info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-03

Дугаар 74

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн С.Энхтөр даргалж, гишүүн Д.Ариунтуяа, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Эрдэнэчулуун, хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн А.Намуу нарыг оролцуулан тус хуралдааны танхимд нээлттэй хийв.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг  хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүний 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ГС/2025/0051 дүгээр саналд: Өргөдөл гаргагч өмгөөлөгч Г.Т, иргэн Ё.Э нар “...шүүгч А.Цэлмэг нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2025  оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан нь хэрэг үүсгэх хугацааг хэтрүүлэн, нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн; ...шүүгчийн захирамжид дурдсан өмнөх 2024 оны 181/ШШ2024/02*** дүгээр шийдвэртэй хэрэгт хариуцагч С.Ч-аас нэхэмжлэгч Н.Б хувьцааны ногдол ашиг нэхэмжилсэн бол, дээрх шинэ нэхэмжлэлд нэхэмжлэгч нь “К С Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Б, А.Б нар компанийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас компанид учруулсан хохирлыг тус компанийн гүйцэтгэх захирал асан С.Ч-аас нэхэмжилж байгаа... Шинэ нэхэмжлэл нь захирамжид дурдагдсан өмнөх шүүхийн шийдвэртэй хэргээс нэхэмжлэгчид нь хэн болох, нэхэмжлэлийн шаардлага юу болох, ямар хуулийг үндэслэж юу нэхэмжилсэн зэрэг агуулга хэлбэрээрээ эрс тэс ялгаатай байтал шүүгч А.Цэлмэг нь нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадахгүй, хууль хэрэглэх ур чадвар муу зэргээс үзэхэд уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар эргэлзээтэй,... Иймд ...хохирол нөхөн төлүүлэх шинэ нэхэмжлэлтэй иргэний хэргийг компанийн эрх зүйгээр мэргэшсэн, шударга, ёс зүйтэй шүүгчээр хянан шийдвэрлүүлэх хүсэлттэй байна; шүүгчийн татгалзан гаргах үндэслэлийг Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3, 91.1.4, 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасан байтал Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 50 дугаар зүйлийн 50.1.28-д зааснаар татгалзан гараагүй. Иймд шүүгч нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26, 50.1.28 дахь заалтад заасныг зөрчсөн” гэх агуулгаар өргөдөл гаргасан. /с.х-ийн 1-3 тал/

1. Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн, нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн гэх тухайд:

Иргэний нэхэмжлэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангасан тохиолдолд шүүх мөн хуулийн 64 дүгээр зүйлд зааснаар нэхэмжлэлийг шүүх хүлээн авч, бүртгэн, “Иргэн-2014” нэгдсэн системээс санамсаргүй тохиолдлоор шүүгчид хуваарилдаг.

Тухайн нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч нь мөн хуулийн 65 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бий эсэхийг хянаад бүрдүүлбэр хангасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлгүй бол мөн хуулийн 66 дугаар зүйлд зааснаар 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэнэ.

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа А.Б, Н.Б нарын нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдох иргэний 2 хавтас, 341 хуудастай хэрэгт үзлэг хийхэд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг шүүх 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Цэлмэгт хуваарилсан байх бөгөөд шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 181/ШЗ2024/23*** дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна. Уг захирамжийг шүүх 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албажуулжээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 94-98, 2 дугаар хавтасны 55 талын ар/

Шүүгчийн дээрх захирамжийг нэхэмжлэгч тал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардуулсан тухай өргөдөлд дурдсан байх бөгөөд уг үйл баримттай шүүгч маргаагүй болно.

Улмаар нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.Т 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гомдол гаргаж, шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн гомдол шийдвэрлэх шүүх хуралдаанаар хэлэлцэн, 191/ШТ2025/00*** дугаар тогтоолоор шүүгчийн 181/ШЗ2024/23*** дугаар захирамжийг хүчингүй болгосон тул шүүгч А.Цэлмэг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШЗ2025/07*** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 99-108, 2 дугаар хавтасны 69 тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд шүүгч хэдийгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан 7 хоногийн хугацаанд иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэсэн байх боловч уг шийдвэрлэснээс хойш 37 хоногийн дараа албажуулсан үйл баримт тогтоогдсон.

Шүүгч А.Цэлмэг нь энэ талаар “...2024 оны 9 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхийн ажлын ачаалал их байгаа шалтгаанаар байн байн туслахууд солигдож шинэ туслахуудыг ажилд нь дадлагажуулах, сургах байдлаар ажилласан. Тус шүүх нь хэрэг маргаан ихтэй байсан төдийгүй миний хувьд 200 гаруй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгайлсан журмаар нэхэмжлэл хүлээн авч, 2025 оноос шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхтэй холбоотойгоор тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүх рүү шилжүүлэхэд бэлтгэх, шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуустал шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дутуу эрхийн актуудыг бүрдүүлэх хэргүүдийг цэгцэлж, архивлаж бэлтгэх зэргээр ачаалал өндөртэй ажилласан болно...” гэх хариу тайлбар ирүүлсэн. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 21-23 тал/

Дээрх үйл баримтыг тодруулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал шүүгч А.Цэлмэгийн туслахаар ажиллаж байсан шүүхийн захиргааны ажилтнуудыг тодруулахад тус Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1103 дугаар албан бичгээр шүүгчийн туслах Б.А, Б.А, Ө.Е, Б.Ц нар ээлжлэн ажиллаж байсан байна.

Нэхэмжлэгч А.Б, Н.Б нарыг нэхэмжлэл гаргах үед шүүгчийн туслахаар ажиллаж байсан Ө.Е-аас гэрчийн мэдүүлэг авахад “би шүүгч А.Цэлмэгийн туслахаар 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл ажилласан. А.Б, Н.Б нарын нэхэмжлэлийг тодорхой санахгүй байгаа ч нэг удаа нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан санаж байна. Гэхдээ албажуулсан хугацаагаа бол тодорхой санахгүй байна. Тухайн үед би томилогдоод удаагүй байсан болохоор захирамж, тогтоолын төсөл бичихэд хугацаа их орж байсан. Гарт ажил ороогүй байсан үе юм... миний хувьд дөнгөж туслах болоод сар ч болоогүй байсан үе, дээрээс нь манай шүүх тойр шүүх болох гээд тамга, тэмдэг хураалгах байсан тул хэргүүдээ архивлах, хэргийн болон өнгөн хувийн тооцоог нийлж, үлдэгдэл өнгөн хувиар гаргах зэргээр маш өндөр ачаалалтай ажиллаж байсан. Тэгээд л төслөө бэлдэхгүй удаасан. Би анх шүүгч А.Цэлмэгийн туслах болоход 230 хэрэг хүлээж авсан. Ажиллаж байх явцад 198 хэрэг болж буурсан боловч буцаад нэмэгдэж 210 хэрэг болж байсан. Ер нь шүүгч их ачаалалтай ажилладаг. Оны сүүл байсан, мөн шүүх тойргийн шүүх болох гээд бүх өнгөн хувиа гаргах, хэргүүдээ цэгцлэх гээд маш завгүй ажиллаж байсан үе байсан” гэсэн болно. /с.х-ийн 2 дугаар хавтасны 72-81, 82-85 тал/

Шүүх байгуулах тухай 2024 оны хуулиар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх нэртэй болж шинэчлэгдсэн нь нийтэд илэрхий үйл баримт бөгөөд тус тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 816 дугаар албан бичгээс үзэхэд шүүгч А.Цэлмэг нь 2024 оны 4 дүгээр улиралд нийт 327 нэхэмжлэл хүлээн авснаас 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 281 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 213 хэргийг хянан шийдвэрлэж, 330 шүүх хуралдаан товлосон байна. Мөн 898 шүүгчийн захирамж, 8 шүүхийн тогтоол, 181 шүүхийн шийдвэр, 60 гүйцэтгэх хуудас албажуулж гаргажээ. /с.х-ийн 1 дүгээр хавтасны 25-33 тал/

Иймд шүүгчийн дээрх хариу тайлбар, шүүгчийн туслахын гэрчийн мэдүүлгийг үндэслэл бүхий гэж үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэж шүүгчид хориглосон зохицуулалт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг бичгийн хэлбэрт буулгах хуульд заасан хугацаатай холбоотой. Нөгөөтээгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт шүүгч 7 хоногийн дотор иргэний хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэх заалт юм. Энэ нь шүүгчийн захирамжийг 7 хоногийн дотор гаргана гэх утгыг агуулаагүй бөгөөд мөн хуульд шүүгчийн захирамжийг хэд хоногт албажуулан гаргах тухай тодорхой хуульчлаагүй болно.

Түүнчлэн хэдийгээр шүүгч захирамжаа удааж албажуулан, гардуулсан байх боловч нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээ эдэлсэн, шүүгчийн захирамж хүчингүй болсноор иргэний хэрэг үүсэн, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул нэхэмжлэгчдийн эрх зөрчигдсөн, эрх, ашиг сонирхол нь хөндөгдсөн, бодит хохирол учирсан гэж үзэхгүй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26, 50.1.28 дахь заалтад тус тус заасан шүүгчид хориглосон зохицуулалтыг зөрчсөн гэх үйл баримт тогтоогдоогүй тул түүнд холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэг тайлбартаа:  “…Өмгөөлөгч Г.Т, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Э нар нь А.Б, Н.Б нарын нэхэмжлэлтэй, С.Ч-д холбогдуулан гаргасан “К С Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан иргэн С.Ч-аас компанид учруулсан хохирол болох 893.054.112 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэрэгт холбогдуулан өргөдөл гаргажээ.

Өргөдөл гаргагчид нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардаж аваахад 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр огноолж, хэрэг үүсгэх хугацааг хэтрүүлэн улмаар татгалзаж, нэхэмжлэгчдийн эрхийг зөрчсөн гэсэн гомдолтой холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

2024 оны 9 дүгээр сард миний тогтвортойгоор ажиллаж байсан туслах жирэмсний амралт авснаар 2024 оны 9 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 4 сарын хугацаанд Сүхбаатар дүүргийн шүүхийн ажлын ачаалал их байгаа шалтгаанаар /эргэж нарийн бичгээр ажиллах хүсэлтээ өгөх, эсвэл ажлаас гарах зэргээр/ байн байн туслахууд солигдож /А.А, н.М, Б.А, Ө.Е, Б.Ц/ шинэ туслахуудыг ажилд нь дадлагажуулах, сургах байдлаар ажилласан.

Тус шүүх нь хэрэг маргаан ихтэй байсан төдийгүй миний хувьд 200 гаруй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгайлсан журмаар нэхэмжлэл хүлээн авч, 2025 оноос шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхтэй холбоотойгоор тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүх рүү шилжүүлэхэд бэлтгэх, шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, хуучин шүүхийн тамга, тэмдэг хураагдахтай холбоотойгоор маш их ачаалалтай байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сараас 02 дугаар сарыг дуустал шүүх байгуулах тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд дутуу эрхийн актуудыг бүрдүүлэх хэргүүдийг цэгцэлж, архивлаж бэлтгэх зэргээр ачаалал өндөртэй ажилласан болно.

Эдгээр шалтгаанаар шүүгчийн 181/ШЗ2024/23*** дугаартай захирамжийг гаргаж, гардуулах ажиллагаа удааширсан байна.

Мөн дээрх захирамжид гаргасан гомдлыг бүрэлдэхүүнээрээ 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан шийдвэрлэсэн бөгөөд иргэний хэрэг үүсгэх захирамжийн дугаарыг системд тус өдрөөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөр авсан боловч тухайн гомдлын тогтоол, тэмдэглэл зэрэг нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн үеэр албажиж ирсэн тул үүнээс хойш шүүхэд дуудан ирүүлэх ажиллагааг хийж эхэлсэн.

Өргөдөл гаргагчид “өмнөх 2024 оны 02159 дүгээр шийдвэртэй хэрэгт хариуцагч С.Ч-аас нэхэмжлэгч нь иргэн Н.Б хувьцааны ногдол ашиг нэхэмжилж байсан бол, шинэ нэхэмжлэлд нэхэмжлэгч нь “К С Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Н.Б, А.Б нар нь компанийн албан тушаалтны хууль бус үйл ажиллагаанаас компанид учирсан хохирлыг тус компанийн гүйцэтгэх захирал асан, иргэн С.Ч-аас нэхэмжилж байгаа юм. Нэхэмжлэгчдийн гаргасан нэхэмжлэлд хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй гэсэн өргөдөлтэй холбоотойгоор дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлд хавсаргаж өгсөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2024/02*** дүгээр шийдвэрт тус шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01*** дүгээр шийдвэрийг үндэслэл болгож, зарим үйл баримт тогтоогдсон гэж дүгнэсэн байдаг.

Мөн нэхэмжлэлд хавсаргасан Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2024/01*** дугаар магадлалаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар дээрх 01 тоот хэлцлийн хүчин төгөлдөр байдал, тус 60 айлын орон сууцны барилгад оруулсан хөрөнгө оруулалтын ашгийг хэн, хэн ашиг хэлбэрээр хуваарилан авсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 18** дүгээр шийдвэрт нэгэнт дүгнэсэн учир уг асуудлын талаар шүүх дахин дүгнэж, хэлэлцэхгүй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ” гэж давж заалдах шатны шүүх 2020 оны шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдалд дүгнэлт хийсэн.

Гэтэл 2020 оны 18** дүгээр шийдвэртэй хэрэгт Н.Б нь хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, нэхэмжлэгч А.Б-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “К С Б” ХХК-ийн удирдах зөвлөлийн хурал хуралдаагүй, 01 тоот тогтоол гаргаагүй болохыг тогтоолгох, 303.032.056 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргаж байсан байх бөгөөд харин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 02*** дүгээр шийдвэртэй хэрэгт нэхэмжлэгчээр Н.Б, хариуцагчаас С.Ч оролцож, “К С Б” ХХК-ийн орон сууц барьж борлуулснаас олсон ашгаас тус компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд өөрт ногдох 50 хувь буюу 446.527.056 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа нь нэг агуулгаар маргаж байгааг харуулж байна.

Мөн түүнчлэн 2020 оны 18** дүгээр шийдвэрээр “К С Б” ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэх, тус компани өөрөө шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байдлаар дүгнэсэн байтал 2024  оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн нэхэмжлэлийг иргэн А.Б, Н.Б нар гаргасан тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно.

Өргөдөл гаргагчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт зааснаар татгалзан гаргах хүсэлтийг шүүгчид өгсөн боловч татгалзаагүй гэжээ.

Миний хувьд тухайн хэрэг маргаантай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл үүсээгүй тул татгалзан гарах үндэслэлгүй гэж үзсэн болно.

Дээрх объектив болон бусад нөхцөл байдлыг харгалзан надад үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч Г.Т, иргэн Ё.Э нараас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдуулан гаргасан өргөдлийг үндэслэн 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн ГЗҮ/2025/0031 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэж, шалгаж ажиллагаа явуулж, сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал гаргасан нь үндэслэл бүхий байна.

 Өргөдөл гаргагчдаас “…Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжийг хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, … хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, …шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гараагүй” гэх агуулгаар өргөдөл гаргажээ.  

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр А.Б, Н.Б нарын нэхэмжлэлийг хүлээн авч, А.Цэлмэг шүүгчид хуваарилсан байна. Шүүгч уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамжийн дугаарыг 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр Иргэний хэргийн бүртгэл хяналтын “Иргэн-2014” системээс авсан байх боловч захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр албажуулсан болох нь хэрэгт авагдсан дээрх системийн лавлагаагаар тогтоогдож байна.

Шүүгч тайлбартаа “...шүүхийн ажлын ачаалал их байгаа шалтгаанаар байн байн туслахууд солигдож шинэ туслахуудыг ажилд нь дадлагажуулах, сургах байдлаар ажилласан. Тус шүүх нь хэрэг маргаан ихтэй байсан төдийгүй миний хувьд 200 гаруй хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан. Үүн дээр 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс тусгайлсан журмаар нэхэмжлэл хүлээн авч, 2025 оноос шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхтэй холбоотойгоор тусгайлсан журмаар шийдвэрлэх хэргийг харьяалах шүүх рүү шилжүүлэхэд бэлтгэх, шүүхийн нүүдэл, зохион байгуулалтыг хийх, ... зэргээр ачаалал өндөртэй ажилласан болно...” гэжээ.  

Мөн энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1103 дугаар албан бичгийн хавсралтаас үзэхэд 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг дуустал шүүгч А.Цэлмэгийн туслахаар Б.А, Б.А, Ө.Е, Б.Ц нар ээлжлэн ажиллаж байсан нь тогтоогдсон.

Сахилгын хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 816 дугаар албан бичгээс үзэхэд шүүгч А.Цэлмэг нь 2024 оны 4 дүгээр улиралд нийт 327 нэхэмжлэл хүлээн авснаас 46 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, 281 нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, 213 хэргийг хянан шийдвэрлэж, 330 шүүх хуралдаан товлосон байна. Мөн 898 шүүгчийн захирамж, 8 шүүхийн тогтоол, 181 шүүхийн шийдвэр, 60 гүйцэтгэх хуудас албажуулсан байна.

Шүүгчийн захирамжийг дугаар авсан өдөр нь албажуулж, нэхэмжлэгчид гардуулаагүй нь шүүхийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөж байгаа болон шүүхийн тамгын газар, түүний ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой байх ба шүүгчийн санаатай болон хэт хайхрамжгүй буруутай үйлдлээс шалтгаалсан гэх байдал тогтоогдсонгүй.

Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Нэхэмжлэлийн хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийг нэхэмжлэгч тал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр гардан авч, 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр давж заалдах гомдол гаргаснаар тус шүүгчийн захирамжийг 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 191/ШТ2025/00*** дугаар тогтоолоор хүчингүй болгож, мөн өдрийн 191/ШЗ2025/07*** дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн байна.

Нэхэмжлэгч тал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1 дэх хэсэгт заасан гомдол гаргах эрхээ эдэлсэн, шүүгчийн захирамж хүчингүй болсноор иргэний хэрэг үүссэн, хэрэг  хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, бодит хохирол учирсан гэж үзэхгүй гэх илтгэгч гишүүний дүгнэлт үндэслэлтэй.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.26 дахь заалтад “шүүхийн шийдвэр гаргахтай холбоотой хуульд тодорхой заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа 30 хоногоос дээш хугацаагаар, эсхүл нэг удаа 60 хоногоос дээш хугацаагаар зөрчих” гэсэнд хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.  

Мөн өргөдөл гаргагчаас шүүгчийг хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэх боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин долоодугаар зүйлийн 1-т “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж заасан.

Шүүгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхдээ тэдгээрийн тайлбар, хавсаргасан баримтууд, хавтаст хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийдвэрлэх нь хуулиар олгогдсон бүрэн эрх нь юм.

Шүүхийн сахилгын хороо нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх үндэслэлээр шүүгчид сахилгын хэрэг үүсгэн шалгах ажиллагаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, шүүгч хэрэгт цугласан баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргасан нь сахилгын хэрэг үүсгэх үндэслэл болохгүй.

Шүүгч А.Цэлмэгээс “...Миний хувьд хэрэг маргаантай холбоотойгоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэл үүсээгүй тул татгалзан гарах үндэслэлгүй гэж үзсэн болно.” гэх тайлбар, мөн сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч талаас шүүгчээс татгалзсан талаар хүсэлт гаргаагүй зэргийг үндэслэн энэ талаарх өргөдлийг үндэслэлгүй гэж илтгэгч гишүүн дүгнэснийг буруутгахгүй.

Сахилгын хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтууд нь  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан сахилгын зөрчилд хамаарахгүй гэж үзсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2-т заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ГС/2025/0051 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай санал”-ыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Цэлмэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гарснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагчид холбогдох журмын дагуу хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Энэхүү магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

4.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацаа тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

                        ДАРГАЛАГЧ                                    С.ЭНХТӨР

                        ГИШҮҮН                                     Д.АРИУНТУЯА

                                                                                Х.ХАШБААТАР