info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-17

Дугаар 78

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Иргэн А.Э-ийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэд холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Б.Сугар хүлээн авч хянаад, 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн ГЗҮ/2025/...2 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: “...Өргөдөл гаргагч А.Э “А” ХК-ийн нэхэмжлэлтэй, Б.С-д холбогдох зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 48.568.549,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон байна.

Тухайн өдрийн шүүх хуралдааны нийт 01 цаг 13 минут 01 секундийн дуу-дүрсний бичлэгт үзлэг хийхэд шүүх хуралдаан даргалагч, шүүгч Э.Оюун-Эрдэнэ хуульд заасан дэг дарааллын дагуу шүүх хуралдааныг удирдан, талуудыг тайлбар хэлэх эрхээр тэгш хангаж, мэтгэлцэх зарчмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан гэж үзэхээр байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж заасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд “зээл төлөлтийг хэрхэн, яаж хуваарилах талаар “А” ХК-ийн ямар журам, зохицуулалтын талаарх лавлагаа, зээлийн гэрээг цуцалсан шийдвэр, түүнийг зээлдэгчдэд мэдэгдсэн баримтуудыг гаргуулах” тухай хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн 192/ШШ2025/....9 дүгээр “Хүсэлт шийдвэрлэх тухай” захирамжаар шийдвэрлэсэн үйл баримт нь холбогдох хуулийн заалтад нийцсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийн агуулгаас хамаарч, хэрэгт ач холбогдолтой эсэх, тухайн ажиллагааг хэргийн оролцогч өөрөө хийх боломжтой эсэх, эсвэл шүүх хийх шаардлагатай эсэхийг тогтоож, хүсэлтийг хангаж шийдвэрлэх эсэхийг шүүгч шийдвэрлэх эрхтэй.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас шүүхийн шийдвэрийн үндэслэл болж байгаа баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн харилцааг зохицуулсан хуулийн заалтад нийцүүлэн тайлбарлаж, хууль зүйн үнэлэлт дүгнэлт өгснөөр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангадаг.

Иймд шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэсэн үйл баримтыг сахилгын зөрчилд хамааруулах үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх хуралдаан үргэлжилж байх үед буюу бичлэгийн 2 дахь хэсгийн 12 минут 16 секундээс эхлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “миний даралт болохгүй байна, түргэн дуудаачаа, би болохоо болилоо. Би даралтаа үзүүлье, би уналаа ш дээ, би бухимдахаар ингэдэг...” гэхэд даргалагч шүүгч хэргийг хэлэлцэхээ зогсоож, эмч дуудуулахаар шүүх хуралдааны нарийн бичигт хэлсэн болох нь хуралдааны дуу, дүрсний бичлэг, гэрчээр өгсөн тайлбар, шүүх хуралдааны танхимаас шүүгчийн туслах руу мэдэгдсэн дотоод чат зэргээр нотлогдож байх тул шүүгчийг холбогдох арга хэмжээг авсан гэж үзнэ.

Тухайн үед буюу 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрөөс 4 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд тус шүүхийн Тамгын газрын эмч Б.А-ийн ар гэрт нь гачигдал гарсны улмаас чөлөө авсан байсан нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ...7 дугаар албан бичиг болон шүүх хуралдааны явцад шүүгчийн туслахаас хуралдааны танхимд хариу мэдэгдсэн чат зэргээр тогтоогдож байх бөгөөд эмч ирэх боломжгүй нөхцөл үүссэн тухай хэргийн оролцогчдод тайлбарлажээ.

Гэтэл өргөдөл гаргагч А.Э шүүх хуралдааны явцад даргалагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлж, удаа дараа зүй бусаар хэлэх, биеийн хэлэмж буюу хуруугаараа чичих, ширээ цохих үйлдэл гаргаж, шүүх хуралдааныг хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, даргалагчийг эсэргүүцэх, нэхэмжлэгч тайлбар хэлэхэд чих шуугиад юу ч сонсохгүй байна гэх үйлдэл гаргажээ.

Түүнчлэн дуу-дүрсний бичлэгт “...гээд баруун гараа савчуулан, “Би салгалаад байна ш дээ, миний амь нас энэ шүүгчид хамаагүй юм уу... гээд суудлаасаа босон даргалагч “Та сууж бай...” гэхэд гараа савчуулж байснаа больж суудалдаа суусан, ...ажиглагчийн зогсож байсан зүгт буюу урагшаа шалан дээр унан, толгойноосоо малгайгаа авсан, ...босоод тонгойж гар утсаа шалан дээрээс авах” зэрэг үйлдлүүд бичигдсэнээс үзэхэд оролцогчийн биеийн байдал нь илт муудсан гэж үзэхэд учир дутагдалтай байна.

Холбогдох шүүгч түүнээс шүүх хуралдаанд хэрхэн оролцох тухай, хойшлуулах хүсэлтэй байгаа эсэх талаар давтан асууснаас гадна, хуралдааныг орхиж явах үйлдэл нь шүүх хуралдааны дэг зөрчсөн үйлдэлд хамаарч улмаар эрх зүйн үр дагавар үүсгэж болох үндэслэл болохыг анхааруулсан атал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад танхимаас гарч явсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар зохигчид тодорхой эрх эдэлж, үүрэг хүлээж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцдог бөгөөд тухайлбал, шүүх хуралдаанд оролцогч хуралдааны танхимд тогтоосон журмыг сахих, хуралдаан даргалагчийн шийдвэрт захирагдах үүрэгтэй байна.

Дээрх үйлдэл нь хуулиар хүлээлгэсэн үүргийг, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр санаатайгаар биелүүлээгүй гэж дүгнэхүйц байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлд шүүх хуралдааны нийтлэг журмыг хуульчилсан байх бөгөөд мөн зүйлийн 90.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж, 90.5 дахь хэсэгт “Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, гэрч, шинжээчийг шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хуралдаан даргалагчийн захирамжаар тодорхой хугацаагаар хойшлуулах, эсхүл тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч үзвэл үргэлжлүүлэн явуулна. Уг этгээд хүсвэл шүүх хуралдааны үйл ажиллагааны талаар тэмдэглэлээс танилцуулж болно” гэж тус тус заасан байна.

Шүүх хуралдаан даргалагч хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдааны дэг сахиулах, тогтоосон дэг зөрчсөн үйлдэл гаргасан үйлдэл гаргасан хэргийн оролцогч болон бусад этгээдэд  шаардлага тавих үүрэгтэй.

Холбогдох шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хөндөөгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй  байх төдийгүй шүүх хуралдааны явцад үүссэн хэвийн бус нөхцөл байдалд сэтгэл хөдлөл гаргаагүй, хүлээцтэй байдлаар ханджээ.

Хэн боловч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхийн хамт үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байх учиртай төдийгүй хэргийн оролцогчийн хувьд шүүх хуралдааны дэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв” гэжээ.

Шүүгч Э.Оюун-Эрдэнэ хариу тайлбартаа: “А” ХК-ийн Б.С-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээл 45.138.267,85 төгрөг, зээлийн хүү 3.401.270,44 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 29.010,85 төгрөг, нийт 48.568.549,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь тус шүүхийн шүүгчдийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ЗТ2025/...3 дугаар зөвлөгөөний тогтоолоор баталсан “Хэрэг нэхэмжлэл хуваарилах журам”-ын дагуу 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр “Иргэн-2014” программаар тойрог дотор санамсаргүй байдлаар шүүгч миний биед хуваарилагдсан ба уг нэхэмжлэлд 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 192/Ш32025/...4 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн.

Хариуцагч Б.С-д 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүрэг нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан. Хариуцагч Б.С нь 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдөр А.Э-т итгэмжлэл олгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн төлөөлөгчөөр А.Э оролцож эхэлсэн байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар хариу тайлбараа 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус шүүхэд бичгээр ирүүлж, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 192/Ш32025/....7 дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамж гаргаж, шүүх хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр хийхээр товлон зарласан.

Товлогдсон шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдаан даргалагч, шүүгч Э.Оюун-Эрдэнэ миний биеийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гаргах хүсэлт гаргасан ба татгалзлыг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулж, тус шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 192/ЕШ2025/....3 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хийхээр товлосон ба шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т зааснаар нэхэмжлэгч “А” ХК-аас ...зээл төлөлтийг хэрхэн, яаж хуваарилах талаар "А” ХК-ийн ямар журам, ямар зохицуулалт байдаг ...зээл төлөлтийг   яаж,   хэрхэн   хуваарилсан,   үүнийг   ямар   хууль   журамтай   талаар дэлгэрэнгүй тодорхойлолт лавлагааг гаргуулах, ...зээлийн гэрээг цуцалсан шийдвэр, цуцалсан шийдвэрийг зээлдэгчид мэдэгдсэн, хамтран зээлдэгчид мэдэгдсэн баримтуудыг..." гаргуулах хүсэлт гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн гаргасан хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамж гарч, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн бөгөөд хүсэлтийг хангаагүй үндэслэлээ "...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-т “Шүүх зохигч аль нэг талын хүсэлтээр эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулж болно” гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэний хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар өөрт байгаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэргийн зохигч нөгөө тал тухайн нотлох баримт байгааг хүлээн зөвшөөрсөн эсхүл түүнд тийм нотлох баримт байгаа нь тогтоогдсон бол шүүх түүнийг албадан гаргуулахаар шийдвэрлэдэг. Тодруулбал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчээс хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулах хүсэлт гаргах эрхтэй боловч ямар ач холбогдол бүхий баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлэхгүй байгаа талаар тодорхой мэдэгдэж тухайн баримтыг албадан гаргуулах хүсэлтээ гаргахаар хуульд зохицуулсан. Гэтэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь яг ямар баримтыг гаргуулахаар нэрлэн заагаад байгаа нь ойлгомжгүй, тийм баримт нэхэмжлэгч талд байгаа бөгөөд үүнийгээ шүүхэд нотлох баримтаар гаргаж өгөхгүй байгаа гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч талаас энэхүү хүсэлттэй холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, зээлийн гэрээ болон Монгол банкнаас гаргасан журмаар зохицуулагддаг гэж тайлбарлаж, холбогдох баримтуудыг хэрэгт хангалттай гаргаж өгсөн мөн зээлийн төлбөрийг төлөөгүй бол зээлийн гэрээг цуцлах мэдэгдлүүдийг хариуцагч Б.С-д өөрт гардуулж байсан баримтыг хэрэгт өгсөн” гэж тайлбарласан. Нөгөөтээгүүр хариуцагчийн төлөөлөгчийн дээрх нотлох баримт гаргуулах хүсэлт нь нэхэмжлэгчийн нотлох үүрэгт хамааралтай байх тул хүсэлтийг хангах үндэслэлгүй байна..." гэж тайлбарлан шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлэх талаар гаргасан шүүгчийн захирамжийг танилцуулмагц шүүх хуралдааны дэгийг зөрчиж, шүүхэд хүндэтгэлгүй хандаж эхэлсэн ба шүүгч миний зүгээс шүүх хуралдааны дэг сахихыг удаа, дараа сануулсаар байтал, уг үйлдлээ үргэлжлүүлсэн байдаг.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүх хуралдааны дэг зөрчихийн хажуугаар "...би унах гээд байна, бухимдахаар ингээд байдаг юм, авлигачдаас болоод би бухимдаад байдаг юм, новшийн муу луйварчид, хогийн, шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлийг хүлээн авчхаад яасан том байгаа юм, хууль бол хууль, хууль гэж байх ёстой, эргэлзээтэй баримтыг шалгахгүй гээд хуцаж байгаа нь шүү, овоо муу гар уу үгүй юу, тэртээ тэргүй шүүхийн шийдвэр яаж гарах нь тодорхой юм чинь, өмхий муу сайн авлигачид..." гэх мэтээр зүй зохисгүй үг хэллэг хэрэглэж,  суудлаасаа босож,  хашхирч,  шүүх хуралдааны танхимд зүй зохисгүй байдлыг гаргасаар байсан.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хэлсэн даралт болохгүй байна, эмч дуудаач гэсний дагуу ажлын дотоод чатаар шүүхийн эмчийг шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар дуудуулсан, эмчийг хүлээх зуур хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүх хуралдааны дэг зөрчиж, зохисгүй үг хэллэг хэрэглэж, идэвхтэй үйлдэл гаргасаар байсан.

Тухайн өдөр шүүхийн эмч чөлөө авсан байгаа талаар нарийн бичгийн дарга мэдэгдсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-т тайлбарлаж хэлсэн.

А.Э шүүх хуралдааны танхимыг орхин гарах үед нь “...та шүүх хуралдааныг түр завсарлуулаад, буцаад орж ирье гэж байна уу? эсвэл хуралдаа суухгүй гэж хаяж гарах гээд байна уу, эсвэл хуралдаа суух гээд байна уу...” гэж тодруулсан боловч танхимаас гарч явсан ба шүүх хуралдааны танхимд эргэж, орж ирээгүй бөгөөд түүний эзгүйд шүүх хуралдаан үргэлжилж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр танилцуулан сонсгож, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э нь шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан аваагүй тул шийдвэрийг 2025 оны 5 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч Б.С-ын оршин суух хаягаар баталгаат шуудангаар хүргүүлсэн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн шүүхэд хүндэтгэлгүй хандаж байгаа дээрх үйлдлүүд нь тухайн өдрийн шүүх хуралдааны бичлэгт тодорхой бичигдсэн бөгөөд энэ бичлэгийг хавсаргаж хүргүүлэв.

Миний бие “А” ХК-ийн нэхэмжлэлтэй Б.С-д холбогдох иргэний хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа “А” ХК-аас хараат ажилласан, үйлчилсэн, хаацайлсан үйлдэл гаргаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан, хэргийн оролцогчийн хэн нэгний хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчиж, хүнлэг бус, ёс зүйгүй үйлдэл гаргаагүй бөгөөд шүүх хуралдааныг хүлээцтэй удирдан явуулсан болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн А.Э нь “шүүх хуралдааны явцад миний даралт ихсэж, чих шуугьж, юм сонсохгүй болсон тул шүүгчид хандан эмч дуудаад өгөөч гэж 10-аад удаа гуйж гар салганаад байхад шүүгч миний үгийг сонсолгүй нэхэмжлэлээ ярьж, намайг эмчид үзүүлэхгүй гэсэн ба сүүлдээ би шүүх  хуралдааны танхимд унасан. Намайг танхимд унаж байхад шүүгч нэхэмжлэгчид нэхэмжлэлээ ярь, эмчид үзүүлэх гээд гарвал шүүхийг үл хүндэтгэсэнд тооцно гэсэн. Ийм харгис хэрцгий, хэргийн нэг талд үйлчилдэг шүүгчид хариуцлага тооцож өгнө үү”  гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1-2 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...шүүгч хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэсэн үйл баримтыг сахилгын зөрчилд хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй... Холбогдох шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хөндөөгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй байх төдийгүй шүүх хуралдааны явцад үүссэн хэвийн бус нөхцөл байдалд сэтгэл хөдлөл гаргаагүй, хүлээцтэй байдлаар ханджээ...” гээд шүүгч Э.Оюун-Эрдэнийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэж үзсэн байна. /с.х-ийн 48-53 тал/

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч “А” ХК нь хариуцагч Б.С-д холбогдуулан зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 48.568.549,14 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдөр гаргахад зохих журмын дагуу шүүгч Э.Оюун-Эрдэнэд хуваарилагдаж, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШЗ2025/...4 дүгээр захирамжаар иргэний хэрэг үүсгэжээ. /с.х-ийн 13 тал/

Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж, шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 192/ШЗ2025/....7 дугаар захирамжаар иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг 00 минутад товлосон. Тухайн товлогдсон шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлага хангаагүй нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна... Эдгээр баримтыг байхгүй байхад хэрэг үүсгэсэн учраас шүүгчээс татгалзсан байна. Өөрөөр хэлбэл “А” ХК-д үйлчилж байна” гэх хүсэлт гаргасан тул шүүгчийн мөн өдрийн 192/ШЗ2025/...4 дүгээр захирамжаар уг хүсэлтийг Ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэл шүүх хуралдааныг жич товлохоор хойшлуулсан. Улмаар Ерөнхий шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 192/ЕШ2025/....3 дугаар захирамжаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн хүсэлтийг хангахаас татгалзсан байна. /с.х-ийн 15-19 тал/

Шүүх иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр товлосон ба товлосон шүүх хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлт гаргасныг шүүгчийн мөн өдрийн 192/ШЗ2025/...9 дүгээр захирамжаар даруй шийдвэрлэн, хүсэлтийг хангахаас татгалзаж, шүүх хуралдааны хэлэлцүүлгийг эхлүүлсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа, хариуцагч нь татгалзлын үндэс болж буй баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд мөн зүйлийн 38.3 дахь хэсэгт зааснаар эсрэг талаас нотлох баримтыг албадан гаргуулах, мөн зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар төрийн болон албаны нууц, байгууллагын нууц, хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой; өөр улс, орон нутагт байгаа учраас зохигч тэдгээрийг өөрөө олж авах боломжгүй баримтыг гаргуулах хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй бөгөөд шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгч, талуудын тайлбар, мэтгэлцээн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэнэ. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж буй шүүгчид хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах юм.

Шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн шүүгчийн хариу тайлбартаа хавсралтаар өгсөн дээрх 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт үзлэг хийн бэхжүүлсэн байх бөгөөд уг үзлэг хийсэн тэмдэглэл, шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээс үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э “эрүүл мэнд муудаад байна, эмч дуудаад өгөөч” гэснээр даргалагч  “шүүхийн эмчийг дууд” гэж шүүх хуралдааны нарийн бичгийн даргадаа хэлэн, тэрээр дотоод сүлжээгээрээ дамжуулан  эмчийг дуудсан, шүүхийн эмч ар гэрийн гачигдалтай, чөлөөтэй байснаас шалтгаалан шүүх хуралдааны танхимд орж ирэх боломжгүй болсон, улмаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны танхимаас гарснаар түүний эзгүйд хэргийг хэлэлцэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шүүхийн 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 192/ШШ2025/...6 дугаар шийдвэр гарсан үйл баримт тогтоогдож байна. /с.х-ийн 30-38 тал/

Дэлгэрүүлбэл, 2025 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 13 цаг 37 минут 07 секундээс эхэлсэн шүүх хуралдааны 18 минут 37 секунд үргэлжилсэн “hud-2_.....4” нэртэй дуу-дүрсний бичлэг нь даргалагч шүүх хуралдааныг нээж байгаагаар эхэлж, 01 минут 58 секундээс даргалагч зохигчдод эрх, үүргийг тайлбарлан өгч, 04 минут 30 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “нотлох баримт гаргуулах тухай” хүсэлтийг сонссоны дараа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас тайлбар авч, даргалагч зохигчдоос асуулт асуун, хариулт авчээ.

Тухайн бичлэгийг үзэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийн эрүүл мэнд их муудаж байгаа байдал ажиглагдаагүй, шүүх хуралдааныг явуулахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсээгүй болох нь харагдаж байна.

Харин “hud-2_....9” нэртэй 53 минут 09 секунд үргэлжилсэн 14 цаг 00 минут 50 секундээс эхэлсэн дуу-дүрсний бичлэг нь даргалагч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзсан шүүгчийн захирамжийг танилцуулж байгаагаар эхэлж байх бөгөөд бичлэгийн 01 минут 51 секундээс даргалагч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх тухай хэлээд, шүүх хуралдааны дарааллыг танилцуулж, бичлэгийн 02 минут 33 секундээс эхлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа ярьж эхэлжээ.

Бичлэгийн 05 минут 49 секундээс даргалагч “хариуцагч талын тайлбарыг сонсъё” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э “өнөөдрийн шүүх хуралдаанаар “А” ХК-тай хамаарал бүхий шүүгч Э.Оюун-Эрдэнэ энэ хэргийг шүүж байна...” гээд ярьж эхэлсэн ба бичлэгийн 09 минут 51 секундэд даргалагч “би танд сануулж байна, та шаардлагын хүрээнд яриарай” гэж хэлэх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үргэлжлүүлэн ярьж байна.

Бичлэгийн 10 минут 19 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э үргэлжлүүлэн “...тэгэхээр Э.Оюун-Эрдэнэ шүүгч бол гаднаа хаяг  хадчих. “А” ХК-ын нэхэмжлэлтэй хэрэгт та нар шүүх хуралд ороод хэрэггүй, яагаад гэвэл нэхэмжлэлийн үнийн дүнгээр нь шийдвэрээ гаргана гээд” гэх үед даргалагч “би танд сануулъя. Энэ шүүхэд нөлөөлж байгаа хэлбэр шүү” гээд алх зөөлөн цохиж сануулав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үед шүүгч рүү хуруугаараа заан “надад хүсэлт гаргах эрх бий...” гээд шүүгчтэй зэрэгцэн чанга дуугаар үргэлжлүүлэн ярих бөгөөд тэрээр бичлэгийн 11 минут 00 секундээс “ганцхан л асуудал байна. Би яагаад шүүгчийг хамаарал бүхий гэж үзэж байна гэвэл төлбөр төлөлт нь зарим төлбөрөөс нэмэгдүүлсэн хүү, хүү, үндсэн зээл хасаж байна, зарим төлбөрөөс нь дан ганц хүү авч байгаа. Ямар төлбөрөөс нь хүү аваад ямар төлбөрөөс нь үндсэн зээлээс хасалт хийдэг юм. Энэ ялгаатай, эргэлзээ үүсгээд байна... Тэгсэн чинь шүүгч юу гэж хэлж байна вэ гэвэл “А” ХК өөрийнхөө дураар заримаас нь үндсэн зээлээс нь хасалт хийнэ, заримаас нь хасалт хийхгүй байх эрхтэй гэсэн шүүх хурлыг явуулах гэж байна. Болохгүй, ийм шүүх хурал байж болохгүй” гэж хэлэнгээ гадуур хувцсаа авч үргэлжлүүлэн “уучлаарай эмч дуудъя, миний даралт болохоо болилоо, ахын дүү эмч дуудаадах, би настай хүн, миний даралт болохгүй байна” гээд шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хандан “шүүх нэг талд үйлчилсэн болохоор... миний даралт болохгүй байна” гэж хэлээд сууж байна. Үүний дараа даргалагч “болсон уу та, заа нэхэмжлэгч тал” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “миний даралт болохгүй байна, эмч дуудаач, би уналаа ш дээ. Би эмчид үзүүлье, даралтаа үзүүлье” гэж чангаар хэлэв. Даргалагч “та сууж бай, дарааллаараа явна” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч боссон байдлаар “би унах гээд байна гээд байна ш дээ. Би бухимдахаар ингээд байдаг юм аа, эмч дуудаадхаач” гэхэд даргалагч “та сууж бай, тайван сууж бай” гээд шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хандан “эмч дуудчих” гэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “за ашгүй, хурдлаарай, хурдлаарай” гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хандан “эмч дуудчихлаа, чиний ярьсан яриагүй тэртэй тэргүй чиний талд шүүх шийднэ” гэхтэй зэрэгцэн шүүхийн хамгаалалтын цагдаагийн албан хаагч шүүх хуралдааны танхимд орж ирэв. Энэ үед даргалагч “за та чимээгүй суугаарай” гэж хэлж байх бол хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...эмч хэрэгтэй байна, миний толгой эргээд байна” гэж хэлж байна. Даргалагч “эмч одоо ирнэ, та сууж бай” гэхтэй зэрэгцэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч "миний чих шуугиад байна" гэж дахин дахин хэлж байна. Даргалагч “А.Э гуай та сууж бай, эмч дуудсан, одоо ороод ирнэ” гэхтэй зэрэгцэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч илүү чанга дуугаар “өвчтэй хүнийг та нар захирч болох юм уу, эмчээ оруулж ирээд үзүүлээч ээ” гээд 2 гараараа ширээг чанга цохиод “миний зүрх өвдөөд байна” гэв. Даргалагч “Монгол Улсын нэрийн өмнөөс шүүх хурал явагдаж байна, та яагаад хүндэтгэлгүй хандаад байгаа юм бэ. Би танд сануулъя, шүүхэд хүндэтгэлтэй ханд” гэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэгцэн ярьж байна.

Бичлэгийн 14 минут 50 секундээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч баруун гараа өргөн ярьж байхдаа уг гараа савчуулан “би салгалаад байна ш дээ. Ийм шүүгчийг хардаа, миний амь нас хамаагүй юм уу. Хар аа миний гар салгалаад байна” гэхэд даргалагч “за сууж бай тэгвэл” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сууж байх ба энэ үед гар нь савлаж хөдлөхөө больсон байв. Даргалагч үргэлжлүүлэн шүүх хуралдааны нарийн бичгийн даргад хандан “эмч яасан, хаана байгаа гэнэ” гэхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хариу хэлж байх бөгөөд энэ үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “новшийн муу луйварчид, хогийн юмнууд, шүүх... шаардлага хангаагүй юм хүлээж авчхаад яасан том юм. Хууль бол хууль, хууль байх ёстой. Эргэлзээтэй баримтыг шалгахгүй гээд... Овоо муу гар уу үгүй юу” гэхэд даргалагч “шүүх хуралдааны дэгийг сануулсан шүү. Шүүх хуралдааны дэг зөрчиж болохгүй шүү” гэхтэй зэрэгцэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “би бухимдаад байна... Тэртэй тэргүй шүүхийн шийдвэр яаж гарах нь тодорхой юм чинь” гэв.

Бичлэгийн 16 минут 11 секундээс даргалагч “би танд сануулъя. Шүүх хуралдааны дэгийг 3, 4 удаа санууллаа” гээд алх цохиж байх ба бичлэгийн 17 минут 23 секундээс даргалагч “та дураараа, хамаагүй гарч болохгүй...” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “би уналаа ш дээ... аавгүй, ээжгүй амьтан юм байна л даа” гэв. Даргалагч “би танд санууллаа шүү А.Э гуай. Таны яриа хэтэрч байна шүү” гэж, мөн “эмч чөлөө авсан байгаа юм байна...” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “би уналаа, тэгээд яах юм, би үхэх юм уу, эмчид үзүүлье, би даралтаа үзүүлье” гэхэд даргалагч “та ер нь шүүх хуралдаанд хүндэтгэлтэй хандана гэдгийг ойлгож байна уу, яагаад над руу орилоод уурлаад байгаа юм бэ” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “та өөрөө хууль бус юм шаардсан учраас миний зүрх савлаж байна... Эдний тооцооллыг үнэн зөв гэсэн учраас” гэхэд даргалагч “үнэн зөв гэж хэлсэн хүн ерөөсөө алга...” гээд тэд зэрэгцэн ярьж байна.

Бичлэгийн 18 минут 35 секундээс даргалагч “шүүх хурал үргэлжилж байна” гээд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбар хэлэхээр босохтой зэрэгцэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч босож, гадуур хувцас, малгайгаа өмсөнгөө “бичлэг хийгээрэй, би эмнэлэг явлаа” гээд хаалганд ойрхон зогсох цагдаагийн албан хаагч болон шүүх хуралдаанд ажиглагчаар оролцож байсан хүнд ойртов. Энэ үед даргалагч “би таныг шүүх хурлыг хаяж явах юм бол шүүх хуралдааны дэг зөрчсөн гээд арга хэмжээ авна шүү” гэж хэлсэн ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны ажиглагчийн зогсож байгаа тал болох урагшаагаа унав. Түүнийг цагдаагийн албан хаагч болон ажиглагч нар босгон суулгасан бөгөөд хэсэг хугацааны дараа дахин суудлаасаа босож байна. Даргалагч “...та түр завсарлуулаад буцаад ирье гээд байгаа юм уу, эсхүл хаяж гарах гээд байгаа юм уу, эсхүл хуралд суух гээд байгаа юм уу?” гэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч чанга дуугаар “завсарлахгүй юу чи, завсарлахгүй юу тэгвэл” гээд буцан суухдаа цагдаагийн албан хаагч болон ажиглагч нар луу харсан байдлаар “эцэгтэй хаягдсан хүүхнүүд эрчүүдэд дургүй байдаг юм” гэж хэлэх ба бичлэгийн 20 минут 00 секундээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч босон “ер нь бол” гэх үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “чих шуугиад байгаа болохоор би сонсохгүй, сонсохгүй байгаа учраас би гарлаа” гэж хэлээд ажиглагч, цагдаагийн албан хаагч нарын хамт шүүх хуралдааны танхимаас гарч байгаа үйл баримт бичигджээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.5 дахь заалтад зааснаар хэргийн оролцогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих үүрэгтэй, мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны дэгийг сахиулах талаар шаардлагатай арга хэмжээг авахаар хуульчилсан, мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 18 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүх хуралдаанд алх хэрэглэх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1.2-т зааснаар шүүх хуралдааны дэг сахиулахаар алх хэрэглэхээр журамласан.

 Дээрхээс үзэхэд шүүгч Э.Оюун-Эрдэнэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны журам зөрчсөн этгээдэд эхний удаа шүүх хуралдаан даргалагч урьдчилан сануулна. Дахин зөрчил гаргасан этгээдийг шүүх хуралдаан даргалагч шүүх хуралдааны танхимаас гаргаж, энэ тухай шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ”, 90.5 дахь хэсэгт “Зөрчлийн улмаас хэргийн оролцогч, ...шүүх хуралдааны танхимаас гаргасан тохиолдолд... тэдгээрийн тайлбар, мэдүүлгийг сонсохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч үзвэл үргэлжлүүлэн явуулна...” гэж зааснаар шүүх хуралдааны дэгийг сахиулсан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ийг танхимаас гарсны дараагаар шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлэн, хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Иймд илтгэгч гишүүний “...Холбогдох шүүгч шүүх хуралдааныг хуульд заасан журмын дагуу удирдан явуулж, хэргийн оролцогчийн эрхийг хөндөөгүй, аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй байх төдийгүй шүүх хуралдааны явцад үүссэн хэвийн бус нөхцөл байдалд сэтгэл хөдлөл гаргаагүй, хүлээцтэй байдлаар ханджээ” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн илтгэгч гишүүн шүүгчийн туслах С.С-ын дотоод чатад үзлэг хийхэд шүүх хуралдаан болсон өдрийн 14 цаг 20 минутаас танхим 5-ын  дотоод чатаар шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З “эмч дуудаач өгөөч, А.Э даралтаа үзүүлнэ гэнээ” гэхэд 14 цаг 23 минутаас шүүгчийн туслах “эмч ажил явдал гараад чөлөө авсан гэнээ” гэх хариу хүргүүлсэн, мөн шүүхийн Тамгын газрын 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ...7 дугаар албан бичгээр эмч Б.А нь ар гэрт нь гачигдал гарсны улмаас тухайн өдөр чөлөөтэй байсан нь болон шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгээр даргалагч шүүгч “шүүхийн эмчийг дуудуулсан”, ирэхгүй байгаа шалтгааныг хэлсэн үйл баримт тогтоогдож байх тул өргөдөл гаргагч А.Э-ийн “...намайг эмчид үзүүлэхгүй гэсэн...” гэх өргөдөл үгүйсгэгдэж байна. /с.х-ийн 43-45, 47 тал/

Мөн шүүх хуралдааны дуу-дүрсний бичлэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э-ээс даргалагч шүүгч Э.Оюун-Эрдэнэ “би таныг шүүх хурлыг хаяж явах юм бол шүүх хуралдааны дэг зөрчсөн гээд арга хэмжээ авна шүү”, “...та түр завсарлуулаад буцаад ирье гээд байгаа юм уу, эсхүл хаяж гарах гээд байгаа юм уу, эсхүл хуралд суух гээд байгаа юм уу?” гэж асуусныг шүүх хуралдааны дэг сахиулах арга хэмжээ авсан, хууль сануулсан гэж үзэх тул уг үндэслэлээр шүүгчийг буруутгахгүй.

 Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Э.Оюун-Эрдэнэ нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/...1 дүгээр “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ                         Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                                    ГИШҮҮН                              Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                    Г.ЦАГААНЦООЖ