
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-23
Дугаар 88
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Тус хуралдаанаар “Г б” ХК-ийн өргөдлөөр, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0063 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“... Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/Ш32025/000... дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч “О т” ХХК-аас ирүүлсэн хүсэлтийг хангаж, шүүгч өөрийн гаргасан 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно” гэж, мөн хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно” гэж тус тус заажээ.
Уг хуулийн зохицуулалтуудыг Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаар тогтоолоор тухайн захирамж, тогтоолыг гаргасан шүүгч, шүүх бүрэлдэхүүнд өөрөө алдаагаа залруулах, илтэд үндэслэл муутай эрхийн актаа өөрчлөх, хүчингүй болгох боломж олгосон зохицуулалт гэж тайлбарласан байна.
Дээрх тогтоолын 3.2-т “Хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан “илт үндэслэл муутай”, “тухайн шүүх бүрэлдэхүүн, шүүгч”” гэж, 5.2-т ““илт үндэслэл муутай” гэдэг нь тухайн шийдвэр үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно. “Илт үндэслэл муутай” гарсан гэж үзэж болох шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг хэргийн оролцогч хүсэлт гаргасан эсэхээс үл хамаарч шүүгч, шүүх бүрэлдэхүүн залруулж, өөрчилж эсхүл хүчингүй болгож болно.” гэж, мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх үр дагавартай, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх учиртай тул захирамж, тогтоолыг өөрчлөх, хүчингүй болгох эрх хэмжээ нь шүүхийн шийдвэр тогтвортой байх зарчмаар хязгаарлагдана. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг дээр дурдсан техникийн болон утга найруулгын алдаатай гарсныг зарчмын хувьд хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу хянаж болно гэж тайлбарлажээ.
Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн нь зохигчид анх эвлэрлийн гэрээ байгуулж, түүнийг баталгаажуулсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсны дараа, иргэний нэхэмжлэгч, төлбөр авагчийн хүсэлтээр албадан гүйцэтгүүлэх захирамж, гүйцэтгэх хуудсыг шүүхээр бичүүлэлгүй өөрсдөө шийдвэрийг сайн дураар биелүүлэх явцад гэрээгээр шилжүүлэхээр тохиролцсон эд хөрөнгийн талаар хожим үүссэн үл ойлголцол, түүнтэй холбоотой маргааны улмаас иргэний хэргийн хариуцагч буюу төлбөр төлөгчийн хүсэлтээр тухайн захирамжид өөрчлөлт оруулсан үйлдэл нь дээрх илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөнд тооцогдоно. Гэвч сахилгын хэргийн холбогдогч шүүгч нь урьд нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх сахилгын хорооны магадлал гарсан талаар нь тус хорооны мэдээлэл, лавлаанаас тодруулахад бүртгэгдээгүй тул тухайн зөрчлийг удаа дараа гаргасан гэж үзэхгүй.
Түүнчлэн, 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” ... дугаар шүүгчийн захирамжид, хариуцагчийн хүсэлтээр өөрчлөлт оруулсан 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/Ш32025/000... дугаар шүүгчийн захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” 312/ШТ2025/000... дугаартай шүүхийн тогтоолоор “...шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд дээрх захирамжийн өөрчлөлт оруулах үндэслэл нь дээрх үндэслэлд хамаарахгүй байхад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан нь буруу” гэж дүгнэж хүчингүй болгосноор бусдын эрх ашиг хөндөгдөөгүй буюу хортой үр дагавар үүсээгүй байна.
Түүнчлэн, сахилгын хороо шүүгчийн дээрх үйлдэлд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сахилгын хэрэг үүсгэхээс өмнө шүүх өөрөө алдааг залруулж, сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл, түүнд бичигдсэн нөхцөл байдал арилсан байгаа нь тухайн сахилгын зөрчилд тооцогдох үйлдлийг ноцтой гэж үзээгүй болно.
Мөн өргөдөлд дурдсан үйл баримтуудыг тодруулахаар гэрчээс мэдүүлэг авахад гэрч Д.М мэдүүлэгтээ “... 2014 оны захирамжид 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаартай 3-4 удаа хүчингүй болгуулах хүсэлтүүдийг гаргаж байсан. Тэр хүсэлтүүдийг шүүгч хүлээж авч байгаагүй. Хүсэлтүүдийг хүлээж авч байгаагүй шийдвэртэй холбоотой тухайн шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдуулан манай зүгээс Шүүхийн сахилгын хороонд гомдол гаргаж байсан. Барилгыг бидний зөвшөөрөлгүй н.Г гэдэг хүнд зарсан шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоотой маргаан үүссэн. Бидний зүгээс хуульчдын багаа солиод тухайн захирамжид хэсэгчилсэн өөрчлөлт оруулах боломжтой юм байна гэж үзэж дахин хүсэлтийг би албан бичгээр хүргүүлсэн. ... Шүүгчтэй биечлэн тусдаа уулзаж байгаагүй, тухайн үед шүүхэд захирамжийг хүчингүй болгуулах, өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг “О т” ХХК-ийн төв байгууллагаас Эрдэнэт хот дахь 2 дахь салбар луу явуулж, уг хүсэлтүүдийг тухайн салбарын ажилтнууд шүүхэд хүргэж өгдөг байсан. Уг захирамжид өөрчлөлт оруулахад шүүх хуралдаан хийгээгүй учир биечлэн оролцоогүй. Иймд тухайн шүүгчтэй биечлэн очиж уулзаж байгаагүй. ... Маргаад байгаа н.Г-ын оффисыг 2024 онд хүлээлгэж өгсөн байдаг. Харин тухайн шүүгчийн эвлэрэл баталсан захирамжтай холбоотой гүйцэтгэх хуудас бичигдээгүй. ... Тухайн үед байсан өмгөөлөгч Д.Н нь тус иргэний хэргийн анхны эвлэрлийн гэрээнд оролцож байсан бөгөөд тэрнээс өөрөөр оролцож байсан зүйл байхгүй. Өөрчлөлт оруулах хүсэлтүүдийг компанийн захирлын албан бичгээр дангаараа гарын үсэг зурж гаргаж байсан ...” гэж мэдүүлсэн.
Тухайн иргэний хэрэгт “О т” ХХК-ийн зүгээс 2022 оноос хойш гаргаж байсан хүсэлтүүдийг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй холбоотойгоор Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа нарт холбогдуулан өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүнээс 2024 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ГНД/2023/0025 дугаартай “Нэр бүхий шүүгч сахилгын зөрчил гаргасныг нотлох дүгнэлт, зарим шүүгчийн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” бичсэнийг Сахилгын хорооны хуралдаанаар хянан хэлэлцээд 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн СХМ/2024/0126 дугаартай магадлалаар нэр бүхий шүүгч нарт холбогдох дүгнэлтийг хүчингүй болгож, дээрх шүүгч нарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр болжээ. Дээрхээс дүгнэвэл, шүүгч Б.Бямбасүрэн нь хэргийн оролцогчийн нөлөөнд орж бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Иймд Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнгийн гаргасан зөрчил нь ноцтой, удаа дараа байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь хэсэгт заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах”, мөн хуулийн 50.1.1 дэх хэсэгт “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэснийг тус тус зөрчөөгүй гэж үзэж холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.
Гэхдээ сахилгын хэргийн оролцогч нь дахин хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулахыг анхааруулж байна.
Сахилгын хэргийн оролцогч нар нь дахин хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн тохиолдолд сахилгын зөрчилд тооцогдохыг анхаарах нь зүйтэй.” гэжээ.
Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн тайлбартаа “... Нэхэмжлэгч “Г б”, хариуцагч “О т” ХХК нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсныг шүүх Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д "Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган түүнийг 2 тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэж заасны дагуу шүүгчийн захирамжаар баталгаажуулж шийдсэн болно.
Гэтэл талууд шүүхийн өмнө байгуулсан, шүүхийн баталсан эвлэрлийн гэрээнийхээ үүргийг биелүүлээгүй. Удаа дараа захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлт гаргаж байгаа явдал нь шүүгч талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг олон талаас нь нягт хянаж үзэх шаардлагатай байжээ. Ер нь эвлэрлийн гэрээг батлахаас татгалзаж, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэх ёстой байсан байна гэдэг дүгнэлтэд хүргэсэн.
Тийм учраас урьд нь гаргасан захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтүүдийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэж байсан бол энэ удаад эвлэрлийн гэрээгээр тохиролцсон тохиролцоо, бие биеийнхээ өмнө харилцан хүлээсэн үүрэг хэрхэн биелэгдсэн яагаад хэрэгжихгүй байгаа шалтгаантай сайтар танилцахаар шийдсэн.
Ингээд Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ, 11.2 Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл журмын дагуу албадан гүйцэтгэнэ гэж заасны дагуу шүүхийн шийдвэр заавал биелэгдэх нөхцөлийг хангах, шүүхээс баталгаажуулсан тохиролцоо хэрэгжих ёстой гэж үзсэн тул “О т” ХХК-ийн хүсэлтийг хүлээж авч захирамжид өөрчлөлт оруулсан.
Урьд нь “О т” ХХК нь захирамжийг бүхэлд нь хүчингүй болгуулах хүсэлтийг удаа дараа гаргаж байсныг хүлээж авах боломжгүй байсан. Учир нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг баталгаажуулсан захирамжийг хүчингүй болгосноор засаж залруулах боломжгүй үр дагавар үүсэх байсан учраас хүсэлтийг хангахаас татгалзаж байсан.
Харин сүүлийн хүсэлт бол захирамжид өөрчлөлт оруулах хүсэлт байсан бөгөөд үндэслэл шалтгааныг дэлгэрэнгүй тайлбарлаж холбогдох баримтуудыг ирүүлсэн байсан. Ингээд талуудын эрх ашгийг дэнслэн үзсэний үндсэн дээр хүсэлтийг хүлээж авч захирамжид өөрчлөлт оруулсан.
Ингэснээр талуудын хооронд байсан тодорхойгүй байдлыг тодруулж эвлэрлийн гэрээ биелэгдэх боломжийг хангасан гэж үзэж байна. Энэ бол эвлэрлийн гэрээг баталгаажуулсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа харилцаа учраас удаан хугацаа өнгөрсөн хэдий ч эргэж авч үзэж болохгүй гэсэн тийм зүйл байгаагүй. Нөгөө талаар шүүгчийн захирамжаар баталгаажуулсан харилцаа дуусгавар болоогүй, шүүхтэй холбоотойгоор үргэлжилсээр байгаа харилцаа юм.
Миний бие захирамжийг эргэж авч үзэхдээ аль нэг талын нөлөөнд автаагүй, “Г б” ХК болон “О т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай биечлэн уулзаж байгаагүй, хэнийг нь ч танихгүй, ямар нэгэн харилцаа холбоо байхгүй билээ.
Энэхүү 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2025/000... дугаартай захирамжид “Г б” ХК гомдол гаргаснаар уг захирамж хүчингүй болсон байна. Иймд захирамжийн улмаас ямар нэгэн үр дагавар үүсээгүй.
Газрын маргааны тухайд талууд 2014 оны Эвлэрлийн гэрээний 2.2.1-д “... үл хөдлөх эд хөрөнгийг, доорх газрын хамт ...” гэснийг тайлбарлуулах “О т” ХХК-ийн хүсэлтийг хангаж “... үл хөдлөх хөрөнгийг орон сууц гараашны зориулалттай барилгын суурийн хэмжээний доорх газрын хамт ойлгоно ...” хэмээн тайлбарласан нь хуулийн заалтыг зөрчсөн тухай гомдлын хувьд .... дугаартай захирамж аль хэдий нь биелэгдсэн гэж бичсэн нь үндэслэлгүй.
Талууд 2014 оны эвлэрлийн гэрээндээ газрын асуудлыг “доорх газрын хамтаар шилжүүлнэ” гэж тохиролцож шүүгчийн захирамжаар баталгаажуулсан. Энэ тохиролцоогоо талууд биелүүлээгүй байсан. Иймд эвлэрлийн гэрээнд тохиролцсоныг өөр байдлаар тайлбарлаагүй, доорх газар гэдэг утгаас нь хазайхгүйгээр тодруулга хийсэн болно. Энэ маргаан одоо Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар гомдол гаргагч дурдсан байна. Ингэснээр шүүхийн шийдвэрээр эвлэрлийн гэрээнд заасан газрын талаарх тохиролцоо шийдвэрлэгдэнэ гэж үзэж байна.
Иймд гаргасан тайлбар болон холбогдох бусад баримтууд, захирамж хүчингүй болсон, ямар нэгэн үр дагавар хохирол учраагүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж надад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Г б” ХК-аас, Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдуулж гаргасан өргөдлөөр, илтгэгч гишүүний сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн ГЗТ/2025/0019 дүгээр захирамжийг гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн СХТ/2025/0028 дугаар тогтоолоор хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэжээ.
Илтгэгч гишүүний сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хэлэлцэн, саналыг бүхэлд нь хүлээж авахаар шийдвэрлэв.
Сахилгын хэрэг дэх баримтаар, “Г б” ХК-аас, “О т” ХХК-д холбогдуулж, Сум дундын 14 дүгээр шүүхэд 2014 оны 05 дугаар сарын 08-ны өдөр
- “... барьцааны гэрээ ..., зээлийн гэрээ болон банкны баталгааны гэрээний төлбөрт 19,420,167,889.65 төгрөгийг “Г б” ХК-д олгуулах,
- Барьцаа хөрөнгүүдийг хууль тогтоомжийн дагуу худалдсан үнэ нь Зээлийн гэрээнүүдийн төлбөрт хүрэлцэхгүй бол зээлдэгчийн бусад хөрөнгөнөөс хангуулах” гэсэн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэж,
- талууд 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүргийг биелүүлэх, хэлбэр, нөхцөлийн талаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг байгуулсныг, шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар батлан, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Гэтэл “О т” ХХК Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр,
- “... “Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг
сунгах тухай гэрээ” нь Эвлэрлийн гэрээний нэг бүрдэл хэсэг болохыг тогтоож, ... захирамжид нэмэлт өөрчлөлт оруулах”,
- эвлэрлийн гэрээний 2.2.1-д дурдсан ... гэдгийг ... гэж ойлгоно гэсэн
тайлбарыг бичгийн хэлбэрээр гаргах,
- шийдвэр гүйцэтгэлийн хугацааг ... сэргээх,
- эвлэрлийн гэрээний дагуу “О т” ХХК-ийн эдлэх эрх, уг эрхийг хангах
“Г б” ХК-ы зэргийг тодорхой тусгай, эдгээр эрх, үүргийг хангах арга, журмыг … тодорхойлж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх баримт бичиг бичиж өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан, шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 142/ШЗ2025/000... дугаар захирамжаар,
- Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжийн 1 дэх заалтад “... нэхэмжлэгч “Г б” ХК 19,420,167,899,65 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа 299,761,238,77 төгрөгөөр бууруулж, хариуцагч “О т” ХХК-аас 19,120,406,650,88 төгрөгийг 2014 оны 06 сарын 30-ны дотор, төлж барагдуулахаар, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж 48.629.394.73 төгрөгийг 2014 оны 06 сарын 30-ны дотор нэхэмжлэгчид төлөх, мөн ... зээлийн болон барьцааны гэрээний үүргийн гүйцэтгэлийг Эвлэрлийн гэрээний 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.5.1-2.5.15-д заасан хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан №ГБ-2017/65 дугаартай “Эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг сунгах гэрээ”-ний 2.6-д заасны дагуу эскроу дансанд хуримтлагдсан 963,603,206.23 төгрөгт ногдох талбай болон Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Олимпын гудамж-12,... тоот хаягт байршилтай, 3792.85 м.кв талбай бүхий орон сууц, 84.94 м.кв талбайтай гараашны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн ханшийг тогтоож, хариуцагчаас төлөгдсөн төлбөрийг нийт үнийн дүнгээс хасаж, төлөгдсөн төлбөрт харгалзах талбайн хэсгийг тус тус хариуцагчид буцаан олгохыг “Г б” ХК-д даалгасугай ...” гэж өөрчлөлт оруулж,
- захирамжийн 2 дахь заалтаар, Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжид “доорх газрын хамт” гэдгийг “... үл хөдлөх хөрөнгийг орон сууц, гараашийн зориулалттай барилгын суурийн хэмжээний доорх газрын хамт” гэж ойлгохыг дурдаж шийдвэрлэсэн, энэ үйл баримттай холбогдох өргөдлөөр, сахилгын хэрэг үүсгэн шалгажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, үүнээс өмнө “О т” ХХК-аас удаа дараа, дээрх 2014 оны ... дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж, түүнийг шийдвэрлэсэн байх ба үүнд:
- шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас захирамжийг хянуулах хүсэлтийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 142/ШТ2022/000... дүгээр тогтоолоор хангахаас татгалзсан,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар захирамжийг хүчингүй болгуулах тухай хүсэлтийг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн 142/ШЗ2022/0.... дугаар захирамжаар хангахаас татгалзсан, уг 142/ШЗ2022/0.... дугаар шүүгчийн захирамжид гомдол гаргаж, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 132/ШТ2022/000.... дүгээр тогтоолоор гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн,
- мөн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1-д заасан үндэслэлээр .... дугаар захирамжийг хүчингүй болгуулах гомдлыг Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 142/ШЗ2024/0.... дүгээр захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, эдгээр шийдвэрүүд хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Харин энэхүү дээр дурдсан шүүхийн шийдвэр, мөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт “О т” ХХК-ийн өргөдөлтэй, Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн, шүүгч Б.Хишигдаваа, Б.Дэлгэрцэцэг, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа нарт холбогдох сахилгын хэрэгт авагдан судлагдсан, Сахилгын хорооны 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуралдааны СХМ/2024/0126 дугаар магадлалаар сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дүгнэлт өгсөн болохыг дурдаж байна.
Илтгэгч гишүүн, холбогдох шүүгчийн 2014 оны ... дугаар захирамжид өөрчлөлт оруулж, талуудын байгуулсан эвлэрлийн гэрээг тайлбарлан захирамж гаргасан үйлдлийг “... Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнгийн ... захирамжид өөрчлөлт оруулсан үйлдэл нь илт тодорхой хуулийн заалтыг зөрчсөнд тооцогдоно. Гэвч сахилгын хэргийн холбогдогч шүүгч нь урьд нь хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэх сахилгын хорооны магадлал ... бүртгэгдээгүй тул тухайн зөрчлийг удаа дараа ... гэж үзэхгүй ... Түүнчлэн, сахилгын хороо шүүгчийн дээрх үйлдэлд 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр сахилгын хэрэг үүсгэхээс өмнө шүүх өөрөө алдааг залруулж, сахилгын хэрэг үүсгэсэн үндэслэл, түүнд бичигдсэн нөхцөл байдал арилсан байгаа нь тухайн сахилгын зөрчилд тооцогдох үйлдлийг ноцтой гэж үзээгүй болно ...” гэж дүгнэснийг үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 123.1-д заасны дагуу гаргасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж илт үндэслэл муутай бол тухайн шүүх бүрэлдэхүүн тогтоол, шүүгч захирамж гарган хүчингүй болгох, эсхүл өөрчилж болно”, мөн хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсэгт “Шаардлагатай тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийн оролцогчийн хүсэлтээр гагцхүү уг шийдвэрийг биелүүлж эхлэхээс өмнө түүний хууль зүйн үндэслэлийг аман, эсхүл бичгийн хэлбэрээр тайлбарлаж болно” гэж заасан.
Холбогдох шүүгч нь талуудын хооронд 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан эксроу дансны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн эвлэрлийн гэрээг хэрэгжүүлэх, хөрөнгө буцаан худалдан авах хугацааг сунгахаар байгуулсан гэрээг 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээтэй холбон 2014 оны захирамжид 2024 онд өөрчлөлт оруулж, гэрээний заалтад тайлбар хийсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн байна.
Монгол Улсын дээд шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23 дахь заалтыг тайлбарлах тухай” 28 дугаар тогтоолд, “... процессын хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчих гэдэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч хуулиар хүлээлгэсэн үүрэг, хориглосон заалтыг зөрчсөн, хэрэгжүүлэх ёстой үүргээ хэрэгжүүлээгүй, эсхүл өөрт олгогдсон эрхээ хэтрүүлсэн, буруу хэрэгжүүлсний улмаас хэргийн оролцогчийн хэн нэгэнд илт ашигтай байдал бий болсон, ... хэргийн оролцогчийн үндсэн эрх ноцтой зөрчигдөхөд хүргэсэн үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно ...” гэж тайлбарлажээ.
Сахилгын хорооны гомдол хэлэлцсэн 2025 оны 03 дугаар сарын 31-ны өдрийн 28 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэхийн өмнө шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 50 дугаар захирамжийг гомдлын хуралдаанаар хэлэлцэн, 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 312/ШТ2025/... дугаар тогтоолоор, “... 2016 ..., 2017 оны ... гэрээг Сум дундын 14-р шүүхийн шүүгчийн 2014 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн .... дугаар захирамжаар баталгаажуулсан Эвлэрлийн гэрээний нэг бүрдэл хэсэг болохыг тогтоож, өөрчлөлт оруулсан нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Улсын дээд шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ны өдрийн 17 дугаартай тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн “илт үндэслэл муутай” гэдгийг хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар гарсан шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол үг үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно гэж тайлбарласан бөгөөд дээрх захирамжид өөрчлөлт оруулах тухай “О т” ХХК-ийн гаргасан хүсэлтийн үндэслэл нь энэ үндэслэлд хамаарахгүй байхад шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулсан нь буруу болсон байна ... 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээний 2.2.1-д дурдсан “үл хөдлөх хөрөнгийг, доорх газрын хамт” гэдгийг ... тайлбарлаж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэх хугацааг сэргээх, гүйцэтгэх хуудас бичүүлэх тухай хүсэлтүүдийг захирамжид өөрчлөлт оруулах үндэслэл гэж үзэж хамтатган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй ...” гэж дүгнэн хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Иймд “... захирамжийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн “Гомдол шийдвэрлэх тухай” 312/ШТ2025/000... дугаартай шүүхийн тогтоолоор ... хүчингүй болгосноор бусдын эрх ашиг хөндөгдөөгүй буюу хортой үр дагавар үүсээгүй байна ...” гэх илтгэгч гишүүний саналыг хүлээн авах нь зүйтэй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0063 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД О.НОМУУЛИН
Х.ХАШБААТАР