
МОНГОЛ УЛС
ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО
МАГАДЛАЛ
2025-06-03
Дугаар 73
Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Г.Цагаанцоож даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, Х.Хашбаатар нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Д.Мягмарцэрэн, нарийн бичгийн дарга Ц.Нямжаргал нарыг оролцуулан тус хорооны танхимд хийсэн хуралдаанаар:
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Болдбаатар, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Г.Б өргөдөлдөө: “...Прокурорын газраас хяналт тавьж ажилласан одоо ял эдэлж байгаа Б.Б-д холбогдох 19............88 дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Г.Б миний өмчлөлийн эд хөрөнгийг андуурч, хууль бусаар битүүмжилсэн байх бөгөөд бүхэл бүтэн 3 шатны шүүх асуудлыг хэргийг хянаад, шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн зүгээс “энд алдаа гарсан байна хамааралгүй хүний хөрөнгө хураагдсан байна” гэж хэлсээр байтал бодит байдлыг нягтлан шалгах, хуулийг зөв хэрэглэх үүргээ биелүүлээгүй шүүхийн шийтгэх тогтоолыг засалгүй хүчин төгөлдөр болгосонд гомдолтой байна.
2023 оны 5 дугаар сард шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагаас байрыг хураахаар шаардах хуудас наахад энэ асуудлыг анх мэдсэн бөгөөд үүнээс хойш удаа дараа алдааг засуулахаар шат шатны прокурор шүүхэд хандсан боловч миний хөрөнгөөр хохирол барагдуулахаар шүүхийн шийдвэрт заасан, алдааг залруулахаас зайлсхийж өдий хүрсэнд гомдолтой байна.
...Улмаар прокурорт гомдол гаргахад ...Ерөнхий прокурор миний асуудлыг огт авч хэлэлцээгүй гомдлыг хэрэгсэхгүй болгосон. Улмаар Улсын Ерөнхий прокурорт хандаж байж сая нэг юм алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч залруулахаар Нийслэлийн прокуророос хүн томилсон. Томилсон Ш.С прокурор “...Г.Б-ны хөрөнгийг хууль бусаар битүүмжилсэн нь үг үсгийн алдаа юм" гээд залруулах дүгнэлт хүсэлтийг анхан, давах, хяналтын шатны шүүхэд гаргасан боловч хүлээж аваагүй, шүүх шүүхийн шийдвэрээ засварлаагүй өдий хүрлээ.
Хамгийн сүүлд Улсын дээд шүүхээс 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 5... дугаартай тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх нотлох баримтуудыг хянан шинжлэн судалснаар алдаа гаргасан эсэхийг) бодитоор тогтоон шийдвэрлэх боломжтой” гэж шийдвэрлэсэн байна.
...Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дах хэсэг, 9.6 дугаар зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6, 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 22.1.3, 22.3 дугаар зүйл 2 ба 3 дах хэсэг, 26.1 дахь хэсгийг тус тус буруу хэрэглэн хууль бусаар бусдын эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан зөвшөөрлийг гаргасан хяналтын прокурорын тогтоолыг хянах үүргээ биелүүлээгүй, хуулийг илт буруу хэрэглэсэн, Шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дугаар зүйлд заасныг зөрчсөн Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Азжаргал, А.Мөнхсайхан, З.Болдбаатар, шүүгдэгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянасан боловч алдааг залруулаагүй гэмгүй хүний хөрөнгийг хураах шийдвэр гаргасан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн нарт хариуцлага тооцож өгнө үү” гэжээ.
Шүүгч М.Пүрэвсүрэн тайлбартаа: “...1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6... дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг 82 иргэнээс нийт 4,766,381,546 төгрөг залилан авч, уг мөнгөний зарим хэсгээр үл хөдлөх эд хөрөнгө, автомашин худалдан авсан хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан “хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Ү-2......5 тоот улсын бүртгэлийн дугаартай, ...дүүргийн ..дүгээр хороо, ...хотхоны ...тоот орон сууцыг хохиролд тооцуулахаар шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээсэн бөгөөд Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6... дугаар магадлалаар тус хэргийг магадлан хянаад зарим хохирогч нарын хохирлыг залруулж, автомашиныг битүүмжлэлээс чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0.. дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралданаараар хэлэлцүүлэхээс татгалзсанаар дээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна.
2. Улсын бүртгэлийн Ү-2......5 дугаарт бүртгэгдсэн, ...дүүргийн ...дүгээр хороо, ... хотхоны ...тоот орон сууцыг шүүгдэгч Б.Б залилах гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөөр худалдаж авсан гэж үзэж прокурорын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4.. дугаар тогтоолоор хөрөнгийн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч холбогдох ажиллагааг хийсэн байх ба энэ талаар магадлалын 30 дахь талд тодорхой дүгнэжээ.
Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хаана, хэрхэн тараан байршуулж эх сурвалжийг нь нуусан, эдийн засгийн эргэлтэд оруулж цэвэршүүлсэн урсгалыг олж тогтоох, хөрөнгийг царцаах, улмаар шүүхэд танилцуулж хураан авах нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэх бөгөөд үүнийг онолын хувьд зэрэгцээ мөрдөн шалгах ажиллагаа гэж нэрлэдэг.
Нэгэнт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого болон түүний үр шимээр бий болсон хөрөнгө, мөнгийг хэний эзэмшил, өмчлөлд бүртгэгдсэнээс үл хамааран заавал хурааж хохиролд тооцуулах зохицуулалтыг Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд тусгасан бөгөөд харин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогоо хуулийн дагуу хийгдсэн гэрээ, хэлцлийн үндсэн дээр худалдан авагч тал нь мэдэх боломжгүй нөхцөлд шилжүүлсэн бол шударга эзэмшигчийн эрхийг хамгаалах үүднээс хураахыг хориглосон байдаг.
Шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дүгнэлт хийж үл хөдлөх эд хөрөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон хэмээн үзээд хохиролд тооцуулахаар хураасан байх ба хэрэв мөрдөгч, прокурорууд хаягжилтын алдаа гаргасан бол тухайн үед энэ нөхцөл байдал шүүхэд мэдэгдэх боломжгүй байжээ. Гомдолд “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1.1, 50.1.23 дугаар зүйлд заасныг зөрчсөн...” гэж дурьдсан бол сахилгын хэрэг үүсгэсэн захирамжид Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсгийн аль үндэслэлд хамаарч буйг тодорхойлоогүй байна.
Миний хувьд энэ хэргийн оролцогчоос хэнийг нь ч танихгүй, харилцаа холбоогүй бөгөөд давж заалдах шатны журмаар хянан хэлэлцэх шүүх бүрэлдэхүүнд оролцохдоо хувийн ашиг сонирхлын үүднээс шүүгчийн албан тушаалаа урвуулан ашиглаж хэн нэгэнд давуу байдал бий болгоогүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.
Түүнчлэн Б.Б-ийн гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор прокурорын битүүмжилсэн хөрөнгийг хураах шийдэл нь нотлох баримтад тулгуурлаж гарснаас бус хууль буруу хэрэглэсэнтэй холбоогүй гэж үзэхээр байна. Өөрөөр хэлбэл энэхүү гомдол шүүгчийн дотоод илтгэлээр нотлох баримтад тулгуурлан гаргасан шийдвэрээс улбаатай бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа, түүний үр дүнд цугларсан нотлох баримт алдаатай байснаас шүүхийн шийдвэр гуравдагч этгээдийн эрх ашиг сонирхлыг хөндсөн агуулгатай тул “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой зөрчсөн” зөрчилд хамаарахгүй.
Иймд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50, 51.1, 52, 53, 55 дугаар зүйлүүдэд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зөрчлүүдийн алинд ч үл хамаарах тул мөн хуулийн 57 дугаар зүйлд заасан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлгүй гэж үзэж байна.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 5.. дугаар тогтоолоор гомдол дурьдсан асуудлыг шинээр илэрсэн нөхцөл байдалд хамаарахгүй гэж үзээд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1, 37.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан тогтоол биелүүлэх үед гарсан тодорхой биш зүйлийг тодруулах асуудлыг шийдвэрлэх журмыг баримтлан шийдвэр гаргасан анхан шатны шүүх шийдвэрлэх нь зүйтэй” гэсэн агуулга бүхий дүгнэлт хийж прокурорын эсэргүүцэл, ялтны гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хөрөнгө битүүмжлэхдээ мөрдөгч, прокурор хаягийн алдаа гаргаж гуравдагч этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, улмаар шүүх хохиролд тооцож хураах шийдвэр гаргахад хүргэсэн бол шийдвэр гаргасан анхан шатны шүүх залруулах боломжтой хэмээн гомдолд дурьдсан асуудлыг шийдвэрлэх арга журмыг хяналтын шатны шүүх тогтоолдоо заасан болохыг дурьдах нь зүйтэй” гэжээ.
Шүүгч М.Алдар тайлбартаа: “ ... Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Б-д холбогдох хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6.. дугаар шийтгэх тогтоолоор гомдолд дурьдсан үл хөдлөх хөрөнгийг хохиролд тооцуулахаар шийдвэрлэснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 9.. дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэсэн байна.
Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан болон анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудад үндэслэн гомдолд дурьдсан үл хөдлөх хөрөнгийн хувьд “...прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4... дугаар тогтоолоор улсын бүртгэлийн дугаартай, тоот орон сууцны шилжилт хөдөлгөөний хязгаарлаж, үнэлгээ гаргуулсан нь шийтгэх тогтоолоос зөрүүгүй байна” гэсэн дүгнэлтийг хийжээ.
Хэрэв хэргийн оролцогч тухайлбал, хяналт тавьсан прокурор бусдын эрх нь зөрчигдсөн гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах эрх нээлттэйг үүгээр уламжилж байна. Гомдолд дурьдсан хэргийн оролцогчидтой аливаа асуудлаар хамааралгүй, албан тушаалаа ашиглан тэдэнд ямарваа давуу байдал олгоогүй болно” гэжээ.
Шүүгч Д.Азжаргал тайлбартаа: “ ...шүүгч хэмээх хариуцлагатай албан тушаалыг эрхэлж, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын шүүхийн тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон холбогдох дүрэм, бусад хуулийг хэлбэрэлтгүй сахиж, хүний эрх, эрх чөлөө, эрхэм чанарыг хүндэтгэх, хууль дээдлэх, үнэнч шударга байх, аливаа асуудалд бодитой, төвийг сахисан байр сууринаас хандах, хараат бус байх, үүрэгт ажилдаа хариуцлагатай хандах, мэргэжлийн нэр хүндээ эрхэмлэх зэрэг зарчмуудыг хувийн зан чанар болгож өдөр тутам мөрдлөгө болгон ажиллаж байгаагаа илэрхийлж байна. Шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/6.. дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэрлэж, холбогдох дээд шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн. Тухайн шүүх хурал дээр гомдолд дурдсан байрны талаарх эргэлзээ бүхий нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй бөгөөд, давж заалдах гомдолд энэ талаар дурдагдаагүй.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/9.. дугаартай магадлалд “...анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна оролцогчдын эрхийг хасч буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил гараагүй байна...” гэж дүгнэн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн байна. Иймд би Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-д заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох”, мөн зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхгүй гаргах” гэх хуулийн заалтуудыг зөрчөөгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүгч З.Болдбаатар тайлбартаа: “...Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50.1 дүгээр зүйлийн 50.1.1-д “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” гэж, мөн хуулийн 50.1.23-т “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой, эсхүл удаа дараа зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй гаргах” гэж тус тус заасныг зөрчсөн хэмээн гомдол гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүгч А.Мөнхсайхан тайлбартаа: “ ...Иргэн Г.Б-ны гаргасан гомдолтой танилцсан бөгөөд түүний гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Ялтан Б.Б-д холбогдох хэргийг харьяалах прокурорын газраас шилжүүлсэн бөгөөд шүүх хэргийг хавтаст хэргийн хүрээнд шийдвэрлэсэн. Шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн байдаг...” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шалгах ажиллагааны явцад сахилгын хэрэгт авагдсан баримтаас үзвэл,
1. ... прокурорын газар Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд 6... дугаар шийтгэх тогтоолоор гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тогтоолын 7 дах заалтад “...шүүгдэгч Б.Б-ийн өмчлөлийн ...дүүргийн ...дүгээр хороо, ...хотхон ...тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж хохиролд тооцуулахаар шийдвэрлэжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Н, иргэний нэхэмжлэгч А.М, хохирогч Э.О нарын давж заалдах гомдлоор хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 9.. дүгээр магадлалаар шийтгэх тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулж, тогтоолын 7 дах заалтад “...автомашины шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн.
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 0.. дугаар тогтоолоор шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан, магадлал хүчин төгөлдөр болжээ.
2. Иргэн Г.Б, өмгөөлөгч Г.Ц нар “...дүүргийн ...дүгээр хороо, ...хотхон ...тоот орон сууцыг шүүгдэгч Б.Б-ийн төлбөрт битүүмжилж, төлбөр барагдуулах жагсаалтад оруулж техникийн шинжтэй алдаа гаргасан тул зөвтгөх” хүсэлт гаргасныг Улсын Ерөнхий прокурорын 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 6.. тогтоолоор хүлээн авахаас татгалзжээ.
3. Г.Б-ны шийтгэх тогтоолд засвар оруулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд 2..8 дугаартай тогтоолоор “...дээд шатны шүүх нэгэнт тухайн шийтгэх тогтоол болон хэргийн бүхэлд нь хянаж дүгнэлт хийсэн байх тул анхан шатны шүүх дээд шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох засварлах эрх хэмжээ хуулиар олгогдоогүй” гэх үндэслэлээр хангахаас татгалзсан.
Г.Б, өмгөөлөгч Г.Ц нар шийтгэх тогтоол, магадлалд залруулах хийх хүсэлт гаргасан, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 5.. дүгээр тогтоолоор “...хүсэлт гаргах эрх бүхий этгээд биш” гэх үндэслэлээр гомдлыг буцаасан.
4. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “ ...дүүрэг, ...дүгээр хороо, ...тоот орон сууц нь хэргийн холбогдогч Б.Б-ийн өмчлөлийн бус, иргэн Г.Б-ны өмчлөлийн орон сууц байхад мөрдөгч, прокуророос бичиг техникийн шинжтэй алдаа гаргаж, эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан нь шүүхийн шийдвэрт хохирол тооцогдохоор тусгагдсан” тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах дүгнэлт гаргасан.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр 5.. дугаар тогтоолоор прокурорын дүгнэлтийг хангахаас татгалзсанд прокурор эсэргүүцэл бичсэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 0.. магадлалаар прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон.
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 5... дугаартай тогтоолоор прокурорын эсэргүүцлийг хэлэлцүүлэхээс татгалзахдаа “...анхан шатны шүүх хянан үзэж баримтыг шинжлэн судалснаар алдаа гарсан эсэхийг бодитой тогтоож шийдвэрлэх боломжтой эрх зүйн маргаан байсан байна ...хууль хэрэглээ бус ажиллагааны үед гарсан үйл баримтын шинжтэй санамсаргүй алдааг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг сэргээх журмаар бус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гаргасан шүүх хянах учиртай” гэжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЗ/2..2 дугаартай захирамжаар прокурорын дүгнэлтийг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 6... дугаар шийтгэх тогтоолд “Y-2......5 улсын бүртгэлийн дугаартай ...дүүрэг, ...дүгээр хороо, ...хотхоны ...тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосон Нийслэлийн прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 4... дугаартай прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрлэжээ.
Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналд: “...мөрдөн шалгах ажиллагааны үед прокурор хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа хаягийн алдаа гаргасны улмаас Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт эд хөрөнгийн хариуцлага хүлээх учиргүй иргэн Г.Б-ны өмчлөлийн орон сууцыг ташаа ойлгон хязгаарлах улмаар шүүх үндэслэлгүйгээр хохиролд тооцуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна.
Иймд хэрэгт ямар ч хамааралгүй иргэн Г.Б-ны өмчлөлийн эд хөрөнгийг прокуророос ташаа ойлгон битүүмжилж, улмаар шүүх хураасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 21.2-т “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйл Хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ”, мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, мөн хуулийн 6 дахь хэсэгт “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэж тус тус заасан хуулийн илт тодорхой заалтыг холбогдох шүүгч нар зөрчсөн гэж үзлээ
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 6... дугаар шийтгэх тогтоолыг болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2022/ДШМ/9... дугаар магадлалыг гаргасан шүүх бүрэлдэхүүн нь мөрдөгчийн санал, прокурорын тогтоолын хууль зүйн үндэслэл, процессын зөрчлийг хянаж, зөвтгөөгүй зөрчил гаргасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хянан үзэж тус алдааг залруулж, зөвтгөсөн тул тус нөхцөл байдлыг харгалзан шүүгч М.Пүрэвсүрэн, М.Алдар, Д.Азжаргал, З.Болдбаатар, А.Мөнхсайхан нарыг хуулийн илт тодорхой заалтыг “ноцтой” зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн дээрх үйлдэл нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгох” хориглолтод хамаарахгүй, шүүгчид нь “…хохирогч нарт давуу байдал бий болгосон” гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.
Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т “Энэ хуулийн 56.1.5-д заасан шийтгэл оногдуулах сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш хоёр жил, зөрчил гаргаснаас хойш таван жил өнгөрсөн бол шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй” гэж заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болохыг дурдав...” гэжээ.
Дараах үндэслэлээр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.
1. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-т “Мөрдөгч нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хуулийн дагуу явагдаж байгаа эсэх, цугларч байгаа нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой эсэхийг хянаж үнэлнэ” 2-т “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан.
Дээр дурдсанаар мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурор ...дүүрэг, ...дүгээр хороо, ...хотхоны ...тоот орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаж, уг эд хөрөнгийн үнэлгээг тогтоож, улмаар яллах дүгнэлтэд энэ талаар дурджээ.
Шүүх эдгээр баримтыг үндэслэн шийтгэх тогтоолоор уг орон сууцны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан хязгаарлалтыг хэвээр үлдээж, хохирол нөхөн төлүүлэхээр худалдан борлуулж, хохиролд тооцохыг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”, 3-т “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ”, 6-т “Шүүх хөрөнгө, орлого хураан авахдаа хураан авах хөрөнгө, орлогыг шийдвэртээ нэг бүрчлэн заана” гэсэнтэй нийцжээ.
Тус эрүүгийн хэрэгт шүүгдэгчээр Б.Б оролцсон байх бөгөөд Г.Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчоор оролцоогүй.
Өөрөөр хэлбэл, хэрэгт уг орон сууц Г.Б-ны өмчлөлийнх гэх баримт хэрэгт авагдаагүй учраас шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэн шийдвэр гаргажээ.
Иймд холбогдох шүүгч нарыг саналд дурдсан Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 6 дах заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалт….” гэдэгт нэг утга санааг хоёрдмол утгагүйгээр шууд ойлгогдохоор энгийн, маргаангүй тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэнт тогтсон, агуулгын хувьд тодорхой байх зэрэг ойлголтууд хамаарна.
...дүүрэг, ...дүгээр хороо, ...хотхоны ...тоот орон сууц Г.Б-ны өмчлөлийнх болох, тухайн эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлахдаа мөрдөгч, прокурор хаягийн алдаа гаргасан нь хэргийг шийдвэрлэх үед мэдэгдээгүй, энэ тохиолдолд холбогдох шүүгч нарыг сахилгын зөрчил гаргасан гэж буруутгах үндэслэлгүй.
Сахилгын хэрэгт авагдсан баримтаар холбогдох шүүгч нарыг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1-т заасан “албан тушаалын байдал, эрх нөлөөгөө урвуулан ашиглаж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон, мөн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.23-т заасан “хуулийн илт тодорхой заалтыг ноцтой эсхүл удаа дараа” зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
2. Шүүгчид сахилгын шийтгэл оногдуулж болохгүй хугацааг Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т тодорхойлсон ба нэр бүхий шүүгч нар сахилгын зөрчил гаргаагүй тул шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1, 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын дээд шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Азжаргал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч З.Болдбаатар, Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан нарт холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналыг хүлээн авч, холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сахилгын хороонд хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
3. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6-т зааснаар магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар хүргүүлэхийг ажлын албанд даалгасугай.
4. Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Г.ЦАГААНЦООЖ
ГИШҮҮН Ц.ДАВХАРБАЯР
Х.ХАШБААТАР