info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-07-07

Дугаар 77

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Х.Хашбаатар даргалж, гишүүн Ц.Давхарбаяр, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн О.Номуулин, нарийн бичгийн даргаар хуралдаан хариуцсан ахлах мэргэжилтэн Г.Болортуяа, өргөдөл гаргагч Т.Г нарыг оролцуулан тус хорооны хуралдааны танхимд хийж, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд холбогдох Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0060 дугаартай “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Илтгэгч гишүүн “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналдаа:

“... 1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан.

Өргөдөлд “шүүх хурал эхлээд удаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байхад, шүүгч завсарлаад орж ирсний дараа нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлаж эхэлсэн,  ... хэргийг хянан хэлэлцэж эхлээд удаагүй, ажлын цаг дуусаагүй, шөнийн цаг эхлээгүй, хэргийн оролцогч болон бусад оролцогч нарт зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсан” гэжээ.

Дээрх нөхцөл байдлыг тодруулахаар 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 02/...дүгээр албан бичгээр“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн ... хэлтэст холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэсэн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгийг Орхон аймаг дахь шүүхийн тамгын газраас шаардсаны дагуу тус тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *** дүгээр албан бичгээр шүүх хуралдааны дуу, дүрсний 3 бичлэг бүхий дискийг ирүүлсэн.

-1 дүгээр бичлэгийг нээж үзэхэд “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Орхон аймгийн ... хэлтэст холбогдох захиргааны хэргийг хэлэлцэхийг мэдэгдсэнээр шүүх хуралдаан эхэлж байх ба шүүгч хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны дэг, дэс дарааллыг нэг бүрчлэн тайлбарлан өгч,  нийт 1:00:01 минутын хугацаанд үргэлжилж байна. Бичлэгийн 12:20 минутаас 24:00 минут хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, 24:15 минутаас 33:25 минут хүртэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа, 33:30 минутаас 49:15 минут хүртэл гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбараа, 49:30 минутаас 53:25 минут хүртэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбараа, 53:50 минутаас 55:40 минут хүртэл гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Э.Э нэмэлт тайлбараа тус тус хэлнэ. 

Даргалагчаас: Нотлох баримт шинжлэн судалъя гэсний дараа түр завсарлая ханиад хүрчихсэн чинь хоолой өвдөөд, эм уугаадахъя гээд бичлэгийн 56:40 минутаас танхимыг орхин гарч байгаа нь харагдаж байх ба бичлэг 1:00:01 минут үргэлжлээд дууссан,

-2 дугаар бичлэгийг нээж үзэхэд дээрх шүүх хуралдаан завсарласан байдал үргэлжилж шүүгч бичлэгийн 00:46 секундэд танхимд орж ирж, нотлох баримтыг шинжлэн судалж эхэлж байх ба өргөдөлд дурдсан “шүүх хурал эхлээд удаагүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байхад шүүгч завсарлаад орж ирсний дараа нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлаж эхэлсэн” гэх үндэслэл үгүйсгэгдэнэ.

Харин Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ” гэж заасныг зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан завсарласан талаар тусгаагүй нь буруу байна.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “Тэмдэглэлийг шүүх хуралдааны үед шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, хэрэг хянан шийдвэрлэх бусад ажиллагааны үед шүүгчийн даалгаснаар шүүгчийн туслах үйлдэнэ” гэж зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын хариуцлагагүй үйл ажиллагаатай холбоотой байх тул шүүх хуралдааныг 5 минут орчим завсарлуулсан талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүйд шүүгчийг буруутгах боломжгүй.

Түүнчлэн, шүүгч эрүүл мэндийн байдлын улмаас 5 минут орчим шүүх хуралдааныг завсарлуулаад эм уугаад орж ирсэн гэх нөхцөл байдал нь хүндэтгэн үзэх шалтгаан байх бөгөөд энэ тохиолдолд шүүгчийг хуулийн илт тодорхой заалт зөрчсөн гэж үзэхээргүй байна.

2. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 2.1.2-т “Ажилтан” гэж тухайн шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг ойлгоно, 4.1.3-д “Ажилтан аргачлалын 4.1.2-т заасны дагуу хүлээн авсан нэхэмжлэл түүнд хавсаргасан баримтыг хүлээн авч, баримтад “Шүүхэд албан хэрэг хөтлөх журам”-д заасны дагуу тэмдэг дарж, баталгаажуулна”, 5.17.1-д “Ажилтан эсхүл шүүгчийн туслах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлтийг Бүртгэл №24-д, бусад өргөдөл, гомдол, хүсэлтийг Бүртгэл №21-д хүлээн авч, бүртгэн, аргачлалын 4.1.3-т заасны дагуу баталгаажуулж, нэн даруй шүүгчид шилжүүлнэ” гэж заасан бөгөөд шүүхийн тамгын газрын цахим хаягаар 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 17 цаг 47 минутад явуулсан хүсэлтийг мэдээлэл лавлагааны мэргэжилтэн хүлээн авч холбогдох шүүгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Гэтэл 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн шүүх хуралдаан эхлэхээс өмнө гуравдагч этгээдийн цахимаар гаргасан дээрх хүсэлтийг шүүгчид өгөөгүй болох нь тус өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл, сахилгын хэргийн оролцогчийн тайлбар зэргээр нотлогдож байх тул шүүгчийг хүсэлт хүлээн аваагүй гэж буруутгах боломжгүй.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ”: 70.1.3.”хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх”, 70.5. “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно”, 70.8.”Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно”, 70.9.”Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүгч дангаар удирдан явуулж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ хуулийн 88 дугаар зүйлд заасны дагуу үйлдсэн тэмдэглэлтэй хэргийн оролцогч танилцаж болно” гэж тус тус заасан бөгөөд шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт товлосон байсан тул гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ж.С-н “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг шийдвэрлэхийн тулд хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хангаж товлогдсон урьдчилсан хэлэлцүүлгийг сунган хойшлуулж, 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон, шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжаар гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нарын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт”-ийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь дээрх хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

3. 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлэгт гуравдагч этгээдүүд, ... банк болон ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг тэмдэглэлд тусгасан байх бөгөөд шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжийн Тодорхойлох хэсэгт ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг бичсэн боловч бусад гуравдагч этгээдийн тайлбар бичигдээгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.1-д “Шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, үндэслэх, тогтоох хэсгээс бүрдэнэ”, 107.3. “тодорхойлох хэсэгт нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулгыг тусгана” гэж заасан нь шүүхийн шийдвэрийн бүтцийг хуульчилсан зохицуулалт бөгөөд шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн бүтэцтэй адилхан бичихийг хуульчлаагүй.

Иймд өргөдөлд дурдсан “...2024 оны 11 сарын 05-ны өдрийн захирамжид бусад гуравдагч этгээдүүдийн саналын талаар бичээгүй орхигдуулсан” гэх үндэслэлээр шүүгчийг буруутгах боломжгүй байна. /өргөдөлд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй гэж дурдсан ч агуулгыг нь үзвэл шүүгчийн захирамжид тусгаагүйг андуурч бичсэн байсныг зөвтгөж дүгнэсэн/

Дээрхийг нэгтгээд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчөөгүй гэх үндэслэлээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргав.” гэжээ.

Холбогдох шүүгч Д.Сарангэрэл Шүүхийн сахилгын хороонд гаргасан тайлбартаа:

“... Иргэн Т.Г-н “...Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 9 цаг 00 минутад эхлээд удаагүй байхад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байхад, шүүгч завсарлаж орж ирсний дараа нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлаж эхэлсэн нь надад хардлага төрүүлж байгаа ... хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй, ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсан...” гэх гомдолд тайлбарлахад

-2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09 цаг 00 минутад шүүх хуралдааныг эхлүүлж нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хариуцагч талын хариу тайлбар, гуравдагч этгээдүүдийн тайлбарыг шүүх хуралдаанд 2, 2 удаа гаргуулж нотлох баримт шинжлэн судлах шатанд шүүгч миний зүгээс шүүх хуралдаан эхэлснээс хойш 09 цаг 56 минут 40 секундийн үед хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэж хэлээд, “шүүх хуралдааныг 2 минут түр завсарлая, ханиад хүрсэн байгаа хоолой өвдөөд бие эвгүйрээд байна” гээд шүүх хуралдаанд оролцож байсан хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдээд гарсан. /тухайн шүүх хуралдааны бичлэгээс үзэв/.

Учир нь миний бие тухайн үед хүнд ханиад хүрсэн халуурч байсан бөгөөд байн байн ханиалгах, нус гоожих зэрэг тавгүй байсан тул бохирдлоо хаях, нусны алчуур, цаас авч ирэх аргагүй шаардлага үүсэж шүүх хуралдааныг түр завсарлуулсан. Бичлэгээс үзэхэд байн байн бүгшүүлж ханилгах, нусаа арчих зэрэг үйлдлүүд бичигдсэн байна. Түүнээс өөр шалтгаан байгаагүй бөгөөд гуравдагч этгээд Т.Г-н бичсэн “шүүх хуралдааныг завсарлуулаад нэхэмжлэгч талд нэхэмжлэлийн шаардлагын талаар зөвлөсөн” гэдэг юм уу харилцаа холбоо тогтоосон зүйл огт байхгүй.

Шүүгч зайлшгүй хэргийн оролцогчтой уулзах шаардлага үүсвэл бусад хэргийн оролцогчдод мэдэгдэх, тэдгээрийг байлцуулах, шүүгчийн туслахыг байлцуулж тэмдэглэл үйлдэх зэрэг ажиллагааг явуулдаг.

Мөн Т.Г-н “...АТГ-аас 242500185... дугаартай эрүүгийн хэрэг шалгагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү”, “...урьдчилсан хэлэлцүүлэг зарласанд гайхаж, ойлгомжгүй нөхцөл үүсээд байна” гэх хүсэлтээ Орхон аймгийн шүүхийн Тамгын газрын цахим хаягаар 2024.10.31-ний 5 цаг47 минутад явуулж, ... шүүгчийн туслахад утсаар мэдэгдсэн. 2024 оны 11 сарын 01 өдрийн 2 цаг 30 минутад эхэлсэн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүгч Сарангэрэл нь хурал эхлэхэд миний хүсэлтийг хүлээн авч танилцах хангалттай хугацаа байсан ч хүлээж аваагүй байсан бөгөөд ... ямар хүсэлт хэзээ өгсөн бэ,... хүсэлт хүлээж аваагүй, ...хүсэлт орж ирээгүй учраас одоо хэлэлцүүлэх боломжгүй” гэх гомдолд тайлбарлахад

Т.Г нь дээрх хүсэлтийг 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 47 минутад шүүхийн мэйл хаягаар явуулж, шүүгчийн туслахад энэ талаар мэдэгдсэн гэжээ.

Тус шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлэг нь “шүүх хуралдааны тов тогтоох”-оор товлогдсон бөгөөд уг хэлэлцүүлэгт гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нараас “...цахимаар хүсэлт явуулсан, нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул тодруулах шаардлагатай, мөн 242500185... дугаартай эрүүгийн хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлт, тайлбарыг гаргасан. Хэдийгээр Т.Г нь тус хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн 17 цаг 47 минутад /ажлын цаг дуусахын өмнө/ шүүхийн мэйл хаяг руу хүргүүлсэн гэх боловч тухайн хүсэлт надад орж ирээгүй байсан бөгөөд хурлын дараа шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан оруулж ирсэн. Шүүхийн мэйл-ээр ирүүлж байгаа хүсэлт, албан бичиг зэргийг Шүүхийн мэдээлэл лавлагааны ажилтан тусгайлан хүлээн авч холбогдох шүүгчид нь хүлээлгэн өгдөг бөгөөд захиргааны хэргийн шүүхийн туслах хүлээж авдаггүй болно.

Ингээд тус өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нарын гаргасан “...захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлтийг ямар үндэслэлээр тухайн эрүүгийн хэрэг маргаан шалгагдаж байгаа нь тодорхойгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шууд хэлэлцүүлэн шийдвэрлэх үндэслэлгүй байсан тул урьдчилсан хэлэлцүүлгийг 4 хоногоор сунган хойшлуулж шийдвэрлэсэн.

Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д /Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно/ заасан ба гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нарын “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт танилцуулах, түүнд тайлбар гаргах, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт мэтгэлцэх боломжоор хангах шаардлагатай байсан тул мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.8 дахь хэсэгт /Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно/ зааснаар тус шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэг удаа 4 хоногоор сунган, дараагийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг тогтоож “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх”, мөн “шүүх хуралдааны тов тогтоох” эсэх асуудлыг тус тус хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т “Шүүгч дараах хүсэлтийг хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэнэ". 70.1.3-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх", гэж заасан бөгөөд “шүүх хуралдааны тов тогтоох” урьдчилсан хэлэлцүүлгээр “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тухайн хүсэлтийг шүүгч хүлээн авч танилцаагүйгээс гадна бусад хэргийн оролцогчид мэдэхгүй, танилцаагүй тул тухайн хүсэлтийг тэдгээрт танилцуулах, мэтгэлцэх боломжоор хангах, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хэлэлцүүлгийн товыг тогтоох үүргийг шүүх /шүүгч/ гүйцэтгэсэн бөгөөд хууль зөрчөөгүй гэж үзэж байна.

Т.Г-н “....нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлага тодруулсан нь хэргийн оролцогчдод эрх тэгш хандаж аливаа асуудалд бодитой үнэнч байгаагүй гэсэн хардлага төрүүлж байна...” гэсэнд тайлбарлая.

Тухайн өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б-с шүүх хуралдааны тов тогтоохтой холбогдуулаад “...6 гараж. 5 орон сууцын бүртгэлийг хүчингүй болгуулах гэдгээ Т.Г-р дамжсан бүх хэлцэл бүртгэлүүдийг хүчингүй болгуулах гэж тодруулсан байгаа. Шүүх хуралдааныг товлохдоо хариуцагч, гуравдагч этгээдэд гардуулсны дараа товлох нь зүйтэй байх...”, мөн гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Ж.С-с “...нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байх тул тодруулах шаардлагатай....” гэх тайлбаруудыг гаргасан. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагын талаар хэлэлцдэггүй тул хэлэлцээгүй.

Дээрх маргаан бүхий хэрэг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх рүү хянагдахаар явсан бөгөөд Захиргааны хэргийн бүртгэл, хяналтын нэгдсэн систем рүү нэвтрэх болон шүүх хуралдааны тэмдэглэлийг харах, хэрэгт байгаа баримтуудад үндэслэж тайлбар гаргах боломжгүй байгаа тул энэ талаарх тайлбар, нотлох баримтыг хэрэг ирсний дараа үзэж нэмэлтээр гаргаж хүргүүлье. /Тус хэрэг давж заалдах журмаар хянагдсан бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн төлөвтэй, хэрэг нь тус шүүхэд ирээгүй байна/.

...Шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах дарааллын дагуу 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нарын “эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэж дуустал захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” талаар гаргасан хүсэлтийг эхлээд шийдвэрлэсэн.

Гуравдагч этгээд Т.Г-ын өмгөөлөгч Ж.С-с шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар “эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй бол түдгэлзүүлнэ гэж заасан. Тиймээс Эрүүгийн шүүх тогтоосны дараа шийдвэрлэх нь зүйтэй. Тэрнээс өмнө Захиргааны хэргийн шүүх гэмт хэргийн шинж чанартай гэж дүгнэх боломжгүй байна. Нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулахгүй бол бид нарт гаргаж өгөх боломжгүй гэсэн. Эрүүгийн хэргийн дугаарыг мэдэж байхад шүүхийн журмаар баримт цуглуулах боломжтой гэж үзэж байна” гэх тайлбарыг гаргасан.

Шүүхээс, “...Захиргааны хэргийн шүүх нь хэрэг маргаан шийдвэрлэх харьяаллын хувьд улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг процедурын хувьд хянадаг ба эрүүгийн журмаар гэм буруутай эсэхийг тогтоох боломжгүй, уг асуудал нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээнд хамаарахгүй, өөрөөр хэлбэл тухайн эрүүгийн журмаар шалгагдаж буй хэрэг нь улсын бүртгэгч нарын гэм буруугийн асуудлыг шалган тогтоодог, эрүүгийн хэргийг шийдвэрлэгдэх хүртэл тухайн захиргааны хэргийг түдгэлзүүлэх шаардлагагүй...” гэх үндэслэлүүдээр хүсэлтийг бүхэлд нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг гуравдагч этгээд Т.Г, түүний өмгөөлөгч Ж.С нар гаргасан ба бусад хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчдөөс гаргаагүй, энэ талаар хүсэлт шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид тодорхой оруулсан байна.

Гуравдагч этгээд Т.Г нь шүүхэд удаа дараа хүсэлтүүд гаргаж байсан бөгөөд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” тухай хүсэлтээс бусад хүсэлтүүдийг хангаж шийдвэрлэсэн байдаг.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа хэргийн оролцогчдын хүсэлтийг хуульд нийцүүлэн шийдвэрлэдэг бөгөөд гаргасан хүсэлт болгоноо шүүхээр хангуулах ёстой гэх шаардлага гаргах нь хуульд нийцэхгүй бөгөөд нөгөө талаасаа хууль бус шийдвэр шүүхээс гаргуулахаар шаардаж байгаа гэж үзэхээр байна.

Шүүгч Д.Сарангэрэл миний зүгээс шүүхийн урьдчилан хэлэлцүүлэг болон шүүх хуралдаанд хэргийн оролцогчдод нэг бүрчлэн шүүгчээс татгалзах эрхтэй талаар тайлбарлан, татгалзах үндэслэлүүдийг нэрлэж татгалзал бий эсэхийг асуухад тэдгээрээс татгалзахгүй гэх тайлбарыг гаргаж байсан бөгөөд гуравдагч этгээд Т.Г ч шүүгчээс татгалзаж байгаагүй бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлүүдэд энэ талаар тусгасан байдаг.

Иймд Т.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо “...хэргийн оролцогчдод эрх тэгш хандаж аливаа асуудалд бодитой үнэнч байгаагүй, хурлын дэг дүрэм сахих хэргийг шударгаар шийдвэрлэж чадах талаар итгэл үнэмшил төрүүлээгүй шүүгчийн ёс зүйг зөрчсөн” гэж үзсэн бол татгалзал, түүнд холбогдох нотлох баримтаа гаргаж тухай бүрд нь шийдвэрлүүлэх эрхтэй байсан.

Шүүгч миний хувьд хэргийн оролцогч нарын гаргасан хүсэлт, нотлох баримт цуглуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар явуулсан. Иймд гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Өргөдөл гаргагч Т.Г-с Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд холбогдуулан “... шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр завсарлуулсан ба энэ талаар тэмдэглэлд тусгаагүй, ... цахимаар гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй байсан, хэргийн оролцогч нарт тэгш хандаагүй, ... хүсэлт шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээд нарын саналыг тусгаагүй ...” гэх агуулга бүхий өргөдлийг гишүүн хүлээн авч хянаад, 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ГЗҮ/2025/0035 дугаар захирамжаар сахилгын хэрэг үүсгэн, шалгах ажиллагаа явуулж, 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргажээ.

Нэг. “... цахимаар гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй байсан, хэргийн оролцогч нарт тэгш хандаагүй, ... хүсэлт шийдвэрлэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд гуравдагч этгээд нарын саналыг тусгаагүй ...” гэх тухайд,

Сахилгын хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, “Э” ХХК-аас Орхон аймгийн ... хэлтэст холбогдуулан гаргасан “Л.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... дугаарт бүртгэлтэй Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... баг, ... хороолол, ... байрны зоорины давхар 1, 4, 6, 8, 11, 15 дугаар авто зогсоол, мөн хаяг 3, 13, 17, 20 21 тоот орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй хууль бусаар хийсэн бүртгэлүүдийг хүчингүй болгож, Л.Б-ын улсын бүртгэлийн эрхүүдийг буцаан сэргээн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхийг даалгах” тухай нэхэмжлэлийг Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар  захирамжаар Г.Э, Б.С, Т.Г, Л.С, Ц.А, П.О, Б.Г, ... банкны Эрдэнэт салбар, ... банкны Орхон салбар ДЦС тооцооны төвийг тус тус гуравдагч этгээдээр татан оролцуулсан байна.

Шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 01-ний өдрийн 14 цагт товлосон бөгөөд гуравдагч этгээд Т.Г-с 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 17 цаг 47 минутад шүүхийн тамгын газрын цахим хаягаар хэргийг хүлээн авахаас татгалзах, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлснийг “хүлээн авлаа” гэх хариуг өгсөн боловч товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шүүгчид танилцуулаагүй, түүнд хүлээлгэн өгөөгүй болох нь урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл, сахилгын хэргийн оролцогчийн тайлбараар тогтоогджээ.

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 218 дугаар тогтоолоор батлагдсан Захиргааны хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалын 2.1.2-т зааснаар “Ажилтан” гэж тухайн шүүхийн Мэдээлэл лавлагааны мэргэжилтнийг ойлгох бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өргөдөл, хүсэлтийг хүлээн авч, бүртгэн баталгаажуулж, нэн даруй шүүгчид шилжүүлэх үүргийг хүлээн ажилладаг тул түүний Т.Г-н цахимаар ирүүлсэн хүсэлтийг шүүгчид хүлээлгэн өгөх үүргээ Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн биелүүлээгүйн улмаас шүүгчийг хүсэлт хүлээн аваагүй гэж буруутгах боломжгүй гэж илтгэгч гишүүнээс үзсэн нь үндэслэлтэй.

Мөн тухайн өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 6 гараж. 5 орон сууцын бүртгэлийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Т.Г-р дамжсан бүх хэлцэл бүртгэлүүдийг хүчингүй болгуулах гэж тодруулж, үүнийг цахимаар хүргүүлсэн байгаа талаараа хэлэлцүүлгийн үед тайлбарлажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.10-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж зааснаар тодруулсан шаардлагын үндэслэлийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр тайлбарлуулаагүй, энэ талаар хэлэлцээгүй байх тул өргөдөлд дурдсан “... хэргийн оролцогч нарт тэгш хандаагүй ...” гэж дурдсан нь үндэслэлгүй.

Харин нэгэнт товлон зарласан урьдчилсан хэлэлцүүлэгт дээр дурдсанчлан гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгчөөс “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх” хүсэлттэй байгаагаа илэрхийлсэн боловч хүсэлтийг шүүгчид хүлээлгэн өгөөгүйн улмаас танилцаагүй, хэрэгт хавсаргагдаагүй байсан тул бусад хэргийн оролцогчид мөн адил танилцаагүй тул тухайн хүсэлтийг тэдгээрт танилцуулах, тайлбар гаргах, мэтгэлцэх боломжоор хангах гэх үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.5-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг мэтгэлцэх зарчмаар явагдах бөгөөд хэргийн оролцогчид гаргасан хүсэлт, татгалзлын үндэслэлээ нотолно”, 70.8-д ”Шаардлагатай бол энэ хуулийн 70.1-д заасан хугацааг нэг удаа 10 хүртэл хоногоор шүүгч сунгаж болно” гэж заасны дагуу шүүгчийн 11 дүгээр сарын 01-ний өдрийн 119/ШЗ2024/... дүгээр захирамжаар урьдчилсан хэлэлцүүлгийг сунган хойшлуулж, 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14 цаг 30 минутад товлосон нь хуульд нийцнэ.

Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн өмгөөлөгч, гуравдагч этгээд иргэд болон гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Ж.С, гуравдагч этгээд ... банк болон ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцжээ.

Гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Ж.С хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийнхээ үндэслэлийг тайлбарласны дараа шүүгчээс гуравдагч этгээдүүдээс хүсэлттэй холбоотой тайлбар байгаа эсэхийг асуухад гуравдагч этгээд иргэдийн зүгээс “тайлбар байхгүй” гэж, харин гуравдагч этгээд ... банк болон ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дэмжиж байгаагаа илэрхийлэн тайлбарласныг урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд тусгасан байх бөгөөд шүүгчийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 119/ШЗ2024/... дугаар захирамжийн Тодорхойлох хэсэгт гуравдагч этгээд Т.Га, түүний өмгөөлөгч Ж.С, ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын тайлбарыг бичсэн байна.

Өргөдөлд “... 2024 оны 11 сарын 05-ны өдрийн Хүсэлт шийдвэрлэх тухай захирамждаа шүүгч Д.Сарангэрэл ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Т, Гуравдагч этгээд Т. Г, өмгөөлөгч Ж.С нар дэмжин оролцсон гэж бичээд, тухайн өдрийн хурлын тэмдэглэл дээрээ ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч, ... банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч түдгэлзүүлэх нь зүйтэй гэж саналаа өгснийг бичсэн боловч хуралд оролцсон гуравдагч этгээдүүдийн саналыг шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурдаагүй бичээгүй орхигдуулаад захирамжилсан байгаа ...” гэж дурдсаныг илтгэгч гишүүн “өргөдөлд шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй гэж дурдсан ч агуулгыг нь үзвэл шүүгчийн захирамжид тусгаагүйг андуурч бичсэн байсныг зөвтгөж дүгнэсэн” гэжээ.

 Урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэлд оролцсон бүх гуравдагч этгээдүүдийн тайлбар, саналыг тусгасан, харин шүүгчийн захирамжид дэмжиж байгаа үндэслэлээ тайлбарласан гуравдагч этгээдүүдийн саналыг бичиж, бусад тайлбар хэлээгүй гуравдагч этгээдүүдийн талаар тусгаагүйгээс үзэхэд илтгэгч гишүүний дээрх зөвтгөн дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд зөвхөн тайлбар хэлсэн оролцогчдын саналыг захирамждаа тусгасныг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Учир нь хэлэлцэгдэж буй хүсэлтийг шийдвэрлэхэд хүсэлттэй холбогдуулан гаргасан тайлбарын үндэслэл, санал ач холбогдолтой болохоос бус тайлбар байхгүй талаар хэлсэн оролцогчдын санал буюу тайлбаргүй гэх хүсэл зоригийг дүгнэх нь эрх зүйн үр дагаваргүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үндэслэлд хамааралгүй юм.

Түүнчлэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дараах тохиолдолд шүүгч захирамж, шүүх тогтоол гарган түдгэлзүүлнэ: ... 65.1.3.эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй;” гэж зааснаар шүүгч өөр хэрэг, маргааныг шийдвэрлэхээс өмнө тус захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй эсэхийг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн өөрийн дотоод итгэлээр хянан шийдвэрлэх бөгөөд Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх хөрөнгүүдийн бүртгэлтэй холбогдуулан улсын бүртгэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тэдгээрийн гэм буруутай эсэхийг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхээс өмнө улсын бүртгэлийн байгууллагын бүртгэлийн үйл ажиллагааг хууль болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг хянах захиргааны хэргийг шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх эсэх нь шүүгчийн бүрэн эрхэд хамаарах тул гуравдагч этгээд Т.Г-с гаргасан хүсэлтийг хуульд заасан үндэслэлээр хангахгүй орхиж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн хууль зүйн үндэслэлийг хянах, өөрчлөх, хүчингүй болгох эрхийг Шүүхийн сахилгын хороонд хуулиар олгоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Хоёр. “... шүүх хуралдааныг үндэслэлгүйгээр завсарлуулсан ба энэ талаар тэмдэглэлд тусгаагүй ...” гэх тухайд,

Өргөдөлд “шүүх хурал 2025 оны 01 дүгээр сарын 07-ны 9 цаг 00 минутад эхлээд удаагүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байхад, шүүгч завсарлаад орж ирсний дараа нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлаж эхэлсэн,  ... хэргийг хянан хэлэлцэж эхлээд удаагүй, ажлын цаг дуусаагүй, шөнийн цаг эхлээгүй, хэргийн оролцогч болон бусад оролцогч нарт зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдоогүй, ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй байхад шүүх хуралдааныг завсарлуулсан, ... шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар дурдаагүй ...” гэжээ.

Илтгэгч гишүүнээс явуулсан шалгах ажиллагааны хүрээнд тус өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэгт үзлэг хийн тэмдэглэлээр баталгаажуулсан байх ба шүүгч хэргийн оролцогч нарт шүүх хуралдааны дэг, дэс дарааллыг нэг бүрчлэн тайлбарласан, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбараа, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар хариу тайлбараа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэлт тайлбараа, гуравдагч этгээд Т.Г-н өмгөөлөгч Э.Э нэмэлт тайлбараа тус тус хэлж, энэ нь хуралдаан эхэлснээс хойш 56 минут орчим хугацаанд үргэлжилжээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шат дууссаны дараа буюу нотлох баримт шинжлэн судлах шатыг эхлүүлэх талаар хуралдаан даргалагчаас хэлээд мөн ханиад хүрчихсэн хоолой өвдөөд байгаа тул эм уух шаардлагатай байгаа талаараа оролцогчдод тайлбарлаад хуралдаан эхэлснээс хойших 56:40 минутад танхимаас гарсан байх тул өргөдөлд “шүүх хурал эхлээд удаагүй нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж чадахгүй байхад шүүгч завсарлаад орж ирсний дараа нэхэмжлэгч шаардлагаа тайлбарлаж эхэлсэн” гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

Шүүгч эрүүл мэндийн байдлын улмаас шүүх хуралдааныг түр завсарлуулаад эм уугаад орж ирсэн, энэ талаараа шүүх хуралдаанд оролцогчдод тайлбарласан, үүнийг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцох боломжтой тул шүүгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Бүх шатны шүүхийн шүүх хуралдааныг өдрийн цагаар, амрах зайлшгүй шаардлагатайгаас бусад цагт тасралтгүй явуулна” гэж заасан хуулийн илт тодорхой заалтыг зөрчсөн гэж үзэхгүй.

Харин шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдаан завсарласан талаар тусгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хаяг, ирц болон тэдэнд эрх, үүргийг тайлбарласан байдал, шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал, тусгай саналын товч утга, шүүхийн шийдвэрийн агуулга, түүнд гомдол гаргах хугацаа, журмыг тайлбарласан талаар бичнэ” гэж заасныг зөрчсөн боловч энэ нь шүүх хуралдааны тэмдэглэл үйлдэх чиг үүрэгтэй нарийн бичгийн даргын үйл ажиллагаатай холбоотой байх тул энэ үндэслэлээр шүүгчийг сахилгын зөрчил гаргасан гэж үзэхгүй.

Гэвч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.3-д зааснаар шүүх хуралдааны тэмдэглэлд даргалагч гарын үсэг зурж баталгаажуулахаар шүүгчид үүрэг болгосон тул цаашид шүүх хуралдааны тэмдэглэлд хуралдааны үйл явц бүрэн тусгагдсан эсэхэд тавих хяналтаа сайжруулах, энэ мэт алдаа дутагдал гарахаас шүүхийн Тамгын газар болон шүүгч нар байнга урьдчилан сэргийлж, нарийн бичгийн даргын үйл ажиллагаа, чадварт анхаарч, үүнд шүүгч давхар хяналт тавьж ажиллавал зохино.

Иймд, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэл нь Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 50, 51 дүгээр зүйлийн 51.1, 52, 53 дугаар зүйлд заасан хориглосон, хязгаарласан, үүрэг болгосон зохицуулалтыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул илтгэгч гишүүнээс түүнд холбогдох сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзлээ.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Сахилгын хорооны гишүүний 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн ГС/2025/0060 дугаар “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” саналыг хүлээн авч, Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сарангэрэлд холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.6 дахь хэсэгт зааснаар  магадлал гаргаснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагчийн оршин суугаа газрын эсхүл ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар, эсхүл ажлын албаны ажилтнаар  хүргүүлэхийг Ажлын албанд даалгасугай.

3.Дээрх журмаар хүргүүлснээр магадлалыг гардан авсанд тооцох ба энэ нь гомдол гаргах хугацааг тоолох үндэслэл болохыг мэдэгдсүгэй.

            4.Магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэй.

                                ДАРГАЛАГЧ                                      Х.ХАШБААТАР

                                    ГИШҮҮН                                            Ц.ДАВХАРБАЯР

                                                                                         С.ЭНХТӨР