info@judiscom.mn 976 - 77113838 Холбоо барих ШИЛЭН ДАНС
ENMNG

МОНГОЛ УЛС

ШҮҮХИЙН САХИЛГЫН ХОРОО

МАГАДЛАЛ

2025-05-06

Дугаар 64

Улаанбаатар хот

Сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй

болгох тухай

Шүүхийн сахилгын хорооны хуралдааныг гишүүн Ц.Давхарбаяр даргалж, гишүүн Д.Мягмарцэрэн, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, илтгэгч гишүүн Б.Сугар, хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болортуяа нарыг оролцуулан, сахилгын хорооны хуралдааны 105 тоот танхимд нээлттэй хийв.

Тус хуралдаанаар Б.У-ийн өргөдлөөр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдуулан үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг гишүүн Б.Сугарын илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2025/0043 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох тухай саналдаа:

“... Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 689 тоот албан бичгээс үзэхэд өргөдөл гаргагч Б.У нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа  нийт 7 иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан байна.

Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн нэр бүхий шүүгчид холбогдох өргөдөлд дурдагдсан үйл баримт бүхий иргэний хэргийн тухайд Н.Х-ын нэхэмжлэлтэй Б.У-т /өргөдөл гаргагч/ холбогдох зээлийн гэрээний үүрэгт 104,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээр 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн байна.

Улмаар 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 102/ШЗ2024/0... дугаар “Иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай” захирамжаар хуралдааныг 02 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минутад товлож, 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШЗ2024/.... дугаар “Шүүх хуралдааны тов өөрчлөх тухай” захирамжаар 02 дугаар сарын 29-ний өдөр хэлэлцэхээр товыг өөрчилж шийдвэрлэсэн байна.

- 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгчээс гаргасан “Хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулах, нэмэлт нотлох баримт гаргаж өгөх тул хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг хангаж, 102/ШЗ2024/.... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэлх хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн байна.

- 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх бөгөөд “Улсын өмгөөлөгч авах хүсэлт гаргаж байгаа, гар хугарсан эрүүл мэндийн шалтгаантай тул хуралдааныг хойшлуулах” хүсэлт ирүүлсэн байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н-н шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хариуцагчид гардуулах, тайлбар гаргах, нэмэлт нотлох баримттай танилцах эрхийг хангаж, 102/ШЗ2024/...... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Н нар оролцсон байна. Хариуцагчаас шүүхэд ирүүлсэн “Нийслэлийн өмгөөлөгч авах өргөдөл өгсөн боловч өмгөөлөгч томилогдоогүй, зүрхний пульс, цусны даралт ихэссэн, гар хугарсан, сэтгэл гутралд орсон тул хуралдааныг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж, 102/ШЗ2024/..... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” захирамжаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх бөгөөд “Улсын өмгөөлөгчийг хүлээх боломж олгоно уу” гэх хүсэлт шүүхэд ирүүлснийг хангаж, 102/ШЗ2024/.... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх бөгөөд шүүхэд ирүүлсэн шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтийг хангаж, 102/ШЗ2024/..... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нар оролцсон байх бөгөөд шүүх хуралдаанд хариуцагчийн гаргасан өмгөөлөгч авах эрхийг нь хангаж, 102/ШЗ2024/..... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У, түүний өмгөөлөгч Х.Б, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч С.Н нар оролцсон байх бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хэргийн материалтай танилцах эрхийг хангаж, 102/ШЗ2024/..... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н нар оролцсон байх бөгөөд хариуцагчаас шүүх хуралдаанд гаргасан “өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаж, хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг хангаж, 102/ШЗ2024/.... дугаар “Шүүх хуралдаан хойшлуулах тухай” шүүгчийн захирамжаар 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр товлон зарласан байна.

- 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Б.У ирээгүй байх нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н оролцсон байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “хариуцагч болон түүний өмгөөлөгч хурлын тов мэдсэн бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаан болон хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул шүүх хуралдааныг явуулж өгнө үү гэх хүсэлт гаргасныг хангаж, 102/ШЗ2024/..... дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэн улмаар шүүх хуралдаанаар иргэний хэргийг хянан хэлэлцэж, 102/ШШ2024/..... дугаар шүүхийн шийдвэрээр “... ТОГТООХ нь: 1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Б.У-ээс 72,115,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Х-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 62,299,998 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай ...” гэж шийдвэрлэсэн байх бөгөөд зохигчдоос давж заалдах гомдол гаргаагүй байна.

          Уг ........... индексийн дугаартай 1 хавтас 128 хуудас баримт бүхий иргэний хэргийг “Хэргийг хөтлөх, эмхлэх тухай” Баримт №16-г үйлдэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын архивд 2024 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдсон.

          Шүүгч Ч.Мөнхцэцэг маргаан бүхий иргэний хэргийн хариуцагч Б.У-ээс шүүх хуралдааныг хойшлуулах тухай удаа дараа гаргасан хүсэлтээр, хариуцагчийг өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаж шийдвэрлэж байсан нь сахилгын хэргийн шалгах ажиллагааны явцад баримтаар нотлогдож байна.

          Шүүх хуралдааны ирцийг нарийн бичгийн дарга бүртгэж, ирээгүй этгээдэд мэдэгдэх хуудсыг гардуулан өгсөн эсэх, ямар шалтгаанаар ирээгүй болохыг даргалагчид илтгэн танилцуулах үүрэгтэй бөгөөд сахилгын хэргийг шалгах ажиллагааны хүрээнд нотлох баримтаар гаргуулан авсан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны дуу, дүрсний бичлэг болон тэмдэглэлээс үзэхэд хариуцагч, түүний өмгөөлөгч хуралдааныг хойшлуулах тухай хүндэтгэн үзэх шалтгаанаа бичгээр шүүхэд хүргүүлсэн гэх баримт тогтоогдоогүй.

          Хэдийгээр хэргийн оролцогч шүүх хуралдаанд биечлэн оролцох тухай хүсэлтийг гаргахдаа биечлэн шүүхэд авчрах, шуудангаар хүргүүлэх, зурвасаар, факсаар илгээх гэх мэт арга хэлбэрийг сонгох боломжтой боловч уг хүсэлтээ шүүх хуралдаанаас өмнө боломжит хугацааны өмнө гаргаж, энэ нь шүүхэд албан ёсоор хүргэгдэж, бүртгэгдсэн байх шаардлагатай.

          Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт тухайн этгээдийг шүүх хуралдаанд оролцох боломжгүй болгосон бодит нөхцөл байдлыг хэлэх бөгөөд хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирж чадаагүй бөгөөд биечлэн оролцох үндэслэлээр хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн бол шүүх уг шалтгаан хүндэтгэн үзэх шалтгаан мөн эсэх, холбогдох баримт, шүүхэд урьдчилан мэдэгдсэн эсэх зэрэг нөхцөл байдлыг харгалзан тухай бүрд шийдвэрлэдэг.

          Хэн боловч Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор олгогдсон эрхээ эдлэхийн хамт үүргээ зохих ёсоор гүйцэтгэдэг байх учиртай.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 105.1-д “Шинэ нотлох баримт бүрдүүлэх ба хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ” гэж тус тус заасан.

          Иймд тухайн өдрийн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Номиндалайгаас хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хэлэлцэн, 102/ШЗ2024/.... дугаар “Хүсэлт шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжаар шийдвэрлэсэн нь холбогдох хуульд нийцсэн байна.

          Ийнхүү хэргийг анхан шатны журмаар хянан хэлэлцэж, 102/ШШ2024/.... дугаар шүүхийн шийдвэр гарсан тул шийдвэрийг гардуулах ажиллагааг 2024 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн нь Баримт №11 “Шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогчид гардуулсан, хүргүүлсэн тухай баримт”-аар нотлогдож байна.

          Тус баримтыг шүүгчийн туслах Б.Д үйлдсэн байх бөгөөд баримтад “... хариуцагч Б.У “маргааш эмнэлгээс гараад очиж авна гэсэн, 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүх дээр ирж шийдвэртэй танилцсан боловч гардаж авахгүй гэсэн тул хаягаар шууданд хийлээ”  гэж тэмдэглэжээ. 

          Шүүхээс хариуцагчийн .... дүүргийн .... тоот гэсэн хаягт 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Монгол шуудан”-аар хүргүүлсэн байх бөгөөд “эзэн нь хөдөө байгаа өмгөөлөгчтэй очиж авна гэсэн тул буцаав” гэх магадалгаатай  2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд буцаж ирсэн баримт мөн хэрэгт авагдсан байна.

          Ийнхүү хүргүүлсэн үйл баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.5-д зааснаар хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүхийн шийдвэр албажсанаас хойш 14 хоногийн дотор хугацаанд зохигчид гардуулна. Гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчийн оршин суугаа /оршин байгаа/ газар болон ажилладаг байгууллагын нь аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлэх бөгөөд ийнхүү хүргүүлснийг гардан авсанд тооцно гэж холбогдох хуульд заасанд нийцсэн байна.

          Мөн өргөдөл гаргагч Б.У-ээс гаргасан шүүгч Ч.Мөнхцэцэг “зүй бус харилцсан, хурал болгон дээр ширүүн дээрэлхүү харьцсан, үг хэлэх боломжоор хангаагүй тул шүүгчийн ёс зүй, харилцаа хандлагад хариуцлага тооцуулах” өргөдлийн үндэслэлийн тухайд:

          Н.Х-аас гаргасан зээлийн гэрээний үүрэгт 104,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээр иргэний хэрэг үүссэн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэсэн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүртэлх хугацаанд товлон зарласан 9 удаагийн шүүх хуралдааны 6 шүүх хуралдаанд хариуцагч Б.У оролцоогүй байх бөгөөд харин 2024 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 24 болон 09 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шүүх хуралдаанд оролцсон байна.

          Дээрх өдрүүдийн шүүх хуралдааны нийт 01 цаг 51 минут 05 секундийн дуу, дүрсний бичлэгт хийсэн үзлэгээр шүүх хуралдаан даргалагч, шүүгч Ч.Мөнхцэцэг хуульд заасан дэг дарааллын дагуу шүүх хуралдааныг удирдан, талуудыг тайлбар, хүсэлт гаргах боломжоор тэгш хангаж, хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй төдийгүй уг шүүх хуралдаанууд хэвийн явагдсан нь тогтоогдож байх тул шүүгч зүй бус авирласан, үг хэлэх мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх өргөдөл үндэслэлгүй.

          Тухайн иргэний хэргийг хянан шийдвэрлэх явцад шүүгчийн туслах ёс зүйгүй авирласан,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөлөөлсөн, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн тул гомдол гаргасан гэх агуулга дурдсан бөгөөд холбогдох шүүгчийн туслах Б.Дүүриймаа, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцон тэмдэглэл хөтөлсөн Б.Ц болон шүүгч Ч.Мөнхцэцэгийн туслахаар түр томилогдон ажиллаж байсан Б.А нараас авсан гэрчийн мэдүүлэг болон тус шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 704 тоот албан бичгээр энэхүү үйл баримт тогтоогдоогүй бөгөөд мөн өргөдөлд дурдсан н.З гэх шүүхийн захиргааны албан хаагч холбогдох шүүгч Ч.Мөнхцэцэгийн туслахаар ажиллаж байгаагүй байна.

          Монгол Улсын шүүхийн тухай хуульд зааснаар Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн болон Засгийн газрын гишүүн, төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, Ерөнхий зөвлөл, Сахилгын хорооны гишүүн, аливаа байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг хориглодог бөгөөд тус иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчид аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон гэж үзэх нөхцөл байдал үүсээгүй байна.

          Дээрхийг нэгтгэн дүгнэхэд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байсан одоо Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасан сахилгын зөрчил гараагүй байх тул сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал гаргаж, Сахилгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв ...” гэжээ.

Шүүгч Ч.Мөнхцэцэг “... Шүүгч Ч.Мөнхцэцэг би Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүгчээр ажиллаж байхдаа Н.Х-ын нэхэмжлэлтэй, Б.У-т холбогдох зээлийн гэрээний маргааныг хянан шийдвэрлэсэн.

Н.Х нь шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б.У-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, шүүгчийн 2023.10.25-ны өдрийн захирамжаар иргэний хэрэг үүсгэж, 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цагт хэлэлцэхээр товлосон байна.

Уг өдрийн шүүх хуралдааныг миний бие давж заалдах шатны шүүхийн
шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож байгаа үндэслэлээр хойшлуулж,
2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 10:00 цагт товлосон. Энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанд өмгөөлөгч авах, эрүүл мэндийн шалтгаанаар хойшлуулах хүсэлт ирүүлсэн, өөрөө ирээгүй.

2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, өмгөөлөгч авах, эрүүл мэндийн шалтгаанаар дахин хойшлуулах хүсэлт ирүүлсэн, баримтгүй.

2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, улсын өмгөөлөгч хүлээж байгаа, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар дарамталсан гэсэн агуулгатай хүсэлт ирүүлсэн.

2024 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирээгүй, хариуцагчийг оролцуулахаар хойшлуулсан.

2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч ирсэн, нэхэмжлэгчийн хадам аавтай эвлэрлийн талаар ярилцаж байгаа, байгууллагын өмгөөлөгч авсан боловч хөдөө явсан, өмгөөлөгчтэй оролцох, эрүүл мэндийн асуудалтай гэж хойшлуулсан.

2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргаж хойшлуулсан.

2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдааныг хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох, баримт гаргаж өгөх хүсэлтээр хойшлуулсан.

2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгч ирээгүй, ямар нэгэн хүсэлт ирүүлээгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн.

Иргэн Б.У-ийн гомдолд дурдсан зөрчлийг шүүгчийн зүгээс гаргаагүй, өмгөөлөгчтэй оролцуулахаар удаа дараа хурлыг баримтгүйгээр хариуцагчийн
хүсэлтээр хойшлуулж байсан.

Шүүх хуралдаанд нэг ч удаа туслах бүдүүлэг харилцсан, басамжилсан, дээрэлхэж, түрэмгий харилцсан гэсэн гомдол, санал гаргаж байгаагүй, харин 06 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нар өөр бусад хүмүүсийг дуудаж, тэр нь шүүхийн гадаа хэл амаар доромжилсон, бичлэг хийсэн тул хуралд ирэхэд хүндрэлтэй байна, хурлын зарыг задруулахгүй байхыг нэхэмжлэгч талд сануулж өгөөч гэсэн тайлбар хэлсэн.

Шүүх хуралдаанд тайлбар хэлэх боломж олгоогүй, яриулаагүй, мөнгөтэй талд үйлчилж, өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн гэсэн нь үндэслэлгүй. Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд өөрөө ирээгүй, өмнө орсон хуралдааны хүсэлтийн
шатанд хүсэлтийг нь удаа дараа хангаж шийдвэрлэсэн. Хэрэв шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй бөгөөд үүнийгээ өөрөө хэрэгжүүлээгүй, эдлээгүйгээс шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж, нэхэмжлэгч талаас хүсэлт гарган 2024 оны 12 дугаар  сарын 18-ны өдөр албадан гүйцэтгэх захирамж гарсан байна.

Давж заалдах гомдол гаргах хугацаагаа хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн бол баримт, хүсэлтээ шүүхэд өгөхөд сэргээх боломжтой байхад энэ мэт хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхгүйгээр мөнгөтэй талд үйлчилж, настай хүнтэй зүй бусхарьцсан, эрхийг нь зөрчсөн гэж, Шүүхийн Сахилгын хороонд гаргасан гомдолдоо хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн илтэд гүтгэсэн гомдол гаргасан нь харамсалтай байна.

Дээрх хэрэг нь шүүхийн архивд орсон, миний бие өөр шүүхэд шилжин ажиллаж байгаа тул хэргээс баримт гаргах боломжгүй байх тул та бүхэн хэргийн материалтай нь Архиваас авч танилцана уу.

Иргэн Б.У-ийн гомдлын дагуу үүсгэсэн сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэсэн тайлбар ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Илтгэгч гишүүн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн ГЗТ/2025/0016 дугаар захирамжаар, иргэн Б.У-ийн өргөдлөөр, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдуулан сахилгын хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэжээ.

Тус захирамжид гаргасан гомдлыг хэлэлцсэн, хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СХТ/2025/0023 дугаар тогтоолоор сахилгын хэрэг үүсгэсэн байна.

Илтгэгч гишүүн хэргийг шалгаад, “Сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох санал” гаргажээ.

1. Нэхэмжлэгч Н.Х нь Б.У-т холбогдуулан, “зээлийн гэрээний үүрэгт 104,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гаргасныг, шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШЗ2023/18163 дугаар захирамжаар иргэний хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/....... дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Тус өдрийн шүүх хуралдааны товыг хариуцагчид 2024 оны 09 дүгээр сарын 26-нд, хариуцагчийн өмгөөлөгч П.Б-д 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр мэдэгдсэн байна.

Өргөдөл гаргагч “... хүндэтгэн үзэх шалтгаан гарч ... шүүх хуралдааны нарийн бичигт утсаар хүсэлтээ гаргасан ...” гэсэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ц “... өөрийнхөө гар утаснаас залгаж асуухад “Хөдөө явж байна, ахын бие өвдсөн гэсэн бил үү” тэрийг сайн санахгүй байна ... та наад шалтгаанаа, хүсэлтээ энэ дугаар луу юм уу шүүхийн и-мэйл рүү бичээд явуулаарай гэхэд “за” гэсэн. Тэгээд ... надад огт мессеж ирээгүй. Шүүх рүү мөн и-мэйл ирүүлээгүй байсан ...” гэжээ.

Тухайн үед шүүгч Ч.Мөнхцэцэгийн туслахаар ажиллаж байсан Б.А “... сайн санахгүй байна ... гэхдээ би харилцсан мессеж огт устгаагүй ... над руу ямар нэгэн байдлаар уулзсан, холбогдсон зүйл байхгүй ...” гэж мэдүүлсэн, өргөдөлд “шүүгчийн туслах З.З” гэж дурдсан, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 704 дүгээр албан бичигт “... шүүгчийн туслах О.З нь Ч.Мөнхцэцэг шүүгчийн туслахаар ажиллаж байгаагүй ...” гэснээс үзвэл, өргөдөл гаргагч З.З гэгч ажилтантай харилцсан нь тогтоогдоогүй, мөн шүүгчийн туслах болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргад, хурал хойшлуулах тухай хүсэлтээ гаргаагүй болох нь тогтоогдож байна.

Иймд, хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаантай талаар мэдэгдсэн нь баримтаар тогтоогдохгүй байх тул “... хүндэтгэн үзэх шалтгаан гарсан ... намайг оролцуулалгүй шүүх хурлыг хийж ... илтэд нэхэмжлэгч талд шийдсэн ...” гэсэн нь үндэслэлгүй.

Энэ талаар, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно” гэж заасан, тухайн өдөр нэхэмжлэгчийн өмгөөлөгч “... хариуцагч, түүний өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тул хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх ...” хүсэлт гаргасан, шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШЗ2024/..... дүгээр захирамжаар хангаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дэлгэрэнгүй тайлбарт “... Хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэж буй нь нэхэмжлэлийг бүрэн хангах, эсхүл зарим хэсгийг шууд хангах үндэслэл биш. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ эсхүл зарим хэсэг нь үндэслэлгүй бол шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжтой, энэ тохиолдолд хариуцагч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй явдал нөлөөлөх учиргүй ...” гэсэн[1] байна.

Мөн өргөдөлд “... Мөнхцэцэг шүүгчийн туслах анх уулзаж эхэлсэн өдрөөс эхлэн илтэд басамжилж, дээрэлхэж, түрэмгий харьцаатай ахмад настай надтай зүй бус харьцаж байсан, би нэг удаагийн шүүх хурал дээр шүүгчид хэлж анхааруулж байсан ...” гэсэн. Шүүгчийн туслах болон захиргааны ажилтантай холбоотой асуудлыг шүүхийн Тамгын газарт хандан шийдвэрлүүлэхийг дурдаж байна.

2.Анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 102/ШШ2024/04827 дугаар шийдвэрийг гардуулсан баримтад “XI/13, “маргааш эмнэлгээс гараад очиж авъя” гэж, мөн “хариуцагч Б.У XI/15-ны өдөр шүүх дээр ирж шийдвэртэй танилцаж, гардаж авахгүй гэсэн тул хаягаар шууданд хийлээ” гэж, 2024.11.15 гэсэн огноо бүхий шуудангийн дугтуйн шилжсэн, нүүсэн/тодруулсан хаяг гэх хэсэгт “эзэн нь хөдөө байгаа, өмгөөлөгчтэй очиж авна гэсэн тул буцаав” гэж тэмдэглэл үйлдэгдсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт “Хэргийг зохигчийн оролцоогүйгээр шийдвэрлэсэн бол шүүх шийдвэрийг энэ хуулийн 119.4-т заасан хугацаанд зохигчид гардуулна. Ийнхүү гардуулах боломжгүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор ... баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлнэ”, 119.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй” гэж заасан.

Шийдвэрийг шүүх хуралдаанд оролцоогүй талд хуульд заасан хугацаанд шуудангаар хүргүүлсэн шүүхийн ажиллагаа хуульд нийцсэн байх тул шүүгчийг хууль зөрчсөн, хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй.

3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад,

- 2024 он 02 дугаар сарын 29,

- 03 дугаар сарын 28,

- 04 дүгээр сарын 25,

- 05 дугаар сарын 17,

- 06 дугаар сарын 13,

- 06 дугаар сарын 27,

- 07 дугаар сарын 24,

- 09 дүгээр сарын 26,

- 10 дугаар сарын 18-ны өдөр буюу нийт 9 удаа шүүх хуралдаан товлон зарлаж, хуралджээ.

Үүнээс, хариуцагч Б.У 2024 он 2 дугаар сарын 29, 3 дугаар сарын 28, 4 дүгээр сарын 25, 5 дугаар сарын 17, 6 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд оролцоогүй, 2024 оны 06 дугаар сарын 27, 07 дугаар сарын 24, 09 дүгээр сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцжээ.

Хариуцагчийн оролцсон шүүх хуралдаануудын дуу-дүрсний бичлэгийг шалгаж үзвэл, шүүгч ширүүн дээрэлхүү харьцсан, талуудыг үг хэлэх боломжийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул “... шүүгч Ч.Мөнхцэцэг хуульд заасан дэг, дарааллын дагуу шүүх хуралдааныг удирдан, талуудыг тайлбар, хүсэлт гаргах боломжоор тэгш хангаж, хариуцагчийн гаргасан хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгч аливаа байдлаар зохисгүй гэж ойлгогдохуйц үг, үйлдэл, биеийн хэлэмж, дуу хоолойны өнгө гаргаагүй төдийгүй уг шүүх хуралдаанууд хэвийн явагдсан нь тогтоогдож байх тул шүүгч зүй бус авирласан, үг хэлэх мэтгэлцэх эрхийг хангаагүй гэх өргөдөл үндэслэлгүй ...” гэж илтгэгч гишүүн дүгнэснийг хүлээн авах үндэслэлтэй байна.

Дүгнэвэл, илтгэгч гишүүний үүсгэн шалгасан хэрэгт шүүгч Ч.Мөнхцэцэг нь сахилгын зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул саналыг хүлээн авч, сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 112 дугаар зүйлийн 112.1.2, 112.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүхийн сахилгын хорооны гишүүний 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн ГС/2025/0043 дугаар сахилгын хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг хүлээн авч, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэгт холбогдох сахилгын хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Энэ магадлалыг сахилгын хэргийн оролцогч болон өргөдөл, мэдээлэл гаргагч нарт гардуулах /хүргүүлэх/-ыг Ажлын албанд даалгасугай.

3. Магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор сахилгын хэргийн оролцогч гомдол, илтгэгч гишүүн эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

                      ДАРГАЛАГЧ                                     Ц.ДАВХАРБАЯР

                           ГИШҮҮН                                          Д.МЯГМАРЦЭРЭН

                                                                                      Г.ЦАГААНЦООЖ