info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-06-17

Дугаар 79

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Сахилгын хорооны хуралдааныг гишүүн Д.Эрдэнэчулуун даргалж, гишүүн Х.Хашбаатар, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр, хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Б нарыг оролцуулан Сахилгын хорооны хуралдааны танхимд нээлттэй явуулав.

Өмгөөлөгч З.Б-ийн Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболдод холбогдуулан гаргасан өргөдлийг холбогдох хууль, журмын дагуу илтгэгч гишүүн Ц.Давхарбаяр хүлээн авч хянаад, 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн ГЗҮ/2025/...6 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэжээ.

Илтгэгч гишүүн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 105, 106 дугаар зүйлд заасны дагуу сахилгын хэрэгт шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2025/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” санал гаргасныг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн саналдаа: Шүүгч Б.Төрболд нь шүүгдэгч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/...2 дугаар тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж...” шийдвэрлэжээ.

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг хянан хэлэлцэж, 2024/ДШМ/..3 дугаар магадлалаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаан, хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч О.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ....9 дүгээр албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлсэн нь 11:00 цагт ирсэн, шүүгчдийн зөвлөгөөний 2024 оны 3 дугаар сарын 22-ны 2024/ШЗТ/..2 дугаар тогтоолоор баталсан журмын 5.6 дугаар зүйлд “хэргийг прокурорт буцаасан /тогтоол захирамжийг хүчингүй болгосон/ тохиолдолд шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна” гэж зааснаар хэрэг өмнө шийдвэрлэсэн шүүгч Б.Төрболдод хуваарилагджээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Д, мөн өдрийн 11:53 цагт яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлтийг анхан шатны шүүхэд гаргаж, 15:20 цагт хүсэлтийг шүүх хуралдаанаар хэлэлцэн, 2024/ШЗ/..6 дугаар захирамжаар ханган, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдоно.

Үүнтэй холбогдуулан, хохирогчийн өмгөөлөгч Сахилгын хороонд гаргасан өргөдөлдөө “...2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ...шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийх шүүх хуралдаан болсон ...шүүгдэгч О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчлөгдсөнийг мэдсэн ...Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх шүүх хуралдаан болох талаар яагаад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчид мэдэгдээгүй...” гэжээ.

Шүүгдэгчид авсан цагдан хорих авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт хэлэлцсэн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хуралдаанд прокурор Е.Х, өмгөөлөгч Т.Д, яллагдагч О.Б нар оролцсон  байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “…яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн …1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах…, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж заасныг үндэслэн таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилсөн гэж холбогдох шүүгч тайлбарлажээ.

Энэхүү хуулийн заалтын агуулга нь мөрдөн шалгагдаж буй яллагдагчид шууд хамааралтай, энэ тохиолдолд прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж, хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулахаар заасан.

Харин хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгчийн хувьд шүүн таслах ажиллагааны удирдлага болох мэтгэлцэх зарчимтай холбоотойгоор, хэргийн бусад оролцогч нарт мэдэгдэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх талаар оролцогч нар тайлбар гарган хэлэлцэх боломжийг бүрдүүлэх нь тус заалтын шууд бус агуулга илэрхийлэгддэг.

Дээрхээс үзвэл давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлжээ. Энэ нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэдэг, тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт “Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг шүүгч хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор тухайн хэргийн талаар дараах шийдвэрийн ...1.1.яллагдагчийг шүүхэд шилжүүлэх; 1.2.хэргийг прокурорт буцаах; 1.3.хэргийг түдгэлзүүлэх; 1.4.хэргийг харьяалах шүүхэд шилжүүлэх” гэж заасан байдаг.

 Энэ үе шатанд буюу шүүхэд хэрэг нь шилжээгүй яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тохиолдолд дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн зохицуулалт шууд үйлчлэх тул яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг хэлэлцэх хэлэлцүүлгийн товыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх, тэдгээрийг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах талаар хуульд заагаагүй, хохирогчийг оролцуулалгүй хэлэлцүүлэг хийсэн шүүгчийн үйлдэл хуульд нийцсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааныг товлолгүй хийсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй байхын дээр уг арга хэмжээг өөрчлөх эсэх нь шүүхийн бүрэн эрх болно.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.13-т “оролцогч" гэж сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, хуулийн этгээд, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг” ойлгохоор заасан, мөн хуулийн 15.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, оролцогч энэ хуулийн …14.13, …дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 3 хоногийн дотор гомдол гаргаж болно” гэж зааснаар оролцогч буюу хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид захирамжид гомдол гаргах эрхтэй байхаар заажээ.

Шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЗ/..6 дугаар захирамжид “оролцогч гомдол гаргах эрхтэй” гэж заасан байтал захирамжийг оролцогч нарт танилцуулсан, гардуулсан гэх холбогдох баримт хэрэгт байгаагүй тул хэргийн оролцогч нарт танилцуулсан, гардуулсан гэж үзэхгүй.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч 12 дугаар сарын 03-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд “...яллагдагчийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэзээ өөрчлөгдсөн бэ ...надад яагаад тов мэдэгдэхгүй байгаа юм бэ, би хэргийн оролцогч шүү дээ...” гэж хэлсэн зэргээр тэдгээрт захирамжийг танилцуулаагүй, гардуулаагүй, мэдэгдээгүй болох нь тогтоогдож байна.

Гэхдээ шүүгч, шүүхийн хэрэгжүүлж буй шүүн таслах үйл ажиллагааг нэг талаас шүүгч, нөгөө талаас нь нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй шүүхийн захиргаа, түүний ажилтны туслалцаатай хэрэгжүүлдэг. Тиймээс шүүгчийн туслах шүүн таслах үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүрэг хүлээж оролцдог ба захирамжийг танилцуулах, гардуулах ажиллагааг шүүгчийн туслах хийнэ.

Нөгөө талаар шүүхэд хэрэг шилжсэнээр мэтгэлцэх зарчим хэрэгжих, хэргийн оролцогч шүүхийн ажиллагаа буюу хэрэгтэй танилцах, хүсэлт гаргах эрх нээлттэй байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 9.2-т “хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан, мөрдөн байцаалт дууссан бол хэргийн бүх материалтай танилцаж, ...нотлох баримтыг өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах” эрхтэй гэж зааснаар, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, шүүхээс хуралдааны тов лавлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар асууж, мэдээлэл авах зэргээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ.

Хэргээс авсан баримтаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нь 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэргийн материалтай танилцсан баримтад гарын үсэг зурснаас хойш 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу урьдчилсан хэлэлцүүлэг хүртэл хэрэгтэй танилцаагүй байсан.

Иймд шүүгчийг захирамж танилцуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна.

Холбогдох шүүгч Б.Төрболд нь Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон заалтыг зөрчөөгүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав” гэжээ.

Холбогдох шүүгч Б.Төрболд тайлбартаа: “...Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Б-д холбогдох эрүүгийн 2....9 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарлаж 102 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар 3 дахь хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн болно. Дээрх шийдвэрийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Б эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дагуу Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцээд анхан шатны шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан ба хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид урьд авсан “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Ингээд уг магадлал хуулийн хүчин төгөлдөр болж О.Б-д холбогдох эрүүгийн хэрэг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирсэн ба тус өдрийн 11 цаг 53 минутад яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Т.Д-ээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн авч уг өдрийн 15 цаг 20 минутад хэлэлцүүлэг товлон зарлаж яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Үүний дараа 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан товлон зарлаж яллагдагч О.Б-д холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.2, 1.3, 1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах санал, хүсэлтийг шүүхэд гаргаж болно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан санал, хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж заасан.

Дээрх зохицуулалтаас харахад яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр 1.2 дахь хэсэгт заасан “тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх”, 1.3 дахь хэсэгт заасан “хязгаарлалт тогтоох”, 1.5 дахь хэсэгт заасан “цагдан хорих” буюу уг 3 төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгахад прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хэлэлцүүлгийн тов мэдэгдэж, хэлэлцүүлэгт оролцуулах талаар хуульд заасан байна.

Өөрөөр хэлбэл хохирогч болоод түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид “яллагдагчийн тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, хязгаарлалт тогтоох, цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах зэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар мэдэгдэх шаардлагагүй талаар хуульд зохицуулсан.

Гомдол гаргасан өмгөөлөгч З.Б-ийн хувьд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.А-ийн өмгөөлөгчөөр оролцож байсан тул шүүгчийн туслахаас түүнд яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх талаарх хэлэлцүүлгийн товыг мэдэгдээгүй байна.

Шүүгч миний бие Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч О.Б-ийн өмгөөлөгч Т.Д-ээс гаргасан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” хүсэлтийг хуульд зааснаар 24 цагийн дотор буюу хүсэлт гаргаснаас хойш 3 цаг 7 минутын дараа хэлэлцүүлэг хийж оролцогчийн эрхийг зөрчихгүй, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хугацаанд багтааж хуралдан талуудыг оролцуулж шийдвэр гаргасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дараах тохиолдолд хохирогч, түүний өмгөөлөгчид “яллагдагчид таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох”-д мэдэгдэхээр хэдэн үндэслэл заасан байдаг. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.3 дугаар зүйлд “Хохирогчийн мэдээллээр хангуулах эрх”-ийг заасан байдаг ба үүнд “Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу дараах ажиллагааг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө прокурор түүнд энэ тухай мэдэгдэнэ” гээд

1.1. яллагдагчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэхийг шийдвэрлэх шүүхийн хэлэлцүүлэг;

1.2. хэргийн хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг харьяаллын дагуу шилжүүлэх;

1.3. ялтныг хорих ялаас хугацааны өмнө суллах асуудлыг шийдвэрлэх хуралдаан” гэжээ. Уг зохицуулалтын хувьд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч зөвхөн хүсэлт гаргасан нөхцөлд прокурор нь /шүүгч биш/ мэдэгдэх үүрэгтэйг заасан байна.

Мөн хуулийн 5.1 дүгээр зүйлд “Өмгөөлөгчийн эрх, үүргийг” тайлбарласан байдаг ба 5.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт “өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах” гэж заасан байдаг.

Уг тогтоогдсон нөхцөл байдлаас дүгнэхэд яллагдагч О.Б-д авсан “Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай” уг хүсэлт нь 1 дүгээрт яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргасан хүсэлт бөгөөд хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан хүсэлт биш учир тэдгээрт мэдэгдэхгүй байх нь уг хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч З.Б-ийн зүгээс “Яллагдагч түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үед заавал мэдэгдэж байх талаарх” ямарваа нэгэн хүсэлт хэрэгт хавсаргагдаагүй байна.

Практикт зарим хэргийн оролцогчийн цар хүрээ, тоо хэмжээнээс хамаарч /зарим хэргийн хувьд 100 хохирогч, өмгөөлөгч/ байдаг ба “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ нь хамгийн хүнд таслан сэргийлэх арга хэмжээ бөгөөд уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх, хүчингүй болгох, сунгах зэргийг түргэн шуурхай явуулах зорилгоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 24 цагийн дотор явуулахаар, түүнчлэн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагч, түүний өмгөөлөгч буюу цөөн оролцогч оролцуулахаар заасан байдаг нь зарим оролцогчийн хувьд эрх хязгаарласан мэт ойлгогдох сэтгэгдэл төрүүлж болохыг үгүйсгэх аргагүй юм...” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Өмгөөлөгч З.Б нь “давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж шийдвэрлэсэн ба анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдсөнийг мэдсэн. Шүүгчид таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилсөн шүүх хуралдааны товыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч надад мэдэгдээгүй тухай хэлэхэд шүүгч “та нараас оролцох хүсэлт гаргаагүй учир байлцуулахгүйгээр шийдсэн” гэсэн... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн шүүх хуралдаанд оролцох эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан байх тул шүүгч Б.Төрболдод хуульд нийцсэн арга хэмжээ авч өгнө үү”  гэх агуулгаар өргөдөл гаргажээ. /с.х-ийн 1 тал/

Илтгэгч гишүүн саналдаа “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн зохицуулалт шууд үйлчлэх тул яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг хэлэлцэх хэлэлцүүлгийн товыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх, тэдгээрийг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах талаар хуульд заагаагүй, хохирогчийг оролцуулалгүй хэлэлцүүлэг хийсэн шүүгчийн үйлдэл хуульд нийцсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааныг товлолгүй хийсэн гэж шүүгчийг буруутгах үндэслэлгүй байхын дээр уг арга хэмжээг өөрчлөх эсэх нь шүүхийн бүрэн эрх болно... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, шүүхээс хуралдааны тов лавлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар асууж, мэдээлэл авах зэргээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан... Иймд шүүгчийг захирамж танилцуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна” гээд шүүгчийг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй  байна” гэжээ. /с.х-ийн 54-60 тал/

Сахилгын хорооны хуралдааны бүрэлдэхүүн илтгэгч гишүүний санал нь үндэслэл бүхий холбогдох хуульд нийцсэн байна гэж үзлээ. Тодруулбал:

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд шүүгч Б.Төрболд нь Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 2024/ШЦТ/...2 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний ам нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна. /с.х-ийн 11-18 тал/

Дээрх шийтгэх тогтоолыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч буюу өргөдөл гаргагч өмгөөлөгч З.Б эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргасныг тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэн 2024/ДШМ/..3 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцааж, тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ....9 дүгээр албан бичгээр хэргийг анхан шатны шүүхэд хүргүүлжээ. /с.х-ийн 21-27 тал/

Анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад хүлээн авсан ба тус шүүхийн шүүгчдийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2024/ШЗТ/..2 дугаар “Хэрэг өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг томилох журамд өөрчлөлт оруулах тухай” зөвлөгөөний тогтоолын 5 дугаар зүйлийн 5.6-д “Хэргийг прокурорт буцаасан /тогтоол, захирамжийг хүчингүй болгосон/ тохиолдолд шийдвэрлэсэн шүүгчид нь хуваарилна...” гэж зааснаар өмнө шийдвэрлэсэн шүүгч Б.Төрболдод хэрэг дахин хуваарилагдсан байна. /с.х-ий. 51-53, 28 тал/

Хэргийг хүлээн авснаас хойш 53 минутын дараа буюу тухайн өдрийн 11 цаг 53 минутад О.Б-ийн өмгөөлөгч Т.Д “таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” хүсэлтийг шүүхэд гаргасан ба шүүхээс уг хүсэлтийг хэлэлцэх шүүх хуралдааныг товлож, 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 2024/ШЗ/..6 дугаар захирамжаар өмгөөлөгчийн хүсэлтийг ханган, О.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. /с.х-ийн 49, 31-36 тал/

Дээрх үйл баримтаас үзэхэд О.Б-ийн өмгөөлөгч Т.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...яллагдагч, ...өмгөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед энэ хуулийн 14.1 дүгээр зүйлийн ...1.5-д заасан таслан сэргийлэх арга хэмжээ ...өөрчлөх, ...хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж зааснаар хүсэлтээ шүүхэд гаргаж, шүүх мөн зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...хүсэлтийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор асуудлыг хэлэлцэх шүүхийн хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчид мэдэгдэнэ” гэж зааснаар товлогдсон шүүх хуралдаан 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цаг 20 минутаас эхэлсэн, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэгт прокурор, яллагдагчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулах ба хүсэлт гаргасан тохиолдолд яллагдагчийг оролцуулна” гэж зааснаар тухайн шүүх хуралдаанд прокурор Е.Х, яллагдагчийн өмгөөлөгч Т.Д, яллагдагч О.Б нар оролцсон болох нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна. /с.х-ийн 31-33 тал/

Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2024/ДШМ/..3 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул шүүгдэгч О.Б нь яллагдагч болох  юм. Шүүгч хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар хэргийг шүүгч 15 хоногийн дотор, мөн зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх боломжгүй бол тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн захирамжаар хугацааг 30 хоногоор сунгаж шийдвэрлэж болно.

Шүүгч Б.Төрболд нь хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хуульд заасан хугацаандаа буюу 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэн, шүүгчийн мөн өдрийн 2024/ШЗ/..4 дүгээр захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. /с.х-ийн 37-42 тал/

Иймд илтгэгч гишүүний “...хэрэг нь шүүхэд шилжсэн шүүгдэгчийн хувьд шүүн таслах ажиллагааны удирдлага болох мэтгэлцэх зарчимтай холбоотойгоор, хэргийн бусад оролцогч нарт мэдэгдэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх эсэх талаар оролцогч нар тайлбар гарган хэлэлцэх боломжийг бүрдүүлэх нь тус заалтын шууд бус агуулга илэрхийлэгддэг... давж заалдах шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлэгт шилжүүлжээ. Энэ нь яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэхийг шийдвэрлэдэг, тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт ...заасан байдаг. Энэ үе шатанд буюу шүүхэд хэрэг нь шилжээгүй яллагдагчийн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тохиолдолд дээр дурдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.13 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн зохицуулалт шууд үйлчлэх тул яллагдагчид авсан таслан сэргийлэх арга хэмжээтэй холбоотой хүсэлтийг хэлэлцэх хэлэлцүүлгийн товыг хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэх, тэдгээрийг зайлшгүй шүүх хуралдаанд оролцуулах талаар хуульд заагаагүй, хохирогчийг оролцуулалгүй хэлэлцүүлэг хийсэн шүүгчийн үйлдэл хуульд нийцсэн, мөн таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хуралдааныг товлолгүй хийсэн шүүгчийг буруутгах үндэслэлгүй байхын дээр уг арга хэмжээг өөрчлөх эсэх нь шүүхийн бүрэн эрх болно...” гэсэн нь үндэслэл бүхий болно.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд өмгөөлөгчийн эрх, үүргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2.3 дахь заалтад “хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлттэй танилцах, өөрийн зардлаар хуулбарлаж, хувилж авах,...” нь өмгөөлөгчийн эрх юм.

Өргөдөл гаргагч буюу өмгөөлөгч З.Б 2024 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хэргийн материалтай танилцсанаас хойш шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл хэргийн материалтай танилцаагүй буюу хуульд заасан эрхээ хэрэгжүүлээгүй болох нь сахилгын хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /с.х-ийн 47 тал/

Сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад илтгэгч гишүүн нь О.Б-д холбогдох эрүүгийн 2....9 дугаартай 3 хавтаст хэрэгт үзлэг хийхэд шүүгчийн туслахаас 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, тухайн шүүх хуралдаанаас гаргасан шүүгчийн захирамжийг талуудад гардуулсан, танилцуулсан талаарх баримт эрүүгийн хэрэгт хавсаргаагүй байжээ. Энэ талаар шүүгчийн туслах Н.Д-ээс бичгийн тайлбар авахад тэрээр “...өмгөөлөгч Т.Д-ийн хүсэлтийг шүүхэд гаргасны дагуу тус өдөр шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэж, тус захирамжийг шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Т.Д, прокурор, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн бөгөөд ...гомдол гаргах эрхийг дээрх оролцогч нарт тайлбарлаж захирамжийг гардуулсан. Хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарт захирамжийг хүргүүлсэн буюу гардуулсан ажиллагааг хийгээгүй бөгөөд хуульд зааснаар гомдол гаргах эрх нь яллагдагч, шүүгдэгчийн эрх хэмжээ гэж ойлгож байсан учраас гардуулаагүй” гэх тайлбар өгчээ. /с.х-ийн 43, 50 тал/

Шүүгчийн туслах нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтан бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.7 дахь заалтад зааснаар шүүх хуралдааны бэлтгэл, зохион байгуулалтыг хангах чиг үүрэгтэй. Хэдийгээр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн баримт, шүүгчийн захирамжийг гардуулсан, хүргүүлсэн баримт хэрэгт авагдаагүй байх боловч холбогдох ажиллагааг хийсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 14.13 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх таслан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингүй болгох, хугацааг сунгах тухай шийдвэрт гомдол гаргах эрхтэйг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулна” гэж зааснаар шүүгчийн захирамжийг яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, прокурорт танилцуулахаар хуульчилсан байна.

Иймд илтгэгч гишүүний “...шүүгч, шүүхийн хэрэгжүүлж буй шүүн таслах үйл ажиллагааг нэг талаас шүүгч, нөгөө талаас нь нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэрэг, маргааныг шийдвэрлэхэд мэдээлэл, судалгаа, санхүү, аж ахуй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэн, ажиллах нөхцөлөөр хангах үндсэн чиг үүрэгтэй шүүхийн захиргаа, түүний ажилтны туслалцаатай хэрэгжүүлдэг. Тиймээс шүүгчийн туслах шүүн таслах үйл ажиллагаанд хуульд заасан чиг үүрэг хүлээж оролцдог ба захирамжийг танилцуулах, гардуулах ажиллагааг шүүгчийн туслах хийнэ. Нөгөө талаар шүүхэд хэрэг шилжсэнээр мэтгэлцэх зарчим хэрэгжих, хэргийн оролцогч шүүхийн ажиллагаа буюу хэрэгтэй танилцах, хүсэлт гаргах эрх нээлттэй байдаг. ...хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед хэргийн материалтай танилцах эрх нь нээлттэй, шүүхээс хуралдааны тов лавлах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцын талаар асууж, мэдээлэл авах зэргээр эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан гэж үзнэ... Иймд шүүгчийг захирамж танилцуулаагүй гэж буруутгах үндэслэлгүй байна” гэж үзсэнийг хүлээн авах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнэвэл шүүгч Б.Төрболд нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 55 дугаар зүйлд заасан шүүгчид хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн зөрчил гаргасан гэх үйл баримт сахилгын хэрэгт авагдсан холбогдох баримтуудаар тогтоогдоогүй тул илтгэгч гишүүний “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал”-ыг хүлээн авч, түүнд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2, 112.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн ГС/2025/...8 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболдод холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
  2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл гаргагч нарт хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.7 дахь хэсэгт зааснаар дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэгт зааснаар магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Шүүхийн сахилгын хороонд сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

                           ДАРГАЛАГЧ                                     Д.ЭРДЭНЭЧУЛУУН

                           ГИШҮҮН                                          Х.ХАШБААТАР

                                                                                       Г.ЦАГААНЦООЖ