
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-19
Дугаар 85
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Ариунтуяа, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Ш.У нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатарт холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2025/0065 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... Шалгах ажиллагааны хүрээнд цугларсан баримтуудаас үзвэл Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар Д.Ц-т сумын төвийн ... зүүн талд 0.015 /10:15/м2 газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, мөн сумын Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/... дүгээр захирамжаар Д.Ц нь тухайн газраа 6 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээ болон 2009 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/... дугаар захирамжийг хүчингүй болгосон байна.
Улмаар иргэн Д.Ц-ын өргөдлийг үндэслэн Баянгол сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/... дүгээр захирамжаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/... дүгээр “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” захирамжийг хүчингүй болгож, иргэн Д.Ц-ын газар эзэмших эрх сэргэжээ.
Үүний дараагаар Баянгол сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/... дугаар захирамжаар иргэн Д.Ц-ын гаргасан өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээг үндэслэн ... баг ... тоот хаягт байрлах нэгж талбарын ..., эрхийн улсын бүртгэлийн Э-... дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар төв, цогцолборын зориулалтын 150 м2 газрын эзэмших эрхийн гэрчилгээг Э.Б-т 2 жилийн хугацаатайгаар шилжүүлсэн байна.
Гэтэл Баянгол сумын Засаг дарга 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/396 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн сумын Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/... дүгээр, 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/... дугаар захирамжийг тус тус хүчингүй болгож, захирамжийг иргэн Д.Ц, Э.Б нарт танилцуулахыг газрын даамалд даалгаж шийдвэрлэжээ.
Э.Б-с Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан “Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь шүүгч Л.Одбаатарт хуваарилагдсан байна.
Шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 159/ШЗ2024/... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус хэргийн хариуцагч Баянгол сумын Засаг даргаас 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 276 дугаар албан бичгээр ирүүлсэн “...хариуцагч миний бие Э.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дугаар захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэх хариу тайлбарыг үндэслэн шүүгч 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 159/ШШ2024/... дүгээр шийдвэрээр хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасанд нийцсэн байна.
Нөгөө талаар шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд хийгдэх боломжтой ажиллагаа бөгөөд хэргийг заавал шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхийг шаардахгүй.
Иймд шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан үнэлж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй.
2. Өргөдөл гаргагч “...2009 онд энэ газрыг авч байсан н.Ц-ын нөхөр н.Б одоо манай сумын Засаг дарга болчихсон байгаа юм. Иймд шүүгч Л.Одбаатар энэхүү асуудалтай холбоотой шийдвэрээ гаргахдаа ашиг сонирхлын зөрчил гаргасан. Бусдад давуу байдал олгосон гэж үзэж байх тул шалгаж өнгө үү” гэж өргөдөлдөө дурдсан.
Хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед хэргийн хариуцагч Баянгол сумын Засаг даргаар маргаан бүхий газрыг эзэмшиж байсан Д.Ц-ын нөхөр н.Б ажиллаж байгаагүй, Р.Б гэх хүн ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Энэ талаар холбогдох шүүгч “...Р.Б л Засаг даргаар ажиллаж байсан. Б нь тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Б-г бол танихгүй” гэх тайлбарыг гаргажээ.
Иймд шүүгчид холбогдуулан гаргасан “ашиг сонирхлын зөрчил гаргасан, бусдад давуу байдал олгосон” гэх өргөдөл нь үндэслэлгүй байна.
3. Түүнчлэн “...2020 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч тухайн газрыг хамруулсан байдаг ба 2021 оны 05 дугаар сарын 2 дахь дуудлага худалдаанд миний бие орох гэсэн боловч цахимаар дуудлага худалдаа зохион байгуулна гэсэн тул би хүргэн Б.Б-г цахимаар оруулсан юм. /Би өөрөө хөдөөгийн хүн учир цахимаар орж чадахгүй байсан/ Энэ дуудлага худалдаагаар манай хүргэн ялагчаар тодорсон боловч гэрээнд заасан мөнгөө хийж чадаагүй тул хүчингүй болсон. Дараагийн хүн ч аваагүй юм” гэж өргөдөлд дурджээ .
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхэд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байхыг шаарддаг.
Иймд, шүүх хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь өргөдөл гаргагч Ш.У-ийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, түүнийг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулах байсан эсэх талаар холбогдох шүүгчээс тодруулахад “...Ш.У-ийн хувьд ямар нэгэн эрх үүсээгүй байсан. ... Ш.У-д эзэмших эрх үүссэн байвал би ажиллагаа хийнэ. Эрх ашиг нь хөндөгдөх юм бол гуравдагч этгээдээр татаад, хариуцагч хүлээн зөвшөөрснөөс үл хамаараад цааш нь ажиллагаа хийгээд шүүх хурал явагдах болно. Ш.У дуудлага худалдааны ялагч болсон болохоос биш газар эзэмших эрх үүсээгүй” гэх тайлбарыг гаргасан.
Тус захиргааны хэрэгт хийсэн үзлэгээр Ш.У болон бусад этгээдэд маргаан бүхий газарт эзэмших эрх үүссэн, тэдгээрийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, түүнийг гуравдагч этгээдээр татан оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүгчийн дээрх тайлбар үндэслэл бүхий байна.
Дээрхээс нэгтгэн үзвэл Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатарт холбогдуулан гаргасан өргөдлийн үндэслэлүүд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй байх тул түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Л.Одбаатар Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“... Р.Б л Засаг даргаар ажиллаж байсан. н.Б нь тухайн үед Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. н.Б-г бол танихгүй. Ер нь бол ажил хэргийн шугамаар засаг дарга нарыг мэднэ.
... Энэ хэрэгт гуравдагч этгээд байхгүй. Баримт авах шаардлагагүй. Ш.У гэдэг хүнд эзэмших эрх үүсээгүй. Хэргийн ямар нэгэн оролцогч биш, шаардах эрх үүсээгүй байсан. Өмнө нь эзэмших эрх үүсээд явсан бол шаардах эрх үүсэх боломжтой. Энэ хэргийн нэхэмжлэгч нь Э.Б, хариуцагч нь сумын Засаг дарга байсан.
... Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд явагдах боломжтой. Талууд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 67, 68 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлдэг. 67 дугаар зүйлд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх гэж заасан. Энд шүүгчийн оролцоо байхгүй. Шүүгчид хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөр, нэхэмжлэгч нэхэмжлэлээ татгалз гэх эрх байхгүй. Харин хэргийн оролцогч 19, 20 дугаар зүйлд заасан эрхээ эдэлж байгаа л асуудал ...Өмнө нь захирамж хүчингүй болоод сэргээгээд бусдад шилжүүлсэн байсан. Энэ нь Э.Б-т худалдсан л гэсэн үг. Э.Б-ын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Тийм л эрх зүйн харилцаа үүссэн.
... Шийдвэр гаргасан этгээдийн хүсэлт зориг явж байгаа. Хоёр тал хүлээн зөвшөөрөхөд цааш нь шүүгч нотлох баримт цуглуулаад яваад байвал харин шүүгч ашиг сонирхолтой болно. Хоёр тал дуусгах гээд байгаа зүйл дээр цааш нь яваад байвал зорилго нь юу юм гээд. Хууль зөрчсөн шийдвэр гаргасан байсан нь ч би эвлэрүүлэхгүй гэж болохгүй. Үгүй та хоёр зөвшөөрч болохгүй, эвлэрч болохгүй гэвэл би хууль зөрчсөн болно. Ер нь бол гуравдагч этгээд нь ямар нэгэн эрх үүссэн байж байгаад тухайн хариуцагчийн шийдвэрээс болоод эрх нь хөндөгдсөн этгээдийг гуравдагч этгээдээр оролцуулж байгаа. Ш.У-ийн хувьд ямар нэгэн эрх үүсээгүй байсан.
... Ш.У-д эзэмших эрх үүссэн байвал би ажиллагаа хийнэ. Эрх ашиг нь хөндөгдөх юм бол гуравдагч этгээдээр татаад, хариуцагч хүлээн зөвшөөрснөөс үл хамаараад би цааш нь ажиллагаа хийгээд шүүх хурал явагдах болно. Ш.У дуудлага худалдааны ялагч болсон болохоос биш газар эзэмших эрх үүсээгүй. Заргач хүн явсаар байгаад тэр шийдвэрийг хүчингүй болгуулсан юм уу гэдгийг би мэдэхгүй. Гэхдээ шүүхээс хариуцагч зөвшөөрлөө гэдэг нь ямар сонирхолтой байсныг мэдэхгүй. Ш.У гэдэг хүн сумын Засаг даргыг Авлигатай тэмцэх газар өгсөн байгаа юм. Тэрийг шалгаад хэргийг хэрэгсэхгүй болгосон байсан. Тэгсэн Ш.У нь одоо мухардангуутаа цагдаад хандсан. Цагдаа нь шүүгчийн захирамжтай юм чинь яах юм бэ гэсэн хариу өгсөн юм байна лээ. Тэгээд миний захирамжийг хараад намайг Сахилгын хороонд өгсөн. Энэ хүний хувьд бол энэ хэргийн хувьд хэргийн оролцогч биш. Шүүх хуралдаанаас хэт нэг талд шийдвэр гаргасан байвал ийм гомдол гаргаж болно. Гэтэл шүүгчээс хамаарахгүйгээр хялбаршуулсан журмаар шийдвэрлэгдсэн. Хэрэгт гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй байсан.
...Миний зүгээс бол ямар үр дагавар үүсэж байгаа вэ гэхээр Ш.У гэдэг хүн сумын Засаг дарга, газрын даамалд Л.Одбаатар шүүгчид сахилгын хэрэг үүсгэсэн тогтоолыг барьж очоод энэ шүүгч чинь ийм асуудалтай болсон. Та нар миний газрыг өг гэсэн. Мэргэжлийн хяналтад ажиллаж байсан байцаагч н.Г-г аваачаад юм барьж байгаа этгээдүүд дээр очоод наадахаа зогсоо гэсэн байсан. Газрын даамал н.С-г болохоор ажилгүй болгоно. Наад газраа надаа олгуул, газрыг хүчингүй болгуул гээд явж байгаа гэсэн. Тэрнээс гадна Шүүхийн тухай хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1.2 дахь хэсэгт өргөдөл мэдээлэлд заасан үйл баримт нь шүүгчийн үйл ажиллагааны талаар байвал татгалзана гэж заасан. Шүүгчийн үйл ажиллагаа гэдэг нь шүүгчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зүйл. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гомдол гаргах юм бол татгалзах боломж байгаа. Энэ хэргийг татгалзаж өгөөч гэж хүсэж байна.
...Би суманд болж байгаа асуудлыг мэдэхгүй байна. Би хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд, талуудын хуульд заасан эрхийг эдэлж байгаа юу гэх асуудал дээр л захирамж гаргасан. Засаг дарга хууль бусаар шийдвэр гаргасан байвал захирамж унана гэсэн үг. Хэрэг шалгаж байх явцад гуравдагч этгээдээр Ш.У орох боломжтой бол татаад оролцуулаад явна. Гол нь гуравдагч этгээдийн ямар ч боломж байгаагүй. Энэ хүн Баянгол сумын Засаг даргын Тамын газрын ажилчдын ажлыг нь хийлгэхгүй, хэрүүл зарга хийгээд яваа гэсэн сураг байсан. Ажлаа хийж байгаа хүмүүст саад болж байгаа. Надад сахилын хэрэгт үүсгэсэн тогтоолыг үзүүлээд яваад байгаа. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй. Гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Ш.У-с Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатарт холбогдуулан гаргасан “... ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгосон ...” гэх агуулга бүхий өргөдлийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ГЗҮ/2025/0063 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Харин Баянгол сумын Засаг дарга Р.Б-ын 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн А/... дүгээр захирамжаар 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/... дүгээр захирамжийг хүчингүй болгож, иргэн Д.Ц-ын газар эзэмших эрх сэргэсэн бөгөөд сумын Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн А/... дугаар захирамжаар иргэн Д.Ц-ын гаргасан өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээг үндэслэн ... баг, ... тоот хаягт байрлах нэгж талбарын ..., эрхийн улсын бүртгэлийн Э-... дугаартай худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалтын 150 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг Э.Б-т 2 жилийн хугацаатайгаар шилжүүлжээ.
Гэтэл Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/396 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичгийг үндэслэн дээрх сумын Засаг даргын 2021 оны А/... дүгээр, 2022 оны А/... дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн.
Үүнийг эс зөвшөөрч Э.Б-с Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргад холбогдуулан “Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжийг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын хууль бус шийдвэрийн улмаас өөрт учирсан хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нь Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн системээс Ерөнхий шүүгч Л.Одбаатарт хуваарилагдаж, 2024 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 159/ШЗ2024/... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.
Тус хэргийн хариуцагч Баянгол сумын Засаг дарга Р.Б-ын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 276 дугаар албан бичгээр ирүүлсэн “...хариуцагч миний бие Э.-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжийг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй” гэх хариу тайлбарыг үндэслэн шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 159/ШШ2024/... дүгээр захирамжаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Өргөдөлд “... хэргийг шүүгч Л.Одбаатар шийдвэрлэхдээ шүүх хурал хийхгүйгээр хооронд нь эвлэрүүлээд шийдсэн, хэргийг хянан шалгаагүй, ... н.Ц-ын нөхөр н.Б одоо манай сумын Засаг дарга болчихсон, шүүгч энэхүү асуудалтай холбоотой шийдвэрээ гаргахдаа ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгосон ...” гэж дурджээ.
Нэг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараах эрх эдэлнэ: ... 21.1.1.нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах;” гэж зааснаар захиргааны хэрэгт хариуцагчаар татагдсан сумын Засаг дарга Р.Б нь хуульд заасан эрхээ эдэлж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа талаарх тайлбараа шүүхэд бичгээр ирүүлснийг үндэслэн шүүгчээс хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Шүүгчийн дээрх ажиллагааг хууль зөрчсөн зөрчилд тооцохгүй бөгөөд энэ талаар илтэгч гишүүний “... шүүгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан үнэлж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах боломжгүй ...” гэж үзсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал, өргөдөлд “... 2020 онд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч тухайн газрыг хамруулсан байдаг ба 2021 оны 05 дугаар сарын 2 дахь дуудлага худалдаанд миний бие орох гэсэн боловч цахимаар дуудлага худалдаа зохион байгуулна гэсэн тул би хүргэн Б.Б-г цахимаар оруулсан, ... манай хүргэн ялагчаар тодорсон боловч гэрээнд заасан мөнгөө хийж чадаагүй тул хүчингүй болсон ...” гэж, мөн шүүгчээс “... Ш.У дуудлага худалдааны ялагч болсон болохоос биш газар эзэмших эрх үүсээгүй ...” гэж дурджээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 33 дугаар зүйлийн 33.2-т “Энэ хуулийн 33.1.2-т заасан шийдвэрийн дагуу газар эзэмших эрх авсан этгээд нь заасан хугацаанд газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй бол уг эрхийн гэрчилгээг дахин дуудлага худалдаанд оруулна” гэж тус тус зааснаас үзэхэд Ш.У нь тухайн маргаан бүхий газрыг эзэмшүүлэх цахим дуудлага худалдааны ялагч болсон боловч газар эзэмших эрхийн гэрчилгээний үнийг төлөөгүй үндэслэлээр тус эрх нь хүчингүй болж, газар эзэмших эрх олгосон шийдвэр, гэрчилгээ олгогдоогүй болох нь тогтоогдож байх тул түүнд уг газрыг эзэмших эрх үүсээгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг захиргааны хэргийн маргаанд гуравдагч этгээдээр татан оролцуулдаг бөгөөд Ш.У-д маргаан бүхий газрыг эзэмших эрх үүсээгүй, өмнө нь ч үүсэж байгаагүй тул Э.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Ш.У-ийн эрх хөндөгдөхөөргүй байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар хариуцагч Баянгол сумын Засаг дарга өөрийн гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн А/... дүгээр захирамжийг хүчингүй болгохыг хүлээн зөвшөөрөхөд Ш.У-ийн эрх аливаа хэлбэрээр хөндөгдөхөөргүй байх тул хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн шүүгчийн үйлдлийг буруутгах үндэслэлгүй.
Мөн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд явагдах боломжтой бөгөөд нэхэмжлэгчийн эс зөвшөөрч шүүхэд хандсан асуудлыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн тохиолдолд шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлагагүй буюу мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх үр дагаврыг үүсгэдэггүй тул өргөдөлд шүүх хуралдаан хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж дурдсан нь үндэслэлгүй байна.
Хоёр. Тухайн маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй холбоотойгоор гарсан сумын Засаг даргын захирамжуудаас үзэхэд газрын эзэмшигч байсан Д.Ц-ын нөхөр н.Б нь сумын Засаг даргаар ажиллаж байгаагүй, харин Засаг даргын орлогчоор ажиллаж байсан талаар шүүгч тайлбарлажээ.
Э.Б-с гаргасан нэхэмжлэлээр үүсгэсэн захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэгдэж байсан 2024 оны 06 дугаар сараас 07 дугаар сар хүртэлх хугацаанд сумын Засаг даргаар Р.Б ажиллаж байсан тул хариуцагчаар оролцсон үйл баримт байх бөгөөд хэргийг шийдвэрлэсний дараа н.Б нь сумын Засаг дарга болсон эсэхэд шүүгчийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийдлийг хамааруулан авч үзэхгүй тул шүүгчийг ашиг сонирхлын зөрчил гаргаж, бусдад давуу байдал олгосон гэж үзэх үндэслэлгүй.
Түүнчлэн, Шүүхийн сахилгын хороонд шүүгчийн аливаа шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын нотолгооны арга хэрэгсэл, шинж чанарын талаар үнэлэлт, дүгнэлт хийх эрх хуулиар олгогдоогүй тул захиргааны хэрэгт авагдсан Засаг даргын захирамжуудын үндэслэлийг хянахгүй бөгөөд хэрэв Засаг дарга Р.Б нь маргаан бүхий газрыг эзэмших эрхийг хууль бусаар бусдад олгосон, үүнд н.Б нөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүхий баримтууд байвал холбогдох эрх бүхий байгууллагад нь хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Иймд, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн ГС/2025/0065 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатарт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Г.ЦАГААНЦООЖ