info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-07-01

Дугаар 95

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй 

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн хэрэгсэхгүй болгох саналдаа: Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “шүүгчид зөвхөн энэ хуульд заасан үндэслэл, журмаар сахилгын шийтгэл оногдуулна” гэж заасан байх бөгөөд мөн хуульд нэрлэн заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ.

Тус хууль хүчин төгөлдөр болохоос өмнө шүүгчийн ёс зүйн талаарх харилцааг зохицуулж байсан хууль, тогтоомжийг Шүүхийн сахилгын хороо хэрэглэхгүй тул өргөдөлд дурдсан холбогдох шүүгч ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа шүүгч холбогдох хуульд заасан сахилгын зөрчилд хамаарах буюу тодруулбал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д заасан “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, эсхүл хуралдааны дэг сахиулах хүрээнд бусдын зүй бус авирыг таслан зогсоох талаар шаардлага тавих үүргээ биелүүлэхгүй байх”, 50.1.23-д заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой ... зөрчсөн” гэх зөрчлийг гаргасан байж болзошгүй гэж үзэн мөн хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар шалгах ажиллагаа явуулахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

Тухайн өргөдөлд дурдагдаж буй “Ж” ХХК-ны нэхэмжлэлтэй, “Б” ХХК-д холбогдох иргэний хэргийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар нэр бүхий гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 000/ШШ2025/0000 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Тус давж заалдах шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Нямбазар даргалан явуулсан байх бөгөөд шүүх хуралдаан эхлэхэд даргалагч “Хэн аль нь бичгээр гаргасан гомдлын хүрээнд ярина.” гэж талуудад тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар давж заалдах гомдлыг бичгийн хэлбэрээр гаргахдаа анхан шатны шүүхийн шийдвэрийн ямар зүйл заалт үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа талаар буюу тодруулбал, нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байдлын аль хэсэг, үндэслэх хэсэгт тусгагдсан ямар дүгнэлтийг эс зөвшөөрч байгаа талаараа тодорхой заах учиртай.

Хуулийн дээрх зохицуулалтыг шүүх хуралдаан даргалагч талуудад тайлбарласан гэж үзэхээр байна.

Сахилгын хэрэгт авагдсан дуу, дүрсний бичлэгийн 0:12:53 дахь хэсэгт “Даргалагч: Бичгийн нотлох баримттай холбоотой гомдол бичгээр дурдагдаагүй байна. Таны хэлээд байгаа бүхэлд нь хянах чиг үүрэг нь тухайн шүүхийн өөрийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр таны бичгээр гаргасан гомдлоосоо хэтрүүлж ярина гэсэн үг биш...”,

бичлэгийн 0:14:40 дэх хэсэгт “Даргалагч: Г өмгөөлөгчөө би Танд сануулаад байна. Танд хуулийн зүйл заалтыг нь хэлсэн. Танайх нотлох баримттай холбоотой асуудал энд дурдаагүй, гэрч асуугаагүй, гэрч асуулгах захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн.”,

бичлэгийн 0:30:34 дэх хэсэгт “Даргалагч: Г өмгөөлөгчөө би нөгөө талд чинь шаардлага тавьсан. Танд ч бас адилхан шаардлага тавьж байна ш дээ.”, 

бичлэгийн 0:30:44 дэх хэсэгт “Даргалагч: Танайх давж заалдах гомдолдоо бичгээр ирүүлээгүй зүйлээ ярих шаардлагагүй ш дээ. Адилхан шаардлага тавьж байна ш дээ.” гэж талуудтай харилцсан нь тус тус бичигдсэн байна.

Дээрхээс үзэхэд холбогдох шүүгч хэргийн оролцогч болох өмгөөлөгчдөд хуульд  заасны дагуу мэтгэлцэх талаар сануулж, шаардлага тавьж, хэн алийг нь үл ялгаварлаж ижил тэгш хандсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа нь зохигч талуудын оролцоонд тулгуурлан явагдах ба хэргийн оролцогч хуульд заасан хугацаанд гомдлын үндэслэлээ бичгээр гаргах, ингэхдээ холбогдох баримтуудыг хавсаргах, заах, хэргийн нөгөө тал тухайн гомдлыг зөвшөөрөх эсэх, хэрэв эс зөвшөөрч байгаа бол тайлбар үндэслэл, түүнтэй холбоотой баримтыг гаргаж өгөх, заах үүрэгтэй талаар холбогдох хууль, тогтоомжид заасан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа диспозитив буюу талуудын зарчимд үндэслэн явагддаг бөгөөд хэргийн оролцогч хуульд заасан эрхийг эдлэхийн хамт үүрэг хүлээж оролцдог. Мэтгэлцэх зарчим нь зохигчид шаардлага, татгалзлаа шүүхэд гаргаж, ирүүлсэн баримтын хүрээнд нотлох, үгүйсгэх замаар тайлбарлахыг ойлгох бөгөөд шүүх мэтгэлцээнийг хуулийн дагуу эрх тэгш явуулах боломжоор хангаж шүүх хуралдааныг удирдан явуулах үүрэгтэй тул даргалагч шүүх хуралдааны явцад хэргийн оролцогч хуульд заасан хүрээнд тайлбар, гомдол гаргах эрхтэй талаар тухай бүр сануулжээ.

Хэрэг хэлэлцэж байх явцад холбогдох шүүгч шүүх хуралдааны тэмдэглэлд тусгах талаар  3 удаа буюу тодруулбал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч “За тэгвэл хуралдааны протокол дээр тэмдэглэчих” гэхэд даргалагч: “Тэмдэглэчих” гэж, даргалагч “Би Таны тайлбарыг зогсоосон шүү. Протоколдоо тэмдэглэ.” Даргалагч “Гомдол дээр тийм зүйл байхгүй. Би Тантай мэтгэлцэх гээгүй. Би Таныг адилхан зогсоогоод суулгачихъя. Протоколд бас тэмдэглэнэ биз” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Тухайн шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн гэж үзэн засвар оруулахаар хэргийн оролцогч хүсэлт гаргаж, улмаар 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр уг тэмдэглэлд засвар оруулсан байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э-ын гэрчээр өгсөн тайлбартаа “....” гэж мэдүүлснээс үзэхэд холбогдох шүүгч хуралдааны үйл явцын талаар тэмдэглэлд тусгахад нөлөөлсөн гэх үйлдэл тогтоогдоогүй.

            Хуульд тодорхой заасан журмыг буруу хэрэглэсэн, хэргийн оролцогч, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд залруулж үл болох шинжтэй ноцтой хор уршиг учруулсан, хууль, олон улсын гэрээнд заасан үндсэн эрхийг нь эдлүүлээгүй, хязгаарласан, зөрчсөн, энэ нь хэргийн шийдэлд бодитойгоор нөлөөлсөн, шүүх эрх мэдлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн зэрэг хортой үр дагаварт хүргэсэн үйлдлийг “ноцтой” зөрчилд тооцох үндэслэлтэй.

            Иймд дээрхийг нэгтгэн үзвэл хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.

            Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-д “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах, ...” гэж заасныг шүүгч хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүх хуралдааны оролцогчийг доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, бусдад илт сөрөг сэтгэгдэл төрүүлэхүйц биеийн хэлэмж, үйл хөдлөл гаргах зэргийг сахилгын зөрчилд тооцохоор хуульчилсан гэж ойлгоно.

Тухайн сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: “Даргалагч: Би танд ганцхан шаардлага тавьж байна. Бичгээр гаргасан гомдлын хүрээнд агуулгаа ярь гэж

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Нэхэмжлэлээ дэмжиж байгаа үндэслэлээ...

Даргалагч: Энд бичигдээгүй байна. Нөгөө тал чинь энэ гомдолтой чинь танилцаад энэ хүрээнд мэтгэлцэх гээд бэлдээд ороод ирсэн. Өнөөдөр сюрприз юм шиг гэнэт ийм шинэ зүйл гаргаж ирээд ярихгүй.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Та харин яаж харьцаад байгаа юм. Хууль дээр сюрприз гэдэг юм байхгүй шүү...

Даргалагч: Би Таны тайлбарыг зогсоосон шүү. Протоколдоо тэмдэглэ.” гэжээ.

Дээрх баримтаар өргөдөлд дурдсан “сюрприз” гэх үгийг шүүгч Д.Нямбазар хэлсэн болох нь тогтоогдож байх бөгөөд түүнчлэн холбогдох шүүгч хүлээн зөвшөөрсөн тул шүүх хуралдааны бүрэлдэхүүний шүүгч болон оролцогчдоос тайлбар, мэдүүлэг авах шаардлагагүй гэж дүгнэв.

Холбогдох шүүгч тайлбартаа “... “Сюрприз” гэдэг нь доромж үг биш бөгөөд өмгөөлөгч Г-ын гомдолд дурдагдсан буюу “гэнэтийн зүйл” гэсэн агуулгатай бөгөөд бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдагдаагүй асуудал нь шүүх хуралдаанд оролцож буй эсрэг талын хувьд “гэнэтийн зүйл” байдаг билээ.” гэсэн нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгчийн хэрэглэсэн дээрх үгийг бусдыг гутаасан, цээртэй үг хэллэг гэж дүгнэхгүй бөгөөд хэргийн оролцогчтой ялгамжтай, зүй бус харьцаж, талуудыг тайлбар хэлэх боломжоор хангаагүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх үйл баримт үүсээгүй байх тул сахилгын зөрчил гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа “... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 04 сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан гомдлыг хянан хэлэлцэхэд нэхэмжлэгч "Ж" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А гомдлоо тайлбарлаж, өмгөөлөгч Г нэмэлт тайлбар гарган оролцсон.

Өмгөөлөгч Г гомдол гаргаагүй асуудлаар буюу бичгээр гаргасан гомдлын хүрээнээс хальж тайлбар гаргасныг даргалагч шүүгчийн хувьд удаа дараа сануулж, зогсоосон нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ.

  1. “Даргалагч шүүгч Д.Нямбазар өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг зориуд хязгаарлаж, үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үйлчилгээг зогсоож, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж та зөвхөн бичгээр гаргасан гомдлын хүрээнд тайлбараа хэлнэ үү, та өнөөдөр сюрприз барих гэж орж ирсэн юм уу гэх мэтчилэн зүй зохисгүй харилцаа үүсгэсэн" гэсэн гомдлын тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 162 дугаар зүйлийн 162.1-д “Давж заалдах гомдлыг бичгээр гаргана” гэж, 162.2-т “Давж заалдах гомдолд дараах зүйлийг заана” гээд 162.2.4-т “шийдвэрийн ямар зүйл, заалт, үндэслэлийг зөвшөөрөхгүй байгаа” гэж тус тус зохицуулсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ зааж, бичгээр гаргасан давж заалдах гомдолтой эсрэг тал нь танилцаад тэр хэмжээнд мэтгэлцэх бэлтгэлээ хийж шүүх хуралд ирдэг.

Тэр ч утгаараа, бичгээр гаргасан давж заалдах гомдлын хүрээнээс хальж ярьсан тохиолдолд даргалагч шүүгчийн зүгээс сануулах, зогсоох хүртэл арга хэмжээ авах шаардлагатай болдог. Энэ нь шүүх хуралдаанд эсрэг тэсрэг байр суурьтай оролцож буй талуудын харилцан тэнцвэртэй мэтгэлцэх боломжийг олгодог.

Даргалагч шүүгч Д.Нямбазар миний бие өмгөөлөгч Г-ыг бичгээр гаргасан гомдлын хүрээнээс хальсан тайлбар гаргахад нь сануулах, зогсоох арга хэмжээ авч, “сюрприз юм шиг гэнэтийн шинэ зүйл ярихгүй” гэж хэлсэн нь үнэн.

“Сюрприз” гэдэг нь доромж үг биш бөгөөд өмгөөлөгч Г-ын гомдолд дурдагдсан буюу “гэнэтийн зүйл” гэсэн агуулгатай бөгөөд бичгээр гаргасан давж заалдах гомдолд дурдагдаагүй асуудал нь шүүх хуралдаанд оролцож буй эсрэг талын хувьд “гэнэтийн зүйл” байдаг билээ.

  1. “Шүүх хуралдаан даргалагч Д.Нямбазар нь 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлийг нэхэмжлэгч талд гарын үсэг зурж баталгаажуулан өгөхдөө хуралдааны тэмдэглэлээс дээрх гомдолд дурдсан үйл явдлуудыг хасаж гарын үсэг зурсан нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “...хуулийн илт тодорхой заалтыг ноцтой” зөрчсөн үйлдэл гаргалаа” гэсэн гомдлын тухайд:

2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгч Г-т бичгээр гаргасан гомдлын хүрээнд тайлбараа гаргахыг удаа дараа сануулж, зогсоосон агуулга тусгагдсан байдаг.

Шүүх хуралдааны оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-т зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулах саналыг гаргах эрхтэй бөгөөд өмгөөлөгч Г нь үүний дагуу шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулсан болно. Иймд, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Г-аас Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ГЗҮ/2025/0064 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0076 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.

Өргөдөл гаргагчаас “...шүүгч Д.Нямбазар нь шүүх хуралдааныг даргалан явуулахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг зориуд хязгаарлаж, үйлчлүүлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг зогсоож, мэтгэлцэх зарчмыг алдагдуулж та зөвхөн бичгээр гаргасан гомдлын хүрээнд тайлбараа хэлнэ үү, та өнөөдөр шүүх хуралд сюрприз барих гэж орж ирсэн юм уу гэх мэтчилэн зүй зохисгүй харилцаа үүсгэсэн нь, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20, 50.1.23-т зөрчсөн үйлдлийг гаргалаа” гэжээ.

 Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 000/ШШ2025/0000 дугаар шийдвэрээр “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Б” ХХК-аас 000000000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Ж” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 000000000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Тус шийдвэрт нэхэмжлэгч, хариуцагч талаас давж заалдах гомдол гаргаж, гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, шүүгч М, Б нарын бүрэлдэхүүнтэй 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буцааж шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г, хариуцагчийн өмгөөлөгч Б, Г нар оролцсон байна.

Шүүх хуралдааны бичлэгээс үзэхэд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г нэмэлт тайлбар хэлж байхад даргалагч шүүгч Д.Нямбазар “...нотлох баримттай холбоотой гомдол бичгээр дурдагдаагүй байна. Таны хэлээд байгаа бүхэлд нь хянах чиг үүрэг нь тухайн шүүхийн өөрийн хэрэгжүүлэх бүрэн эрхийн асуудал. Тэгэхээр таны бичгээр гаргасан гомдлоосоо хэтрүүлж ярина гэсэн үг биш...”, “...Г өмгөөлөгчөө би танд сануулаад байна. Танд хуулийн зүйл заалтыг нь хэлсэн. Танайх нотлох баримттай холбоотой асуудал энд дурдаагүй, гэрч асуугаагүй, гэрч асуулгах захирамжийн биелэлт хангагдаагүй гэсэн”, “..Би таны тайлбарыг сонсохгүй зогсоолоо”, “...би танд ганцхан шаардлага тавьж байна бичгээр гаргасан гомдлын хүрээнд агуулга ярь гэж”, “..энд бичигдээгүй байна нөгөө тал чинь энэ гомдолтой чинь танилцаад энэ хүрээнд мэтгэлцэх гээд бэлдээд ороод ирсэн. Өнөөдөр сюрприз юм шиг гэнэт ийм шинэ зүйл гаргаж ирээд ярихгүй” гэж хэлсэн нь бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.2 дахь хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гомдлын талаар тайлбараа өгөх эрхтэй” гэж заасны дагуу шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчид итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн тайлбар дээр давхцуулахгүйгээр нэмэлт тайлбар гаргахыг сануулсан, өмгөөлөгч Г давж заалдах гомдолд дурдагдаагүй асуудлаар тайлбар гаргасныг хуралдаан даргалагч шүүгч Д.Нямбазар зогсоосон байна.

Улсын дээд шүүхийн “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбар”-т “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хариу тайлбараа давж заалдах гомдлын үндэслэл бүрд гаргах бөгөөд давж заалдах гомдолд дурдаагүй асуудлаар тайлбар өгөх явдлыг шүүх хязгаарлах нь хэргийг бүхэлд нь хянан үзэх энэ зүйл заалтыг зөрчихгүй...” гэж тайлбарлажээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт “Шүүх хуралдаан даргалагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулах, хэргийн оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангах, шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авна” гэж заасны дагуу даргалагч шүүгч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарыг зогсоосон үйлдлийг шүүх хуралдааны дэг сахиулсан гэж үзэхээр байх тул дээрх өргөдлийн үндэслэлээр шүүгчийг “өмгөөллийн үйл ажиллагаа явуулах боломжийг хязгаарласан, хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээг зогсоож, мэтгэлцэх зарчмыг алдагдуулсан” гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн шүүгч шүүх  хуралдаанд “Өнөөдөр сюрприз юм шиг гэнэт ийм шинэ зүйл гаргаж ирээд ярихгүй” гэж хэлснийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.20-т “хэргийн оролцогч болон бусад этгээдтэй албан үүргийн хувьд харилцахдаа зүй бус авирлах” гэж заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Тодруулбал, “зүй бус” гэдгийг Монгол хэлний тайлбар тольд “жам ёсноос гадуур” гэж, “авирлах” гэдгийг элдэв ааш авир гаргах гэж тайлбарласнаас үзвэл  шүүгч хэргийн оролцогчтой албан үүргийн хувьд харилцахдаа шүүгчийн ажил албан тушаал, ёс зүйд харшлах ямар нэгэн үйлдэл гаргаж, үг хэллэг хэрэглэсэн байхыг ойлгох тул хуралдаанд “сюрприз” гэж хэлсэн нь зүй бус авирласан гэх сахилгын зөрчилд хамаарахгүй байна.

            Мөн өргөдөлд “...Нийслэлийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 16 цагт завсарласны дараа хуралдааны нарийн бичгийн дарга Э-д хуралдааны тэмдэглэлд өмгөөлөгчөөс тусгуулах гаргасан саналыг заавал бичихийг анхааруулж хуралдааны тэмдэглэлийг албан ёсоор авна гэдгээ мэдэгдсээр байтал зориуд орхигдуулж хассан үйлдэл нь хуралдаан даргалагч шүүгч Д.Нямбазарын үйлдэлтэй салшгүй холбоотой” гэжээ. 

Шүүх хуралдааны бичлэгт “...даргалагч шүүгч: “...би таны тайлбарыг сонсохгүй зогсоолоо.”, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “За тэгвэл хуралдааны протокол дээр тэмдэглэчих. Даргалагч шүүгч: “Тэмдэглэчих”, Даргалагч шүүгч: “энд бичигдээгүй байна. Нөгөө тал чинь энэ гомдолтой чинь танилцаад энэ хүрээнд мэтгэлцэх гээд бэлдээд ороод ирсэн. Өнөөдөр сюрприз юм шиг гэнэт ийм шинэ зүйл гаргаж ирээд ярихгүй”, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: “Та харин яаж харьцаад байгаа юм. Хууль дээр сюрприз гэдэг юм байхгүй шүү”, Даргалагч шүүгч:  “Би Таны тайлбарыг зогсоосон шүү. Протоколдоо тэмдэглэ.”, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Тайлбарыг сонсохгүй гээд. За тэгвэл протокол дээр тэмдэглэчих. Би тэгвэл тайлбар тавихаа болилоо” гэж хэлсэн нь бичигдсэн байна.

Харин 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 210/ТМ2025/0000 дугаар шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч шүүгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тэмдэглээрэй гэж хэлсэн хэсэг бичигдээгүй орхигджээ.

Энэ талаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э “..ерөнхийдөө агуулгаар нь бичдэг. Хар яриа гэх юм уу тийм зүйлсийг бичдэггүй. Зарим тохиолдолд хэргийн оролцогчдын ярианаас шалтгаалж хуралдааны явцад гүйцэд бичиж амжаагүй хэсгийг диктафонд буулгаснаасаа сонсоод бичдэг. Тэмдэглэлийн төслөө даргалагчид танилцуулаад хянагдаад ирсний дараа бланкалдаг” гэх мэдүүлгийг өгсөн байна.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хуралдааны тэмдэглэл хөтлөх чиг үүргийг хэрэгжүүлэхээр заасан тул тэмдэглэл дутуу бичсэнтэй холбогдуулан шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах нь үндэслэлгүй.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн гэх үндэслэлээр засвар оруулахаар хүсэлт гаргасны дагуу 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдөр шүүгч уг тэмдэглэлд засвар оруулж шийдвэрлэсэн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн ГС/2025/0076  дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                     Д.АРИУНТУЯА

                         ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                      Г.ЦАГААНЦООЖ