
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-17
Дугаар 82
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй
болгох тухай
Тус хуралдаанаар “Э а” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц-гийн өргөдлөөр, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэлд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн О.Номуулины илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0062 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:
“... шүүгч Н.Нарангэрэлд холбогдуулан нэхэмжлэгч “Э а” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Ц гомдол гаргаж, үндэслэлээ “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан сахилгын зөрчил гаргасан” гэх агуулгаар тодорхойлжээ.
Өргөдөлд дурдсан шүүгчийн захирамжууд хуулийн шаардлагад нийцсэн эсэхийг тодруулахаар шалгах ажиллагаа явуулахад нэхэмжлэл болон түүнд хавсаргасан баримтуудыг 2024 оны 11 дүгээр сарын 19, 12 дугаар сарын 06, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр тус тус нэхэмжлэгчид буцааж өгсөн нь баримтаар тогтоогдоно.
Харин шүүгч Н.Нарангэрэлийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/.... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн “Э а” ХХК-ийн нэхэмжлэлтэй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох хэрэгт үзлэг хийхэд “...үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Г.С-ийн өмчлөх эрхэд шилжүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлд дурдсан 25 шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолуудыг өгсөн байх тул тэдгээрийг хуулбарлан авч, сахилгын хэрэгт нотлох баримтаар хавсаргасан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Шүүгч дараах тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”: 65.1.11 “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал”, 62 дугаар зүйлийн 62.1-д “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгасан байна”: 62.1.4 “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт” гэж заасан.
Уг хуулийн зохицуулалтуудаас үзвэл шүүгч нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан эсэхийг шалгах үүрэгтэй ба нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар байна.
Нэхэмжлэлийн үндэслэл гэдэг нь нэхэмжлэгчийн шүүхэд хандах болсон бодит нөхцөл болон түүний шаардлага ямар учир шалтгаантай болохыг нэхэмжлэгчийн зүгээс тодорхойлсон байдлыг ойлгох ба нэхэмжлэлийн шаардлага нь тухайн үндэслэлд тулгуурлан нэхэмжлэгч шүүхээс юу хүсэж байгааг илэрхийлдэг, харин нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагаас шүүх шийдвэрлэх гэж буй хэргийн төрлийг тодорхойлох тул үндэслэл нь тодорхой бус эсхүл шаардлага нь ойлгомжгүй бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалздаг учиртай.
Өргөдөл гаргагч “Э а” ХХК нь анх 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хууль бус ямар ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх талаар нэхэмжлэлдээ тодорхой тусгаагүйн улмаас шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, дараа дараагийн нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д “...нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, ... хуулийн хүчин төгөлдөр ... шүүгчийн захирамж байгаа” гэж заасныг баримтлан хүлээн авахаас татгалзсан.
Дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжуудад гаргасан гомдлыг хэлэлцээд Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШТ2024/...., Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 19/ШТ2025/.... дүгээр тогтоолоор тус тус захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба энэ тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйл ажиллагааг хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Нөгөөтээгүүр, шүүхийн шийдвэрийг биелүүлж буй төрийн байгууллагын үйл ажиллагаатай маргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой ойлгомжтой байхыг шүүх шаардах нь зөв бөгөөд “Э а” ХХК нь нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа буюу эрх зөрчсөн гэх төрийн байгууллагын үйл ажиллагааг зөвтгөж тодорхойлсноор “... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 50Б тоотод байрлах, 3450 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан дуудлага худалдааны ялагч Г.С-ийн өмчлөх эрхэд шилжүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагад иргэний хэрэг үүсгэсэн байна.
Түүнчлэн, нэр бүхий шүүгч нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжууддаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарласан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэснийг зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж заасан нь тухайн заалт хэнд ч илэрхий ойлгомжтой маргаангүй байх, зөрчлийн хэр хэмжээ ноцтой, удаа дараа байх урьдач нөхцөл хангасан байхыг шаарддаг бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэл нь “уг зөрчлийг гаргаагүй” гэх үндэслэлээр холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав ...” гэжээ.
Шүүгч Н.Нарангэрэл:
“... Төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Давж заалдах шатны шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ... дугаар магадлал, .... дугаар гүйцэтгэх баримт бичгийн дагуу “Э а” ХХК-ийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү- .... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж /13321/ ... тоотод байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн182/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжаар “Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “... үл хөдлөх хөрөнгийг анхны албадан дуудлага худалдаанд 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр оруулж анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хоёр дахь дуудлага худалдаанд орж Г.С гэх хүн ялагч болсон” гэж дурдсан бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт ирүүлсэн нь нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэстэй” гэж дүгнэж нэхэмжлэгч “Э а” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
Төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Э а” ХХК-д холбогдох нэгтгэсэн нийт 25 гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулж төлсөн 1,266,000,000 төгрөгөөр төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэж, төлбөрт хураагдсан “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж /13321/ .... тоотод байрлах, 3,450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад тус шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжаар “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна. Тодруулбал, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Э а” ХХК нь шүүхийн шийдвэрүүдийн дагуу нэр бүхий иргэн, аж ахуй нэгжид 1 тэрбум гаруй төгрөгийг төлж барагдуулах үүрэгтэй байсан гэж дурдсан боловч хэдэн төгрөгийн өр төлбөртэй эсэх, хэрхэн яаж барагдуулсан болох, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах шаардлага тодорхой бус, ямар эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлд огт тусгаагүй” гэж дүгнэж нэхэмжлэгч Э а ХХК- ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэ захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “Э а” ХХК-д холбогдох шүүхийн 25 шийдвэр бүхий гүйцэтгэх баримт бичгийг нэгтгэсэн .... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ..... тоот дансанд шилжүүлэн төлсөн 1,266,000,000 төгрөгөөр төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ..... тоот хаягт байрлах 3,450 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Э а” ХХК-ийн нэр дээр сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн182/Ш32025/.... дугаар шүүгчийн захирамжаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах шаардлага тодорхой бус, ямар эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийг гаргасан шаардлага, шаардах эрхийн үндэслэл тодорхой бус хэвээр байна. Хэдийгээр нэхэмжлэгч нь ямар, ямар гүйцэтгэх баримт бичгийн хүрээнд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа тухай дурдаж, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрх зөрчигдөж, өөрсдийн үл хөдлөх эд хөрөнгөө Иргэний хуулийн 89, 90, 91, 101 дүгээр зүйлүүдэд заасны дагуу шударгаар эзэмшиж, ашиглаж, өмчилж чадахгүй, эд хөрөнгөө эзэмшиж ашиглан үйл ажиллагаа явуулж, ашиг орлого олж, үр шимийг хүртэж чадахгүйд хүрч нэхэмжлэгч “Э а” ХХК-ийн эрх ашиг зөрчигдөж байна гэсэн байх боловч нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжид заасан үндэслэлийг арилгаагүй гэж үзнэ. Иймд дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 65.1.11 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэстэй” гэж дүгнэж нэхэмжлэгч “Э а” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт зааснаар энэ захирамж гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор зохигчид тухайн шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж” шийдвэрлэсэн.
Тухайн шатны шүүхээс 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/Ш32025/... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын гомдлыг хянан хэлэлцээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/Ш32025/.... дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б-ын гаргасан гомдлыг хангахгүй орхисугай. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоол нь 191/Ш32025/.... дугаартай захирамжийн хувьд эцсийн шийдвэр болохыг тайлбарласугай” гэж шийдвэрлэсэн байна.
Иймд шүүгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй гэж татгалзсан шүүгчийн захирамжуудыг тухайн шатны шүүх бүрэлдэхүүн үндэслэлтэй гэж үзэж шүүгчийн захирамжийг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2.”Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэж зохицуулсан.
Тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн182/Ш32024/..... дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл тодорхой бус байна гэж, 2025 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/Ш32024/.... дугаар шүүгчийн захирамжаар “...Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагад тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой боловч нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй байна” гэж, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/Ш32025/.... дугаар шүүгчийн захирамжаар “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах шаардлага тодорхой бус, ямар эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй бөгөөд нэхэмжлэлийг гаргасан шаардлага, шаардах эрхийн үндэслэл тодорхой бус хэвээр байна” гэж, шүүгч дээрх 3 захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх талаар заасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхой бус байхад иргэний хэрэг үүсгэх боломжгүй, нэхэмжлэгчээс хэнд холбогдуулан юу хүсэж байгааг нь тодруулах нь шүүх хөндлөнгийн байх зарчимд нөлөөлөхгүй.
Төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Албадан дуудлага худалдааны ялагч Г.С-ийн өмчлөх эрхэд шилжүүлсэн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах тухай “Э а” ХХК-ийн нэхэмжлэлийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянаад тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн191/Ш32025/..... дугаар шүүгчийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар Монгол улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар энэ хуульд заасан журмын дагуу шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй” гэж зааснаар төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн хуульд заасан эрхийг зөрчөөгүй болно ...” гэсэн тайлбар ирүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
“Э а” ХХК-ийн шүүгч Н.Нарангэрэлд холбогдуулж гаргасан өргөдлөөр, илтгэгч гишүүн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ГЗТ/2025/0025 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн, гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн СХТ/2025/0030 дугаар тогтоолоор, дээрх сахилгын хэрэг үүсгэхээс татгалзах тухай захирамжийг хүчингүй болгож, сахилгын хэрэг үүсгэж шийдвэрлэсэн байна.
Илтгэгч гишүүн хэргийг шалган, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар, “Э а” ХХК нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд
1/ “Э а” ХХК-ийн өмчлөлийн төлбөрт хураагдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-..... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж /13321/ .... тоотод байрлах 3450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгөд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах тухай” нэхэмжлэл гаргаж,
- шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182/ШЗ2024/.... дүгээр захирамжаар, “... нэхэмжлэлийн ... шаардлага тодорхой бус, ямар эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар нэхэмжлэлд огт тусгаагүй ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
2/ “Төлбөр төлөгч “Э а” ХХК-д холбогдох нэгтгэсэн нийт 25 гүйцэтгэх баримт бичгийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг төлбөр төлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дансанд байршуулж төлсөн 1,266,000,000 төгрөгөөр төлбөр барагдуулах ажиллагааг гүйцэтгэж, төлбөрт хураагдсан “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Дандарбаатарын гудамж /13321/ .... тоотод байрлах, 3450 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг сэргээж, дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан,
- шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 182/ШЗ2024/.... дүгээр захирамжаар “... шаардах эрхийн үндэслэл тодорхой бус хэвээр байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан,
- захирамжид гаргасан гомдлыг шийдвэрлэсэн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 182/ШТ2024/00.... дүгээр тогтоолд, “ ... нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжийг буруутгах боломжгүй, ... дахин нэхэмжлэл гаргахдаа өмнө нь татгалзсан захирамжийн зөрчлийг арилгаагүй нэхэмжлэлээ дахин гаргасан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй ...” гэж дүгнэн захирамжийг хэвээр үлдээжээ.
3/ Үүний дараа, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд “Э а” ХХК-д холбогдох шүүхийн 25 шийдвэр бүхий гүйцэтгэх баримт бичгийг нэгтгэсэн .... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн зүгээс 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хаан банк дахь ..... тоот дансанд шилжүүлэн төлсөн 1,266,000,000 төгрөгөөр төлбөр авагч нарын төлбөрийг барагдуулах ажиллагааг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах, “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, ..... тоот хаягт байрлах 3,450 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг “Э а” ХХК-ийн нэр дээр сэргээхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах” тухай нэхэмжлэл гаргасан,
- шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/.... дүгээр захирамжаар “... нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн захирамжид заасан үндэслэлийг арилгаагүй” гэж дахин хүлээн авахаас татгалзсан,
- гомдол шийдвэрлэх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 191/ШТ2025/.... дүгээр тогтоолоор тус захирамжийг хэвээр үлдээжээ.
4/ Дахин 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр, “Э а” ХХК-д холбогдох шүүхийн 25 шийдвэр бүхий гүйцэтгэх баримт бичгийг нэгтгэсэн .... дугаартай шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хүрээнд төлбөр төлөгч “Э а” ХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-.... дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, .... тоот хаягт байрлах 3450 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг албадан худалдааны ялагч Ганболд овогтой С-ын өмчлөх эрхэд шилжүүлсэн НШШГГ-ын 2024.11.18-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг дээрх шүүхэд гаргасныг, шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 182/ШЗ2025/..... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Өргөдөл гаргагч “Э а” ХХК нь,
- шүүхийн шийдвэрийн дагуу 1 тэрбум гаруй төгрөгийг бусдад төлөх үүрэг үүссэн,
- 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр уг төлбөрөө Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байршуулж төлбөрөө төлсөн,
- Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, .... тоот хаягт байрлах 3450 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй үл хөдлөх эд хөрөнгийг албан дуудлага худалдаанд оруулж, 2023 оны 11 дүгээр сарын 24-ны өдрийн дуудлага худалдаагаар Г.С нь ялагч болсонтой холбоотой шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гомдол гаргаж, шүүхээр шийдвэрлүүлэн, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Улсын дээд шүүх хэлэлцэхээс татгалзсан тогтоол гаргажээ.
Энэ үйл баримтын хүрээнд, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийг Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль зөрчсөн гэж өргөдөл гаргажээ.
Хуульд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй, гэхдээ “Э а” ХХК-ийн хувьд, өмнө гарсан шийдвэрийг биелүүлж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд түүний эрх хэрхэн зөрчигдсөн, тухайн зөрчлийг арилгуулахаар шүүхэд хандах учиртай.
Гэтэл 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэлээс өмнө гаргасан нэхэмжлэлд шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагаа нь хууль бус болж, эрхийг хөндсөн, тус ажиллагааг хэрхэх талаар тусгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн үйлдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.4-т “нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, ...”-ыг тусгасан байна, 65 дугаар зүйлийн 65.1.11-д “энэ хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй байвал” шүүгч захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж заасанд нийцэх ба хуулийн дагуу явуулсан шүүгчийн ажиллагааг сахилгын зөрчил гэж үзэхгүй.
“... Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг тодруулахгүйгээр иргэний хэрэг үүсгэх боломжгүй. Учир нь иргэний хэрэг үүсгэхэд хэн, юун тухай, ямар шаардлага гаргасан болох нь тодорхой байх ёстой. Нэхэмжлэлийн үндэслэл болон шаардлагыг тодруулах боломжгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана ... ” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт[1] ч дурдсан байдаг.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт “Шүүгч энэ хуулийн 65.1-д заасан захирамждаа уг нэхэмжлэлийг хэрхэн мэдүүлэх, эсхүл шүүх түүнийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг зааж өгнө” гэж заасан.
Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид “... тухайн этгээд өөрийнхөө ямар эрх, юуны улмаас, хэрхэн зөрчигдөж байгааг болон шаардлагынхаа үндэслэлийг тодорхой тусгасан байх ёстой боловч нэхэмжлэлийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй ...”[2] гэж, “... шийдвэр гүйцэтгэлийн ямар ажиллагааг эс зөвшөөрч, гомдол гаргаж байгаа эсэх, мөн дуусгавар болгохыг хариуцагчид даалгах тухай гэх шаардлага нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгохыг даалгахаар шаардсан эсэх нь бичигдээгүй ...”[3] гэж, “... Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас явагдаж буй ажиллагааг дуусгавар болгож, эрхийг сэргээхийг даалгах шаардлага тодорхой бус, ямар эрх нь зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй ...” гэж тус тус шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаатай холбоотой нэхэмжлэлд юуг мэдүүлэх, уг нэхэмжлэлийн юу нь болохгүй захирамждаа тодорхой дурдсан байгаа нь дээрх хуулийн заалтад нийцсэн, Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байна.
Сахилгын хорооны хуралдаанд, “Э а” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр “... захирамжид дурдсан тус зөрчлийг хэрхэн засах талаар тодруулга тайлбар өгөхийг хүсье, ... нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь яагаад ойлгомжгүй байгаа, яг юу нь, яг аль хэсэг нь ойлгомжгүй байгаа, тэрхүү ойлгомжгүй байгааг хэрхэн засах талаар, ... яавал тодорхой болох, түүний хэрхэн засах талаар нэмэлт тодруулга авахыг хүсэж байна ...” гэж шүүхэд гаргасан хүсэлтээ ирүүлжээ.
Илтгэгч гишүүн сахилгын хорооны хуралдаанд “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжид зөрчлийг хэрхэн арилгах талаар зааж өгнө гэсэн зохицуулалт өөрөө харьяалал зөрчсөн эсвэл нэхэмжлэлийн үнээс тэмдэгтийн хураамжаа дутуу төлсөн байдаг юм уу тодорхой хэмжээ зааж өгсөн энэ тохиолдолд хэрэглэгддэг. Нэхэмжлэлийн үндэслэл шаардлага тодорхойгүй болбол ... шүүгч та ийм шаардлага гарга гэж зааж өгөх ямар ч боломж байхгүй. Үндэслэл тодорхойгүй байна, субьектив ямар эрх зөрчигдөөд байгаа вэ, аль үйл ажиллагаанаас, аль эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ гэдгийг тодорхой болго гэдэг аргаар хэлнэ үү гэхээс биш яг тийм шаардлага гарга гэж хэлэх ямар ч боломж байхгүй ...” гэж тайлбарласан нь үндэслэлтэй.
Дээрхээс үзвэл, “Э а” ХХК нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбогдуулж нэхэмжлэл гаргасан боловч тус нэхэмжлэлдээ шийдвэр гүйцэтгэх ямар ажиллагаа хууль ёсны эрх ашгийг зөрчсөн, шүүхээр ямар ажиллагааг хэрхэн шийдвэрлүүлэх гэж байгаа нь тодорхой дурдаагүй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн удаа дараагийн үйлдэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй, илтгэгч гишүүний санал үндэслэлтэй байна.
Иймд, холбогдох шүүгч Н.Нарангэрэлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн ГС/2025/0062 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нарангэрэлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.
3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ДАВХАРБАЯР
ГИШҮҮД Д.АРИУНТУЯА
Б.СУГАР