info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-07-02

Дугаар 98

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, Б.Сугар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн С.Энхтөр, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн хэрэгсэхгүй болгох саналдаа: Өргөдөл гаргагч нь шүүгчийг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэснийг зөрчсөн, … нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй, харилцан асуулт хариулт явуулаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй.” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.

            Д нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд “... газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон БАЗ2024/08/00 дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэл гаргасан байна.

            Тус нэхэмжлэл Б.Адъяасүрэн шүүгчид хуваарилагдаж, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-д “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал.” гэж заасны дагуу шүүгч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлажээ.

            2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэн мөн өдрийн 000/ШЗ2025/000 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг буцааж шийдвэрлэсэн байна.

            Уг захирамжийг нэхэмжлэгч эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т заасныг шүүгч зөрчсөн, ...нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж хурлын шийдвэрээ урьдчилан гаргасан, ...хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн” гэх агуулгаар гомдол гаргажээ.

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2025/000 дүгээр тогтоолоор дээрх захирамжийг хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзсэнийг үндэслэлгүй гэж, харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчилтэй холбоотой хэсэгт дүгнэлт өгөөгүй байна.

            Мөн дээрх захиргааны хэргээс шүүгч Б.Адъяасүрэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-д заасны дагуу татгалзан гарах хүсэлтээ 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулж, уг хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөн үндэслэлтэй гэж үзэж, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэжээ.

            Өргөдөлд дурдсан үйл баримтыг шалгахад дараах нөхцөл байдал тогтоогдсон тул шүүгчийг сахилгын зөрчилд гаргаагүй гэж үзлээ.

            Шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлаж, уг урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн төлөөлөгч нар оролцсон болох нь хэрэгт авагдсан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааны 000/ТМ2025/000 дугаар тэмдэглэл, 000/ШЗ2025/000 дугаар захирамжаар тогтоогдож байна.

            Уг тэмдэглэл, захирамжаас үзэхэд шүүгч тухайн хуралдаанаар нэхэмжлэгч Д-ийн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б-ын ... газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүсэлт, мөн нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг шүүгч тодруулахаар дээрх хуульд заасан журмын дагуу урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан үйл баримт тогтоогдож байна.

Тус хэлэлцүүлгийн явцад шүүгчээс: “Барилгын ажлын зөвшөөрөл нэхэмжлэгчийн ямар эрхийг зөрчөөд байгаа юм бэ? ...... газраас олгосон БАЗ2024/08/00 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрөл нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны эрх ашгийг хөндөөд байгаа юм бэ?” гэж асуусан нь нэхэмжлэлийн агуулга, түүний үндэслэлийн талаар бус харин тухайн нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэхийг нэхэмжлэгчээс тодруулсан нь урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлж байгаа асуудалтай холбоотой буюу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхтэй хамааралтай байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй.” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Шүүгч тухайн хуралдаанаар хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой бодит нөхцөл байдлыг тодруулахаар талуудаас асуулт асуух эрхтэй ба энэ нь сахилгын зөрчилд хамаатуулахгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй нэхэмжлэл гаргасан” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах, 54.2-д “нэхэмжлэлийг энэ хуулийн 54.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзахдаа шүүгч захирамж гарган татгалзсан шалтгааныг зааж, уг нэхэмжлэлийг дахин гаргах, эсхүл хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж, нэхэмжлэлийг буцаана.” гэж тус тус заасан.

Уг хуулийг баримтлан гарсан Нийслэл дах Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2025/000 дугаар захирамжийн үндэслэх хэсгийн 20-д “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдсонтой холбогдуулан Дийн гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс гаргасан ... газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаар тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх хүсэлтийг шийдвэрлэх шаардлагагүй гэж үзлээ.” гэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэлийн талаар дүгнэлт хийж, шийдвэрлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.9-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно” гэж, 88 дугаар зүйлийн 88.1-т “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ.” гэж, 88.2-т “Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Энэ заалт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй.” гэж тус тус заасан. Үүний дагуу тухайн хуралдаанд дуу, дүрсний бичлэг хийгдээгүй гэж тус шүүхийн Тамгын газрын даргын 2025 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 02/302 дугаар албан бичигт дурджээ.

Түүнчлэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 109 дүгээр тогтоолоор баталсан “Шүүх хуралдааны дууны, дуу-дүрсний бичлэг хийх, архивлах ажлыг зохион байгуулах журам”-ын 3.1 дүгээр зүйлийн 3.1.1-д “Бичлэгийг холбогдох хуульд заасан тохиолдолд хийх” гэж заасны дагуу холбогдох хуульд дуу, дуу-дүрсний бичлэг хийхээр заасан тохиолдолд тухайн хуралдааны бичлэгийг хийж, шүүхийн Тамгын газарт хадгалахаар, мөн журмын 3.2-т “Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга шүүх хуралдаан эхлэхээс өмнө мэдээллийн технологийн мэргэжилтний өгсөн зааврын дагуу бичлэг хийх төхөөрөмжийг ажиллуулна.” гэж зааснаас үзвэл хуралдааны дуу, дуу-дүрсний бичлэгийг хийх ажиллагааг шүүхийн захиргааны ажилтан буюу шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хийхээр зохицуулжээ.

Нөгөө талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.” гэж заасан ба урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдааныг ямар дарааллаар явуулахыг хуульд нарийвчлан зохицуулаагүй байна. Тус захиргааны хэрэгт авагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан 14 цаг 21 минутаас эхэлж, 15 цаг 35 минутад дууссан талаарх 8 хуудас тэмдэглэлд, бүрэлдэхүүн даргалагчийг танилцуулж, татгалзал байгаа эсэхийг асууж, оролцогчийн эрх үүрэг, хуралдааны дэг дарааллыг танилцуулж, гаргаж өгөх нотлох баримт байгаа эсэхийг асууж, тус хуралдаанаар хэлэлцэж байгаа нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын гаргасан хүсэлт, нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд эсэхийг тодруулахтай холбоотой асуулт асууж, тайлбар авсан байгаа нь өргөдөлд дурдсан харилцан асуулт хариулт явуулаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй гэх зөрчил гаргасан нь тогтоогдсонгүй гэж үзэхээр байна.

Иймээс өргөдөлд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 103 дугаар зүйлийн 103.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 104.2, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь заалтууд нь тус хуулийн Аравдугаар бүлэгт заасан анхан шатны шүүх хуралдааны дэг, шүүхийн шийдвэр гаргах буюу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хийгдэх ажиллагааг зохицуулсан байх тул урьдчилсан хэлэлцүүлгийн шатанд дээрх ажиллагаануудыг хийгээгүй гэх үндэслэлээр шүүгчийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2025/000 дүгээр тогтоолын үндэслэх хэсэгт “Дээрх зохицуулалтын агуулгыг нэгтгэн үзэхэд, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган, архитектур, хот байгуулалт, төлөвлөлт, барилга байгууламжид тавигдах шаардлагад нийцүүлэн шинээр барих төслийг хэрэгжүүлэхэд зайлшгүй гүйцэтгэх ажиллагаа нь төсөл хэрэгжүүлэгч өмчлөгч болон Засаг дарга хооронд байгуулах гурван талт гэрээ байх ба барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох, түүнд тусгах мэдээллийг тодорхойлсон Барилгын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд төсөл хэрэгжүүлэгч буюу гүйцэтгэгчид олгох уг зөвшөөрлийн гэрчилгээ нь өмчлөгчийн эрхтэй хамааралгүй гэж дүгнэх үндэслэлгүй.” гэж дүгнэн, 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 000/ШЗ2025/000 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь хэсгийг зөрчсөнд тооцох үндэслэл болохгүй. Тухайн тогтоолд урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцсэн хэргийн оролцогч нарын хүсэлтийн талаар дүгнэлт хийгээгүй байна

Нөгөө талаар, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүгчээс хэрэгт цугларсан баримтыг үнэлж захирамж гаргасан нь сахилгын зөрчилд тооцох үндэслэл болохгүй.

            Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулдаг ба шүүгчийн гаргасан шийдвэр, түүний үндэслэлийг хянаж дүгнэлт хийх эрхгүй.

            Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчийн сахилгын зөрчил гаргасан буюу шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тул шүүгч Б.Адъяасүрэнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа “...Иргэн Д-ийн гомдолд дурдсан асуудлыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн миний бие иргэн Д-ээс ... хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар 2025 оны 02 дугаар сарын 19-ны өдөр хэлэлцүүлэн, 000/ШЗ2025/000 дугаар захирамжаар:

Нэхэмжлэгч Д-ээс ... хэлтсийн даргад холбогдуулан "... газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон БАЗ2024/08/00 дугаар бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах" нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т "... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан" гэж заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Ийнхүү шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. "Шүүгч дараахь хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ, 70.1.4-т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс урьдчилсан хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн бусад асуудал" гэж зааснаар мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-т заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хэлэлцсэн. Уг урьдчилсан хэлэлцүүлгийн ажиллагаанд дээрх хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-т "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.", гэж зааснаар явагдсан бөгөөд 70.10-т "Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй." гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй болно. Иймд Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчөөгүй тул гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүгч Б.Адъяасүрэн нэмэлт тайлбартаа: “миний бие, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд “Д-ийн нэхэмжлэлтэй, ... хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д “Дараах үндэслэл байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд үл оролцох ба өөрөө татгалзан гарах үүрэгтэй”, 84.1.5-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон” гэж заасны дагуу татгалзан гарах” хүсэлт  гаргасан бөгөөд миний тус хүсэлтийг шүүгчдийн зөвлөгөөнөөр хүлээн авч шийдвэрлэж, Д-ийн  нэхэмжлэлтэй, ... хэлтсийн даргад холбогдох 000/2025/0029/з индексийн дугаартай захиргааны хэрэг тус шүүхийн шүүгч У-д сугалааны дагуу хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа болно. Иймд иргэн Д-ийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Д-ээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэнд холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ГЗҮ/2025/0043 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0075 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.

1. Өргөдөл гаргагч “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70.10-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй" гэж заасан. Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэн 2025 оны 02 дугаар сарын 19-нд болсон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаар миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна. ... Шүүгч мэтгэлцээгүй асуудлаар хуралдааны дундуур дүгнэлт хэлсэн. Намайг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэсэн энэ талаар бас гомдол гаргаж байна.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл иргэн Д-ээс ... хэлтсийн даргад холбогдуулан “... газраас 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр олгосон БАЗ2024/08/00 дугаар бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг шүүгч Б.Адъяасүрэн хүлээн авч, 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 000/ШЗ2025/0000 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна. 

Шүүгчээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1.4-т заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх шаардлагатай асуудлыг хэлэлцэхээр 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгийг товлон зарлажээ.

Тус урьдчилсан хэлэлцүүлгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж дүгнэн 000/ШЗ2025/000 дугаар захирамжаар Д-ээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Уг захирамжийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д-ээс давж заалдах гомдол гаргасан байх ба Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 221/ШТ2025/000 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн  70.5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.”, 70.10 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан.

Тус урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэгч Д-ийн “захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б-ын “... газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дүгээр тушаалын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг тус тус хэлэлцсэн байх ба харин нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцээгүй болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байна. 

Иймд шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн өргөдөл гаргагч өргөдөлдөө “...миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдол гаргаж байна гэж дурдсан бөгөөд шүүгч нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг өөрийн дотоод итгэлд тулгуурлан хэрхэн үнэлж, хууль хэрэглэж шийдвэр гаргах нь түүний хараат бус, бүрэн эрхэд хамаардаг тул хэрэг хянан шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.

Тодруулбал, хуульд заасны дагуу шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрхийг зөвхөн дээд шатны шүүх эдлэх бөгөөд Шүүхийн сахилгын хороо шүүгчийн захирамжийн үндэслэлийг хянах эрхгүй юм.

Мөн шүүгч Б.Адъяасүрэн нь 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн шүүгчдийн зөвлөгөөнд Д-ийн нэхэмжлэлтэй ... хэлтсийн даргад холбогдох захиргааны хэргээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1.5-т “ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг 000/ЗТ2025/0555 дугаар зөвлөгөөний тогтоолоор хүлээн авч, тус хэрэг шүүгч У-д хуваарилагдсан болохыг дурдах нь зүйтэй.

2. Өргөдөл гаргагч “..Нотлох баримтуудыг шинжлэн судлаагүй. Харилцан асуулт хариулт явуулаагүй. Мэтгэлцээн өрнүүлээгүй. Шүүгч мэтгэлцээгүй асуудлаар хуралдааны дундуур дүгнэлт хэлсэн. Намайг нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхгүй этгээд гэсэн энэ талаар бас гомдол гаргаж байна. Өмгөөлөгчтэй зөвлөлдөх санал хүлээж аваагүй. 97.2-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэх, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа эсэх, эвлэрэх хүсэлтэй байгаа эсэхийг шүүх хуралдаан даргалагч асууж тодруулна", 8.2-т “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.”, 99.1-т “Шүүх хуралдаан даргалагч гэрч, шинжээчээс мэдүүлэг авах, цугларсан бичмэл болон эд мөрийн баримтыг судлах, үзлэг хийх, бусад нотлох баримтыг шинжлэх дарааллыг тогтооно.", 103.1-т “Нотлох баримт шинжлэн судалсны дараа шүүх хуралдаан даргалагч нэмж тодруулах зүйл байгаа эсэхийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс асууна.", 104.1-т “Иргэдийн төлөөлөгч маргааны үйл баримтын талаар дүгнэлтээ бичгээр гаргана. Эрүүл мэндийн болон хүндэтгэн үзэх бусад шалтгааны улмаас бичгээр гаргах боломжгүй бол энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тэмдэглүүлж, амаар дүгнэлт гаргаж болно.”, 104.2-т Иргэдийн төлөөлөгч дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгоно", 106.4-т “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна." 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй" гэсэн заалтыг шүүгч зөрчсөн.” гэж өргөдөлдөө дурджээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаас үзэхэд урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б нар оролцсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 70 дугаар зүйлийн 70.5 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно.” гэж заасны дагуу хэлэлцүүлгээр нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нар гаргасан хүсэлтээ танилцуулж, хэргийн оролцогч нар холбогдох тайлбар хэлж, хүсэлттэй холбоотой мэтгэлцээн өрнүүлсэн нь хэлэлцүүлгийн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Иймд шүүгчийг харилцан асуулт хариулт явуулаагүй, мэтгэлцээн өрнүүлээгүй гэх үндэслэлээр буруутгах боломжгүй.

Түүнчлэн хуулиар урьдчилсан хэлэлцүүлэг явуулах дэг, дарааллыг нарийвчлан зохицуулаагүй тул шүүгчийг өргөдөлд дурдсан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2, 99 дүгээр зүйлийн 99.1, 103 дугаар зүйлийн 103.1, 104 дүгээр зүйлийн 104.1, 104.2, 106 дугаар зүйлийн 106.4, 106.5 дахь хэсэгт заасан дарааллыг баримтлаагүй гэх үндэслэлээр буруутгах  боломжгүй.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн   88.1 дэх хэсэгт “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ”, 88.2 дахь хэсэгт “Шүүх хуралдааныг дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулна. Энэ заалт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт хамаарахгүй” гэж заасны дагуу тухайн урьдчилсан хэлэлцүүлэгт дуу-дүрсний бичлэг хийгдээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0075 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Адъяасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                     ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                        ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                       Б.СУГАР