info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2022-01-26

Дугаар 10

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг шийдвэрлэх тухай

                                   

Сахилгын хорооны хуралдааныг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Энхмэнд нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны 705 тоот танхимд хийв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналдаа:

Иргэн Б.Ж- Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан гомдолдоо: "Миний бие 2017.11.13-ны өдөр . шүүхээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан зөрчил гаргасан хэмээн асуудлаа шийдвэрлүүлэхээр шүүх хуралдаанд холбогдогчоор оролцсон юм. Энэ өдөр болсон шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Б даргалж орсон бөгөөд тус шүүхийн "Е" танхимд нээлттэй хэлэлцсэн. Гэтэл тухайн өдөр шүүгч хэргийг хуульд заасан дагуу хэлэлцэж байгаад "Завсарлая" гээд уг хурлыг дуусгасан. Учир нь тухайн хурлаар шүүх намайг буруутай эс буруутай эсэхийг шийдсэн шийтгэврийг огт танилцуулаагүй төдийгүй авсан хариуцлагын талаар ч огт уншиж танилцуулаагүй, мэдэгдээгүй гардуулж ч өгөөгүй өнгөрсөн.

2017.10.05-ны өдөр тус шүүхийн шүүгч С.Б нь 867 тоот шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 100 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм. Би 867 тоот шийтгэврийн хуулбарыг авах гээд 2018.03.26-ны өдөр тус шүүхийн архивын эрхлэгчтэи нь уулзах гэтэл түүнийг орлож байсан шүүхийн ажилтан гэх нэг эмэгтэй хүн 2017.11.14-ний өдрөөр огноолсон 1056 тоот шийтгэврийн хуулбарыг надад өгсөн. Үүнээс би өөрийгөө шийтгүүлсэн буруутай юм байна гэдгийг харсан юм.

Ингээд би дараа өдөр нь буюу 2018.03.27-ны өдөр яг ажил цуглах цаг болох 8.45-д тус шүүх дээр очсон. 2017.11.13-ны өдрийн хурлын "Е" танхимд болсон хуралдааны бичлэгийг хүсэлт гаргаж байж 5 минут 40 секундийн бичлэгийг үзсэн. Уг бичлэгээр шүүгч С.Б нь надад болон хэргийн оролцогчдод шийтгэврийн заалтыг уншиж танилцуулаагүй гэдэг нь нотлогдож байсан.

Иймд тус шүүхийн хууль зөрчсөн ажиллагааг зөвтгөж миний асуудлыг үнэн зөв шударгаар шийдвэрлэж өгнө үү" гэжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 116 дугаар тогтоолоор . шүүхийн шүүгч С.Бд сахилгын хэрэг үүсгэжээ.

Шүүхийн ёс зүйн хорооны даргын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 77 дугаар захирамжаар сахилгын хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаар захирамжаар сахилгын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд:

. шүүхийн тамгын газрын дарга Д.О 2018.08.30-ны өдрийн 143 дугаар албан бичигт "...1056 дугаартай шүүхийн шийтгэврийг тухайн шүүх хуралдаан болсон өдөртөө буюу 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөрт гардан авсан талаарх баримт хэргийн материалд хавсаргагдсан байх тул таныг шүүхийн шийтгэврийг гардан аваагүй гэж үзэх боломжгүй байна.

Мөн гаргасан гомдолдоо "... 867 дугаартай шүүхийн шийтгэврийг гардуулж, гарын үсэг зуруулсан баримт байхгүй байсан" талаар дурджээ.

Шүүгчийн туслах Д.М ээлжийн амралттай байх хугацаанд түүнийг шүүгчийн туслах Б.Н орлон ажилласан бөгөөд тэрээр 2017.10.05-ны өдрийн шүүхийн шийтгэврийг 2017.11.14-ний өдөр гардуулж өгсөн баримт хэрэгт хадгалагдаж байгаагаас гадна шүүхийн шийтгэврийг техникийн алдаа гарган танд 867 гэж буруу дугаарлан, хэргийн материалыг архив бичиг хэргийн ажилтанд хүлээлгэж өгөөгүй зэрэг алдаа зөрчил гаргасан байна.

Шүүхийн шийтгэврийн өнгөн хувиас тулгалт хийж үзэхэд танд торгох шийтгэл ногдуулсан шүүхийн шийтгэвэр нь 971 дугаартай байгаа болохыг үүгээр мэдэгдэж байна." гэж дурджээ.

Шүүгчийн туслах Б.Т 2018.04.17-ны өдрийн тайлбартаа "...шүүгч шийдвэрээ уншиж танилцуулалгүй, дараагийн зөрчлийн хурлыг эхлүүлж хийсэн. Миний бие тэмдэглэлийг албажуулж гаргахдаа тэмдэглэлийн тогтоох хэсгийг Б.Ж-т холбогдох шүүхийн шийтгэврээс нь авч оруулсан болно." Мөн 2018.06.05-ны өдрийн тайлбартаа "...шүүх хуралдаан дуусч шүүгч шүүхийн шийдвэрийг уншиж сонсгоход прокурор Х.Д, эрх бүхий албан тушаалтан М.М, зөрчилд холбогдогч Б.Ж- нар бүгд байсан болно." гэж тус тус тайлбарлажээ.

. шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн С.Х 2018.04.17-ны өдрийн тайлбартаа "...иргэн Б.Ж-т холбогдох шүүх хурлын бичлэг 5 минут 40 секунд хийгдэж шүүхийн серверт хадгалагдсан байна...тухайн өдрийн бичлэгээс шүүж үзэхэд дараагийн шүүх хурал нь хэдэн минутын дараа орсныг тодорхой мэдэх боломжгүй бөгөөд дараагийн хийсэн шүүх хуралдааны бичлэгтэй харьцуулан үзэхэд 4-5 минутын дараа дараагийн бичлэг хийгдсэн байх магадлалтай байна." гэжээ.

Шүүгч С.Б тайлбартаа "...2017.11.14-ний өдөр шүүх хуралдааныг шүүх хуралдааны дэгийн дагуу явуулж завсарлаад шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон үед зөрчилд холбогдогч Б.Ж- шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсоход байсан юм..." гэсэн байна.

хяналтын прокурор Х.Д, мөн дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.М, цагдаагийн ахлап-1 Т.Т нар нь тус тусдаа Шүүхийн ёс зүйн хороонд гаргасан тайлбартаа "... шүүгч шийтгэврийг уншиж танилцуулсан бөгөөд энэ үед прокурор, мөрдөгч, цагдаа, Б.Ж- нар байсан" гэжээ.

С.Х, Б.Т нар нь Шүүхийн ёс зүйн хороонд ирж дахин өгсөн тайлбар, мэдүүлэгтээ өмнө нь Шүүхийн ёс зүйн хороонд бичгээр гаргажтайлбар өгөхдөө ямар нэг албан тушаалтан болон бусад этгээдийн дарамт, шахалт, нөлөөнд автсан зүйл байхгүй гэсэн байна.

Шүүгчийн туслах Б.М 2019.01.18-ны өдрийн тайлбартаа "...2018.10.05-ны өдрийн 971 дугаартай Б.Ж-т холбогдох зөрчлийн хэргийг 2017.10.20-ны өдөр, 2017.11.14-ний өдрийн 1056 дугаартай Б.Ж-т холбогдох зөрчлийн хэргийг 2017.11.16-ны өдөр үдэж эмхэтгээд архивч Б хүлээлгэж өгсөн" гэжээ.

Архивч Ч.Б 2019.01.17-ны өдрийн тайлбартаа "...2018.10.05-ны өдрийн 971 дугаартай Б.Ж-т холбогдох зөрчлийн хэргийг 2017.10.20-ны өдөр, 2017.11.14-ний өдрийн 1056 дугаартай Б.Ж-т холбогдох зөрчлийн хэргийг 2017.11.16-ны өдөр С.Б шүүгчийн туслах Б.М нийт Б.Ж-т холбогдох 2 хэргийг үдэж эмхэтгээд цаг хугацаандаа хүлээлгэж өгсөн болно" гэжээ.

Шүүгчийн туслах Б.М нь Б.Ж-т 2017.11 14-ний өдрийн 1056 дугаар шийтгэврийг гардуулж гарын үсэг зуруулсан баримт, мөн архивт хүлээлгэж өгсөн баримт, 2017.11.14-ний өдрийн хуралдааны тэмдэглэл нь зэрэг сахилгын хэрэгт авагдсан байна.

Дүгнэлт:

Сахилгын хэрэгт авагдсан баримтаас дүгнэн үзэхэд шүүгч С.Б нь 2017.11.14-ний өдрийн шүүх хуралдааны шийтгэврийг шүүх хуралдааны танхимд уншиж сонсгосон болохыг шүүгч ..-ийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Д, мөн дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.М, цагдаагийн ахлагч Т.Т нар гэрчилж байна.

Мөн уг зөрчлийн хэргийг холбогдох журмын дагуу архивт хүлээлгэн өгсөн болохыг шүүгчийн туслах Б.М, архивч Ч.Б нарын мэдүүлэг, Шүүгчийн туслах Б.М нь Б.Ж-т 2017.11.14-ний өдрийн 1056 дугаар шийтгэврийг гардуулж гарын үсэг зуруулсан баримт, мөн архивт хүлээлгэж өгсөн баримт зэргээр нотлогдож байна.

Хуралдааны бичлэгийн тухай мэдээлэл технологийн ажилтан С.Х-ийн өгсөн мэдүүлэгт "...Бичлэгийг удирдлагаар унтрааж байсан бичлэг нь ч бичигдсэн байсан" гэж мэдүүлснээс дүгнэхэд уг хуралдааны бичлэгийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т удирдлагаар унтраасан байсан ба шүүгч шийтгэврийг уншиж танилцуулах үед бичлэгийг дахин асаагаагүй гэж үзэхээр байна.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т 2 удаагийн бичгээр гаргасан тайлбар зөрүүтэй байх бөгөөд энэ талаар Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албаны референт

Ж.Х-ы Б.Т авсан мэдүүлэгт "...энэ талаар сайн мэдэхгүй байна, өдөрт маш олон хуралд ордог, мөн энэ асуудлаас хойш маш урт хугацаа өнгөрсөн учраас сайн санахгүй байна..." гэж мэдүүлснээс үзэхэд хуралдааны нарийн бичгийн дарга бичлэгээ үргэлжлүүлэн хийгээгүй гэж дүгнэж болохоор байна.

Энэ асуудлын талаар бусад албан тушаалтнуудын гаргасан тайлбар, мэдүүлгүүд хоорондоо зөрөөгүй байгаа нь шүүгч С.Б шийтгэврийг шүүх хуралдаан дээр уншиж танилцуулаагүй гэж дүгнэх боломжгүй юм. Мөн шүүгч С.Б шийтгэврийг уншиж танилцуулаагүй гэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.

. шүүхийн шүүгч С.Бд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхийн ёс зүйн хороонд /хуучнаар/ 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр иргэн  Б.Ж-ын гомдлоор . шүүхийн шүүгч С.Бд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн Д.Эрдэнэчулуун 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 25 дугаартай захирамжаар сахилгын хэргийг шийдвэрлэх ажиллагааг сэргээн шалгаж, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал хэлэлцүүлэхээр сахилгын хорооны хуралдаанд гаргажээ.

Шүүгч С.Б тайлбартаа, "...2017.11.14-ний өдөр шүүх хуралдааныг шүүх хуралдааны дэгийн дагуу явуулж завсарлаад шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон, зөрчилд холбогдогч Б.Ж- шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг уншиж сонсоход байсан юм..." гэж,

Иргэн Б.Ж- гомдолдоо,  “... 2017.11.13-ны өдөр . шүүхээр ... хуралдааныг тус шүүхийн шүүгч С.Б даргалж ... хуульд заасан дагуу хэлэлцэж байгаад "Завсарлая" гээд уг хурлыг дуусгасан. Учир нь тухайн хурлаар шүүх намайг буруутай эс буруутай эсэхийг шийдсэн шийтгэвэрийг огт танилцуулаагүй төдийгүй авсан хариуцлагын талаар ч огт уншиж танилцуулаагүй, мэдэгдээгүй гардуулж ч өгөөгүй өнгөрсөн...” гэжээ.

. шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гомдол гаргагч Б.Ж-т холбогдох зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг шүүгч С.Б даргалж, тус хуралдаанд хяналтын прокурор Х.Д,  цагдаагийн ахлах дэслэгч М.М, зөрчилд холбогдогч Б.Ж-, нарийн бичгийн даргаар Б.Т нар оролцсон болох нь сахилгын хэрэг дэх шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.  Шийтгэврийг шүүх хуралдааны танхимд уншиж сонсгосон болохыг тус шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Х.Д, цагдаагийн ахлах дэслэгч М.М, хуралдааны журам сахиулагчаар ажилласан цагдаагийн ахлагч Т.Түвшинжаргал нар гэрчилж тайлбар өгсөн байна. Харин шүүх хуралдааны бичлэгт шийтгэвэрийн тогтоох хэсгийг танилцуулсан хэсэг бичигдээгүй байх ба шүүх хурал түр завсарлан, шүүгч зөвлөлдөх үед бичлэгийг унтрааж, шийтгэвэрийг уншиж танилцуулах үед бичлэгийг дахин асаагүй гэж сахилгын хорооны гишүүний саналд дүгнэгдсэнийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.  

Шийтгэвэр, захирамжийг зөрчилд холбогдогч, хэргийн оролцогч нарт хүлээлгэн өгсөн тухай баримтад . шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1056 дугаар шийтгэврийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зөрчилд холбогдогч Б.Ж- хүлээн авч үсэг зурсан байна.

Иргэн Б.Ж-ын гомдолд дурдсан дээрх асуудал нь сахилгын хэргийг хянан шалгах ажиллагаагаар хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

Иймд Сахилгын хорооны хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2 дахь хэсэг, 112.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сахилгын хэргийн хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, . шүүхийн шүүгч С.Б-д холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                       Ц.ДАВХАРБАЯР

ГИШҮҮН                                              Д.МЯГМАРЦЭРЭН

                          Г.ЦАГААНЦООЖ