info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-19

Дугаар 86

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Ариунтуяа даргалж, гишүүн С.Энхтөр, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Х.Хашбаатар, өргөдөл гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д /ажиглагчаар/, нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүнийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналд: Нэг. “... 2 сарын дараа нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, хариуцагчаас нэмэгдүүлсэн шаардлага дээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар авсны дараа нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзан шийдвэрлэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн ...” гэх тухайд;

Ж.Н-аас О.Б-т холбогдуулан “Өвлөгдөх хөрөнгө болох 2022 оны малын “А” дансанд бүртгэлтэй 546 толгой мал буюу 00000000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх /хуучин нэршлээр/-д 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр гаргасныг шүүгч О.Одончимэг хүлээн авч, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000/Ш32024/0000 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Ж.Наас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг цахимаар ирүүлснийг 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр, дахин тус хүсэлтийг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хамт шуудангаар ирүүлснийг 11 дүгээр сарын 18-ны өдөр Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн тус тус бүртгэн, 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч О.Одончимэгт гарын үсэг зуруулан хүлээлгэн өгсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор хэрэг үүсгэх тухай захирамж гаргана” гэж зааснаар 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дотор нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэхээр байхад 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 000/Ш32025/0000 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзжээ.

Энэ нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасан эсэх, хүлээн авахаас татгалзах үндэслэлд хамаарах эсэхийг хянан шийдвэрлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацааг зөрчиж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэхээр байна.

Гэвч дээрх зөрчил нь хэнд ч илэрхий ойлгомжтой төдийгүй шүүхийн практикт нэг мөр ойлгож хэрэгжүүлдэг хуулийн зохицуулалтыг санаатайгаар гуйвуулан тайлбарлаж өөрөөр хэрэглэсэн, ноцтой үр дагаврыг үүсгэсэн байх зөрчлийн хэр хэмжээ, давтамжаас хамаарч “ноцтой”, “удаа дараа” байх нөхцөл хангагдсан байх тохиолдолд зөрчилд тооцохоор хуульчилсан.

Хэдийгээр шүүгч О.Одончимэг нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авах эсэхийг шийдвэрлэх хуульд заасан тодорхой заалтыг зөрчсөн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангасны дараа дахин шүүхэд тус нэмэгдүүлсэн шаардлагаа гаргах эрхэд халдаагүй буюу нэхэмжлэгчийн шүүхэд мэдүүлэх эрхийг хязгаарлаагүй, саад учруулаагүй, шалгах ажиллагааны хүрээнд удаа дараа нэхэмжлэлийг шийдвэрлэх хугацааг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй зэрэг нөхцөл байдлуудыг харьцуулан үзвэл зөрчлийн дээрх нөхцөлүүд хангагдаагүй гэж үзлээ.   

Мөн холбогдох шүүгчээс “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийн дугаарыг “Иргэн-2014” программаас авч захирамжийн төсөл бичиж, хянуулах, нэхэмжлэлийг хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлэх үүргийг шүүгчийн туслахад өгч, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт, нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийн туслах Эд хүлээлгэж өгсөн. Шүүгчийн туслах дээрх захирамжуудын төслийг бэлтгэж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянуулж, гарын үсэг зуруулсан. Гэвч шүүгчийн туслах Э нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дугаарыг программаас авсан атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дугаарыг программаас аваагүй, захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй зөрчил гаргасан байна ...” гэж тайлбарласан.

Энэ талаар шүүгчийн туслах Э-аас “... 11 дүгээр сарын 21-ний өдөр захирамжийн төслүүдийг шүүгчээр хянуулж, бланк дээр хэвлэж гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр программаас нотлох баримт гаргуулах хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн дугаар авсан боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дугаар авахаа мартаж, орхигдуулсан ...” гэх тайлбарыг ирүүлсэн бөгөөд түүнийг гэрчээр асуухад “... Шүүгч танилцаад 11 сарын 20-ны өдөр байх, надад нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангана, нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзана гэсэн чиглэл өгсөн. Захирамжийн төслөө бэлдээд цаасаар хянуулсан. 2 захирамжийн төсөл бэлдээд хянуулсан гэсэн үг. Шүүгч хянаад бланк дээр хэвлээд дугаар аваад хэвлэ гэсэн. Тэгээд бланк дээр хэвлээд, гарын үсэг зуруулсан. Дараа нь системээс дугаар авна гэж тооцоолоод зуруулсан байсан. Нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжид тухайн үед шүүгчээр гарын үсэг зуруулсан. Би өөр олон захирамжуудтай хамт зуруулсан юм. Тэгээд системээс дугаар авахдаа нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан захирамжийн дугаараа авахаа мартсан байсан ...” гэж тайлбарыг өгсөн.

Уг үйл баримтууд нь шалгах ажиллагааны хүрээнд Иргэний хэргийн бүртгэл хяналтын нэгдсэн системд хийсэн үзлэгээр тогтоогдсон буюу 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нотлох баримт гаргуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн 000/ШЗ20240000 дугаартай шүүгчийн захирамжийн дугаарыг авч, харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэсэн захирамжийн дугаар аваагүй байсан болно.

Дээрхээс үзэхэд, шүүгчийн туслахын үйл ажиллагааны улмаас шүүгчийг шууд буруутгах үндэслэлгүй боловч шүүгчийн туслахын энэ мэт алдаанууд нь шүүх байгууллагад итгэх иргэдийн итгэл алдагдах, шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд хүндрэл учрах, нэр хүндэд сөргөөр нөлөөлөх зэрэг олон үр дагавартай тул алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж байх, хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг чанд баримтлах, үүнд шүүгч давхар хяналт тавьж ажиллавал зохино.

Түүнчлэн, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагч болон гуравдагч этгээд нарт гардуулсан баримт авагдаагүй байсан боловч хариуцагчаас 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр нэмэгдүүлсэн шаардлагад хариу тайлбар гарган ирүүлснийг шүүгчээс “... Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлэлгүй хэргийн ард сул хийсэн байсныг хариуцагч О.Б 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцахдаа харж, бичгээр хариу тайлбар гаргаж шүүхэд ирүүлсэн байна ...” гэж, шүүгчийн туслах Эгаас “... Нэмэгдүүлсэн шаардлага хэргийн ард байсныг хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэрэгтэй танилцахдаа хамт танилцсан байсан. Тэгээд 12 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбарыг ирүүлсэн, ... Нэмэгдүүлсэн шаардлагыг буцаан өгнө гээд хэргийн арын хавтсанд үдсэн байсныг шүүгч 2025 оны 01 дүгээр сард хэргээ уншихдаа танилцаад, надаас яагаад буцаан өгөөгүй талаар асууж, тэгээд дугаар аваад захирамжаа хэвлээд нэхэмжлэгчид хүргүүлсэн ...” гэж тус тус тайлбарласан нь Шүүхийн ерөнхий зөвлөлөөс баталсан “Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал”-д нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан бол нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтыг нэхэмжлэгчид буцаан өгөхөөр журамласан, хариуцагч О.Б 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримт зэргээр тогтоогдож байх тул энэ үндэслэлээр шүүгчийг буруутгах үндэслэлгүй байна.

Хоёр. “... сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхээ шийдвэрлээгүй байж нэхэмжлэгчид танилцуулж хариу тайлбар шаардсан ...” гэх тухайд;

Өмнө нь Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд О.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-аас “Талийгаач аав Д.Цийн нэр дээрх мөнгөн хуримтлал, мал бүхий эд хөрөнгө нь талийгаач Д.Ц болон хүү О.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасныг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгч Х 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 000/ШЗ2023/0000 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

Хэргийг хянаж байсан шүүгч Х нь давж заалдах шатны шүүгчээр томилогдсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ЗТ2024/00000 дугаар тогтоолоор уг хэрэг Ерөнхий шүүгч О.Одончимэгт хуваарилагдсан бөгөөд Ч.О-аас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасныг шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШШ2024/000 дүгээр захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Харин өргөдөл гаргагч Ж.Н-ын нэхэмжлэгчээр оролцож буй одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунзаяагаас нэхэмжлэгч Ж.Н-д холбогдуулан “Д.Цийг нас барахаас өмнө түүний нэр дээрх 2022 онд тоологдсон 00000000 төгрөгийн үнэлгээ бүхий 546 толгой мал, Хаан банкны 00000000 дугаартай дансанд байрлах 00000000 төгрөг, нийт 00000000 төгрөгийг талийгаач Д.Ц, О.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргасныг хүлээн авч, нэхэмжлэгчид гардуулан хариу тайлбарыг авсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.” гэж зааснаар сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэх ажиллагаа үндсэн нэхэмжлэлтэй адил боловч үндсэн нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд хэрэг үүсдэг бол сөрөг нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан тохиолдолд шинээр хэрэг үүсэхгүй учраас “хүлээн авсан” талаарх захирамж гаргах хуулийн зохицуулалт байхгүй тул шүүгчийн “... Шүүх сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж, захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлдэг журамтай. Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд шүүгч эрх зүйн акт гаргахгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг ердийн журмаар явуулдаг ...” гэх тайлбарыг үгүйсгэхгүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй гэж үзэн, нэхэмжлэгчид гардуулан, хариу тайлбар авсныг “сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхээ шийдвэрлээгүй” гэж үзэн буруутгах үндэслэлгүй юм.

Мөн хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь нэхэмжлэгчийн байр сууринаас гаргаж, улмаар нэхэмжлэлээсээ татгалзсан боловч дараа нь Ж.Н-ын нэхэмжлэлээр үүссэн иргэний хэрэгт хариуцагчаар татагдан оролцож, шүүхээс гарах шийдвэрийн улмаас түүний эрх, ашиг сонирхол хөндөгдөж болзошгүй тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан үндэслэлийг хамааруулан авч үзэх нь учир дутагдалтай.

Учир нь нэхэмжлэл гаргах үеийн нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу өөр этгээдээс өмнө нь татгалзаж, хэрэгсэхгүй болсон асуудалтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн, хариуцагчаас үл шалтгаалан дахин маргаан бүхий нөхцөл байдалд оролцож байгаа, мөн хэрэгт шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШШ2024/000 дугаартай шийдвэр нотлох баримтаар авагдаагүй, сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй тохиолдолд хуулийн дээрх үндэслэлийг баримтлан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үйл баримт тогтоогдсон гэж дүгнэх боломжгүй юм.

Гурав. “... нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгө битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаар захирамж гаргасан байх боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх албанд захирамж хүргэгдээгүй байна ...” гэх тухайд;

Нэхэмжлэгчээс гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах хүсэлтийг шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаар захирамжаар хүлээн авч, хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн бөгөөд тус захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Ч.О-аас 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргаж, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ” гэж зааснаас үзэхэд хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн битүүмжлэхээр байх боловч тус хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар хариуцагч битүүмжилсэн захирамжид гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй байхаар зохицуулжээ.

 Өргөдөлд дурдсан шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаар захирамж шийдвэр гүйцэтгэх албанд хүргэгдээгүй нөхцөл байдал нь шүүгчийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан гэхээс илүүтэй хуулийн зөрүүтэй байдлын үр дагавар байх бөгөөд шүүгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...  эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах ...” Үндсэн хуулиар хамгаалагдсан иргэний үндсэн эрхийг хангаж, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1-д зааснаар шүүгчийн захирамжийн үндэслэлийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэсний дараа захирамжийг хэвээр үлдээсэн тохиолдолд гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ гэх шүүгчийн тайлбар үндэслэлтэй байна.

Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, хуульд заасан тохиолдолд бусад байгууллага, албан тушаалтны шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1-д “Давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тэдгээрийг хянан шийдвэрлэх хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахгүй” гэж заасныг шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаанд баримтлах нь зүйтэй.

Учир нь дээрх хуулийн зохицуулалтыг зөвхөн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэрийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлэхэд баримтална гэж ойлгох нь явцуу ойлголт бөгөөд шүүхийн шийдвэрийг баталгаажуулах арга хэмжээ авсан шүүгчийн захирамжийг биелүүлэх ажиллагаа ч мөн адил хүчин төгөлдөр  болсон эрх зүйн актын үндэслэн явагдах учиртай тул шүүгчийг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг гүйцэтгэсэнтэй нь холбогдуулан ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд өргөдөлд дурдсан үйл баримтууд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчилд хамаарахгүй байх тул Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.

Холбогдох шүүгч ирүүлсэн тайлбартаа “...Тус шүүх нь Ж.Н-ын нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох, өвлөгдөх хөрөнгө болох 2022 оны малын “А” дансанд бүртгэлтэй 546 толгой мал буюу 00000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байна.

Нэг. ... Шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн нь нэхэмжлэгч Ж.Н-аас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг тус тус 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, “Өргөдөл, гомдлын бүртгэл №26”-д бүртгэж шүүгчид 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээлгэн өгчээ.

Тус хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа шүүгч О.Одончимэг би тус нэхэмжлэл, хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийн дугаарыг “Иргэн-2014” программаас авч захирамжийн төсөл бичиж, хянуулах, нэхэмжлэлийг хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлэх үүргийг шүүгчийн туслахад өгч, нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримт, нотлох баримт гаргуулах хүсэлтийг 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр шүүгчийн туслах Э-д хүлээлгэж өгсөн. Шүүгчийн туслах дээрх захирамжуудын төслийг бэлтгэж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянуулж, гарын үсэг зуруулсан. Гэвч шүүгчийн туслах Э нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дугаарыг программаас авсан атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дугаарыг программаас аваагүй, захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй зөрчил гаргасан байна.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг нэхэмжлэгчид хүргүүлэлгүй хэргийн ард сул хийсэн байсныг хариуцагч О.Б 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шүүхэд ирж хэргийн материалтай танилцахдаа харж, бичгээр хариу тайлбар гаргаж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгээгүй болно. Хариуцагчийн бичгээр гаргасан тайлбарыг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч, бүртгэсэн тул тэрхүү тайлбарыг хэргийн материалд хавсаргасан.

Шүүгчийн туслах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамжийг хэргийн материалд хийгээгүй болохыг шүүгч О.Одончимэг би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хэргийн материал уншиж байхдаа мэдэж, зөрчлийг арилгаж, 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Иргэн-2014” программаас захирамжийн дугаарыг нөхөн авч, шүүгчийн захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гардуулах ажиллагааг хийлгэсэн. Энэ зөрчлийн талаар шүүгчийн туслах Э-аас бичгээр тайлбар авсан болно.

Хоёр. ... Гомдол гаргагч нь хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байхад уг шийдвэрийг гаргасан шүүгч сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа нь хууль зөрчсөн гэх агуулгаар гомдол гаргасан байх тул шүүхийн Тамгын газрын архивд шилжүүлсэн000/2023/00513/И индекстэй хэргийг татан авч тайлбар хийж байна.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-ын нэхэмжлэлтэй, талийгаач Д.Ц-ийн нэр дээрх мөнгөн хуримтлал, мал бүхий эд хөрөнгө нь талийгаач Д.Ц болон хүү О.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгч Х иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ.

Тус хэрэгт гомдол гаргагч Ж.Н бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцож, түүний хүсэлтийг үндэслэн шүүгчийн 000/Ш32023/0000 дугаартай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна.

Хэргийг хянаж байсан шүүгч Х нь давж заалдах шатны шүүгчээр томилогдсон тул Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ЗТ2024/00000 дугаартай тогтоолоор уг хэрэг Ерөнхий шүүгч О.Одончимэгт хуваарилагдаж, ажиллагаа хийсэн байна.

Уг хэргийг түдгэлзүүлсэн үндэслэл арилсан үндэслэлээр 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргаж шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШШ2024/000 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, шүүхийн шийдвэрийг оролцогчдод гардуулж, 000/2023/0000/И индекстэй хэргийг шүүхийн Тамгын газрын архивд шилжүүлсэн байна.

Одоо тус шүүхэд хянагдаж байгаа Ж.Н-ын нэхэмжлэлтэй, О.Б-т холбогдох, өвлөгдөх хөрөнгө болох 2022 оны малын “А” дансанд бүртгэлтэй 546 толгой мал буюу 00000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШШ2024/000 дугаартай шийдвэр нотлох баримтаар авагдаагүй, сөрөг нэхэмжлэлд хавсаргаж ирүүлээгүй.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа шүүхийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэхгүй бөгөөд зохигчийн гаргасан нэхэмжлэл, хүсэлтэд үндэслэж нэхэмжлэл, нэмэгдүүлсэн шаардлага, сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхийг шийдвэрлэдэг.

Тус хэрэгт хариуцагч О.Б нь итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан нэхэмжлэгч Ж.Н-д холбогдуулан “талийгаач аав Д.Ц-ийн нэр дээрх бүртгэлтэй Хаан банкны 00000000 тоот данс дахь 00000000 төгрөгийн мөнгөн хуримтлал, Д.Цийн нэр дээр 2022 оны малын “А” дансаар тоологдсон 546 толгой малыг 00000000 төгрөгөөр үнэлж, нийт 00000000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг талийгаач Д.Ц, хүү О.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүхэд гаргаж, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж ирүүлжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “... Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй.”, мөн хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.” гэж заасан.

Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй тогтоогдоогүй.

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх хийсвэр дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм.

Шүүх сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж, захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлдэг журамтай. Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд шүүгч эрх зүйн акт гаргахгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг ердийн журмаар явуулдаг.

Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэгчид гардуулсан нь хууль зөрчөөгүй байна.

Гурав. ... Нэхэмжлэгч Ж.Н хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбарыг хүсэлтийн хамт 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр бичгээр гаргаж, шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авсан. Мөн өдрөө тус шүүхийн шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 000/Ш32025/00551 дугаартай захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гомдол гаргаж, уг гомдол нь шүүгч Э-д хуваарилагдаж, гомдлыг хэргийн хамт шүүгчид шилжүүлсэн байна.

Шүүгчийн захирамжид гаргасан гомдлыг хянаж байсан шүүгчээс хэргийг авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаартай захирамжаар шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч, хариуцагчийн эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилжээ.

Энэ захирамжийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д зааснаар гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. Гомдол гарсан тохиолдолд захирамжийн биелэлт түдгэлздэг журамтай.

Шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаартай захирамжид хариуцагчийн өмгөөлөгч Ч.О 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гомдол гаргаж, гомдлыг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа тул захирамжийн биелэлт түдгэлзэгдсэн байна.

Захирамжид гаргасан гомдлыг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр эцэслэн шийдвэрлэсний дараа захирамжийг гүйцэтгэх хуудасны хамт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх тул гомдлыг шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх боломжгүй юм. Миний бие дээрх үндэслэлээр гомдол гаргагч Ж.Н-ын “Шүүхийн сахилгын хороо”-д гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгч О.Одончимэг Шүүхийн сахилгын хороонд гаргасан нэмэлт тайлбартаа: “Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь “2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр” гэсэн огноотой, мөн сарын 18-ны өдөр тус шүүхэд хүлээлгэн өгч, ‘Бүртгэл хяналтын нэгдсэн систем”-д бүртгүүлжээ. Харин мэдээлэл лавлагааны ажилтнаас 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч надад хүлээлгэн өгсөн байна.

Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй" үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, хүсэлтийг хангаж тус тус шийдвэрлэсэн бөгөөд шүүгчийн туслахад “Бүртгэл хяналтын нэгдсэн систем"-ээс зохих дугааруудыг авч, холбогдох ажиллагааг гүйцэтгэх үүргийг өгсөн.

Гэвч шүүгчийн туслах дээрх цахим программаас “Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн дугаарыг тухайн хугацаанд нь аваагүй, захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй зөрчил гаргасныг шүүгч хянаагүй алдаа гаргажээ.

Хэрэв шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авсан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д заасны дагуу 14 хоногийн дотор хариуцагчид гардуулж БАРИМТ №4 /Нэхэмжлэл, сөрөг нэхэмжлэл гардуулсан/ үйлдэж хэрэгт хавсаргах ёстой. Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэлийн хувийг хариуцагчид гардуулах ажиллагаа хийгээгүй. Нэхэмжлэл гардуулсан баримт хэрэгт авагдаагүй зэргээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн аваагүй болох нь харагдаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ж.Н-аас Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн Шүүхийн сахилгын хорооны гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн ГЗҮ/2025/0045 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0066 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гаргажээ.

  1. Өргөдөл гаргагчаас “...2 сарын дараа нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, хариуцагчаас нэмэгдүүлсэн шаардлага дээр 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар авсны дараа нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь процессын хуулийг ноцтой зөрчсөн байна.” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Ж.Н-аас О.Б-т холбогдуулан “өвлөгдөх хөрөнгө болох 2022 оны А дансанд бүртгэлтэй 546 толгой мал буюу 00000000 төгрөг гаргуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан нь шүүгч О.Одончимэгт хуваарилагдан, шүүгч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 000/ШЗ2024/0000 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Нэхэмжлэгч Ж.Н-аас нотлох баримт гаргуулах хүсэлт болон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр шүүгч О.Одончимэгт хүлээлгэн өгсөн байна.

Шүүгч 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 000/ШЗ2024/0000 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Н-аас гаргасан нотлох баримт гаргуулах тухай хүсэлтээс зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. Харин нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 000/Ш32025/0000 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Шүүгч энэ хуулийн 13.2, 65.1-д заасан үндэслэл байхгүй гэж үзвэл нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор ...захирамж гаргана” гэж заасан.

Энэ талаар холбогдох шүүгч “...нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т заасан нэхэмжлэлийн үнэ тодорхойгүй үндэслэлээр хүлээн авахаас татгалзах, нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн захирамжийн дугаарыг “Иргэн-2014” программаас авч захирамжийн төсөл бичиж, хянуулах, нэхэмжлэлийг хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлэх үүргийг шүүгчийн туслахад өгч, ...Шүүгчийн туслах дээрх захирамжуудын төслийг бэлтгэж 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянуулж, гарын үсэг зуруулсан. Гэвч шүүгчийн туслах Э нотлох баримт гаргуулах тухай захирамжийн дугаарыг программаас авсан атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дугаарыг программаас аваагүй, захирамжийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй зөрчил гаргасан байна ...” гэх тайлбарыг гаргасан.

Шүүгчийн туслах Э “... 11 дүгээр сарын 21-ний өдөр захирамжийн төслүүдийг шүүгчээр хянуулж, бланк дээр хэвлэж гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр программаас нотлох баримт гаргуулах хүсэлт шийдвэрлэсэн захирамжийн дугаар авсан боловч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн дугаар авахаа мартаж, орхигдуулсан. ... нэмэгдүүлсэн шаардлагыг буцаан өгнө гээд хэргийн арын хавтсанд үдсэн байсныг шүүгч 2025 оны 01 дүгээр сард хэргээ уншихдаа танилцаад, надаас яагаад буцаан өгөөгүй талаар асууж, тэгээд дугаар аваад захирамжаа хэвлээд нэхэмжлэгчид хүргүүлсэн ...” гэх тайлбарыг ирүүлж, гэрчээр мэдүүлэг өгсөн байна.

Шүүгч “шүүгчийн туслах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид дугаар авч, нэхэмжлэгчид хүргүүлээгүй зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байгаа хэдий ч шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд бүхэлд нь хяналт тавьж, удирдан чиглүүлэх үүргийг хүлээдэг.

Иймд, шүүгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авснаас хойш 58 хоногийн дараа шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй боловч энэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” эсхүл “удаа дараа” зөрчсөн гэх урьдач нөхцөл хангагдаагүй байна.  

Өөрөөр хэлбэл, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар тогтоолд “ноцтой зөрчих” гэдгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгосон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт /зүй бус/ ашигтай байдал бий болсон, эсхүл хохирсон, хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг,  “удаа дараа” гэдгийг хуулийн илт тодорхой заалтыг ноцтой бус байдлаар зөрчсөн зөрчлийг 3 ба түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно” гэж тайлбарласнаас үзвэл шүүгчийн дээрх үйлдлийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэх боломжгүй байна.

Харин холбогдох шүүгч нь хуулийн илт тодорхой заалтыг дахин зөрчсөн тохиолдолд “удаа дараа” гэх ойлголтод хамаарах тул цаашид хууль тогтоомжийг чанд сахиж, шүүхийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хэргийн оролцогчдын эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж ажиллахыг анхаарах нь зүйтэй.

Түүнчлэн шүүгчийн туслах “...Нэмэгдүүлсэн шаардлага хэргийн ард байсныг хариуцагч 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хэрэгтэй танилцахдаа хамт танилцсан байсан. Тэгээд 12 дугаар сарын 04-ний өдөр хариу тайлбар ирүүлсэн” гэх мэдүүлгийг өгчээ. 

Тус иргэний хэрэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулсан баримт байхгүй, харин 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч хэргийн материалтай танилцсан баримт байгаа нь шүүгчийн туслахын дээрх тайлбар үндэслэлтэй байна.  

Иймд, хариуцагч тал хэргийн ард хавсаргасан байсан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаж, хариу тайлбар ирүүлсэн нь шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.2-т “хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан шүүгчээс даалгасан ажиллагааг гүйцэтгэх” гэж заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй холбоотой гэж бүрэлдэхүүн үзлээ.

2. Өргөдөлд “... сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ..2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн 000/ШШ2024/000 дүгээр захирамжаар итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх бөгөөд энэ шийдвэрийг Ерөнхий шүүгч О.Одончимэг гаргасан байдаг. ...сөрөг нэхэмжлэлийг хүлээн авах эсэхээ шийдвэрлээгүй байж нэхэмжлэгчид танилцуулж хариу тайлбар шаардсан байна” гэжээ.

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-аас 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “Талийгаач аав Д.Ц-ийн нэр дээрх мөнгөн хуримтлал, мал бүхий эд хөрөнгө нь талийгаач аав Д.Ц болон хүү О.Б нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэл гаргасан нь шүүгч Х-т хуваарилагдаж, тус хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан шүүгч Х давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилогдсон тул шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 000/ЗТ2024/00000 дугаар тогтоолоор уг хэрэг Ерөнхий шүүгч О.Одончимэгт шилжсэн байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.О-аас нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах тухай хүсэлтийг 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр гаргасныг шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 000/ШШ2024/000 дүгээр захирамжаар хүлээн авч, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Харин одоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа Ж.Н-ын нэхэмжлэлтэй О.Б-т холбогдох иргэний хэрэгт хариуцагч О.Б-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Д.Ц-ийг нас барахаас өмнө түүний нэр дээрх 2022 онд тоологдсон 130.000.000 үнэлгээ бүхий 546 толгой мал, мөн Хаан банкин дахь 00000000 дугаартай дансанд байрлах 50.000.000 төгрөг нийт 180.000.000 төгрөгийг талийгаач Д.Ц, О.Б нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох тогтоолгох тухай” сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэгч Ж.Н-д гардуулж, хариу тайлбар авсан байна.

Холбогдох шүүгч “...Хариуцагчийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, түүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан, мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах бичгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад шүүгч нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэх хийсвэр дүгнэлт хийж сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй юм. Шүүх сөрөг нэхэмжлэлийг хуульд заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан тохиолдолд сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж гаргаж, захирамжийг нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтын хамт нэхэмжлэгчид буцаан хүргүүлдэг журамтай. Харин сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд шүүгч эрх зүйн акт гаргахгүй” гэх тайлбар гаргасныг хүлээн авах нь зүйтэй. 

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэгт “Үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй. Сөрөг нэхэмжлэл энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байна.” гэж зааснаар шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд эрх зүйн акт гаргах талаар хуульд тодорхой зохицуулалт байхгүй тул шүүгч сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгчид гардуулж, тайлбар авсан нь түүнийг хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй” гэж заасан хэдий ч сөрөг нэхэмжлэлд дурдсан үйл баримтыг өмнө шийдвэрлэсэн гэх баримтыг ирүүлээгүй, тухайн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь өмнө шийдвэрлэсэн хэргийн шаардлага, үндэслэлтэй ижил эсэхийг шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулж, дүгнэлт хийх боломжтой байдаг.

Иймд, шүүгчийг сөрөг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-т зааснаар хүлээн авахаас татгалзаагүй гэх үндэслэлээр Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасныг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Энэ талаар дүгнэсэн илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэл бүхий байна.

3. Өргөдөлд, “... Нэхэмжлэгчээс 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр шүүхээс гарах шийдвэрийг баталгаажуулах зорилгоор нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр эд хөрөнгө битүүмжлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/Ш32025/00000 дугаар захирамж гаргасан байх боловч өнөөдрийг хүртэл шийдвэр гүйцэтгэх албанд захирамж хүргэгдээгүй байна” гэжээ.

Сахилгын хэрэгт цугларсан баримтуудаар нэхэмжлэгч талаас “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” хүсэлт гаргасныг шүүх 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 000/ШЗ2025/00000 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т заасны дагуу хариуцагч О.Б-ын эд хөрөнгө буюу мөнгийг тус нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилж шийдвэрлэсэн.

Тус захирамжийг эс зөвшөөрч хариуцагч О.Б-ын өмгөөлөгч Ч.О Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргасан боловч гомдлыг хянан шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдахаар зохицуулсан байдаг.

Иймд, гомдол хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа буюу хүчин төгөлдөр болоогүй захирамжийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар луу хүргүүлэх боломжгүй тул дээрх өргөдлөөр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах нь үндэслэлгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

   Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0066 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Одончимэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын, эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    Д.АРИУНТУЯА

                  ГИШҮҮН                                         С.ЭНХТӨР

                                                                                              Д.ЭРДЭНЭЧУЛУУН