
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-25
Дугаар 94
Улаанбаатар хот

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямбад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2025/0081 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... Өргөдөлд дурдсан “нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох эрхэд халдах замаар нэхэмжлэгчид заавар, зөвлөгөө өгсөн” гэх үндэслэлийн тухайд:
Шүүгч Б.Отгонбямба нэхэмжлэгч М.Т-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэр хангаагүй байна гэж үзэж, 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2024/... дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжаар шийдвэрлэхдээ “... хариуцагчаар татсан этгээд З.Г нь нэхэмжлэгчийн орон сууц захиалсан “Ш” ХХК-ны захирлаар ажилладаг тухай нэхэмжлэлийн үндэслэлд бичсэн тул түүнийг иргэн хүний хувьд эсхүл “Ш” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд татаж байгаа эсэх талаар тодорхой, ойлгомжтой бичвэл зохино. Хэрэв иргэн хүний хувьд хариуцагчаар татаж байгаа бол энэ тухай үндэслэл нь тодорхой байх шаардлагатай” гэх үндэслэл дурдсан байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэхэмжлэл хүлээн авахаас татгалзах үндэслэл”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө.” гэж хуульчилсан байна.
Иймд шүүгч хуульд заасан дээрх үүргээ хэрэгжүүлж, 155/ШЗ2024/... дугаартай шүүгчийн захирамждаа үндэслэлээ тодорхой дурдаж шийдвэрлэсэн байх тул холбогдох хуульд нийцсэн гэж үзнэ.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч нь иргэн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага байх бөгөөд тэдгээр нь үндсэн шинжээрээ ялгаатай этгээдүүд болохын хувьд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийг зөв тодорхойлох шаардлагатай.
Нэхэмжлэгч хариуцагчаа өөрөө тодорхойлох эрхтэй боловч, хэнд холбогдуулж шаардлага тавьж байгаа нь тодорхой байх ёстой.
Учир нь хариуцагчаар хэн нэгэн этгээдийг тодорхойлсноор тухайн этгээдэд үүрэг үүсгэж, улмаар хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул нэхэмжлэлд хариуцагчийг З.Г /РЭ.../ гэж тодорхойлж, харин нэхэмжлэлийн үндэслэлд “Ш” ХХК-ийн захирал З.Г болон тус байгууллагын нэр бүхий ажилтантай харилцан тохиролцсон гэх байдлаар зөрүүтэй тодорхойлсон байх тул зөрчлийг арилгуулахаар шүүгч захирамж гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх үйл баримтыг нэхэмжлэгчийн эрхэд халдсан, зөвлөгөө өгсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй.
Өргөдлийн “хариуцагч “Ш” ХХК-ийн удирдлагуудыг залилан мэхлэгч мэтээр тайлбарлаж, мөн хэргийн нөгөө талын оролцогчид та нар цагдаагийн байгууллагад хандах ёстой атал яагаад хандаагүй юм гэх байдлаар заавар зөвлөгөө өгч, Шүүхээс гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр байхгүй байхад залилах гэмт хэрэг хийсэн мэтээр ярьсан” гэх үндэслэлийн тухайд:
Сахилгын хэрэгт авагдсан баримт болох маргаан бүхий иргэний хэрэг хянан хэлэлцсэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл болон ch04_2025041533831.mp4 нэршилтэй дуу, дүрсний бичлэгээс үзэхэд тус хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалан явуулж, хуралдаанд нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Б, гэрч Д.Э нар биечлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г цахимаар оролцсон байна.
Харин харин өргөдөл гаргагч “Ш” ХХК-ны захирал З.Г тус шүүх хуралдаанд оролцоогүйг тэмдэглэх нь зүйтэй.
Дурдагдаж буй үндэслэлийг тодруулахаар шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийхэд дараах үйл баримт тогтоогдсон.
Бичлэгийн 00:38:35 Даргалагч: Та нэхэмжлэлдээ Ц гэдэг хүн мөнгө төлөөд орчихсон байна лээ гэж бичсэн байсан. Тэр хүн бас амьдарч байсан юм уу.
00:28:49 Нэхэмжлэгч: Хүн орчихсон байна гэхээр нь очсон чинь Ц гуай орсон байсан бөгөөд би мөнгөө төлөөд орсон. Манай хүү ерөнхий инженер нь гэсэн.
00:39:01 Даргалагч: Энэ 2 тоотод 3 хүнд давхар гэрээ байгуулаад мөнгийг нь авчихсан байсан юм биш үү. Та энийг юу гэж бодож байгаа юм.
00:39:14 Нэхэмжлэгч: Тэгсэн. Ш бол залилангийн асуудалтай. Утсаа ч авахаа болиод надтай ярихаа больсон
00:39:18 Даргалагч: Тэгээд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан уу.
00:39:23: Нэхэмжлэгч: Гаргаагүй
00:39:24 Даргалагч: Яагаад гаргаагүй юм. Энэ чинь 3 хүн залилчихсан байна ш дээ.
00:39:31 Нэхэмжлэгч: Ц түр орсон байгаа. Зохицуулаад өгнөө л гээд намайг хуураад л яваад байсан.
00:39:36 Даргалагч: Таны буруу байна ш дээ. Та явж явж байгаад 2020 оны 3 дугаар улиралд гэрээ байгуулчхаад 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.
00:40:01 Нэхэмжлэгч: Харин тийн
00:40:09 Даргалагч: Та тэгээд цагдаагийн байгууллагад хандахгүй яасан юм. Залилан гэж үзэж байгаа бол. Цагдаагийн байгууллагад хандсан юм байгаа юм уу
00:40:13 Нэхэмжлэгч: Хандаагүй. Түр хүн оруулсан байгаа энээ тэрээ гээд байсан
00:40:28 Даргалагч: Яагаад одоо шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа юм.
00:40:37 Нэхэмжлэгч: Болчих юм байна гэж бодсон. Ахаа та түр хүлээж бай гээд байсан юм. Янз янзаар л ярина л даа.
00:40:55 - 00:43:01 Даргалагч нэхэмжлэгчээс асуулт асууж, нэхэмжлэгч хариулт өгөв.
00:43:02 Нэхэмжлэгч: Ингээд залилан хийгээд яваад байгаа байхгүй юу
00:43:04 Даргалагч: Тэгвэл цагдаад хандахгүй яасан юм
00:43:09 Нэхэмжлэгч: Энэ хүмүүсийг өгчих болов уу гэж харсан... гэсэн нь бичигджээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Т “Ш” ХХК-д холбогдуулан ... сумын ... багийн ... байрны ... тоотын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байна.
Гэтэл Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/... дугаартай шийдвэрээр тус орон сууцны өмчлөгчөөр иргэн М.Д-г тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар хэргийг хэлэлцэх үед талууд тайлбарласан байна.
Холбогдох хууль, тогтоомжид зааснаар шүүгч шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад бүх талаас нь шинжлэн судалж, хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулахаар талуудаас асуулт асуух эрхтэй тул нэхэмжлэгч “... хариуцагч залилан хийгээд яваад байгаа, тухайн тоотын өмчлөгчөөр өөр хүнийг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, мөн өөр хүн тухайн байранд амьдарч байгаа” гэх зэргээр тайлбар хэлсэнтэй нь холбогдуулан тодруулах зорилгоор асуусан гэж үзэхээр байна.
Учир нь Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үед, эсхүл иргэний хэргийг хянан шийдвэрлэж байгаа үед эрүүгийн журмаар тухайн нэхэмжлэлтэй холбоотой хэрэг шалгагдаж байвал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа” бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах буюу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхээр хуульчилсан. Иймд энэхүү үндэслэл үүссэн эсэхийг шүүх тодруулжээ.
Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг тул шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асуусан үйл баримтыг хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй.
Хууль зүйн туслалцааны тухай хуулийн 5 дугаар зүйлд зааснаар хууль зүйн зөвлөгөө өгөх үйлдэл нь хууль зүйн туслалцааны төрөлд хамаарах ба хууль зүйн асуудлаар биечлэн, цахимаар болон харилцаа холбооны хэрэгслээр зөвлөгөө, мэдээлэл өгөх хэлбэртэй байхаар заасан байх тул шүүгчийн дээрх үйлдэл хууль зүйн зөвлөгөө өгсөн идэвхтэй үйлдэлд хамаарахгүй байна.
Гэсэн хэдий ч шүүгч хэргийн оролцогчид аливаа байдлаар буруу ойлгогдох үг, үйлдэл гаргахгүй байхад анхаарах шаардлагатай.
Иймд дээрхийг нэгтгэн дүгнэвэл Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.” гэжээ.
Холбогдох шүүгч Б.Отгонбямба Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“1. Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох, “... аймгийн ... сумын ... багийн ... байрны ... давхрын ... тоотод байрлах, 54.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” нэхэмжлэгч М.Т-ийн нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан “Шүүхэд хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах, хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох журам”-д заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр шүүгч Б.Отгонбямба надад хуваарилагджээ.
Би эрүүл мэндийн шалтгаанаар яаралтайгаар өвчний онош тодруулах шаардлагаар Улаанбаатар хотод байрлах Хавдар судлалын эмнэлэгт үзүүлсэн бөгөөд энэ хугацаанд тус хэргийг дээрх шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор баталсан журамд зааснаар шүүгч С.Оюунжаргалд шилжүүлж, “шийдээгүй тохиолдолд тухайн шүүгчид буцаан шилжүүлнэ” гэсэн үндэслэлээр миний бие хэргийг хүлээн авч, хянан шийдвэрлэсэн.
2. Гомдолд “... шүүх хуралдаанаар хэлэлцэх явцдаа Ерөнхий шүүгч Б.Отгонбямба нь удаа дараа хариуцагч “Ш” ХХК-ийн удирдлагуудыг залилан мэхлэгч мэтээр тайлбарлаж, мөн хэргийн нөгөө талын оролцогчдод та нар цагдаагийн байгууллагад хандах ёстой атал яагаад хандаагүй юм гэх байдлаар заавар зөвлөгөө өгч, шүүхээс гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр байхгүй байхад залилах гэмт хэрэг хийсэн мэтээр ярьсан ... энэхүү ёс зүйн зөрчил буюу алдаа нь Шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9 дэх заалтыг зөрчин шүүх хуралдааны явцад бусдад зөвлөгөө заавар өгсөн. 50.1.23 дахь хуулийн илт тодорхой заалт зөрчих гэх заалтыг зөрчин ёс зүйгүй үйлдэл гаргасан ..." гэжээ.
Тус иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 320/ШШ2025/... дүгээр шийдвэрээр хянан шийдвэрлэсэн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Б, цахимаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нар оролцсон. Өөрөөр хэлбэл, “Ш” ХХК-ийн захирал З.Г шүүх хуралдаанд оролцоогүй.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т “Надтай гэрээ байгуулсан орон сууцны ... тоотыг өөр 2 хүнд давхар гэрээ байгуулж мөнгө авсан байсан. Намайг хуурч мэхлээд, залилаад, удахгүй бүтээж өгнө гэж хэлсээр өдий хүрсэн” гэж тайлбарлаж байсан тул түүнээс энэ тухай хуулийн байгууллага, цагдаагийн байгууллагад хандсан эсэх талаар тодруулж асуусан. Тухайн асуулт энэ хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, шаардлагатай байсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 89 дүгээр зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хэргийн оролцогчид эрх, үүргээ хэрэгжүүлэх, мэтгэлцэх зарчмыг хангаж явуулсан.
3. Гомдолд “... Нэхэмжлэгч М.Т нь 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр анх маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргахдаа хариуцагчаар З.Г-г ... тодорхойлж байдаг. Гэтэл шүүгч Б.Отгонбямба нь 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар шүүгчийн захирамжид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3 буюу илтэд үндэслэлгүй заалтыг баримтлан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахдаа ... татгалзсан захирамжийн үндэслэлээ “нэхэмжлэгч нь хариуцагчаар З.Г гэж бичихдээ “Ш” ХХК-ийн захирал гэж бичсэн нь З.Г-г иргэний хувьд хариуцагчаар татаад байна уу эсхүл хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд хариуцагчаар татаж байна уу гэдэг нь ойлгомжгүй байх тул тодруулах шаардлагатай” гэжээ. Угтаа нэхэмжлэгч нь иргэн З.Г-г хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэлийнхээ хариуцагч хэсэгт түүний мэдээллийг бичсэн бөгөөд хариуцагч хэсэгт огт ”Ш” ХХК-ийн захирал З.Г гэж бичээгүй нь нэхэмжлэгчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчаа тодорхойлох үндсэн эрх юм. Тийм атал шүүгчийн зүгээс нэхэмжлэгчийн уг эрхэд халдах замаар нэхэмжлэгчид заавар, зөвлөгөө өгсөн үйлдэл нь шүүгчийн хуульд захирагдаж, төвийг сахих зарчмаа зөрчин илтэд нэг талд үйлчилсэн, заавар зөвлөгөө өгсөн гэх үндэслэл юм. Иймд шүүгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн гэх заалтад хамаарч байх тул гомдол дурдсан баримтуудыг шалган хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хариуцагч З.Г-д холбогдуулан ... аймгийн ... сумын ... багийн ... байрны ... давхрын ... тоотод байрлах, 54.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч М.Т гаргажээ.
Дээрх нэхэмжлэлд хариуцагчаар З.Г-г тодорхойлсон мөртөө нэхэмжлэлийн үндэслэлд “... тоот регистртэй, ... тоот улсын бүртгэлтэй “Ш” ХХК-ийн захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нартай харилцан тохиролцож 1 м.кв талбайн үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон, 54.2 м.кв-ийн үнэ 59,620,000 төгрөгөөр бодож, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг харилцагч Голомт банкны ... тоот дансанд шилжүүлж өгсөн ...” гэж бичсэн байсан.
“Хариуцагчаар татсан этгээд З.Г нь нэхэмжлэгчийн орон сууц захиалсан “Ш” ХХК-ийн захирлаар ажилладаг тухай нэхэмжлэлийн үндэслэлд бичсэн тул түүнийг иргэн хүний хувьд эсхүл “Ш” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд татаж байгаа эсэх талаар тодорхой, ойлгомжтой бичвэл зохино. Хэрэв иргэн хүний хувьд хариуцагчаар татаж байгаа бол энэ тухай үндэслэл нь тодорхой байх шаардлагатай ...” гэж дүгнээд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-д заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 65.1.11-д "энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” гэж зааснаар хүлээн авахаас татгалзсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т "Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэж заасан заалтыг хэрэгжүүлж, зөрчлөө засахыг шүүгчийн захирамжид тайлбарласан байна.
Энэ нь “нэхэмжлэгчид хариуцагчаа тодорхойлох үндсэн эрхэд халдах замаар нэхэмжлэгчид заавар, зөвлөгөө өгсөн үйлдэл” болохгүй. Тодруулбал шүүх хуульд заасан үүргээ хэрэгжүүлсэн.
Иймд З.Г-ийн гаргасан гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч “Ш” ХХК-ийн захирал З.Г-с гаргасан Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямбыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9, 50.1.23 дахь заалтыг зөрчсөн гэх өргөдлийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ГЗҮ/2025/0062 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
М.Т-с “Ш” ХХК-д холбогдуулан “... аймгийн ... сумын ... багийн ... байрны ... давхрын ... тоотод байрлах, 54.2 м.кв талбайтай хоёр өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Б.Отгонбямбад хуваарилагдсаны дагуу иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус иргэний хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, 320/ШШ2025/... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас орон сууцны урьдчилгаа төлбөрт төлсөн 20,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн байна.
Нэг. “... нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох эрхэд халдах замаар нэхэмжлэгчид заавар, зөвлөгөө өгсөн ...” гэх тухайд,
М.Т-с З.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д заасны дагуу шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 155/ШЗ2024/... дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн дээрх ажиллагааг хууль зөрчсөн зөрчилд тооцохгүй бөгөөд энэ талаар илтэгч гишүүний “... хариуцагчаар хэн нэгэн этгээдийг тодорхойлсноор тухайн этгээдэд үүрэг үүсгэж, улмаар хууль зүйн үр дагавар үүсгэдэг тул нэхэмжлэлд хариуцагчийг З.Г гэж тодорхойлж, харин нэхэмжлэлийн үндэслэлд “Ш” ХХК-ийн захирал З.Г болон тус байгууллагын нэр бүхий ажилтантай харилцан тохиролцсон гэх байдлаар зөрүүтэй тодорхойлсон байх тул зөрчлийг арилгуулахаар шүүгч захирамж гаргасан нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчөөгүй байх бөгөөд дээрх үйл баримтыг нэхэмжлэгчийн эрхэд халдсан, зөвлөгөө өгсөн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, нэхэмжлэлийн үндэслэлд “... “Ш” ХХК-ийн захирал З.Г, ерөнхий менежер Д.Э нартай харилцан тохиролцож 1 м.кв талбайн үнэ 1,100,000 төгрөгөөр тооцон, 54.2 м.кв-ийн үнэ 59,620,000 төгрөгөөр бодож, урьдчилгаа 20,000,000 төгрөгийг харилцагч Голомт банкны ... тоот дансанд шилжүүлж өгсөн ...” гэж бичсэн бөгөөд үүнийг шүүгч “... Хариуцагчаар татсан этгээд З.Г нь нэхэмжлэгчийн орон сууц захиалсан “Ш” ХХК-ийн захирлаар ажилладаг тухай нэхэмжлэлийн үндэслэлд бичсэн тул түүнийг иргэн хүний хувьд эсхүл “Ш” ХХК-ийг төлөөлөх эрхтэй этгээдийн хувьд татаж байгаа эсэх талаар тодорхой, ойлгомжтой бичвэл зохино. Хэрэв иргэн хүний хувьд хариуцагчаар татаж байгаа бол энэ тухай үндэслэл нь тодорхой байх шаардлагатай ...” гэж дүгнээд хүлээн авахаас татгалзжээ.
Гэвч нэхэмжлэгч хариуцагчийг зөв тодорхойлж чадаагүй буюу нэхэмжлэлийн шаардлагыг хуулийн этгээд, иргэний аль нэгт холбогдуулан гаргасан нь ойлгомжгүй тохиолдолд үүнийг шүүх тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д заасан зохицуулалттай нийцэхгүй тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3-т заасан хариуцагчаа тодорхойлон нэхэмжлэлдээ тусгахыг нэхэмжлэлийн бүрдүүлбэрт хамааруулан хуульчилж, хэрэв хуулийн шаардлагыг хангаагүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар заасан байна.
Нэхэмжлэгч нь “Ш” ХХК-иас орон сууц захиалж, урьдчилгаа төлбөрийг шилжүүлсэн гэх үйл баримтын талаар нэхэмжлэлдээ дурдсан ч хариуцагчаа иргэн З.Г гэж зөрүүтэй байдлаар тодорхойлсон тул орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэнд холбогдуулан гаргаж байгаа нь тодорхой бус үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн үйлдлийг буруутгах боломжгүй.
Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т "Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэж заасны дагуу дээр дурдсан үндэслэлээр зөрчлөө засахыг шүүгчийн захирамжид тайлбарласныг нэхэмжлэгчийн хариуцагчаа тодорхойлох эрхэд халдаж, заавар, зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй.
Учир нь иргэний хэргийн шүүх нь аливаа этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж, уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах замаар мэдүүлсэн маргааныг хянан шийдвэрлэх бөгөөд шүүгч Б.Отгонбямба нь хуульд заасан үүргээ биелүүлж, хариуцагчаар тодорхойлсон З.Г нь иргэн хүний хувьд бус “Ш” ХХК-ийн захирлынхаа хувьд өөрийн компанийн барих орон сууцыг худалдахаар нэхэмжлэгчтэй тохиролцсон талаар нэхэмжлэлийн үндэслэлд бичсэнийг дурдаад хариуцагчаа зөв тодорхойлох талаар тайлбарласныг хууль зүйн зөвлөгөө өгсөн, хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Хоёр. “... хариуцагч “Ш” ХХК-ийн удирдлагуудыг залилан мэхлэгч мэтээр тайлбарлаж, мөн хэргийн нөгөө талын оролцогчид та нар цагдаагийн байгууллагад хандах ёстой атал яагаад хандаагүй юм гэх байдлаар заавар зөвлөгөө өгч, Шүүхээс гэм буруутай болохыг тогтоосон шийдвэр байхгүй байхад залилах гэмт хэрэг хийсэн мэтээр ярьсан ...” гэх тухайд,
Тус иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч М.Т, түүний өмгөөлөгч Б.Б, гэрч Д.Э нар биечлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г цахимаар оролцжээ.
Тухайн өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 155/ШШ2024/... дугаартай шийдвэрээр маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр иргэн М.Д-г тогтоож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болсон талаар хэргийн оролцогчдоос тайлбарлаж, нэхэмжлэлд тус орон сууцанд Ц гэх хүн мөнгө төлж орсон гэж дурдсан тул энэ талаар нэхэмжлэгчээс тодруулах үед “хариуцагч залилан хийгээд яваад байгаа” гэх тайлбарыг хэлсэн, үүнтэй холбогдуулан шүүгч нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад хандсан эсэхийг тодруулан асуусан нь тусгагджээ.
Энэ талаар илтгэгч гишүүний “... Шүүгч хэрэгт цугларсан нотлох баримт нэг бүрийн нотолгооны ач холбогдол, нотлох чадвар, харилцан хамаарал, талуудын тайлбар, мэдүүлэг, мэтгэлцээнд тулгуурлан болж өнгөрсөн үйл явдлыг сэргээн тогтоох ажиллагаа явуулсны эцэст бүрэн дүүрэн үнэлэлт, дүгнэлт өгөх, шийдвэр гаргах эрх хэмжээг хуулийн дагуу эдэлдэг тул шүүх хуралдааны явцад хэргийн оролцогчоос асуулт асуусан үйл баримтыг хууль зүйн зөвлөгөө өгсөн гэж үзэхгүй ...” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй байна.
Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж зааснаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед талуудаас асуулт асууж, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судалж, өөрийн дотоод итгэлээр үнэлэн шийдвэр гаргах нь шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрх бөгөөд тус орон сууцыг худалдахаар хэд хэдэн хүнтэй гэрээ байгуулсан гэх үйл баримт шүүх хуралдааны явцад хэлэлцэгдсэнийг нэхэмжлэгч залилах гэмт хэрэг гэж үзэж эрүүгийн журмаар шалгуулсан эсэхийг тодруулсан гэж үзэхээр байна.
Мөн илтгэгч гишүүний саналд дурдсанчлан, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.9-д заасан хууль зүйн зөвлөгөө өгөх үйлдэл нь хууль зүйн туслалцааны төрөлд хамаарах ба шүүгчийн дээрх үйлдлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нөхцөл байдал үүссэн эсэх, өөр бусад этгээдүүдийн эрхийг зөрчихгүй байх зэрэг орон сууцны өмчлөгчөөр тогтоох маргааныг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой үйл баримтыг тодруулахад чиглэсэн гэж үзэх тул нэхэмжлэгчид хууль зүйн туслалцаа үзүүлсэн үйлдэлд хамаарахгүй.
Иймд, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ГС/2025/0081 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямбад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН ДАВХАРБАЯР
О.НОМУУЛИН