
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-04-30
Дугаар 63
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн О.Номуулин, Д.Эрдэнэчулуун нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Г.Цагаанцоож, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Л.А нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяад холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2025/0042 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:
“... Холбогдох шүүгч нь ёс зүйн болон сахилгын зөрчил гаргасан эсэхийг өргөдөлд дурдсан агуулгын хүрээнд дараах байдлаар тодорхойлов. Үүнд:
- Л.А нь Ц.А-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч З.Тунгалагмаа хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байжээ. Тэрээр “... дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул уг хэрэг Иргэн-2014 нэгдсэн системээс шүүгч Д.Алтантуяад хуваарилагджээ.
Холбогдох шүүгч хэргийг хүлээн аваад дор дурдсан ажиллагааг явуулсан байна.
Нэхэмжлэгч Л.А-с 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн татварын хэлтсээс “Б Б” ХХК болон “А Б О” ХХК-ийн 2013-2015 оныг дуусталх хугацааны Голомт, Хаан, Хас банкнуудын дансны орлого, зарлагын лавлагааг дансны хуулга хэлбэрээр мөн 2013-2015 оны татварын тайлан, Ц.А-ийн Голомт, Хаан, Хас банкнууд дахь хадгаламж болон харилцах дансны хуулгыг гаргуулах, Ч.А, Ц.А нар нь садан төрлийн холбоотой эсэх талаарх лавлагааг тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулах хүсэлтийг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
Нэхэмжлэгч Л.А-ын 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр “А о” ХХК болон “Б Б” ХХК-ийн 2008-2015 он хүртэлх хугацааны үйл ажиллагааны ашиг орлогын талаарх лавлагааг мэргэжлийн эрх бүхий байгууллагаар тодорхойлуулан дүгнэлт гаргуулах, Ц.А-д холбогдох нотлох баримтуудыг шүүхээр гаргуулах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзсан.
Л.А нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн ... дугаар захирамжаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт ирүүлээгүй, төлөөлөх эрх олгогдсон эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй, 203.000.000 төгрөгийн эд хөрөнгийг гаргуулах шаардлагад ямар хөрөнгийг өөрийн өмчлөлд авах эсэх нь тодорхойгүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, үүнтэй холбогдуулан гаргасан нотлох баримт гаргуулах, гэрч асуулгах хүсэлтүүдийг шийдвэрлэхгүй орхисон.
Шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.А-ын хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлтийг хангаж, “Б Б” ХХК, “А о” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан.
Нэхэмжлэгч Л.А-с 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлснийг хариуцагчид гардуулж, холбогдох ажиллагаа явуулсан.
Шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хойшлуулах тухай хүсэлтийг хангасан.
Шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ... дүгээр захирамжаар шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ... дүгээр захирамжаар хариуцагчаас гаргасан иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэж дуусах хүртэл хугацаанд маргааны зүйл болох ... сумын ... баг, ... тоот хашаа байшин, Ц.А миний болон хүүхэд, хамтран амьдрагчийн бие, ажил, сургууль орчинд Л.А-ыг ойртуулахгүй байх хязгаарлалт тогтоолгох хүсэлт, нэхэмжлэгчээс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзаж, нэхэмжлэгчийн нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, хариуцагчаас албадан гаргуулахаар шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч талаас гаргасан нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаж, холбогдох байгууллагаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлт баталгаажуулах хүсэлтийн зарим хэсгийг хангасан.
Дээрх захирамжийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан гомдлыг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд ... дүгээр тогтоолоор захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор уг тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгчийн захирамжийн захирамжлах хэсгийн 1, 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, бусад /нотлох баримт гаргуулах/ заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Шүүгчийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч Л.А-ын шинжээч томилуулах хүсэлтийг хангаж, “А о” ХХК-ийн 2014 оны жилийн 320.000.000 төгрөгийн орлогын цэвэр ашгийн талаар дүгнэлт гаргуулахаар шинжээчээр “Ц а” ХХК-ийг томилж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гэрчээр Ц.А, Ц.А нарыг асуулгах хүсэлтийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн.
Шүүгчийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт хийхээр товлон зарлаж, мөн өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, ... дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-т зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төр байгууллага, хувь хүний нууцтай холбоотой, өөр улс орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг олж авах боломжгүй, түүнчлэн туршилт үзлэг таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлнэ.
Дээр дурдсанаар холбогдох шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан хэргийн оролцогчийн хүсэлтийг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэрлэсэн үндэслэлээ шийдвэрт тодорхой дурджээ.
Хэргийн оролцогч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдол гаргах эрхтэй ба нэхэмжлэгч Л.А дээрх ... дугаар шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, шийдвэр хүчин төгөлдөр байна.
Сахилгын хороо шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль зөрчсөн, ёс зүйгүй алдаа, Ц.А-с шан харамж, авлигал авч түүнд давуу байдал олгож шийдвэрлэсэн” гэж үзэх үндэслэлгүй.
- Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн ... шийтгэх тогтоолоор Л.А-г ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 4 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Тэрээр ял эдэлж байхдаа 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр өргөдөл гаргасанд Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр гүйцэтгэгч шүүгч Д.Оюундарь 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 тоот албан бичгээр хариу өгөхдөө нэхэмжлэл гаргаж буй бол бүрдүүлбэрийг хангах талаар дурдсаныг буруутгах боломжгүй.
Үүний дараа Л.А нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирол төлбөр барагдуулах, дундын болон хуваарьт өмч гаргуулах агуулга бүхий 1 хуудас өргөдөл гаргасныг хорих ... дугаар ангийн дарга А.Н-д 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/287 дугаар албан бичгээр Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн ба 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/... тоот албан бичгээр дээрх өргөдлийн хариу ирүүлэхийг хүсжээ.
Мөн Л.А-ын 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдөр гаргасан “...2017 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хохирол төлбөр барагдуулах, дундын болон хуваарьт хөрөнгө гаргуулах тухай өргөдөл гаргасан, одоо болтол хариу ирүүлээгүй тул шийдвэрлэж өгөхийг хүссэн...” өргөдлийг хорих ... дүгээр ангийн дарга Д.Д 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 02/466 дугаар албан бичгээр мөн шүүхэд хүргүүлжээ.
Дээрх өргөдөл шүүхийн мэдээлэл, лавлагаанд бүртгэгдсэн эсэх нь тодорхой бус бөгөөд харин архивд хадгалагдаж байгаа нь гэрч Г.Б, Б.О нарын мэдүүлэг, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 тоот албан бичигт дурдсан “...хорих ... дугаар ангиар уламжлуулан гаргасан таны 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гар бичмэл бүхий өргөдөл болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/... дугаар албан бичиг, 1 хуудас бүхий өргөдөл, 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/... дугаартай тус хорих ангийн албан тоот, таны гар бичмэл бүхий 1 хуудас өргөдөл, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр ...хорих ... дүгээр ангийн 02/... дугаар албан бичиг, 1 хуудас бүхий өргөдлийн эх хувь ... аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн явуулсан бичиг 2017 он гэсэн нэршилтэй хадгаламжийн нэгжийн 181-186 дугаар хуудаст тус тус хадгалагдаж байсан болно...” гэснээр тогтоогдож байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.5, 19.3-т зааснаар шүүхэд ирсэн нэхэмжлэл шүүгчдийн зөвлөгөөнөөр баталсан, шүүгчийг урьдчилан мэдэх боломжгүй, санамсаргүй тохиолдлоор хуваарилах нөхцөлийг хангасан программ хангамжийг ашигласан цахимаар хуваарилагдах ба Л.А-ын хорих ангийн захиргаагаар дамжуулан гаргасан дээрх өргөдөл шүүгч Д.Алтантуяад хуваарилагдсан нь тодорхой бус, энэ тухай баримт байхгүй байна.
Харин Л.А-ын Ц.А-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэг шүүгч З.Тунгалагмаагаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шүүгч Д.Алтантуяад шилжсэн байна. Өөрөөр хэлбэл, хуульд заасан журмын дагуу өөрт нь хуваарилагдаагүй өргөдөл, нэхэмжлэлийг шүүгч хүлээн авч шийдвэрлэх боломжгүй тул холбогдох шүүгчийг дээрх өргөдлийг шийдвэрлээгүй гэж буруутгах үндэслэлгүй.
Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн хэрэгжүүлэх тул хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үндсэн үүрэгтэй.
Гагцхүү хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй; түүнчлэн туршилт, үзлэг, таньж олуулах, шинжилгээ хийлгэх, гэрчийн мэдүүлэг авах тохиолдолд нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэхээр хуульд заасан. Тодруулбал, хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахгүй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Л.А нь хорих ангиар дамжуулан гаргаж байсан дээрх өргөдлүүд болон шүүгч Д.Оюундарийн хариу өгөх хуудсыг хэрэгт авхуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, эдгээр нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэдэг талаар тайлбар гаргаж байгаагүй байна.
Иймд өргөдөлд дурдсан “...Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6220 тоот хавтаст хэрэгт зайлшгүй байх ёстой Д.Оюундарь шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ... дугаартай хариу шийдвэрийн эх хувь, мөн тус хариу шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Л.А миний хорих ... дугаар ангиараа дамжуулан уламжлуулан бичсэн өргөдөл, гомдол мөн хорих ... дугаар ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/115 дугаартай албан тоот нийт хэрэг хянан шийдвэрлэхэд онц чухал нотлох баримт /3 ширхэг/ байгаагүй бөгөөд тухайн үед тус шүүхийн тамгын газрын архивын ажилтан н.Т гэдэг хүнтэй хайсан боловч олдолгүй байсаар 2019 оны ... дугаартай шийдвэрийг Д.Алтантуяа гаргасан байдаг. Хэрэг хянан шийдвэрлэж хяналт тавьж буй шүүгч Д.Алтантуяа нь дээрх хэрэг хянан шийдвэрлэхэд онц чухал 3 нотлох баримт байхгүй зөвхөн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай Д.Оюундарь шүүгчийн албан тоот хариу шийдвэр хуулбар байгааг мэдсээр байж тодруулах ажиллагааг хийгээгүй...” гэх гомдол ёс зүйн болон сахилгын зөрчилд хамаарахгүй.
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа нь шүүгчийн ёс зүйн болон Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон”, 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргасан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.
Холбогдох шүүгч Д.Алтантуяа Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:
“Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяа би Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 48 дугаартай зарлигаар Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн албан тушаалаас Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалд сэлгэн томилогдсон ба шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор тус шүүхийн Ерөнхий шүүгчээр сонгогдон ажиллаж байна.
Шүүгчийн хариуцлагатай албан тушаалд томилогдсоноос хойш хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн, хэрэг маргааныг хэнээс ч хараат бус байх зарчмыг дээдэлж мөрдлөг болгож ирсэн.
Л.А-ын нэхэмжлэлтэй Ц.А-д холбогдох гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувь гаргуулахыг хүссэн нэхэмжлэл тус шүүхийн шүүгч З.Тунгалагмаад хуваарилагдсан бөгөөд улмаар шүүгч З.Тунгалагмаа нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаартай захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаад өмнө нь “Л.А-ын нэхэмжлэлтэй Ц.А-д холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн дундын хөрөнгийн маргаан”-ыг шийдвэрлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай Хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар шүүгч З.Тунгалагмаагийн татгалзан гарах хүсэлтийг хангаж, тус шүүхийн шүүгчдийн 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолын дагуу хэргийг хуваарилахыг мэдээлэл лавлагааны мэргэжилтэнд даалгаж шийдвэрлэсний дагуу Иргэн-2014 нэгдсэн системээс надад хуваарилагдан ирсэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд Л.А-ын Шүүхийн сахилгын хороонд гаргасан өргөдөлд дурдсан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай Д.Оюундарь шүүгчийн албан тоот хариу шийдвэрийн эх хувь, мөн тус хариу шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Л.А-ын хорих ... дугаар ангиараа дамжуулан уламжлуулан бичсэн өргөдөл, гомдол мөн хорих ... дугаар ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/115 дугаартай албан тоот нийт хэрэг хянан шийдвэрлэхэд онц чухал нотлох баримт /3 ширхэг/ гэсэн баримтуудыг тухайн хэрэгт ямар хамааралтай болох, уг нотлох баримтуудыг өөрөө авах боломжгүй байгаа болон шүүхээр гаргуулж хэрэгт хавсаргах талаар ямар нэгэн тайлбар, хүсэлтийг гаргаагүй байна.
Шүүгч нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөндлөнгийн байр суурьтай байж зохигчдын мэтгэлцэх эрхийг тэгш хангах үүрэгтэй бөгөөд өөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шийдвэр, нотлох баримтыг өөрөө дур мэдэн тодруулах ажиллагаа хийх, хэргийн зохигчдын аль нэг талд давуу байдал бий болгох нь хууль зөрчсөн, хөндлөнгийн байр суурьтай байх зарчмыг алдагдуулах тул тус хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн 2019 оны 08 сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал: Дээрх шүүхийн шийдвэр гарахаас өмнө Л.А нь Ц.А-д холбогдуулан дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт ногдох 25.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гаргасныг тус шүүхийн шүүгч Д.Оюундарь хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байх хугацаанд буюу 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр Ц.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлт гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаартай Нэхэмжлэлээ татан авах тухай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаа татан авсныг баталж, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 282.950 төгрөгийг төрийн сангийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Л.А нь эрүүгийн гэмт хэргийн улмаас 2015 оны 01 дүгээр сараас 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл ... аймгийн ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба хорих ... дугаар ангид ял шийтгэл эдэлж байхдаа уг ангиар дамжуулан тус шүүхэд өргөдөл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай албан бичгээр өргөдлийн хариу өгсөн, мөн ... аймаг Дархан-Уул сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих ...-р ангийн дарга хурандаа А.Н-ын 2017 оны 3 сарын 29-ний өдрийн 01/287 дугаартай албан бичгээр уламжлуулан Дархан-Уул аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр гаргасан хохирол төлбөр барагдуулах, дундын болон хуваарьт өмч хөрөнгө гаргуулах тухай өргөдөл, дахин уг өргөдлийг дахин ... аймаг ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны хорих ...-р ангийн дарга хурандаа А.Н-ын 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 01/664 дугаартай албан бичгээр хүргүүлсэн нь тус шүүхийн архивд хадгалагдаж байна.
Иймд Л.А-ын гаргасан 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай Д.Оюундарь шүүгчийн гомдлын хариу шийдвэрийн эх хувь, 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Л.А-ын гар өргөдөл зэрэг нь шүүхийн архивд байх ёстой боловч одоог хүртэл олдохгүй, гэмт этгээдийн гараар орж устгагдсан байх болзошгүй нөхцөл байдал тогтоогдож буйг анхаарч үзнэ үү гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Түүний гаргасан дээрх баримтуудыг архиваас гаргуулах хүсэлтэд тус шүүхийн Тамгын газрын 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн *** дугаартай албан бичгээр хариу өгсөн байна.
Л.А хорих ангиас суллагдсаны дараа 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Ц.А-д холбогдуулан гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах нэхэмжлэл гаргасныг миний бие ... дугаартай шүүхийн шийдвэрээр эцэслэн шийдвэрлэсэн болно.
Дээрх хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Л.А нь гомдолд дурдсан өргөдөл, түүнд хариу өгсөн шийдвэрийг өөрөө гаргаж өгөх боломжтой байсан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хэрэгт хамааралтай гэж үзэж байгаа талаар тайлбар, хүсэлт гаргаагүй тул тодруулах ажиллагаа хийлгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэсэн гомдол үндэслэлгүй байна.
Одоо тус шүүхэд нэхэмжлэгч Ц.А-ийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хариуцагч Л.А-д холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс Л.А-ын нэрийг хасуулах болон 21.732.195 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагчийн гэр бүлийн дундын өмч тогтоолгох, гэр бүлийн дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг гаргуулах, хуваарьт өмч тогтоолгох, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэл Ц.А-тай хамтран амьдарч, хамтын аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байсан болохыг тус тус тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай хэрэг шүүгч Т.Жавхлантөгсөд хуваарилагдан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болно.
Л.А-ын эрхийг зөрчсөн, хариуцагч Ц.А-д давуу байдал зориудаар бий болгосон, шан харамж, авлига авсан байж болзошгүй, мөн хавтаст хэргээс нотлох баримтыг устгаж, нууж, хариу өгөхгүй 2 жил удааж байгаад дээрх ... дугаартай шийдвэрийг гаргасан хэмээн хардаж байна гэсэн нь үндэслэлгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Өргөдөл гаргагч Л.А-с Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяад холбогдуулан “... миний эрхийг 2017-2019 оны хооронд 2 жил зөрчиж Ц.А-д давуу байдал зориудаар олгосон ...” гэх агуулга бүхий өргөдөл гаргасныг Сахилгын хорооны гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ГЗҮ/2025/0029 дүгээр захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.
Нэг. Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн шүүх Л.А, Ц.А нартай холбоотой дараах иргэний хэргүүдийг хянан шийдвэрлэжээ.
- Ц.А нь Л.А-д холбогдуулан “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг хуваах” тухай нэхэмжлэл гаргасныг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх /хуучин нэршлээр/-ийн шүүгч Тү.Энхжаргал хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаар шийдвэрээр гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамж тогтоож, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагаасаа татгалзсан, мөн зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдаж шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Ц.А-с тус шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ... дугаар захирамжаар хангахаас татгалзсан байна.
Харин хариуцагч Л.А 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр дээрх шийдвэрийг
шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасан бөгөөд мөн шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасныг шүүгчдийн зөвлөгөөний 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаар тогтоолоор хангаж, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэргийг шилжүүлснээр тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 184/ШТ2020/... дугаар тогтоолоор Л.А-ын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
- Л.А нь Ц.А-д холбогдуулан дундын өмчөөс өөрт ногдох 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Оюундарь хүлээн авч, 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэсэн ба шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авсныг баталж шийдвэрлэсэн.
- Үүний дараа Л.А нь Ц.А-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч З.Тунгалагмаа хүлээн авч, 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байсан бөгөөд тэрээр “... дугаар шийдвэртэй иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцож байсан” гэх үндэслэлээр татгалзан гарах хүсэлт гаргасныг Ерөнхий шүүгчийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн ... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэсэн тул уг хэрэг шүүгч Д.Алтантуяад хуваарилагдаж, шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Харин Л.А 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тус шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ..., 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрийг тус тус шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах хүсэлт гаргасныг тус шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ... дугаар тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
Дахин Л.А-с “...шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамж, 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг тус тус шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас дахин хянуулах” тухай хүсэлт гаргасныг тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 307/ШТ2025/... дүгээр тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна.
- Мөн Ц.А-с Л.А-д холбогдуулан гэм хор учруулсны хохиролд 1,423,360 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд шүүх иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн ... дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
- Ц.А нь Л.А-д холбогдуулан улсын бүртгэлийн Ү-... дугаартай инженерийн шугам сүлжээний зориулалттай, улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Ү-... дугаартай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнээс тус тус Л.А-ын нэрийг хасуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Оюундарь хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ... дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Л.А нь “тус шүүхийн ... дугаар шийдвэрээр надад гэр бүлийн дундын өмчийн хөрөнгүүдээс ... сум ... баг ... тоотод байрлах гурилын үйлдвэр /тоног төхөөрөмж/, 6х12 харьцаатай ажлын байр, 4х6 өвлийн байр, 20 тн, 40 тн контейнер, агуулах 3 ширхэг, 20 тн өвлийн дулаалгатай ногооны зоорь, 3х3 харьцаатай ажлын байр, Ү- ..., Ү-... амины 2 орон сууц, 25 толгой бод мал, 150 толгой бог мал, 3 трактер, хадуур, өвч преслэгч, Ү-... дугаартай улсын бүртгэлтэй 97 дугаар бракын 3 тоот өрөө байрыг надад үлдсэн болохыг тогтоолгох” тухай сөрөг нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн ... дүгээр захирамжаар хүлээн авахаас татгалзсан.
Шүүх хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд, ... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн ... дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн
шүүхэд буцаасныг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 001/ХТ2022/... дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 460 дугаар захирамжаар тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Т.Жавхлантөгсийг томилсон шийдвэрийг албажуулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
- Харин Л.А-ын Ц.А-д холбогдуулан гаргасан “... улсын дугаартай 10 тонн даацтай чиргүүлийн үнэ болох 15.000.000 төгрөгийг гаргуулах” тухай нэхэмжлэлийг шүүгч М.Оюунцэцэг хүлээн авч, шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн ... дугаар захирамжаар “нэхэмжлэлд дурдсан үйл баримт зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа” гэх үндэслэлээр, дахин “...дундын өмч тогтоолгож, эд хөрөнгийн маргаан шийдвэрлүүлэх” тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч М.Оюунцэцэг хүлээн авч, 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ... дүгээр захирамжаар “тус шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Л.А-ын нэхэмжлэлд дурдсан дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар шийдвэрлэсэн. ...мөн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн ... дугаартай шийдвэрийг үндэслэл болгон шийдвэрлэсэн тус шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ... дугаартай шийдвэр хүчингүй болж, нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийн гэрчилгээнээс Л.А-ын нэрийг хасуулах тухай иргэний хэрэг тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа” гэх үндэслэлээр тус тус хүлээн авахаас татгалзжээ.
- Л.А-ын Ц.А-д холбогдох хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэлийг Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ... дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон, харин Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...2013 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацаанд Ц.А-тай хамтын амьдралтай байсныг тогтоосугай” гэж өөрчилснийг Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 001/ХТ2023/... дугаар тогтоолоор хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулжээ.
Хоёр. Өргөдөл гаргагч нь өргөдлийн үндэслэлээ “... Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 6220 тоот хавтаст хэрэгт зайлшгүй байх ёстой Д.Оюундарь шүүгчийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаартай хариу шийдвэрийн эх хувь, мөн тус хариу шийдвэрийн үндэслэл болсон 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Л.А миний хорих ... дугаар ангиараа дамжуулан уламжлуулан бичсэн өргөдөл, гомдол мөн хорих ... дугаар ангийн даргын 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/115 дугаартай албан тоот нийт хэрэг хянан шийдвэрлэхэд онц чухал нотлох баримт /3 ширхэг/ байгаагүй бөгөөд тухайн үед тус шүүхийн тамгын газрын архивын ажилтан н.Т гэдэг хүнтэй хайсан боловч олдолгүй байсаар 2019 оны ... дугаартай шийдвэрийг Д.Алтантуяа гаргасан, ... миний 2017 оны 03 дугаар сарын 22, 2017 оны 7 дугаар сарын 03, 2017 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр тус шүүхэд гаргасан өргөдөл, гомдол, нэхэмжлэлүүд эх хувиараа хадгалаатай ямар нэг шүүхийн ажилтан шүүгч хүлээн авсан, бүртгэгдсэн, хариу хүргүүлсэн ямар ч баримтгүйгээр 6220 тоот хавтаст хэрэгтээ биш өөр хадгаламжийн нэгж гэх нэршилтэй зүйлд нуун дарагдуулсан байдалтайгаар олдсон ...” гэж тодорхойлжээ.
Л.А нь Ц.А-д холбогдуулан дундын өмчөөс өөрт ногдох 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүгч Д.Оюундарийн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн ... дугаар захирамжаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ татаж авсныг баталж шийдвэрлэсэнтэй холбогдуулан “Ц.А хууран мэхэлж нэхэмжлэлээсээ татгалзсан хүсэлтийг бичүүлсэн” гэх агуулга бүхий өргөдлийг 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр ял эдэлж байхдаа гаргасныг ... аймгийн ... сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хорих ... дугаар ангийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 01/115 дугаар албан бичгээр Дархан-Уул аймаг дах сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд уламжлан ирүүлснийг тус шүүхийн Ерөнхий шүүгчийн үүргийг түр гүйцэтгэгч шүүгч Д.Оюундарийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 102 дугаар албан бичгээр “ шүүгчийн ... дугаар захирамжийн улмаас өөрийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэлээ гаргах эрх нь нээлттэй” талаар дурдан хариуг хүргүүлжээ.
Үүний дараа Л.А нь 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хохирол төлбөр барагдуулах, дундын болон хуваарьт өмч гаргуулах агуулга бүхий өргөдөл гаргасныг хорих ... дугаар ангийн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 01/287 дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн ба 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 01/664 дүгээр албан бичгээр дээрх өргөдлийн хариу ирүүлэхийг хүсжээ. Мөн Л.А-с 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр дээрх өргөдлийг шийдвэрлэж өгөхийг хүссэн өргөдөл гаргасныг хорих ... дүгээр ангийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/*** дугаар албан бичгээр шүүхэд хүргүүлсэн байна.
Илтгэгч гишүүний шалгах ажиллагаагаар дээрх өргөдөл болон албан бичгүүдийг тухайн үед бүртгэлд бүртгэн хүлээн аваагүй боловч шүүхийн архивд хадгалагдаж байсан болох нь тухайн үед Мэдээлэл, лавлагааны мэргэжилтнээр ажиллаж байсан Г.Б, архивч Б.О нарын гэрчийн мэдүүлэг болон Л.А-с дээрх өргөдөл, албан бичгүүдийн талаар гаргасан хүсэлтүүдэд Дархан-Уул аймаг дахь Шүүхийн тамгын газраас “тус бичгүүдийн эх хувь нь архивд хадгалагдаж байгаа, 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн өргөдлийг хорих ангид буцаан хүргүүлсэн” гэх хариуг 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 189 дүгээр, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр албан бичгүүдээр хүргүүлсэн зэргээр тус тус тогтоогдсон байна.
Харин тус өргөдөл, албан бичгүүдийг хавтаст хэрэгт бус шүүхийн ирсэн, явсан бичгийн архивын хадгаламжийн нэгжид хадгалсан гэх үндэслэлээр тухайн үед Л.А-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаагүй шүүгч Д.Алтантуяаг буруутгах үндэслэлгүй бөгөөд шүүхийн Тамгын газар болон шүүгчийн хэн алиныг бичгийг нуун дарагдуулсан гэж үзэхгүй.
Мөн шүүгч Д.Алтантуяа нь 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаар шийдвэрээр Л.А-ын Ц.А-д холбогдуулан 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хувийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүгч З.Тунгалагмаагаас 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр шилжиж ирснээр хянан шийдвэрлэсэн бөгөөд илтгэгч гишүүн тус иргэний хэрэгт хийсэн үзлэгээр нэхэмжлэгч Л.А нь хорих ангиар дамжуулан гаргаж байсан дээрх өргөдлүүд болон шүүгч Д.Оюундарийн хариу өгөх хуудсыг хэрэгт авхуулах талаар хүсэлт гаргаж байгаагүй, эдгээр нь тухайн хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай талаар тайлбар гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон ба үүнийг илтгэгч гишүүн “.. иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн хэрэгжүүлэх тул хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, татгалзлаа нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үндсэн үүрэгтэй, хэргийн оролцогч хүсэлт гаргаагүй тохиолдолд шүүгч өөрийн санаачилгаар нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа явуулахгүй ...” гэж үзэн, хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасан нь үндэслэлтэй байна.
Учир нь, иргэний хэргийн шүүх нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын хооронд үүссэн маргааныг хянан хэлэлцдэг тул тэгш эрх бүхий субъектүүд хоорондын ижил түвшний эрх зүйн харилцааг хэргийн оролцогчдын өөрсдийн нэхэмжлэл болон татгалзлын үндэслэлээ нотлохоор гаргаж өгсөн баримтад тулгуурлан шийдвэрлэх бөгөөд хэрэв хэргийн оролцогч өөрсдөө гаргаж өгөх боломжгүй тохиолдолд шүүхийн журмаар гаргуулахаар хүсэлт гаргах эрхтэй талаар хуульд заасан.
Үүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж зааснаар авч үзвэл, шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, тэдгээрийг үнэлэн, хууль зүйн болон бодит байдалд дүгнэлт хийн, өөрийн дотоод итгэл үнэмшилд тулгуурлан, хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх нь шүүгчийн хараат бус бүрэн эрхэд хамаарна.
Тодруулбал, шүүгч нотлох баримтыг дотоод итгэлээр үнэлэхийн агуулга нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдалтай шууд холбоотой байдаг тул Шүүхийн сахилгын хороо нь анхан шатны шүүхийн шийдвэрт ямар нотлох баримтыг үнэлэх байсан, эсхүл үнэлэхгүй байсан зэргээр тухайн эрхийн актын хууль зүйн үндэслэлийг хянах эрхгүй бөгөөд шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг шийдвэрлэсэнтэй нь холбогдуулан албан тушаалаа урвуулан ашиглаж бусдад давуу байдлыг бий болгосон гэж үзэхгүй.
Харин хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянуулахаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргах эрх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1-т зааснаар нээлттэй байдаг бөгөөд өргөдөл гаргагч нь дээрх ... дугаар шийдвэрт давж заалдах гомдол гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан боловч гомдлоо гаргаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, хэргийн бодит байдлыг тогтоогоогүй гэж дүгнэвэл хүчингүй болгох буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх эрхийг давж заалдах шатны шүүхэд олгосон тул өргөдөл гаргагч нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй холбоотой гомдлоо Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргаж хянуулах байжээ.
Түүнчлэн, Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн, Шүүхийн сахилгын хороо 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулагдсан бөгөөд Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Шүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ ...” гэж зааснаар 2012 оны 03 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шүүгчийн ёс зүйн зөрчлийг тодорхойлсон хэм хэмжээ, Шүүгчийн ёс зүйн дүрмийг өргөдөлд дурдсан шүүгч Д.Алтантуяагийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт хийхэд баримтална.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т шүүгчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн шүүгчид сахилгын хариуцлага хүлээлгэхээр, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 1.4 дүгээр зүйлийн 1-т “Шүүгч хуульд тусгайлан ёс зүйн зөрчил болохоор заасан болон энэ дүрмээр тогтоосон хэм хэмжээг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг ёс зүйн зөрчил гэж үзнэ”, 2-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн мэргэжил, ур чадвар, дадлага, туршлагатай холбоотой алдаа нь ёс зүйн зөрчилд хамаарахгүй” гэж зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал нь шүүгчийн ёс зүйн зөрчилд хамаарахгүй тул илтгэгч гишүүнээс Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяад холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн ГС/2025/0042 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтантуяад холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч нар болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.
3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.
Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Х.ХАШБААТАР
ГИШҮҮН О.НОМУУЛИН
Д.ЭРДЭНЭЧУЛУУН