ярина биз дээ

0:01:38 Даргалагч: Болно, тийм гэж хариулсан байна.

Мөн бичлэгийн 0:43:35 хормоос 0:44:36, 0:45:00 хормоос 0:46:20, 0:46:24 хормоос 0:47:48 дахь хоромд яллагдагч тайлбар гаргаж  байгаа нь тусгагдаж, үзлэг хийсэн тэмдэглэлээр батлагдаж нотлогдож байна.

Дээрхээс үзэхэд яллагдагч хуулиар олгогдсон эрхээ эдэлж, шүүхээс тогтоосон дарааллын дагуу тайлбар, хүсэлтээ гаргасан байна.

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн талаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх, хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх шийдвэрийн аль нэгийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар хэлэлцэн гаргах бөгөөд эл хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.

Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг удирдан явуулахдаа хуульд заасан шүүх хуралдааны дэг, дарааллын дагуу явуулж, тухайн хэлэлцүүлэгт холбогдолтой асуудлыг хянан шийдвэрлэхэд чиглүүлж хэргийн оролцогч хуульд заасан хүрээнд тайлбар, хүсэлт гаргах эрхтэй талаар тайлбарласан гэж үзнэ.

Түүнчлэн, даргалагчид шүүх хуралдааны дэгийг сахиулах бүрэн эрхийг хуулиар олгосон бөгөөд дэг сахиулах үүргийн хүрээнд алх хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Холбогдох хууль, тогтоомжид зааснаар шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийг бүх талаас нь шинжлэн судалж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахаар талуудаас асуулт асуух эрхтэй тул энэхүү үйл баримтыг сахилгын зөрчилд хамаатуулан шалгах хууль зүйн үндэслэлгүй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогчийг доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах зэргийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.

Тухайн сахилгын хэрэгт авагдсан бичлэгийн 0:23:13 Яллагдагч /өргөдөл гаргагч/ Гараа өргөж байна.

Даргалагч: Та зүгээр сууж бай. За юу. Миний зөвшөөрлөөр ярина. Байс гээд л шоволзоод гараа өргөөд байх юм.” гэжээ.

Холбогдох шүүгч тайлбартаа “... “Шоволзох” гэдэг үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д цухуйх, толгой нь шоволзох хүн, амьтны толгой юмны араас байн байн цухуйх, хөдлөх гэх агуулгаар тайлбарласныг дурдаж байна. Иймд гомдол гаргагчийн харилцааны соёлгүй, бүдүүлэг үг хэрэглэсэн, хүнлэг бус хандсан гэх гомдлын агуулга нь үндэслэлгүй бөгөөд “шоволзох” гэдэг үг нь үйл хөдлөлийг заасан үйл үг бөгөөд бүдүүлэг, доромж үг хэллэг огтоос биш юм” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгчийн хэрэглэсэн дээрх үгийг зүй бус үг хэллэг гэж шууд дүгнэх боломжгүй бөгөөд хэргийн оролцогчтой ялгамжтай, зүй бус харьцаж, талуудыг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх үйл баримт үүсээгүй байх тул сахилгын зөрчил гэж дүгнэхгүй.

Хэдийгээр тухайн үйлдэл нь сахилгын зөрчилд хамаарахгүй боловч холбогдох шүүгч шүүх хуралдааныг даргалан явуулахдаа үгийн сонголтдоо анхаарч, хэргийн оролцогчдод аливаа байдлаар буруу ойлгогдохоос зайлсхийвэл зохино.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.  

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч  А.Энхбаатар тайлбартаа:  “ ... С.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт түүний өмгөөлөгч Х.Д-ийн гомдлын дагуу 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан.

“Шүүгч шүүх танхимд дөрвөн хүн байхад гурвыг нь ярих дарааллыг тогтоож, дарааллын талаар санал асуухдаа намайг ялгаварласан” гэх агуулгын тухайд:

Шүүх хуралдаан даргалагчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн дараалал тогтоохдоо талуудын саналыг асуусан бөгөөд гомдол гаргагч С.Г: “Дарааллыг зөвшөөрч байна. Би юм ярина биз дээ” гэж асуухад миний бие “болно тийм” гэж хэлсэн. Хэлэлцүүлгийн дарааллын дагуу хамгийн эхэнд гомдол гаргагч С.Г-ийн өмгөөлөгч Х.Д гомдлын үндэслэлээ тайлбарлах явцад С.Г суудлаас байн байн өндөлзөж, гараа өргөөд байхаар нь "... таныг сүүлд үг хэлүүлнэ, хамгийн сүүлд үг хэлүүлнэ ойлгосон уу?” гэж тодорхой хэлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гомдол гаргагч С.Г шүүх зөвлөлдөж шийдвэр гаргахаас өмнө ярьсан нь хэлэлцүүлгийн тэмдэглэл болон видео бичлэгээс тодорхой харагдана.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хамгийн сүүлд надад хандан өмгөөлөгч нар прокурорын ярьсантай холбогдуулан ярих зүйлээ ярь гэсэн учраас хэргийн талаар, хэргийг буруу шалгасан, миний эрхийг ноцтой зөрчсөн талаар ярих гэсэн боловч яриаг маань тасалж хэргийг буцаалгаж, дахин шалгуулах үндэслэл, гомдлоо гаргах боломжоор хангаагүй гэх агуулгын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан.

Даргалагчийн зүгээс С.Г-т дээрх зүйлсийг хэлсэн агуулга нь өөрийн өмгөөлөгчийн гомдлын агуулга, хэлэлцүүлэгт өрнөсөн асуудлын хүрээнд ярих, гэм буруу, нотлох баримтын агуулгын талаар ярихгүй гэж түүнийг үг хэлэхээс өмнө чиглүүлэх байдлаар хэлсэн болно.

Гомдол гаргагч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн гэм буруугийн талаар болон нотлох баримтын агуулгын талаар буюу гэм буруугийн шүүх хуралдаанд яригдах асуудлыг ярьдаг.

Энэ талаар 2 ч удаа сануулж хэлэхэд үргэлжлүүлэн ярьсаар байсан тул арга буюу “Та гэм буруугийн асуудал яриад байна. Үнэхээр энэ хэрэгт гэм буруугүй ийм асуудал байгаа бол гэм буруугийн хуралдаанд ярих боломжтой.” гэж яриаг зогсоож шүүх зөвлөлдөж, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн болно.

Шүүгч н.Энхбаатар нь намайг “шоволзоод байн байн гараа өргөөд яах гээд байгаа юм” гэж өөрийнхөө хүүхэд шиг загнасан” харилцааны соёлгүй, бүдүүлэг үг хэрэглэсэн, хүнлэг бус хандсан гэсэн гомдлын агуулгын тухайд:

Шүүх хуралдааны бичлэгээс гомдол гаргагчийн “шоволзоод байн байн гараа өргөөд яах гээд байгаа юм” гэж бичсэн хэсгийг бичлэгтэй харьцуулан үзэхэд миний бие “Та зүгээр сууж бай миний зөвшөөрлөөр ярина, байс гээд шоволзоод гараа өргөөд байх юм. ... С.Г таныг сүүлд үг хэлүүлнэ, хамгийн сүүлд үг хэлүүлнэ ойлгосон уу?” гэжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн явцад С.Г-ийн өмгөөлөгч Х.Д гомдлын үндэслэлээ ярьж байх үед С.Г өмгөөлөгч Х.Д-ийн цаад талд сууж байсан/ суудлаасаа байн байн өндөлзөж, гараа өргөсөн үйл хөдлөлтэй нь холбогдуулан шүүх хуралдаан даргалагчийн шүүх хуралдааны дэг сахиулах явцдаа “байс гээд шоволзоод гараа өргөөд байх юм” гэж хэлсэн.

Энэ үгийг миний бие бүдүүлэг хандах, доромжлох өнгө аяс утгаар хэлээгүй. Энэ нь шүүх хуралдааны бичлэгээс бодитой харагдана.

Мөн “Шоволзох” гэдэг үгийг “Монгол хэлний тайлбар толь”-д цухуйх, толгой нь шоволзох хүн, амьтны толгой юмны араас байн байн цухуйх, хөдлөх гэх агуулгаар тайлбарласныг дурдаж байна.

Иймд гомдол гаргагчийн харилцааны соёлгүй, бүдүүлэг үг хэрэглэсэн, хүнлэг бус хандсан гэх гомдлын агуулга нь үндэслэлгүй бөгөөд “шоволзох” гэдэг үг нь үйл хөдлөлийг заасан үйл үг бөгөөд бүдүүлэг, доромж үг хэллэг огтоос биш юм.

Алхаа үргэлжлүүлэн балбаж, бүр сүүлдээ уурласны улмаас өөрийн ярих зүйлээ хангалттай ярьж чадаагүй дуусгасан гэсэн гомдлын агуулгын тухайд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 11 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасан.

Хэлэлцүүлгийг дарааллаар явуулж зөвлөлдөж шийдвэр гаргахаас өмнө С.Г-ийн үгийг сонсоход өөрийн гэм буруугийн талаар, нотлох баримтуудын агуулгын талаарх асуудлыг ярьдаг. Энэ талаар шүүх хуралдаан даргалагчийн хувиар түүнийг үг хэлэх явцад 2 ч удаа сануулж хэлэхэд үргэлжлүүлэн ярьсаар байсан тул арга буюу “Та гэм буруугийн асуудал яриад байна. Үнэхээр энэ хэрэгт гэм буруугүй ийм асуудал байгаа бол гэм буруугийн хуралдаанд ярих боломжтой.” гэж яриаг зогсоож шүүх зөвлөлдөж яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн.

Шүүгч н.Энхбаатар нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт орж ирээд “уг авто осолд хэдэн хүн бэртлээ, хүнд бэртсэн хүмүүс бүгдээрээ нэг машинд байсан билүү, хэн хэн гэж хүмүүс байлаа” ... энэ нь түүнийг хэрэг танилцаагүй, хэргийн материалыг уншаагүй байх эргэлзээг надад төрүүлсэн..." гэсэн гомдлын агуулгын тухайд:

Шүүгч шүүх хуралдаан, шүүхийн хэлэлцүүлгийн явцад тодруулах асуулт асуухдаа ямар үг сонгож хэрэглэх, ямар агуулгаар асуултыг асуух нь хууль илтэд зөрчөөгүй, бүдүүлэг, доромж үг хэрэглээгүй тохиолдолд шүүгчийн сахилга, ёс зүйн зөрчил гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэж байна.

Түүнчлэн хэргийн оролцогч нарт асуултынхаа үндэслэлийг тайлбарлах, мэдэгдэх үүрэггүй. Асуултын агуулга, үг сонголтоос шалтгаалж шүүгчийг хэргээ уншаагүй байна, ажилдаа хайнга хандлаа гэж буруутгах ёсгүй гэж үзэж байна.

Шүүгч А.Энхбаатар миний бие Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-50.1.40-д заасан шүүгчид хориглох зүйлийг зөрчөөгүй, сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй тул иргэн С.Г-ийн гомдлыг хүлээн авахаас татгалзаж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарт  холбогдуулан иргэн С.Г-оос ирүүлсэн өргөдлөөр илтгэгч гишүүн сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь холбогдох хуульд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Өргөдөл гаргагчаас “...шүүгч А.Энхбаатар нь шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ... илт дарангуйлан тушаасан өнгө аясаар дайрч, надад өөрийгөө өмгөөлөх, үнэн бодит байдлыг ярих боломжоор хангахгүй зохисгүй байдал гаргасан, ... намайг "шоволзоод байн байн гараа өргөөд яах гээд байгаа юм" гэж ... яриаг маань тасалж, алхаа үргэлжлүүлэн балбаж, бүр сүүлдээ уурласны улмаас би өөрийн ярих гэсэн зүйлээ хангалттай ярьж чадалгүй дуусгасан.” гэх агуулгаар өргөдөл гаргасан байна.

С.Г-т холбогдуулан Хэнтий аймгийн Цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай санал хүргүүлснийг тус аймгийн прокурорын газар хүлээн авч, 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2339003390*** дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь зааснаар түүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татжээ.

Тус эрүүгийн хэрэгт Хэнтий аймгийн прокурорын газраас 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ***А дугаар яллах дүгнэлт үйлдэж, 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ц-1/209 тоот албан бичгээр шүүхэд шилжүүлсэн.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2025/ЕШЗ/** дугаар “Даргалагч томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч Э.Одхүүд /агсан/ хэрэг хуваарилагдсаныг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ЕШЗ/*** дугаар “Даргалагч өөрчлөн томилсон шийдвэрийг албажуулах тухай” захирамжаар шүүгч А.Энхбаатарт шилжүүлэн хуваарилсан байна.

Шүүгч А.Энхбаатар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.13-д “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол;” 6.14-д “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдол;” 6.15-д “мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт;” гэж заасны дагуу яллагдагчийн өмгөөлөгч Х.Д-ээс гаргасан хүсэлтийг 2025 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан шийдвэрлэжээ.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг нь мөн өдрийн 13 цаг 38 минутад эхэлж, 14 цаг 32 минутад дууссан бөгөөд хуралдаанд яллагдагч, түүний өмгөөлөгч нар оролцож тайлбар хэлсэн нь тус хуралдааны тэмдэглэл, тогтоолд тусгагджээ. Уг хуралдааны тэмдэглэл болон ch04_2025041533831.mp4 нэршилтэй дуу, дүрсний бичлэг, түүнд үзлэг хийсэн илтгэгч гишүүний тэмдэглэл зэргээр дараах үйл баримт тогтоогдсон байна.

Тодруулбал, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн дуу, дүрсний бичлэгээс үзэхэд:

Даргалагч: Хүсэлт гаргасан яллагдагчийн өмгөөлөгч хүсэлтээ танилцуулна, прокурор тайлбар, хохирогчийн өмгөөлөгч тайлбар, нэмэлт нэг нэг удаа тайлбар хэлснээр шүүх зөвлөлдөж шийдвэр гаргана гэсэн дарааллаар хэлэлцүүлгийг явуулъя. Талууд зөвшөөрч байна уу? гэхэд

Талууд: Зөвшөөрч байна

Даргалагч: Яллагдагч зөвшөөрч байна уу? гэхэд

0:01:36 Яллагдагч: Дарааллыг зөвшөөрч байна. Би юм ярина биз дээ?

0:01:38 Даргалагч: Болно, тийм гэж, ...

0:43:35 Яллагдагч: Би Хамба овогтой Ганзориг биш. Миний хувийн байдлыг тогтоохдоо буруу тогтоож, 3 удаа эрүүлжүүлэгдэж байсан, агсан согтуу тавьдаг согтуурдаг ийм байдлаар мөрдсөн байна. Би Ц овогтой С-О-н Г ... Энэ осол бол би 2 охин болон эгчийнхээ охин, эхнэртэйгээ хамт Хөх хот явах гэж байгаад ...

0:45:00 Яллагдагч: Цагдаагийн газраас өөр хүний хувийн байдалтай холбоотой намайг шалгасанд гомдолтой байгаа. Гэнэт машин гарч ирээд намайг шахаад болсон, гуравдагч машины оролцоотой осол байгаа..., мөн бичлэгийн 0:45:00 хормоос 0:46:20, 0:46:24 хормоос 0:47:48 дахь хоромд яллагдагч тайлбар гаргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл, бичлэг тусгагдаж, үзлэг хийсэн тэмдэглэлээр баталгаажсан байна.

Урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны дэг, дарааллыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нарийвчлан зохицуулаагүй байх боловч хэргийг хянан  шийдвэрлэх шүүх хуралдааны хуульд заасан журмын дагуу тус хуралдааныг удирдан явуулж, хэргийн оролцогчид эрх, үүргийг нь танилцуулж, яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлттэй холбоотой тайлбар хэлэх эрхийг яллагдагчид эдлүүлжээ. Мөн хуралдааныг дэг сахиулах хүрээнд шүүгч алх хэрэглэхдээ зохисгүй, зүй бус авирласан гэх байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах арга хэмжээ авч оролцогчид эрх, үүргийг нь тайлбарлана.” гэх бүрэн эрхийг шүүгчид хуулиар олгосон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 18 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2.1 дүгээр зүйлд “Шүүх хуралдаан даргалагч алхыг дараах тохиолдолд хэрэглэнэ.”, 2.1.2-д “Шүүх хуралдааны дэг сахиулах;” гэж зааны дагуу шүүх хуралдааны дэг сахиулах эрхийн хүрээнд алх хэрэглэсэн байна.

Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хууль 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба Монгол Улсын шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэл хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхээр зохицуулсан тул холбогдох шүүгчийг ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль болон Шүүгчийн ёс зүйн дүрмээр шийдвэрлэнэ...” гэж заасан. Иймээс өргөдөлд дурдсан үйл баримтаас өмнө хэрэгжиж байсан хууль, Шүүгчийн ёс зүйн дүрмийг хэрэглэх боломжгүй юм.

Мөн хуралдааны ch04_2025041533831.mp4 нэршилтэй дуу, дүрсний бичлэгийн 0:23:13 секундэд Яллагдагч /өргөдөл гаргагч/ гараа өргөж байна.

Даргалагч: Та зүгээр сууж бай. За юу. Миний зөвшөөрлөөр ярина. Байс гээд л шоволзоод гараа өргөөд байх юм.” гэжээ.

“Шоволзох” гэдэг үгийг “Монгол хэлний их тайлбар толь”-д цухуйх, толгой нь шоволзох (хүн, амьтны толгой юмны араас байн байн цухуйх, хөдлөх) гэж тайлбарласнаас үзвэл, гомдол гаргагчийн харилцааны соёлгүй, бүдүүлэг үг хэрэглэсэн гэх гомдлын агуулга нь үндэслэлгүй, харин энэ талаарх шүүгчийн тайлбарыг илтгэгч гишүүн зөв гэж дүгнэсэн нь  үндэслэлтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад шүүх хуралдааны оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа загнах, доромжлох, уурлаж бухимдан зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах тохиолдолд сахилгын зөрчилд тооцохоор буюу Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж хуульчилсан.

Харин хуульд заасан журмын дагуу явагдсан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт даргалагчаас хуралдааны дэг сахиулахаар  алх цохисон, анхааруулсан, сануулсан, тайлбар хэлсэн зэрэг нь сахилгын зөрчилд хамаарахгүй.

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн ГС/2025/0064 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Энхбаатарт  холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

          ДАРГАЛАГЧ                                     С.ЭНХТӨР

                           ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                        Д.ЭРДЭНЭЧУЛУУН