info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-07-02

Дугаар 96

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг, гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар иргэн Д.А-ын өргөдлөөр, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон нарт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Д.Ариунтуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0077 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:

“... Нэхэмжлэгч Д.Т-аас “...хариуцагч “А э” ХХК-ийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бурхант /18280/ гудамж ... тоот хаягт эзэмшиж буй үхрийн фермерийн зориулалттай 263,3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө болон 3000 м2 буюу 3 га газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэх үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх” хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Шүүгч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/..... дугаар захирамжаар “А э” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бурхант /18280/ ЦТП гудамж, .... тоот хаягт эзэмшиж буй газрын хувийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас хариуцагч “А э” ХХК-ийн эзэмшиж буй Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороонд байрлах 7000 м2 газар болон 3000 м2 газрын газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг болон холбогдох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Дээрх баримтыг үндэслэн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/.... дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бурхант /18280/ гудамж, ... тоот хаягт эзэмшиж буй үхрийн фермийн зориулалттай 263,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бурхантын амны доод үзүүрт байрлах, фермерийн зориулалттай 3000 м.кв талбайтай /газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар ....., нэгж талбарын дугаар ...../ газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Тус захирамжийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн .... дугаар “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор нэгж талбарын ..... дугаартай газрын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/0000.... дугаар зөвлөгөөний тогтоолоор шүүгч Э.Цолмон адил шатны шүүхэд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан хянан шийдвэрлэж байгаа хэргүүдийг шүүгчдийн нэрсийн дарааллаар хуваарилж, Д.Т-ын нэхэмжлэлтэй Л.Э, “А э” ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүгч А.Энхжаргалд хуваарилагджээ. 

Иргэн Д.А-аас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “...2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 184/ШЗ2024/... дүгээр захирамжаар “А э” ХХК-ийн газрыг түдгэлзүүлэх байтал, миний нэр дээр байх ГД.... дугаартай газрын нэгж талбарын дугаарыг .... буруу бичсэнээр миний газрын эрх түдгэлзээд байна. ... алдаагаа хурдан засаж миний нэр дээрх газрын эрхийг нээж өгнө үү” гэх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Тус хүсэлтийг шүүгч А.Энхжаргал хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШЗ2025/.... дугаар захирамжаар “...Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ....  дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримт болох хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан “А э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэсэн. ... 184/ШЗ2024/.... дүгээр захирамжийг өөрчлөх илтэд үндэслэл муутай нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэн Д.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.

Дээрх өргөдлийн үндэслэлтэй холбогдуулан холбогдох шүүгч Э.Цолмон “... 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ...шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 184/Ш32024/.... дугаартай захирамж гаргасан. Уг захирамжийн захирамжлах хэсгийн 2 дах заалтад нэгж талбарын ...... дугаартай газрын эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагч “А э” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэ нэгж талбарын дугаар нь хайхрамжгүй хандаж буруу бичигдээгүй болно. ...Хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 184/Ш32024/.... дүгээр захирамжийг гаргасан бөгөөд Газар зохион байгуулалтын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн баримтад иргэн Д.А-тай холбоотой буюу газар эзэмших эрх шилжсэн талаар баримтыг ирүүлээгүй, “А э” ХХК-н нэр дээр газрууд бүртгэлтэй байсан, хариуцагч газрын шилжүүлсэн талаар мөн тайлбар гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд “А э” ХХК-д буюу хариуцагчид маргаан бүхий газрын эрхийг түдгэлзүүлэхийг даалгасан” гэх тайлбарыг,

Шүүгч А.Энхжаргал “...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/.... дүгээр шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт газрын байршил, зориулалт, нэгж талбар болон газрын хэмжээ зэргийг заасан байх ба дээрх баримтуудтай харьцуулан үзэхэд үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байна гэж үзэх, мөн хэрэгт авагдсан баримтаар ..... дугаар бүхий нэгж талбарын газар нь иргэн Д.А-ын эзэмшлийнх болох нь үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно” гэх тайлбарыг ирүүлсэн нь үндэслэл бүхий байна.

Тодруулбал, тус иргэний хэрэгт авагдсан баримтуудаар шүүхээс хариуцагч “А э” ХХК-ийн эзэмшиж буй газрын хувийн хэргийн баримтыг Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас гаргуулан авахад нэхэмжлэлийн шаардлага бүхий Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Фермер /Бурхантын ам/ зориулалттай, 3000 м.кв газрын нэгж талбарын дугаарыг .... гэж тэмдэглэгдсэн 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн, 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн .... дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг ирүүлсэн тул шүүхээс тус баримтыг үндэслэн нэгж талбарын ...... дугаартай, 3000 м.кв газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг “А э” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2 дахь хэсэгт “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасанд нийцсэн.

Иймд шүүгч ажилдаа хайхрамжгүй хандаж 3000 м.кв газрын нэгж талбарын дугаарыг буруу бичээгүй, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул шүүгч Э.Цолмонг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Түүнд холбогдуулан гаргасан өргөдөл үндэслэлгүй байна. 

Мөн иргэн Д.А-аас “Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах” хүсэлтдээ өөрийн эзэмшлийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хавсарган өгсөн байх ба тус 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр олгогдсон ..... дугаар гэрчилгээнд газрын нэгж талбарын дугаар ..... гэж бичигдсэн байна. Энэ нь “А э” ХХК-ийн эзэмшлийн 3000 м.кв газрын нэгж талбарын дугаартай таарч байна.

Шүүхээс Д.А-ын хүсэлтийг зохигч нарт танилцуулахад хариуцагч талаас “тухайн газрыг аль дээр худалдан борлуулсан” гэж хэлсэн нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлд авагдсан боловч хариуцагч талаас холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас ирүүлсэн газрын хувийн хэрэгт 3000 м.кв газрыг бусдад худалдаж, шилжүүлсэн талаарх баримтыг ирүүлээгүй байсан тул шүүгч А.Энхжаргал 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 184/ШЗ2024/..... дүгээр захирамжийг өөрчлөх хүчингүй болгох боломжгүй гэж үзсэнийг буруутгах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.” гэж заасан.

 “Илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/Ш32024/..... дүгээр шүүгчийн захирамж нь дээрх хуульд заасан илт үндэслэл муутай гэх шинжийг агуулаагүй тул Д.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Мөн нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан 184/ШЗ2024/.... дүгээр захирамжийг дуусгавар болгох хүсэлт гаргасныг шүүгч 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 129/ШЗ2025/.... дүгээр захирамжаар хүлээн авч, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” 184/ШЗ2024/.... дүгээр захирамжийг дуусгавар болгож, захирамжийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байгааг дурдах нь зүйтэй.

Дээрхээс нэгтгэн үзвэл, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон нарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Шүүгч Э.Цолмон тайлбартаа: “... Миний бие Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллах байх үед буюу 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Д.Т-ын нэхэмжлэлтэй Л.Э, “А э” ХХК нарт холбогдох Сонгинохайрхан дүүрэг 21 дүгээр хороо, Бурхант ЦТП гудамж ..... тоотод байрлах газрын /3,000/ эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэрэгт шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч 184/Ш32024/..... дугаартай захирамж гаргасан.

Уг захирамжийн захирамжлах хэсгийн 2 дах заалтад нэгж талбарын ..... дугаартай газрын эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагч “А э” ХХК-д даалгаж шийдвэрлэсэн. Энэ нэгж талбарын дугаар нь хайхрамжгүй хандаж буруу бичигдээгүй болно.

Учир нь 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 184/Ш32024/..... дугаартай захирамжаар дээрх газрын хувийн хэргийг баримтаар гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанд захирамж хүргүүлсний дагуу шүүхэд нотлох баримтууд ирүүлсэн. Хэрэгт ирүүлсэн нотлох баримтыг үндэслэн 184/Ш32024/..... дүгээр захирамжийг гаргасан бөгөөд Газар зохион байгуулалтын нэгдүгээр хэлтсээс ирүүлсэн баримтад иргэн Д.А-тай холбоотой буюу газар эзэмших эрх шилжсэн талаар баримтыг ирүүлээгүй, “А э” ХХК-н нэр дээр газрууд бүртгэлтэй байсан, хариуцагч газрын шилжүүлсэн талаар мөн тайлбар гаргаагүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд “А э” ХХК-д буюу хариуцагчид маргаан бүхий газрын эрхийг түдгэлзүүлэхийг даалгасан.

Иймд одоо Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хянагдаж байгаа дээрх иргэний хэрэгт Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын 1 дүгээр албанаас ирүүлсэн баримтыг үндэслэн захирамж гаргасан тул Э.Цолмон надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

Шүүгч А.Энхжаргал тайлбартаа “... Энэхүү хэрэгт иргэн Д.А-аас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Баянгол, Хан- Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/.... дүгээр захирамжаар “А э” ХХК-ийн газрыг ГД:.... түдгэлзүүлэх байтал миний өөрийн нэр дээр байх ГД.... дугаартай газрын нэгж талбарын ..... буруу бичсэнээр миний газрын эрх түдгэлзээд байна. Иймд алдаагаа хурдан засаж миний нэр дээрх газрын эрх нээж өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргасан.

Уг хүсэлтийг хүлээн авч, хянан үзэхэд Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бурхант /18280/ ЦТП гудамж, ..... тоот хаягт эзэмшиж буй газрын хувийн хэргийг гаргуулахаар Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанд даалгаж шийдвэрлэсэн байна. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас нотлох баримтыг шүүхэд ирүүлжээ.

Улмаар Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас ирүүлсэн баримт болох 1 дүгээр хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ...  шийдвэрийг үндэслэн, нэгж талбарын ..... дугаар бүхий 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Фермер /Бурхантын амны доод үзүүрт/ зориулалтаар эзэмшүүлэхээр “А э” ХХК- д гэрчилгээ олгогдсон байх бөгөөд энэхүү “А э” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэн нэхэмжлэгчийн хүсэлтээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 184/Ш32024/..... дугаар захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бурхантын амны доод үзүүрт байрлах, фермерийн зориулалттай 30000 м.кв талбайтай /газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар ....., нэгж талбарын дугаар .... газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагч “А э” ХХК-д даалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хүсэлт шийдвэрлэсэн Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжийн дагуу Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бурхант /18280/ ЦТП гудамж, .... тоот хаягт эзэмшиж буй газрын хувийн хэрэгт тухайн маргаан бүхий нэгж талбарын ..... дугаар бүхий 30000 м.кв газрыг “А э” ХХК-аас газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэнтэй холбоотой баримтыг Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас шүүхэд ирүүлээгүй буюу үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй, “А э” ХХК-ийн хариу тайлбарт энэ талаар дурдаагүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг зөвхөн нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эд хөрөнгө, үйл ажиллагаатай холбогдуулан авах бөгөөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанд хүргүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 04-176/.... тоот албан бичигт “...шүүгчийн захирамжийн дагуу газрыг улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлж, үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан эсэх талаарх мэдээллийг гэрчилгээний хуулбарын хамт хариу ирүүлнэ үү” гэж дурдсаны дагуу дээрх хоёр байгууллагаас Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, нэгж талбарын ..... дугаар бүхий 30000 м.кв газрын эзэмшигч нь Д.А болохыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Иргэн Д.А-аас Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/.... шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт заасны дагуу хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулахаар хүсэлт гаргасныг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192/Ш32025/..... дугаар захирамжаар хангахаас татгалзсан болно.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно.” гэж зохицуулсан.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 17 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл заалтыг тайлбарлахдаа... “илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно.

“Илт үндэслэл муутай” гарсан гэж үзэж болох шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгож болно. Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх заалт нь илт үндэслэл муутай гарсан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг юуны өмнө тухайн шийдвэрийг гаргасан шүүх бүрэлдэхүүн, шүүгчид өөрсдийн гаргасан алдаагаа засах боломж олгосон зохицуулалт болно гэж тайлбарлажээ.

Өөрөөр хэлбэл, иргэн Д.А нь хүсэлтийн хамт 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээ, Газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагааны хуулбар баримтыг шүүхэд ирүүлсэн ба Газар эзэмших эрхийн гэрчилгээгээр ...нэгж талбарын ...  дугаар бүхий 30000 м.кв газрыг 15 жилийн хугацаатай, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороонд байрлах Фермер /Бурхантын ам/ зориулалтаар эзэмшүүлэхээр гэрчилгээ олгов гэжээ. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/.... шүүгчийн захирамжийн 2 дах хэсэгт газрын байршил, зориулалт, нэгж талбар болон газрын хэмжээ зэргийг заасан байх ба дээрх баримтуудтай харьцуулан үзэхэд үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байна гэж үзэх, мөн хэрэгт авагдсан баримтаар ...... дугаар бүхий нэгж талбарын газар нь иргэн Д.А-ын эзэмшлийнх болох нь үндэслэл бүхий баримтаар нотлогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй гэж үзсэн болно.

Харин иргэн Д.А-аас ирүүлсэн баримтын Газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар болон лавлагаанд заасан гэрчилгээний дугаар хэсэгт заасан тоонууд нь хоорондоо зөрүүтэй байсан.

Түүнчлэн, Д.Т-ын нэхэмжлэлтэй, Л.Э, “А э” ХХК нарт холбогдох хэрэгт тухайн маргаан бүхий газрын талаар талууд маргаж байгаа, нөгөөтээгүүр гуравдагч этгээдийн эзэмшлийн газар болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байхад Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/..... шүүгчийн захирамжийг өөрчлөх, хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй юм.

Мөн хүсэлт гаргагчийн хүсэлтийг ирсэн даруйд нь талуудад шүүгчийн туслахаас утсаар танилцуулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан шүүгчийн захирамжийг өөрчлөхийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо илэрхийлсэн, харин хариуцагчаас маргаан бүхий газрыг худалдсан гэсэн тайлбарыг тус тус гаргасан. Иймээс хүсэлт гаргагчийн хүсэлтийг 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд бодит үйл баримтыг тогтоохын тул талуудад танилцуулж, талуудаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дах хэсэгт зааснаар шинээр баримт шаардлагатай эсэх талаар тодруулсны үндсэн дээр иргэн Д.А-ын гаргасан хүсэлтийг шийдвэрлэх талаар дамжуулан шүүгчийн туслахаас түүнд хэлсэн боловч тэрээр яг одоо хүсэлтийн хариугаа авна гэсэн тайлбарыг амаар гаргасан болно.

2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Т-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөр, эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах" гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хэргийн бус оролцогч Д.А нь хүсэлт гаргасан байна, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр дугаар 184/Ш32024/.... шүүгчийн захирамжаар эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд түдгэлзүүлсэн эрхийг сэргээж, захирамжийг өөрчлөн дуусгавар болгох зүйтэй гэж үзэж байна гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, дээрх шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг дуусгавар болгож, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/Ш32025/.... дүгээр шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж, А.Энхжаргал надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сахилгын хэрэгт авагдсан баримт, холбогдох шүүгчийн тайлбар зэргээр шүүгч нь сахилгын зөрчил гаргасан гэх үйл баримт дараах үндэслэлээр тогтоогдохгүй байна. Үүнд: 

1. Д.Т нь Л.Э, “А э” ХХК-д холбогдуулан талууд гэрээгээр худалдахаар тохиролцсон хөрөнгийг шилжүүлээгүй байгаа тул “Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бурхант /18280/ ЦТП гудамж .... тоот хаягт байрлах үхрийн фермерийн зориулалттай 263.3 м2 талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон 3000 м2 буюу 3 га газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөхийг даалгах” нэхэмжлэлийг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасныг шүүгч Э.Цолмон хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/.... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан хөрөнгийг бусдад шилжүүлэх үйлдэл хийхгүй байхыг даалгах, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийн хүрээнд   шүүгч 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 184/ШЗ2024/.... дугаар захирамжаар, уг эзэмшиж буй газрын хувийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн газар зохион байгуулалтын албанаас гаргуулахаар шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас, хариуцагч “А э” ХХК  Засаг даргын 20211 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн ... дугаар шийдвэрийг үндэслэн, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороонд, .... нэгж талбарын дугаартай 7000 м2 газар болон .... гэх нэгж талбарын дугаартай 3000 м2 газрыг эзэмшиж буй талаар газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг болон холбогдох баримтыг ирүүлснийг үндэслэн, шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/ШЗ2024/.... дүгээр захирамжаар Сонгинохайрхан дүүрэг, 21 дүгээр хороо, Бурхант /18280/ гудамж, .... тоот хаягт эзэмшиж буй үхрийн фермийн зориулалттай 263,3 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг хариуцагчид даалгах хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-т зааснаар Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бурхантын амны доод үзүүрт байрлах, фермерийн зориулалттай 3000 м.кв талбайтай /газар эзэмших эрхийн гэрчилгээний дугаар ...., нэгж талбарын дугаар ..../ газрын эзэмших эрхийг бусдад шилжүүлэхгүй байх, захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байна.

Энэ нь нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалах үүднээс хууль тогтоогчийн хүсэл зоригийн дагуу холбогдох хуульд тусгагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах заалтыг хэрэглэж, эрх бүхий байгууллагаас газрын мэдээллийн лавлагаа гаргуулж, тухайн баримтад үндэслэсэн байх тул Э.Цолмон шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.  

Улмаар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 19429/.... дугаар “Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай” тогтоолоор нэгж талбарын .... дугаартай газрын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрхийг түдгэлзүүлжээ.

2. Шүүх байгуулах хууль хэрэгжсэнтэй холбоотой шүүгч Э.Цолмон адил шатны шүүхэд шилжсэн, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/0000... дугаар зөвлөгөөний тогтоолоор хянан шийдвэрлэж байгаа хэргүүдийг шүүгчдэд хуваарилахад, Д.Т-ын нэхэмжлэлтэй Л.Э, “А э” ХХК-д холбогдох иргэний хэрэг шүүгч А.Энхжаргалд хуваарилагдсан нь тогтоогдоно. 

Хэрэг А.Энхжаргал шүүгчид шилжсэний дараа, иргэн Д.А 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр “А э” ХХК-ийн газрыг түдгэлзүүлэх байтал, миний нэр дээр газрын эрх түдгэлзүүлсэн, захирамжаа өөрчлөх гэх агуулгатай  хүсэлтийг шүүхэд ирүүлсэн.

Тус хүсэлтийг хүлээн аваад, хэргийн оролцогч нарт шүүгчийн туслах мэдэгдэж тэмдэглэл үйлдсэн, үүнд, хариуцагч “тийм хүн над руу холбоо барьж, ярьсан. Тухайн газрыг аль дээр худалдан борлуулсан” гэж хэлсэн тэмдэглэл хэрэгт авагдсан байна.

Хэрэг хянан шийдвэрлэсэн 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд, хариуцагч  “А э” ХХК-ийн төлөөлөгч Л.Э, тус  хүсэлтийн талаар “бүр өмнө А-т шилжсэн байсан. Тухайн үед зөндөө баримт хэрэгт ирсэн байсан ба надтай холбоотой баримтуудыг гаргаж өгсөн байна гэж ойлгосон. Цааш худалдсан гэдэг нь хэрэгтэй хамааралгүй гэж бодсон тул баримт өгөөгүй. Мөн битүүмжлэх арга хэмжээ авагдсан гэдгийг мэдээгүй байсан” гэж тайлбар өгчээ.  

Д.А-ын хүсэлтэд хавсаргасан, Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн А/... дугаар шийдвэрээр, нэгж талбарын ...... дугаартай 3000 га газрыг түүнд эзэмшүүлсэн 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн газрын эзэмших эрхийн гэрчилгээгээр тус газар 2017 онд А-т шилжсэн гэж үзэхээр байх хэдий ч хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгчийн тухайн өдрийн З192/ШЗ2025/... дугаар захирамжид “... Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын Нэгдүгээр албанаас 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 18/.... дугаар албан бичгийн хавсралтаар ирүүлсэн баримт болох хавтаст хэргийн 55 дугаар талд авагдсан “А э” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд үндэслэсэн. ... 184/ШЗ2024/.... дүгээр захирамжийг өөрчлөх илтэд үндэслэл муутай нөхцөл байдал тогтоогдохгүй байна” гэж дүгнэснийг буруутгахгүй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж заасан.

“Илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгох бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 184/Ш32024/..... дүгээр шүүгчийн захирамж нь дээрх хуульд заасан илт үндэслэл муутай гэх шинжийг агуулаагүй гэж шийдвэрлэсэн шүүгч хууль зөрчсөн үйлдэл гаргаагүй байна. 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын өөрийн гаргасан шаардлага болон татгалзлаа нотолсон баримт, тэдгээрийн тайлбар мэтгэлцээнд үндэслэж явагддаг. Хариуцагч нь нэхэмжлэлд дурдсан газраа бусдад худалдсан боловч энэ талаарх баримт болон холбогдох байгууллагаас ирсэн баримттай холбоотой тайлбар өгөөгүй байх тул “... Шүүгч ажилдаа хайхрамжгүй хандаж 3000 м.кв газрын нэгж талбарын дугаарыг буруу бичээгүй, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэр гаргасан тул шүүгч Э.Цолмонг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй. Түүнд холбогдуулан гаргасан өргөдөл үндэслэлгүй ...” гэх илтгэгч гишүүний саналыг хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ. 

Түүнчлэн “... 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч ... нэхэмжлэлийн шаардлагаа “талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт шилжүүлсэн төлбөр, эд хөрөнгийг хариуцагчаас гаргуулах" гэж өөрчилсөн.

Нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөнтэй холбогдуулан хэргийн бус оролцогч Д.А нь хүсэлт гаргасан байна, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 184/Ш32024/.... дүгээр шүүгчийн захирамжаар эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн бөгөөд түдгэлзүүлсэн эрхийг сэргээж, захирамжийг өөрчлөн дуусгавар болгох зүйтэй гэж үзэж байна гэсэн хүсэлт гаргасныг хүлээн авч, дээрх шүүгчийн захирамжаар авагдсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээг дуусгавар болгож, 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 192/Ш32025/.... дүгээр шүүгчийн захирамжийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн болно ...” гэж холбогдох шүүгч тайлбар ирүүлснийг дурдах нь зүйтэй.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн ГС/2025/0077 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Энхжаргал, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Цолмон нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

               ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

             ГИШҮҮД                                          О.НОМУУЛИН

                                                                                  Д.ЭРДЭНЭЧУЛУУН